A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХЯЗГААРЛАЛТ ХОРИО ЦЭЭР ТОГТООХ ЖУРАМ /ХХААХҮС-ын 2019 оны А-160 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979
/ХХААХҮС-ын 2019 оны А-160 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 1994 оны А/54 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
 
ХЯЗГААРЛАЛТ ХОРИО ЦЭЭР ТОГТООХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.            Энэхүү журам нь Монгол улсын нутаг дэвсгэрт мал, амьтны халдвартай өвчин гарсан үед хязгаарлалт, хорио цээр тогтоох болон эдгээртэй холбогдон үүсэх нийтлэг харилцаа, үйл ажиллагааг зохицуулахад чиглэгдэнэ.
2.            Халдварлалт, тархалт, гарз хохирол багатай халдвартай өвчний цаашдын тархалтыг таслан зогсоох, зарим онцгой аюулт халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийг татан буулгасны дараа мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл, ус, бэлчээр, хашаа, байрны ашиглалтыг зохицуулах зорилгоор халдварын голомт, нэг буюу хэд хэдэн хот айл, суурь сүрэг, баг сумын нутаг дэвсгэрийг хамруулан авч хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг хязгаарлалт гэнэ.
3.            Хурдан хугацаанд сум, аймаг, улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарч олон тооны мал, амьтныг өвчлүүлдэг, гарз хохирол ихтэй, онцгой аюулт халдварт өвчин тархан дэлгэрэхээс сэргийлэх, түүнийг анхны голомтод нь барих, цаашилбал уг өвчний гаралтыг таслан зогсоож, голомтыг устгахад чиглэсэн, тодорхой хугацааны иж бүрэн арга хэмжээг хорио цээр гэнэ.
4.            Хязгаарлалт, хорио цээр тогтоох өвчний жагсаалтыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, шаардлагатай үед өөрчлөлт оруулж байна.
5.            Мал, амьтны халдвартай өвчин гарсан тохиолдолд "Монгол улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль", энэхүү журмын дагуу Улсын мал эмнэлгийн албаны зохих байгууллагуудын гаргасан дүгнэлтийг үндэслэн тухайн шатны Засаг дарга, Засгийн газраас хязгаарлалт, хорио цээр тогтоож нийтэд зарлан мэдэгдэнэ.
6.            Мал, амьтан, тэдгээрээс хүнд халдварлах өвчний үүсгэгчээр үйлдвэрлэл, туршилт явуулдаг байгууллагын туршлагын мал, амьтны нутаг, бэлчээрийг хамруулан Засаг дарга Хязгаарлалт, хорио цээртэй бүс тогтоож болно.
7.            Хязгаарлалт, Хорио цээрийн хугацааг өвчин тус бүртэй тэмцэх зааврыг үндэслэж тогтооно.
8.            Хязгаарлалт, Хорио цээрийн дэглэмийг тухайн нутаг дэвсгэрт байгаа Монгол улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн, аж ахуйн нэгж байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй.
9.            Өвчний гаралтыг таслан зогсоож, мал эмнэлэг, ариун цэврийн арга хэмжээг зохих зааврын дагуу хэрэгжүүлсний дараа хязгаарлалт, хорио цээрийг тэдгээрийг тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.
Хоёр. Хязгаарлалт тогтоосон нутаг дэвсгэрт дараах нийтлэг үйл ажиллагааг зохицуулна.
10.       Хязгаарлалт тогтоосон нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно.
1.      өвчтэй мал, амьтныг уг бүсийн гадна байгаа эрүүл мал, амьтантай бэлчээр, усаар нийлүүлэх
2.      өвчтэй мал, амьтан бүхий нутагт үйлчилдэг авто хөсгийг ариутгал, халдваргүйжүүлэлт хийхгүйгээр тайван бүс нутагт тээвэр хийлгэх.
11.       Хязгаарлалт тогтоосон нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагааг зөвхөн Улсын мал эмнэлгийн албаны хяналт, зөвшөөрөлтэйгөөр явуулж болно.
1.       Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлийг бэлтгэх, уг бүсээс гадагш гаргах, гаднаас оруулах, дамжин өнгөрүүлэх, мал амьтныг нядлах:
2.       мал, амьтны хээлтүүлэг явуулах:
3.       өвчтэй болон зориуд халдваргүйжүүлсэн мал, амьтан, халдварт өвчний үүсгэгч агуулсан орчин, хашаа, байр, өрөө, тасалгаанд гаднын хүн оруулах, дамжин өнгөрүүлэх, энд ажиллагсад ариутгал, халдваргүйжүүлэлт хийхгүйгээр уг орчноос гадагш гарах:
Гурав. Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт дараах нийтлэг ажиллагааг зохицуулна.
12.       Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно.
1.      явган буюу аливаа хөсгөөр гадагш зорчих:
2.      мал, амьтныг гаднаас оруулах, гадагш гаргах, дамжин өнгөрүүлэх:
3.      мал, амьтны гаралтай түүхий эд бэлтгэх, түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл гадагш гаргах, тээвэрлэх:
4.      мал эмнэлгийн албаны зөвшөөрөлгүйгээр бэлчээр нутаг сэлгэх, ердийн хөсөг уналгаар зорчих, тээвэр хийх:
5.      өвчтэй ба эрүүл мал, амьтныг шилжүүлэн маллах:
6.      өвчтэй мал, амьтны хашаа, байранд малын эмч, тухайн малчнаас өөр хүн оруулах
13.       Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрээс зайлшгүй шаардлагаар гарах бол ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэж, улсын мал эмнэлгийн албаны зөвшөөрөл авна.
14.       Шинээр оношлогдсон, жагсаалтад ороогүй өвчинтэй тэмцэх арга хэмжээг олон улсад болон өөрийн оронд мөрдөхөөр гаргасан зааврын дагуу хэрэгжүүлнэ.
Дөрөв. Хязгаарлалт, хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт дараах нийтлэг үйл ажиллагааг зохицуулна.
15.       Хязгаарлалт, хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
1.      Зөвшөөрөгдсөн цэг зурвасаас бусад газраар хязгаарлалт, хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт орох, уг нутаг дэвсгэрээс гарах, дамжин өнгөрөх:
2.      өвчтэй мал, амьтны хашаа, байр, тоног, хэрэгсэл, сав суулгыг ариутгаж, халдваргүйжүүлэлгүй эрүүл мал, амьтанд хэрэглэх, тоног хэрэгсэл, бусад зүйлийг гадагш гаргах:
3.      улсын мал эмнэлгийн албаны хяналт, зөвшөөрөлгүйгээр бэлчээр нутаг сэлгэх, мал, амьтны элдэв хөдөлгөөн хийх, үзэсгэлэн гаргах, хурал, цуглаан, баяр наадам хийх, хүн мал, амьтан бөөгнөрүүлэх.
16.       Хязгаарлалт, хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт энэхүү журмын хоёрдугаар бүлгийн 10, 11, гуравдугаар бүлгийн 12, 13, 14, дөрөвдүгээр бүлгийн 15-д заасан нийтлэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн зэрэгцээ өвчний онцлогоос шалтгаалан тухайн өвчинтэй  тэмцэх зааврыг баримтална.
Тав. Хязгаарлалт, хорио цээрийн үед Засаг дарга, Мал эмнэлгийн байгууллагууд, нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах үүрэг хариуцлага хүлээж ажиллана.
17.       Засаг даргын эрх, үүрэг

