- Нүүр
- Сайдын тушаал
- ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН ЦЭРГИЙН АНГИ, САЛБАРЫГ УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТАД АШИГЛАХ ЖУРАМ /БХС-ын 2011 оны 404 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Батлан хамгаалахын сайдын 1999 оны
134 дүгээр тушаалын хавсралт
ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН ЦЭРГИЙН АНГИ, САЛБАРЫГ УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТАД АШИГЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс, Монгол Улсын хилийн тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, хил хамгаалалтын дүрэм / хилийн тусгай хороо/ 2 бүлгийн 44 дүгээр заалтыг тус тус үндэслэн Ерөнхий зориулалтын цэргийн анги, салбаруудыг улсын хил хамгаалалтад ашиглахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.
1.2. Ерөнхий зориулалтын цэргийг тайван цагт улсын хилийг хүч нэмэгдүүлэн хамгаалах, хилийн эрэл, хилийн операцид оролцуулах, хил дээр үүссэн өдөөн хатгалга, хорлон сүйтгэх ажиллагааг таслан зогсоох үед хамгаалалтын 2, 3 дугаар заагт ашиглана.
1.3. Ерөнхий зориулалтын цэргийн мэргэжлийн анги, салбаруудыг хилийн инженерийн ажлыг гүйцэтгүүлэх, зам харилцааны байгууламж барьж байгуулах, холбоо барих зэрэг зориулалтын чиг үүргийг гүйцэтгүүлэхээр улирлын болон түр хугацаагаар ашиглана.
1.4. Ерөнхий зориулалтын томилгоот цэргийн анги, салбар нь тайван цагт хилийн албаны анхан шатны болон Монгол Улсын хилийн тухай хуулийн дагуу зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх сургалтыг бие бүрэлдэхүүндээ эзэмшүүлсэн байна.
1.5. Ерөнхий зориулалтын цэргийн томилгоот анги, салбарыг хил хамгаалалтад ашиглах төлөвлөгөөг ЗХЕШ, ХЦУГ хамтран хийж Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар батлуулна.
Хоёр. Ерөнхий зориулалтын цэргийг хил хамгаалалтад ашиглах
2.1. Ерөнхий зориулалтын томилгоот хил хамгаалалтад цэргийн анги, салбарыг доорхи тохиолдлуудад ашиглана. Үүнд:
· оперативын ба хилийн зөрчил гарч болзошгүй чиглэлийн гүнийг халхлах,
· зарим чиглэл, хэсэгт хилийн эрэл, операц явуулах үед
· хилийн бүс, зурвас, хилийн боомтод үүссэн өдөөн хатгалгыг таслан зогсоох
· хил орчмын нутаг дэвсгэрт хорлон сүйтгэх ажиллагааг таслан зогсоох
2.2. Дээрх тохиолдлуудад ерөнхий зориулалтын томилгоот цэргийн анги, салбарын бие бүрэлдэхүүн нь хилийн отрядын даргын мэдэлд хүч нэмэгдүүлэх, хүч хавсрах журмаар үүрэг гүйцэтгэнэ.
2.3. Ерөнхий зориулалтын анги, салбарын дайчид дээрх үүргийг биелүүлэхийн тулд хүн нэг бүрийн зэвсэглэл, улирлын хувцас, хүнс, орон байр, автомашинтайгаар заасан газарт, товлосон цагт 3 хоногийн хугацаанд бие даан үүрэг гүйцэтгэх бэлтгэлтэйгээр хүрэлцэн ирсэн байна.
2.4. Ерөнхий зориулалтын цэргийг хилийн эрэл, хилийн операц, хил дээр үүссэн зэвсэгт болон зэвсэггүй өдөөн хатгалгыг таслан зогсоох ажиллагааны үед харилцан ажиллагааны төлөвлөгөөний дагуу ашиглана.
2.5. Дээрх төлөвлөгөөнүүдэд ерөнхий зориулалтын цэргийн ангийн гүйцэтгэх үүрэг, зэвсэглэл, техник, моторесурс, хангалтын журмыг тодорхой зааж өгнө.
2.6. Ерөнхий зориулалтын цэргийн мэргэжлийн анги, салбарыг улсын хилийн инженерийн төхөөрөмжийг сэргээн засварлах, шинээр байгуулах, улсын хил болсон голын Монголын талын эргийг бэхлэх, хилийн зам харилцааны байгууламж барих, мөр хянах зурвасыг сэргээх зэрэг арга хэмжээнд Батлан хамгаалахын сайдын зөвшөөрлөөр ашиглана.
2.7. Улсын хил дээр рот хүртэл хүчээр үйлдсэн зэвсэгт халдлагыг няцаах ажиллагааг хилийн тусгай анги хүч нэмэгдүүлсэн ба хүч хавсаргасан цэргийн хүчтэй хамтран явуулна.
2.8. ЗХЕШ нь тайван цагт улсын хил халхлах төлөвлөгөөг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангана.
Гурав. Ерөнхий зориулалтын цэргийн хилийн албаны бэлтгэл
3.1. Ерөнхий зориулалтын цэргийн томилгоот анги, салбарын бие бүрэлдэхүүн тайван цагт хилийн албаны зохих бэлтгэлийг эзэмшсэн байна.
3.2. Ерөнхий зориулалтын цэргийн анги, салбар нь томилгоот үүрэг гүйцэтгэх хилийн хэсгийн байгаль, газар зүйн онцлогыг мэдсэн, тухайн газар орон дээр ажиллах бэлтгэлийг хангасан, Монгол Улсын хилийн тухай хуулийн дагуу зэвсэг, тусгай хэрэгсэл эзэмших, аюулгүй арга хэмжээг сахих талаар дадлагажсан байна.
3.3. Ерөнхий зориулалтын цэргийн хилийн албаны бэлтгэлийг ЗХЕШ хариуцан явуулж, ХЦУГ мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.
Текст томруулах
A
A
A