- Нүүр
- Сайдын тушаал
- ЗААВАР /2010 оны А/67 тоот тушаалаар хүчингүй/
ХААҮ-ийн сайдын 1998 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/31 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
ХӨРСӨӨР ДАМЖДАГ-БООМ, ДУУТ ХАВДАР, БРАДЗОТ, ДОТРЫН ХАЛДВАРТ ХОРДЛОГО, ЗОГСОО, БОТУЛИЗМ, НЕКРОБАКТЕРИОЗ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР /2010 оны А/67 тоот тушаалаар хүчингүй/
Нэг. Ерөнхий зүйл
А. Тодорхойлолт.
1. Боом, дуут хавдар, брадзот, дотрын халдварт хордлого, зогсоо, ботулизм, догол өвчнүүдийн үүсгэгчид /некробактериозын үүсгэгчээс бусад/ нь гаднын /хүчилтөрөгч, температур/ нөлөөнөөс болж спор үүсгэдэг ба спорууд нь газрын хөрсөнд олон жилээр хадгалагдан, гол төлөв дулааны улиралд тэжээл боловсруулах замаар болон шархаар орж, ихэвчлэн хурц хэлбэрээ гэнэт өвчлүүлэн үхүүлдэг. /Эдгээрээс боомын үүсгэгчээс бусад нь агааргүйтэн/.
Боом, зогсоо, доголын үүсгэгчээр халдварлан өвчилдөг бусад ботулинусын хор нь хүнд маш их аюултай бактериологийн зэвсэг болгон хэрэглэж байсан хор юм.
Дээр дурьдсан өвчнүүд гарч байсан нутаг бэлчээрийн хөрс, ус ургамал нь өвчтэй мал түүний хүүр, сэг зэмээс гадагшилж буй өвчин үүсгэгчээр /споруудаар/ бохирлогдож байдаг тул уг нутаг оронд тогтмол гардаг онцлогтой өвчнүүд юм.
Иймээс эдгээр өвчнүүдийг хөрсний халдварууд гэж нэрлэх болсон байна.
Б. Өвчний гаралт, шинж тэмдэг, оношлолт.
1. Боом /үүсгэгч нь Bac.anthracis/ нь мал, амьтан үжил, хордлогын хүнд хэлбэр болон халдварт шинжээр илэрдэг, үхэл ихтэй, хүнийг өвчлүүлдэг, хурц халдварт өвчин. Боом гарч байсан газар, нутгуудад дулааны улиралд гэнэт мал үхэх, их халуурч хавдар гарах, үхсэн талын хүүр хөшихгүй, амархан ялзрах, ам хамар, хошногоос нь хар хүрэн өнгийн бүлэгнэхгүй цустай шингэн гарсан зэргийг нь үндэслэн оношилдог боловч заавал бактери судлалын шинжилгээ хийж эцсийн оношийг тогтооно.
2. Дуут хавдар /үүсгэгч нь CL.Chanveci/ нь их халуурах, биеийн мах, булчин ихтэй хэсгүүдээр хавдар үүсэх зэргээр илэрдэг үхэл ихтэй, хурц урсгалтай халдварт өвчин.
Зун намрын цагуудад ихэвчлэн 2-4 настай үхэр /хонь, ямаа, буга/ ганц нэгээр гэнэт өвчилж эхлэх, гуя, ууц, хүзүү, цээж, эрүүгээр нь эхлээд халуун_ хатуу, эмзэг хавдар гарч сүүлдээ хүйтэн мэдрэмжгүй болж, дарж үзэхэд нужигнаж дуугарах ба арьс нь хүрэн улаан өнгөтэй болсон зэргийг нь үндэслэн оношилдог боловч, боом өвчнөөс ялган оношлох шинжилгээг заавал хийдэг зарчимтай.
3. Брадзот, дотрын халдварт хордлого /үүсгэгч нь CL.septicum, CL.cedematiens брадзотных CL.perfringens С.Д.хэвшил –ДХХ-ынх/ нь уг өвчин гардаг газар, нутгуудад ихэвчлэн хаврын сүүл, зуны улиралд нойтон чийгтэй газрын болон, нялх ногоо идэж байгаа үхэр, давс хужрын дутагдалтай, ходоод, гэдэсний цагаан хорхойн халдвар ихтэй, хонь, ямаа гэнэт өвчилж, үхэх, халуун нь 41-42 хэм хүрч, амьсгаа, судасны цохилт нь түргэсэх, ам хамраас нь хөөстэй шингэн гоожих, заримдаа цустай чацга алдах, толгойгоо унжуулан зогсох, тэнцвэр алдан унаж, тийчилсээр гэдэс нь дүүрч хэдэн цагийн дотор үхэх буюу бэлчээр болон хотондоо үхсэн байх, хүүр нь маш түргэн ялзрах зэрэг шинж тэмдгүүдээр илэрнэ.
Брадзот голлож байгаа үед ходоод, нарийн гэдэсний салст бүрхүүлд цус хуралдаж, шархалсан, элгэнд хувиралт гарсан байдаг ба дотрын халдварт хордлогын үед ходоод гэдсэнд нь цус ихээр харвах боловч шархлаагүй элэг нь хувиралтгүй, заримдаа бөөр нь зөөлөрсөн байдаг.
4. Зогсоо /өвчний үүсгэгч нь CL.tetani/ нь зөвхөн шархаар бие махбодид орж, шарх нь түргэн битүүрч агааргүй орчин бий болсон нөхцөлд үржин мэдрэлийн хүчтэй хор гарган хордуулж, төв мэдрэлийн системийг гэмтээснээс хүзүү, нуруу, хэвлий, ууц, сүүл, хөлний булчингууд татаж хатууран хөшиж зогсох, амьсгаа давхцан аажмаар үхдэг, адуу ганц нэгээрээ өвчилдөг зэрэг байдлуудыг харгалзан онош тогтооно.
5. Ботулизм /үүсгэгч нь CL.botulinus/ нь мал, амьтны хүүр, сэг зэм ялзрах ялангуяа задгай ус, гар худаг зэрэгт мал амьтан унаж үхсэн нөхцөлд буюу малын тэжээл ялзрах үед өвчин үүсгэгч үржин маш хүчтэй хор гаргадаг тул хортой ус, тэжээл ууж идсэн мал амьтны төв мэдрэлийн систем гэмтэж, залгиур хоолой хэл, доод эрүүний булчингууд саажиж, арьсны мэдрэх чадвар алдагдаж гэнэт үхэх буюу ус ууж, өвс тэжээл идэж чадахгүй хэвтсээр үхдэг.
Өвчний оношийг ялзарсан, өмхийрсөн ус тэжээлийн байдал, шинж тэмдгийг нь харгалзан тогтоодог боловч үхсэн мал, амьтны ходооны агуулагдахуунаас 100-200 мл шингэн авч, лабораторид явуулан туршлагын амьтанд дотуур өгч хордох эсэхийг нь харгалзан тогтооно.
6. Некробактериоз /үүсгэгч нь Fusabact.necropherum/ нь бороо хур ихтэй үед намаг, шалбаагтай газар мал амьтныг удаанаар байлгаж, маллахад буюу тууварлахад туурайн салааны арьс зөөлөрч гэмтсэнээс өвчин үүсгэгч нь шархаар орж идээт үхжил үүсгэнэ. Үүнийг хонь, ямаа, үхэрт балцруу, адуунд сөдрөг, тэмээнд хар тавхайтах гэдэг. Хөлний догол хэлбэрээр тусахын зэрэгцээ амны гэмтэл, ясны сөнөрөл, бэлэг эрхтний гэмтлээр илрэх ба удаанаар өвчилсөн үед дотор эрхтнүүдэд идээт голомтууд үүсэн, турж эцсээр үхдэг. Некробактериоз өвчний гаралтын байдал, шинж тэмдгийг нь харгалзан оношилно.
Хоёр. Тэмцэх арга хэмжээ
Хөрсний халдварууд нь манай оронд улирлын чанартай, голомт бүхий газруудаар гардаг тул эмчлэн сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь хэрэгжүүлэн гарахаас урьдчилан сэргийлэх асуудал чухал юм.
Өвчтэй мал, түүний хүүр, сэг зэм нь өвчин үүсгэгчээр гадны орчныг байнга бохирдуулдаг тул өвчтэйг эмчлэх, өвчилж үхсэн малын хүүр сэгийг устгах, бэлчээр, уст цэг, малын байр, хашаа хорооны эрүүл ахуйн дэг журмыг сахих, халдваргүйжүүлэлтийг заавал хийж байх шаардлагатай юм. Иймд:
А. Мал эмнэлгийн байгууллагууд доор дурьдсан ажлуудыг хийсэн байвал зохино.
1. Хөрсөөр дамждаг халдварт өвчнүүдийн гаралтын судалгааг өвчин тус бүрээр сүүлийн 5-10 жилээр, өвчилсөн үхсэн болон вакциндсан малын тоо, төрлийг сараар, өвчин гарсан цэгийг газар нутаг, айл өрхөөр гаргасан зураглал үйлдсэн байна.
2. Хөрсний халдварт өвчин гардаг газар нутагт маллагдаж буй бүх мал, амьтны тоог жил бүр гарган, тухайн өвчнүүдийн гаралтын байдалд дүн шинжилгээ хийж, эмчлэн сэргийлэх төлөвлөгөөг зохион, эмчлэх, сэргийлэхэд шаардагдах эм, бэлдмэлийн хэрэгцээг гарган, уг арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын тооцоог хийнэ.
Мөн сэг зэм устгах, уст цэг, хашаа, хороог цэвэрлүүлэх, халдваргүйжүүлэлт хийх ажлын хэмжээ, график зардлын тооцоог хийнэ.
3. Өвчний гаралтын судалгаа, зураглал, өвчлөмтгий малын тоонд үндэслэн хийсэн жил бүрийн урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг, холбогдох зардлуудын хамт сумын тамгын газарт оруулж, засаг даргын захирамжаар батлуулан, уг арга хэмжээг хэрэгжүүлэх графикийг айл, өрх, малын эзний нэр, сар өдрөөр нь гаргаж хавсаргасан байна.
Б. Хөрсөөр дамждаг халдварт өвчинтэй тэмцэхэд малын эзэд, малчдаас хүлээх үүрэг:
а. Урьдчилан сэргийлэх талаар:
1. Эдгээр өвчнүүд гардаг газар нутагт малаа маллаж байгаа малын эзэд, малчид нь бэлчээр, уст цэгээ мал, амьтны сэг зэмээс тогтмол цэвэрлэж байх:
2. Уг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт тарилгад цаг хугацаанд нь малаа бүрэн хамруулж байх:
3. Боом, дуут хавдраар үхсэн малын хүүр, сэг зэм байсан газарт халдваргүйжүүлэлт хийлгэж, пайзтай болгосон байх:
4. Малдаа үзлэг, тарилга хийлгэхдээ малаа бүрэн байлгах, шаардагдах хүн хүч, хашаа хороо, бэхэлгээний зүйлээр хангасан байх:
5. Малын хашаа, хорооны өтөг бууцыг тогтмол цэвэрлэж байх:
б. Өвчин гарсан тохиолдолд:
1. Ямар нэгэн хөрсний халдварт өвчин гарвал мал эмнэлэгт яаралтай мэдэгдэх, үүнд: боом, дуут хавдар, ботулизм гарсан тохиолдолд 12 цагийн дотор, брадзот, дотрын халдварт хордлого, зогсоо, догол гарсан үед аль болохоор богино хугацаанд мэдэгдвэл зохино.
2. Малын эмчийг иртэл өвчтэй малыг сүргээс нь ялган тусгаарлаж, некробактериоз туссан бол эмчлэх, үхсэн малын хүүрийг нохой, шувуунд идүүлэхгүй байх ба шаардлага гарвал халдваргүйжүүлэх бодис хийж булж устгах арга хэмжээ авна.
в. Малын эмчийн хүлээх үүрэг:
1. Хөрсөөр дамждаг ямар нэгэн халдварт өвчин гарсан тухай мэдээ авмагц цаг тухайд нь очиж оношийг зөв тогтоох:
2. Бүх өвчлөмтгий малд нь толгой дараалан үзлэг хийж /халууныг хэмжих/ ил шинж тэмдэгтэн болон халуунтайг ялгаж, зохих зааврын дагуу эмчилгээг яаралтай хийх:
3. Хөрсөөр дамждаг халдварт өвчнөөр үхсэн малын хүүрийг бүтнээр нь булдаг. Зайлшгүй шаардлагаар задлан шинжилгээ хийж болно. Өвчтэй малын хүүр байсан, хүүр задалсан, булсан газрыг сайтар халдваргүйжүүлнэ.
4. Малын боом өвчин гарсан тохиолдолд заавал хүн эмнэлгийн байгууллагад мэдэгдэж, малын хүүр задлахыг хориглох:
5. Боом, брадзот, дотрын халдварт хордлого туссан халдварын сэжигтэй /өвчин гарсан суурийн өвчлөмтгий/ малыг зохих зааврын дагуу эмчилгээний ийлдсээр тарьж, 14 хоногийн дараа урьдчилан сэргийлэх вакцин хийх ба ийлдэс байхгүй тохиолдолд зөвхөн халдварын сэжигтэй алд шууд вакцин хийж, өвчтэйг эмчилнэ.
6. Боом, дуут хавдар, ботулизм, брадзот, дотрын халдварт хордлогоор үхсэн малын үс, арьс шир, үс ноосыг авахыг болон өвчилсөн малын сүү, сааль, ашиглахыг хориглохыг дээр хориглохын дээр вакцин тарьсан малын мах сүүг ашиглахыг 14 хоногийн хугацаанд мөн хориглоно.
7. Эмчилгээ, тарилга, хийгдсэн суурийн малыг 14 хоногийн хугацаанд хяналтдаа авч, боом дуут хавдар гарсан тохиолдолд хорио цээр тогтоон өвчлөмтгий мал, өвс тэжээл гадагш гаргах, гаднаас мал авахыг хориглон, брадзот, дотрын халдварт хордлого, догол гарсан тохиолдолд хязгаарлалтыг тогтоон бэлчээр солиулах, ботулизм гарсан үед ус, тэжээлд нь үзлэг хийж бохирлогдсон зүйлийг нь цэвэрлүүлэх, устгуулах арга хэмжээ авна.
8. Хорио цээр, хязгаарлалтын хугацаанд малын хөдөлгөөн хийх, арьс шир, үс ноос, сүү ашиглах, тээвэрлэх явцад хяналт тавьж, илэрсэн зөрчилд малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хуулийн дагуу зохих арга хэмжээ авна.
9. Үхсэн малын хүүр сэг зэм, халдварын үүсгэгчээр бохирлогдсон хөрс, өтөг бууц зэргийг хлорын түүхий шохойгоор буюу түүхий шохойны 5-10 хувийн цийдмэгээр, арьс шир, үс ноосыг 10 хувийн давсны уусмалаар 1-2 хувь давсны хүчил хийж, халдваргүйжүүлдэг ба бусад халдваргүйжүүлэх бодисуудыг зохих зааврын дагуу өргөн хэрэглэнэ.
СУУРИЙН ХАЛДВАРТ –САХУУ, ХАР ДЭЛЭН, ЦУСАН ХАЛДВАР, ЭНЗООТ ЗУЛБАХ, СОХОР ДОГОЛ, ДЭЛЭНГИЙН ӨМРӨӨ, ШӨВӨГ ЯР, ЦАХЛАЙ, ХУЛГАНА ЯР ӨВЧНҮҮДТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР
А. Тодорхойлолт:
Эдгээр өвчнүүдийн үүсгэгчид нь гадаад орчинд төдий л удаан хадгалагддаггүй голдуу өвчтэй ба өвчилж өнгөрсөн мал, амьтны бие махбодид байж, жил бүр тухайн суурьтаа тогтмол шахам гарч байдаг бөгөөд малын хөдөлгөөн, бусад зүйлээр өөр суурь, сүрэгт дамжин халддаг байдлыг харгалзан суурийн халдварт өвчнүүд гэж нэрлэхэд хүрсэн байна.
Б. Өвчнүүдийн гаралт, шинж тэмдэг, оношлолт:
1. Адууны сахуу /үүсгэгч нь Streptoccus equi/ нь унага, дааганы эрүүний доод булчирхайн буглаа, залгиур хоолой, хамран хөндийн салст бүрхүүлийн салст-идээт үрэвслээр илэрдэг хурц урсгалтай халдварт өвчин. Буглаа хагарч идээ нь гоожсны дараа хавдар нь багасаж, халуун нь буурч 2-3 долоо хоногийн дараа голдуу эдгэрэлтээр төгсөнө. Манайд зун намарт гүү саах үеэр унага өвчлөх нь эрс нэмэгддэг боловч бусад саруудад өвчлөх явдал үргэлжилнэ.
Халдварын эх булаг нь өвчтэй ба эдгэрсэн адуу нэг жил, түүнээс дээш хугацаагаар өвчин үүсгэгчийг тээгч болдог тул тухайн суурьтаа жил бүр гардаг.
Сахууг түүний шинж тэмдэг, гаралтын онцлог зэргийг нь харгалзан оношилдог ба өвөрмөц шинж тэмдэгтэй болохоор малчин бүр сайн танина.
2. Хар дэлэн /үүсгэгч нь Staphylococcus aurens8 pasteurella haemolitica, Bact.mastitides зэрэг/ нь дэлэнгийн үрэвсэл, ихэвчлэн илжрэлээр илэрдэг цочмог хурц халдварт, үхэл ихтэй өвчин. Стафилококкоор үүсгэгдсэн үед идээт буюу цусархаг үрэвслийн шинжээр илэрнэ. Эхлээд дэлэнгийн гэмтсэн хэсэг хатуурч өвчин орж, томорч, арьс нь улайж халуун болно. Хавдар нь яваандаа гуяны дотор тал, цавь, хэвлийн доод талаар тарж, булчирхай нь цочиж томорно.
Өвчилсөн хонь явахдаа хойт хөлөө алцайлган явж чадахгүй болж хэвтэж эхэлнэ. Халуун нь +40-41,5 хүрч дэлэн нь хар хүрэн өнгөтэй болсон, хагалж үзэхэд илжирч, хий хуримталсан үмхий үнэртэй байна. Хонь төллөснөөс хойш 2-4 долоо хоногийн дараа хар дэлэнгээр өвчилж эхэлдэг ба хурга ялгаж, хонь сааж дуусахад өвчний гаралт аажмаар зогсоно.
3. Цусан халдвар /үүсгэгч нь Pasterella multicida/ нь цочмог хэлбэрийн үедээ үжлийн /халуурах, цус хурах/ шинжээр, цочмогдуу ба архаг хэлбэрийн үедээ голдуу уушигны үрэвслээр илэрдэг олон төрлийн мал, амьтан, шувуу хүртэл өвчилдөг халдварт өвчин.
Өвчин үүсгэгч нь өвчтэй болон өвчилж өнгөрсөн мал, амьтанд байхаас гадна эрүүл мал, амьтанд нөхцөлд эмгэг төрүүлэгч байдлаар байна. Иймээс өвчин гарч байсан суурийн малын хөдөлгөөнөөр эрүүл суурьт дамжин халдахын зэрэгцээ цаг уурын тааламжгүй нөхцөл, арчилгаа, маллагааны муугаас болж эрүүл суурьт ч гэнэт гарч болно. Үүнээс болж цусан халдвар өвчин тодорхой сууриудад байнгын голомттой болон улирлын чанартай гардаг онцлогтой юм.
Цусан халдвар нь үхэрт цочмог, архаг хэлбэрүүдээр тусахын зэрэгцээ цээжний, гэдэсний болон цээж гэдэсний хосолсон шинжээр тусвал бөгөөд бас хавдрын хэлбэр гэж байна. Хэт цочмог хэлбэрээр тусвал гэнэт +41-42 хэм хүртэл халуурч, уушиг нь устаж, цустай чацга алдан, зүрхний ажиллагаа нь доголдож хэдхэн цагийн дараа үхнэ. Цочмог хэлбэрээр тусвал халуурах , ханиалгах, цусархаг хөөстэй шингэн чацга алдах зэргээр өвчилж зүрхний ажиллагаа нь доголдсоноос 1-2 хоногийн дотор үхнэ. Зарим үед халуурахаас гадна эрүү, хүзүү хэвлийн арьсан доогуур хавагнана. Хонь номой байдалд орж халуурахаас гадна цээжин хэсгийн арьсан доогуур хавагнаж, уушигны үрэвслийн шинжүүд илрэн 2-5 хоногтоо үхнэ.
Оношийг өвчний гаралтын байдал, шинж тэмдэг, эмгэг хувиралтуудыг үндэслэн тогтоодог боловч заавал бактериологийн шинжилгээ хийж, пастереллийн цэвэр өсгөвөр гарган цагаан хулганад тарьж, хоруу чанарыг тодорхойлон төгс болгодог зарчимтай.
4. Хонины энзоот зулбах /үүсгэгч нь Chlamydiae psist tacivar.ovis/ нь хээлийн хаг, хагны товч үрэвсэх, хээлийн сүүлийн хагаст хээл хаях, амьдрах чадваргүй сул дорой төл гарах шинжээр илэрдэг архаг хавьтал халдварт өвчин. Энзоот зулбахаар хониноос гадна ямаа, үхэр өвчилнө.
Халдварын эх булаг нь өвчилж хээл хаясан болон далд өвчилж буй эх мал, мөн халдвар авсан хуц, ухна юм. Иймээс эрүүл суурьт өвчтэй буюу үүсгэгчийг тээгч хонь, хуц орж ирснээр халдвар тархаж бараг жилийн дараа төллөх хонины 60 хувь хүртэл хээл хаях маягаар гэнэт илэрнэ. Үүнээс хойш тухайн суурь байнгын голомттой болж, өвчлөлт нь далд хэлбэрээр явагдаж, төллөх хонины 5 хувиас хэтрэхгүй, голдуу зусаг хонь хээл хаях төдийгөөр илэрнэ. Хээл хаясан зарим хонины хаг нь саатаж, савны үрэвслээр хүндэрч үхэх явдал гардаг. Хэвийн байдлаар төрсөн ч амьдрах чадваргүй төл гаргаж гарсан төлийн 10-аас доошгүй хувь нь хорогдоно.
Оношийг өвчний гаралт, шинж тэмдэг, төлийн хаганд гарсан хувиралтууд зэргийг харгалзан, бактериологи, серологийн шинжилгээний дүнг үндэслэн тогтооно.
5. Хонь ямааны сохор догол /үүсгэгч нь Mycoplasma aqalactiae/ нь нүд, үе мөч, дэлэнгийн гэмтлээр илэрдэг, хавьтал халдварт өвчин. Сохор доголоор хонь, ямаа нас хүйс харгалзахгүйгээр адилхан өвчлөх ба голдуу мал ид төллөж, сүү саалийг нь ашиглаж байгаа зун намрын улиралд голдуу гардаг улирлын чанартай өвчин.
Халдварын эх булаг нь өвчтэй ба эдгэрсэн хонь, ямаа, хурга ишиг, хуц ухна байдаг тул суурьтаа өвчний байнгын голомттой болдог. Өвчин гарсан суурийн бүх хонины 30 гаруй хувь нь өвчилж, хурга ишиг хорогдож эхэлнэ. Өвчний эхэн үед хааяа халуурах, дэлэн томорч хатуу, халуун болох, булчирхай нь томрох, суу нь татарч оронд нь ээдмэг гарах, бүр сүүлдээ цайвар цэнхэр шингэн гарна. Хээлтэй хонь хээл хаях явдал үзэгдэнэ. ҮЕ мөч гэмтвэл доголох, үенүүд нь хавдаж томрох, хүндэрсэн үед идээт артрит болно. Нүд гэмтсэн үед зовхи хавдаж, салст бүрхүүл нь үрэвсэж нулимс, гоожих, нүдний хатуу бүрхүүл цайрч /манантаж/ яршин хараагүй болох шинж тэмдгүүд илэрнэ.
Оношийг өвчний гаралтын онцлог шинж тэмдэг, эмгэгийн хувиралтыг үндэслэн тогтооно.
6. Үнээний дэлэнгийн өмрөө /үүсгэгч нь Hepres virus bovis/ нь дэлэн хөхний арьс, тугалын амны салст бүрхүүлд булдруу, цэврүү, шархлаа үүсэх хэлбэрээр илэрч, хүндэрсэн үедээ хөхний арьс өмөрч ойчдог хавьтал халдварт өвчин. Өмрөө нь үнээний төллөх болон саалийн хугацаатай уялдан дулааны улиралд халдварын голомт бүхий сууриудад гарч анхны шинж тэмдэг илэрснээс хойш 40 гаруй хоногийн дараа голдуу эдгэрэлтээр төгсдөг боловч үнээний дэлэн, хөхөнд нь буцалтгүй өөрчлөлт орсноос үнээний ашиг шим ашиглах түүнийг үржилд хэрэглэх боломжгүй болгодог. Өмрөө нь уг өвчнөөр тайван бус суурийн үхрийн хөдөлгөөнөөр эрүүл суурьт дамжин халдаж, байнгын голомттой болдог. Өмрөөгөөр сарлагийн үнээ илүү хүндээр өвчилдөг.
Гаралт нь 5-р сарын сүүлийн хагасаас эхлэн 7-8 сард дээд хэмжээндээ хүрч, 10-р сарын сүүлчээр зогсдог.
Оношийг өвчний гаралтын байдал, шинж тэмдэг зэргийг харгалзан тогтоох боловч саармагжуулах урвал, эрүүл тугалд халдвар хийх аргаар бататгана.
7. Шөвөг яр /үүсгэгч нь Parapoxvirus –ийн төрлийн вирус/ нь хонь ямааны дэлэн хөх, бэрэвхий, арьс, хурга, ишигний амны салст бүрхүүл, уруул, их биеийн арьсанд цэврүү, булдруу, яр гарч хатуу тав үүсэх шинжээр илэрдэг хавьтал халдварт өвчин. Шөвөг яр гарсан суурийн хурга, ишигний 70-90 хувь нь 30-60 хоногтойдоо өвчилж, 2-4 сар үргэлжилдэг байна. Хөлийн бэрэвхий, туурайн салааны арьс гэмтсэн үед доголох, хоёрдогч халдвараар хүндэрч, некробактериоз болж хувирах амны гэмтлийн үед идээлүүлэгч микробоор халдварлаж идээлэх, шүд нь унах, нүд нь сохрох, дотоод эрхтнүүдэд буглаа үүсэх, халуурах, үе мөч нь гэмтэх явдал үзэгдэнэ. Эм хонь, ямааны дэлэн хөхний арьсанд болон бэлгийн уруулын арьсанд, хуцанд хуухнаг, тээрхийд яр гарна. Байгалийн нөхцөлд хонь, ямаанаас гадна тэмээ, зээр өвчилнө. Шөвөг ярын вирус хаг хогжруутай хамт малын бууц хэвтэрт унаж удаан хугацаагаар хоруу чанараа алдахгүй байдаг тул 1-2 жилийн дараа ч халдварлаж болох ба жил бүр тухайн суурьтаа тогтмол гардаг онцлогтой.
Оношийг өвчний гаралтын байдал, шинж тэмдэг, микроскопын шинжилгээ, амин сорил зэргийг үндэслэн тогтооно.
8. Үхрийн цахлай /үүсгэгч нь Trychophyton vercucosum гэдэг мөөгөнцөр/ нь арьсны болон үсний гэмтлээр илэрдэг хавьтал халдварт өвчин. Цахлайгаар голдуу үхэр өвчилдөг боловч адуу, гахай, нохой, махчин амьтад, шувуу, хүн хүртэл өвчилнө.
Халдварын эх булаг нь өвчтэй мал, амьтан бөгөөд эдгээр нь эрүүл малтай хавьтахдаа буюу тоног хэрэгсэл хашаа, байр, дэвсгэр, хөрс зэргийг бохирдуулан халдвар тараана. Үхэрт цахлай нь голдуу толгой хүзүү% хажуу тал, нуруу ууцаар гарна. Тугалд дух, нүд, амны эргэн тойрон, чихний уг зэргээр гарна. Эмгэгийн байдлыг харгалзан цахлайг өнгөц, гүний хэвшмэл бус шинжтэй гэж ялгаварладаг.
Өнгөц хэлбэрийн цахлай нь тарган, эсэргүүцэл сайтай том үхэрт голдуу тусаж, арьсан дээр нь 1-5 см хэмжээтэй бүрзийсэн нойтон толбонууд гарч улмаар жижигхэн товгоруудтай болж, хатаж даарьтан үс нь унана. Даарь хогжрууг нь ховхлоход доор нь хяргагдсан үс бүхий чийгтэй арьс үзэгдэнэ.
Гүний хэлбэрээр өвчилбөл арьсны үрэвсэл болж хатуу даарь тогтох ба дарж үзэхэд даарины дотроос идээ гарна. Даарийг ховхлоход идээтэй ярнууд үзэгдэх ба өсвөр насны мал амархан турж, өсөлтөөрөө хоцорно. Зуны цагт тэжээл муутай хүйтэн чийгтэй байранд олноор байлгавал гүний хэлбэр тохиолдох нь олонтой байдаг.
Хэвшмэл бус шинжээр өвчилбөл зуны цагт бүдүүн үхрийн толгой болон биеийн зарим хэсгийн үс нь хогжруутах маягаар илэрдэг ба хогжрууг нь ховхолбол доороос нь үсгүй гөлгөр арьс гарна.
Оношийг өвчний гаралтын онцлог, шинж тэмдгийг харгалзан тогтоодог боловч микроскопын шинжилгээг хийх буюу мөөгөнцрийн тэжээлт орчинд өсгөвөрлөн үүсгэгчийг гарган авч төгс болгоно.
9. Адууны хулгана яр /Histoplasma Farciminosum гэдэг дрожж маягийн мөөгөнцөр/ нь битүү туурайтан амьтдын арьс, лимфийн судас, булчирхайн үрэвсэл, арьсны доод эслэгийн идээт буглаа, яршлаар илэрдэг халдварт өвчин.
Халдварын эх булаг нь өвчтэй адуу бөгөөд шууд хавьтал замаар халдвар тарахаас гадна өвчин үүсгэгчээр бохирлогдсон эдэлгээний тоног хэрэгсэл, бусад зүйлээр дамжин халдана.
Шинж тэмдгийн хувьд хөнгөн, хүнд гэж хоёр хуваадаг бөгөөд хөнгөн хэлбэр нь бэлчээрийн маллагаатай биеийн эсэргүүцэл сайтай буюу бүдүүн насны адуунд голдуу тохиолдоно. Халдвар орсны дараа арьсны өнгөн талын лимфийн булчирхайнууд үрэвсэж, жижигхэн идээт буглаанууд үүснэ. Биеийн эсэргүүцэл сайтай байвал гадуураа бүрхүүлтэй болж зарим нь хагарч идээ гоожин яршиж битүүрч сорви тогтоно. Биеийн эсэргүүцэл муутай буюу өсвөр насны адуу ялангуяа даага, сарвайд олон тооны идээт буглаанууд үүсэн, томорч тахианы өндөгний хиртэй болж эргэн тойрны эдүүд нь хавагнаж эмзэглэх, лимфийн судаснууд томорч хэсэг хэсэг газарт идээлэн хагарч идээ гоожсон яр болох, өнгөц байрладаг булчирхайнууд идээлж, томрон хагарч идээ гоожсон сүвтэй болно. Мөн элэг, уушиг зэрэг дотоод эрхтнүүдэд идээ буглаа бий болбол үжил болж мал амархан үхнэ.
Оношийг өвчний гаралтын онцлог, шинж тэмдгийг харгалзан тогтоодог боловч идээ бээрнээс нь авч микроскопын шинжилгээ хийж мөөгөнцрийг ирүүлснээс бататгана.
Тэмцэх арга хэмжээ
Дээр дурьдсан өвчнүүд суурь, сүргийн дотор байнгын голомттой болж, өвчилсөн мал болон өвчин үүсгэгчээр бохирлогдсон зүйлээр дамжин халдаж, тархах хандлагатай байдаг тул тухайн сууриудыг бүртгэлд авч, жил бүр урьдчилан сэргийлэх ба эмчлэх, халдваргүйжүүлэлт хийх, малын хөдөлгөөнд нь хяналт тавих, хязгаарлалтын арга хэмжээ авах зэрэг ажлуудыг байнга зохиох өвчний гаралтыг зогсоох үндсэн арга хэмжээ юм. Иймд:
А. Мал эмнэлгийн байгууллагууд:
1. Эдгээр өвчнүүдийн гаралтын судалгааг 5-10 жилээр гаргаж, өвчин тус бүрийн гаралтын эрчимжилтийг тодорхойлон тэмцэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байх, урьдчилан сэргийлэх шинжилгээ, тарилга ба эмчилгээ, халдваргүйжүүлэлтэд шаардагдах эм бэлдмэлүүдийн тооцоог гаргаж нөөцөлж авах.
2. Эдгээр өвчнүүдтэй тэмцэх, эмчлэх болон оношлох лабораторийн аргуудад эмч нарыг сургах ажил зохиох.
3. Аймаг, сумын засаг даргын шийдвэр гаргуулан, тэмцэх арга хэмжээний жил бүрийн төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж байх.
Б. Малчид, малын эздээс хүлээх үүрэг:
1. Уг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор
• Малыг таргалуулах, тарга хүчийг нь тогтоох, чамбайруулах, арга хэмжээ авч байхын зэрэгцээ малын байр, хашаа хорооны ариун цэвэр, ахуйн дэг журмыг сахиж байх:
• Мал авах, гадагш нь гаргахдаа малын эмчийн хяналтын доор хийж, малын хөдөлгөөнийг аль болохоор хязгаарлаж бусдын малтай малаа нийлүүлэхгүй, бэлчээр, усаар тусгаарлаж байх:
• Сахуугаас сэргийлэх зорилгоор гүү саах үеэр унаганы арчилгаа, маллагаа, услалтад анхаарч наранд хэт шарах, хүйтэн бороонд цохиулахаас хамгаалах
• Хар дэлэнгээс сэргийлэхийн тулд саалийн үед хонины дэлэн хөхөнд үзлэг хийж, угааж, цэвэрлэх, ариутгах бодисуудаар угааж байх:
• Цусан халдвартаас сэргийлэх зорилгоор урьдчилан сэргийлэх тарилгыг цаг хугацаанд нь хийлгэж байх.
• Энзоот зулбах өвчнийг илрүүлэх төлөвлөгөөт шинжилгээ хийлгэж, халдварлалтыг тогтоолгон урьдчилан сэргийлэх тарилга хийлгэж байх.
• Сохор доголоос сэргийлэх тарилгыг тогтмол хийлгэхийн зэрэгцээ малдаа толгой дараалан үзлэг хийлгэж, эрүүлжиж байгаа эсэхэд хяналт тавиулж байх.
• Дэлэнгийн өмрөө, шөвөг яр гардаг сууриудад малдаа байнга үзлэг хийгдэж эрүүл байгаа эсэхэд хяналт тавьж байх.
• Цахлай болон хулгана ярын үзлэгийг бүх үхэр, адуунд тогтмол хийлгэж, эрүүл байгаа эсэхэд хяналт тавьж байх.
2. Өвчин гарсан тохиолдолд
• Малын эмчид цаг тухайд нь мэдэгдэж малдаа үзлэг, шинжилгээ хийлгэх:
• Өвчтэй малдаа эмчилгээ хийлгэх:
• Хашаа хороо, өтөг бууцаа халдваргүйжүүлэх:
• Малын хөдөлгөөнийг хязгаарлах бэлчээр, усаар малаа тусгаарлан маллах арга хэмжээ авах:
• Малдаа үзлэг, шинжилгээ, тарилга, эмчилгээ хийхэд хүн хүч хашаа хороо, бэхэлгээний зүйлээр хангах:
• Мал үхсэн, нядалсан үед мах, арьс, үм ноос авах, өвчтэй сэжигтэй малын сүү, сааль ашиглах асуудлыг малын эмчийн хяналтын доор хийж байх:
В. Малын эмчийн хүлээх үүрэг:
• Өвчин гарсан тохиолдолд бүх малд нь /халууныг нь хэмжин/ үзлэг хийж, цусан халдварт бактериологийн, энзоот зулбахад ийлдэс судлалын, цахлай, хулгана ярд микроскопын шинжилгээ хийж оношийг төгс болгох:
• Сохор доголоос сэргийлэх вакцин болон өсгөвөр тарьснаас хойш 14 хоноод бүх малд нь үзлэг хийж өвчтэйг нь заавал эмчлэх
• Сахуутай адууны хамар, хоолойг ариутгах бодисоор угаах, буглааг хагалах, антивирус тарих, хар дэлэнг сульфаниламид, антибиотикуудыг хослон эмчлэх, илжрэл болсон үед мэс заслын арга хэрэглэх, цусан халдвар гарсан үед өвчтэйг ийлдэс, антибиотикуудаар хослон эмчилж, эрүүлийг нь сэргийлэх вакцинаар тарих, энзоот зулбахаар халдварласан, өвчилсөн малыг тиамулин, новарсенол, тетрациклин, тилозин зэрэг эмүүдээр эмчилж эрүүлд нь амьд өсгөвөр буюу вакцин тарих, шөвөг яр, дэлэнгийн өмрөөгийн үед ариутгах бодисуудын уусмалаар дэлэн хөх, амны яршилтай хэсгүүдийг угаах, арчих, тосон түрхмэгүүдийг хэрэглэх, эрүүлд нь тарьж сэргийлэх, хулгана яртай адууг тарга хүч сайтай үед нь нядлуулах, мэс заслын болон эмийн бодисуудаар эмчлэх арга хэмжээ хэрэгжүүлнэ.
• Өвчилж үхсэн малын сэг зэмийг устгуулах, хашаа хороо, хэвтэр бууцыг халдваргүйжүүлэх:
• Өвчтэй мал нядлах, мах, арьс шир, үс ноосыг нь авах, боловсруулахад нь зааварчилж хяналт тавих:
• Засаг даргын шийдвэр гаргуулан өвчин гарсан сууриудад хязгаарлалтын арга хэмжээ тогтоон, хяналт тавьж гарсан зөрчлийг малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хуулийн дагуу шийдвэрлэж байна.
• Малын сэг зэм, өтөг бууц, хашаа хороо халдваргүйжүүлэхэд хлорын түүхий шохойн 5, 10, 20 хувийн цийдмэг, фенолын 3-5 хувийн уусмал, NaOH, KOH-ын 1-2 хувийн усан уусмал, фенолтой хүхрийн хүчлийн 2-3 хувийн уусмал, формальдегидын 2-5 хувийн уусмал зэргийг өргөн хэрэглэнэ.
МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ, ЦЭЦЭГ, ГОДРОН, ЦЭЭЖ, ҮХЭР ГАХАЙН МЯЛЗАН ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР
Ерөнхий зүйл
А. Тодорхойлолт
1. Хонины цэцэг, ямааны годрон, үхрийн мялзан, цээж зэрэг өвчнүүд дээхэн үед манай оронд түгээмэл гарч тухайн үедээ мал сүргийн өсөлт, малчин ардын аж амьдралд ихээхэн хохирол учруулж байсан ба мал амьтны шүлхий, гахайн мялзан нь хөрш зэргэлдээ орнуудаас янз бүрийн замаар дамжин орж ирж удаа дараа гарч олон тооны мал, гахайг хорогдуулж байсан. Дээрх өвчнүүд нь маш богино хугацаанд хүн, малын хөдөлгөөн, бусад зүйлүүдээр дамжин өргөн хэмжээтэй нутгийг хамардаг тул гоц халдварт өвчин гэж нэрлэх болжээ.
Б. Өвчний гаралт, шинж тэмдэг, оношлолт:
1. Шүлхий /үүсгэгч нь пикорновирусын төрөлд хамаарах, антигений чанараар 7 хэвшилд хамаарагдах вирус бөгөөд А, О, С хэвшил нь Европын орнуудад, А, О нь манай оронд, САТ-1, САТ-2, САТ-3 нь Африкийн орнууд мөн сүүлийн үед Дундад Дорнотын орнуудад тархан шүлхийг үүсгэж байна./ нь салаа туурайтан амьтдын хөх, хөлний салааны арьс, амны хөндийн салст бүрхүүлийн үлхийт үрэвслийн хэлбэрээр илэрдэг хурц урсгалтай гоц халдварт өвчин. Шүлхийгээр үхэр, тэмээ, гахай тэдгээрийн төл нилээд хүндээр өвчилдөг ба хонь ямаа болон зэрлэг салаа туурайтан амьтдад доголох төдий шинж тэмдэг илэрнэ. Үхэр халдвар авснаас хойш 12 цагийн дараа +40 хэм хүртэл халууран салст бүрхүүлүүд нь үрэвсэж хивэхээ больж, сүү нь татран хамрын толио нь хуурайшиж, туурайн салаа нь хавагнаж, доголох , ам хамраас нь маш их шүлс гоожих шинж тэмдэг илрэн 3 хоногийн дараа халуун нь буурч, хэл уруулын дотор тал, тагнай, хамрын салст бүрхүүлд янз бүрийн хэмжээний үлхий бий болсон байна. Амьсгаадах, тэжээл идэхдээ бэрхшээх булчин мах нь чичрэх, саажих, хээл хаях, үхсэн төл гаргах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.
Шүлхийн гаралтын нэг онцлог нь амархан халдаг учраас хэдхэн хоногийн дотор суурийн бүх малыг өвчлүүлж 20-30 хоногийн дотор өвчлөлт нь зогсож эхэлнэ. Шүлхийн гаралт улирлын шинж чанартай буюу хүйтэн, сэрүүний улиралд маш богино хугацаанд олон тооны суурь, ихээхэн газар нутгийг хамран өвчлүүлнэ.
Оношийг өвчний гаралт, шинж тэмдгийг харгалзан тогтоох боловч заавал лабораторийн шинжилгээ хийж, ямар хэвшлийн вирусаар үүсгэгдэж байгааг тогтоох нь тухайн шүлхийтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой юм. Шинжилгээг тусгай мэргэжил эзэмшсэн эмч нар очиж материал авч газар дээр нь буюу эсвэл тусгай лабораторид оношийг төгс болгоно.
2. Цэцгээр өвчилсөн /үүсгэгч нь Capripox virus ovis/ хонь эхлээд +41-42 хэм хүрч халууран толгой, уруул, суга, цавь, сүүл дэлэнгийн арьсан дэлэн дээр улаан толбо гарч, 1-2 хоногийн дараа булдруу 1-3 хоноод цэврүү болж цэврүү нь булингартай шингэнээр дүүрч, 5-6 өдрийн дараа идээлж, хагаран бор өнгийн тав болон эдгэрч ховхордог боловч гүнзгий гэмтсэн үед хонхорхойтой сорви тогтоно. Хамар, нүднээс салсархаг заримдаа идээтэй шингэн гоожих, хурга хүндээр өвчилж үхэх, сул дорой хонины уушиг, гэдэс ходоод болон үе мөч үрэвсэнэ. Хэрвээ үүсгэгчийн хоруу чанар нь их байвал цэврүүнүүд дотор цус хурахаас гадна хамраас нь цус гарах, цустай чацга алдах зэргээр хүндээр өвчилж голдуу үхлээр төгсөнө. Үүнийг хар цэцэг гэдэг. Энэ хэлбэр нь хааяа хонинд тохиолддог. Ердийн хөнгөн урсгал явцтай цэцгийн үед үхэл нь 2-3% байхад хар цэцгийн үед үхэл 100%-д хүрнэ.
Хонины цэцгээс гадна манай оронд гардаг байсан адуу, тэмээ, үхрийн цэцэг нь хүний цэцгээс сэргийлэх оспа-вакцины вирусаар үүсгэгддэг бөгөөд маш хөнгөн урсгал явцтайгаар тэмээ, адууны амны салст бүрхүүл гэмтэх, үнээний дэлэн
3. Ямааны годрон/үүсгэгч нь Mycoplasma mycoides vor, capri/ нь уушигны сахуулайт, цээжний гялтангийн ширхэнцэрт үрэвслээр илэрдэг хавьтал хавдар бүхий гоц халдварт өвчин. Годронгоор янгир өвчилнө. Голдуу өвлийн цагт ихээхэн тархаж, бүдүүн ямаа өвчилж, үхэх ба ишиг 5-8 сарын бойжилтдоо хүрч өвчилнө. Өвчин үүсгэгч нь хамрын салс, ханиалгах үед уушигнаас гарсан дуслаар гадагш цацагдан амьсгалын замаар халдаж өвчин гарсан суурийн бүх ямаа өвчилж 90-100% нь үхнэ. Хурц хэлбэрийн үед халуун нь +42 хэм хүрч ханиалгах, зүрх-судасны ажиллагаа доголдож, хамраас нь салсархаг, идээт шингэн гоожих, амьсгаа нь давхцах, хээл хаях, чацга алдах зэрэг шинж тэмдэг үзүүлэн 7-10 хоногтоо үхнэ.
Оношийг өвчний гаралт, шинж тэмдэг, эмгэг хувиралт болон бактериологийн шинжилгээ хийх, эрүүл ямаанд халдвар хийж, амь сорил тавих зэргээр тогтооно.
4. Үхрийн цээж/ үүсгэгч нь Mycoplasma mycoides/ нь цээжний гялтан ба уушигны сахуулайт үрэвсэл болж уушигны үхжлээр илэрдэг хавьтал халдвартай гоц халдварт өвчин. Өвчтэй малын хамрын салс, ханиалгах үед уушигнаас гарсан шингэн, шээс сүү, хээлийн шингэн зэргээр өвчин үүсгэгч гадагшилж, амьсгалын замаар халдварлана. Биеийн эсэргүүцлийн байдлаас болж үхэр болгон халдварладаггүй, өвчилдөггүй зарим суурьт үхрийн 25% нь халуурах ийлдэс судлалын шинжилгээгээр эерэг урвал үзүүлэх төдийгөөр илэрнэ. Цээж өвчин аажмаар тархдаг, гаралт нь нэг суурьт жилийн турш үргэлжилж болно. Ердийн нөхцөлд өвчлөлт 70 хувьд үхэл нь 20 хувьд хүрнэ.
Хэт хурц, хурц хэлбэрээр туссан үед халуун нь +42 хэм хүрч, амьсгал нь давхцан хэлээ унжуулж, амаа ангайж зовиуртай, удаанаар ханиалгах, зүрх-судасны ажиллагаа алдагдах, чацга алдах зэргээр өвчилж, 2-7 буюу 14-28 хоногтоо үхнэ. Архаг хэлбэрийн үед турах, ханиалгах, гэдэс, дотрын ажиллагаа хямрах, заримдаа халуурах зэргээр хэдэн сараар өвчилнө.
Оношийг өвчний гаралтын байдал, шинж тэмдэг, эмгэг хувиралт /уушиганд нь үхжил болсон хэсгүүд эргэн тойрон бүрхэвчтэй болж хөндий уутанцрууд үүссэн байна./ зэргийг үндэслэн ХХУ тавьж тогтооно.
5. Үхрийн мялзан /үүсгэгч нь Merbillo virus-ын төрлийн вирус / нь ихэвчлэн ходоод, гэдэсний салст бүрхүүлийн цусархаг-салст болон сахуулайт-өнгөрт үрэвслээр эхлэн их халуурч үжил болдог, хурц урсгалтай гоц халдварт өвчин.
Хурц хэлбэрийн үедээ +41-42 хэм хүртэл тогтмол халуурахаас гадна эхлээд үхэр сэрлийн байдалтай болсноо 3-4 хоногтоо дорой ноомой байдалд орж, шүдээ хавирч, нүд шүлс, гоожиж эхэлнэ. Амыг нь ангайлгаж үзвэл ялангуяа тагнайн хэсэгт улайсан шар, бор өнгийн зузаан хатуу өнгөр тогтсон хагарч яршсан байна. Мөн хүрэн бор өнгийн цустай чацга алдах, баахдаа эмзэглэж толгойгоо унжуулан бөхийж зогсоно. Уушигны гэмтлээс болж амьсгаа нь давхцан эмзэглэж, усны дутагдал болсноос биеийн жингийн 30 хувь нь алдагдаж, амархан турж хэвтсээр 7-9 хоногтоо үхнэ.
Оношийг өвчний гаралтын онцлог, шинж тэмдэг, эмгэг хувиралт болон лабораторийн шинжилгээ хийж, ХХУ, НТУ тавих эрүүл тугал халдаах зэргээр тогтооно.
6. Гахай нь сонгомол ба Африкийн мялзан гэж хоёр төрлийн мялзангаар өвчилнө. Сонгомол мялзан нь Европ, Азийн орнууд, мөн манай оронд гардаг. Гахайн сонгомол мялзанг үүсгэгч нь Togeviridae язгуурын Pestivirus –ын төрлийн РНХ агуулагдсан вирус.
Хурц хэлбэрийн үед халуун нь +40-41 хэм хүрч, сул дорой байдалд орж, бөөлжих, чацга алдах, нүдний салст бүрхүүл үрэвсэж, хавдах, хээл хаях, хамраас нь цус гарах, ихэвчлэн хэвтэх, бөгсөн бие нь гуйвах, гуяны дотор тал, хэвлий, чихний уг, хүзүүний арьсанд шаравтар өнгийн шингэнтэй цэврүү гарч цус хурах, цаашдаа хар хүрэн өнгийн толбо тогтож, дарж үзэхэд арилахгүй хэвээрээ байх ба бие нь хөх ягаан өнгөтэй болж, үхэхээс өмнө халуун буурч ихэвчлэн 7 хоногтоо үхнэ. 30-60 хувьд хүрнэ.
"В" хэвшлийн вирусаар голдуу торойнууд өвчилдөг ба бүдүүн гахай архаг, далд хэлбэрээр өвчлөн хээл хаях, үхсэн буюу өсөлт муутай, чацга алдамхай торой гаргаж, үхэх явдал их байна. Байнгын голомт бий болсон газар голдуу архаг, далд хэлбэрээр өвчлөх нь олширч торойнууд давжаарч өсөлт нь зогсоно. Ийм үед гаднаас гахай авах юм бол өвчлөлт ширүүсэж ирнэ.
Хурцавтар, архаг хэлбэрийн үед хоёрдогч халдвараас болж /цусан халдвар, иж балнад/ шинж тэмдэг нь ихээхэн өөрчлөгдөнө.
