A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗАРИМ МЕХАНИКЖСАН АЖЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАРЧИЛГА
Бүлэг: 1979
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын Сайд, Хөдөө аж ахуй үйлдвэрийн Сайдын 1996 оны а/288 тоот тушаалын хавсралт
 
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗАРИМ МЕХАНИКЖСАН АЖЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАРЧИЛГА
 
Нэг. Машин, техникт тавих аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага
1.          Хөдөө аж ахуйн механикжсан ажил гүйцэтгэгчдэд тухайн аж ахуйн нэгжийн инженер, механик, бригад, хэсгийн ахлагч болон ажил олгогчоос эрх олгож, үүрэг хүлээлгэсэн албан тушаалтан аюулгүй ажиллагааны зааварчилга өгч тусгай тогтоосон маягтын дагуу бүртгэл хөтөлж байна.
2.          Хөдөө аж ахуйн төрөл бүрийн механикжсан ажил гүйцэтгэгчид нь гүйцэтгэж байгаа ажлын талаар аюулгүй ажиллагааны зааварчилгыг заавал авсан байна. Нэг ажлаас өөр төрлийн ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлэхдээ өөрөө явагч механизмын жолооч нар, хөдөө аж ахуйн машин дээр ажиллагчдад нэмэлт зааварчилгыг урьдчилан өгч байвал зохино.
3.          Өөрөө явагч механизмын жолооч нь 18 нас хүрсэн, техник эзэмших мэргэжлийн үнэмлэхтэй, аюулгүй ажиллагааны арга техникийн талаар сургалтад хамрагдаж шалгалт өгсөн, зааварчилга авсан байх ёстой. Энэ шаардлага хангаагүй хүмүүсээр ажил гүйцэтгүүлэхийг хориглоно.
4.          Хөдөө аж ахуйн тусгай зориулалтын машин механизм /чиргүүл, дүүжин/ дээр 18 насанд хүрсэн агротехникийн болон аюулгүй ажиллагааны зааварчилга авсан сургалтад хамрагдсан хүмүүсийг ажиллуулна.
            Насанд хүрээгүй /16-17насны/ хүүхдийг хөдөө аж ахуйн машин дээр ажиллуулахдаа эцэг эхийн зөвшөөрлийн үндсэн дээр агрегатын ахлагчийн хяналтын дор ажиллуулна.
            Насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулахдаа түүний эрүүл мэндийн байдлыг шалгуулж, техник дээр биеэр нь ажиллуулж, зааж сурган ажлын арга барил эзэмшүүлэхийн хамт агрегатын ахлагч ажлын байранд нь аюулгүй ажиллагааны зааварчилгыг байнга өгч байна.
5.          Хоёр ба түүнээс дээш хүн ажиллаж байгаа агрегат дээр ажиллагчдын дотроос агрегатын ахлагч томилж ажиллуулна. Ахлагч нь нь өөрөө явагч механизмын жолоочтой хоёр талын дуут дохиогоор холбогдож машин механизмд гэмтэл гарсан, осол тохиолдсон үед дохио өгч зогсоохоос гадна аюул ослоос бусдыгаа сэрэмжлүүлэх үүрэгтэй байна.
6.          Согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн механикжуулагчид, ажилчдаар трактор, комбайн болон хөдөө аж ахуйн бусад машин механизмаар ажил гүйцэтгүүлэх, засвар үйлчилгээ хийлгэхийг хатуу хориглоно.
7.          Өөрөө явагч болон хөдөө аж ахуйн бусад машин механизмууд нь үйлдвэрээсээ гаргасан технологийн болон аюулгүй ажиллагааны зааварчилгад заасан техникийн шаардлагыг бүрэн хангасан байвал зохино. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага бүрэн хангаагүй машин механизм, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хөдөө аж ахуйн механикжсан ажилд ашиглахыг хориглоно.
8.          Хөдөлгөөнтэй ба эргэх хэсэг карданан гол, гинжин ба ремен араат дамжуулагчдын хаалт, хамгаалалтыг бүрэн хийж ослоос сэргийлэх арга хэмжээг авсан байна. Хаалт хамгаалалтын гадна талыг ялгагдах содон тод өнгөөр будна.
9.          Өөрөө явагч механизмын бүхээг дараах шаардлагыг хангасан байвал зохино.
a/ хойд, урд, хажуугийн шил нь бүрэн бүтэн байх, /шилний оронд өөр материал хэрэглэн хааж болохгүй/;
б/ хажуугийн шил нь дээш доошоо нээгдэж хаагддаг байхын хамт түгжигддэг байх шаардлага хангах;
в/ шил арчигч нь заавал ажилтай байх бөгөөд бүхээгийн хаалганы түгжээ бүрэн бүтэн, явдал дунд өөрөө онгойхгүй найдвартай түгжигддэг байх;
г/ хянах самбар хэвийн ажиллагаатай, шөнийн цагт гэрэлтүүлэгчтэй байх;
д/ бүхээгт тоос, шороо орохоос хамгаалж хөшүүрэг дөрөөний угт тохирсон гэртэй байх ба шаланд резинэн дэвсгэр дэвсэх.
10.         Өөрөө явагч механизм бүрт эмийн сан, ундны ус хадгалах сав, халуун савтай байх ба тэдгээрийг зориулалтын дагуу ашигладаг байвал зохино.
11.         Өөрөө явагч механизмын жолооч нар нь ажил олгогчоос "Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгох" жагсаалтад дурьдсан хувцас хэрэгслэлээр хангагдсан байна.
12.         Хөдөө аж ахуйн тусгай зориулалтын машин дээр ажиллагчид нь ажлын комбинзон, гарын бээлий, амны хаалт, нүдний шилтэй ажиллах хэрэгтэй.
13.         Хөдөө аж ахуйн ажлыг гүйцэтгэхдээ химийн болон хорт бодистой ажиллах, ачааг ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны зааварчилга гэх мэт бусад салбарт мөрдөгддөг түгээмэл мэргэжлийн ажлын зааварчилгыг нэг адил мөрдөнө.
Хоёр. Хөрс боловсруулалтын ажилд тавигдах аюулгүй ажиллагааны шаардлага
14.     Хөрс боловсруулалтын дүүжин чиргүүл машин /анжис, боной, сийрүүлэгч, бул, сэндчлүүр гэх мэт /-уудыг тракторт бэх бат холбосон байвал зохино.
15.     Хөрс боловсруулалтын машинуудыг цэвэрлэхдээ тусгай зориулалттай багаж борнойг дээш сөхөх зориулалт бүхий урт иштэй дэгээ зэрэг багаж хэрэгслэлээр гүйцэтгэнэ. Зориулалтын багажгүй ажиллахыг хориглоно.
16.     Дүүжин чиргүүл машиныг өргөж буулгах тракторын гидросистем бүрэн ажиллахгүй өргөж чадахгүй байгаа нөхцөлд ажил гүйцэтгэхийг хориглоно.
17.     Дүүжин чиргүүл машины удирдлагын хөшүүрэг найдвартай ажиллаж түгжигддэг байх шаардлагатай ба эдгээр машины ажиллагааг жолооч тракторын бүхээгээсээ удирдана.
18.     Талбайд байгаа ургаа чулуу, талбайн гадна эргэлтийн зурваст байгаа эрэг ганганы дэргэд өөрөө явагч механизмын жолооч нарт харагдахуйц газар анхааруулсан тэмдэг тавьсан байвал зохино.
19.     Талбайг бууц, эрдэс бордоогоор бордох, талбайд химийн хорт бодис хэрэглэх, үрийг хордуулахад ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, аюулгүй ажиллах талаар тусгай сургалтад хамруулж тодорхой зааварчилга өгсөн байна.
