A

A

A

Бүлэг: 1979
Дэд бүтцийн сайдын 2003 оны 245 тоот тушаалын хавсралт
 
ЭРЭН ХАЙХ, АВРАН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
 
БҮЛЭГ А. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
138.1.  Зорилго
Иргэний нисэхийн Эрэн хайх, авран туслах (цаашид ЭХАТ гэх) үйл ажиллагааны зохион байгуулалт, ЭХАТ үйл ажиллагаанд иргэний болон улсын агаарын хөлөг, хүч хэрэгслийг татан оролцуулах (дайчлах) журмыг тогтооход энэ дүрмийн зорилго оршино.
138.2.  Тодорхойлолт, товчлол
"Авран туслах" гэж аюул тулгарсан, эсхүл аюулд нэрвэгдсэн агаарын хөлөгт явсан хүмүүсийг аврах, тэдэнд эмнэлгийн анхны болон бусад шаардлагатай тусламж үзүүлэх, аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг;
"Аюул тулгарсан агаарын хөлөг" гэж бүхээгт нь яваа хүмүүст тулгарсан аюулыг нисэх баг өөрийн үйл ажиллагаагаар арилгаж чадахгүй нөхцөл байдалд орсон, эсхүл уг агаарын хөлөгтэй радио холбоо алдагдсан, байрлал нь тодорхой бус байгаа агаарын хөлгийг;
"Аюулд нэрвэгдсэн агаарын хөлөг" гэж нислэгийн үед болон хөөрөлт, буулт үйлдэх үедээ ноцтой эвдрэлд орсон, эсхүл сүйрсэн, мөн түүнчлэн аргагүйдсэн хээрийн буулт үйлдсэн агаарын хөлгийг;
"Эрэн хайх" гэж аюул тулгарсан, эсхүл аюулд өртсөн агаарын хөлгийн байрлалыг тодорхойлох зорилгоор хүн хүч, төрөл бүрийн тээврийн хэрэгсэл оролцсон, ЭХАТ ЗТ-өөр зохицуулагдаж байгаа үйл ажиллагааг;
"Ослын мэдээлэл" гэж аюул тулгарсан, эсхүл аюулд нэрвэгдсэн агаарын хөлгийн талаар ЭХАТ үйл ажиллагаанд оролцох байгууллага, албадад мэдээлдэг аэронавигацын үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийг;
"Тодорхой бус үе /INCERFA-/' гэж агаарын хөлөг болон түүнд яваа хүмүүсийн аюулгүй байдлын талаар эргэлзээ төрүүлсэн нөхцөл байдал бий болсон үеийг;
"Түгшүүрийн үе /ALERFA-/" гэж агаарын хөлөг болон түүнд яваа хүмүүсийн аюулгүй байдалд аюул учруулж болохуйц хүчин зүйлүүд бий болсон үеийг;
"Аюулын ye /DETRESFA-Г гэж агаарын хөлөг болон түүнд яваа хүмүүст ноцтой аюул тулгарсан ба яаралтай тусламж шаардагдаж байгаа нь тодорхой болсон үеийг;
"Агаарын ЭХАТ хэсэг" гэж ЭХАТ үйл ажиллагааг зохих түвшинд гүйцэтгэх бололцоотой буюу энэ чиглэлээр бэлтгэгдсэн, ЭХАТ зориулалт бүхий эд зүйлс, хэрэгсэл бүхий агаарын хөлгийн нисэх баг болон аврагчид /шүхэрчид/-ын хэсгийг;
"Газрын ЭХАТ хэсэг" гэж газрын тээврийн хэрэгсэл ашиглан аюулд нэрвэгдсэн агаарын хөлгийг газраар эрж хайх, зорчигчид болон нисэх багийн гишүүдэд тусламж үзүүлэх хэсгийг;
"ЭХАТ үйл ажиллагааг зохицуулах төв" гэж өөрийн хариуцсан бүсэд эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий байгууллага /нэгж/-ыг;
"Нисэхийн ЭХАТ үйл ажиллагааны бүс" гэж нисэхийн ЭХАТ үйл ажиллагаа явагдах Монгол Улсын нислэгийн мэдээллийн район /UB FIR/-ыг;
"Аврах хэрэгсэл, амьдрал тэтгэх эд зүйлс" гэж ослын нөхцөлд зорчигчид болон нисэх багийнхан агаарын хөлгөөс гарахад зориулагдсан хэрэгслүүд, хоол хүнс, цэвэр ус /эсхүл ус цэвэршүүлэгч/, эмнэлгийн анхны тусламжийн багаж хэрэгсэл, эм тариа, гал болон гэрэл гаргах хэрэгсэл, холбоо дохиоллын хэрэгслийн тодорхой нөөцийг;
"КОСПАС /Космическая система поиска аварийных судов/" гэж осолд орсон хөлгүүдийг эрэн хайх сансрын систем;
"SARSAT /Search and Rescue Satellite- Aided Tracking/" гэж хиймэл дагуулуудын тусламжтайгаар ЭХАТ ажиглалт хийх олон улсын нэгдмэл системийг тус тус хэлнэ.
БҮЛЭГ Б. ЭРЭН ХАЙХ АВРАН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
138.3.  Нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны бүс
(а) Энэ дүрмээр, Монгол улсын нутаг дэвсгэрийг нисэхийн эрэн хайх, авран туслах (ЭХАТ) үйл ажиллагааны бүс гэх бөгөөд энэхүү бүс нь Монгол улсын нислэгийн мэдээллийн район (UB FIR)-той давхацна.
(б) Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ) нь Монгол улсын ЭХАТ үйл ажиллагааны бүсийг Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ын Зөвлөлд танилцуулж, ИКАО-гийн Ази-Номхон далайн бүсийн Аэронавигацын төлөвлөгөөнд тусгуулсан байна.
138.4.  ЭХАТ үйл ажиллагааг зохицуулах төв
(а) ЭХАТ үйл ажиллагааг зохицуулах төв (цаашид ЭХАТ ЗТ гэх) нь Эрэн хайх, авран туслах арга хэмжээнд оролцож байгаа бүх ЭХАТ хэсгүүдийн үйл ажиллагааг ерөнхийд нь удирдаж, зохион байгуулж байгаа байгууллагад туслалцаа үзүүлэх, хариуцсан бүсдээ ЭХАТ үйл ажиллагааг бүхэлд нь зохицуулах үүрэг хүлээнэ.
(б) Зохицуулах төв нь Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын харъяанд 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаа явуулах бөгөөд олон улсын КОСПАС-SARSAT системээс ослын мэдээллийг тогтмол хүлээн авна.
(в) Зохицуулах төв нь дараах бичиг баримтуудыг боловсруулж ИНЕГ-аар батлуулна:
1/ ЭХАТ ЗТ-ийн үйл ажиллагааны заавар;
2/ ЭХАТ ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө;
3/ ослын мэдээлэл дамжуулах журам;
4/ ЭХАТ үйл ажиллагааны мэдээлэл дамжуулах журам;
5/ ЭХАТ бүсийн хилийг тодорхойлох журам.
