A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МАЛ БЭЛТГЭХ, ТУУВАРЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ҮЙЛДВЭРТ ХҮЛЭЭН АВАХ ҮЕИЙН МАЛ ЭМНЭЛЭГ, ХОРИО ЦЭЭРИЙН ЖУРАМ
Бүлэг: 1979
ХХАА-н Сайдын 2002 оны А / 79
дугаар тушаалын хавсралт
 
 
 
МАЛ БЭЛТГЭХ, ТУУВАРЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ҮЙЛДВЭРТ ХҮЛЭЭН АВАХ ҮЕИЙН МАЛ ЭМНЭЛЭГ, ХОРИО ЦЭЭРИЙН ЖУРАМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.       Махны үйлдвэрт нядлах  малыг орон нутгаас бэлтгэх, тууварлах, тээвэрлэх, үйлдвэрт хүлээн авах үед бэлтгэлийн  малд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийх,  хорио цээрийн шаардлага хангуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах, малын гоц халдварт болон халдварт өвчин тархах, өвчтэй мал бэлтгэх, тээвэрлэх, тууварлахаас сэргийлэхэд  энэ журмын зорилго оршино.
2.       Энэ журмыг мал худалдах, худалдан авах,  тууварлах, тээвэрлэх үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд, мал нядлах, мах боловсруулах үйлдвэрийн төлөөлөгч, орон нутгийн мал эмнэлгийн хэрэгжүүлэгч байгууллага , малын эмч, мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын  байгууллага, улсын байцаагч   дагаж мөрдөнө.
 
Хоёр. Мал бэлтгэлд  тавих  мал эмнэлэг, хорио цээрийн   шаардлага
 
3.       Мал бэлтгэлийг тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт мал худалдаалах төвлөрсөн цэгт явуулна.
4.       Сум, дүүргийн мал худалдаалах төвлөрсөн цэгийг усны эх булаг, айл, мал болон  төмөр зам, хот хоорондын чанартай авто замаас зайдуу, хорио цээрийн арга хэмжээ  хэрэгжүүлэхэд тохиромжтой  газарт байгуулна.
5.       Мал бэлтгэлийн ажлыг тухайн орон нутгийн байршил, газар зүйн онцлог, цаг агаарын байдалтай уялдуулан  зохион байгуулна.
6.       Өвчний шинж тэмдэгтэй, эсвэл сэжигтэй, тууврын зам даахааргүй сульдаж доройтсон, хэт хөгширсөн, лабораторийн шинжилгээгээр эерэг урвал үзүүлсэн, хээлтэй   мал  бэлтгэхийг  хориглоно.
 
Гурав. Мал эмнэлгийн хэрэгжүүлэгч байгууллагын эрх, үүрэг
 
7.       Орон нутгийн мал худалдаалах төвлөрсөн цэгт худалдаалах зорилгоор ирсэн малд толгой дараалан үзлэг хийж, тарилга, туулгалтад хамрагдаагүй малыг тусгаарлан урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулна.
8.       Эрүүл мэндийн үзлэгээр өвчний шинж тэмдэг, сэжиг илрээгүй малд ям, бруцеллёз, сүрьеэ өвчний шинжилгээг толгой дараалан хийж, эрүүл болохыг тогтооно.
9.       Үзлэг, шинжилгээгээр эрүүл болох нь тогтоогдсон, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдсан малыг тууварлах, тээвэрлэхийг зөвшөөрч тухайн орон нутгийн малын халдварт өвчний голомт, тархалтын судалгааг үндэслэн эрүүл мэндийн гэрчилгээ олгоно.
10.    Бэлтгэлийн малын ээмэгний дугаар, нас, хүйсийг эрүүл мэндийн гэрчилгээний хавсралтад бүртгэж мал тууварлагч, тээвэрлэгч этгээдэд  мал нэг бүрээр  хүлээлгэн өгнө.
11.    Тухайн нутаг дэвсгэрийн малын халдварт өвчний голомт, тархалтын судалгааг үндэслэн мал тууврын замын маршрутыг гаргаж орон нутгийн засаг даргаар батлуулж мал тууварлагч этгээдэд мэдээлнэ.
 