20.     Химийн хорт бодис хэрэглэх, эрдэс бордоогоор хөрсийг бордоход 18 нас хүрээгүй хүүхэд, жирэмсэн ба хөхүүл хүүхэдтэй эхчүүд, эмнэлгийн үзлэгээр хорт бодистой ажиллахыг зөвшөөрөөгүй хүмүүсээр ажил гүйцэтгүүлэхийг хориглоно.
21.     Химийн хорт бодистой харьцдаг ажилчдыг нэг бүрийн хамгаалах хэрэгслэлээр хангах ба ажилчид нь ажлын үед ажлын хувцас, хамгаалах хэрэгслэлээ өмсөж, хэрэглэж хэвшсэн байна. Химийн хорт бодистой харьцдаг ажилчдыг хооллох, гар угаах, усанд орох, амрах нөхцөл бололцоогоор хангагдсан тусгай байранд байрлуулна.
22.     Бордоо цацагчийн хүч дамжуулах голын хаалт хамгаалалт болон тэвшний урд талд хамгаалалтын тор хийсэн байвал зохино.
23.     Үрийг хуурай аргаар хордуулах, нунтаг бордоог ачиж буулгахдаа салхины уруу чиглэлд гүйцэтгэхээр ажлыг зохион байгуулна.
24.     Химийн хортой бодисоор бохирдсон болон эрдэс бордоо хийж байсан сав, баглаа боодол болон агуулахыг хүнсний бүтээгдэхүүн савлах, хадгалахад ашиглахыг хориглоно.
25.     Салхины хурд 4 м/сек-ээс дээш байгаа нөхцөлд талбайд химийн хорт бодис, эрдэс бордоо хэрэглэхийг хориглоно.
Гурав. Тариалалтын ажилд тавигдах аюулгүй ажиллагааны шаардлага
26.     Үр суулгах агрегатыг ажилд бэлэн эсэхийг тракторчин ажилд гарахын өмнө өөрөө биечлэн шалгана. Трактортай холбогдсон хэсэг түүний бэхэлгээ, өргөн холбоонд үрлэгчийг холбосон байдал, үрлэгч машины эргэх механизмын хаалт хамгаалалт бүрэн бүтэн байгаа эсэх, гар татуурга чөлөөтэй ажиллаж буй эсэхийг шалгана.
27.     Үр суулгагч машин дээр ажиллагч нь хордуулсан будааг үрийн хайрцагт тараах модон хүрз, амны хаалт, нүдний шилтэй байх ба үрийн хоолойг цэвэрлэх зориулалттай дэгээ төмөр зэргээр хангагдсан байвал зохино.
28.     Үр суулгагчийн гишгүүрийн тавцан 25 см-ээс багагүй өргөнтэй байх ба хөдөлгөөнгүйгээр бэхлэгдсэн бат бөх байна.  Бариул нь гөлгөр, бат бэх модоор хийгдсэн байна.
29.     Үр суулгагчийн араас борной, бул зүүвэл үрлэгчийн ар талд 1 метрийн өндөртэй хамгаалах хашлага хийж өгнө.
30.     Үрлэгчийг үр бордоогоор цэнэглэхдээ зөвхөн эргэлтийн талбайд, агрегатыг гүйцэд зогссон нөхцөлд механикжсан буюу гар аргаар гүйцэтгэнэ.
31.     Тариалалт дууссаны дараа ууттай хордуулсан будааг талбайд ил задгай орхиж болохгүй бөгөөд хордуулсан будаа гэсэн хаяг нааж агуулахад тушааж тусад нь хадгалуулбал зохино.
Дөрөв. Хураалтад ажиллах комбайнчинд өгөх аюулгүй ажиллагааны зааварчилга
            Аюулгүй ажиллагааны энэхүү зааварчилгыг тариа хураалтын ажилд гарахын өмнө комбайн дээр ажиллагч комбайнчин нэг бүрт тухайн аж ахуйн нэгжийн инженер, механикч бригадын дарга эсвэл машин техникийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан албан тушаалтан нар тодорхой тайлбарлан өгч, шаардлагатай бол уншуулан танилцуулж гарын үсэг зуруулсан байвал зохино.
