- Нүүр
- Сайдын тушаал
- ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ЗЭЭЛ ОЛГОХ ТҮР ЖУРАМ /ХХААС-ын 2015-11-26-ны А-146 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/ХХААС-ын 2015-11-26-ны А-146 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2001 оны А/59 тоот тушаалын хавсралт
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ЗЭЭЛ ОЛГОХ ТҮР ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл.
1. Энэхүү журам нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээхэд чиглэгдсэн «Үр» дэд хөтөлбөр, «Уринш-2001» төслийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл олгох, түүнийг эргүүлэн бүрдүүлэх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад мөрдөгдөнө.
2. Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалан техник, технологийн хэлтэс нь сум, дүүргийн Засаг дарга, аймгийн Хөдөө аж ахуйн газрын тодорхойлолтыг үндэслэн бэлтгэх уриншийн хэмжээг аж ахуйн нэгж бүрээр тодорхойлж, Хөдөө аж ахуйн сангийн хэлтэст өгнө.
3. Хөдөө аж ахуйн сангийн хэлтэс нь төсөлд заагдсан эх үүсвэрт багтаан аж ахуйн нэгжийн санхүү төлбөрийн байдлыг харгалзан олгох зээлийн хэмжээг Хүнс, хөдөө аж ахуйн сангийн зөвлөлийн хуралд хэлэлцүүлж, шийдвэр гаргуулна.
4. Хөдөө аж ахуйн банк /цаашид банк гэх/ нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн уриншийн боловсруулалтын үе шатны гүйцэтгэлийг харгалзан зээлийг олгох, зээлийн төлбөрийг хүүгийн хамт хугацаанд нь бүрэн барагдуулж, санг эргэн бүрдүүлэх үйлчилгээ үзүүлнэ.
5. Уриншийн боловсруулалтын чанарт Газар тариалан техник технологийн хэлтэс, аймгийн Хөдөө аж ахуйн газар, орон нутаг дахь банкны салбар хамтран хяналт тавьж гүйцэтгэлд нь үнэлгээ өгнө.
6. Хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах талаар яам, банк, аж ахуйн нэгжийн хооронд гэрээ байгуулан ажиллана.
7. Энэхүү журамд ороогүй асуудлыг гэрээгээр зохицуулна.
Хоёр. Зээлийн эх үүсвэр, зориулалт.
8. Зээлийн эх үүсвэр нь КР-1 төслийн хуримтлалын сангийн хөрөнгөөс бүрдэнэ.
9. Хөрөнгийн эх үүсвэрийг банкны тэнцлийн гадуур байршуулж, Хүнс, хөдөө аж ахуйн яамны сангийн зөвлөлийн шийдвэрээр зарцуулна.
10. Эх үүсвэрийг « Уринш-2001» төсөлд зарцуулна.
11. Зээлийн ер төлбөрийг барагдуулах, сурталчлах, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах .уриншийн боловсруулалтын явцыг шалгах, хяналт тавих зэрэг арга хэмжээний зардлыг зээлийн эрсдэлийн сангаас гаргана.
12. Банк нь хөрөнгийн зарцуулалт, зээлжүүлэлтийн мэдээг тогтсон маягтын дагуу сар тутам, гаргаж Хүнс, хөдөө аж ахуйн яаманд тайлагнаж байна.
Гурав. Хөрөнгийг зарцуулах үйл ажиллагаа.
13. Аж ахуйн нэгжүүд нь Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас хянан баталсан хэмжээний уриншийг технологийн дагуу боловсруулахад шаардагдах дизель түлшний үнийн 60 хүртэл хувийг зээлээр авах эрхээр хангагдана.
14. Уриншийн шатахууны үнэд олгох зээлийг уринш боловсруулалтын үе шат бүрийн гүйцэтгэлийг харгалзан олгоно.
15. Аж ахуйн нэгжүүдэд олгох зээл нь сарын 1.2 хувийн хүүтэй байх бөгөөд зээлдэгчээс зээлийн хүүг төлүүлмэгц 1 хувийг Хөдөө аж ахуйн сангийн дансанд шилжүүлж, 0.2 хувийг банканд үлдээнэ.Хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийн үндсэн хүүг сарын 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, түүний 50 хувийг Хөдөө аж ахуйн сангийн дансанд, 50 хувийг банканд үлдээнэ.
16. Уриншийн зээлийг 2001 оны 11 дүгээр сарын 15 болон 2002 оны 11 сарын 15 ны дотор мөнгөн хөрөнгөөр барагдуулахаар сангийн зөвлөлөөс тогтоож өгнө.
17. Зээл хүсэгч нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
• аж ахуйн нэгжийн гэрчилгээ,
• аж ахуйн нэгжийн газар эзэмших гэрчилгээ,
• өмнөх жилүүдэд уриншилсан, тариалсан талбай, авсан ургац, цаашид ургац авах талаарх тооцоо, судалгаа,
• уринш бэлтгэлд шаардагдах техник, ажлын машины хүрэлцээ,
• удирдлагын болон мэргэжлийн боловсон хүчний чадавх,
• хөрөнгийн баталгаа / хувьцаа, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө/
18. Сангийн зөвлөлийн хурлаар тухайн аж ахуйн нэгжид уриншийн үе шатны боловсруулалт бүрд олгох зээлийн хэмжээ, төлөх хугацаа, зээлийн хүүгийн хэмжээг тогтоож өгөх бөгөөд уг шийдвэрлэсэн материалыг банканд хүргүүлнэ.
19. Банк нь ХХААЯ-ны зөвшөөрлийг үндэслэн тухайн зээлдэгчийн үйлдвэрлэл явуулж байгаа харъяалах сум дахь тооцооны кассын ажилтнуудаар газар дээр нь шалгуулж, аж ахуйн нэгжүүдтэй зээлийн гэрээ хийж, зээлийг ажлын үе шат бүрд олгох арга хэмжээ авна.
20. Сангийн зөвлөлийн шийдвэргүй аж ахуйн нэгжид зээл олгох эрхгүй бөгөөд аж ахуйн нэгжийн гэрчилгээгүй иргэнд шатахууны зээл олгохгүй .
21. Өмнөх боловсруулалтыг бүрэн хийгээгүй бол дараагийн боловсруулалтын шатахууныг зөвхөн боловсруулсан талбайд нь тооцож, олгох бөгөөд өмнөх боловсруулалтыг дутуу хийсэн бол дараагийн боловсруулалтад олгох зээлээс хасаж тооцно.
22. Тухайн боловсруулалтын чанар муу бол дараагийн боловсруулалтын зээлийг олгохгүй бөгөөд чанар сайжруулах арга хэмжээ аваагүй бол цаашид зээл олгохыг зогсоож, дутуу олгогдсон хөрөнгийн эх үүсвэрийг ХАА-н санд буцаан төвлөрүүлэх үүргийг банк хариуцна.
23. Банк нь зээлийн үйлчилгээ /баримт бүрдүүлэх, хөрөнгийн баталгаа шалгах, зээл олгох зэрэг/ үзүүлсний шимтгэлд олгож байгаа зээлийн дүнгээс зөвхөн нэг удаа 0.25 хувийн шимтгэлийг суутган авна.
Дөрөв. Зээлийн ашиглалтад хяналт тавих, төлүүлэх талаар
24. Зээлийг эргэн төлүүлэх арга хэмжээг Яам, банкны хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.
25. Банк нь ХХААЯ-ны зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд шатахууны зээл олгосон,олгох хэмжээнээс хэтрүүлсэн, чанар муутай уриншийг санхүүжүүлснээс гарах бүх хариуцлагыг хүлээнэ.
26. Зээлдэгч аж ахуйн нэгж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, төлбөрийн чадваргүй, эд хөрөнгө эзэмших найдваргүй болсон тохиолдолд зээлийг төлүүлэх түүнийг хуулийн дагуу зохих арга хэмжээ авах талаар банкны хуулийн дагуу шийдвэрлэнэ.
27. Шаардлагатай гэж үзвэл Яам, банк хамтран газар дээр нь хяналт шалгалт явуулна.
28. Банк нь зээлээ хугацаанд нь төлөхгүй саатуулсан зээлдэгч, түүнтэй холбогдох маргааныг банкны хуулийн дагуу олгогдсон өөрийн эрх хэмжээний хүрээнд болон шүүхээр шийдвэрлүүлэхээс гадна банкнаас гаргасан төсвийн гадуурх зардлыг зээлдэгч аж ахуйн нэгж хариуцах бөгөөд уг зардлыг зээлийн төлбөрөөс суутган авна.
Текст томруулах
A
A
A