- Нүүр
- Сайдын тушаал
- БРУЦЕЛЛЁЗ, СҮРЬЕЭ ӨВЧНӨӨР ТАЙВАН СҮРЭГТЭНГ БАТАЛГААЖУУЛАХ, ЗАРЛАХ ТУХАЙ ЖУРАМ /ХХААХҮС-ын 2016 оны А-37 дугаар тушаалаар хүчингүй/
/ХХААХҮС-ын 2016 оны А-37 дугаар тушаалаар хүчингүй/
ХХАА-н сайдын 2003 оны А / 121
дугаар тушаалын хавсралт
БРУЦЕЛЛЁЗ, СҮРЬЕЭ ӨВЧНӨӨР ТАЙВАН СҮРЭГТЭНГ БАТАЛГААЖУУЛАХ, ЗАРЛАХ ТУХАЙ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь мал, амьтны бруцеллёз, сүрьеэ өвчинтэй тэмцэхэд малчид, фермерүүдийн оролцоо, сонирхлыг идэвхжүүлэх замаар мал сүрэг, аж ахуйн ашиг тустай амьтдыг эдгээр өвчнөөс эрүүлжүүлэхэд оршино.
1.2. Энэхүү журам нь бруцеллёз, сүрьеэ өвчнөөр тайваг сүрэг бүхий өрх, хот айл, фермерийг баталгаажуулах, нийтэд зарлан мэдээлэхтэй холбогдон гарах харилцааг зохицуулна.
1.3. Журмыг төв, орон нутгийн мал эмнэлгийн газар, мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори, үйлчилгээний нэгж, улсын байцаагч, мал бүхий иргэн, хуулийн этгээд хамтран хэрэгжүүлнэ.
1.4. Энэхүү журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг "Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай" хуулийн 5 дугаар бүлгийн 15.1.2, 15.2.1, 15.2.2. дахь заалтын дагуу жил бүр Улсын мал эмнэлэг, үржлийн газар төлөвлөж, хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлнэ.
Хоёр. Эрүүл мал, амьтан бүхий өрх, хот айл,
фермерийг шалгаруулж, өргөн мэдүүлэх
2.1. Сум, дүүргийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгж, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчтай хамтран дараах шаардлагыг хангасан өрх, хот айл, фермерийг мал, амьтны бруцеллёз, сүрьеэ өвчнөөр тайван сүрэгтэйд тооцож, энэ журамд заасны дагуу өргөн мэдүүлнэ:
2.1.1 Сүүлийн 5 – аас доошгүй жилийн турш мал сүргийн дотор хээл хаялт ихээр тохиолдоогүй, бруцеллёз өвчний шинж тэмдэг илрээгүй ;
2.1.2 Сүүлийн 3 жилийн турш өөр өрх, хот айл, фермерээс эрүүл болох нь баталгаагүй мал, амьтан аваагүй, хээлтүүлэгч ашиглаагүй ;
2.1.3 Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад мал сүргээ бүрэн хамруулсан ;
2.1.4 Өөрийн эзэмшлийн тогтсон өвөлжөө, хаваржаатай ;
2.1.5 Сүрьеэ өвчний ил шинж тэмдэг бүхий мал илрээгүй ;
2.1.6 Өвөлжөө, хаваржааны хашаа, бууц, түүний орчинд жилд 2 – оос доошгүй удаа цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэдэг, бууцыг сийрүүлж, овоолж ариутгаж хатаадаг ;
2.1.7 Мал төллөлтийн үед ариун цэврийн бүс байгуулан, малын хаг, зулбадас болон үхсэн мал, төлийг тусгай нүх, байгууламжид устгадаг.
2.2. Журмын 2.1 – д заасан шаардлагыг хангасан мал бүхий өрх, хот айл, фермерийн дор дурдсан материал, тодорхойлолтыг бүрдүүлэн жил бүрийн 5 дугаар сарын 1 – ний дотор Сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт өргөн мэдүүлнэ.
2.2.1 Тухайн өрх, хот айл, фермерийн малын өвчний сүүлийн 3 – 5 жилийн судалгаа;
2.2.2. Өрхийн мал эмнэлгийн үйлчилгээний дэвтрийн хөтлөлт, баталгаажуулалт ;
2.2.3. Бруцеллёзын тарилга, бруцеллёз, сүрьеэ өвчний шинжилгээнд хамрагдсан малын хувийн дугаар, тоо, төрлийн бүртгэлийг хамруулсан ;
2.2.4. Мал сүргээ дээрх өвчнөөс тайван болохыг баталгаажуулан зарлуулахыг хүссэн малын эзэн, малын эмчийн хүсэлт ;
2.3. Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, улсын байцаагчийн бүрдүүлэн ирүүлсэн материалыг хүлээн авч, үнэн зөвийг магадлан шалгасны үндсэн дээр 30 хоногт багтаан Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн асуудал эрхэлсэн байгууллагад хүргүүлнэ.
2.4. Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүрдүүлэн ирүүлсэн материалыг нягтлан шалгах явцад ямар нэг асуудлыг тодруулах шаардлага гарвал мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлнэ.