 
32.     Комбайнчин нь ажилд гарахаас өмнө комбайндаа дараах үзлэг шалгалт хийсэн байна. Үүнд:
а/ гинжит ба араат хүч дамжуулах голууд, ремен дамжуулагчийн хаалт хамгаалалт, тэдний бэхэлгээ бүрэн эсэхийг ;
б/ жолооны механизм хэвийн ажилтай эсэх, түүний холхих хөдөлгөөн 15 хэмээс ихгүй байгаа эсэхийг;
в/ тоормосны ажиллагаа найдвартай эсэх түүний тохируулга ямар байгааг шалгана. Жолооны болон тоормосны механизм хэвийн биш ажилтай комбайн дээр ажиллахыг хатуу хориглоно.
33.     Комбайнаар ажил гүйцэтгэх үед комбайнчин дараах журмыг хатуу мөрдөж ажиллана. Үүнд:
а/ хадах аппарат, цайруулах барабан, шигшүүрийн гацааг гаргаж цэвэрлэх үедээ хөдөлгүүрийг бүрэн салгасны дараа зориулалтын багаж хэрэгслэлийг ашиглаж ажиллах;
б/ мохсон буюу хугарсан хутгыг солих, тэрчлэн хадах аппаратад тээглэсэн өвс сүрлийг цэвэрлэхдээ гартаа бээлий хийх, зориуд бэлтгэсэн дэгээ төмрийг ашиглавал зохино. Энэ ажлыг гүйцэтгэх үед жаткыг буулгасан байх ба өргөх механизмыг ажиллуулахыг хориглоно.
в/ комбайн доогуур орж эвдэрч гэмтсэн зүйлийг засахдаа комбайныг заавал унтрааж дугуйнд нь зориулалтын ивээс хийж ажиллавал зохино.
34.     Ургац хураалтын үед комбайнчин дараах журмыг хатуу мөрдөж ажиллана. Үүнд:
а/ бригадын дарга буюу удирдлагаас ажил гүйцэтгүүлэхээр хуваарилж өгсөн талбайгаас өөр талбайд зөвшөөрөлгүйгээр ажил гүйцэтгэх;
б/ зогсож байгаа байрнаас комбайныг хөдөлгөхийн өмнө орчин тойронд хүн, мал амьтан байгаа эсэхийг шалгаж, дуут дохио өгсний дараа хөдөлгөөнд орох;
в/ жолоог бусдад шилжүүлэх, хөдөлгүүрийг ажиллуулаад эзэнгүй орхих, комбайн дээр гадны хүн оруулж гаргах ;
г/ комбайныг ажиллуулж байгаа үедээ хадах, цайруулах аппаратын үйл ажиллагааг анхааралтай хянаж гацаа гарсан үед нь цэвэрлэгээг модон хүрзний туслалцаатайгаар хийнэ. Хадах, цайруулах эд ангийн ажиллагааг зогсоогоогүй нөхцөлд гацааг гаргах, цэвэрлэх ажиллагаа хийх, багажгүйгээр гараараа ухах, хөлөөрөө өшиглөж малтаж цэвэрлэх;
д/ аянга цахилгаантай үед комбайнаар ажил гүйцэтгэх, комбайн засвар үйлчилгээ хийх;
е/ талбайн захад гараад эргэлт хийх үед комбайны хурдыг 3-4 км/цагаас хэтрүүлэх;
ж/ ажил дууссаны дараа комбайнаа инженер механик, бригадын даргын заасан газарт үл тавих, хадах аппаратыг буулгалгүй ажлын бүх хэсгийг цэвэрлээгүй орхих;
з/ ээлжээр ажиллаж байгаа үед дараачийн комбайнд ажлаа хүлээлгэн өгөхдөө комбайны ерөнхий байдал, талбайн гадаргуугийн тэгш биш байдлын талаар мэдээлэл өгч танилцуулга хийлгүй хүлээлгэн өгөх;
35.     Комбайныг аж ахуйн нэгжийн хооронд шилжүүлэн ажиллуулахад дараах журмыг баримтална.Үүнд:
а/ буулгах шнекийг тээврийн байдалд оруулах;
б/ комбайныг бөөнөөр нь цуваагаар зохион байгуулж явуулах. Ингэхдээ тэгш шулуун замд хоёр комбайны хооронд 30 м-ээс багагүй, налуу хазгай бартаатай замд 50 м-ээс багагүй зай барьж нэгдүгээр хурдаар явна;
в/ замын хөдөлгөөний тухай дүрмийг баримталж явах;
г/ комбайныг чирэхдээ зөвхөн хатуу холбоогоор холбох;
д/ хальтиргаатай замд онцгой анхаарал тавьж огцом эргэх, тоормослолгүй явах;
36.     Комбайнчин галын аюулаас хамгаалах журмыг хатуу сахиж гал унтраах арга ажиллагааг бүрэн эзэмшсэн байвал зохино. Комбайн бүхэнд 2 ширхэг галын хор, 4 м кв-аас доошгүй хэмжээтэй эсгий, 2 ширхэг хүрз бэлтгэж тус тусын байранд бэхэлсэн байна.
37.     Комбайн болон сүрэл чирэх тракторыг заавал оч хамгаалагчтай ажиллуулна.
38.     Ажлын нөхцөлөөс хамаарч төмс хураах комбайныг дугуйт болон гинжит трактораар чирж болно. Комбайнчин, тракторчин хоёр хоорондоо дуут дохиогоор холбогдсон байна.
39.     Төмс хураах угсраан дээр ажиллагчид дор дурьдсан аюулгүй ажиллагааны шаардлагыг чанд мөрдөж ажиллана. Үүнд:
а/ тракторчин комбайныг хөдөлгөж ажилд оруулахдаа угсраан дээр ажиллаж байгаа бүх хүмүүст урьдчилан дохио өгсний дараа комбайнчийн өгсөн дохиогоор ажиллах;
б/ төмс хураах угсраан дээр 4-өөс доошгүй хүн ажиллах бөгөөд шөнийн цагаар /харанхуйд/ ажиллахыг хориглоно.
в/ комбайны транспортир, төмс дугаарлагч дээр ажлын үед осол гарах магадлал ихтэй байдаг учраас түүнийг угсрахад онцгой анхаарал шаардана. Юуны өмнө бүх боолт гайхыг чангалж гүйцэд хийсэн байхын хамт угсрааг зөв найдвартай холбосон байвал зохино. Угсраанд ажиллагчид үс гэзгээ далд хийж комбинзон буюу хормойгоо далд хийсэн өмд өмссөн байх нь зүйтэй.
Тав. Дарш, тэжээл бэлтгэх ажлын аюулгүй ажиллагааны шаардлага
40.     Ажил олгогчоос томилсон мэргэжлийн хүний удирдлагын дор дарш хураах ажлыг гүйцэтгэнэ. Энэ албан тушаалтан нь дарш хураах угсраа, дарш тээвэрлэх, буулгах, нягтруулах ажил гүйцэтгэж байгаа хүмүүсийн аюулгүй ажиллах нөхцөлийг хангуулж, ажилд нь хяналт тавьж байх үүрэгтэй ажиллана. Дарш хураах угсраан комбайнчин нь ахлагч байх бөгөөд угсрааг аюул осолгүй ажиллуулах үүрэг хүлээнэ.
41.     Дарш нягтруулах болон даршны комбайн чирэх тракторын жолооч нь мэргэжлийн өндөр зэрэгтэй ажлын дадлага туршлагатай хүн байвал зохино.
42.     Дарш хийж байгаа талбайд ажлын байрны эмх цэгцийг сайн хангасан байх бөгөөд ажилд ашиглаагүй байгаа тросс, хүрз, малтуур зэрэг ажлын илүүдэл буюу нөөц багажийг зориуд бэлтгэсэн байранд тавьж хадгалбал зохино.