Оношийг өвчний гаралтын байдал, шинж тэмдэг, эмгэг хувиралтуудыг харгалзан тухайн аж ахуй дээр нь тогтооно. Лабораторийн нөхцөлд бактериологийн шинжилгээ хийж, бактерийн өвчнүүдээс ялгаж, оношлох, саармагжуулах урвал, флуоресценцийн эсрэг биеийн тусламжаар вирусыг нь илрүүлэх аргуудыг хэрэглэн оношлох ба "В" хэвшлээр үүсгэгдсэн үед торой халдваржуулж оношийг төгс болгоно.
2. Тэмцэх арга хэмжээ
Уг өвчнүүдтэй тэмцэхэд баримтлах зарчмын асуудлууд:
• Мал, амьтны гоц халдварт өвчин гарсан тохиолдолд улсын онцгой комисс бүх ажлыг гартаа авч тухайн аймаг, сумын хэмжээнд мөн онцгой комиссуудыг байгуулан уг өвчнүүдтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
• Мал эмнэлгийн газар цаг хугацаа алдалгүй оношийг тогтоох тухайн өвчнөөр тэмцэх арга хэмжээг төлөвлөн шаардагдах бүх зүйлийн тооцоо, хорио цээр тогтоох асуудлыг Улсын онцгой комисст оруулан засгийн газрын шийдвэр гаргуулна.
• Мал аж ахуйн салбаруудыг хариуцан ажиллаж буй эмч нар дээр дурдсан гоц халдварт өвчин гарсан тухай мэдээг утас, цахилгаанаар 12 цагаас хэтрүүлэхгүйгээр аймгийн болон ХААҮЯ-ны мал эмнэлгийн газарт яаралтай мэдэгдэж байна.
Мал эмнэлгийн байгууллагуудаас хийсэн байх ба хийвэл зохих ажлууд:
Урьдчилан сэргийлэх зорилгоор:
А. ХААҮЯ-ны мал эмнэлгийн газар:
• Тухайн халдварт өвчнүүдийг оношлох, урьдчилан сэргийлэх бэлдмэлүүдийн улсын нөөцтэй байх, үүний тулд шаардлагатай бэлдмэлүүдийг тодорхой хэмжээгээр дотооддоо үйлдвэрлэж байх буюу гадаад орнуудтай хоёр талын болон олон талт хэлэлцээр байгуулан олж, нөөц бий болгох.
• Тухайн өвчнүүдийн оношилгоо, шинжилгээг бүрэн төгс хийдэг, оношлох, сэргийлэх бэлдмэлүүдийн технологийг эзэмшсэн мэргэжилтнүүд бэлтгэхийн зэрэгцээ тэдний мэргэжлийг байнга дээшлүүлж байх.
• Ариутгал, халдваргүйжүүлэлт хийдэг тусгай төхөөрөмж бүхий автомашин тоног хэрэгсэл, эм, ороох боох материал, ариутгах бодисын улсын нөөцтэй байх.
• Уг өвчнүүдийн гаралтын тухай олон улсын халдвартын товчооны мэдээллийг цаг тухайд нь авч, аймаг сум, хилийн хяналтын эмч нарт өгч байх.
• Уг өвчнүүдийн халдвар гаднаас ирж ирэх аюул нөмөрч буй үед түүнээс сэргийлэх арга хэмжээг төлөвлөн улсын онцгой комисст оруулан шийдвэрлүүлэн хэрэгжүүлж эхлэх.
• Гоц халдварт өвчнүүд болон экзотик өвчнүүдийн талаар улсын МЭАЦ-ийн төв лаборатори, аймгийн лабораторийн эмч нарын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх ажлыг зохиож байх.
Тэмцэх арга хэмжээ
Б. Мал эмнэлгийн газар нь мэргэжилтний хэсгийг яаралтай томилж өвчний голомтод оруулж оношилгоог төгс болгож тэмцэх арга хэмжээг боловсруулна.
• Тухайн өвчний гаралт, тархалтын хүрээг тогтоолгон хорио цээр, малгүй бүс, болзошгүй аюулын бүсийг тогтоолгон нэвтрэн өнгөрүүлэх ба ариутгалын цэгүүдийг байгуулах ажлыг улс, аймаг, сумын онцгой комисстой хамтран яаралтай хэрэгжүүлнэ.
• Мэргэжилтний хэсгээс боловсруулсан тухайн өвчинтэй тэмцэх арга хэмжээг үндэслэн улсын онцгой комисстой хамтран засгийн газрын шийдвэр гаргуулж хэрэгжүүлнэ.
• Мэргэжилтний хэсгийн хяналтын дор карантины дотор байгаа мал, амьтанд үзлэг, шинжилгээ хийлгэж өвчтэйг тусгаарлах, эмчлэх, нядлах, устгах, халдварын сэжигтэйг вакцинаар тариулах болон малын хашаа хороо, байр, тоног, хэрэгсэл, өтөг бууцыг халдваргүйжүүлнэ.
Гоц халдварт өвчний хорио цээр, тогтоохдоо шаардлагатай үед цэргийн ба энгийн харуулуудыг гарган, хүн, малын болон бүх төрлийн хөдөлгөөнийг хатуу хориглон нэвтрэн өнгөрүүлэх газрыг, ариутгалын цэгтэй байгуулан ажиллуулах ба хүний хөдөлгөөн, хүнсний зүйл, бусад бараа материалыг зөвхөн нэвтрэн өнгөрүүлэх газраар дамжуулан өнгөрүүлэхийг зөвшөөрнө.
Шүлхий гарсан тохиолдолд хорионы дотор талд байгаа өвчлөмтгий малд халдвар хийж, богино хугацаанд өвчлүүлэн эмчлэх, халдваргүйжүүлэлт тогтмол хийх, болзошгүй аюулын бүсэд байгаа өвчлөмтгий бүх малыг тухайн хэвшлийн болон олон цэнэг вакцинаар сэргийлж тарина.
• Хонины цэцэг, үхрийн цээж, мялзан гарсан тохиолдолд уух усанд нь иодот кали нэмэх, эмчилгээ хийх, халдварын сэжигтэй малыг сэргийлэн тарих, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, өвчилсөн хонийг креолин болон бусад ариутгах бодисын уусмалуудаар угаах, мөн болзошгүй аюулын бүсэд байгаа хонийг вакцинаар сэргийлэн тарина.
• Үхрийн цээж гарсан тохиолдолд суурийн бүх үхэрт ХХУ-р шинжилгээ хийж, өвчтэй сэжигтэйг нядлуулах эрүүл малд нь цээжний амьд өсгөвөр тарих, халдваргүйжүүлэлт хийх, мах боловсруулах, арьс шир, хөөвөр, хялгас авахад нь хяналт тавьж халдваргүйжүүлж байх.
• Үхрийн мялзан гарсан тохиолдолд өдөр бүр бүх үхрийн халууныг тогтмол хэмжиж, өвчтэй ба 2-3 өдөр дараалан халуурч байгааг арьстай нь хамт, устгах, халдваргүйжүүлэлт, явуулан өтөг бууцыг нь шатаах, халдварын сэжигтэй бүх үхрийг вакцинаар тарина.
• Ямаанд годрон гарсан тохиолдолд ил өвчтэйг нядалж, арьс ноолуурыг наранд хатаах буюу химийн бодисуудаар ариутгаж, хашаа, байр, хороо, өтөг бууцыг халдваргүйжүүлнэ.
• Гахайн мялзан гарсан тохиолдолд бүх гахайн халууныг үзэж, өвчтэй халуунтайг нядлуулан, халдварын сэжигтэй бүх гахайд вакцин хийлгэж, үхсэн гахайн хүүрийг устгуулах, байр хашааг халдваргүйжүүлэх арга хэмжээг яаралтай хэрэгжүүлнэ.
Мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын эрхлэгчдээс хүлээх үүрэг:
• Малын арчилгаа, маллагаа, тэжээллэгийг сайжруулан хариуцлагад онцгой анхаарч, мал, амьтан алдагдахаас сэргийлэх:
• Тухайн халдварт өвчинтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлж буй бүхий л арга хэмжээнд биечлэн оролцож, хүн хүч гаргаж өгөх:
• Халдваргүйжүүлэлт, ариутгалыг цаг тухайд нь хийлгэж байх:
• Хорио цээрийн дэг журмыг хатуу сахих:
• Тухайн халдварт өвчнүүдтэй тэмцэх талаар гарсан тогтоол, шийдвэр, заавар зөвлөмж болон эмч нарын өгсөн үүрэг даалгаврыг ширхэгчлэн биелүүлэх:
• Шаардлага гарсан нөхцөлд өвчтэй малыг устгах, нядлах болон мах, сүү, түүхий эдийг нь эмч нарын зааварчилга, хяналтын дор боловсруулах, халдваргүйжүүлэлт хийлгэх:
• Тухайн өвчний гаралт, зогстол хүн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, шаардлага гарвал эмч нарь мэдэгдэх шийдвэрлүүлж байх:
Малын эмч нарын хүлээх үүрэг:
Тухайн аж ахуй, байгууллага, мал бүхий иргэдийг харъяалсан эмч нар болон уг өвчинтэй тэмцэх ажилд оролцож буй эмч нар нь:
2 Тухайн өвчний талаар ухуулга, таниулга хийж, авч буй арга хэмжээ болон хорио цээрийн талаар танилцуулан малчдаар гарын үсэг зуруулна.
Ч Хувийн урьдчилан сэргийлэлт, аюулгүйн асуудлыг чанд сахиж арга хэмжээнд заагдсан бүх ажлыг тогтоосон цаг хугацаанд нь чанартай хэрэгжүүлэх:
Ч Тухайн өвчинтэй тэмцэх талаар гарсан тогтоол шийдвэр, заавар, зөвлөмж зөрчигдсөн нөхцөлд монгол улсын эрүүгийн хууль, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хуулийн дагуу арга хэмжээ авах, авахуулах:
Ч Өвчлөлт, үхэл, хорогдол, өвчний гаралт, тархалтын талаар болон авч хэрэгжүүлж буй ажил, түүний үр дүнг өдөр бүр мэдээлж байх:
Ч Хашаа, хороо, өтөг, бууц, тоног, хэрэгсэл зэргийг идэмхий натри, калийн шүлтийн 1-2 хувийн уусмал, формалины 2-5 хувийн уусмал, хүний хувцас, арьс шир, үс ноос халдваргүйжүүлэхэд формалины уур зэргийг өргөн ашиглана.
Гоц халдварт өвчний хорио цээрийг мэргэжилтний хэсгийн саналаар ХААҮЯ-ны м/э-ийн газрын ЖУТ-ийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний үндсэн дээр засгийн газраар шийдвэрээр татан буулгана.
БРУЦЕЛЛЁЗ, ЯМ, СҮРЬЕЭ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР
I. Ерөнхий зүйл
А. Тодорхойлолт
1. Бруцеллёз ,ям,сүрьеэ нь мал амьтнаас хүнд халддаг тул зооантропоз өвчнүүдэд хамаардаг ба сүрьеэ нь мөн хүнээс мал, амьтан, шувуунд халддаг тул антропозооноз өвчинд тооцогддог юм.
Малын бруцеллёз нь ихэвчлэн хээл хаях, хаг саатах, савны салст бүрхүүл үрэвсэх, үржлийн чадвар алдагдах зэргээр илэрдэг архаг урсгал явцтай халдварт өвчин.
Ям нь уушиг, хамрын салст бүрхүүл болон арьсны зарим хэсэгт булдруунууд гарч аажмаар хагарч идээд өвөрмөц яр болдог архаг урсгал явцтай халдварт өвчин.
Сүрьеэ нь янз бүрийн эрхтнүүдэд"туберкул" гэж нэрлэгддэг голдуу ээдмэг маягийн зүйл агуулсан өвөрмөц булдруунууд үүсдэг архаг урсгал явцтай халдварт өвчин.
Б.Өвчнүүдийн гаралт, шинж тэмдэг,оношлолт:
1. Бруцеллёзыг Brucella -ын төрөлд хамаарах S.abortus, Br melitensis, Br suis, Br Canis, Br.neotomae гэдэг зүйлийн бактерууд үүсгэнэ. Бруцеллёзоор тэмээ, үхэр адуу хонь ямаа гахай өвчлөхөөс гадна цаа буга нохой муур туулай үслэг ан амьтад хулгана зурам хүртэл өвчилнө. Өвчтэй малын хээлийн шингэн хаг зулбадас бэлгийн эрхтний гоождос болон сүү шээс баасаар нь бруцеллүүд гадагшилж гадны орчныг бохирдуулснаас болж эрүүл мал халдахаас гадна хээлтүүлгийн үед халдвар авна. Халдвар авсан үхэр хонь ямаа хээлийн 2-р хагаст хээл хаях хаг нь саатах савны салст- идээд үрэвсэл болох бага зэрэг халуурах сувайрахаас гадна үе мөчний үрэвсэл болж доголох бух хуц ухнын төмсөг нь үрэвсэж томрох адуунд мундаа нь үрэвсэх цаа буганд үе мөч нь үрэвсэх шинж тэмдгүүд үзэгдэж болно.
Бруцеллёзыг халдварлалтын байдал шинж тэмдэг бактериологийн шинжилгээг харгалзан оношилдог боловч ийлдэс судлалын /НУ, ХХУ,эозинт урвал, сүүний цагирган урвал/ болон аллергийн шинжилгээг өргөн хэрэглэж бруцеллёзтой мал амьтныг илрүүлнэ.
2. Ямаар / үүсгэгч нь Pseudomonas mallei / адуу илжиг eon болон муурын овгийн махчин амьтад/ арслан бар ирвэс муур зэрэг, тэмээ/ хүртэл өвчилнө.
Ям нь хурц болон архаг явцтай өвчин бөгөөд эмгэгийн байршлыг харгалзан хамрын ба арьсны ям гэж ангилах боловч мөн далд хэлбэр гэж байдаг. Бэлчээрийн монгол адуунд архаг далд хэлбэр голлодог . Хамрын салст бүрхүүл болон арьсан дээр нь ямын яршилт үүсэх од хэлбэртэй сорви тогтох уушигны үрэвсэл болж ханиалгах эрүүний доод булчирхай томрон хатуурах зэрэг шинжүүд илэрнэ. Адууны ямыг гол төлөв шинж тэмдгийн үзлэг хийх нүдний болон арьсны ямлуурдалт хийж оношилдог ба ямлуураар эерэг урвал үзүүлсэн адууны цусанд ХХУ тавьж ямын идэвхтэй үеийг тогтооно.
3. Сүрьеэгээр /үүсгэгч нь Mycobacter-ийн төрөлд хамаарах M.Tuberculosis хүнийх, M.bovis -үхрийнх, M.avium – шувууных гэдэг зүйлийн бактери /олон төрлийн мал, амьтан , зэрлэг амьтад, үслэг ан шувуу өвчилнө. Гэхдээ үхэр гахай тахиа нилээд өвчлөмтгий ба адуу, хонь, ямаа, нохой, муур өвчлөх нь ховор тохиолдоно.
Өвчин үүсгэгч нь өвчтэй малын сүү, хамрын гоождос үхрийн шингэн , баас зэргээр гадагшлан гадны орчныг бохирдуулж хоол тэжээлийн замаар халдаж болно.
Сүрьеэ нь ихэвчлэн архаг, далд хэлбэрээр тусдаг, онцын шинж тэмдэг тэр бүр илэрдэггүй өвчин. Эмгэгийн байршлаас болж уушигны гэдэсний, дэлэн хөхний ба бэлгийн эрхтний, шар уст бүрхүүлийн /сувд маягийн сүрьеэ /,түгмэл сүрьеэ гэх мэтээр ялгаварладаг ба мөн нээлттэй /идэвхтэй/,хаалттай/ далд/ сүрьеэ гэж ялгаварлах явдал бий.
Үнээнд уушигны хэлбэр голлон үе үе ханиалгах, сүү нь татрах, эцэж турах гэдэсний хэлбэрийн үед чацга алдаж амархан турах бухны төмсөг үрэвсэж томрох, шувуунд эцэж турах /цээжний булчин хатингартах өндөглөх нь багасах зэрэг шинжүүд илэрнэ.
Оношийг өвчний халдварлалтын байдал шинж тэмдэг үхэр шувуунд сүрьеэлүүрээр аллергийн шинжилгээ хийж тогтоодог ба задлан шинжилгээгээр оношийг бататгана.
II. Тэмцэх арга хэмжээ
Мал амьтны бруцеллёз, ям сүрьеэ нь мал сүргийн нөхөн үйлдвэрлэлт сөргөөр нөлөөлж тоо, толгой өсөхөд ихээхэн саад болдог.
Малын үржлийн чадварыг доройтуулахын зэрэгцээ хүн амын эрүүл мэндэд байнга аюул учруулж байдаг учраас өвчнүүдийн гаралттай тэмцэх арга хэмжээг улс даяар хэрэгжүүлж мал сүргээ эрүүлжүүлэх арга хэмжээг авах нь мал хүн эмнэлгийн байгууллага эмч нарын үүрэг төр засгийн анхааралд байх чухал асуудал юм. Иймээс:
А.Мал эмнэлгийн байгууллагууд нь:
1. Улсын мал эмнэлгийн албанаас мал амьтныг бруцеллёз сүрьеэ ям өвчнүүдээс эрүүлжүүлэх ба тэмцэх арга хэмжээнээс хувилбаруудыг боловсруулан гаргаж мөрдүүлнэ.
2. Аймгийн мал эмнэлгийн газар лаборатори нь уг өвчнүүдтэй тэмцэх арга хэмжээг улс даяар хэрэгжүүлж эхэлсэн 1966-1989 он хүртэлх шинжилгээний журнал, халдварлалтын судалгаа 19-р омгийн ба РЕВ-I вакцин таригдаж байсан малын судалгаанд тулгуурлаж ажиллана.
3. Сумын малын эмч нь /1990 оноос хойш / мал хувьчлагдсанаас хойш хийгдсэн түүвэр шинжилгээ болон 19-р омгийн ба РЕВ-I вакцин таригдсан малын бүртгэл судалгааг айл өрх, малын эзнээр гаргасан байх:
4. Хүн амын бруцеллёз өвчний байдалтай холбогдуулан мал амьтны бруцеллёзын халдварлалтын байдалд хяналт тавих зорилгоор жил бүр урьдчилан сэргийлэх шинжилгээг төлөвлөн хэрэгжүүлж байх.
5. Эдгээр өвчнүүдтэй тэмцэх ба эрүүлжүүлэх талаар малчид, малын эзэд, мал бүхий байгууллагатай гэрээ, хэлэлцээр хийх хувилбарууд болон төсөлтэй байна.
6. Бруцеллёзын урьдчилан сэргийлэх шинжилгээг эрүүлжсэн суурь, сүрэгт жилд нэг удаа эозинт ба НУ-аар, адууны ям, үхрийн сүрьеэгийн аллергийн шинжилгээг эрүүлжсэн суурьт 2 жилд нэг удаа, өвчин илэрч байсан суурьт жилд 1 удаа, гахай, шувууны сүрьеэгийн шинжилгээг жилд нэг удаа хийж байх:
Б. Малчид, малын эздээс хүлээх үүрэг.
Монгол улсын үндсэн хууль, эрүүлийг хамгаалах хууль, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хуулийн дагуу мал, сүргээ эдгээр өвчнүүдээс эрүүлжүүлэх, эрүүл мал өсгөн үржүүлэх үүрэг хүлээнэ. Үүнд:
• а. Мал эмнэлгийн төлөвлөгөөнд урьдчилан сэргийлэх шинжилгээнд мал, амьтнаа цаг тухайд нь бүрэн оруулж, халдварлалтыг тогтоолгох, эрүүлжилтийн байдалд хяналт тавиулж байх:
• б. Мал эмнэлгийн байгууллагаас гаргасан уг өвчнүүдтэй тэмцэх хувилбарын дагуу, шинжилгээний үр дүнг үндэслэн мал эмнэлгийн байгууллагын тогтоож өгсөн зааварчилгыг ширхэгчлэн биелүүлж байх:
• в. Эдгээр өвчнүүдийн ид шинж тэмдэгтэй /хүн, малд халдвар тараах аюултай үедээ/ мал, амьтнаа болон шинжилгээгээр өвчтэй гарсан хээлтүүлэгч малаа устгах, нядлах, эмчлэх арга хэмжээг эмчийн хяналтын доор гүйцэтгэж байх.
• г. Өвчний улмаас хээл хаясан тохиолдолд зулбадсыг заавал мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэж шинжлүүлж байх:
• д. Төллөлтийн үед тусламж үзүүлэх, хээл хаясан тохиолдолд зулбадас, эхсийг нь авч устгах, ил ямтай адуу, сүрьеэтэй үхэр гахай, шувуутай ажилласан үед хувийн урьдчилан сэргийлэлтийг сахих, бохирлогдсон хувцас хэрэглэл, хөрс, өтөг бууц, хашаа, хороог халдваргүйжүүлж байх:
• е. Эдэлгээний ба үржлийн, бордооны зориулалтаар мал, гахай болон өндөглөгч шувууг авахдаа мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэж, бруцеллёз, сүрьеэгийн, адуунд ямын шинжилгээг заавал хийлгэж байх:
• ж. Зах зээлийн газар сүүг нь нийлүүлж, борлуулдаг үнээ, гүүндээ бруцеллёз, сүрьеэ, ямын шинжилгээг заавал хийлгэсэн байх:
• з. Уг өвчнүүдээр тайван бус мал, амьтны суурь бүхий сүргийн эзэд, мал аж ахуйн нэгж, байгууллагууд нь тухайн өвчнөөс малаа эрүүлжүүлэх зорилгоор мал эмнэлгийн байгууллагуудтай гэрээ, хэлэлцээр хийж хэрэгжүүлнэ.
В. Малын эмчийн хүлээх үүрэг:
а/ Харъяалсан айл өрх, мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын мал, амьтанд хийсэн эдгээр өвчнүүдийн шинжилгээний журналтай байж, халдварлалтын судалгааг жил бүр гарган, тайлагнаж байх:
б/ Үзлэг шинжилгээгээр өвчтэй гарсан малын бүртгэлийг айл өрх, эзнээр хөтөлж устгах, нядлах, мах, сүү, арьс шир, үс ноосыг нь ашиглах, үржлийн ажил явуулах, худалдах зэрэгт нь малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хуулийн дагуу хяналт тавьж, илэрсэн зөрчлийг нь арилгах арга хэмжээ авч байх:
в/ Зах зээлийн газар нь сүүг нь нийлүүлж борлуулдаг малд ям, сүрьеэгийн аллергийн ба бруцеллёзын ийлдэс судлалын шинжилгээг хийж байх:
г/ Уг өвчнүүдтэй тэмцэх зорилгоор малдаа үзлэг, шинжилгээ, тарилга хийлгэх болон эрүүлжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх малчдын саналыг мал эмнэлгийн байгууллагадаа мэдэгдэн шийдвэрлүүлж байх:
д/ Гэрээнд тусгагдсан арга хэмжээг цаг тухайд нь чанартай хэрэгжүүлэх ажлыг удирдан биечлэн оролцож, хяналт тавьж байх:
е/ Уг өвчнүүдийн судалгаа, шинжилгээ хийх, тэмцэх, эрүүлжүүлэх арга хэмжээний талаар курс, семинарт суралцаж, зохих мэдлэг чадвар, туршлагатай болсон байх:
ё/ Сүрьеэгийн үед саалийн сав суулгыг дезмолын 1 хувийн халуун уусмал, хашаа хороо бууцыг хлорын шохойн 5-10-20 хувийн цийдмэг, Метофосын 2 хувийн уусмал формалын уусмал зэргийг адууны ям, малын бруцеллёзын үед хашаа хороо, тоног хэрэгсэл зэргийг формалын 3 хувийн уусмал, идэмхий натрийн 3 хувийн халуун уусмал, 3 хувийн идэвхтэй хлор агуулсан түүхий шохойн цийдэм зэргийг халдваргүйжүүлэлтэд өргөн хэрэглэнэ.
СААЛИЙН ӨНДӨР АШИГ ШИМ ҮХРИЙН ХАЛДВАРТ ӨВЧНҮҮДТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР
I. Ерөнхий зүйл
А. Тодорхойлолт:
Суурин маллагааны нөхцөлд үржүүлдэг саалийн өндөр ашиг шимт үхэрт бруцеллёз, сүрьеэ, иж сүрьеэ, трихомоноз, вибриоз болон вирусын гаралтай лейкоз, диаррей, ринотрахейт, парагрипп-3 гэх мэтийн өвчнүүд голлон тусдаг.
Саалийн өндөр ашиг шимт үхрийн бруцеллёз, сүрьеэтэй тэмцэхдээ зооантропоноз өвчнүүдтэй тэмцэх зааврыг баримтлан хэрэгжинэ.
Мөн орон нутгийн мал, амьтны өвчний гаралтын байдлаас болж боом, дуут хавдар, цусан халдвар, иж балнад болон бусад халдварт өвчнүүдээс сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжиж байна.