2.5. Ирүүлсэн баримт бичиг, материал нь шаардлага хангасан гэж үзвэл тухайн өрх, хот айл, фермерийн мал сүрэгт аймаг, нийслэлийн мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори дараах шинжилгээг хийнэ ;
2.5.1. Эр малыг " Роз – бенгалын урвал" - аар ;
2.5.2. Саалийн малыг "Сүүний цагирган урвал" – аар;
2.5.3. "Сүүний цагирган урвал" – аар сэжигтэй мал илрээгүй бол сүргээс 0.95 хувийн магадлалтайгаар тооцож түүвэрлэн ийлдэс судлалын шинжилгээг "Роз – бенгалын урвал" – аар;
2.5.4. "Сүүний цагирган урвал" , "Роз – бенгалын урвал" – аар эерэг урвал үзүүлсэн малын ийлдсийг "Нэвчин тунадасжих урвал" – аар шинжилж вакцины урвал, байгалийн халдварын алин болохыг ялган тогтооно.
2.5.5. Сүрьеэ өвчний ил шинж тэмдэг үзүүлээгүй, энэ журмын 5 – д заасан шаардлагыг хангасан мал бүхий өрх, хот айл, фермерийн үхэр нэг бүрд сүрьеэ өвчний шинжилгээг арьсны сорилын аргаар хийнэ.
2.5.6. Сүрьеэ өвчний оношлогоог зайлшгүй тодруулах шаардлага гарвал "Нэвчин тунадасжих урвал" , "ELISA" –ийн урвалаар шинжилгээг баталгаажуулна.
2.6. Өрх, хот айл, фермерийн тарилга, шинжилгээнд хамрагдсан бүх мал бүрэн ээмэгжүүлсэн байна.
2.7. Лабораторийн шинжилгээгээр бруцеллёз, сүрьеэ өвчний халдвар илрээгүй мал бүхий өрх, хот айл, фермерийг эрүүл сүрэгтэйд тооцно.
2.8. Эрүүл болох нь тогтоогдсон сүргийг халдвараас хамгаалах зорилгоор өвчнөөр тайван бус сүрэг бүхий өрх, хот айл, фермерээс мал, амьтны аливаа шилжилт, хөдөлгөөн хийх /худалдах, солилцох, бэлэглэх, үзэсгэлэн яармаг, уралдаан тэмцээнд оролцох, отор нүүдэл хийх/ - ийг хориглоно.
2.9. Эрүүл нь тогтоогдсон мал сүрэг бүхий өрх, хот айл, фермер нь гаднаас мал, амьтан авах шаардлага гарвал тэдгээрт нэг бүрчлэн шинжилгээ хийлгүүлж эрүүл болохыг баталгаажуулсан байна.
Гурав. Бруцеллёз, сүрьеэ өвчнөөр тайван сүрэг бүхий
өрх, хот айл, фермерийг баталгаажуулах
3.1. Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн алба нь Сум, дүүргээс ирүүлсэн материал, тодорхойлолт, мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн шинжилгээний дүнд үндэслэн бруцеллёз, сүрьеэ өвчнөөр тайван сүрэг бүхий өрх, хот айл, фермерийн жагсаалтыг гаргаж, жил бүрийн 10 дугаар сарын 1 – ний дотор Аймаг, нийслэлийн ХХАА-н асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргад өргөн мэдүүлнэ.
3.2. Аймаг, нийслэлийн ХХАА-н асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдлага мал эмнэлгийн албанаас гаргаж ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн эрүүл сүрэг бүхий өрх, хот айл, фермерийн жагсаалтыг баталсан тухай тушаал гаргана.
3.3. Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн алба нь ХХАА-н асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэн бруцеллёз, сүрьеэ өвчнөөр тайван сүрэг бүхий өрх, хот айл, фермерт "Бруцеллёз, сүрьеэ өвчнөөр эрүүл сүрэгтэн" гэрчилгээг 3 жилийн хугацаатай олгоно.
3.4. Гэрчилгээний хүчинтэй хугацаанд мал сүргийн өвчний тайван байдалд өөрчлөлт ороогүй тухай Сум, дүүргийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн тодорхойлолт, аймаг, нийслэлийн мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн шинжилгээний дүгнэлт, саналыг үндэслэн энэ журамд заасан шаардлагыг бүрэн хангаж буй нь тогтоогдсон мал сүрэг бүхий өрх, хот айл, фермерт " Бруцеллёз, сүрьеэ өвчнөөр эрүүл сүрэгтэн" гэрчилгээг 3.3 – д заасан байгууллага дахин олгоно.
3.5. "Бруцеллёз, сүрьеэ өвчнөөр эрүүл сүрэгтэн" гэрчилгээг Улсын мал эмнэлэг, үржлийн газар нэгдсэн загвар, дугаар, кодтойгоор хэвлүүлж аймаг, нийслэлийн мал эмнэлгийн асуудал эрхэлсэн байгууллагад хуваарилан хүргүүлж, бүртгэл хөтөлнө.
Дөрөв. Бусад зүйл
4.1. "Бруцеллёз, сүрьеэ өвчнөөр эрүүл сүрэгтэн" гэрчилгээ бүхий өрх, хот айл, фермерийг жил бүр Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн асуудал эрхэлсэн байгууллагаас аймаг, улсын хэмжээнд албан ёсоор зарлана.
4.2. "Бруцеллёз, сүрьеэ өвчнөөр эрүүл сүрэгтэн" гэрчилгээ бүхий өрх, хот айл, фермерээс мал, амьтан, тэдгээрийн гаралтай түхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд худалдан борлуулах, үзэсгэлэн худалдаа, уралдаан тэмцээнд оролцуулахыг зөвшөөрнө.
4.3. Мал сүрэг нь бруцеллёз, сүрьеэ өвчнөөр тайван өрх, хот айл, фермерт үржлийн мал бойжуулах, өөр аймаг, сумдад худалдан борлуулахыг дэмжинэ.
……………….. о О о………………..
Текст томруулах
A
A
A