Дөрөв. Бэлтгэлийн малыг  тууварлах, тээвэрлэх
 
12.    Мал худалдаалах төвлөрсөн цэг дээр мал эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж,  бэлтгэлд тэнцсэн, эрүүл мэндийн гэрчилгээтэй малыг гэрчилгээний хавсралттай  тулган хүлээн авч тууварлаж, тээвэрлэнэ.
13.    Малыг зөвхөн орон нутгаас зөвшөөрч баталсан маршрутын дагуу мал эмнэлэг, хорио цээрийн шаардлага хангасан  тээврийн хэрэгслээр тээвэрлэх буюу тууварлана.
14.    Тээвэрлэлт, тууварлалтын явцад  малд халдварт  өвчний шинж тэмдэг илэрсэн, гэнэт олон мал адил шинж тэмдэгтэй өвчилсөн, хорогдсон тохиолдолд тээвэрлэх, тууварлах үйл ажиллагааг даруй зогсоож,  тухайн нутаг дэвсгэрийн засаг дарга, малын эмч болон мал худалдан авагчийн  аль нэгэнд 12 цагийн дотор мэдээлнэ.
15.    Тухайн нутаг дэвсгэрт харьяалах  засаг даргын тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг чандлан сахиж, мал эмнэлгийн мэргэжилтнүүд, улсын байцаагч нарын тавьсан шаардлагыг биелүүлнэ.
16.    Бэлтгэлийн  малыг  худалдан авснаас хойш үйлдвэрт хүлээн авах хүртэл  бусдын малтай нийлүүлэх, өөр малаар солих,  бусдад шилжүүлэх, маршрутын бус замаар тууварлах, тээвэрлэхийг хориглоно.
17.    Үхсэн малын хүүр,  сэг, зэмийг малын эмчийн зааврын дагуу булах буюу шатааж устгана.
 
Тав. Бэлтгэлийн малыг нядлах  үйлдвэрт хүлээн авах
 
18.    Иргэн, хуулийн этгээд нядлуулах малаа  махны хяналтын улсын байцаагчийн хяналтын дор  мал  нядлах үйлдвэрт хүлээлгэн өгнө.
19.    Махны хяналтын улсын байцаагч  үйлдвэрт нядлуулахаар ирүүлсэн малыг орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас олгосон эрүүл мэндийн гэрчилгээ, түүний хавсралт жагсаалт, лабораторийн шинжилгээ хийлгэсэн тухай баримт бичигтэй нэг бүрчлэн тулган  шалгаж,  нядлахын өмнөх эрүүл мэндийн үзлэгт оруулна.
20.    Махны хяналтын байцаагчийн үзлэг, шалгалтаар бичиг баримтын зөрчилтэй, малын эрүүл мэндийн гэрчилгээний хавсралтад  бичигдсэн ээмэгний дугаар, зүс, содон тэмдэг   зөрсөн,  лабораторийн шинжилгээнд ороогүй  малыг  үйлдвэрт хүлээж авахгүй.
21.    Нядлахын өмнөх үзлэгээр өвчтэй буюу өвчний сэжиг илэрсэн, нядлагааны малын стандарт, шаардлага хангаагүй малыг тусгайлан ялгаж, "Махны хяналтын дүрэм"-д заасны дагуу шийдвэрлэнэ.
22.    Энэ журмын 20-д заасан зөрчил бүхий малд нэг бүрчлэн дахин эрүүл мэндийн үзлэг, лабораторийн шинжилгээ хийлгэж,  ямар нэг  өвчний  халдваргүй болохыг магадлан тогтоолгосны үндсэн дээр үйлдвэрт хүлээн авах ажлыг махны хяналтын улсын байцаагчийн хяналтын дор зохион байгуулна.
 
 
 
Зургаа. Журмыг  зөрчигчид хүлээлгэх  хариуцлага
 
23.    Энэ журмын заалтыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд улсын байцаагч холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны шийтгэл ногдуулна.
 
 
----------------------оОо--------------------