1. Трихомоноз /үүсгэгч нь Trichomonas faetus/ нь үнээний бэлэг эрхтний үйл ажиллагааны хямрал, гэмтлээр илэрнэ. Өвчилсөн үнээ, гунжны бэлгийн уруул хавдаж, үтрээний салст бүрхүүлийн салсархаг үрэвсэл болж шар будааны хиртэй булдруу гарч, улмаар савны идээт үрэвсэл болон хүндэрч хээлийн 2-4 сартайд хээл хаяна. Бухны тээрхий болон чивний салст бүрхүүл үрэвсэж, бэлгийн идэвх суларна.
Оношийг өвчний гаралт, шинж тэмдэг болон микроскопын ба бактери судлалын шинжилгээг үндэслэн трихомонадыг өсгөвөрлөж үзсэнээр тогтооно.
2. Вибриозоор /үүсгэгч нь Campyle bacter featus/ үнээ, гунж сувайрах, хээл хаях, хаг саатах, амьдрах чадвар муутай тугал гаргаж, савны болон үтрээний салст бүрхүүл үрэвсэх шинж тэмдгээр өвчилнө. Бух өвчин үүсгэгчийг жилээр хүртэл тээгч болдог тул ердийн болон зохиомол хээлтүүлгийн үед үрээрээ халдвар тараана.
Зарим үнээ, гунж хээлтүүлэгт орж халдвар авснаас хойш 1-2 долоо хоногийн дараа халуурах, үтрээний салст бүрхүүл улайж, бэмбийх, жижиг булдруу гарч, цус хурах, салслаг идээтэй шингэн гоожих зэрэг шинж тэмдэг үзүүлж, 3-6 сарын дараа энэ шинж тэмдэг нь алга болно.
Оношийг тогтоохдоо өвчний гаралт, шинж тэмдэг болон лабораторийн шинжилгээг /зулбадас, хээлийн шингэн, үтрээний гоождос зэрэгт бактери судлалын шинжилгээ хийж өвчин үүсгэгчийг гаргах, мөн үтрээний салст шингэнд НУ тавих/ үндэслэнэ.
3. Иж сүрьеэ /үүсгэгч нь Mycobacterum paratubaroulosis/ ховор тохиолддог архаг улаан явцтай гэдэсний үрэвсэл, чацга алдалт, эцэж турах шинжээр илэрдэг өвчин.
Исгэлэн тэжээлээр голлон тэжээх, эрдсийн дутагдалд орох Ca,P-ын харьцаа алдагдах зэрэг нь иж сүрьеэ гарах нөхцөлийг бүрдүүлдэг ба ялангуяа өндөр ашиг шимт үүлдрийн үхрийг өөр газар оронд нутагшуулах үед тохиолддог. Голдуу нарийн гэдэсний төгсгөлийн хэсэг, хос гэдэсний салст бүрхүүлүүд үрэвсэн хөндлөн том нугалаанууд үүсэж, цагаан өнгийн хатуу өнгөрөөр хучигдсан байх ба сэмжний булчирхайнууд томордог.
Оношийг өвчний гаралт, шинж тэмдэг, эмгэг хувиралтыг харгалзан аллергийн шинжилгээ хийж тогтооно. Аллергийн шинжилгээнд шувууны сүрьеэлүүрийг ашиглана.
4. Лейкоз /үүсгэгч нь РНХ агуулсан Oncorna virus/ нь цус төлжүүлэх эрхтэн гэмтсэнээс захын цусанд хөгжиж гүйцээгүй цагаан эсүүд олшрох шинжээр илэрдэг, архаг явцтай халдварт өвчин. Өвчтэй үхрээс бэлгийн замаар, цусаар, сүүгээр дамжин халдахаас гадна мөн эхсээр дамжин халдаж болно. Бүх насны үхэр өвчлөх өвчлөх боловч голдуу 4-8 насны үхэрт шинж тэмдэг нь тод илэрнэ. Өвчний нууц үе 2-6 жил үргэлжилж дараа нь цусны цогцсуудын тооны ба чанарын өөрчлөлтүүд илэрч, хөгжиж гүйцээгүй янз бүрийн хэмжээтэй эсүүд цусанд үзэгдэн цагаан цогцсын тоо 2 дахин олширч, бие нь суларч амархан ядрах, сааль нь татрах, чацга алдах, гүзээ нь дүүрэх агшилт нь зогсох, салст бүрхүүлүүд шарлах, амьсгаадах, гэдэс, дэлэн, хүзүүний доогуур хавагнах, доголох, хээл хаях, булчирхайнууд нь их томорч, хатуу хөдөлгөөнгүй болох, элэг дэлүү нь томрох нүд нь бүлтийн арьс, яс болтлоо маш их турж, дархлааны систем алдагдах үхлээр төгсөнө.
Оношийг өвчний гаралт, шинж тэмдэг, цусны шинжилгээг үндэслэн тогтоодог боловч ийлдсэнд нэвчин тунадасжуулах ба ферменттэй холбосон эсрэг биеийн урвал тавьж батжуулна.
5. Вируст диаррей /үүсгэгч нь Bovine virus diarrhea /нь өвчтэй мал халуурах тэжээл боловсруулах эрхтний салст бүрхүүлийн шалбаралт яршилт болж цустай чацга алдаж нүд хавийн салст бүрхүүл үрэвсэх шинжээр илэрдэг хурц явцтай хавьталт халдварт өвчин 2 сартайгаас 2 нас хүртэлх өсвөр үхэр өвчлөх боловч голдуу 5-6 сартай тугал өвчилнө.Гэхдээ 1-4 хоногтой тугал бүдүүн үнээ ч өвчилж болно.
Халдварын эх булаг нь өвчтэй мал бөгөөд тэдгээрийн нус цэр баас шээс сүү үрийн шингэн зэргээр үүсгэгч гадагшилж гадны орчныг бохирдуулдаг тул агаар дуслын хавьтлын хоол тэжээлийн замаар болон эхсээр эхийн сүүгээр хүртэл дамжин эрүүл малд халдана. Хурц хэлбэрийн үед халуун нь 40-42 хүрч сул дорой болж хамрын салст бүрхүүл улайж хамраас нь шингэн гоожиж амны салст бүрхүүлд улаан толбонууд үзэгдэн шалбарах ярших шүлс гоожих цагаан эсийн тоо цөөрч муухай үнэртэй хийтэй цус салсны хольцтой шингэн чацга алдана. Үс нь бүрзийж арьс нь үрчлээтэж заримдаа ханиалгаж нулимс гоожих доголох туурайны салаа шалбарч яршин 4 долоо хоног орчим чацга алдсаар үхнэ. Хээлтэй гунжнууд хээл хаях явдал үзэгдэнэ.
Оношийг өвчний гаралтын байдал шинж тэмдэг эмгэг хувиралтад үндэслэн вирусологи сериологийн шинжилгээ /ХХУ/хийж тогтооно.
6. Ринотрахеит /үүсгэгч нь Bovin herpes virus / нь халуурах амьсгалын дээд замын салст бүрхүүлийн салслаг болон үхжилт үрэвсэл бэлгийн эрхтний гэмтэл нүдний салст бүрхүүлийн үрэвсэл төв мэдрэлийн системийн гэмтэл хээл хаях шинжээр илэрдэг хурц халдварт өвчин.
Халдварын эх булаг нь өвчтэй ба эдгэрсэн вирус тээгч мал бөгөөд жилийн турш нус нулимс сүү шээс баас үрийн шингэнээрээ үүгэгчийг гадагшлуулж гадны орчныг бохирдуулдаг тул агаар дуслын болон бэлгийн замаар халдвар авна.Ямар замаар халдсанаас болж амьсгалын буюу бэлгийн замын шинжээр өвчилнө.Амьсгалын замын хэлбэрийн үед хамраас шингэн гоожин тэр нь идээтэй цусархаг болох хамар амны салст бүрхүүл хавдаж толио салст бүрхүүл дээр нь өнгөрөөр бүрхэгдсэн яр гарах нүд үе мөч нь үрэвсэж доголох чацга алдах зарим тугал доороо эргэлдэх мах булчин нь чичрэх явахдаа гуйвах шинж тэмдэг үзүүлнэ.
Бэлгийн замын хэлбэрийн үед үнээний үтрээ бухны чивний салст бүрхүүлд цэврүүнүүд гарч хагаран шалбархай яршилт болж халууран гунжин үнээ хээл хаях явдал үзэгдэнэ.
Оношийг өвчний гаралт, шинж тэмдэг, эмгэг хувиралтыг үндэслэн тогтоох ба гол нь тугал амьсгалын замын өвчнөөр өвчилж, үнээний үтрээнд цэврүү, яршилтууд байвал ринотрахейт мөн гэж үзэж болно. Мөн вирусологи, сериологийн шинжилгээ хийж оношийг төгс болгоно.
7. Парагрипп-3 сар /өвчин үүсгэгч нь РНХ агуулсан Para-nfluenza bevis/ ихэвчлэн тугал өвчилж халуурах, амьсгалын дээд замын эрхтнүүд үрэвсэх, хүндэрсэн үед уушигны үрэвсэл болдог хурц хавьтал өвчин.
Оношийг өвчний гаралт, шинж тэмдэг, эмгэг хувиралтыг үндэслэн заавал лабораторийн шинжилгээгээр тогтооно.
II. Тэмцэх арга хэмжээ
Саалийн өндөр ашиг шимт үхэрт тухайн нутагт гардаг боом, дуут хавдар, цусан халдвар, иж балнад зэрэг халдварт өвчнүүд гарч болох боловч дээр дурдсан өвчнүүд голчлон тохиолддог онцлогтой тул:
А. Мал эмнэлгийн газар:
1. Саалийн ферм, аж ахуй, суурьт мөрдөх мал эмнэлэг-ариун цэврийн дүрмүүдийг мөрдүүлж, биелэлтэд нь хяналт тавьж байх:
Б. Ферм, аж ахуйн эрхлэгчид, малчид, малын эздээс хүлээх үүрэг:
Саалийн ферм, суурийн мал эмнэлэг-ариун цэврийн дүрмийг хатуу баримтлан саалийн өндөр ашиг шимт үхрийг хорио цээр, хязгаарлалтын байдалд байлгаж, арчлах, маллах, тэжээх технологийг нь мөрдөн эрүүл сүрэг бий болгох сайн чанарын бүтээгдэхүүн авч ашиглах:
Гаднаас үхэр авах, гаргахдаа малын эмчийн хяналтын дор зохих шинжилгээг хийлгэсний үндсэнд гүйцэтгэдэг байх ба зохиомол болон гардан хээлтүүлэг хийхдээ эрүүл, бух, үрийг ашиглаж байх:
Урьдчилан сэргийлэх шинжилгээ /бруцеллёз, сүрьеэ, иж сүрьеэ, иж балнад, лейкозын/ болон халдварт өвчнүүдээс сэргийлэх төлөвлөгөөт тарилгад малаа бүрэн хамруулж байх:
Бруцеллёз, сүрьеэ, лейкозоос эрүүлжүүлэх гэрээг мал эмнэлгийн байгууллагатайгаа хийж, хэрэгжүүлж байх:
Трихомоноз, виброз, диаррей, ринотрахейтын шинжилгээг хийлгэж, сүргийн эрүүл байдал, тугалын хорогдлын шалтгааныг илрүүлж, холбогдох арга хэмжээг авахуулж байх:
Малын байр, хашаа, хороо, өтөг бууцыг нь байнга цэвэрлэж, сэг зэм, зулбадас, хаг зэргийг цаг тухайд нь устгаж, халдваргүйжүүлэлт хийж байх:
В. Эмчийн хүлээх үүрэг:
Саалийн өндөр ашиг шимт үхрийн арчилгаа, маллагаа, тэжээллэг үржүүлгийн технологийн биелэлтэд хяналт тавьж, зааварчилж байх:
Бруцеллёз, сүрьеэ, иж сүрьеэ, иж балнад, лейкозын урьдчилан сэргийлэх шинжилгээнд болон халдварт өвчнөөс сэргийлэх төлөвлөгөөт тарилгад бүх үхрийг хамруулж байх:
Бруцеллёз, сүрьеэ, лейкозоос эрүүлжүүлэх гэрээг малчидтай хийж хэрэгжүүлэх:
Лейкозын шинжилгээг 6 сартай охин тугалаас эхлэн бүх үнээнд нв НТ урвалаар хийлгэж, өвчтэй гарсан үхэрт жил бүр цусны шинжилгээ хийлгэх ил өвчтэйг устгуулах, цусандаа өөрчлөлтийг даруй нядлуулж байх:
Бруцеллёз, сүрьеэ, иж сүрьеэгийн шинжилгээгээр өвчтэй гарсан үхрүүдийг нь нядлуулж байх:
Иж балнад, трихомоноз, вибриоз, диаррей, ринотрахейтын шинжилгээг хийлгэж, сүргийн эрүүл байдалд хяналт тавьж байхын зэрэгцээ өвчтэй үнээ, тугалыг эмчлэх, төлийг хорогдлоос сэргийлэх зорилгоор сүү-исгэлэнгийн бэлдмэл, коли, иж балнадын бактериофаги хэрэглүүлэх, өвчилж өнгөрсөн үхрийн ийлдэс тарих ажлыг зохион байгуулж байх:
Диаррей, ринотрахейт, парагрипп-3 өвчин илэрсэн үед тус тусын өвчний вакциныг үнээнд тугаллахаас нь 1.5-2 сарын өмнө болон тугалд нь урьдчилан сэргийлэх зорилгоор тарьж байх:
Малын байр, хашаа, хороог тогтмол цэвэрлүүлж, халдваргүйжүүлэлт хийлгэж байхын зэрэгцээ малын сэг зэм, зулбадас хаг зэргийг нь цаг тухайд нь устгуулж байх:
Саалийн өндөр ашиг шимт үхрийн сүүний ферм, аж ахуйн нэгжүүд эрүүл ахуй-ариун цэврийн дүрмийн шаардлагын дагуу, хорио цээр, хязгаарлалтын дэг журмыг аль хэр сахиж байгаад хяналт тавьж илэрсэн зөрчлүүдийг нь арилгах арга хэмжээ авч байна.
АДУУНЫ ХАЛДВАРТ ЦУС БАГАСАХ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР
I. Ерөнхий зүйл
А. Тодорхойлолт:
Адууны халдварт цус багасах өвчин нь цус төлжүүлэх эрхтний гэмтлээр илрэх бөгөөд өвчилсөн адуу үе үе буюу тогтмол халуурах, цусны улаан эс цөөрөх, халуурах үедээ цус харвалт болох, зүрх-судасны системийн үйл ажиллагаа огцом муудах шинж тэмдэг үзүүлдэг вирусын гоц халдварт өвчин.
Нутгийн адуу цочмог, цочмогдуу болон архаг далд хэлбэрээр өвчлөхөөс гадна илжиг, луус мөн өвчилнө.
Б. Өвчний гаралт, шинж тэмдэг, оношлолт:
1. АХЦБ өвчин нь /үүсгэгч нь Lenti virus–ийн төрлийн вирус/ цус сорогч шавьжуудаар /хөх түрүү, шумуул зэргээр/ дамжин халдварлах төдийгүй цусны зүү, мэс заслын багаж хэрэгсэл зэргээр болон хээлтүүлгээр өвчтэйгөөс эрүүлд халдана. Иймээс АХЦБ өвчин нь голдуу гол мөрний сав газруудаар ялаа, шумуул ихтэй нутгуудад гардаг өвчин юм.
Хурц хурцавтар хэлбэрээр туссан үед халуун нь гэнэт ихсэж 40-42 хэм хүрэх ба салст бүрхүүлүүд нь эхлээд ягаарч цаашдаа цагаарч цэг маягийн цус харвалтуудтай болох, ялангуяа налхи, хэлний хажуу талаар цус харвалт гарах нь нилээд онцгой шинж юм. Хамраас нь цус гоожих, хөдөлсний дараа амьсгаа нь давхцах, зүрхний цохилт эрс түргэсэх, хэвлий нь хавагнах, амархан турж, сул дорой байдалд орж хэвтэх, хэвтсэн тал нь цоорч 10-30 хоногтоо буюу 2-3 сарын үхнэ. Архаг далд хэлбэрийн үед хааяа биеийн халуун нь ихсэж, хөлрөх төдийгөөр илэрнэ. Ийм адуу жилийн турш вирус тээгч байж дараагийн жилдээ гадны нөлөөгөөр өвчин нь хурцдаж, турж, үхлээр төгсөнө. Нийт өвчилсөн адууны 70 гаруй хувь нь архаг далд хэлбэрээр өвчилдөг.
Оношийг өвчний гаралтын онцлог, шинж тэмдэг, цусны шинжилгээ, эмгэг хувиралт зэргийг харгалзан нэвчин тунадасжуулах урвал тавьж тогтооно.
II. Тэмцэх арга хэмжээ
1. АХЦБ өвчнөөр өвчлөхгүй адуу гэж байхгүй ба нэгэнт өвчилсөн адуунд эмчилгээ байхгүй үхэж хорогддог тул өвчтэйг цаг тухайд нь илрүүлж устгаж чадахгүй бол хэдхэн жилийн дараа адуугүй болохоос гадна энэ өвчнөөр тойрон бу.................................................................................................................................../?/
Иймээс АХЦБ өвчнийг гоц халдварт өвчний тоонд оруулдаг юм. Өвчлөлт 7-8 саруудад эрс ихэсдэг нь өвчний нууц үетэй болон ялаа, шумуулаар дамждагтай холбоотой юм. Үүнээс хойш далд хэлбэрээр өвчилж буй адуунууд үлдэж эдэлгээ, маллагааны байдлаас болж хурц, хурцавтар хэлбэрт шилжин, ганц нэгээр үхсээр хавар болж ялаа, шумуул гарахад өвчин тараах гол уурхай болж хувирна. Иймд уг өвчинтэй тэмцэх арга хэмжээг гоц халдварт өвчинтэй тэмцэх зарчмыг баримтлан хэрэгжүүлнэ.
2. Мал эмнэлгийн газар нь адууны ХЦБ өвчинтэй тэмцэх мэргэжилтний байнгын хэсэгтэй байхын зэрэгцээ уг өвчинтэй тэмцэх мал эмнэлгийн шинжилгээний хэсгийг хавар намрын цагт зохион байгуулж гаргаж ажиллуулна.
Ч Адууны ХЦБ өвчний гаралтын байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүнг улсын онцгой комисст жил бүр танилцуулан засгийн газрын шийдвэр гаргуулж байх:
Ч АХЦБ өвчнөөс сэргийлэх шинжилгээг жил бүр төлөвлөн шаардагдах бэлдмэл, хүн хүч, зардлын тооцоог гаргаж байх:
Ч Уг өвчний гаралтын талаар 1957-1987 он хүртэлх судалгаа, зураглал болон жил бүрийн шинжилгээний тайлангуудыг барьж ажиллах:
3. Мал эмнэлгийн байгууллагууд:
Ч Аймаг, сумын засаг даргын шийдвэр гаргуулан урьдчилан сэргийлэх шинжилгээг төлөвлөгөөний дагуу хийж байх:
Ч АХЦБ өвчнөөр тайван бус суурь, сүрэг аж ахуйн бүртгэлийг хөтөлж хорио цээрийн дэг журамд оруулах:
Ч Хавар, намрын шинжилгээгээр тайван бус гарсан суурийн адуунд өвөл, зуны цагуудад эмнэлзүйн үзлэг, шинжилгээ явуулж байх:
Ч АХЦБ өвчний шинжилгээ, үзлэг болон ажлын явц, үр дүнгийн талаар аймаг, сумын засаг даргын газар болон мал эмнэлгийн газарт улирал бүр мэдээлж байх:
4. Адуу бүхий иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээх үүрэг:
Ч АХЦБ өвчинтэй тэмцэх талаар гарсан тогтоол, шийдвэр, заавар, зөвлөмжийг ширхэгчлэн биелүүлж байх:
Ч АХЦБ өвчинтэй тэмцэх талаар зохиогдож буй төлөвлөгөөт шинжилгээнд адуугаа бүрэн хамруулж байх:
Ч Ил өвчтэй ба урвал үзүүлсэн адууг устгах, нядлах ажлыг эмчийн хяналтын дор гүйцэтгэж байх:
Ч АХЦБ өвчинтэй холбогдон тогтоогдсон хорио цээрийн дэг журмыг хатуу мөрдөх:
Ч Тайван бус адуун сүргээс эдэлгээний болон үржлийн чиглэлээр адуу гадагш гаргах, худалдах, бэлэглэхийг цээрлэх, шаардлага гарсан тохиолдолд вакцинжуулалт халдваргүйжүүлэлт хийлгэж байх:/?/
5. Эмчийн хүлээх үүрэг:
Ч АХЦБ өвчний шинжилгээнд биечлэн оролцож, өвчтэй адуу илэрсэн адууны суурь, сүргийг бүртгэлдээ авч, хорионы дэг журамд оруулна.
Ч Өвчтэйг устгуулах, өвчний урвал үзүүлснийг нядлуулах арга хэмжээ авч байх:
Ч Эдэлгээний болон үржлийн чиглэлээр худалдан авч буй ба гадагш худалдаж буй адуунд АХЦБ өвчний шинжилгээг заавал хийдэг журамд шилжих:
Ч АХЦБ өвчний талаар тайван бус адуутай малчдад ухуулга, таниулга хийж, гарын үсэг зуруулсан байх:
Ч АХЦБ өвчинтэй тэмцэх талаар гарсан тогтоол, шийдвэр, заавар, зөвлөмжийг зөрчигчдөд малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, илэрсэн зөрчлийг арилгаж байх:
МАЛЫН ИЖ БАЛНАДТАЙ /САЛЬМОНЕЛЛЕЗ/ ТЭМЦЭХ ЗААВАР
I. Ерөнхий зүйл
А. Тодорхойлолт:
Иж балнад нь төл малын /ботго, унага, тугал, хурга/ үжил, хордлого, ходоод гэдэс, амьсгалын эрхтний гэмтэл болон хээлтэй хонь, гүү зарим үед үнээ хээл хаях шинжээр илэрдэг бүлэг халдварт өвчин. Хүн хоолны хордлого хэлбэрээр өвчилнө. Үүсгэгч нь Entere bactericae –ийн язгуурын Сальмонеллийн төрлийн олон хэвшлийн бактериуд юм. Эдгээр нь анхдагч халдварыг үүсгэхээс гадна хоёрдогч халдвар болж төлийн уушигны үрэвслийг үүсгэнэ.
Б. Өвчний гаралт, шинж тэмдэг, оношлолт:
1. Тугалын иж балнадаар /үүсгэгч нь Salimonella Dublin, S.enteritidis, S.typhi murium/ 3 сар хүртэлх насны тугал олноор өвчилнө. Нэг сар хүртэлх насны тугал хурц хэлбэрээр өвчилж сул дорой байдалтай болж, голдуу хэвтэх, +41 хэм хүрч халуурах, судасны лугшилт минутад 110-140 хүрч, түргэсэн, толгой хүзүү, их биеийн арьсыг барьж үзэхэд халуун, чих, хөлний арьс нь хүйтэн байдаг ба нүднээс нь нулимс, хамраас нь салст шингэн гоожих, баас нь шингэрч шар бор өнгөтэй, хий ихтэй, цустай муухай үнэртэй болж 4-8 хоногтоо үхнэ.
Архаг хэлбэрийн үед уушигны үрэвсэл болсноос салслаг идээтэй шингэн хамраас нь гоожих, ханиалгах, амьсгаадах, заримдаа үе мөч нь хавдах, доголох шинж үзүүлж, эцэж турсаар үхнэ.
Оношийг өвчний гаралтын онцлог, шинж тэмдэг, эмгэг хувиралтыг харгалзан лабораторийн шинжилгээгээр тогтоодог ба өвчний эхний үед цус, баасыг шинжилнэ. Архаг үед буюу бактери тээгч болохыг тодорхойлохын тулд цусны ийлдсэнд НУ тавина.
2. Хонины иж балнад /үүсгэгч нь S.abortus-ovis заримдаа S.typhimurium/ хээлийн хоёрдугаар хагаст хээл хаях, заримдаа үхсэн төл гаргах, төллөсний үжил болж үхэх, нялх хурганд ходоод гэдэсний үрэвсэл, үе мөчний хэлбэрээр илэрнэ. 2-3 хоногтой хурга өвчлөх боловч голдуу 10-15 хоногтой хурга өвчилнө. Эхлээд +40-41 хэм хүртэл халуурч, заримдаа цустай чацга алдах, эхээ хөхөхөө больж амархан тамирдаж, доройтож, эцэж турах зэргээр 2-3 дахь өдөртөө үхдэг. Зарим нь архаг хэлбэрт шилжин өсөлт хөгжилтөөрөө хоцорч, хэнз давжаа төл болно.
Оношийг өвчний гаралт, шинж тэмдэг, эмгэг хувиралт зэргийг харгалзан бактериологи, ийлдэс судлалын аргуудаар тогтооно.
3. Иж балнадаар өвчилсөн /гүүний иж балнадын хээл хаялт/ үүсгэгч нь /S.abertus equil S.typhimurium/ гүү 4-8 сарын хээлийн үедээ бага зэрэг халууран хээл хаях, үхсэн төл гаргах, сав ба үе мөчний үрэвслийн шинж тэмдэг үзүүлнэ. Унага ихэвчлэн эхсээрээ дамжин халдвар авч гардаг тул нялх үедээ цочмог хэлбэрээр өвчлөх явдал иж балнадаар хээл хаядаг адуун сүрэгт үзэгддэг ба амьдрах чадваргүй гарч, өдөртөө үхэх явдал ч тохиолдоно. Өвчтэй гарсан унага босож, эхээ хөхөж чадахгүй, чацга алдсан, үе мөч, уушиг нь үрэвссэн байна. Мөн нэг долоо хоногоос 3 сар хүртэлх бойжилттой унага нилээд өвчилнө. Дээрх шинж тэмдэг 10-14 хоног үргэлжлэн үе мөч нь хавагнаж, чацга алдах шинж тэмдэг үзүүлэн эдгэрдэг боловч өсөлт хөгжилтөөрөө хоцорно.
Оношийг өвчний гаралт, шинж тэмдэг, эмгэг хувиралт зэргийг харгалзан бактериологи, сериологийн аргуудаар тогтооно.
4. Тэмээний иж балнад /үүсгэгч нь Slab.typhimurium / нь 20 хоногоос 1 сар хүртэлх насны ботгонд голчлон тохиолдож чацга алдах, үе мөч нь хавдахгүй ч гэсэн босож чадахгүй болох, заримдаа мэдрэлийн шинж тэмдэг илрэн дэмий тэнэх байдлаар илэрдэг ба оношлох арга нь бусад малын иж балнадынхтай адилхан.
II. Тэмцэх арга хэмжээ
Мал, амьтанд халдварын далд хэлбэр буюу сальмонелл тээх үзэгдэл түгээмэл байдаг ба хүний хоолны хордлогын эх булаг сальмонеллаар бохирдсон хоол унд болно. Иймд сальмонеллтах өвчинтэй /иж балнадтай/ тэмцэх нь хүн, мал эмнэлгийн чухал асуудал болон тавигддаг.
Мал эмнэлгийн газар 1978-82 оны иж балнадын шинжилгээний дүн, хонь үхрийн иж балнадын тархалтын зураглалтай байх, мөн адуу, тэмээ болон бусад малын жил бүрийн иж балнадын шинжилгээ, онош тогтоосон мэдээг нэгтгэн дүгнэж, байх:
Иж балнад өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжилгээ, тарилгыг жил бүр төлөвлөж байх:
2. Мал эмнэлгийн байгууллага:
Ч Аймаг, сумын иж балнад өвчний тархалтын судалгааг гарган, шинжилгээ, тарилгын төлөвлөгөөг зохиож хэрэгжүүлэх арга хэмжээ авч байх:
Ч Хүнсний захад ирж буй мах, сүү болон махан бүтээгдэхүүн /нөөш, хиам/ өндгөнд сальмонеллийн шинжилгээ хийлгэж байх:
Ч Сальмонеллоор бохирлогдсон бүтээгдэхүүн, мах, сүүг устгуулж байх:
Ч Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтад хяналт тавьж, илэрсэн дутагдлыг арилгуулах:
Ч Мах, сүү, нийлүүлж, буй газруудын / айл, өрхийн/ малд үзлэг, шинжилгээ хийлгэж байх:
3. Малчид, мал бүхий иргэдээс хүлээх үүрэг:
• Эх мал, хээлийн 2-р хагас болон төлөлтийн үед хээл хаях, сул дорой, үхсэн төл гарах, төл чацга алдах, халуурах, үе мөч өвдөж доголох уушиг нь үрэвсэх зэрэг шинж илэрвэл малын эмчид мэдэгдэж байх:
• Зулбадас, хаг, үхсэн төлийн хүүр, сэг зэмийг цаг тухайд нь устгаж байх:
• Малдаа иж балнадын ийлдэс судлалын шинжилгээ хийлгэж, халдварлалтын байдлыг тогтоолгох, сэргийлэх төлөвлөгөөт шинжилгээнд малаа бүрэн хамруулж байх:
• Шинжилгээ, тарилга хийлгэхэд өвчлөмтгий малаа бүрэн хамруулах:
• Хүн хүчний болон бэхэлгээний зүйлээр хангах:
• Тайван бус сүрэгтэй бол төллөх малдаа төллөхөөс нь өмнө сэргийлэх тарилга хийлгэж байх:
• Сүүг нь борлуулдаг гүү, үнээ, ингэ, хонь ямаандаа сальмонеллийн ийлдэс судлалын шинжилгээг заавал хийлгэсэн байх:
4. Эмчийн хүлээх үүрэг:
• Урьдчилан сэргийлэх шинжилгээг жил бүр төлөвлөгөөний дагуу хийх:
• Тайван бус сууриудын судалгаа, бүртгэл гаргаж тарилга хийх, өвчтэй төлийг эмчлэх, зааварчлах
• Хүүр сэг зэм, хаг, зулбадсыг устгуулах халдваргүйжүүлэлт хийж байх:
• Уг өвчин илэрсэн суурийн төллөх малд төллөхөөс1,5 сарын өмнө вакцин тарилга хийх:
• Хээл хаялт, төлийн өвчлөлтийн үед сальмонеллийн шинжилгээг хийж онош тодруулж байх:
• Эрүүлжилтийн байдалд хяналт тавих зорилгоор серологийн шинжилгээ хийж байхын зэрэгцээ хонин сүргийг эрүүлжүүлэх зорилгоор нитрофураны бүлгийн эмүүдээр боловсруулалт хийх, төлд сүү исгэлэнгийн бэлдмэл, бактериофагийг өргөн хэрэглүүлэх:
• Сүү, саалийг нь борлуулдаг малд нь наалдуулах урвалын шинжилгээ хийж, борлуулах зөвшөөрөл олгож байх:
• Малын хашаа хороо, бууц, байрны мэрэгчидтэй тэмцэх ажлыг зохиож байх:
• Засаг даргын шийдвэр гаргуулан хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлэх, хяналт тавих, зөрчлийг арилгах арга хэмжээ авч байх:
• Мал, амьтны байр, тоног хэрэгсэл зэргийг 2 хувийн идэвхтэй хлор агуулсан шохойн цийдмэг, 2 хувийн формальдегид, 4 хувийн /халуун/ идэмхий натрийн уусмал, түүхий шохойн 20 хувийн цийдмэг зэргээр халдваргүйжүүлнэ.
МАЛ, АМЬТНЫ ГАЛЗУУТАЙ ТЭМЦЭХ ЗААВАР
I. Ерөнхий зүйл
А. Тодорхойлолт
Галзуу нь уг өвчнөөр өвчилсөн мал, амьтанд хазуулсан шархаар дамжин халддаг, мэдрэлийн системийн хэт цочрол болон бүх бие нь саажих шинжээр илэрч голдуу үхлээр төгсдөг хурц урсгалтай халдварт өвчин. Үүсгэгч нь Rabdoviridae язгуурын Lussavirus –ын төрөлд хамаарна.
Галзуугаар бүх төрлийн мал, амьтан, хүн хүртэл өвчилдөг ба амьтдын дотроос чоно, үнэг, хярс, муур, сарьсан багваахай, хулгана, зурам зэрэг нь нилээд өвчлөмтгий амьтад юм.
Б. Өвчний гаралт, шинж тэмдэг, оношлолт:
Хээрийн нөхцөлд галзууг зэрлэг , махчин амьтад /чоно, хярс, үнэг/, хот суурин газарт золбин нохой, муур, харх тараадаг. Галзуугийн гаралт намар махчин амьтдын төл томорч шинэ сүрэг бий болох, өвөл, хаврын цагт ороо нь орж олноороо бөөгнөрөх үед ихэснэ.
Галзуу амьтан хазсан шарх толгойноос хэр зэрэг хол байгаа буюу аль хэр гүнзгий хазсан зэргээс хамааран 3-8 долоо хоногийн дотор шинж тэмдэг нь илэрч мал, амьтан эхлээд цочимтгой, ууртай, хэрцгий догшин болж аажмаар номой болон саа тусах маягаар өвчлөн шинж тэмдэг илэрснээс хойш 6-8 дахь өдөртөө үхнэ. Гэхдээ хөнгөн шархалсан үед нууц үе нь сар, жилээр үргэлжилж болно.
Өвчний оношийг галзуугийн гаралт, шинж тэмдгийг харгалзан тогтоодог боловч заавал лабораторийн шинжилгээ хийж оношийг бататгадаг зарчимтай.
II. Тэмцэх арга хэмжээ
Галзуу нь хүний гоц аюултай халдварт өвчин тул түүнтэй тэмцэх арга хэмжээнд мал эмнэлгийн байгууллагаас гадна хүн эмнэлгийн байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд нэгэн зэрэг оролцдог зарчимтай. Галзууг үүсгэгч рабдовирус нь уурга, тархи, нугасанд үржиж шүлсээр гадагшилж байдаг боловч сүү, шээс% цусанд нь илэрдэггүй. Халдвар авсан нохойд галзуугийн эхний шинж тэмдэг илрэхээс 3-10 хоногийн өмнө шүлсэнд нь вирус орсон байдаг ба галзуурч үхсэн нохойны 54-90% нь шүлсэндээ вирус агуулсан байдаг. Иймд хүн хазсан нохой, муурыг 10 хоног уяанд байлгаж, ажиглалт хийхийн зэрэгцээ хазуулсан хүнд тарилга хийдэг зарчимтай.
А. Мал эмнэлгийн байгууллага, эмч мэргэжилтэн нар:
Мал амьтны галзуу гармагц:
• Хүн эмнэлгийн байгууллагад мэдэгдэж засаг даргын шийдвэрээр хүн хүчийг дайчлан галзуурсан нохой, чоно бусад амьтдыг яаралтай олуулж устгуулах арга хэмжээ авна.
• Лабораторийн шинжилгээнд галзуурсан амьтны толгой буюу уураг тархийг нь явуулж оношилгоог төгс болгоно.
• Галзуугийн халдвар орсон /галзуу нохой, чонод хазуулсан буюу галзуурсан мал, амьтан бүхий/ суурийн бүх малд толгой дараалан үзлэг хийж шархтай мал, амьтдыг ялгуулан 3 хоногийн дотор нядлуулах, галзуурсан ба галзуу чонотой ноцолдон нохойг нь устгуулна.
• Галзуурч үхсэн ба алсан мал амьтны хүүр сэгийг устгуулах, хашаа хороо, байр бууцыг нь халдваргүйжүүлнэ.
• Хүн хазуулж шарх авсан тохиолдолд хүн эмнэлэгт яаралтай мэдэгдэж эмнэлгийн тусламж үзүүлнэ.
• Халдвар аваагүй бүх малд нь галзуугаас сэргийлэх эсийн өсгөвөрт вакцин тарихаас гадна нохдыг байнгын уяанд оруулан сэргийлэх тарилгад харуулна.
• Галзуу мал, амьтанд хазуулж өвчлөөгүй байгаа малыг нядалж, арьс ширийг нь ашиглахыг зөвшөөрнө.
• Засаг даргын шийдвэр гаргуулан галзуугийн халдвар орсон суурьт хязгаарлалтын арга хэмжээг 3 сарын хугацаагаар тогтоож, мал, амьтан гадагш гаргахыг хориглоно.
• Хязгаарлалтын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж гарсан зөрчлийг арилгах арга хэмжээг малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хуулийн дагуу хэрэгжүүлнэ.
Галзуу гарахаас сэргийлэх зорилгоор:
• Хот, суурин газрын нохой, муурыг бүртгэл, гэрчилгээ, пайзтай болгож, галзуугаас урьдчилан сэргийлэх тарилгад тогтмол хамруулж байна.
• Хүн, мал, амьтан хазсан нохой, муурыг 10 хоног байнга уяж, хянах ба хазуулсан хүнд эмчилгээний иммунглобулин тариулна.
• Галзуу өвчин гардаг нутгуудын малчдын нохойг жил бүр сэргийлэх тарилгад хамруулж байна.
• Золбин нохой, муурыг устгуулах ажлыг зохиож байна.
В. Малчин, малын эзэд, нохой муур эзэмшигчдээс хүлээх үүрэг:
• Нохой, муураа мал эмнэлгийн бүртгэлд оруулж, гэрчилгээ пайзтай болгон тогтоосон хугацаанд нь сэргийлэх тарилгад хамруулж байх:
• Нохойг тогтмол уяатай байлгах:
• Галзуурсан мал, амьтан болон сэг, зэмийг нь эмчийн хяналтын дор устгаж байх:
• Галзуугийн халдвар орсон суурийнхаа малд толгой дараалан үзлэг хийлгэж, шархтай малаа /халдвар авсан/ эмчийн хяналтын дор хугацаанд нь нядалж, мах, арьс, үс ноосыг нь авах, эрүүл мал, нохойдоо галзуугаас сэргийлэх вакцин тариулах:
• Халдвар орсноос хойш 3 сарын хугацаанд мал, амьтныг гадагш нь гаргахгүй байх, бүх малдаа сэргийлэх тарилга хийлгэх:
• Малд үзлэг, тарилга хийх, өвчтэй мал, амьтан, сэг зэм устгах, мал, амьтан нядлах, халдваргүйжүүлэлт хийх үед шаардагдах хүн хүч, хашаа, хороо, бэхэлгээний зүйлээр хангаж байх:
• Галзуу амьтан байсан байрыг 10 хувийн идэмхий натрийн уусмал, 4 хувийн формальдегидын уусмалуудаар халдваргүйжүүлэх ба тэжээлийн үлдэгдэл, баас өтөг бууцыг нь шатааж, өвчтэй мал амьтны баасаар бохирлогдсон газарт хлорын шохой цацах буюу ариутгах бодисын уусмалаар шүршинэ.
ЛИСТЕРИОЗ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР
I. Ерөнхий зүйл
А. Тодорхойлолт:
Листериозоор мал, амьтан болон хүн өвчилдөг, малд төв мэдрэлийн системийн гэмтэл /менингоэнцифалит/, үржлийн /халуурах/ шинжээр болон бэлэг эрхтний гэмтэл /хээл хаях/, дэлэнгийн үрэвслээр илэрдэг халдварт өвчин. Өвчин үүсгэгч нь Listeria monocitogenes.
Листериозоор хонь, ямаа, үхэр, адуу, туулай болон тахиа, галуу, нугас өвчлөхөөс гадна үслэг ан амьтан, хулгана, зурам, зарим төрлийн загас хүртэл өвчилнө. Иймд листериоз нь мал, амьтнаас хүнд халддаг зооноз ба байгалийн голомтот өвчин юм. Листериозын үүсгэгчээр бохирлогдсон дарш, хүнсний ногоо, өвс, ургамал, ус нь хүн малын листериозын халдварын эх булаг болдог онцлогтой.
Б. Өвчний гаралт, шинж тэмдэг, оношлох:
Хонь, ямаанд мэдрэлийн хэлбэрээр тусахдаа номой байдалд орж, тэжээл идэхээ болих, нүд хамрын салст бүрхүүл үрэвсэх, халуун нь +40-41 хэм хүрч доороо эргэлдэх, явахдаа тэнцвэрээ алдах, нэг газар удаанаар зогсох, чичрэх, хүзүүгээ мурийлгах, юм харахаа болих, оцойж суух зэрэг шинжүүд илрэн 1-10 хоногтоо үхнэ.
Хурга, ишиг үжил хэлбэрээр өвчлөхдөө халуурах, чацга алдах шинж тэмдэг үзүүлэх ба хээлтэй хонь өвчилбөл хээл хаяж дэлэн нь үрэвсэнэ.
Үхэр мөн голдуу мэдрэлийн хэлбэрээр өвчилж номой байдалтай болох тэжээлдээ дургүй болох, явахдаа гуйвах, чичрэх, эрүүний болон зарим булчин нь саажих, догшрох, хараа нь муудах, нүдний салст бүрхүүл үрэвсэх, заримдаа халуурах, үнээ хээл хаях, хаг нь саатах, дэлэн нь үрэвсэх зэрэг шинжүүд илэрнэ.
Тугал голдуу үжлийн хэлбэрээр өвчилнө.
Гахай өвчилбөл турах, цус нь багадах, ханиалгах, явахдаа гуйвах, янз бүрийн эрхтэн, эдүүдэд нь буглаа, үүсэх, хээл хаях, үхсэн торой гаргах чичрэх, татганах, догшрох шинжээр өвчилдөг боловч голдуу үжил болж халуурах, чацга алдах, чих хэвлийн арьс нь хөхөрч 3-4 хоногтоо үхнэ.
Шувуу өвчилбөл тэжээлдээ дургүй болох, бие нь сульдаж хөдөлгөөнгүй болох, нүдний салст бүрхүүл нь үрэвсэх, татганах, саажих шинж үзүүлнэ.
Өвчний оношийг тогтоохдоо листериозын гаралтын онцлог, шинж тэмдэг, эмгэг анатомийн хувиралт зэрэгт үндэслэхээс гадна бактериологи% сериологийн шинжилгээнүүд болон лабораторийн амьтдыг /цагаан хулгана, усан гахай, туулай/ халдааж бататгана. Гол шийдвэрлэх оношилгооны арга нь бактериологийн шинжилгээ юм. Далд өвчилж байгаа малыг илрүүлэхийн тулд цусны ийлдсэнд НУ, тавьдаг. Энэ аргыг өргөн хэрэглэж, мал, амьтны халдварлалтын байдлыг тогтооно.
II. Тэмцэх арга хэмжээ
Манай орны нөхцөлд хонь өвчилж% үхэх явдал нилээд үзэгддэг. Хэдийгээр халдварын эх булаг нь өвчтэй ба өвчилж эдгэрсэн мал, амьтад боловч листериозыг тараагч хамгийн аюултай амьтан нь хулгана, зурам юм. Эдгээр нь байгальд листериозын үүсгэгчийг тээдэг гол амьтад бөгөөд шээс, баасаар нь ус, тэжээл бохирлогдон малд листериоз өвчин тараах аюулыг тогтмол бий болгоно. Хулгана, зурам бусад зэрлэг амьтдын дунд листериоз тархан дэлгэрэхэд хачиг, бүүрэг, бөөс, гуур хүртэл онцгой үүрэгтэй юм.
Листериоз нь манайд хонь, ямаанд улирлын чанартайгаар, ихэвчлэн 4, 5, 6-р саруудад хулгана, зурам их тархсан нутгуудаар хачиг ид гарсан үеэр тохиолдох нь илүүтэй байдаг: Иймд:
А. Мал эмнэлгийн байгууллагууд:
1. Мал эмнэлгийн газар нь листериоз өвчний гаралтын судалгаа /1972-82 оны шинжилгээний дүнг/ тархалтын зураглалтай байж жил бүрийн шинжилгээ, тарилгын төлөвлөгөөг зохиож эмчлэх, сэргийлэхэд шаардагдах эм бэлдмэлийн хэрэгцээ, уг арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын тооцооны хамт хийж, мэрэгчид, хачиг, шавьжтай тэмцэх арга хэмжээг төлөвлөн аймаг, сумын тамгын газарт оруулан засаг даргын захирамжаар батлуулан хэрэгжүүлнэ.
2. Аймгийн мал, эмнэлгийн газар, сумын малын эмч нар өвчний гаралтын судалгаа, зураглал, малын өвчлөлт зэргийг харгалзан урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт шинжилгээ, тарилга болон хулгана, зурам, хачиг, шавьжтай тэмцэх арга хэмжээг төлөвлөн аймаг, сумын тамгын газарт оруулан засаг даргын захирамжаар батлуулан хэрэгжүүлнэ.
Б. Малчид, малын эздийн хүлээх үүрэг:
а/ урьдчилан сэргийлэх зорилгоор
• Жил бүрийн листериозын төлөвлөгөөт шинжилгээ, тарилгад мал, амьтнаа бүрэн хамруулж байх:
• Малын байр, хашаа, хороо, бууцны хулгана, зурам, малын хачиг, шавьжтай тэмцэх ажилд биечлэн оролцож байх:
б/ Өвчин гарсан тохиолдолд:
• Малын эмчид цаг тухайд нь мэдэгдэж оношийг тодруулна.
• Уг өвчнөөр тайван бус сүргийнхээ халдварлалтыг тогтоолгох, шинжилгээг хийлгэх:
• Өвчтэйг эмчлүүлэх, эрүүлд нь вакцин хийлгэх:
• өвчтэй мал, амьтан нядлах, махыг нь боловсруулах ажлыг эмчийн хяналтын дор гүйцэтгэх:
• Үхсэн малын хүүр, сэг зэмийг устгах, байр хашаа, хороог халдваргүйжүүлэх:
• Хулгана, зурмыг устгуулах арга хэмжээг хэрэгжүүлж байна.
В. Эмчийн хүлээх үүрэг:
• Харъяалсан мал аж ахуйн нэгжийн уг өвчнөөр тайван бус суурь, сүрэг бүхий айл өрхийн бүртгэлийг хөтлөх:
• Листериоз өвчний халдварлалтын шинжилгээг жил бүр төлөвлөгөөтэйгөөр хийх:
• Өвчтэйг ялган эмчлэх, нядлуулах, махыг боловсруулахад хяналт тавьж зааварчилж байх:
• Сэг зэмийг нь устгуулах, хашаа, хороо, байр бууцыг нь халдваргүйжүүлэх:
• Хулгана, зурам, хачиг, шавьжтай тэмцэх ажлыг гүйцэтгэхэд нв биечлэн оролцож зааварчилж байх:
• Засаг даргын шийдвэр гаргуулан уг өвчин гарсан мал, амьтны суурьт хязгаарлалт тогтоон бүтээгдэхүүн /мах, сүү/ борлуулахад хяналт тавьж байх:
• Өвчтэй мал, нядлах, мах болон бусад бүтээгдэхүүнийг боловсруулах, борлуулах явцад хүн халдварлахаас сэргийлж хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэг журмыг сахиулж байх:
• Шаардлага гарсан тохиолдолд хүний эмчид мэдэгдэж холбогдох арга хэмжээг авахуулж байна.
• Листериозтой мал, амьтан байгаа байр, хашаа, хороонд 3 хувийн идэмхий натрийн уусмал, 20 хувийн түүхий шохойн цийдмэг, формалин, креолины холимог зэргээр халдваргүйжүүлнэ.
ҮХРИЙН ХОРТ САЛСТ ХАЛУУРАЛТАЙ ТЭМЦЭХ ЗААВАР
I. Ерөнхий зүйл
А. Тодорхойлолт:
Үхрийн ХСХ нь хурц урсгал явцтай, амьсгалын замын болон ходоод гэдэсний салст бүрхүүлийн сахуулайт үрэвсэл, нүд, төв мэдрэлийн системийн гэмтлээр илэрдэг үхэл ихтэй хавьталт бус халдварт өвчин.
Б. Өвчний гаралт, шинж тэмдэг, оношлолт
ХСХ-аар өвчилсөн үхэр эхлээд +41-42 хэм хүртэл тогтмол халуурч аймтгай болох, заримдаа догшин буюу номой байдалд орох, явахдаа тэнцвэрээ алдах, мах, булчин нь чичрэх, татганаж унах зэрэг шинж тэмдэг үзүүлнэ. Мөн хамар, амнаас нь нус шүлс гоожиж хатан хамрын толионд өнгөр тогтох, амьсгаа нь боогдох, дух, эврийн угийг нь дарж үзэхэд халуун байхаас гадна эвэр нь амархан мултарч унах зарим үед өмхий үнэртэй цустай чацга алдах, үнээний үтрээний, хээл хаях, шээс нь хаагдах, цустай, булингартай шээс гарах шинжүүд илрэн 4-10 хоногтоо үхнэ.
Үхрийн ХСХ нь намар сэрүү унах үеэр эхэлж өдөрт 1-2 үхэр өвчилж үхэх маягаар сар шахам үргэлжилж нэлээд олон үхэр үхдэг онцлогтой. Иймд өвчний оношийг гаралтын онцлог, шинж тэмдгийг нь харгалзан тогтоодог боловч нарийн мэргэшлийн эмч нарын хэсгийг явуулан төгс оношлох явдал чухал байдаг.
II. Тэмцэх арга хэмжээ
Өвчний үүсгэгчийг нь герпесвирусын язгуурт хамааруулах ба халдварын эх булаг нь өвчтэй мал вирус тээгчид гэж үздэг боловч өвчтэй малыг эрүүл малтай хамт байлгахад халддаггүй байна. Одоогийн байдлаар хонь ямаа, нохой вирус тээгчид болох нь батлагдсан байна. Гэхдээ хонь, нохойноос тусад нь маллаж байгаа үхэрт ч гардаг байна. Үхрийн ХСХ нь нэг гарсан газартаа нэлээд олон жилээр гардаг гэж үздэг.
А. Мал эмнэлгийн байгууллагууд:
• Үхрийн ХСХ гардаг нутгууд, уг өвчин гарч байсан суурийн бүртгэлтэй байх:
• Уг өвчин гарсан тухай дуудлага ирсэн тохиолдолд мэргэжилтний группийг явуулж газар дээр нь оношлогоог төгс болгох:
• Өвчтэй малыг эмчлэх, үхэл, хорогдлыг нь зогсоох талаар заавар зөвлөмж өгүүлэх, гарсан шалтгааныг нь илрүүлж тэмцэх арга хэмжээг авахуулж байна.
Б. Малчин, малын эздээс хүлээх үүрэг:
• Өвчин гарсан үед малын эмчдээ яаралтай мэдэгдэх:
• Өвчилж үхсэн малын хүүр, сэгийг цаг тухайд нь устгах:
• Малын хөдөлгөөн /үхэр, хонины/ хийхгүй байх:
• Өвчтэй малыг нядлах, мах, арьс ширийг нь авах ажлыг эмчийн хяналтын дор гүйцэтгэж байх:
• Малдаа /үхэртээ/ толгой дараалан үзлэг /халууныг нь хэмжүүлэн/ хийлгэж, өвчтэйг тусгаарлан доор дурдсан аргаар эмчлэх. Үүнд: антибиотик, сульфаниламидын бэлдмэлүүд болон, зүрх судасны эм хэрэглэх. Мөн 33 хэмийэ спирт 300 мл-иг 2 удаа 48 цагийн завсарлагатайгаар дотуур өгөх, эсвэл архийг 3-4 өдөр дараалан 1 шил дотуур өгөх:
• Өвчтэй мал, хашаа, хороо, байр, бууцыг 2 хувийн идэмхий натрийн уусмал, хлорын шохойн 10 хувийн уусмалаар халдваргүйжүүлэх:
• Хонь, нохойноос үхрээ тусад нь маллах арга хэмжээ авах:
В. Малын эмчийн хүлээх үүрэг:
• Өвчин гарсан тохиолдолд мэргэжлийн хэсгийг дуудаж, оношийг түргэн тогтоолгохын зэрэгцээ бүх үхэрт нь үзлэг хийж, халуунтай болон ил өвчтэйг ялган 96 хэмийн 200 мл спирт, 25 гр глюкозыг 300 мл нэрсэн усанд найруулан судсанд тарих буюу шинж тэмдгийн эмчилгээг өргөн хийнэ.
• Шаардлагатай гэж үзвэл үхрийг нядлуулах, мах, арьс, ширийг нь авахуулах, боловсруулах, халдваргүйжүүлэх арга хэмжээ авна.
• Өвчтэй үхэр байсан хашаа, хороо, байр, бууцыг нь халдваргүйжүүлнэ.
• Засаг даргын шийдвэр гаргуулан өвчин гарсан суурьт хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлж, үхэр, хонь, өвч тэжээл гадагш нь гаргахыг хориглож, биелэлтэд нь хяналт тавина.
• Өвчтэй мал байсан хашаа, хороо, байрыг 2 хувийн идэмхий натрийн уусмал, 5 хувийн хүхэр, карболын холимог, 10 хувийн хлорын шохойн цийдмэг зэргээр халдваргүйжүүлэх ба арьс ширийг нь 5 хувийн техникийн содын уусмалаар ариутгана.
АДУУ, ТЭМЭЭНИЙ ТОМУУ, АДУУНЫ РИНОПНЕВМОНИТАЙ ТЭМЦЭХ ЗААВАР
I. Ерөнхий зүйл
А. Тодорхойлолт:
Адуу, тэмээний томуу үүсгэгч нь инфляци А хэвшлийн вирус бөгөөд хүний томуугийн вирустэй нэг төрлийн учраас малаас хүнд, хүнээс малд дамжин халдварладаг онцлогтой юм. Томуу жилийн аль ч улиралд гарч болох боловч намар, хаврын улиралд гэнэт даарах, эцэж турах, эдэлгээ арчилгаа, маллагааны болон нийт адуу, тэмээний дархлаа хомсдох зэргээс болж тухайн суурийн 10-100 хувь нь нэгээс 3 долоо хоногийн дотор өвчилж өнгөрөх явдал үзэгдэнэ.
Адууны ринопревноми нь өвчний гаралт, зарим шинж тэмдэг /амьсгалын дээд замын гэмтэл/ зэргээрээ томуутай төстэй өвчин боловч мэдрэлийн систем болон бэлгийн замын гэмтлийн шинжүүдээр илэрдгээрээ ялгаатай юм.
Б. Өвчний гаралт, шинж тэмдэг, оношлолт:
1. Адууны томуу /грипп-инфлюэнц/ үүсгэгч нь РНХ агуулсан Influensa төрлийн А хэвшлийн вирус / тусахад эхлээд амьсгалын замын салст бүрхүүлүүд үрэвсэж ханиалгах төдийгөөр илэрдэг тул тэр бүр анзаардаггүй байна. Цаашдаа тэжээлдээ дургүй болж амархан ядрах, хамар, нүднээс нь салслаг нус, нулимс гоожих, зовхи нь хавдах, тургих нь олширч, эмзэг хуурай ханиалгах нь ихсэх, эрүүний доод булчирхай хавдаж, эмзэглэх, судасны цохилт амьсгаа нь түргэсэх зарим үед халуун нь +40-41 хүрэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Өвчин хөнгөн туссан үед 2-4 хоногтоо шинж тэмдгийн хувьд эдгэрнэ. Гэвч сул дорой адуу 7-20 хоногоор өвчилж, халуурснаас болж, хээл хяах, хүндэрч уушгины үрэвсэл болох явдал үзэгдэнэ. Хөнгөн туссан үед үхэлгүй буюу 0,5 хувийн үхэлтэй байх ба хүндээр туссан үед 2-2,5 хувийн үхэлтэй болно.
Оношийг өвчний гаралтын байдал, шинж тэмдэг зэргийг харгалзан тогтоодог боловч лабораторийн шинжилгээ хийж адууны цусанд томуугийн вирусын эсрэг бие байгааг илрүүлэх урвалуудыг тавьж төгс болно.
2. Томуугаар өвчилсөн тэмээ /үүсгэгч нь РНХ агуулсан Influenzia төрлийн А хэвшлийн вирус/ +40-42,5 хэс хүртэл халуурах, хамраас нь их хэмжээний цэхэр шингэн гоожих, амнаас нь хөөсөрхөг шингэн гарах, заримдаа битүү ханиалгах зэрэг шинжүүд илэрч сул дорой байдалд орж тэжээлээс гаран бэлчээрт хэвтэж, сүргээсээ хоцордог байна. Хөнгөн туссан үед 3-7 хоног, хүндээр тусвал 10-аад хоногийн дараа эдгэдэг.
Оношийг өвчний гаралт, шинж тэмдгийг харгалзан тогтоохын зэрэгцээ мөн цусанд эсрэг бие илрүүлэх шинжилгээг хийнэ.
3. Адууны ринопневмони /үүсгэгч нь ДНХ агуулсан equid /alpha/ helpes virus –I / нь халуурах, нүдний зовхи, амьсгалын замын салст бүрхүүлийн сахуулайт үрэвсэл болох хээлийн 2-р хагаст гэнэт хээл хаях шинжээр илэрдэг хурц хавьтал халдварт өвчин. Шинж тэмдгийн хувьд амьсгалын зам, бэлгийн замын гэмтэл, мэдрэлийн шинж, гэнэт хээл хаях дөрвөн хэлбэрээр илэрнэ. Эхний үедээ амьсгалын дээд замын салст бүрхүүлийн болон зовхины сахуулайт үрэвсэл болж, халуун нь +40 хэм хүрч 2-3 хоног үргэлжилнэ. Заримдаа 8-10 хоногийн дараа дахин халуурах явдал үзэгдэнэ. Хээлийн 2-р хагаст хээлтэй гүүний 50-80 хувь нь гэнэт хээл хаядаг боловч хаг нь саатах, төрөлтийн дараах хүндрэл үзэгддэггүй. Хоёрдогч халдвараар хүндрээгүй бол 1-3 долоо хоноод эдгэрнэ.
Оношийг өвчний гаралт, шинж тэмдгийг харгалзан тогтоодог боловч вирусологи, серологийн шинжилгээ явуулан бусад өвчнүүдээс ялган оношилно.
II. Тэмцэх арга хэмжээ
Адуу, тэмээний томуу адууны ринопневноми нь намар, хаврын улиралд голдуу гарч агаар дуслын болон хавьтлын замаар халдаж маш түргэн тархдаг хөнгөн урсгалтай өвчнүүд тул адуу тэмээний тарга хүчийг сайн авахуулж арчилгаа, маллагаанд онцгой анхаарч малын хөдөлгөөн бага хийх, бэлчээр усыг нь тусад нь байлгах нь чухал юм.
Иймд:
1. Мал эмнэлгийн байгууллагууд:
• Хүн, мал, амьтны томуу өвчний гаралт, тархалтын мэдээлэл авч дүгнэлт хийж байхын зэрэгцээ халуурах, ханиалгах шинж тэмдэг үзүүлэн намар, хаврын улиралд адуу, тэмээ өвчлөх үеэр оношлох ажлыг яаралтай хийж байх:
• Аймаг, сумын эмч нар болон малчдад зориулсан мэдээлэл хийж, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх, өвчтэйг эмчлэх талаар зөвлөгөө өгч байх:
2. Малчид, малын эздээс хүлээх үүхрэг:
• Адуу, тэмээний ханиад, адууны ринопневмони гарсан тохиолдолд арчилгаа, маллагаа, тэжээллэг, эдэлгээнд нь анхаарч тэжээллэгийг сайжруулах:
• Хариулгыг сайжруулж манаатай болгох адуу, тэмээний бусад суурьтай нийлүүлэхгүй байх арга хэмжээ авах:
• Өвчтэйг эмч нарын заавар зөвлөгөөний дагуу эмчилж тордож байх:
• Адуу, тэмээний өвчлөлт өнгөртөл морь, тэмээ уралдах, найр, наадам хийх айлаар морь тэмээгээр дэмий сэлгүүцэхийг цээрлэх:
• Гадагш нь адуу, тэмээ гаргах, гаднаас авахыг өвчний гаралт өнгөртөл мөн цээрлэж байх:
3. Эмч нарын хүлээх үүрэг:
• Хавар, намрын цагт томуу, ринопневмонитой төстэй өвчин гарсан тохиолдолд лабораторид яаралтай мэдэгдэж, оношийг тодруулах арга хэмжээ авч байх:
• Адуу, тэмээний томуу, адууны ринопневмони гарсан үед малчдад уг өвчнүүдийн талаар тодорхой мэдээлэл, заавар, зөвлөгөө өгч байх:
• Өвчтэйг эмчлэх аргуудыг зааварчлах, өөрөө эмчилгээ хийх:
• Томуу, ринопневмонийн гаралт, тархалтын мэдээг 7 хоног бүр мэдээлж байх:
• Засаг даргын шийдвэр гаргуулан хязгаарлалт тогтоон, морь, тэмээ уралдах, найр наадам янз бүрийн цуглаан хийхийг түр хориглох:
ТӨЛИЙН КОЛИБАКТЕРИОЗ, СТРЕПТОКОККИЙН ҮЖИЛ /ДАВХАР ХҮЙС/ ДИПЛОКОККИЙН ХАЛДВАР, ЭНТЕРОБАКТЕРИОЗТОЙ ТЭМЦЭХ ЗААВАР
I. Ерөнхий зүйл
А. Тодорхойлолт:
Мал амьтны төлд тухайн төрлийн мал, амьтны халдварт өвчнүүд ихэвчлэн тусдаг боловч төлийн бие махбодийн үйл ажиллагааны болог дархлааны онцлог, тэдгээрт нөлөөлдөг байгаль, цаг уур, арчилгаа, маллагаа, тэжээллэгийн хүчин зүйлээс болж зарим халдварт өвчнүүд нилээд өөр урсгал явц, хэлбэртэй илэрдгийн зэрэгцээ зөвхөн төлд тохиолддог халдварт өвчнүүд бас байдаг. Тийм өвчнүүдийн тоонд доорх өвчнүүд ордог.
Б. Өвчний гаралт, шинж тэмдэг, оношлолт
1. Колибактериоз /үүсгэгч нь эмгэг төрүүлэх хоруу чанартай Escherichia coli –ийн олон янзын хэвшлүүд/ гарахад арчилгаа, маллагаа, тэжээллэгийн эрүүл ахуй зөрчигдөх, төлийн биеийн эсэргүүцэл сулрах зэрэг нь чухал үүрэг гүйцэтгэнэ. Колибактериозоор ганц нэгээр өвчилсөөр өвчилж буй төлийн тоо олширч, өвчний урсгал явц хүндэрч үхэл, хорогдол нь нэмэгдэж ирэхээр өвчин үүсгэгч төлийн бие махбодоор олон дахин дамжин хоруу чанар нь улам ихсэж, биеийн эсэргүүцэл сайтай ч бусад нөлөөлөх хүчин зүйлээс төдий л хамаарахгүйгээр хурга, ишиг, тугал, тооройнууд олноороо өвчилж үхнэ. Колибактериоз нь мал, амьтан, үслэг ангийн төл болон шувууны дэгдээхэй хүртэл өвчилдөг хурц урсгал явцтай халдварт өвчин. Нэгээс гурав хоногийн настай тугал, хурга, ишиг, номой байдалд орж +41-42 хэм хүрч халууран хамраас нь салсархаг, амнаас нь хөөсөрхөг шингэн гоожих, татганах зэргээр 1-2 хоногтоо үхдэг ба 3-5 хоногтой тугал, хурга, хөхнөөсөө гарч чацга үргэлжлүүлэн алдах, чацга нь хийтэй шаравтар өнгөтэй, цагаан бор өнгийн дутуу боловсорсон уургийн зүйлтэй байна. Өвчлөлт хэдхэн хоног үргэлжилж, үхэл ихтэй байдаг.
Гахайн торой нялхдаа хурцаар өвчилж, тэжээлээс гарах, номой байдалд орох, явахдаа тэнцвэрээ алдах, чацга алдах, хөхүүл торой хавагнах, хөл, толгой нь татганах, чих хэвлий, хөлний арьс нь хөхрөх зэрэг шинж тэмдэг үзэгдэж ихэнх нь үхнэ.
Оношийг өвчний гаралт, шинж тэмдэг, эмгэг хувиралт болон бактериологийн шинжилгээ хийж эшериха колийн өсгөвөр гарган хоруу чанарыг тодорхойлж батжуулна.
2. Тугал, хурга, торойн стрептококкийн үжил нь /давхар хүйс/ үүсгэгч нь Streptoceccus zooepidemicus/ ихэвчлэн дутуу буюу ямар нэгэн эмгэгтэй гарсан төлд голдуу тохиолддог боловч хээлтэй малын арчилгаа, маллагаа, тэжээллэг, эрүүл ахуйн нөхцөл муудсан, төрөлтийн үед хүйсийг бохирдуулсан буюу халдваргүйжүүлэлтийг цаг тухайд нь хийгээгүйгээс болж гарна. Эхлээд хүйсний хавьд их эмзэг өвчтэй хавдар үүсэн дарж үзэхэд үмхий үнэртэй идээтэй шингэн гарна. Цаг тухайд нь эмчлэхгүй бол үе мөч болон янз бүрийн эрхтэнд нь үсэрхийлж үжил болж үхдэг.
Оношийг өвчний шинж тэмдэг, эмгэг хувиралт зэргийг харгалзан бактериологийн шинжилгээ хийж төгс болгоно.
3. Диплококкийн халдвар буюу тугал, хурга, торойн болон унаганы энтерококкийн халдвар нь төлийн уушиг, ходоод-гэдэсний салст бүрхүүл, үе мөчний үрэвсэл болон үжил маягаар илэрдэг. Хэрвээ төл үжил хэлбэрээр өвчилбөл Strepoceccus zooepidemicus /С-хэвшил/, уушигны үрэвслийн хэлбэрээр өвчилбөл str.pneumoniae голчлон үүсгэдэг гэж үздэг. Хурга, ишиг ихэвчлэн хурцавтар хэлбэрээр өвчилнө. Өвчилсөн төл тэжээлээс гарч булчин мах нь чичрэх, амьсгаа нь хэржигнэх, хамраас нь хөөсөрхөг шингэн гоожих, баас нь шингэрч цустай болж 2-3 хоногтоо үхнэ. 2-4 сартай тугал, унага, 1-2 сартай хурга, торой архаг хэлбэрээр өвчилж, хамраас нь салсархаг, идээтэй шингэн гоожих, ханиалгахдаа эмзэглэх, хэржигнэх, цустай чацга алдах, үе мөч нь үрэвсэх зэргээр 2 сар шахам өвчилж, өсөлт хөгжилтөөрөө хоцорно. Хээлтэй хонь өвчилбөл хургалахын өмнө хээл хаяж олон хогон буртаглана.
Оношийг бактериологийн шинжилгээг үндэслэн цус ба дотоод эрхтнүүдээс нь эмгэг төрүүлэгч диплококкийг илрүүлснээр тогтооно.
4. Хурганы энтеробактериоз нь хөрвөжсөн том хурганд хэт хурц, хурцавтар хэлбэрээр тусаж, үжил хордлогын шинжээр илэрдэг хэдхэн цагийн дотор үхүүлдэг халдварт өвчин. Өвчилж байгаа хурга нь эхлээд ижлээсээ хоцорч, толгойгоо гудайлган гөлийж зогсож байгаад хөл нь гуйваж, тэнцвэрээ алдан унаж, ам, хамраас нь хөөстэй шингэн, хошногоос нь шингэвтэр бор ногоон өнгийн ялимгүй баас гарч шилэн хүзүү нь таталзаж, тийчилж байгаад 30 минутаас 1 цагийн дотор үхнэ.
Оношийг өвчний гаралт, шинж тэмдэг зэргийг үндэслэн бактериологийн шинжилгээ хийж, эмгэг төрүүлэх өндөр хоруу чанартай малын биед байхдаа бүрээстэй тэжээлийн орчинд өсгөвөрлөхөд бүрээсээ гээдэг хоёр туйл нь тод будагддаг грамм сөрөг савханцар гаргаснаар тогтооно.
II. Тэмцэх арга хэмжээ
Төлийн эдгээр өвчнүүд гарах, тархан дэлгэрэхэд төлийг хэт олноор бөөгнөрүүлэх, хээлтэй үнээ, хонь, ямааны тарга хүч муудах, тэжээлийн чанар доройтох, нялх төлд цагт нь гал уургийг нь хөхүүлэхгүй удаах, арчилгаа, маллагааны дэг журам зөрчигдөх зэрэг хүчин зүйлүүд ихээхэн нөлөөлнө. Иймд:
1. Мал эмнэлгийн байгууллагууд:
• Төлийн эм нөөцлөх, дээрх өвчнүүдээс урьдчилан сэргийлэх тарилга, ийлдэс, сүү-исгэлэнгийн бэлдмэл, бактериофагуудыг тодорхой хэмжээгээр үйлдвэрлэх, хэрэглүүлэх, сурталчлах арга хэмжээг зохиож байх:
• Энтеробактериоз гардаг газруудад сэргийлэх тарилгын төлөвлөгөөг жил бүр өгч байх:
2. Малчид, малын эзэд:
• Төллөх малдаа тарга хүч авахуулах, авсан тарга хүчийг тогтоох, арчилгаа, маллагаа, тэжээллэгэнд анхаарч сайн чанартай тэжээлээр тэжээх арга хэмжээ авч байх:
• Төл хүлээн авах бэлтгэлийг эртнээс хангаж, төлийн аптек, халдваргүйжүүлэлт хийх бодис зэргийг нөөцлөх:
• Хот суурийн эрүүл ахуй, ариун цэврийн дэг журмыг сахиж, өтөг бууц цэвэрлэх, хашаа, хороо, мал төллөх байрыг халдваргүйжүүлж байх:
• Төлийн янз бүрийн өвчнүүдээс сэргийлэхийн тулд төлийг цагт нь хөхүүлж, тэжээ усалж байх:
• Колибактериозоос сэргийлэх зорилгоор хээлтэй үнээ, хонь, ямаа, гахайг төллөхөөс нь 1 сар буюу 1,5 сарын өмнө вакцинаар тариулж байх:
• Төлийн диплококкийн халдвараас сэргийлэх зорилгоор хонь, үнээг төллөхөөс нь 1-2 сарын өмнө вакцинаар тариулах ба торой болон төллөх мэгж иж балнад, цусан халдвар, диплококкийн халдвар эсэргүүцэх олон цэнэг формол вакцинаар тариулах:
• Төлийн давхар хүйснээс сэргийлэх зорилгоор нялх төлийн хүйсийг бохирдуулахгүй, эхээс нь гарсан даруйд нь иодын хандаар халдваргүйжүүлж байх:
• Төлдөө сүү-исгэлэнгийн бэлдмэл, өвөрмөц үйлчилгээ бүхий эмүүд, ийлдэс, бактериофагуудыг хэрэглэж сурах:
• Нялх болон хөрвөжиж байгаа төл чацга алдах, уушиг нь үрэвсэх, халуурах, үхэж хоргодох зэрэг шинж тэмдэг үзүүлбэл малын эмчид мэдэгдэж шалтгааныг нь илрүүлэн онош тогтоолгох:
• Өвчтэй төлийн байр, хашаа хороо, пүнзийг тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлж байх:
• Өвчтэй төлийг эхтэй нь хамт тусгаарлан антибиотик, сульфаниламид, нитрофураны группын эмүүдийг бусад эмүүдтэй хослон эмчийн зааварчилгын дагуу эмчлэх, сүү-исгэлэнгийн бэлдмэлийг өргөн хэрэглэж сурах:
3. малын эмч нарын хүлээх үүрэг:
• Уг өвчин жил бүр гардаг сууриудын бүртгэл хийж, тухайн өвчнүүдээс сэргийлэх тарилгыг төллөх малд нь болон төлд нь хийж байх:
• Колибактериоз, диплококкийн халдвар, энтеробактериоз гарсан үед эмчилгээний өвөрмөц ийлдсүүдийг нь бусад эмүүдтэй хослон хэрэглэх, колибактериозын үед бактериофаг хэрэглэх зэргээр эмчилнэ.
• Давхар хүйстэй төлийн хүйсний сүв, эргэн тойрны үхэжсэн эдээс цэвэрлэж, ариутгах бодисуудаар халдваргүйжүүлэн буглааг хагалан хүйсний сүв рүү нь антибиотик хийж эмчилнэ.
• Төлийн хашаа, хороо, пүнз зэргийг нь цэвэрлүүлж, халдваргүйжүүлэлт хийх, сэг зэм, хаг зулбадсыг нь устгуулах арга хэмжээ авч байна.
• Энтеробактериозын төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх тарилгыг цаг хугацаанд чанартай хийж байх:
• Төлийн байр, хашаа, хороог 4 хувийн идэмхий натрийн халуун /70 хэм/ уусмал, 2 хувийн формальдегидын уусмал, 3 хувийн идэвхтэй хлор агуулсан шохойн цийдмэг зэргээр халдваргүйжүүлнэ.
ГАХАЙН ХАЛДВАРТ ӨВЧНҮҮДТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР
I. Ерөнхий зүйл
А. Тодорхойлолт:
Үржлийн болон бордооны зориулалтаар үржүүлж, тэжээж буй гахайн ферм, аж ахуй, сууриудын гахайд гол төлөв бруцеллёз, сүрьеэ, листериоз, иж балнад, ёлом, цусан халдварт, дизентери, мялзан зэрэг өвчнүүд тусдаг байна.
Гахайн мялзан гарсан тохиолдолд гоц халдварт өвчнүүдтэй тэмцэх, листериоз гарсан үед уг өвчинтэй тэмцэх заавруудыг баримтлан хэрэгжүүлнэ.
Б. Өвчнүүдийн гаралт, шинж тэмдэг, оношлолт:
1. Гахайн бруцеллёз /үүсгэгч нь Brucella suis/ нь хээлийн I-II хагастаа хээл хаях, дараагийн хээлийн үедээ давтан хээл хаях зэргээр далд хэлбэрээр тусдаг. гахай 5-6 сартайгаас эхлэн халдвар авч эхэлдэг ба хээл хаях, үхсэн төл гаргах, хаг нь саатах, үе мөч, дэлэн хөх нь хавдах, төмсөг нь үрэвсэх, төмсөг тунгалгийн булчирхайнуудад буглаа үүсэх, заримдаа доголох, саа тусах зэргээр илэрнэ.
Оношийг бактериологи, серологи болон аллергийн аргуудаар тогтооно. Ийлдсэнд нь ХУ, Розбенгал сорил тавих, аллергийн шинжилгээнд бруцеллёзийн зэргийг хэрэглэнэ.
2. Гахай сүрьеэгээр /үүсгэгч нь хүн, үхэр, шувууны сүрьеэг үүсгэгчдийн аль нэг нь байж болно./ гадны ямар нэгэн шинж тэмдэггүйгээр өвчилдөг боловч заримдаа залгиур хоолойн болон эрүүний доод булчирхай нь томрох, буглаа үүсэн хагарч ээдэмцэр маягийн идээтэй шингэн гоожих, уушиг, ихээхэн гэмтсэн үед ханиалгах, амьсгаадах зэрэг шинжүүд үзэгдэж болно.
3. Гахайн иж балнадаар /үүсгэгч нь S.Cholerae suis, S.typhisuis, S.typhimurium, S.dublin/ гол төлөв 2-4 сартай торой, заримдаа бүдүүн гахай өвчилнө. Шинээр сүрэг сэлбэх, шинэ төл гарсны дараа болон байрны арчилгаа, маллагааны эрүүл ахуй зөрчигдсөнөөс болж өвчин гарахаас гадна бусад өвчин гарсан үед ялангуяа гахайн мялзангийн үед хоёрдогч халдвар байдлаар гардаг.