хүн хүч, хөрөнгө гаргаж, мал, амьтны өвчинтэй тэмцэх шаардлагатай арга хэмжээг мал эмнэлгийн болон холбогдох бусад байгууллагатай хамтарч авч хэрэгжүүлэх, уг ажилд байгууллага иргэдийг зохион байгуулж оролцуулах: өвчтэй мал, амьтныг нядалсан, устгаснаас  учирсан хохирлын асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх: халдвартай өвчний хор хөнөөл, түүнээс сэргийлэх талаар байнга сурталчлах, гарсан үр дагаврыг арилгахад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүчийг зохих журмын дагуу дайчлах: хязгаарлалт, хорио цээр тогтоосон тугийн зааг, уг бүсэд гаднаас орох гадагш гарах, дамжин өнгөрөх цэг, зурвасыг Мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран тогтоож, анхааруулсан пайз, тэмдэг тавиулах, харуул, хамгаалалт ажиллуулах:

18.       Мал эмнэлгийн байгууллагын эрх, үүрэг:
1.      Энэхүү журмын 2, 3, 4 дүгээр бүлэгт заасан заалтуудын биелэлтэд дангаар буюу эсвэл Засаг захиргааны байгууллагуудтай хамтарч хяналт тавих, хэрэгжүүлэх:
2.      мал, амьтны өвчинтэй тэмцэх эрүүлжүүлэх арга хэмжээг энэхүү журам, тухайн өвчинтэй тэмцэх зааврын дагуу зохион байгуулах:
3.      зэргэлдээ орших нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, мал эмнэлгийн байгууллагад өвчин гарсан тухай мэдэгдэж, тухайн өвчний хор хөнөөл, түүнтэй тэмцэх талаар ард иргэдийн дунд мэдээлэл, сурталчилгаа явуулах:
4.      өвчтэй, халдварлуулсан, өвчний сэжигтэй мал, амьтны хашаа, байр, зогсоол, уяа, тоног хэрэгсэл, тэжээлийн үлдэгдэл зэргийг байнга цэвэрлүүлэх, халдваргүйжүүлэх:
5.      өвчнөөр үхсэн, устгах зорилгоор нядалсан мал, амьтны сэг зэмийг найдвартай нөхцөлд бутлан боловсруулах /өндөр халуунаар/, шатаалгах буюу эсвэл хоёр метрээс доошгүй гүн нүхэнд ариутгах бодистой булж устгуулах:
6.      мал эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуй, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулах, хэрэгжүүлэх:
19.       Иргэн,аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг:
1.      Хязгаарлалт, хорио цээр тогтоосон болон түүнтэй холбогдол бүхий бусад шийдвэр, хууль дүрэм, журам, заавар, энэхүү журмаар тогтоосон хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг мөрдөж ажиллах:
2.      өвчтэй малтай харьцаж буй хүмүүс мал эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн горимыг сахиж, өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандаж, зөвлөгөө авах:
3.      Мал, амьтныг байнгын хариулгатай байлгаж, арчилгаа, маллагаа, тэжээллэгийг сайжруулах:
4.      шаардлагатай хүн хүч, унаа, хөрөнгө мөнгийг хууль зүйн зохих үндэслэлтэйгээр гаргах, Засаг захиргааны удирдлага мал эмнэлгийн мэргэжилтнүүдээс зохион байгуулах ажилд оролцох, тавьсан шаардлагыг биелүүлэх:
20.       Хязгаарлалт, хорио цээр тогтоох журмын биелэлтэд тухайн шатны Засаг дарга, Улсын мал эмнэлгийн албаны байгууллага, Мал эмнэлгийн улсын байцаагч хяналт тавина.
Зургаа. Хариуцлага.
21.       Энэхүү журмыг зөрчсөн иргэн, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол уг этгээдэд Монгол улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "5", "6", "7", "8", "9", "10", захиргааны хариуцлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн "1" дэх хэсэг, 39 дүгээр зүйл, 42 дугаар зүйлийн "5" дахь хэсэг, 45 дугаар зүйлд заасны дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ.