- Нүүр
- Сайдын тушаал
- ГОЙД АШИГ ШИМТ МАЛ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын 1999 оны
А/84 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
ГОЙД АШИГ ШИМТ МАЛ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Нэг. Зорилго
Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын мал аж ахуй эрхлэх үйл ажиллагааг дэмжин урамшуулах, гойд ашиг шимт мал шалгаруулан үржүүлгийн тодорхой чиглэлээр ашиглаж сүргийн чанар сайжруулах, удмын санг хамгаалахад энэхүү журмын зорилго оршино.
Хоёр. Шалгаруулах ажлыг зохион байгуулах
2.1. Гойд ашиг шимт мал шалгаруулах ажлыг жил бүр сум дүүрэг аймаг, нийслэл, улсын хэмжээнд зохион байгуулж явуулна.
2.2. Гойд ашиг шимт мал шалгаруулах ажлыг аймаг, нийслэл, сум, дүүрэгт уг ажлыг хариуцахаар томилогдсон ажлын хэсэг, улсын хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг /цаашид Хөдөө аж ахуйн газар гэх/ хариуцан гүйцэтгэнэ.
2.3. Аймаг, сум, дүүргийн хэмжээнд гойд ашиг шимт мал шалгаруулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг мал эмнэлэг үржлийн албаны мэргэжилтэн, Засаг даргын тамгын газрын ажилтан, мал үржүүлгийн болон ивээн тэтгэгчдийн төлөөллийг оролцуулан тухайн шатны Засаг дарга томилно.
2.4. Аймаг, нийслэл, сум дүүргийн мал эмнэлэг, үржлийн ажлын үйлчилгээ эрхлэгч мэргэжилтэн, хуулийн этгээд харъяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд мал сүрэгт хяналтын хэмжилт, судалгаа явуулж ашиг шим арвинтай үржлийн малыг шилж бүртгэн шалгаруулах бэлтгэлийг хангасан байна.
2.5. Гойд ашиг шимт малыг сум, дүүрэгт дор дурдсан хугацаанд шалгаруулна.
а/ ноосны гарцаар шалгаруулах тэмээг 5, 6 дугаар сард, хонийг 6,7 дугаар сард
б/ ноолуурын гарцаар ямааг 4, 5 дугаар сард,
в/ амьдын жингээр шалгаруулах бүх төрлийн малыг 10 дугаар сарын сүүлчийн 10 хоногт,
г/ сүүн ашиг шимээр шалгаруулах малыг тухайн саалийн жилд өгсөн саамын нийт дүнгээр малын төрөл бүрийн саалийн жил, улирлын эцэст
2.6. Сум, дүүрэг, аймаг, нийслэлд гойд ашиг шимт мал шалгаруулах ажлыг малын үзэсгэлэн, үнэ хаялцуулах худалдаатай хамтруулан ашиг шимийн тухайн чиглэл тус бүрээр мал нэг бүрт үнэлгээ өгөх хэлбэрээр зохион байгуулна. Мал шалгаруулах өдөр, байршлын товыг 15-аас доошгүй хоногийн өмнө уг ажлыг зохион байгуулах ажлын хэсэг зарлан мэдээлнэ.
2.7. Аймаг, нийслэлийн хэмжээнд гойд ашиг шимт малыг нэгдсэн байдлаар шалгаруулахаар бол сум, дүүргээс ирүүлсэн нэгдсэн дүн, тодорхойлолтыг үндэслэн 11 дүгээр сард шалгаруулна.
2.8. Улсад шалгаруулах гойд ашиг шимт малын тухай дор дурдсан тодорхойлолт, бичиг баримтыг аймаг, нийслэлийн мал аж ахуйн мэргэжлийн алба бүрдүүлж 12 дугаар сарын 12-ны дотор Хөдөө аж ахуйн газарт ирүүлнэ.
а/ Улсад шалгаруулахаар тодорхойлогдож байгаа малын гарваль, удам угсаа, ашиг шим, үр төлийн чанар болон гойд ашиг шимт малын эзэн малчны тухай баг, хорооны тодорхойлолт, хурлын тэмдэглэл,
б/ шалгаруулалтад оруулж байгаа малын ашиг шим чанарын үндсэн үзүүлэлт энэ журмын 1 дүгээр хавсралт хүснэгтээр,
в/ Уг малын 13х18 буюу 18х24 хэмжээний фото зураг хальсны хамт эсвэл дүрс бичлэг,
г/ Уг малд хяналтын хэмжилт хийсэн мал зүйч мэргэжилтний дүгнэлт болон аймаг, нийслэлд шалгаруулсан дүн, эрүүл болохыг нотолсон мал эмнэлгийн албаны гаргасан тодорхойлолт,
2.9. Аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээ эрхлэх байгууллага, албанаас ирүүлсэн баримт, тодорхойлолтыг үндэслэн Хөдөө аж ахуйн газар ивээн тэтгэгч байгууллагатай хамтран гойд ашиг шимт малыг улсад шалгаруулна.
