- Нүүр
- Сайдын тушаал
- АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ
Дэд бүтцийн сайдын 2001 оны 12 сарын 29-ний өдрийн 377 тоот тушаалын Хавсралт
АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ
Дараах эд зүйл болон бодисоос бусад аюултай ачааг агаарын хөлгөөр аюулгүй тээвэрлэх үйл ажиллагааг зохицуулахад энэ дүрмийн зорилго оршино:
1/ нислэгийн үед хүн, амьтанд эмнэлгийн тусламж үзүүлэхтэй холбогдсон зүйлс;
2/ хөдөө аж ахуйн нислэгийн үйл ажиллагаанд зориулагдсан зүйлс;
3/ агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын, эсхүл ИНБД-ийн шаардлагуудын дагуу агаарын хөлөгт зайлшгүй байх зүйлс;
4/ агаарын хөлөгт тээвэрлэгдэх аваарын болон авран хамгаалах тоног хэрэгсэл;
5/ нислэгийн үйлчилгээнд, эсхүл худалдахад зориулагдсан спиртийн төрлийн ундаа, шүршдэг болон түрхдэг үнэртэй ус, тамхины асаагуур, шүдэнз;
6/ зорчигчдын хоол, ундаанд ашиглахад зориулагдсан хуурай мөс.
92.2. Тодорхойлолт
Аюултай ачаа гэж агаараар тээвэрлэх үед өөрийн шинж чанараараа иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө болон нислэгийн аюулгүй байдалд үлэмж хор хүргэж болох биет зүйл болон бодисыг;
Ачааны агаарын хөлөг гэж зөвхөн бараа болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий агаарын хөлгийг;
Ачаа тээврийн зуучлагч гэж агаарын тээврээр ачаа тээвэрлүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа эрхэлдэг этгээдийг;
Ачааны оноосон нэр гэж тээвэрлэлтийн бичиг баримт, ачааны мэдэгдэл, баглаа боодолд тухайн бодис болон эд зүйлийг Аюултай ачааны техникийн зааварчилгад дурьдсаны дагуу тодорхойлон бичсэнийг;
Баглаа боодол гэж Аюултай ачааны техникийн зааварчилгад тусгагдсан шаардлагыг хангасан хайрцаг сав болон түүний бүрэлдэхүүн хэсгийг;
Гадуур баглаа боодол гэж нэг буюу хэд хэдэн ачааг зөөх, хадгалах, тээвэрлэхэд тохиромжтой байхаар нэг нэгж болгон боож баглахыг;
Нэгдсэн үндэстний дугаар гэж аюултай эд зүйлс болон бодисыг ангилах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын хяналтын хороогоор батлагдсан 4 оронтой тоог;
Ачих төхөөрөмж гэж агаарын хөлөгт бараа буюу ачаа тээвэрлэхэд зориулагдсан чингэлэг, тавцанг;
Савлалт гэж эд зүйлс болон бодисыг хайрцаг саванд хийж найдвартай, аюулгүй болгох үйл ажиллагааг;
Аюултай ачааны техникийн зааварчилга гэж аюултай ачааг агаараар аюулгүй тээвэрлэхэд зориулан Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-аас баталж гаргасан хүчин төгөлдөр бичиг баримт (Док 9284)-ыг;
Тогтмол илгээгч гэж аюултай ачааг үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч болон тэдгээрийн өмнөөс аюултай ачааг агаараар тээвэрлүүлэхээр санал болгож буй этгээдийг тус тус хэлнэ.
92.3. Аюултай ачааны ангилал
(а) Аюултай ачааг дараах байдлаар ангилна:
1 дүгээр ангилал - тэсрэмтгий бодис
1/ тэсрэмтгий бодисууд /үүнд давамгайлах аюул нь өөр ангид хамаарах тэсрэх бодис орохгүй/
2/ тэсрэх зүйлс /үүнд шатах зэрэглэл нь уг хэрэгслээс ангид, тусгал нь ямар нэг хэмжээгээр илрэхээргүй тэсрэх бодис агуулсан зүйлс орохгүй/
3/ энэ ангиллын 1/, 2/-т дурьдаагүй, тэсрэх буюу пиротехник ажиллагаанд зориулж хийгдсэн зүйл болон бодисууд
2 дугаар ангилал – хий
1/ 500С-т 300кПа-гаас дээш даралт үүсгэх бодис; эсхүл
2/ 101,3 кПа стандарт даралт болон 200С-т хийн төлөвт бүрэн шилжих бодис
3 дугаар ангилал – шатамхай шингэн
Энэ ангилалд бүх төрлийн шатамхай шингэн орох ба 350С хэмээс дээш шатах цэг бүхий суспенз, эсхүл уусмал байдалд шилжүүлсэн шингэн, эсхүл дараах холимог шинж бүхий шингэнүүдийг шатамхай шингэний төрөлд оруулахгүй:
1/ Аюултай ачааны техникийн зааварчилгын дагуу шатах чанарын туршилтад оруулахад тэдгээр нь шаталтыг өдөөдөггүй;
2/ шатах цэг нь ISO 2592-ын дагуу 1000С хэмээс дээш;
3/ найрлагын 90-ээс дээш хувь нь ус бүхий холимог уусмал.
