- Нүүр
- Сайдын тушаал
- Усны мэдээллийн сан болон улсын усны кадастрыг бҮрдҮҮлэх ҮзҮҮлэлт, хӨтлӨх журам /БОНХЯ-ны 2014 оны А-86 тоот тушаалаар хүчингүй болсон/
/БОНХЯ-ны 2014 оны А-86 тоот тушаалаар хүчингүй болсон/
Байгаль орчны сайдын 2006 оны
180 тоот тушаалын хавсралт
Усны мэдээллийн сан болон улсын усны кадастрыг бҮрдҮҮлэх ҮзҮҮлэлт, хӨтлӨх журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь усны мэдээллийн сан болон улсын усны кадастрыг бүрдүүлэх үзүүлэлтийг тогтоож, хөтлөх /цаашид усны мэдээллийн сан гэх/ үйл ажиллагааг хэрэгжүүлэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Усны мэдээллийн сан нь байгаль орчны улсын мэдээллийн төв сангийн дэд сан байж, мэдээллийн бүрдүүлэх, дамжуулах үйл ажиллагааг "сум, аймаг, нийслэлд байгаль орчны мэдээллийн сан бүрдүүлэх журам"-ын дагуу дотор нь тусдаа бүлэг болгон гүйцэтгэнэ.
1.3. Усны мэдээллийн санд багтах мэдээллийн бүтэц, түүнийг бүрдүүлэх хэлбэрийг "Усны тоо бүртгэл явуулах журам"-д заасны дагуу тодорхойлно.
1.4. Мэдээллийн сан нь Усны хэрэг эрхлэх газраас мэргэжлийн удирдлага, технологи, арга зүйгээр хангагдана.
Хоёр. Усны мэдээллийн сангийн бүтэц
2.1. Усны мэдээллийн сан нь дараахь үндсэн бүтэцтэй байна.
А/ газрын доорх усны мэдээллийн сан;
Б/ гадаргын усны мэдээллийн сан;
В/ усны барилга байгууламжийн мэдээллийн сан;
Г/ усны бохирдлын талаарх мэдээллийн сан;
Д/ усны салбарын шинжлэх ухаан, техник, технологийн мэдээллийн сан;
Е/ ус ашиглалтын мэдээллийн сан;
ё/ усны холбогдолтой хууль тогтоомж, заавар, журам, норм, норматив, стандартын лавлах, маягтууд;
ж/ усны экологи, эдийн засгийн үнэлгээний тухай мэдээллийн сан.
Гурав. Усны мэдээллийн санг бүрдүүлэх
3.1. Усны мэдээллийн сан нь дараах зохион байгуулалттай ажиллана:
а/ улсын усны мэдээллийн сан;
б/ аймаг, нийслэлийн усны мэдээллийн сан;
в/ анхан шатны усны мэдээллийн сан /сум, дүүрэг, баг, хороо/.
Анхан шатны усны мэдээллийн сан гэж усны эрэл хайгуул, судалгааны ажил эрхэлдэг эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагуудын мэдээллийн сан, сум, дүүрэг, баг, хорооны усны мэдээллийн санг тус тус хэлнэ.
3.2. Мэдээллийн сангийн мэдээ нь бичмэл мэдээ, хүснэгтэн тоон өгөгдлүүд, сэдэвчилсэн газрын зураг зэрэг хэлбэртэй байна. Сумаас ирүүлсэн мэдээ нь бичмэл тайлан хэлбэрээр, аймаг, нийслэлийн мэдээ нь сүлжээгээр авч байхаар боломжтой, файл хэлбэрээр байна.
3.3. Сум, аймаг, нийслэлийн Засаг дарга нар ус ашигласны төлбөр, татварыг хууль тогтоомжийн дагуу тооцож, орон нутгийн төсвийн орлогыг төвлөрүүлсэн дүн, тайлан, мэдээг сум, аймаг, нийслэлийн мэдээллийн санд тусгана.
3.4. Сум, аймаг, нийслэлийн төрийн захиргааны бүх шатны байгууллага, иргэн, аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн усны холбогдолтой судалгаа шинжилгээний ажлын тайлан, мэдээ, баримт, зураг, бүртгэл зэргийг мэдээллийн санд үнэ төлбөргүй шилжүүлнэ.