3.1. Малын төрөл, үүлдэр, үүлдрийн хэсэг тус бүрээс энэ журмын 2 дугаар хавсралтад заасан ашиг шимийн чиглэлээр хээлтэгч, хээлтүүлэгч тус бүр нэгийг улсад шалгаруулна.
3.2.Улсад шалгаруулах гойд ашиг шимт мал нь ашиг шимийн гоц ялгарах үзүүлэлтээрээ тухайн үүлдэр, үүлдрийн хэсгийн дархан болон торгон ангийн стандартын шаардлагаас 15-аас доошгүй хувиар илүү байх бөгөөд галибар, бие цогцсын хувьд ангилалтын зааврын дагуу баллын үнэлгээгээр үнэлэгдсэн байна.
3.3. Амьдын жин, ноос, ноолуурын гарцаар тэмээг 6, үхрийг 5, ямааг 4, гахайг 2 настайд нь, сүүний гарцаар үнээг 6, ингийг 8 настайд нь тус тус улсад шалгаруулна.
3.4. Улсад шалгаруулах мал нь ангилалтын шаардлагын дагуу хувийн дугаар тавигдсан, үржлийн бүртгэл гэрчилгээтэй байх бөгөөд хяналтын саам, хяналтын жинэлэлт, хяргалт, самналтын дүн нь мал үржлийн албаны шаардлагын дагуу бүртгэгдсэн байна. Эдгээр нь шалгаруулалтын аль ч шатанд харгалзах үндсэн баримт болно.
3.5. Сүүний гарцаар шалгарах гүү, ингэ, сүүний болон сүү-махны үүлдрийн үнээ нь төллөбөл зохих насандаа төллөж, төл нь мэнд бойжсон байх бөгөөд саамын гарц нь саалийн дараалсан хоёр жил бүртгэгдсэн байна.
3.6.Халдварт болон празит өвчнөөс эрүүл болох нь мал эмнэлэг, ариун цэврийн шинжилгээгээр нотлогдсон байна.
4.1. Сум, дүүрэг, аймаг, нийслэлд шалгарсан гойд ашиг шимт малын эзэд, уг малыг илрүүлэн шалгаруулсан мэргэжилтэн нарт олгох шагналын хэмжээг тухайн шатны Засаг дарга тогтоож, шаардагдах зардал, хөрөнгийг шийдвэрлэнэ.
4.2. Улсад шалгарсан гойд ашиг шимт малын эзэн, илрүүлэн шалгаруулсан мэргэжилтэнд дор дурдсан хэмжээний шагналыг малын толгой тутамд тооцож нэг удаа олгоно.
Олгох шагнал /мянган төгрөг/
Малын төрөл
|
Малын эзэнд
|
Мэргэжилтэнд
|
Тэмээ
|
100,0
|
50,0
|
Үхэр, сарлаг
|
120,0
|
60,0
|
Хонь, ямаа
|
50,0
|
30,0
|
Гахай
|
30,0
|
20,0
|
4.3. Улсад шалгарсан гойд ашиг шимт малын эзэнд диплом олгох бөгөөд дээр заасан мөнгөн шагналын зардлыг энэ журмын 2 дугаар хавсралтын дагуу Хөдөө аж ахуйн газар, ивээн тэтгэгч үйлдвэр, байгууллагад хариуцна.
Тав. Гойд ашиг шимт малын удмын санг хамгаалах, үржилд ашиглах
5.1. Улс, аймаг, нийслэл, сум дүүрэгт шалгарсан гойд ашиг шимт малыг тухайн нутаг дэвсгэрийн мал эмнэлэг, үржлийн албаны хяналтад авч үржлийн бүртгэлд бүртгэн селекцийн тодорхой чиглэлээр ашиглана.
5.2. Улсад шалгарсан хээлтүүлэгчийн үр төлийг үржлийн зориулалтаар худалдан борлуулах, зохиомол хээлтүүлэгт ашиглах, үр, хөврөл үрийг нь генийн санд хадгалах чиглэлээр давуу эрх эдлэх боломжийг улсын үржлийн алба бүрдүүлнэ.
5.3. Гойд ашиг шимт малыг зохих хууль тогтоомжийн дагуу даатгуулна.
5.4. Гойд ашиг шимт малыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах, тэдгээртэй холбоотой хуанли, зурагт хуудас, сэтгүүл, товхимол хэвлүүлж түгээх, мэдээлэхэд тухайн шатны Засаг даргын тамгын газар, мал эмнэлэг, үржлийн алба, ивээн тэтгэгч байгууллага давуу эрхтэй байна.
………………о О о………………
Текст томруулах
A
A
A