4 дүгээр ангиллын аюултай ачаа
1/ тээвэрлэлтийн явцад үүсэж болзошгүй нөхцөл байдлын улмаас амархан шатах буюу үрэлтийн улмаас гал гаргах буюу өдөөх шинж чанар бүхий хатуу биет;
2/ хүчтэй термик урвалд орох чадвар бүхий өөрөө урвал үүсгэдэг бодис болон энэ төрлийн бодисууд;
3/ зохих хэмжээгээр шингэрүүлээгүй тохиолдолд дэлбэрч болох мэдрэмтгий чанарыг нь бууруулсан тэсрэх бодис;
4/ тээвэрлэлтийн явцад тохиолдож болзошгүй үрэлтийн улмаас өөрөө халах, эсхүл агаартай харилцан үйлчилсний үр дүнд халах, гал авалцах чадвар бүхий бодисууд;
5/ устай урвалд орсны үр дүнд өөрөө аяндаа шатах, гал авалцах, эсхүл гал авалцах хий ялгаруулах шинж чанар бүхий бодисууд.
5 дугаар ангилал – исэлдэгч болон органик бодисууд
1/ өөрөө шатамхай биш боловч хүчилтөрөгч ялгаруулах замаар бусад материалын шаталт үүсгэх буюу шаталтыг даамжруулах шинж чанар бүхий бодисууд;
2/ нэг буюу хоёр устөрөгчийн атом нь органик радикалаар орлуулагдсан 0-0 бивалент бүтэц бүхий устөрөгчийн хэт ислийн дериватив гэж тооцогддог органик нэгдлүүд.
6 дугаар ангилал –
1/ үнэртэх, залгих, эсхүл хүрэх тохиолдолд хүний эрүүл мэндэд хор хөнөөл, гэмтэл учруулах, эсхүл үхэлд хүргэх аюул бүхий бодисууд;
2/ амьд амьтан болон хүний биед халдварт өвчин тарааж болзошгүй бактери, мөөгөнцөр, нян, рахит, шимэгч, recombinant, hybrid, mutant гэх мэтийн бичил биетийг агуулж буй бодисууд.
7 дугаар ангилал – цацраг идэвхт бодисууд
Энэ ангилалд 70 кБк/кг (kbq/kg)-аас дээш тодорхой идэвхжилт бүхий аливаа бодис багтана.
8 дугаар ангилал – зэврүүлэгч бодис
Урсаж, гоожсон тохиолдолд дор дурьдсан хохирол учруулах чанар бүхий бодисууд энэ ангилалд багтана:
1/ амьд эд эсэд үйлчлэхдээ химийн аргаар ноцтой гэмтэл учруулах; эсхүл
2/ тээврийн хэрэгсэл болон бусад ачаанд материаллаг гэмтэл учруулах.
9 дүгээр ангиллын аюултай ачаа
Агаараар тээвэрлэх явцад аюул учруулж болзошгүй, бусад ангилалд тусгагдаагүй бодисууд энэ ангилалд багтана.
(б) Аюултай ачааны ангилал тус бүрийг Аюултай ачааны техникийн зааварчилга (Док 9284)-д заасны дагуу бүлэглэнэ.
(в) Аюултай ачааг агаараар тээвэрлүүлэхээр санал болгож буй аливаа этгээд нь тухайн аюултай ачааг Аюултай ачааны техникийн зааварчилгын дагуу ангилагдсан гэдгийг шалгаж баталгаажуулах үүрэгтэй.