Дөрөв. Усны мэдээллийн сангийн үйл ажиллагаа
4.1. Улсын усны мэдээллийн санг Усны хэрэг эрхлэх газар, аймаг (нийслэл)-ийн усны мэдээллийн санг тухайн аймаг (нийслэл)-ийн Байгаль орчны алба тус тус бүрдүүлэн хөтөлнө.
4.2. Улсын усны мэдээллий сан нь аймаг (нийслэл)-ийн усны мэдээллийн сан дээр, аймаг (нийслэл)-ийн усны мэдээллийн сан нь сум (дүүрэг)-ийн мэдээллийн сан дээр, сумын мэдээллийн сан нь анхан шатны мэдээллийн сангийн мэдээлэл дээр тулгуурлан хөтлөгдөнө.
4.3. Усны мэдээллийн сан нь энэхүү журмын 2 дугаар хэсэгт заасан бүтэцтэйгээр ангилагдан, холбогдох боловсруулалтыг хйиж ашиглахад хялбар болгон тусгайлан зохиогдсон программ хангамжтайгаар эх мэдээний хэлбэрээр баталгаажин, электрон архив болгон хадгалагдана.
4.4. Усны мэдээллийн сан нь байнга шинэ мэдээ, мэдээллээр шинэчлэгдэн баяжиж, тасралтгүй, залгамж үйл ажиллагаатай байна.
4.5. Усны мэдээллийн сангийн баталгаажсан мэдээлэл нь энгийн ба нууц гэсэн зэрэглэлтэй байна. Нууцын зэрэглэлд орох мэдээллийг Байгууллагын нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Усны хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар батална.
4.6. Усны мэдээллийн сан нь төрийн захиргааны төв байгууллага, тэдгээрийн харьяа газар, судалгаа шинжилгээний байгууллагууд, төрийн өмчийн төсөвт байгууллагуудыг шаардлагатай мэдээ, мэдээллээр үнэ төлбөргүй хангана.
4.7. Усны мэдээллийн санг эрхэлж байгаа байгууллага мэдээг түүний ач холбогдол, бэлтгэх боловсруулахад гарсан зардлыг үндэслэн үнэлнэ.
4.8. Усны мэдээллийн сангийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг холбогдох хууль тогтоомжий дагуу эрх бүхий байгууллагаар тогтоолгох бөгөөд уг үйлчилгээнээс олсон орлогын зарим хэсгийг мэдээ, мэдээлэл худалдан авах, тоног төхөөрөмжийг шинэчлэх, зарварлахад зарцуулж болно. Усны мэдээллийн сангийн үйлчилгээний орлогыг зарцуулах асуудлыг Байгаль орчны болон Сангийн сайдын 1999 оны 154/201 дүгээр тушаалаар баталсан "Байгаль орчны мэдээллийн төв санд бүрдүүлсэн мэдээг ашиглуулах, түгээх орлого бүрдүүлэх, түүний орлогыг захиран зарцуулах журам"-ын дагуу зохицуулна.
4.9. Усны мэдээллийн санг хөтлөн эрхлэгч нь нууцын зэрэглэлтэй мэдээ, мэдээлэл болон мэдээллийн сангийн бүрэн бүтэн, алдагдалгүй байдлыг чанд хамгаалж сахих үүрэгтэй байна.
4.10. Зохиогчийн эрхэд хамаарах судалгаа, шинжилгээний бүтээлийг усны мэдээллийн санд тухайн зохиогчийн зөвшөөрлөөр зохих журмын дагуу оруулна.
4.11. Усны мэдээллийн сангийн үйл ажиллагааны мэдээлэл солилцох, дамжуулах хэлбэр нь бусад мэдээллийн сангуудтай уялдан зохицсон байна.
Тав. Усны мэдээллийн санг бүрдүүлэх үзүүлэлт
5.1. Газрын доорх усны мэдээллийн сан:
-уст цэгийн мэдээлэл (гидрогеологийн цооног, худаг, булаг);
-рашааны мэдээлэл;
-баянбүрдийн мэдээлэл;
-газрын доорх усны орд, нөөцийн мэдээлэл;
-уст цэгийн байршлын зураг;
-геофизикийн судалгааны мэдээлэл.