43.     Дарш хийх талбайг худаг, усан сан, цахилгаан дамжуулах шугамын ойролцоо байршуулж болохгүй. Дарш хийж байгаа газрын ойролцоо ухсан нүх, овоолсон чулуу, хураасан мод, түлш байх нь осолтой бөгөөд ажилд саадтай байдаг тул байрлалыг нь сонгохдоо анхаарах нь чухал.
44.     Дарш хийж байгаа талбайн дэргэд болон дарш тээврийн замын дагуу ойролцоо газарт нүдэнд далд газарт суух, унтаж амрахыг хориглоно.
45.     Даршийг байгалийн гэгээтэй үед хийх бөгөөд харанхуйд тракторын гэрэлд хийхийг хориглоно.
46.     Дарш хураах, угсрах, чирэх, буулгах, нягтруулах ажлыг зөвхөн гинжит трактораар хийх бөгөөд энэ ажилд дугуйт трактор ашиглахыг хориглоно. Нүхэнд хийж байгаа даршийг нягтруулахад зөвхөн нэг трактор ажиллуулна.
47.     Нягтруулж байгаа даршийг тараахад туслах ажилчин хоёроос илүү хүн ажиллуулж болохгүй. Туслах ажилчин нь тракторын эгц урд буюу хойт талаас 5м, хажуу талаас нь 2 м зайтай талбайд ажиллана.
48.     Дарш тэгшлэх төхөөрөмжийг тракторын урд талд угсрах бөгөөд хойт талд нь дарш буулгагчийн троссын үзүүрийг оосорлох дэгээг бэхэлж байрлуулсан байвал зохино.
49.     Даршны ургамлыг буулгах төхөөрөмж нь нүдтэй сараалжин рам хэлбэртэй мод буюу төмрөөр хийгдсэн байна. Дарш буулгах төхөөрөмжийн татлага 4-6 метр урт байх ба трактор машины хоорондын зай 3-4 метр байх нь зохистой. Дарш буулгагчийн татлагын тросс тасарч гэмтээгүй байхын дээр үзүүрийн гогцоог сайн гагнаж бэхэлсэн байвал зохино. Дарш татаж буулгах үед ойрхон хүн байхыг хориглоно.
50.     Дарш нягтруулж байгаа трактор нь нүхний амсраас 1.5 м-ээс багагүй зайд ажиллах бөгөөд даршин дээр бүтэн эргэлт хийхийг хориглох ба даршин дээр тракторыг эзэнгүй орхиж болохгүй.
51.     Хадлан бэлтгэх ажилд хадах аппарат болон түүний өргөн авцаад ялгаатай олон төрлийн хадуур ашиглагддаг бөгөөд түүнийг төрөл бүрийн дугуйт тракторт угсарч ажиллуулна. Хадуурын тохируулга, хутга солих, ирлэх бүх ажлыг осолгүй гүйцэтгэх арга ажиллагаанд суралцсан тракторчин хийвэл зохино.
52.     Хадуурын хутга солих ажлыг гартаа бээлий хийсэн хоёр хүн хамтарч гүйцэтгэнэ. Нөөц хутганы иртэй талыг 2 модны хооронд хавчуулсан хамгаалагчтайгаар хадгална.
53.     Хадуурыг ажиллуулж байх үед түүний ойролцоо гадны хүн байлгахыг хориглоно.
54.     Өвсийг хамах, тариалахад олон төрлийн тармуур ашиглагддаг боловч аюулгүй ажиллагааны шаардлага нь ерөнхийдөө ижил байна.
Хажуугийн тармуураар ажил гүйцэтгэж байх явцад золгүй тохиолдол гарвал тэр даруй тармуурыг трактораас салгах шаардлагатайг байнга анхаарч байх нь чухал. Ажлын явц дунд тармуурын шүдийг өвснөөс цэвэрлэхийг хориглоно. Тармуурын шүдний налууг тармуур ажлын бус байдалд байхад тохируулна.
55.     Хадсан өвс, таримал өвс, сүрлийг талбайгаас хаман бооход эхлээд хаман боогчийн трактортай холбогдсон хүч дамжуулагч голын бэхэлгээ, эргэх маховик зэрэг хөдөлгөөнтэй хэсгийн хаалт хамгаалалтыг шалган хэвийн ажиллагааг хангасан байна.
56.     Тракторыг суурин нөхцөлд байрлуулж нуруулдсан өвс сүрлийг задалж бооход хаман боогчид өвс сүрлийг 1.5 мм-ийн зайнаас хийж өгөхөөр бодож ажлын байр талбайг бэлтгэсэн байна. Өвс сүрлийг хаман боогчид зөвхөн сэрээгээр хийж өгөх бөгөөд бөөнөөр нь түлхэж өгч болохгүй. Энэ ажлыг гүйцэтгэх үед тамхи татах, задгай гал гаргахыг хатуу хориглоно.
Зургаа. Үтрэм дээр будаа цэвэрлэх ажлын аюулгүй ажиллагааны зааварчилга
57.     Үтрэм дээр ажиллах бүх хүн техникийн аюулгүй ажиллагааны талаар урьдчилан зааварчилга, сургалтад хамрагдсан байх ёстой.
Үтрэм дээр хийгдэх бүх ажил нь аюулгүй ажиллагааны шаардлагыг сахиулах, түүнд байнга хяналт тавьж байх үүрэгтэй үтрэмийн эрхлэгчийн байнгын хяналтад гүйцэтгэгдэнэ. Олноороо ажиллаж байгаа үед тэднийг ээлжид ахлан ажиллаж буй ахлагч, багш болон мэргэжлийн ажилчин, засварчин, цахилгаанчин тус тусын үүргийн дагуу аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулж, хяналт тавина.
58.     Будаа цэвэрлэх, ачих машинуудын эргэх, хөдлөх эд ангиуд нь гадуураа төмрөөр хийгдсэн хамгаалалтын гэртэй байна. Ийм хамгаалалтгүй машин дээр ажиллахыг хориглоно.
59.     Будаа цэвэрлэх машин дээр олон хүн ажилладаг тул нэг нь ахлагч нь байх бөгөөд ажлын үед гадны хүмүүс ялангуяа хүүхдийг машинд ойрхон байлгаж болохгүй.
60.     Үр цэвэрлэгээний машинд үйлчилгээ хийх, эвдрэл гэмтлийг засах ажлыг зөвхөн мэргэжлийн ажилчин хийж гүйцэтгэнэ.
61.     Үр цэвэрлэх машины шигшүүрийг сольж тааруулах, гинжин ба ременин дамжуулагчийг хийхдээ машиныг цахилгаан шугамаас салгасны дараа гүйцэтгэвэл зохино. Шөнийн цагт үтрэм дээр ажиллахад гэрэлтүүлэг хангалттай байх ёстой.
Гэрэлтүүлэгч хэрэгсэл нь бороо чийгээс хамгаалагдсан байвал зохино. Үр цэвэрлэх машинуудыг цахилгаан шугамд холбох залгуур нь хаалт хамгаалалттай, залгах, салгахад тохиромжтой байх ёстой. Залгуурын дээд талд анхааруулах хуудсыг цахилгаан тусгаарлах материалаар хийж бэхэлсэн байна.
62.     Үр цэвэрлэх машины дэргэд болон нуруутай будааны дэргэд хэвтэж амрах, үтрэмийн талбайд унтахыг хатуу хориглоно.
63.     Ажилд хэрэглэгддэг уут шуудай, хүрз, хутгуур зэрэг багаж хэрэгслийг ажлын байранд эмх цэгцтэй байрлуулж нүдний шил, амны хаалт хэрэглэхээс гадна үс гэзгээ далд хийсэн байдлаар хувцаслах шаардлагатай.
 
 
………………………о   О   о…………………………