92.4. Тээвэрлэлтэд тавигдах шаардлагууд
(а) Аюултай ачааг агаараар тээвэрлэх, тээвэрлүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа эрхлэх Агаарын тээвэрлэгч болон ачаа тээврийн зуучлагч, тогтмол илгээгч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/ "Аюултай ачаа тээвэрлэх заавар"-ыг боловсруулж ИНЕГ-ын эрх бүхий этгээдээр хянуулж батлуулсан байх;
2/ аюултай ачаатай холбогдсон үйл ажиллагаанд шууд оролцох аливаа этгээд нь ИНЕГ-аас баталсан хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдсан байх;
3/ аюултай ачаатай холбогдсон зөрчил, осол гарсан тохиолдолд холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлэх журамтай байх.
(б) Аюултай ачааг агаараар тээвэрлүүлэх этгээд нь тэдгээрийг Аюултай ачааны техникийн зааварчилгын дагуу ангилан, тээврийн бичиг баримтыг нь бүрдүүлсэн, савлаж боосон, зохих таних тэмдэг болон шошгоор хангасан байна.
(в) Хүлээн авах, хадгалах болон ачиж зөөвөрлөх үйл ажиллагааг Аюултай ачааны техникийн зааварчилгын дагуу хийгээгүй бол аливаа этгээд нь тухайн аюултай ачааг агаараар тээвэрлэхгүй.
92.5. Хориглосон аюултай ачаа
Аливаа этгээд нь Аюултай ачааны техникийн зааварчилгад тусгагдсан, агаараар тээвэрлэхийг хориглосон аюултай ачааг тээвэрлүүлэхээр санал болгох, эсхүл түүнийг тээвэрлэлтэд хүлээн авахыг хориглоно.
92.6. Аюултай ачааны талаар нисэх багийн гишүүд, зорчигчдын хүлээх үүрэг
Хэрэв Аюултай ачааны техникийн зааварчилгад зөвшөөрөгдөөгүй бол агаарын хөлгийн нисэх багийн гишүүд болон зорчигч агаарын хөлгийн бүхээгт аюултай ачааг биедээ, эсхүл гар тээш болон бүртгэгдэх тээшиндээ авч явахыг хориглоно.
92.7. Ачааг тээвэрлэлтэд санал болгох
(а) Аливаа эд зүйл болон бодисыг агаараар тээвэрлүүлэхээр санал болгож буй этгээд нь:
1/ хэрэв эд зүйлс болон бодис нь аюултай ачаа биш бол Агаарын тээвэрлэгчид дараах бичиг баримтыг гаргаж өгнө :
(i) эд зүйлс, бодисыг нарийвчлан тодорхойлсон баримт;
(ii) эд зүйлс, бодисууд нь аюултай ачаа биш болохыг нотлох баримт.
2/ хэрэв эд зүйлс болон бодис нь аюултай ачаа бол энэ дүрмийн В бүлгийн шаардлагыг хангасан байна.
(б) Энэ зүйлийн (а)-гийн 1/ дэх заалт нь шуудан, гар тээш болон шалгагдсан тээшинд хамаарахгүй.
92.8. Аюултай ачааг тээвэрлэхээс татгалзах
(а) Тээвэрлэлтэд хүлээн авсан, эсхүл тээвэрлэхээр санал болгосон аюултай ачаа нь ИНД-12-ын дагуу нислэг-техникийн осол, зөрчлийн мэдээлэлд орж байсан бол Агаарын тээвэрлэгч нь тухайн аюултай ачааг тээвэрлэхээс татгалзаж, энэ тухай ИНЕГ-ын эрх бүхий этгээдэд мэдэгдэнэ.
(б) Энэ зүйлийн (а)-д тусгагдсан мэдэгдлийн дагуу ИНЕГ-ын эрх бүхий этгээд дараах арга хэмжээг авна:
1/ тухайн аюултай ачааг шалгаж тодруулах;
2/ шаардлагатай бол тухайн бараанд шинжилгээ хийлгэхээр дээж авах.
Аюултай ачаанд зориулагдсан хайрцаг сав нь дараах шаардлагыг хангаагүй бол аливаа этгээд хайрцаг саван дээр таних тэмдэг болон шошго тавьж баталгаажуулахгүй:
1/ Аюултай ачааны техникийн зааварчилгад тусгагдсан шаардлагын дагуу үйлдвэрлэж, бэлтгэж, засварлаагүй бол;
2/ Аюултай ачааны техникийн зааварчилгын дагуу эрх бүхий этгээдээр шалгагдаагүй бол.
92.10. Савлалтад тавигдах шаардлага
Аюултай ачааг тээвэрлэлтэд зориулан савлаж буй этгээд нь тэдгээрийг Аюултай ачааны техникийн зааварчилгын дагуу бүлэглэж савласан байна.
92.11. Таних тэмдэгт тавигдах шаардлага
Савлагдсан аюултай ачаанд таних тэмдэг, тэмдэглэгээ хийж буй этгээд нь таних тэмдгийг Аюултай ачааны техникийн зааварчилгын дагуу тавих ба тэмдэглэгээнд дараах зүйлийг тусгасан байна:
1/ аюултай ачааны оноосон нэр;
2/ нэгдсэн үндэстний дугаар /өмнө нь UN үсгийг тавина/;
3/ аюултай ачааг илгээгч болон хүлээн авагчийн нэр хаяг;
4/ Аюултай ачааны техникийн зааварчилгад тусгагдсан бусад тэмдэглэгээнүүд.
92.12. Шошгод тавигдах шаардлага
Аюултай ачаа агуулсан сав баглаа болон гадуур баглаа боодлын шошго нь дараах шаардлагыг хангасан байна:
1/ сав баглаа болон гадуур баглаа боодолд тавигдах шошго нь Аюултай ачааны техникийн зааварчилгад нийцсэн байх;
2/ шошго нь тухайн ачааны аюулын төрлийг зааж байх;
3/ аюулын талаарх анхааруулга нь англи хэл дээр бичигдсэн байх.
В БҮлэг. Аюултай аЧааг тээвэрлэлтэд санал болгох
92.13. Аюултай ачааг тээвэрлэлтэд санал болгох
Аюултай ачааг агаараар тээвэрлүүлэхээр санал болгож буй аливаа этгээд нь дор дурьдсан зүйлүүдийг шалган баталгаажуулна. Үүнд:
1/ тухайн ачааг Аюултай ачааны техникийн зааварчилгад агаараар тээвэрлэхийг хориглоогүй байх;
2/ аюултай ачаа нь энэ бүлгийн дагуу баталгаажсан байх;
3/ аюултай ачааг энэ дүрмийн Б бүлэгт заасны дагуу савлаж, таних тэмдэг болон шошго тавьсан байх.
4/ Аюултай ачааны техникийн зааварчилгад шаардсаны дагуу аюултай ачааны тээврийн бичиг баримтуудыг 92.14-т зааснаар бүрдүүлж, эрх бүхий этгээдээр баталгаажуулсан байх.
92.14. Аюултай ачааны тээврийн бичиг баримтууд
Аюултай ачааг агаараар тээвэрлүүлэхээр санал болгож буй аливаа этгээд нь гарын үсэг зурж баталгаажуулсан тээврийн бичиг баримтыг 2 хувь үйлдэж Агаарын Тээвэрлэгчид хүлээлгэж өгөх ба:
1/ тээврийн бичиг баримтад дараах зүйлийг тусгасан байна:
(i) ачааны оноосон нэр
(ii) ачааны ангилал болон бүлэг
(iii) нэгдсэн үндэстний дугаар /өмнө нь UN үсгийг тавих/
(iv) савлалтын багц.
2/ Аюултай ачааны техникийн зааварчилгад дурьдсан аливаа нэмэлт шаардлагуудыг дагаж мөрдөнө;
3/ энэхүү дүрэм болон Аюултай ачааны техникийн зааварчилгад тусгагдсан шаардлагуудыг хангасан тухай баталгааг бичгээр гаргана.
Г БҮЛЭГ. ТЭЭВЭРЛЭГЧ
92.15. Аюултай ачааг тээвэрлэлтэд хүлээн авах
Агаарын тээвэрлэгч нь дараах шаардлага хангагдаагүй аюултай ачааг тээвэрлэлтэд хүлээн авахаас татгалзах эрхтэй:
1/ Аюултай ачааны техникийн зааварчилгад тусгайлан зааснаас бусад тохиолдолд, энэ дүрмийн 92.14-т дурьдсан аюултай ачааны тээврийн бичиг баримтыг 2 хувь бүрдүүлэн хавсаргасан байх;
2/ сав баглаа, гадуур баглаа боодол болон ачих төхөөрөмжүүд нь зохих журмын дагуу таних тэмдэг, шошго тавигдаж шалгагдсан байх.
92.16 Шалгаж хүлээн авах
Тээвэрлэгч нь аюултай ачааг тээвэрлэлтэд хүлээж авахдаа:
1/ дараах зүйлийг баталгаажуулахын тулд аюултай ачааг шалгаж хүлээн авах хуудсыг хэрэглэнэ:
(i) энэ дүрмийн 92.15-д заасан шаардлагууд хангагдсан эсэх,
(ii) аюултай ачааны тээврийн бичиг баримтууд нь 92.14-ийн шаардлагад нийцсэн эсэх.
92.17. Аюултай ачааг агаарын хөлгийн бүхээгт тээвэрлэх
(а) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд, Тээвэрлэгч нь аюултай ачааг нисэх багийн бүхээг болон зорчигчдын бүхээгт байрлуулж тээвэрлэхийг хориглоно.
(б) Тээвэрлэгч нь дараах нөхцөлд аюултай ачааг нисэх багийн бүхээг болон зорчигчдын бүхээгт байрлуулж тээвэрлэхийг зөвшөөрнө:
1/ хэрэв Аюултай ачааны техникийн зааварчилгад тухайн аюултай ачааг биедээ, эсхүл гар тээш болон бүртгэгдэх тээшиндээ авч явахыг зөвшөөрсөн бол;
2/ хэрэв Аюултай ачааны техникийн зааварчилгад хүлээн зөвшөөрсөн хайрцаг саванд хийсэн бол;
3/ орон нутагт нислэг үйлдэх агаарын хөлөг нь В ангиллын (утаа болон гал дохиологч системтэй) ачааны тасалгаагүй бол дараах аюултай ачааг зорчигчдын бүхээг дэх ачаа байрлуулах хэсэгт тээвэрлэх :
(i) 1 дүгээр ангиллын 1.4-р бүлэг, S группийн тэсрэмтгий бодис;
(ii) 2 дугаар ангиллын 2.2-р бүлэг, шатамхай бус, хоргүй хий;
(iii) 3 дугаар ангилал, шатамхай шингэн /савлалтын бүлэг – III/;
(iv) 4 дүгээр ангиллын 4.1-р бүлэг, шатамхай хатуу бодис /савлалтын бүлэг – III/;
(v) 5 дугаар ангиллын 5.1-р бүлэг, исэлдэгч бодис /савлалтын бүлэг – III/;
(vi) 6 дугаар ангиллын 6.1-р бүлэг, хортой бодисууд /савлалтын бүлэг – III/;
(vii) 7 дугаар ангилал, аюулгүйн зайн шаардлагыг хангаж байрлуулсан цацраг идэвхт материалууд;
(viii) 8 дугаар ангилал, савлалтын бүлэг – III-т хамаарах бодисууд;
(ix) 9 дүгээр ангилал, бусад ачаа.
(в) Зорчигч тээвэрлэх агаарын хөлөг нь В ангиллын (утаа болон гал дохиологч системтэй) ачааны тасалгаанд тавигдах шаардлагыг хангаж гэрчилгээжсэн бол Тээвэрлэгч тухайн агаарын хөлгийн ачааны тасалгаанд аюултай ачааг тээвэрлэнэ.
92.18. Тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах
(а) Аюултай ачааг хүлээж авсан Тээвэрлэгч нь уг ачааг хурааж, байрлуулах ба тээвэрлэхдээ Аюултай ачааны техникийн зааварчилгад заасны дагуу салгах, тусгаарлах зэргээр аюулгүй ажиллагаанд тавигдах шаардлагыг дагаж мөрдөнө.
(б) Тээвэрлэгч нь аюултай ачааг агаарын хөлөгт ачаалахдаа тэдгээр нь нислэгийн үед байрнаасаа шилжиж хөдлөхөөргүй, агаарын хөлгийг гэмтээхээргүй байхаар ачаална.
(в) Тээвэрлэгч нь аюултай ачааг агаарын хөлгөөр тээвэрлэхдээ, асгарч гоожсон тохиолдолд өөр хоорондоо урвалд орох зэргээр аюул учруулж болзошгүй эд зүйл болон бодисыг нэг дор ачаалж болохгүй.