Хурц хэлбэрийн үед халуун нь +41-42 хэм хүрч, сул дорой болж, тэжээлээс гарах, заримдаа шар өнгийн шингэн өмхий, цустай чацга алдах, коньюнктивит болж нулимс гоожих, чих хүзүү, хэвлий болон өвчүүний арьс нь хөх ягаан өнгөтэй болж амьсгаа нь давхцан зүрхний ажиллагаа нь суларсаар 4-10 хоногтоо үхдэг.
Оношийг өвчний гаралтын байдал, шинж тэмдэг, эмгэг хувиралт /бүдүүн гэдсэнд яршилт үүссэн, зах нь зузаарсан байх зэрэг/, бактериологи, серологийн аргуудаар тавина.
4. Гахайн цусан халдвар /үүсгэгч нь Pasterella multocida А, Д хэвшил болон P.haemolytica /нь хэт хурц болон хурц хэлбэрээр тусаж +41-42 хэм хүртэл халууран, фарингит болж амьсгаа нь давхцах, зүрхний ажиллагаа доголдох, эрүүний доод тал, хүзүүгээр нь хавагнах зэргээр амьсгаа нь боогдож 1-2 хоногтоо үхдэг. Арай удаанаар өвчилсөн үед уушигны ширхэнцэрт үрэвсэл болж амьсгаадах, ханиалгах, хамрын салт-идээт үрэвсэл болж сул дорой байдалтай болох, амархан турах, заримдаа үе мөч нь хавдах, арьсны намарс зэргээр өвчилнө.
5. Гахайн ёлом /үүсгэгч нь /Erysipelothrix ihsidiosa/ нь хурц хэлбэрээр тусвал үржлийн шинжээр/ гэдэс ходоодны болон бөөрний салст бүрхүүлийн цусархаг үрэвсэл болж салст ба шар уст бүрхүүлд цус харвах дэлүү томрох/ болон арьсны цусархаг үрэвсэл болох, архаг хэлбэрээр тусвал эндокардит, артритаар илэрдэг халдварт өвчин юм. Ёлом өвчин гахайд тохиолдохоос гадна суурин маллагаанд байгаа адуу, үхэр, хонь болон бусад амьтад өвчилнө. Өвчин үүсгэгч нь гадны орчинд тэсвэртэй, байгалийн нөхцөлд олон төрлийн амьтан, шувуу загас, үе хөлтөнд халдан хадгалагддаг тул байнгын голомттой ба энзоот хэлбэрээр гарч болдог тул байгалийн голомтот өвчний тоонд оруулдаг. Бордооны торойнууд гэнэт доройтон халуун нь эрс нэмэгдэж, зүрхний ажиллагаа алдагдаж, хэвлийн арьс нь хөх ягаан өнгөтэй болох, арьсан дээр нь янз бүрийн хэмжээтэй эхлээд ягаан, дараа нь хүрэн улаан товгор толбонууд гарч хүндэрвэл уг газруудад арьс нь үхжиж хөндийрөн сорви тогтож даарь үүснэ.
Оношийг өвчний шинж тэмдэг, ялангуяа үхлийн шинжүүд, арьсны товгор толбо, хавдар зэргийг үндэслэн эмчилгээний ийлдэс, антибиотик хэрэглэсний үр дүнг харгалзан тавина. Эцсийн оношийг эмгэг хувиралт, бактериологийн шинжилгээг үндэслэн тогтооно.
6. Гахайн дизентри /үүсгэгч нь Serpuliha hyodysinteria/ 1,5-6 сартай торойнуудад хурц, архаг янз бүрийн хэлбэрээр тусна. Хурц хэлбэрийн үед +40-41 хэм хүртэл халуурах, сул дорой болох, тэжээлдээ дургүй болж, ам нь их цангах, чацга алдах чацга нь эхлээд салсархаг, дараа нь цустай хар өнгөтэй болно. Үүнийг гол шинж тэмдэг нь гэж үздэг. Цаашдаа амархан турж, 5-6 хоногтоо үхэж эхэлнэ. Үхсэн гахайг задалж үзэхэд бүдүүн гэдэсний салст бүрхүүл нь үрэвсэж, хар хүрэн өнгөтэй өнгөрөөр хучигдсан, хөндлөн нугалаануудтай болсон, цус шүүрсэн шархууд үзэгдэнэ.
Оношийг шулуун гэдэснээс баасны дээж авч микроскопын шинжилгээ хийж тогтоодог ба харааны нэг талбайд өвчин үүсгэгч спирохетүүд хэдэн арав, зуугаараа харагдаж нэг талбайд өвчин үүсгэгч спирохетүүд хэдэн арав, зуугаараа харагдаж байвал дизентери мөн гэж үзнэ.
II. Тэмцэх арга хэмжээ
Гахайн арчилгаа, маллагаа, тэжээллэгээс болж бруцеллёз, сүрьеэ, иж балнад, цусан халдвартын гаралтууд нь нилээд онцлогтой байдаг ба гахайд голчлон тохиолддог ёлом, дизентери өвчнүүдийн гаралтыг харгалзан эдгээр өвчнүүдтэй тэмцэх арга хэмжээг гахайг үржүүлэх технологитой нь холбон хэрэгжүүлдэг зарчимтай. Иймд:
1. Мал эмнэлгийн байгууллагууд гахайн үржлийн болон бордооны ферм, аж ахуйн нэгжийн мал эмнэлэг-ариун цэвэр, эрүүл ахуйн дүрмийг мөрдүүлж байх:
2. Аймаг /хот/, сумын /дүүргийн/ эмч нар, гахай үржүүлж бордож байгаа ферм, аж ахуй, хувь хүмүүсээс гахай үржүүлэх, бордох технологийг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж байх:
3. Листориоз, сальмонеллезын ийлдэс судлалын шинжилгээг үржлийн болон бордооны гахайдаа тогтмол хийлгэж, өвчтэй сэжигтэйг нядлах, эмчлэх ажлыг эмч нарын зааврын дагуу гүйцэтгэж байх:
4. Дизентрийгээс сэргийлэх зорилгоор өсвөр гахайн буюу гаднаас авч буй гахайны баасанд заавал микроскопын шинжилгээ хийлгэх буюу өрийн сүргээс уул гахайнуудтай нас, жингээр ижил 3-5 торой гарган сарын хугацаанп хамт байлгаж өвчлөх эсэхийг нь шалган авч байх:
5. Мялзан, цусан халдвар, иж балнад ёломоос сэргийлэх тарилгыг жил бүр үржлийн болон бордооны гахайдаа зохих технологийн дагуу хийлгэж байх:
6. Гаднаас гахай авах, худалдаалахдаа зохих шинжилгээг хийлгэж шаардлагатай тохиолдолд урьдчилан сэргийлэх тарилгуудыг хийлгэж байх:
7. Гахайн байрны орчмын хулгана, зурмыг устгах арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж байх.
8. Гахайн байр, хашаа, саравчийг гахайн ферм, аж ахуйн нэгжийн ариун цэвэр, эрүүл ахуйн дүрмийн дагуу цэвэрлэж, халдваргүйжүүлж байх:
9. Гаднаас шинээр гахай авбал тэдгээрийг 1 сар тусад нь байлгаж малласны дараа зохих шинжилгээ болон урьдчилан сэргийлэх тарилгуудыг хийлгэсний дараа өөрийн сүрэгтээ нийлүүлж байна.
В. Малын эмчийн хүлээх үүрэг:
1. Гахайн үржлийн болон бордооны ферм, аж ахуйн нэгжийн мал эмнэлэг-ариун цэвэр, эрүүл ахуйн заавар, гахайн арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологийн биелэлтэд хяналт тавьж байх:
2. Гахайн үржлийн хэсэгт бруцеллёз, сүрьеэ өвчний шинжилгээг гахайн ферм, аж ахуйн нэгжийн технологийн дагуу хийж, өвчтэйг нядлуулах, махыг нь боловсруулахад зөвлөгөө өгч хяналт тавьж байх:
3. Мялзан, цусан халдвар, иж балнад, ёлом, листериозоос урьдчилан сэргийлэх тарилгыг төлөвлөгөөний дагуу хийж өгч байх:
4. Листориоз, сальмонеллезын ийлдэс судлалын шинжилгээг үржлийн болон бордооны гахайд нь гахай үржүүлэх, бордох технологитой нь уялдуулан хийж, өвчтэйг нь эмчлэх буюу нядлуулах, боловсруулах, борлуулахад хяналт тавих:
5. Гахайн байрны эрүүл ахуйн байдалд нь хяналт тавьж, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийлгэж, байхын зэрэгцээ хязгаарлалтад байлгаж хяналт тавих:
6. Гахайн байр, орчин тойрны хулгана, зурамтай тэмцэх арга хэмжээг авахуулж, сэг зэм, өтөг бууц цэвэрлэх, устгуулах, халдваргүйжүүлэлт хийх арга хэмжээг тогтмол гүйцэтгүүлж байх:
7. Гахайн байр, тоног хэрэгсэл, хашлага зэргийг 2 хувийн идэмхий натрийн уусмал, 20 хувийн түүхий шохойн цийдмэг, 1 хувийн хлор амин, 2 хувийн формальдегид зэргээр халдваргүйжүүлэх ба гахайн дезинтерийн үед 0,5 хувийн идэмхий натр, 1 хувийн формальдегид, 4 хувийн идэмхий натрийн уусмалуудаар угаах арга хэмжээ авна.
НОХОЙ БА ҮСЛЭГ АМЬТНЫ ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР
I. Ерөнхий зүйл
А. Тодорхойлолт:
Нохой болон бусад махчин амьтад гударгаар өвчлөхийн зэрэгцээ тэжээвэр үнэг, булга, арчилгаа, тэжээллэгийн нөхцөлтэй уялдан иж балнад, ботулизм, цусан халдвар, псевдомоноз, алеутский болон вирусын энтерит зэрэг халдварт өвчнүүдээр өвчилнө.
Б. Өвчний гаралт, шинж тэмдэг, оношлолт:
1. Нохойн гударга /үүсгэгч нь Psebdomyxovirus –ийн төрөлд хамаарагдах PHX агуулсан вирус/ цочмог хэлбэрийн үедээ халуун нь +41-42 хэм хүрч, номой байдалд орж 2-3 хоногтоо хамраас нь салст шингэн гоожиж хатах, хамраа маажих, нүднээс нь эхлээд салсархаг дараа нь идээтэй шингэн гарч нуухтах, зовхи нь хавдах гэрээ харж чадахгүй болох, бөөлжих чацга алдах, хэвлий гуя ба чихний дотор тал, хамар, амны орчмын арьсан дээр нь цэврүүнүүд гарч хагаран, хүрэн өнгийн өнгөр хогжруу тогтоно. Өвчилсөн нохойны биеэс их өмхий эвгүй үнэр гарна. Мөн явахдаа гуйваж, булчин мах нь голдуу урд хөл нь саажиж, цээжний булчингуудын татганах шинж удаанаар үргэлжилнэ. Үнэгэнд арьсны хэлбэр бараг үзэгддэггүй, харин голдуу мэдрэлийн шинж тэмдэг үзэгдэнэ. Булганд арьсны хэлбэр голдуу мэдрэлийн шинж тэмдэг үзэгдэнэ. Булганд арьсны хэлбэр голдуу тохиолдож хөлний ул, хамар, уруул, чих, нүдний зовхи нь хавдаж хагарч хогжруутаж ирнэ.
Оношийг өвчний гаралтын байдал, шинж тэмдгийг үндэслэн лабораторийн шинжилгээ хийж тогтооно.
2. Вируст энтерит /үүсгэгч нь Minkenteritis virus /туссан булга тэжээлдээ дургүй болох, бөөлжих, чацга алдах, баас нь шар бор ногоон өнгөтэй, салслаг, цустай болох, 4-5 хоногийн дараа халуун нь ихсэж бөөлжсөөр байж үхнэ.
Оношийг өвчний гаралт, шинж тэмдэг, эмгэг хувиралт зэргийг үндэслэн вирусологи, серологийн аргуудаар шинжиж төгс болгоно.
3. Алетын өвчин /үүсгэгч нь Alentiian mink diasease parvo yirus / нь эцэж турах, уруул тагнайн салст бүрхүүлд цус шүүрэх яр гарах шинжээр илэрдэг архаг урсгалтай хавьтал халдварт өвчин. Өвчилсөн булганы цус нь эрс багасаж бөөрний үйл ажиллагаа хямран, баас нь давирхай маягтай болно. 2 долоо хоногоос 3-4 сар өвчилж зогсолтгүй эцэж тураалдаа хүрч үхнэ.
Оношийг өвчний гаралт, шинж тэмдэг, эмгэг хувиралт, иодын сорил тавих аргуудаар тогтооно.
4. Псевдомоноз /үүсгэгч нь Psendomonas aeruginosa) Bacillus puocyneum/ нь намрын цагт булганы аж ахуйд энзоот хэлбэрээр гэнэт гарч олон тоогоор үхүүлдэг. Бүх насны булга өвчлөх боловч өсвөр насны булга, юуны өмнө эр булга ихээр өвчилнө. Булга үхэхийнхээ өмнө тэжээлээс гарч байрандаа хэвтэх, хөдөлгөөнгүй болох, хамар, амнаас нь хөөсөрхөг цустай шингэн гоожих, амьсгаадаж хэржигнэх зэргээр амьсгаа боогдож, бүтэж үхнэ.
Задалж үзэхэд уушигны цусархаг үрэвсэл болж үжил болсон шинжтэй байдаг.
Оношийг өвчний гаралт, шинж тэмдэг, эмгэг хувиралтыг үндэслэн бактериологийн шинжилгээ хийж, үүсгэгчийг нь өсгөвөрлөн хоруу чанарыг нь тодорхойлж тогтооно.
5. Иж балнад /үүсгэгч нь S.Typhmurium, S.dubblin, S.Cholerae suis / булганаас хар үнэг амархан өвчлөх бөгөөд сальмонеллёзтай малын мах, дотор эрхтнээр тэжээснээс халдвар авдаг. Халдвар авсан амьтан тэжээлдээ дургүй болж номой байдалд орж, +41-42 хэм хүртэл халуурч, чацга алдах, бөөлжих, нүдний салст бүрхүүл, арьс нь шарлах, үнэгний хойт хөл саажих, бөөлжих зэрэг шинж тэмдэг үзүүлэн 2-3 хоногтоо үхнэ.
Оношийг өвчний гаралт, шинж тэмдэг, эмгэг хувиралтуудыг үндэслэн бактериологийн шинжилгээний үндсэнд тогтооно.
6. Ботулизм /үүсгэгч нь Clostridium botulinum/ нь төв мэдрэлийн системийн хүнд гэмтэл, залгиур хоолой, хэл доод эрүү мах, булчингийн саагаар илэрдэг хурц урсгалтай өвчин. Булга ботулины хортой тэжээл идсэнээс хойш 12 цагаас 4 өдрийн дараа өвчний шинж тэмдэг илэрнэ. Мах булчин нь суларч, нүдний хүүхэн хараа томорч, амнаас нь шүлс гоожиж шээсээ барьж чадахаа болино. Толгойгоо хажуу тийш нь нугалж, нүд нь гөлөрч, амьсгаа боогдсоноос болж үхдэг. Өвчилсөн амьтдын 70-80% нь үхдэг.
Оношийг өвчний гаралт, шинж тэмдгийг үндэслэн, гэмтсэн тэжээл, үхсэн амьтны ходоодны шингэн зэргийг хор судлалын аргаар шинжилж төгс тогтооно.
7. Цусан халдвараар /үүсгэгч нь P.multocida / хар үнэг, булга өвчилнө. Өвчилсөн амьтан сул дорой болж, халуун нь +41 хэм түүнээс дээш гарч их салсархаг цустай чацга алдах, явахдаа гуйвах, татганах, амьсгаадах, судасны цохилт нь түргэсэх толгой, хүзүүгээр нь хавагнах зэрэг шинж тэмдэг илэрч 2-3 хоногтоо буюу заримдаа, гэнэт үхэх тохиолдол байдаг.
Оношийг өвчний гаралт, шинж тэмдэг, эмгэг хувиралтыг нь үндэслэн бактериологийн шинжилгээ хийж, үүсгэгчийг нь өсгөвөрлөн хоруу чанарыг нь тогтоож төгс болгоно.
II. Тэмцэх арга хэмжээ
Гэрийн нохой болон үслэг ангийн ба нохойн аж ахуйн амьтдыг халдварт өвчнүүдээс сэргийлэх, өвчин гарсан тохиолдолд эрүүлжүүлэх арга хэмжээг зөв зохион хэрэгжүүлэх нь уг амьтдын өвчний талаар тодорхой мэдлэгтэй болох явдалтай холбоотой асуудал юм. Иймд
1. Нохойн эзэд, нохой ба үслэг ангийн аж ахуйн эрхлэгчид:
• Нохойн ба үслэг ангийн аж ахуйн мал эмнэлэг-ариун цэвэр, эрүүл ахуйн дүрмийн заалтуудыг нэг бүрчлэн биелүүлж байх:
• Гэрийн нохдыг бүртгэл, гэрчилгээ, пайзтай болгон тогтмол уяатай байлгах:
• Нохойг бүртгэл, гэрчилгээнд нь заасан хугацаанд үзлэг, шинжилгээнд оруулж гударгаас сэргийлэх тарилга хийлгэж байх:
• Нохой болон үслэг ангийн тэжээлийн ариун цэвэр, эрүүл ахуйн байдалд онцгой анхаарч, муудсан, үмхийрсэн, ялзарсан тэжээлийн зүйлээр тэжээхийг хориглох:
• Нохой өвчлөх, үслэг ан амьтан, үхэж хорогдоход малын эмчид яаралтай мэдэгдэх:
• Нохой болон үслэг ан амьтан үржүүлэх технологийг хатуу баримталж, гударга, цусан халдвар, ботулизм, иж балнад, псевдомоноз, вирусын энтеритээс сэргийлэх тарилгыг хийлгэж байх:
• Нохой болон үслэг ан амьтдын сэг зэмийг цаг тухайд нь устгах, тогтоосон хугацаанд нь халдваргүйжүүлэлт хийх, хорио цээр, хязгаарлалтын дэг журмыг сахиж байх үүргийг хүлээнэ.
2. Эмчийн хүлээх үүрэг:
• Нохойн ба үслэг ангийн аж ахуйн мал эмнэлэг-ариун цэврийн дүрмийн биелэлтэд хяналт тавьж байхын зэрэгцээ гэрийн нохдыг бүртгэл, гэрчилгээ, пайзтай болгох:
• Нохойд тогтоосон хугацаанд нь үзлэг шинжилгээ болон гударгаас сэргийлэх тарилгыг жил бүр хийж байхын дээр үслэг ан амьтад технологийн нь дагуу дээр дурдсан өвчнүүдээс сэргийлэх тарилга хийж байна.
• Нохой ба үслэг ан амьтдын тэжээлийн чанарт үзлэг хийж, заавар зөвлөгөө өгч, хорио цээр, хязгаарлалтын дэг журмыг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавьж байна:
• Нохой, үслэг ан амьтан өвчилж хорогдоход шалтгааныг тодруулах арга хэмжээ авч, өвчтэй болон өвчний сэжигтэйг ялган байрлуулах, нядлуулах, устгуулах, халдваргүйжүүлэлт хийх арга хэмжээ авч байна.
• Нохой болон үслэг ан амьтан үржүүлэхэд мөрдөх мал эмнэлэг-ариун цэвэр, эрүүл ахуйн зааврыг зөрчвөл малын удмын сан, эрүүл мэндийн хуулийн дагуу шийдвэрлэж байна.
• Нохойн болон үслэг ангийн байр, тоно хэрэгслийг 3 хувийн креолины уусмал, 2-4 хувийн идэмхий натрийн уусмал, 1 хувийн формальдегид, хлорын шохой зэргээр халдваргүйжүүлнэ.
ШУВУУНЫ ХАЛДВАРТ ӨВЧНҮҮДТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР
I. Ерөнхий зүйл
А. Тодорхойлолт:
Шувуунд тохиолддог халдварт өвчнүүд нилээд олон боловч түгээмэл тохиолддог өвчнүүд нь пуллороз, сүрьеэ, цусан халдвар, томуу /шувууны тахал/, Ньюкаслын өвчин /хуурамч тахал/, лейкоз юм. Шувууны халдварт өвчнүүдийн гаралт, шинж тэмдэг, оношлох, тэмцэх арга хэмжээнүүд нь хүртэл өвөрмөц онцлогтой байдаг.
Б. Өвчний гаралт, шинж тэмдэг, оношлолт:
1. Шувууны пуллороз /үүсгэгч нь Sallmonella pullorum gallinarum/ нь дэгдээхийд гэдэс дотор, дотоод эрхтний гэмтлээр, бүдүүн тахианд өндгөвчний уутанцрын /фолликулын/ хэт өсөлтөөр илэрдэг халдварт өвчин. Үр хөврөл ба тэжээл боловсруулах замаар халдварлаж гол төлөв хавар, зун, намарт улирлын чанартай тогтмол гардаг. Үр хөврөлийнхөө үед халдвар авсан дэгдээхийнүүд гарангуутаа сул дорой болж, чацга алдах, өндөгнөөс гарснаас хойш халдвар авсан дэгдээхийнүүд 3-10 хоногтоо тэжээлдээ дургүй болох, сульдах, өд сөд нь бүрзийх, халуун нь +42-44 хэм хүртэл ихсэж, амьсгаа нь давхцах, чацга нь цагаан өнгийн шингэн байдалтай болж ихэнх дэгдээхийнүүд 10-15 хоногтоо голдуу үхнэ. 2-3 долоо хоногтоо дэгдээхийнүүд архаг хэлбэрээр өвчлөх нь их байна.
Оношийг өвчний гаралт, шинж тэмдэг, эмгэг хувиралтыг үндэслэн бактериологи, серологийн аргаар /цусны дусалд наалдуулах урвал тавьж/ шинжилж төгс болгоно.
2. Шувууны цусан халдвар /холера/ үүсгэгч нь pasteurella multocida А хэвшил/ нь хэт хурцаар тусвал гэнэт далавчаа хэд дахин дэвээд, унаж үхэх нь үзэгддэг ба хурц хэлбэрийн үед номой болж, өд сөд нь бүрзийж, толгойгоо далавчин дороо хийж, далавчаа унжуулан суух, +41-44 хэм хүрч халуурах, хацар, хошуунаас нь хөөсөрхөг салс гоожих, цустай чацга алдах, залаа нь хөхөрч амьсгаа нь давхцан татганаж буюу унтаа байдалд орж үхдэг.
Оношийг өвчний гаралт, шинж тэмдэг, эмгэг хувиралтыг үндэслэн бактериологийн шинжилгээ хийж, үүсгэгчийн цэвэр өсгөвөр гарган, хоруу чанарыг нь тодорхойлсны үндсэнд тогтооно.
3. Шувууны сүрьеэ /үүсгэгч нь Mycobacterium avium/ нь голдуу архаг явцтай, тодорхой шинж тэмдэг илэрдэггүй ба түгмэл халдвар болсон үед сул дорой болох, өндөглөх нь цөөрөх, эцэж турах /цээжний булчин нь сөнөрөх/, гэдэс дотрын гэмтэл болсон үед чацга алдах, элэг гэмтвэл салст бүрхүүл, арьс нь шарлах, заримдаа сарвуу нь хавдаж томрох шинжүүд илэрч болно.
Оношийг задлан шинжилгээг үндэслэн гэмтсэн эрхтнээс нь түрхэц бэлтгэн микроскопоор харах болон аллергийн шинжилгээг хийж тогтооно.
4. Шувууны тахал/гриппа-чума птиц/ /томуу/ /үүсгэгч нь influenza virus –A/ нь амьсгалын болон тэжээл боловсруулах эрхтний гэмтэл, арьсны доод эслэг, залгиур хоолой, хүзүү, цээж, хөлний орчмоор хавагнах, цус хурах, сул дорой байдалд орох, үжлийн шинж илрэх зэргээр тусдаг хавьтал халдварт өвчин. Мөн зүрх, дотоод эрхтнүүдэд болон салст бүрхүүл, нүд, залгиур хоолойны салст бүрхүүл үрэвссэн байна. Өвчилсөн тахиа сул дорой байдалд орж, амьсгаадах, хамар, амнаас нь шингэн гоожих, явахдаа гуйвах, саа тусах, залаа нь хөхрөх, чацга алдах зэргээр өвчилж үхнэ.
Оношийг өвчний гаралт, шинж тэмдэг, эмгэг хувиралтуудыг харгалзан, цусанд нь өвөрмөц антител байгааг тодорхойлох, вирусыг өсгөвөрлөх зэргээр тогтооно.
5. Шувууны Ньюкасла – хуурамч тахал өвчин /үүсгэгч нь РНХ агуулсан Paramyxoviridae –ийн язгуурт хамаарах вирус/ нь тахианы төрлийн шувуу өвчилдөг амьсгалын болон тэжээл боловсруулах эрхтэн, төв мэдрэлийн системийн гэмтлээр илэрдэг хэт хавьтал халдварт өвчин. Халдвар нь бохирлогдсон агаар, ус, тэжээлээр болон инкубаторын зориулалттай үржлийн өндгөөр дамжин тархана. Ньюкаслыг хэв шинжтэй ба хэв шинжгүй хэлбэрээр тусдаг гэж үздэг. Хэв шинжгүйгээр илэрсэн үед халуурч тэжээл идэхээ больж, амнаас нь өмхий үнэртэй шингэн гоожих, цустай салсархаг чацга алдах, амаа ангайлган амьсгаадах, мэдрэлийн систем гэмтсэнээс саажиж, хүзүүгээ нугалах, далавч, сүүл нь унжих, босож чадахгүй болох, өндөглөхөө больж, кератоконьюктивит, перитонит болж үхнэ. Хэв шинжгүй хэлбэрээр голдуу дэгдээхийнүүд өвчилж, хөл далавч нь саажиж, толгойгоо мурийлган хэвтэх төдийгөөр илэрнэ.
Оношийг өвчний гаралт, шинж тэмдгийг үндэслэн тогтоодог боловч лабораторийн нөхцөлд вирусыг нь гаргаж цус наалдуулах, цус наалдалтыг саатуулах урвалууд тавьж тогтооно.
6. Шувууны лейкоз /үүсгэгч нь РНХ агуулсан өмөн үү үүсгэдэг Oncevirus/ нь цус төлжүүлэх эрхтнийг гэмтээж, хөгжиж гүйцээгүй цусны эсүүд олшрох, элэг дэлүү бөөр өндгөвчинд өмөн үү-хавдар гарах шинжээр илэрдэг архаг урсгал явцтай халдварт өвчин. Ихэвчлэн 4 сартайгаас дээш насны дэгдээхийнүүд өвчилнө. Өвчилсөн шувуу эхлээд сул дорой болох, чацга алдах, турах, залаа нь цайрч үрчийж хатна. Заримдаа элэг нь хагарч үхэх явдал үзэгдэнэ. Чөмөгний хавдар болсон үед хөлний яс бүдүүрч, улмаар бүх яс нь зузаардаг. Үхсэн шувууг задалж үзэхэд элэг дэлүү, бөөр их томорсон, дотор эрхтнүүдэд өөхлөг байдалтай том, жижиг цагаан өнгийн булдруунууд бий болсон, өндгөвч нь бор өнгийн олон жижиг хатуу булдруунуудтай болсон, зарим тахианы арьсны доод эслэг ба булчинд өөхөнцөр маягийн том булдруунууд үүссэн байна.
Оношийг шинж тэмдэг, эмгэг хувиралтыг нь харгалзан тогтооно. Мөн цусны шинжилгээ, гистологийн шинжилгээ хийж төгс болгоно.
II. Тэмцэх арга хэмжээ
Бүх төрлийн тэжээвэр шувуу нь бусад мал, амьтдыг бодвол харьцангуй их биш газар, байранд олон тоогоор суурилагдан маллагддаг тул халдварт өвчин гарвал олноор өвчилж, үхдэгийн дээр эмчлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч явуулахад үлэмж зардал гардаг тул шувууг аль болохоор хорио цээр, хязгаарлалтын нөхцөлд үржүүлж, түүний тэжээллэг, арчилгаа, эрүүл ахуйн нөхцөлд онцгой анхаарч байвал зохино. Иймд:
1. Шувуу үржүүлэгчид нь дор дурдсан үүргийг хүлээнэ.
Шувуун фабрик, шувууны ферм, аж ахуйн мал эмнэлэг-ариун цэврийн дүрэмд заагдсан шувуу үржүүлэх технологитой холбогдсон үндсэн заалтуудыг биелүүлж байх:
Хашаа хорооны нөхцөлд хувиараа шувуу үржүүлэгчид нь шувууны арчилгаа, маллагаа, тэжээллэг, ариун цэвэр-эрүүл ахуйн нөхцөл болон хязгаарлалтын дэг журмыг сахиж гадны хүнийг шувууны байраар оруулах, шувууг чөлөөтэй сэлгүүцүүлэхгүй байлгах
Шувуу үржүүлж буй газар, байрны ойролцоо нохой, муур мэтийн махчин амьтад байлгахыг хориглох:
Шувуу маллагчид нь тогтоосон журмын дагуу хүн эмнэлгийн байгууллагад эрүүл мэндээ үзүүлж жил бүр сүрьеэтэй хүнээр шувуу маллуулахыг хориглох:
Өндөглөгчийг улиралд нэг удаа, өсвөр насны шувууны бойжилтыг харгалзан 45-60, 180-210 хоногтойд нь сүрьеэгийн шинжилгээ хийлгэж, өвчтэйг тэр дор нь устгах, сэжигтэйг нядалж, махыг нь боловсруулах арга хэмжээ авч байна.
Сүрьеэгийн шинжилгээгээр бүх шувууны 4-өөс дээш хувь нь, пуллорозоор 15-аас дээш хувь нь тус тус өвчтэй гарвал бүх шувууг заазална.
Шувууг нядлах, өндгийг нь борлуулах бүрдээ малын эмчид үзүүлж, зохих зөвшөөрлийг авч байна.
Шувууны байрыг байнга цэвэрлэж, тогтоосон хугацаанд нь халдваргүйжүүлэлт хийх байх:
Цусан халдвар, пуллорозоос сэргийлэх зорилгоор шувууны тэжээлд сульфаниламид, нитрофураны бүлгийн эмүүд, антибиотикуудыг зохих зааврын дагуу хольж, хэрэглэдэг болох, мөн сүү-исгэлэнгийн бэлдмэлүүдийг өргөн ашиглаж байх:
Шувууны тахал, хуурамч тахал, цусан халдвар өвчнүүдээс сэргийлэх тарилгыг шаардлагын дагуу хийлгэж байх:
Б. Малын эмчээс хүлээх үүрэг:
1. Шувууны аж ахуйн мал эмнэлэг ариун цэвэр, эрүүл ахуйн дэг журам, шувуу үржүүлэх технологийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавьж зохих зааварчилга өгч байх:
2. Шувуу нядлах, өндөг борлуулах бүрд нь үзлэг, шинжилгээ хийж, нийтийн хэрэгцээнд гаргах тухай зөвшөөрөл олгох, өвчтэй ба өвчний сэжигтэй шувууны мах, өндгийг устгуулах, боловсруулах арга хэмжээг авч байх:
3. Сүрьеэ, пуллорозын шинжилгээг зохих зааврын дагуу хийж, зааварт тусгагдсан журмын дагуу нядлуулах, устгуулах арга хэмжээг авч байх:
4. Шувуу үржүүлэх технологийн дагуу цусан халдвар болон шувууны тахал, хуурамч тахлаас сэргийлэх тарилгуудыг хийж байх:
5. Шувууны үхэл, хорогдлын шалтгааныг цаг тухайд нь тогтоох арга хэмжээ авч байх:
6. Шувууны тахал, хуурамч тахал, цусан халдвар гарсан тохиолдолд хорио цээр тогтоон, өвчтэй ба сэжигтэйг нядлуулж, халдварын сэжигтэйг сэргийлэн тарихын зэрэгцээ мах, өндгийг нь газар дээр нь боловсруулах, өд сөдийг нь халдваргүйжүүлсний дараа гадагш гаргахыг зөвшөөрнө.
7. Шувууны аж ахуйг хариуцан ажиллаж буй эмч нар нь шувуу үржүүлэх технологи болон шувууны өвчнүүдтэй тэмцэх талаар тусгай курст сууж, мэргэжил мэдлэгээ дээшлүүлсэн байвал зохино.
8. Шувуу үржүүлэх, тэжээх, арчлах, мах өндгийг нь борлуулах явцад гарсан зөрчлүүдийг малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хуулийн дагуу шийдвэрлэж байна.
9. Шувууны байр, тоног хэрэгслийг халдваргүйжүүлэхэд 1,5-3 хувийн идэмхий натри, 3 хувийн хлорын шохой, 5 хувийн креолин, 1 хувийн формальдегид, 1 хувийн цууны хүчил зэрэг халдваргүйжүүлэх бодисуудыг өргөн хэрэглэнэ.
ТУУЛАЙН ХАЛДВАРТ ӨВЧНҮҮДТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР
I. Ерөнхий зүйл
А. Тодорхойлолт:
Гэрийн тэжээвэр туулайд миксоматоз, цусан халдвар, трепонемоз, стафилококкоз зэрэг халдварт өвчнүүд голдуу гарч туулай үржүүлэх, ашиг шимийг нь ашиглахад ихээхэн хохирол учруулдаг.
1. Миксоматоз /үүсгэгч нь ДНХ агуулсан Leporipox virus –ийн төрөлд хамаарна/ нь туулайн толгой, бэлэг эрхтэн, хошного болон бусад газрын арьсны доод эслэгт усан хаван үүсэж, нүдний салст бүрхүүлийн үрэвслээр илэрдэг хавьтал халдварт хурц явцтай өвчин. Байгалийн нөхцөлд өвчин үүсгэгчийг тээгч нь зэрлэг туулай юм. Өвчилсөн туулайны 2 нүднээс эхлээд салслаг, дараа нь идээтэй нулимс гоожих, зовхи нь хавагнах, дараа нь чихний уг, толгой, нуруугаар нь хавагнаж, тодлгой нь их том болж, арслангийн толгой маягтай болно. Энэ үед их турж амьсгаадан салст бүрхүүлүүд нь хөхөрч 5-10 хоногтоо үхнэ.
Оношийг шинж тэмдэг, эмгэг хувиралтад үндэслэн тогтооно.
2. Трехопонемоз /үүсгэгч нь Treponema cunicili хүний тэмбүү ярын үүсгэгчтэй нэг төрөлд хамаарна./ нь туулайны бэлэг эрхтний гадна талын болон хошногоны арьсны гэмтлээр илэрдэг архаг өвчин. Хээлтүүлгийн үед бэлгийн замаар халдварлана. Өвчилсөн туулайны бэлгийн уруул, тээрхий, шулуун гэдэс улай хавдах, яр гарах, гэмтсэн хэсгээс нь салслаг юмуу идээтэй шүүс гоожиж хөх улаан өнгөтэй дайраар бүрхэгдэнэ. Өвчлөлт хэдэн сар, жилээр үргэлжилнэ.
Оношийг шинж тэмдгийг үндэслэн, гоождос, шүүрлийг микроскопоор шинжилж, спирохетүүдийг нь харснаар бататгана.
3. Цусан халдвар /үүсгэгч нь Pastereulla multocida / нь туулайд хурц хэлбэрээр тусан амьсгалын дээд замын гэмтлийн шинжээр илэрч найтаах, огцом халуурах, номой байдалд орж, салст бүрхүүлүүд нь улайх заримдаа чацга алдах зэргээр өвчилж, 1-2 хоногтоо үхнэ.
Тогтмол гардаг сүрэгтээ архаг хэлбэрт орж, хамар, нүдний салст бүрхүүл үрэвсэх, чацга алдах, уушигны ширхэнцэрт идээт үрэвсэл болж арьсны доод эслэгт идээт буглаа үүсэх зэргээр илэрнэ.
Оношийг өвчний гаралтын байдал, шинж тэмдэг, эмгэг хувиралт зэргийг нь үндэслэн бактериологийн шинжилгээ хийж, үүсгэгчийн цэвэр өсгөвөр ялган хоруу чанарыг нь тогтоож төгс болгоно.
4. Стафилококкоз нь /үүсгэгч нь Staphylococcus pyogenes aureus / биеийн энд тэнд идээт буглаа үүсэх, үжил болох шинжээр илэрдэг өвчин. Идээт үжлийн шинжээр тусахад 1-3 хоногтой бүжингийн арьсанд шар будааны хэртэй олон тооны идээт буглаа гарч хэдхэн хоногийн дотор үхнэ. Биеийн янз бүрийн хэсэгт буглаа үүсэх хэлбэрийн үед уруул, толгой, нуруу, хавирганы арьсан доогуур шар будааны хэмжээнээс алимны хиртэй том буглаанууд үүснэ.
Мөн нүдний ухархай уураг тархи, дэлэн бусад эрхтнүүдэд ч идээт буглаанууд үүсэж халуурч үхдэг.
Оношийг өвчний шинж тэмдгийг харгалзан тогтоохын зэрэгцээ идээ бээрийг нь шинжилж, хоруу чанартай стафилококкийн өсгөвөр гаргаж бататгана.
II. Тэмцэх арга хэмжээ
Туулай үржүүлэгчид нь туулайн халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор хашаа, байранд нь нохой, муур оруулахгүй байлгах мэргэчидтэй тэмцэх арга хэмжээ авах, байрыг нь тогтмол халдваргүйжүүлж байхын зэрэгцээ хээлтүүлгийн өмнө болон төллөлтийн үед толгой дараалан үзлэг хийж, өвчтэйг нь ялган тусгаарлаж байх нь чухал юм.
1. Миксоматоз гарсан тохиолдолд хорио цээр тогтоон туулайн байрны орчмын хулгана, зурамтай болон цус сорогч шавьжуудтай тэмцэх ажил зохионо.
• Өвчтэй ба өвчний сэжигтэйг устгах, халдварын сэжигтэйг нядалж, халдваргүйжүүлэлт хийсэн нөхцөлд мах, арьс, ноолуурыг нь ашиглахыг зөвшөөрнө.
• Туулайн фиброматоз өвчнөөс сэргийлэх вакцин хэрэглэж сэргийлж болно.
2. Стафилококкоз гарсан үед өвчний байдлыг харгалзан эмчлэх ажил зохионын зэрэгцээ туулайны байр, багаж, хэрэгслүүдээ цэвэрлэж, халдваргүйжүүлэлтийг маш сайн хийх, дэлэнгийн үрэвсэл, нилээд үзэгдэж буй сүргийн эм туулайг стафилокоокийн анатоксинаар 2 удаа 10-12 хоногийн завсартайгаар 0,5 мл-ээр хээлийн 15-17 хоногтой үед тарина.
3. Трепонемоз гарсан үед шархыг эмчлэхийн зэрэгцээ чихний судсанд нв 2 долл хоногийн завсарлагатайгаар 2 удаа 8 хувийн новарсенолын уусмалаас 1 кг масс тутамд 1,0 мл орохоор бодож тарина. Мөн 10%-ийн салицилат висмутыг 1 кг тутамд 0,7-0,8 мл орохоор бодож булчинд нь тарина. Бациллинийг өдөрт 5-15 мянган үйлчлэх нэгж/кг тунгаар тарина. Хээлтүүлэгт оруулахын өмнө сайтар үзлэг хийж, өвчтэйг ялган эмчлэхийн зэрэгцээ байрыг нь сайтар халдваргүйжүүлнэ.
4. Цусан халдвар гарсан үед хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлэн бүх өвчтэй туулайг нядалж, байрыг нь халдваргүйжүүлнэ.
- 24 цаг өнгөрсний дараа 45 хоногоос дээш настай бүх туулайд туулайны цусан халдвараас сэргийлэх вакцин тарина.
Бүх эрүүл туулайнд тетрамицин, биомицин зэрэг олдоц сайтай антибиотикоор зохих арга тунгаар хэрэглэн сэргийлэх боловсруулалт хийнэ.
- 10-20 хувийн шохойн уусмал, 1-2 хувийн натри, калийн шүлтний уусмал, 2-5 хувийн содын уусмал, 1 хувийн формалин болон карболын уусмалаар халдваргүйжүүлнэ.
ЗӨГИЙН ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР
I. Ерөнхий зүйл
А. Тодорхойлолт:
Зөгий нилээд олон төрлийн халдварт, паразиттах өвчнүүдээр өвчилж хорогддог тул тэдгээр нь зөгий үржүүлж, бал үйлдвэрлэх болон бусад үнэт зүйлүүдийг нь ашиглахад ихээхэн хохирол учруулна. Ийм өвчнүүдийн тоонд зөгийн америк илжрэл, европ илжрэл үрвэлдэйн шолхойлт, саажилт, гафиноз, аспергиллез зэрэг болно.
Б. Өвчний гаралт, шинж тэмдэг, оношлолт:
1. Америк илжрэл /үүсгэгч нь Bacillus larvoe/ нь зөгийн авгалдайнууд хүүхэлдэй болох үедээ илжрэн үхэх болон зөгийнүүдийн доройтлоор илэрдэг зөгийн бүлийн халдварт өвчин. Эрүүл зөгийн бүл үүрний сархиагийн ташаалавчуудыг нэг үелбэрийн үрвэлдэйгээр жигд дүүргэсэн байхад өвчилсөн бүлийнх жигд бус зарим ташаалавчуудад залуу авгалдайнууд, саяхан гаргасан үрвэлдэйнүүд эсвэл үхсэн авгалдайнууд холимог байдаг. Өвчний эхэн үед авгалдайн үелгүүд мэдэгдэхээ больж, гялалзсан цагаан өнгөө алдаж хальс, нимгэрч амархан урагдаж, сүүлдээ хар хүрэн өнгийн зүйл болон хатаж сархиагийн ташаалавчуудын ёроолд наалдана.
Оношийг дээр дурдсан шинж тэмдэг, авгалдайнуудын илжрэл зэргийг үндэслэн авгалдай ялзарч үхсэн сархиагийн хэсгийг лабораторид явуулан шинжлүүлж төгс болно.
2. Европ илжрэл /үүсгэгч нь Streptococcus pluton/ нь 4-7 хоногтоо авгалдайнууд олноороо үхэж, хорогдох байдлаар илэрдэг зөгийн бүлийн халдварт өвчин. Хаврын сүүл буюу зуны эхэн сард үржилт үргэлжилж, байгаа үеэр гардаг. Өвчилсөн зөгийн бүлийн сархиагийг үзэхэд эрүүл үрвэлдэй бүхий ташаалавчнууд тохиолдоно. Гэмтсэн авгалдай шаравтар өнгөтэй болж байршлаа өөрчилж, ташаалавчийнхаа ёроолд, хананд, амсарт хүртэл байрласан байдаг. Аажмаар эвгүй исгэлэн буюу илжрэлийн үнэртэй, хүрэн өнгийн зүйл болж хувирна.
Оношийг өвчний ерөнхий шинж тэмдгийг харгалзан лабораторийн шинжилгээний үндсэнд тогтооно. Лабораторид үхсэн авгалдайтай сархиагийн хэсгийг явуулна.
3. Үрвэлдэйн шолхойлт /үүсгэгч нь РНХ агуулсан вирус / нь зөгийн хөгжсөн авгалдайнуудын бие шингэнээр дүүрч, уут маягтай болж үхдэг зөгийн бүлийн халдварт өвчин. Өвчин үүсгэгч вирус нь 5-6 хоногтой авгалдайнуудыг өвчлүүлдэг ба том зөгийнүүд далд хэлбэрээр өвчилж авгалдай хүрэвтэр өнгөтэй шингэнээр дүүрсэн уут маягтай болж, үхэхдээ үрчийж, хатдаг ба ташаалавчаасаа амархан ховхорно.
Оношийг өвчний гаралт, шинж тэмдгийг үндэслэн тогтооно.
4. Саажилт /үүсгэгч нь РНХ агуулсан Marato virus paralysis / нь /хар үхэл/ том зөгийнүүд олноороо үхэж, хорогдох байдлаар илэрдэг халдварт өвчин. Өвчний эхэн үед зөгийнүүд хөдөлгөөн ихтэй болдог боловч сүүлдээ гадны цочролыг мэдрэх, түүнээс биеэ хамгаалахаа больж, нисэх нь муудаж, агаарт хөөрөх чадвар нь доройтно: Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй сууж, биед нь хүрэхэд далавчаа хөдөлгөх төдий хариулна. Үхсэн өвчилсөн зөгийн үс нь унасан, гялалзсан хар тосорхог өнгөтэй байна. Өвчилсөн зөгийнүүд хөшсөн байдалд орж үхнэ.
Оношийг өвчний гаралт, шинж тэмдгийг нь харгалзан тогтооно.
5. Гафниоз /үүсгэгч нь Halfnia alvei/ нь өвлийн сүүл, хаврын улиралд зөгийнүүд чацга алдаж, олноороо үхдэг зөгийн халдварт өвчин. Ихэвчлэн ажилчин зөгийнүүдэд өвлийн цагт муудсан бал өгөх, хүйтэн чийгтэй байранд байлгах буюу заримдаа зуны цагт хүйтэн борооны үеэр өвчилж 60-70 хувь нь хорогдоно. Өвчилсөн зөгий сульдаж, үүрнийхээ ёроолд гэдсээрээ мөлхөх, нисэж чадахгүй болох, чацга алдах заримдаа хөл нь саажна. Хаврын нисэлтийн үеэр үнэртэй, наалдамхай хүрэн өнгийн шингэн ялгадас гаргаж үхнэ. Үүрийг нь үзэхэд сархиаг нь наалдамхай шингэн хүрэн ялгадсаар бохирлогдсон байх ба өвчилж үхсэн зөгийн хэвлийг хагалж үзэхэд булингартай цагаан буюу бор саарал өнгөтэй шингэнээр дүүрсэн байна.
Оношийг өвчний гаралт, шинж тэмдгийг харгалзан заавал бактериологийн шинжилгээ хийж үүсгэгчийг нь цэврээр өсгөвөрлөн гаргаж хэвшлийг нь тодорхойлох замаар тогтооно.
6. Аспергиллез /үүсгэгч нь Aspergillus flavus гэдэг мөөгөнцөр/ нь бүх үелбэрийн авгалдай, хүүхэлдэй болон заримдаа том зөгийг гэмтээдэг халдварт өвчин. Ажилчин зөгийнүүд эспиргиллын споруудыг цэцгийн тоос, шүүстэй хамт үүрэндээ авчирдаг тул үүрийн температур +24-25 хэм, чийглэг нь 95-100 хувьд хүрсэн нөхцөлд зөгийн үүрний сархиагт мөөгөнцөр ургаж улмаар авгалдайнуудыг нь гэмтээнэ. Мөөгний мицелүүд эхлээд толгойн хэсэгт нь гарч, дараа нь бүр биеийг нь бүрхэнэ. Өвчилсөн авгалдайнууд 10-12 хоногтоо үхдэг ба шаравтар туяатай булингартай үрчгэр, чулуулаг хатуу болно. Том зөгийнүүд сул дорой байдалд ордог ба гэдсэнд нь мөөгний мицели үржиж дотор эрхтэн, булчингуудыг нь гэмтээдэг тул эхлээд гэдэс нь дараа нь цээж нь хатуурна. Том зөгийнүүд үүрнийхээ орчим буюу үүрэн дотроо үхэж эхэлнэ.
Оношийг бүх үүрийг шалгаж үхсэн авгалдайнууд нь хатуурсан ташаалавчууд нь шар ногоон өнгийн өнгөрөөр хучигдсан нь хучигдсан зэрэг шинж тэмдгүүдийг үндэслэн лабораторид үхсэн авгалдайтай сархиагийн хэсгийг явуулж шинжлүүлж тогтооно.
II. Тэмцэх арга хэмжээ
Зөгийн халдварт өвчнөөс сэргийлэх үндсэн арга нь зөгий үржүүлж буй газрыг мал эмнэлгийн хяналтад байлгаж зөгийн бүл, үүр, багаж хэрэгслүүдэд мал эмнэлэг ариун цэврийн боловсруулалт тогтмол хийлгэж байх явдал юм. Иймд:
Зөгийн аж ахуйн эрхлэгчид, хувиараа зөгий үржүүлэгчид:
• Зөгий үхэж хорогдох, халдварт өвчний сэжиг гарсан тохиолдолд мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэж байх:
• Зөгийн бүлүүдийг зөгийн үүр дотор нь болон үүрүүдийн хооронд нь нийлүүлэхгүй байх:
• Шинээр үүр барьж эрүүл зөгийн бүлүүдийг шилжүүлэх арга хэмжээ авах:
• Өвчин гарсан зөгийн үүр, сархиагийг халдваргүйжүүлэх, үхсэн зөгийн сэгийг цуглуулж, шатааж устгах:
• Үхсэн зөгий, авгалдай, хүүхэлдэй бүхий сархиагийн хэсгийг мал эмнэлгийн шинжилгээнд явуулж, онош тогтоолгох арга хэмжээг авч байх:
Малын эмч нар өвчний оношийг тодруулна.
• Америк, илжрэл, Европ илжрэл, вируст саажилт, гафниоз зэрэг өвчин гарсан тохиолдолд эмчилгээний тэжээл бэлтгүүлэн хэрэглүүлнэ. Үүнд: нэг хувь сахар, нэг хувь ус орохоор бодож саахарын уусмал бэлтгэн түүндээ сульфаниламид, биомицин, неомицин, тетрациклин, эритромицин, мономицин, окситетрациклин, стрептомицин зэргийг зохих тунгаар нь хольж, тухайн өвчнүүдийг эмчлэх зааврыг баримтлан өгүүлнэ.
• Өвчин гарсан зөгийн үүр, жааз, сархиаг, багаж хэрэгслүүдийг 10 хувийн устөрөгчийн хэт исэл, 3%-ийн шоргоолжны хүчил, цууны хүёил, 5%-ийн формальдегид, идэмхий натрийн 0,5%-ийн уусмалуудаар 1м2-т 1 литр орохоор /12 жаазтай үүрт/ бодож халдваргүйжүүлэлт хийж, тэжээлийг нь сайжруулах арга хэмжээ авна.
Текст томруулах
A
A
A