A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТӨВ СУУРИН ГАЗАРТ СҮҮ, ЦАГААН ИДЭЭ ХУДАЛДААЛАХ ҮЕИЙН МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВЭР, ЭРҮҮЛ АХУЙН НИЙТЛЭГ ЖУРАМ
Бүлэг: 1979
ХХАА-н Сайдын 2002 оны  А/92  дугаар
тушаалын хавсралт
 
 
ТӨВ СУУРИН ГАЗАРТ СҮҮ, ЦАГААН ИДЭЭ  ХУДАЛДААЛАХ ҮЕИЙН МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВЭР, ЭРҮҮЛ АХУЙН НИЙТЛЭГ  ЖУРАМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.       Энэхүү журмын зорилго нь төв суурин газрын хүн амын хэрэгцээнд боловсруулаагүй түүхий сүү, уламжлалт аргаар бэлтгэсэн цагаан идээг худалдаалах үеийн мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2.       Сүү, цагаан идээг бэлтгэн нийлүүлэгч, бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгч иргэн, хуулийн этгээд, хүнсний зах, худалдааны төвийн дэргэдэх мал эмнэлэг ариун цэврийн лаборатори, малын эмч, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар энэхүү журмыг дагаж мөрдөнө.
3.       Орон нутаг өөрийн онцлог байдлыг харгалзан энэ журмын ерөнхий шаардлагуудад тулгуурлан зохицуулалт хийх журам, заавар боловсруулан хэрэгжүүлж болно.
 
Хоёр. Бэлтгэн нийлүүлэх, тээвэрлэх, худалдаалах үеийн мал эмнэлэг, 
ариун  цэвэр, эрүүл ахуйн нөхцөл.
 
4.       Сүү, цагаан идээг малын гоц халдварт өвчин, малаас хүнд халдварладаг     бруцеллёз, сүрьеэ, ям өвчнөөр тайван аж ахуйн нэгж, хот айл, өрхийн эрүүл малаас бэлтгэсэн байна.
5.       Бэлтгэн нийлүүлэгч иргэн, хуулийн этгээд нь сүү, цагаан идээг тээвэрлэх  мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг хангасан байна.
6.       Тээвэрлэж байгаа сүү, цагаан идээний чанар байдалд нөлөөлөхгүй сав, суулганд савлаж тээвэрлэнэ.
7.       Төв, суурин газарт сүү, цагаан идээг зөвхөн мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл хангасан хүнсний зах, дэлгүүр, худалдааны төв, төрөлжсөн цэгт  худалдаална.
8.       Мал эмнэлэг ариун цэврийн шинжилгээнд орж чанар, аюулгүй байдлын баталгаажуулалт хийгдээгүй сүү, цагаан идээг нийтийн хэрэгцээнд худалдаалахыг хориглоно.
9.       Хүнсний зах, худалдааны төв нь өөрийн худалдаж байгаа сүү, цагаан идээний чанар аюулгүй байдлыг бүрэн хариуцна.
 
Гурав. Хүнсний зах, худалдааны төвийн дэргэдэх мал эмнэлэг,
ариун цэврийн лабораторийн үүрэг
 
10.    Хүнсний зах, худалдааны төвийн дэргэдэх мал эмнэлэг ариун цэврийн лаборатори нь тухайн хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй сүү, цагаан идээний аюулгүй байдлыг хариуцна.
11.    Лаборатори нь худалдаалж буй сүү, цагаан идээнд мал эмнэлэг, ариун цэврийн холбогдох бүх шинжилгээг хийж хүнсний хэрэгцээнд тэнцэх нь нотлогдсон тохиолдолд нийтийн хэрэгцээнд худалдаалах мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээ олгоно.
12.    Лабораторийн шинжилгээгээр дахин боловсруулалт хийх шаардлагатай сүүг /Цагираган урвалаар эерэг урвал үзүүлсэн г.м/ зөвхөн боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн зориулалтаар худалдаалахыг зөвшөөрч мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээ олгож болно.
13.    Тээвэрлэлт, хадгалалтын явцад чанар, байдал нь өөрчлөгдсөн, анх бэлтгэгдсэн орон нутгийн мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээгүй сүү, цагаан идээнээс мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч  дээж авч эрх бүхий лабораторид дахин шинжлүүлж, шинжилгээний дүнг үндэслэн нийтийн хэрэгцээнд худалдаалах, эсэхийг шийдвэрлэнэ.
 
Дөрөв. Журмын хэрэгжилтийг зохион байгуулах, хянах, хариуцлага тооцох
 
14.    Журмыг хэрэгжүүлэх ажлыг  мал эмнэлгийн байгууллага зохион байгуулна.
15.    Энэхүү журмын хэрэгжилтэд ХАБХААУХА, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын албад, хяналтын бусад байгууллагууд хяналт тавьж албадан сахиулна.
16.    Энэ журмын заалт, шаардлагыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд Монгол улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, Хүнсний тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
 
 
…………..о   О   о…………….