92.19. Ачаалах, буулгах үйл ажиллагааг шалгах
Тээвэрлэгч нь аюултай ачааг агаарын хөлөгт ачаалахаас өмнө, эсхүл агаарын хөлгөөс буулгахаас өмнө тухайн ачааг агуулсан баглаа боодол болон ачих төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгасан байх шаардлагатай.
92.20. Бохирдлыг арилгах
Аюултай ачааг агаарын хөлөгт ачаалах, эсхүл агаарын хөлгөөс буулгах үед эвдэрч гэмтсэн болон асгарч гоожсон тохиолдолд Тээвэрлэгч нь дараах арга хэмжээг авна:
1/ агаарын хөлгийн аюултай ачаа байсан хэсэг, эсхүл ачих төхөөрөмжийн бохирдол, гэмтлийг шалгах;
2/ аюул учруулж болзошгүй бохирдлыг арилгах;
3/ цацраг идэвхт болон халдварт бодис асгарч гоожсон тохиолдолд аливаа үйл ажиллагааг зогсоож энэ тухай Авран хамгаалах албанд мэдээлэх.
92.21 Нисэх багийн даргыг мэдээллээр хангах
(а) Тээвэрлэгч нь аюултай ачаатай холбогдсон мэдээллийг нислэг эхлэхээс өмнө нисэх багийн даргад Аюултай ачааны техникийн зааварчилгад заасны дагуу бичгээр өгнө.
(б) Энэ дүрмийн 92.14-т заагдсан тээврийн бичиг баримт шаардлагатай аюултай ачааны хувьд Тээвэрлэгч нь тухайн аюултай ачааны талаарх мэдээлэл болон нислэг-техникийн осол, зөрчлийн үед авах арга хэмжээний талаарх мэдээллийг агаарын хөлгийн даргад нислэг эхлэхээс өмнө өгнө.
(в) Энэ зүйлийн (б)-д заагдсан мэдээлэл нь ИКАО-гийн Док. 9481-ийн дагуу өгөгдсөн байна.
92.22 Ажилтнуудыг мэдээллээр хангах
Тээвэрлэгч нь өөрийн ажилтнууд болон томилогдсон төлөөлөгчдийг аюултай ачааны тээвэрлэлттэй холбогдсон дараах мэдээллээр хангасан байна:
1/ аюултай ачаатай холбогдон үүсэж болох онцгой нөхцөл байдлын үед авах арга хэмжээний зааварчилга;
2/ Аюултай ачааны техникийн зааварчилгад тусгагдсан шаардлагатай бусад мэдээлэл.
92.23. Зорчигч болон бусад этгээдэд зориулсан мэдээлэл
(а) Тээвэрлэгч нь агаарын хөлгийн бүхээгт авч орохыг хориглосон аюултай ачааны талаар зорчигчдод дараах байдлаар урьдчилан мэдээлсэн байна:
1/ аюултай ачааны талаарх санамжийг зорчигчийн тийзэд хавсаргах,
2/ аюултай ачааны талаарх санамжийг тийз болон тээш бүртгэх хэсэгт байрлуулах,
3/ ачаа тээврийн цогцолборын ачаа хүлээн авах цэгт.
(б) Тээвэрлэгч, ачаа илгээгч болон бусад байгууллага нь аюултай ачаа тээвэрлэх үйл ажиллагаанд оролцдог ажилтнууддаа аюултай ачаатай харьцан ажиллах, онцгой нөхцөл байдлын үед авах арга хэмжээний талаарх мэдээллийг өгнө.
Д БҮЛЭГ. СУРГАЛТ
92.24. Хамрах хүрээ
Аюултай ачааны сургалтад:
1/ аюултай ачааг илгээгч болон түүнийг зуучлагч;
2/ аюултай ачааг тээвэрлэлтэд хүлээн авч буй Тээвэрлэгч;
3/ ачаа тээврийн зуучлагчид;
4/ зорчигч болон тэдгээрийн тээшинд үзлэг шалгалт хийдэг аюулгүй байдлын ажилтнууд хамрагдана.
92.25 Аюултай ачааны сургалтын хөтөлбөр
(а) Тээвэрлэгч, ачаа илгээгч нь аюултай ачааны Сургалтын хөтөлбөрийг Аюултай ачааны техникийн зааварчилгын дагуу боловсруулсан байх ба энэхүү хөтөлбөрт давтан сургалтын хөтөлбөр багтсан байна.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан хөтөлбөрийн дагуух сургалтыг дараах этгээд зохион байгуулна:
1/ ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн нисэхийн сургалтын байгууллага;
2/ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтад хамрагдаж гэрчилгээжсэн этгээд.
92.26 Давтан сургалт
Энэ дүрмийн 92.25-д заасан аюултай ачааны сургалтын хөтөлбөрийг дүүргэсэн аливаа этгээд нь 2 жил тутам давтан сургалтад хамрагдана.
92.27 Ажилтны хувийн хэрэг
Тээвэрлэгч болон ачаа илгээгч нь аюултай ачаатай холбогдсон үйл ажиллагаанд үүрэг хариуцлага хүлээсэн ажилтанд хувийн хэрэг хөтлөх ба хувийн хэрэгт дараах зүйлийг тусгасан байна:
1/ анхан шатны болон давтан сургалтын талаарх мэдээлэл;
2/ сургалтыг зохион байгуулсан байгууллага, этгээдийн талаарх мэдээлэл;
3/ сургалтад хамрагдсан байдал, үр дүнгийн талаарх мэдээлэл.
ХАВСРАЛТ. Аюултай аЧааны сургалтЫН ХӨТӨЛБӨР
Аюултай ачааны сургалтын хөтөлбөр нь сэдвүүдийг багтаасан байна:
1/ ерөнхий ойлголт өгөх, танилцуулах зорилго бүхий сургалт;
2/ тусгайлсан болон тухайн ажилтны гүйцэтгэж буй үйл ажиллагааны хүрээнд хүлээх үүрэг хариуцлагын талаар нарийвчилсан сургалтууд;
3/ аюултай ачаанаас учирч болох аюул, аюулгүй байдлыг хангаж ажиллах болон аваар ослын үед авах арга хэмжээг багтаасан аюулгүй байдлын сургалт;
4/ хүснэгт 1-д тусгагдсан сэдвүүд:
Хүснэгт 1
Сургалтад хамрагдах байгууллага, ажилтан
|
Сургалтын сэдэв
|
Ачаа хүлээн авах үүрэг бүхий ажилтан
/Тээвэрлэгчийн/
|
Иргэний нисэхийн тухай хууль; аюултай ачааны ангилал; хориг; савлах зааврууд; шошго ба таних тэмдэг тавих; аюултай ачааны тээврийн бичиг баримтын талаарх тээвэрлэгчийн үүрэг хариуцлага; ачаа илгээгчийн үүрэг хариуцлага; онцгой нөхцөлийн үед ажиллах журам;
|
Аюултай ачааг хадгалах болон ачаалах газрын үйлчилгээнд оролцох ажилтан
|
ерөнхий ойлголт; шошго ба таних тэмдэг тавих; зөөх тээвэрлэх болон ачаалах зааврууд; онцгой нөхцөлийн үед ажиллах журам;
|
Зорчигч үйлчилгээний болон аюулгүй байдлын ажилтан
|
ерөнхий ойлголт; Иргэний нисэхийн тухай хууль;
хориглосон аюултай ачаа; зорчигчдод зөвшөөрөх ачаа; шошго, таних тэмдгийн тухай ерөнхий ойлголт;
|
Нисэх багийн гишүүд
|
ерөнхий ойлголт; Иргэний нисэхийн тухай хууль; аюултай ачааны шошго ба таних тэмдэг; аюултай ачааны талаар нисэх багт зориулсан мэдэгдэл; онцгой нөхцөлийн үед ажиллах журам; ачаалах зааврууд;
|
Багийн бусад гишүүд
|
ерөнхий ойлголт; Иргэний нисэхийн тухай хууль; хориглосон аюултай ачаа; зорчигчдод зөвшөөрөх ачаа; шошго, таних тэмдгийн тухай ерөнхий ойлголт; онцгой нөхцөлийн үед ажиллах журам;
|
Баглаа боодлын үйлчилгээний ажилчид
|
аюултай ачааны ангилал; аюултай ачааны нэр; баглаа боодолд тавигдах ерөнхий шаардлагууд; савлах журам; шошго болон таних тэмдэг тавих;
|
Аюултай ачаа илгээгч болон түүний зуучлагчид
|
аюултай ачааны ангилал; аюултай ачааны нэр; савлах журам; шошго болон таних тэмдэг тавих; ачаа илгээгчийн үүрэг хариуцлага; аюултай ачааны тээврийн бичиг баримтууд;
|
Текст томруулах
A
A
A