138.5.  Зохицуулах төвийн үйл ажиллагааны заавар
Зохицуулах төвийн Үйл ажиллагааны зааварт дараах зүйлүүд тусгагдсан байна:
1/ төвийн зохион байгуулалтын бүтэц, гүйцэтгэх үүрэг,
2/ ажилтан, албан тушаалтанд тавигдах шаардлага, тэдгээрийн ажлын байрны тодорхойлолт;
3/ Өдөр тутмын болон ослын нөхцөл байдлын үед ажилтнуудын гүйцэтгэх үүрэг, ажлын дэс дараалал, хариуцлага;
4/ ЭХАТ ажиллагаанд оролцох байгууллага, албадын хамтран ажиллах зарчмууд:
(i)                 Эрэн хайх үйл ажиллагааны зарчим, аргууд;
(ii)               Авран туслах үйл ажиллагааны зарчим, аргууд;
(iii)             Зохицуулах төвийн техник хэрэгсэл, хангамж;
(iv)              Ослын нөөцийн жагсаалт, тоо хэмжээ, шинэчилж сэлбэх график, зарцуулах, тайлагнах журам;
(v)                ЭХАТ ажиллагааны тайлан гаргах журам;
(vi)              Сургалтын хөтөлбөр.
138.6.  ЭХАТ үйл ажиллагааны чиглэлээр бусад байгууллагуудтай хамтран ажиллах
(а) Иргэний нисэхийн ЭХАТҮА-г үр дүнтэй явуулахын тулд төрийн болон төрийн бус байгууллага, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжийн хүн хүч, техник хэрэгслийг татан оролцуулах зорилгоор ИНЕГ-аас ЭХАТ үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэх байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулна.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан гэрээг дараах байгууллагуудтай байгуулсан байна:
1/Агаарын тээврийн компаниуд;
2/ Олон улсын болон орон нутгийн нисэх буудлууд;
3/ Батлан хамгаалах байгууллага;
4/ Эрүүл мэндийн байгууллага;
5/ Байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага;
6/ Гамшгаас хамгаалах байгууллага;
7/ Хил хамгаалах байгууллага;
8/ Цагдаагийн байгууллага;
9/ Нийслэл, аймаг, сумдын захиргааны байгууллага;
10/ ЭХАТҮА-нд хамаарал бүхий аж ахуйн нэгж, байгууллагууд;
11/Улаан загалмайн байгууллага;
12/Холбооны байгууллага.
(в) Хамтын ажиллагааны гэрээнд дараах зүйлүүдийг тусгасан байна:
1/ хамтын ажиллагааны зарчим;
2/ гүйцэтгэх үүрэг, ажлын уялдаа холбоо, хүлээх хариуцлага;
3/ байгууллагуудаас гаргах хүн, хүч, техник, тоног төхөөрөмж, тэдгээрийн жагсаалт, ажиллах хуваарь;
4/ үйл ажиллагаа явуулах газар зүйн бүс, хэсэг;
5/ үйл ажиллагаа явуулах цаг хугацаа, хязгаарлалтууд;
6/ холбоо барих журам;
7/ ЭХАТҮА-г удирдах, эхлүүлэх, мэдэгдэх албан тушаалтнууд;
8/ ослын мэдээллийн пост, ослын талбайн захирагчийн томилолт;
9/ ЭХАТҮА-нд гарсан зардлыг нөхөн төлөх нөхцөл, журам;
10/ дадлага сургалтад хамрагдах журам.
(г) Иргэний нисэхийн ЭХАТ үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах тухай гэрээ хэлэлцээрийг ИКАО-гийн стандарт, зөвлөмжид үндэслэн хөрш орнуудын ижил төрлийн байгууллагатай байгуулна.
138.7.  Эрэн хайх авран туслах үйл ажиллагааны төлөвлөгөө
Зохицуулах төв нь ЭХАТҮА-ны төлөвлөгөөг боловсруулах ба энэхүү төлөвлөгөөнд дараах зүйлүүдийг тусгасан байна:
1/ ЭХАТҮА-нд оролцогч байгууллага, албадын үүрэг, хариуцлага;
2/ ЭХАТ үйл ажиллагааг эхлүүлэх, дуусгах журам;
3/ ослын тухай мэдээлэл хийх дэс дараалал;
4/ ослын мэдээллийн постын ажиллах журам;
5/ ЭХАТ үйл ажиллагааны үед Зохицуулах төвөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээний дэс дараалал;
6/ ослын талбарын захирагчийн ажиллах журам;
7/ ослын талбарт явуулах авран туслах арга хэмжээ;
8/ тээврийн хэрэгслийн хангалт, хуваарь.
138.8.  Ослын мэдээлэл дамжуулах журам
Зохицуулах төв нь, ИНД-12 /Нислэг-техникийн осол, зөрчлийн талаар мэдээлэх/ болон Зөвлөмжийн цуврал ЗЦ-12-ын дагуу Ослын мэдээлэл дамжуулах тусгай журам боловсруулан ИНЕГ-аар баталгаажуулж, мөрдөнө.
138.9.  Ослын мэдээллийн пост
(а) Ослын мэдээллийн пост нь аюул тулгарсан, эсхүл аюулд нэрвэгдсэн агаарын хөлгийн талаар мэдээлэл хүлээн авах, мэдээллийг ЭХАТ ЗТ-д дамжуулах үүрэгтэй.
(б)       Ослын мэдээллийн постын үүргийг "Иргэний нисэхийн тухай хууль"-ийн 29.2-т заасны дагуу дараах газрууд гүйцэтгэнэ:
1/ Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, түүний орон нутаг дахь салбар нэгжүүд ослын мэдээллийн үндсэн постын үүргийг;
2/ Гамшигтай тэмцэх байгууллагын анги, салбарууд;
3/ Цагдаагийн хэлтэс, тасаг;
4/ Батлан хамгаалахын болон Хилийн цэргийн анги, салбарууд;
5/ холбооны салбарууд;
6/ Байгаль орчныг хамгаалах газар, салбарууд;
7/ Цаг уурын ажиглалтын цэг, станцууд;
8/ Орон нутгийн захиргааны байгууллагууд;
9/ Онцгой байрлалд орших байгууллага, аж ахуйн нэгжүүд.
(в) Ослын мэдээллийн постыг томилох, постын ажиллах цагийн хуваарийг энэ дүрмийн 138.6-д заасан  "Хамтын ажиллагааны гэрээ"-нд, үйл ажиллагааны журмыг 138.7-д заасан ЭХАТҮА-ны төлөвлөгөөнд тодорхой тусгасан байна.
(г) Ослын мэдээллийн пост нь дараах минимум шаардлагыг хангасан байна:
1/ тухайн орон нутгийн Нисэх буудал, ЭХАТ ЗТ болон НХҮА, төв байгууллагынхаа оперативын жижүүрт ямар ч үед мэдээлэл дамжуулах холбооны хэрэгслээр хангагдсан;
2/ ЭХАТ үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллүүд (мэдээллийг хааш нь, хэнд дамжуулах г.м)-ээр хангагдсан;
3/ ЭХАТ ажиллагаанд хүн хүч, техник хэрэгслийг дайчлах эрх олгогдсон.