5.2. Гадаргын усны мэдээллийн сан:
-харуултай томоохон голуудын ус зүйн үндсэн үзүүлэлтүүд;
-томоохон нууруудын ус зүйн үндсэн үзүүлэлтүүд;
-мөнх цас, мөсөн голын ус зүйн үндсэн үзүүлэлтүүд;
-гадаргын усны тооллогын дүн.
5.3. Усны барилга байгууламжийн мэдээллийн сан:
-усан сан, хөв, цөөрмийн мэдээлэл;
-услалтын системийн мэдээлэл;
-үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн мэдээлэл;
-усан цахилгаан станцын мэдээлэл;
-усны цэвэрлэх байгууламжийн мэдээлэл.
5.4. Усны бохирдлын талаарх мэдээллийн сан:
-механик бохирдолтын мэдээлэл;
-биологийн бохирдолтын мэдээлэл;
-химийн бохирдолтын мэдээлэл;
-цацрагжилтын бохирдолтын мэдээлэл;
-дулааны бохирдолтын мэдээлэл;
-бохирдсон усны мэдээлэл;
-эргүүлж ашигласан усны мэдээлэл.
5.5. Усны салбарын шинжлэх ухаан, техник, технологийн мэдээллийн сан:
-шинжлэх ухааны дэвшилтэт техник, технологийн мэдээлэл;
-эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдийн мэдээлэл;
-дэвшилтэт техник, технологийг хэрэглэж байгаа тухай мэдээлэл.
5.6. ус ашиглалтын мэдээллийн сан:
-унд-ахуйн усны ашиглалтын мэдээлэл;
-үйлдвэрлэлийн усны ашиглалтын мэдээлэл;
-бэлчээрийн усжуулалт болон мал аж ахуйн усан хангамжийн мэдээлэл;
-газар тариалангийн усны ашиглалтын мэдээлэл;
-усны эрчим хүчний ашиглалтын мэдээлэл;
-эмчилгээ, сувилгаанд рашаан ус ашиглалтын мэдээлэл;
5.7. Усны холбогдолтой хууль тогтоомж, заавар, журам, норм, норматив, стандартын лавлах, маягтууд.
5.8. Усны экологи, эдийн засгийн үнэлгээний тухай мэдээллийн сан:
-улсын усны экологи, эдийн засгийн үнэлгээний мэдээлэл;
-аймаг (нийслэл), сум, дүүргийн мэдээлэл.
Зургаа. Бусад зүйл
6.1. Анхдагч мэдээ бүрдүүлж өгсөн сум, аймаг, нийслэлийн байгаль орчны мэдээллийн сан уг мэдээний үнэн зөв байдлыг бүрэн хариуцаж эх мэдээнд засвар өөрчлөлт оруулах, шинэчлэх эрх эдэлнэ.
6.2. Усны мэдээллийн сангийн мэдээ, мэдээллийг бүрдүүлэх, шинэчлэх, баяжуулахад Усны тухай хуулийн 5.6, 8.1, 8.3-д заасны дагуу байгууллага, аж ахуй нэгжээс эх материалыг баталгаажуулан авна.
6.3. Усны мэдээллийн санд орох усны нөөц, чанар, найрлага, горимын судалгаа, үзүүлэлтүүдийг гаргахад гидрогеологич, гидрологич, гидротехникч, геофизикч, геохимич зэрэг мэргэжлийн хүмүүсээс сонгож оролцуулан мэдээллийг боловсруулна.
6.4. Усны мэдээллийн санг ажиллуулж эхэлснээс хойш 2 жилийн дотор олон улсын усны мэдээллийн сүлжээнд нэгдэн оруулна.
6.5. Усны мэдээллийн санд байгаа бүх мэдээ, мэдээлэл нь төрийн өмчийн байх бөгөөд Усны хэрэг эрхлэх газар мэдээллийн санг бүрдүүлэх, шинэчлэх, ашиглах, мэдээллээр хангах үүргийг хариуцан гүйцэтгэнэ.
6.6. Усны мэдээллийн сангаар үйлчлүүлсэн иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиг олох зорилгоор бусдад дамжуулан ашиглуулах болон худалдаж болохгүй.
___________________ооОоо_____________________
Текст томруулах
A
A
A