БҮЛЭГ В. ТЕХНИК ХЭРЭГСЛИЙН ХАНГАЛТ
138.10.       Эрэн хайх авран туслах үйл ажиллагааг зохицуулах төвийн холбооны хэрэгслийн хангалт
(а)       ЭХАТ ЗТ нь дараах холбооны хэрэгслүүдээр хангагдсан байна:
1/ Радио холбооны хэрэгслүүд:
(i)            хэт богино долгионы 125.5 МГц давтамжтай дохиог хүлээн авах боломжтой радиостанц;
(ii)          богино долгионы 5860 КГц давтамжтай дохиог хүлээн авах боломжтой радиостанц;
(iii)        ослын газар дээр ЭХАТ хэсгүүд (газрын болон агаарын)-ийн үйл ажиллагааг зохицуулж удирдах хэт богино долгионы 123.1 МГц давтамжтай дохиог хүлээн авах боломжтой радиостанц;
(iv)        Нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүсүүдийн мэдээллийг хүлээн авах боломжтой богино долгионы хүлээн авагчууд (5505 КГц, 5610 КГц).
2/ Холбооны бусад хэрэгслүүд:
(i)            хот хоорондын ярианы эрх бүхий телефон аппаратууд;
(ii)          улс хооронд харилцах болон КОСПАС-SARSAT-ын мэдээлэл хүлээн авах факс, AFTN хэрэгслүүд;
(iii)        интернетээс мэдээлэл хүлээж авах хэрэгслүүд (компьютер, принтер, скайнер).
(б) Энэ зүйлийн (а)-д заасан хэрэгслүүдийн байнгын бэлэн байдал, техник үйлчилгээг Техник хангалтын алба хариуцна.
138.11.       Эрэн хайх авран туслах үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж, эд материалын нөөц
(а) ЭХАТ ЗТ-ийн менежер нь ЭХАТҮА-нд хэрэглэгдэх дараах байнгын нөөцийг бүрдүүлсэн байна:
1/ дохионы хэрэгслүүд (дохионы гар буу, чанга яригч, гар чийдэн г.м.);
2/ дуран, фото зургийн аппарат, видео камер;
3/ шөнийн харааны хэрэгсэл;
4/ ослын газарт холбоо барих хэт богино долгионы гар радиостанцууд (боломжтой бол сансрын холбооны гар утаснууд);
5/ аврах хэрэгслүүд (олс, өргөх таль, хүрз, сүх, домкрат г.м.);
6/ газрын GPS;
7/ газрын зураг, луужин, гортиг, транспортир;
8/ эмнэлгийн анхны тусламжийн багаж хэрэгсэл, эм тариа;
9/ хоол хүнсний зүйлс, цэвэр усны сав.
(б) Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны дарга нөөцөд байх зүйлүүдийн тоо хэмжээг баталж, зарцуулалтад нь хяналт тавих ба нөөцийн бэлэн байдал, хадгалалт хамгаалалт, сэлбэлт, бүрдүүлэлтийг ЭХАТ ЗТ-ийн менежер хариуцна. Менежер нь нөөцийн өөрчлөлт, зарцуулалт, сэлбэлтийн тайланг улирал бүр гаргана.
138.12.       Эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгслийн хангалт
          (а) Эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгслийг агаарын болон газрын гэж ангилах бөгөөд дараах зорилгоор ашиглана:
1/ ослоос сэргийлэх (аюул тулгарсан агаарын хөлгийг дагалдуулах, мэдээллийг дахин дамжуулах г.м.);
2/ осолдсон агаарын хөлгийг эрж хайх;
3/ авран туслах үйл ажиллагаа явуулах;
4/ осолд өртөгсдийг тээвэрлэх.
(б) ЭХАТ үйл ажиллагаанд агаарын хөлөг ашиглах журмыг энэ дүрмийн 138.5-д заасан "Үйл ажиллагааны заавар", 138.6-д заасан "Хамтын ажиллагааны гэрээ"-нд тусгасан байна.
(в) Зохицуулах төв нь өөрийн эзэмшилд ЭХАТ зориулалтын агаарын хөлөгтэй байж болно. Өөрийн эзэмшлийн агаарын хөлөггүй бол зайлшгүй шаардлагатай тохиолдолд "Хамтын ажиллагааны гэрээ"-нд заасны дагуу ЭХАТ үйл ажиллагаанд дараах агаарын хөлгүүдийг ашиглаж болно:
1/ иргэний агаарын тээврийн компаниудын агаарын хөлгүүд;
2/ гадаад улсын агаарын хөлөг;
3/ улсын агаарын хөлгүүд;
4/ хувийн /бага оврын/ онгоц, нисдэг тэрэг, автожир.
(г) ЭХАТ үйл ажиллагаанд агаарын хөлөг дайчлах тухай шийдвэрийг ИНЕГ- ын дарга гаргана.
(д) ЭХАТ үйл ажиллагаанд дараах газрын тээврийн хэрэгслүүдийг ашиглаж болно:
1/ төрөл бүрийн ердийн болон тусгай зориулалтын автомашин, мотоцикл, өөрөө явагч хүнд механизмууд; 2/ усан онгоц, завь; 3/ ердийн хөсөг.
(е) ЭХАТ үйл ажиллагаанд газрын тээврийн хэрэгсэл ашиглах журмыг энэ дүрмийн 138.5-д заасан "Үйл ажиллагааны заавар", 138.6-д заасан "Хамтын ажиллагааны гэрээ"-нд тусгасан байна.
(ж) ЭХАТ үйл ажиллагаанд газрын тээврийн хэрэгсэл дайчлах тухай шийдвэрийг "Хамтын ажиллагааны гэрээ"-нд заасны дагуу ЭХАТ ЗТ-ийн менежер гаргана.
БҮЛЭГ Г. ЭРЭН ХАЙХ АВРАН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
138.13.       Ослын тухай мэдээлэлд үнэлэлт өгөх
(а) ЭХАТ ЗТ нь ЭХАТ үйл ажиллагааны өмнө болон үйл ажиллагаа явагдаж байх үед авсан бүх мэдээллийн үнэн зөв, бодитой эсэхийг сайтар магадлан шалгаж, авах арга хэмжээний яаравчлалын түвшин, цар хүрээг тодорхойлох зорилгоор үнэлэлт, дүгнэлт өгнө.
(б) Мэдээллийг шалгахад ихээхэн цаг хугацаа шаардагдаж болзошгүйг харгалзан эхний арга хэмжээг төлөвлөгөөний дагуу нэн даруй авч хэрэгжүүлнэ.
138.14.       Ослын нөхцөл байдал
Ослын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, ангилах, авах арга хэмжээний цар хүрээг тодорхойлох зорилгоор ослын нөхцөл байдлыг 3 үе болгон хуваана:
(а) INCERFA-Тодорхой бус ye буюу агаарын хөлөг, түүнд яваа хүмүүсийн аюулгүй байдлын талаар эргэлзээтэй байдал үүссэн үе. Энэ үеийг дараах тохиолдлуудад зарлана:
1/ агаарын хөлгийн илтгэх ёстой цагаас, эсхүл түүнтэй холбоо тогтоох гэсэн оролдлого бүтэлгүй болсноос хойш 15 минутын турш уг агаарын хөлгөөс ямар нэг мэдээлэл аваагүй, эсхүл
2/ агаарын хөлөг нисэн ирэх тооцоот цагаас, эсхүл нислэгийн хөдөлгөөний албаны тооцоолсон цагаас 30 минут өнгөрөхөд буулт үйлдэх аэродромдоо ирээгүй.
(б) ALERFA- Түгшүүрийн үе буюу агаарын хөлөг, түүнд яваа хүмүүст аюул учирч болзошгүй нөхцөл байдал бий болсон үе. Энэ үеийг дараах тохиолдлуудад зарлана:
1/ тодорхой бус үеийн дараа агаарын хөлөгтэй холбоо тогтоох, эсхүл бусад эх сурвалжаас түүний талаар мэдээлэл авах гэсэн аливаа оролдлого үр дүнгүй болсон,эсхүл;
2/ агаарын хөлөг буулт үйлдэх зөвшөөрөл авсны дараа 5 минутын дотор буулт үйлдээгүй, түүнтэй холбоо барьж чадаагүй, эсхүл;
3/ агаарын хөлгийн үндсэн системүүд татгалзсан, гэхдээ энэ байдал нь уг агаарын хөлөг аргагүйдсэн буулт үйлдэх шалтгаан болохгүй гэсэн мэдээлэл авсан, эсхүл,
4/ агаарын хөлөг хөндлөнгийн гэмт халдлагад өртсөн нь тодорхой болсон, эсвэл тийм таамаглал бий болсон.
(в) DETRESFA- Аюулын үе буюу агаарын хөлөг, түүнд яваа хүмүүст ноцтой аюул тулгарч, тусламж дэмжлэг зайлшгүй болсон үе. Энэ үеийг дараах тохиолдлуудад зарлана:
1/ түгшүүрийн үеийн дараа агаарын хөлөгтэй холбоо тогтоох, мөн нөхцөл байдлыг тодруулахаар аливаа эх сурвалжаас мэдээлэл авах бүх оролдлого бүтэлгүйтсэн, агаарын хөлөг осолд орсон байж болох магадлал бий болсон, эсхүл,
2/ агаарын хөлгийн шатахууны нөөц бүрэн зарцуулагдсан, эсхүл тэр нь аюулгүй буулт үйлдэх аэродром хүрэхэд хүрэлцэхгүй гэсэн тооцоо гарсан, эсхүл,
3/ агаарын хөлгийн үндсэн системүүд татгалзсаны улмаас аргагүйдсэн буулт үйлдэх магадлал бий болсон тухай мэдээлэл хүлээн авсан, эсхүл,
4/ агаарын хөлөг аргагүйдсэн буулт үйлдэх гэж байгаа, эсхүл үйлдэх бүрэн үндэслэлтэй болсон тухай мэдээлэл хүлээн авсан.
138.15.       Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны мэдээлэл
(а) Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны салбар нэгж нь ослын талаарх анхны мэдээллийг хүлээн авмагц дараах арга хэмжээг нэн даруй авна:
1/ аюулд нэрвэгдсэн, эсхүл аюул тулгарсан агаарын хөлгийн тухай өөрийн хариуцсан бүсэд нислэг үйлдэж байгаа бүх агаарын хөлөг болон холбогдох байгууллага, албадад мэдэгдэнэ;
2/ бий болсон нөхцөл байдлын талаар ЭХАТ ЗТ-д мэдэгдэнэ;
3/ аюул, ослын тухай бүх мэдээллийг тасралтгүй цуглуулж ЭХАТ ЗТ-д илгээнэ.
(б)       Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба нь ослын нөхцөл байдлын талаар хүлээж авсан мэдээллийн агуулга, хэмжээнээс хамаарч ЭХАТ ЗТ-д дараах дэс дарааллыг баримтлан мэдээлнэ:
1/ INCERFA, ALERFA, DETRESFA үеүдийн аль нь болохыг;
2/ мэдээллийн эх сурвалжийн талаар (мэдээлэл өгсөн байгууллага, хувь хүн г.м.);
3/ осол болон ослын нөхцөл байдлын төрөл, шинж чанар;
4/ нислэгийн төлөвлөгөөнөөс авсан зарим чухал өгөгдөхүүнүүд;
5/ агаарын хөлөгтэй хамгийн сүүлд холбоо барьсан салбар, нэгж, эсхүл агаарын хөлөг, холбоо барьсан цаг, ашигласан радио давтамж;
6/ агаарын хөлгийн байрлалын талаарх сүүлчийн мэдээ, мөн байрлалыг ямар аргаар тодорхойлсон тухай;
7/ агаарын хөлгийн өнгө ба таних тэмдэг;
8/ мэдээлэл дамжуулсан салбар, нэгжээс авсан арга хэмжээ;
9/ нөхцөл байдлын талаарх бусад мэдээлэл.
138.16.       Бусад байгууллага, албадын хийх мэдээлэл
(а) Агаарын хөлөгт илт аюул тулгарсныг харсан, эсхүл энэ тухай ямар нэг мэдээлэл авсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь Ослын мэдээллийн постын үүрэг гүйцэтгэгч аль нэг салбарт Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн 29.2-ын дагуу нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
(б) ЭХАТ ЗТ нь хүлээн авсан бүх мэдээллийг нэгтгэн дүгнээд бий болсон нөхцөл байдалд тохирсон ослын үеийг зарлах бөгөөд энэ тухай НХҮА-ны даргад мэдэгдэнэ.
138.17.       Мэдээллийг бүртгэж баримтжуулах
(а) ЭХАТ ЗТ нь агаарын хөлөг осолдсон, эсхүл ослын нөхцөл байдалд орсон тохиолдол бүрт энэ тухай мэдээллийг нарийвчлан бүртгэнэ. Мэдээллийг ирсэн цаг хугацаагаар нь, дараах дарааллаар бүртгэнэ:
1/ НХҮА-ны салбар, нэгжээс хүлээж авсан;
2/ бусад алба, салбараас хүлээж авсан;
3/ агаарын хөлгөөс авсан;
4/ КОСПАС-SARSAT-aac авсан;
5/ иргэд, аж ахуйн нэгжээс авсан;
6/ бусад эх сурвалжаас авсан.
(б) Бүртгэлд, мэдээллийн эх хувь, холбогдох баримт (гэрэл зураг, видео бичлэг, факс, цахилгаан мэдээ, маягтууд, газрын зураг г.м )-ыг хавсаргана.
(в) Ослын талаарх анхны мэдээллийг ЭХАТ ЗТ-ийн жижүүрийн ажилтан ИНЕГ 138/01 маягт (Анхны мэдээлэл хүлээн авах маягт)-д бүртгэнэ.
138.18.       Ослын нөхцөл байдлын үе шатуудад авах арга хэмжээ
Тодорхой бус үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ
(а) ЭХАТ ЗТ, эсхүл НХҮА-аас тодорхой бус үеийг зарласан тохиолдолд ЭХАТ ЗТ-өөс дараах арга хэмжээг авна:
1/ хүлээж авсан мэдээллийг нягтлан шалгах;
2/ нислэгийн онцгой тохиолдол, саатал, ослын талаар мэдээлэл дамжуулах ерөнхий бүдүүвчийн дагуу холбогдох албан тушаалтнуудад мэдээ дамжуулах;
3/ нислэгийн төлөвлөгөө байхгүй тохиолдолд тухайн агаарын хөлгийн нислэг үйлдэх агаарын зам, нисэн гарсан болон буух тооцоот цагийг тодруулахад тус болохуйц мэдээлэл олж авах оролдлого хийх;
4/ НХҮА-ны холбогдох салбар, нэгжүүдтэй дараах зорилгоор хамтран ажиллана:
(i)     хүлээн авсан шинэ мэдээлэл (тухайлбал, холбооны хэрэгслээр эрэл хийсэн, нислэгийн төлөвлөгөөгөө биелүүлсэн эсэхийг шалгасан, нислэг эхлэхээс өмнө, эсвэл нислэгийн явцад нисэх багт өгсөн цаг агаарын мэдээг судалсан зэрэг)-д үнэлэлт дүгнэлт өгөх, агаарын хөлгийн байрлалыг, эсхүл түүний туулсан замыг газрын зураг дээр тодорхойлох;
(ii)   бусад салбар нэгжтэй давхардсан үйл ажиллагаа явуулахаас зайлсхийх.
5/ бүх мэдээллийг нэгтгэн дүгнэсний эцэст агаарын хөлгийн байрлал, чиглэлийг газрын зураг дээр тэмдэглэх.
(б)       Холбооны хэрэгслээр эрэл хайгуул хийх :
1/ тухайн агаарын хөлөгтэй холбоо тогтоох оролдлогыг ашиглагддаг бүх давтамж дээр хийх;
2/ тухайн агаарын хөлгийн байрлалыг тодорхойлох оролдлого хийх, үүнд:
(i)            буулт үйлдэх бололцоотой бүх аэродром болон бусад газраас (нисэн гарсан аэродромыг оролцуулан) уг агаарын хөлгийн талаар лавлах;
(ii)          (ii) бусад эх сурвалжтай холбоо тогтоох, тухайлбал уг агаарын хөлөгтэй нэг агаарын замд ниссэн нь тодорхой, эсхүл ниссэн байж болзошгүй, мөн радио холбооны алслалтын хүрээнд байсан агаарын хөлгүүдтэй холбоо тогтоож асуух.
3/ энэ хэсгийн 1/, 2/-т заасан эрэл хайгуулыг хийсний эцэст ЭХАТ үйл ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзвэл ЭХАТ хэсгүүд болон үйл ажиллагаанд шийдвэрлэх үүрэгтэйгээр оролцох байгууллага, албадад мэдэгдэнэ. Үүний зэрэгцээ аюул тулгарсан, эсхүл аюулд нэрвэгдсэн агаарын хөлгийг дагалдуулах шаардлага гарвал өөр агаарын хөлөг илгээх асуудлыг ИНЕГ-т тавьж болно.
(в)       Тодорхой бус үеийг дуусгах, эсхүл түгшүүрийн үе рүү шилжих.
1/ холбооны хэрэгслээр хийсэн эрэл, эсхүл хүлээн авсан өөр бусад мэдээллээс агаарын хөлөг ослын нөхцөл байдалд ороогүй болох нь нотлогдвол ЭХАТ ЗТ-өөс тодорхой бус үе дууссаныг зарлаж агаарын хөлгийг эзэмшигч /ашиглагч/ байгууллага, мэдээлэл илгээгч болон ослын нөхцөл байдлын талаарх мэдээлэл хүлээн авсан ЭХАТ хэсгүүдэд мэдэгдэнэ;
2/ хэрэв агаарын хөлөг болон түүнд яваа хүмүүсийн аюулгүй байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал хэвээр байвал тодорхой бус үеийг дуусгаж түгшүүрийн үеийг эхлүүлнэ.
Түгшүүрийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ
(а) Түгшүүрийн үе эхэлснийг ЭХАТ ЗТ, эсхүл НХҮА зарлана.
(б) Түгшүүрийн үе зарлагдсаны дараа ЭХАТ ЗТ-өөс дараах арга хэмжээг авна:
1/ тухайн нөхцөл байдалд тохирсон арга хэмжээ авч эхэлсэн тухайгаа НХҮА болон ИНЕГ-т мэдэгдэх;
2/ бий болсон нөхцөл байдлын талаарх мэдээллийг ЭХАТ үйл ажиллагаанд голлон оролцох байгууллага, албадад илгээж, бэлэн байдалд оруулах;
3/ бий болсон нөхцөл байдлын талаар Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба болон Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанд мэдээлэх;
4/ агаарын болон газрын ЭХАТ хэсгүүдийг бүрдүүлэх, зохион байгуулах асуудлыг ИНЕГ-т тавих;
5/ үйл явдлын талаарх бүх мэдээллийг бүртгэж авах;
6/ хүлээн авсан мэдээллийг нягтлан шалгах;
7/ ослын нөхцөл байдалд орсон агаарын хөлгийн талаар шинэ мэдээлэл олж авах оролдлого хийх, үүнд:
(i)     агаарын хөлөгтэй холбоо тогтоосон байж болзошгүй нисэх буудлууд, холбооны станцууд, байнгын жижүүрлэлтэд байгаа хилийн цэргийн болон батлан хамгаалах цэргийн холбооны анги, салбарууд, радио холбооны тоноглол бүхий бусад газраас мэдээлэл авах. Эдгээр байгууллагуудыг бололцоотой бол 121.5 МГц, 5680 кГц болон бусад шаардлагатай давтамжийг сонсож байх хүсэлт тавих;
(ii)   агаарын хөлгийн нислэг үйлдэх агаарын замын дагуух бүх аэродром болон буулт үйлдэж болзошгүй иргэний болон цэргийн аэродромуудаас мэдээлэл авах ;
(iii) ЭХАТ үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бусад байгууллага, албадаас мэдээлэл авах.
8/ нислэгийн төлөвлөгөө, цаг агаарын байдал, газрын гадаргуугийн тогтоц, радио холбоо сааталд орох магадлал, агаарын хөлгийн байрлалын талаарх сүүлчийн мэдээлэл, хамгийн сүүлд холбоо барьсан цаг, нисэгчийн зэрэглэл, дадал зуршил зэрэгт холбогдох байгууллага, албадтай хамтран нарийвчилсан дүн шинжилгээ хийх;
9/ агаарын хөлгийн шатахуун дуусах цагийг тооцоолох, цаг агаарын таагүй нөхцөл байдалд уг агаарын хөлгийн нислэг, техникийн шинж чанар хэрхэн өөрчлөгддөгийг анхаарах;
10/ НХҮА-ны холбогдох салбар нэгжүүдтэй дараах зорилгоор нягт хамтран ажиллах:
(i)     хүлээн авсан шинэ мэдээлэл (тухайлбал, холбооны хэрэгслээр эрэл хийсэн, нислэгийн төлөвлөгөөгөө биелүүлсэн эсэхийг шалгасан, нислэг эхлэхээс өмнө, эсхүл нислэгийн явцад нисэх багт өгсөн цаг агаарын мэдээг судалсан зэрэг)-д үнэлэлт дүгнэлт өгөх, агаарын хөлгийн байрлалыг, эсхүл түүний туулсан замыг газрын зураг дээр тэмдэглэх;
(ii)   бусад салбар нэгжтэй давхардсан үйл ажиллагаа явуулахаас зайлсхийх.
11/ дараах хүсэлтийг НХҮА-ны ээлжид ажиллаж байгаа нислэгийн удирдагчид тавина:
(i)        ослын нөхцөл байдалд орсон агаарын хөлөг, ослын талаар мэдээлэл дамжуулсан агаарын хөлөг, ЭХАТ нислэг үйлдэж буй агаарын хөлөгт заавар, зөвлөмж, мэдээлэл дамжуулах;
(ii)      аюул тулгарсан агаарын хөлгийн ойролцоо нислэг үйлдэж байгаа агаарын хөлөгт аюулын шинж байдлын тухай мэдээлэл дамжуулах.
12/ агаарын хөлгийн болзошгүй байрлалыг тодорхойлох, газрын зураг дээр тэмдэглэх, мөн хамгийн сүүлд холбоо барьсан цэгээс нисэн холдож болох хамгийн хол байрлалыг тодорхойлох, газрын зураг дээр тэмдэглэх;
13/ тухайн нөхцөл байдалд тохирсон арга хэмжээ авч эхэлсэн тухайгаа НХҮА болон ИНЕГ-т мэдэгдэх.
(в) Түгшүүрийн үеийг дуусгах, эсхүл аюулын үед шилжих:
1/ Хүлээн авсан бүх мэдээллээс агаарын хөлөг ослын нөхцөл байдалд ороогүй болох нь нотлогдвол түгшүүрийн үе дууссаныг зарлаж, энэ тухайгаа агаарын хөлөг эзэмшигч /ашиглагч/ байгууллага, мэдээлэл илгээсэн болон үйл ажиллагаанд оролцож эхэлсэн ЭХАТ хэсэг, албадад нэн даруй мэдэгдэнэ.
2/ Хэрэв агаарын хөлгийн байрлалыг тодорхойлох талаар авсан бүх арга хэмжээ үр дүнгүй болсон, эсхүл шатахууны нөөц нь дуусах тооцоот цаг өнгөрсөн тохиолдолд агаарын хөлөг болон түүнд яваа хүмүүст аюул тулгарсан бөгөөд тэдэнд яаралтай тусламж шаардагдаж байна гэж үзэн аюулын үед шилжинэ.
Аюулын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ
(а) Аюулын үеийг ЭХАТ ЗТ, эсхүл НХҮА зарлан мэдэгдэнэ.
(б) Аюулын үеийг зарлан мэдэгдсэний дараа ЭХАТ ЗТ-өөс дараах арга хэмжээг авна:
1/ байгаа бүх мэдээлэлдээ үндэслэн ЭХАТ үйл ажиллагаа явуулах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж ИНЕГ-т танилцуулна;
2/ төлөвлөгөөний холбогдох хэсгийг дараах байгууллага, албадад илгээнэ:
(i)     аюул тулгарсан байж болзошгүй агаарын хөлөгт дамжуулах болон нислэгийн хөдөлгөөн зохицуулах зорилгоор НХҮАлбанд;
(ii)   хэрэв агаарын хөлөг улсын хилийн орчимд нислэг үйлдэж байсан бол төлөвлөгөөт чиглэлийн дагуу хөрш зэргэлдээ орнуудын ЭХАТ үйл ажиллагаа зохицуулах төвд.
3/ агаарын хөлгийн байрлалыг тодорхойлох, байрлалын тодорхой бус байдлын зэргийг тогтоох, эрэн хайх үйл ажиллагаа явагдах бүсийн хөндлөн болон тууш хэмжээг тодорхойлох;
4/ үйл ажиллагааны өрнөлтийн явцад шаардлагатай бол төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах;
5/ бий болсон нөхцөл байдлын талаар тухайн агаарын хөлгийг үйлдвэрлэсэн болон бүртгэсэн улсад мэдээлэх;
6/ бий болсон нөхцөл байдлын талаар Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба болон Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанд мэдээлэх;
7/ үйл явдлын өрнөлтийн эхний үе шатанд ЭХАТ үйл ажиллагаанд шууд оролцохгүй ч шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлж чадах агаарын хөлөг, байгууллага, хувь хүмүүст дараах хүсэлтийг тавих:
(i)            осолд нэрвэгдсэн байж болзошгүй агаарын хөлгийн дамжуулах дохиог хүлээн авах зорилгоор радио холбооны суваг сонсох, агаарын хөлгийн ослын мэдээг дамжуулагч, чиглүүлэгч тоноглолууд (ELT, ЕLВА)-ын дохиог сонсох;
(ii)          осолд орж болзошгүй агаарын хөлөгт бүх талын тусламж үзүүлэх;
8/ шинээр хүлээн авсан бүх мэдээллийг нэгтгэн дүгнэх, агаарын хөлгийн байж болзошгүй чиглэл, эсхүл байрлалыг газрын зураг дээр тэмдэглэх, зохих шийдвэр гаргах зорилгоор НХҮАлбаны салбар нэгжүүдтэй байнгын холбоотой байх;
9/ дараах хүсэлтийг НХҮА-ны ээлжид ажиллаж байгаа нислэгийн удирдагчид тавих:
(i)            ослын нөхцөл байдалд орсон агаарын хөлөг, ослын талаар мэдээлэл дамжуулсан агаарын хөлөг, ЭХАТ нислэг үйлдэж буй агаарын хөлөгт заавар, зөвлөмж, мэдээлэл дамжуулах;
(ii)          (ii) аюул тулгарсан агаарын хөлгийн ойролцоо нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүдэд аюулын шинж байдлын тухай мэдээлэл дамжуулах;
(iii)        ЭХАТ нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн нислэгийн өндрийг бусад бүх агаарын хөлгөөс чөлөөлөх.
10/ тухайн нөхцөл байдалд тохирсон арга хэмжээ авч эхэлсэн тухайгаа НХҮА болон ИНЕГ-т мэдэгдэх;
11/ бий болсон нөхцөл байдал болон үйл явдлын өрнөлтийн талаар агаарын хөлгийг эзэмшигч /ашиглагч/ байгууллагад тогтмол мэдээлж байх.
138.19.       ЭХАТ үйл ажиллагааг эхлэх
(а) Агаарын хөлгийн байрлал тодорхой байгаа тохиолдолд:
1/ хэрэв Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж байсан агаарын хөлөг ослын нөхцөл байдалд орсон ба байрлал нь тодорхой бол ЭХАТ үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг Улаанбаатарын ЭХАТ ЗТ гаргана;
2/ хэрэв НХҮА болон ЭХАТ ЗТ-ийн тооцоолсноор тухайн агаарын хөлөг Монгол улсын агаарын зайгаас гарсан байж болзошгүй тохиолдолд ЭХАТ ЗТ дараах арга хэмжээг авна:
(i)       хөрш улсын ЭХАТ байгууллагад бий болсон нөхцөл байдлын талаар мэдэгдэж, шаардлагатай бүх мэдээллийг илгээнэ;
(ii)     агаарын хөлөг хөрш зэргэлдээ улсын агаарын зайд  нэвтрэн орсон бөгөөд ЭХАТ үйл ажиллагаа явуулах үүргийг тухайн улсын ЭХАТ байгууллага өөртөө авах хүртэл Улаанбаатарын ЭХАТ ЗТ эрэн хайх үйл ажиллагааг зохицуулна;
(б) Агаарын хөлгийн байрлал тодорхой бус байгаа тохиолдолд:
1/ хэрэв олон улсын нислэг үйлдэж байсан агаарын хөлөг улсын хилийн ойролцоо ослын нөхцөл байдалд орсон бөгөөд байрлал нь тодорхой бус байвал ЭХАТ үйл ажиллагааг хөрш улсын ЭХАТ байгууллагатай байгуулсан гэрээнд заасны дагуу явуулна;
2/ Улаанбаатарын ЭХАТ ЗТ дараах тохиолдолд ЭХАТ үйл ажиллагаа явуулах үүргийг өөртөө авна:
(i)       агаарын хөлөг сүүлчийн удаа радио холбоо барихдаа Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж байсан;
(ii)     агаарын хөлөг сүүлчийн удаа радио холбоо барихдаа хоёр улсын хилийн зааг дээр нислэг үйлдэж байсан бөгөөд Монгол Улсын агаарын хилийг огтлон орох ёстой байсан.
138.20.       ЭХАТ үйл ажиллагааг түр буюу бүрмөсөн зогсоох
(а) Осолд орсон агаарын хөлгийн байрлалыг тодорхойлж, аврах ажиллагаа явагдсаны дараа ЭХАТ ЗТ эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг зогсоох зөвшөөрлийг ИНЕГ-аас албан ёсоор авч, энэ тухай агаарын хөлөг эзэмшигч /ашиглагч/ байгууллага, мөн үйл ажиллагаанд оролцож байгаа бүх ЭХАТ хэсэгт нэн даруй мэдэгдэнэ.
(б) Эрэн хайх үйл ажиллагаа үр дүнгүй болсон тохиолдолд ЭХАТ ЗТ нь ИНЕГ болон Гамшигтай тэмцэх байгууллагын зөвшөөрлөөр эрэн хайх үйл ажиллагааг зогсоож, энэ тухай ЭХАТ үйл ажиллагаанд оролцож байгаа бүх байгууллага, алба, хэсэгт мэдэгдэнэ;
(в) Эрэн хайх үйл ажиллагааг дараах тохиолдолд зогсооно:
1/ осол болсон байж болзошгүй бүх бүсэд нарийвчилсан эрэн хайх үйл ажиллагаа явуулсны дараа;
2/ осол болсон байж болзошгүй бүх газарт эрэл явуулсны дараа;
3/ агаарын хөлгийн байрлалыг тогтоохын тулд бололцоотой бүх эх сурвалжаас хангалттай мэдээлэл цуглуулсан;
4/ агаарын хөлөгт явсан хүмүүс амьд байх магадлалгүй болсон.
(г) ЭХАТ ажиллагааг зогсоосны дараа агаарын хөлгийг эзэмшигч /ашиглагч/ эрлийг үргэлжлүүлж болно. Энэ тохиолдолд агаарын хөлгийг эзэмшигч /ашиглагч/ болон ЭХАТ ЗТ эрлийн үйл ажиллагааг хамтран зохицуулна.
(д) Эрлийн үр дүнгээс шалтгаалан идэвхтэй эрлийг түр хугацаагаар зогсоож болох ба шинэ, нэмэлт мэдээлэл олж авсны дараа эрэн хайх үйл ажиллагааг сэргээх нь үр дүнтэй гэж ИНЕГ-аас үзвэл эрлийг сэргээж болно.
БҮЛЭГ Д. ОСЛЫН ТАЛБАРТ ЯВУУЛАХ ЭХАТ АРГА ХЭМЖЭЭ
138.21.       Авран туслах үйл ажиллагааны төлөвлөгөө
(а) Эрэн хайх үйл ажиллагааны явцад осолдсон агаарын хөлгийн байрлалыг тогтоосны дараа ЭХАТ ЗТ-ийн менежер нь ИНЕГ-ын эрх бүхий албан тушаалтанд танилцуулсны үндсэн дээр ЭХАТ ямар хэсгийг үйл ажиллагаанд оролцуулах тухай асуудлыг шийдвэрлэж, авран туслах үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулна.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан төлөвлөгөөг боловсруулахдаа дараах хүчин зүйлүүдийг харгалзаж үзнэ:
1/ осолдсон агаарын хөлгийг илрүүлсэн ЭХАТ хэсгээс авах арга хэмжээ, ослын талбар дээр бусад ЭХАТ хэсгийн авах арга хэмжээ;
2/ амьд үлдсэн хүмүүсийн байгаа газар;
3/ амьд үлдсэн хүмүүсийн биеийн байдал, тэдэнд ямар төрлийн эмнэлгийн тусламж шаардагдаж байгаа;
4/ агаарын хөлөгт байсан хүний тоо;
5/ осол болсон газрын, гадаргуугийн тогтоц;
6/ ЭХАТ хэсгүүдийн бэлэн байдал;
7/ авран туслах үйл ажиллагаанд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлөх;
8/ хоногийн ямар үе (өглөө, өдөр, орой, шөнө);
9/ ЭХАТ хэсгийн бие бүрэлдэхүүний осолдох магадлал /тухайлбал осолдсон агаарын хөлгийн бүхээгт аюултай ачаа байгаа эсэх г.м/.
138.22.       Ослын талбарын захирагч
(а) Ослын талбарт ЭХАТ хэсгүүдийн ажлыг зохион байгуулах зорилгоор ЭХАТ арга хэмжээг ерөнхийд нь удирдаж байгаа эрх бүхий байгууллага энэ дүрмийн 138.6-д заасан байгууллагуудын албан тушаалтнуудаас ослын талбарын Захирагчийг томилно.
(б) Ослын талбарын захирагч нь ослын газарт ЭХАТ хэсгийг удирдан зохион байгуулж, дараах арга хэмжээг авна:
1/ ослоос амьд үлдсэн хүмүүст эмнэлгийн шаардлагатай тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулах, тэднийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх;
2/ шинжлэн шалгах бүрэлдэхүүнийг ослын талбарт ирэх хүртэлх хугацаанд ослын холбогдолтой аливаа ул мөр, бичиг баримт, бусад зүйлийг хамгаалах;
3/ ЭХАТ хэсгүүдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны мөрдөлтөд хяналт тавих, зааварчлах;
4/ тухайн үеийн нөхцөл байдлын улмаас ЭХАТ үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөнд тусгаснаас өөр арга хэмжээ авах шаардлага гарсан тохиолдолд ЭХАТ ЗТ-тэй холбоо барьж асуудлыг зохицуулах;
5/ ЭХАТ үйл ажиллагааны явцын талаар ЭХАТ ЗТ-д тогтмол мэдээлэх;
6/ ЭХАТ үйл ажиллагааны талаарх мэдээллүүд /ЭХАТ хэсэг ослын талбарт хүрэлцэн ирсэн болон ослын талбарыг орхисон цаг, эрэл явуулсан бүс, агаарын хөлгөөр болон бусад тээврийн хэрэгслээр туулсан замын урт, цаг агаарын байдал, осолд өртөгсдийн тоо, биеийн байдал г.м./-ийг нарийвчлан бүртгэх.
(в) Ослын талбарын захирагч нь найдвартай холбооны хэрэгслээр хангагдсан байна.
138.23.       Агаарын хөлөг олдсоны дараа авах арга хэмжээ
(а) Агаарын ЭХАТ хэсгийн авах арга хэмжээ
Агаарын хөлгөөр эрэл хийсний үр дүнд осолдсон агаарын хөлгийг илрүүлсэн тохиолдолд ЭХАТ нислэг үйлдсэн агаарын хөлгийн баг дараах арга хэмжээг авна:
1/ ослоос амьд үлдсэн хүмүүст дараах аргуудын аль нэгийг хэрэглэн дохио өгнө:
(i)            буултын гэрлээ асаагаад ослын талбар дээгүүр нам өндөрт нисэх, далавчаараа дохих;
(ii)          дохиоллын чийдэн, эсхүл гэрлийн прожекторыг асааж унтраах;
(iii)        дохионы гар буугаар 5-10 секундын зайтайгаар буудах (ногоон өнгийн сум байвал илүү тохиромжтой).
2/ шаардлагатай бол холбооны хэрэгсэл, хоол хүнс болон эм тариа, амьдрал тэтгэх бусад эд зүйлсийг онгоцноос хаях, хэрэв шүхэрчин-аврагчид ажиглагчаар явсан бол тэднийг буулгах;
3/ ослын талбар дээгүүр тойрог нислэг үйлдэн байрлалыг нь сайтар тогтоох, газрын зураг дээр тэмдэглэх;
4/ осолд нэрвэгдсэн агаарын хөлгийг илрүүлсэн. тухай дараах мэдээллийг НХҮА-д дамжуулах:
(i)                 илрүүлсэн цаг;
(ii)               эрлийн объектын байрлал;
(iii)             ослын талбар дээрх нөхцөл байдал;
(iv)              ослоос амьд үлдсэн хүмүүсийн тоо, тэдний биеийн байдал;
(v)                шаардлагатай авран хамгаалах тоноглол, цэвэр ус, хоол хүнс болон эм тарианы зүйлс;
(vi)              осолд өртөгсдөөс өгч буй "газар-агаар" ил харааны дохио, радио холбооны хэрэгслээр дамжуулсан мэдээ;
(vii)            цаг агаарын байдал;
(viii)          агаарын хөлөг буулт үйлдэх боломжтой эсэх, аврагчид болон эмнэлгийн ажилтнууд шүхрээр буух боломжтой газар ослын талбарын ойролцоо байгаа эсэх;
(ix)              газрын ЭХАТ хэсгүүд ослын талбар руу шуурхай, саадгүй хүрэлцэн очих хамгийн дөт маршрут;
(x)                ослын талбарт хамгийн ойр байгаа газрын тээврийн хэрэгслүүдийн төрөл болон тэдний байрлал;
(xi)              энэ мэдээллийг дамжуулахаас өмнө ямар нэг арга хэмжээ авсан эсэх, осолд өртөгсдөд ямар тусламж үзүүлсэн;
(xii)            өөрийн агаарын хөлөгт үлдсэн шатахууны хэмжээ (мэдээ дамжуулж байх үеийн) болон аэродромдоо нисэн очих тооцоот цаг;
(xiii)          авран туслах үйл ажиллагааны үед учирч болзошгүй аюул, саад бэрхшээл;
5/ ослын талбарыг болон осолдсон агаарын хөлгийг баримжаалах ямар нэг объектын хамт багтаасан фото зураг (видео бичлэг)-ийг янз бүрийн өндрөөс авах;
6/ ослын талбар хүрэх замыг газрын ЭХАТ хэсгүүд болон бусад агаарын хөлөгт зааж өгөх.
(б)       Газрын ЭХАТ хэсгийн авах арга хэмжээ
Газрын ЭХАТ хэсэг осолдсон агаарын хөлгийг олсон тохиолдолд дараах арга хэмжээг авна:
1/ бий болсон нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, ЭХАТ ЗТ-д шаардлагатай бүх мэдээллийг шуурхай дамжуулах;
2/ ослын дараа амьд үлдсэн хүмүүст эмнэлгийн анхны тусламж үзүүлж тэднийг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаанд бэлтгэх;
3/ шинжлэн шалгах бүрэлдэхүүнийг ослын талбар дээр хүрэлцэн иртэл ослын газарт үлдсэн аливаа ул мөр, агаарын хөлгийн эд ангиуд болон бусад зүйлийг байрнаас нь хөдөлгөхгүй байх (хэрэв энэ нь амьд үлдсэн хүмүүст эмнэлгийн анхны тусламж үзүүлэхэд саад болохгүй тохиолдолд), ачаа тээш, баримт бичгийг хамгаалах.
(в)        ЭХАТ үйл ажиллагааны үед ашиглагдах ил харааны дохио
1/ осолд өртөгсөд газраас дохио өгөхдөө "газар-агаар" ил харааны дохионы олон улсын кодыг ашиглана;
2/ осолд өртөгсөд ил харааны кодыг зөвхөн Чикагогийн конвенцийн Хавсралт 12-т тусгагдсан утгаар ашиглана;
3/ ил харааны дохионы тэмдгийг 2.5 метрээс доошгүй урттай, аль болох тодоор хийнэ;
4/ ил харааны дохиог илрүүлсэн агаарын хөлгийн нисэх баг дохионы илэрхийлж байгаа утгын дагуу арга хэмжээ авна;
5/ агаарын хөлгийн нисэх баг ил харааны дохиог ойлгосон гэдгээ мэдэгдэхийн тулд дараах үйлдлийг хийнэ:
(i)                 өдрийн цагт дээгүүр нь нисэж далавчаараа дохих;
(ii)               шөнийн цагт суултын гэрлээ 2 удаа асааж унтраах ба хэрэв тухайн агаарын хөлөг ийм төрлийн гэрлээр тоноглогдоогүй бол аэронавигацын гэрлээ 2 удаа асааж, унтраана.
6/ хэрэв энэ хэсгийн 5/-д заасан дохионуудыг агаарын хөлгөөс өгөөгүй бол тухайн агаарын хөлгийн нисэх баг газраас өгсөн дохиог ойлгоогүй гэж үзнэ.