A

A

A

Бүлэг: 1979
Дэд бүтцийн сайдын 2001 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 377 тоот тушаалын Хавсралт
НИСЭХИЙН ЦАГ УУРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫГ ГЭРЧЛҮҮЛЭХ
       А БҮлэг. ЕрӨнхий зҮйл 174.3.  Зорилго
            Иргэний агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаанд шаардлагатай цаг уурын мэдээний хангалтад тавигдах шаардлагыг тодорхойлох, Нисэхийн цаг уурын үйлчилгээ эрхлэх байгууллагыг гэрчилгээжүүлэхэд энэ дүрмийн зорилго оршино.
174.2.  Тодорхойлолт
            Цаг агаарын байнгын ажиглалт гэж нислэгийн үйл ажиллагааг цаг уурын мэдээгээр хангах зорилгоор тусгайлсан талбай, эсхүл агаарын зайн тодорхой хэсэгт хийсэн судалгааны дүнд цаг агаарын дараах бодит нөхцөлүүдээс үнэлэхийг :
                        1/ салхины чиглэл, хурд;
                        2/ далайн түвшинд шилжүүлсэн агаарын даралт;     
                        3/ агаарын температур;   
                        4/ цаг агаарын үзэгдэл ба үүлний хэмжээ.
            Цаг уурын алдаатай мэдээ гэж бодит ажиглалтын хэмжилтийн нарийвчлал болон урьдчилсан мэдээний таарцын боломжит хязгаараас үлэмж хэмжээгээр хэтэрсэн, эсхүл гажих боломжтой цаг уурын мэдээг;
            Тоног төхөөрөмж гэж дор дурьдсан багаж хэрэгсэл, системийг оролцуулан цаг уурын мэдээний хангалтад, эсхүл цаг уурын байгууллагын үйл ажиллагаанд автоматаар оролцдог аливаа багаж хэрэгсэл, системийг:
            1/ өгөгдөхүүн боловсруулах болон урьдчилсан мэдээ зохиох;
            2/ цаг агаарыг зайнаас тандан судлах;
            3/ цаг уурын мэдээг автоматаар дамжуулах ба хүлээн авах.
            Цаг уурын мэдээ гэж нислэгийн үйл ажиллагаанд шаардагдах, тодорхой хугацаа болон агаарын зайд ажиглагдсан цаг агаарын бодит нөхцөлийн өгөгдлийг;
            Цаг уурын мэдээлэл гэж нислэгийн үйл ажиллагаанд зориулагдсан цаг агаарын тухайн үеийн болон ирээдүйн төлвийг илэрхийлсэн цаг уурын мэдээ, урьдчилсан мэдээ, бусад өгөгдлүүдийг;
            Цаг уурын байгууллага гэж нислэгийн үйл ажиллагаанд шаардлагатай цаг агаарын мэдээ болон цаг уурын мэдээллээр хангах үйлчилгээ эрхэлдэг этгээдийг;
            Цаг уурын үйлчилгээ гэж цаг уурын дараах үйлчилгээг:
            1/ цаг уурын ажиглалт хийх үйлчилгээ: цаг уурын байнгын ажиглалтын мэдээгээр хангах;
            2/ цаг уурын хяналт тавих үйлчилгээ: нислэгийн хөдөлгөөн удирдлагын тогтоосон бүс дотор ажиглагдсан нислэгт аюултай цаг агаарын үзэгдлүүдийн хувьсал, хөдөлгөөнийг хянаж мэдээлэх;
            3/ мэдээлэл солилцох үйлчилгээ: цаг уурын нэгж, салбаруудаас мэдээлэл цуглуулах, дамжуулах;
            4/ зөвлөмж өгөх үйлчилгээ: цаг уурын бодит болон урьдчилсан мэдээг бичгээр, эсхүл амаар тайлбарлан танилцуулах;
            5/ урьдчилан мэдээлэх үйлчилгээ: тухайн цаг хугацааны болон агаарын зайн цаг уурын нөхцөлийн тухай урьдчилсан мэдээгээр хангах;
            6/ уур амьсгалын мэдээллээр хангах үйлчилгээ: тухайн газар нутаг болон агаарын зайн уур амьсгалын нөхцөлийн олон жилийн дундаж мэдээллээр хангахыг тус тус хэлнэ.
174.3.  Цаг уурын үйлчилгээ үзүүлэх
            (а) Энэ дүрмийн дагуу гэрчилгээ эзэмшээгүй аливаа этгээд нисэхийн цаг уурын үйлчилгээ эрхлэхгүй.
            (б) ИНЕГ-ын дарга нь энэ дүрэмд заасан нисэхийн цаг уурын үйлчилгээний аль нэгийг, эсхүл бүгдийг эрхлэх эрхийг олгож болно.
174.4.  Цаг агаарын байнгын ажиглалт
Цаг агаарын байнгын ажиглалт хийж буй этгээд нь:
1/ цаг агаарын байнгын ажиглалт хийх мэргэжлийн сургалтад хамрагдсан байна;
2/ нарийвчлалыг нь эрх бүхий газраар баталгаажуулсан зориулалтын хэмжих хэрэгсэл, эсхүл харьцуулалт хийх систем ашиглана.
174.5.  Өргөдөл гаргах
Нисэхийн цаг уурын байгууллагын гэрчилгээ эзэмшихээр өргөдөл гаргагч (цаашид Өргөдөл гаргагч гэх) нь ИНЕГ-174/ 01 маягтыг бөглөн дараах бичиг баримтын хамт ИНЕГ-т ирүүлнэ:
1/ энэ дүрмийн 174.25-д заасан Үйл ажиллагааны заавар;
(R)         2/ төлбөрийн баримт.
174.6.  Гэрчилгээ олгоход тавигдах шаардлага
ИНЕГ-аас дараах шаардлагыг хангасан Өргөдөл гаргагчид Цаг уурын байгууллагын гэрчилгээ олгоно:
1/ энэ дүрмийн Б бүлгийн шаардлагыг хангасан;
2/ өргөдөл гаргагч болон түүний удирдах албан тушаалтнууд нь энэ дүрмийн 174.11-ийн (a)-гийн (1), (2)-т заасан шаардлагуудыг хангасан.
174.7.  Гэрчилгээ эзэмшигчийн эрх
            (a) Гэрчилгээ эзэмшигч нь Үйл ажиллагааны зааварт тодорхойлсон тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашиглана.
            (б) Энэ дүрмийн 174.28-ыг харгалзан үзсэнээр, Гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээнд зөвшөөрсөн цаг уурын үйлчилгээг Үйл ажиллагааны заавартаа тусгагдсан агаарын зайн тодорхой хэсэг болон талбайд үзүүлнэ.
174.8.  Гэрчилгээний хүчинтэй хугацаа
(a) Гэрчилгээг 5 хүртэл жилийн хугацаагаар олгох буюу сунгана.
(б) Гэрчилгээний хугацаа дууссан, эсхүл ИНЕГ-ын эрх бүхий этгээд гэрчилгээний үйлчлэлийг түр түдгэлзүүлснээс болон зөвшөөрлийг цуцлахаас бусад тохиолдолд гэрчилгээ нь хүчин төгөлдөр байна.
(в) Гэрчилгээний, эсхүл түр зөвшөөрлийн хугацаа дууссан, эсхүл хүчингүй болгосон тохиолдолд Гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээг ИНЕГ-т хураалгана.
(г) Илэрсэн зөрчлийн улмаас гэрчилгээний үйлчлэлийг ИНЕГ-ын эрх бүхий этгээд түр түдгэлзүүлсэн тохиолдолд Гэрчилгээ эзэмшигч зөрчлийг арилгасны дараа энэ тухай албан ёсны баталгаа гарган эрх, зөвшөөрөл сэргээлгэх тухай ИНЕГ-т хандаж болно.
174.9.  Гэрчилгээний хугацааг сунгах
(a) Эзэмшигч нь Гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгуулах тухай өргөдлөө ИНЕГ-174/01 маягтын дагуу гаргана.
(б) Энэ зүйлийн (а) хэсэгт заасан өргөдлийг гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө ИНЕГ-т ирүүлсэн байна.
174.10.  Дүрмийн шаардлагаас чөлөөлөх
ИНЕГ-ын дарга нь шаардлагатай гэж үзвэл аливаа этгээдийг энэ дүрмийн шаардлагаас ИНД-11-ийн холбогдох заалтыг үндэслэн чөлөөлж болно.
 
Б БҮЛЭГ. ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХОД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД 174.11.  Боловсон хүчинд тавигдах шаардлага
(а) Өргөдөл гаргагч нь дараах албан тушаалтан, ажилтантай байна:
1/ байгууллагын үйл ажиллагаа нь компанийн Үйл ажиллагааны зааврын дагуу гүйцэтгэгдэж, санхүүжиж байгааг хянах болон энэ дүрмийн заалтын биелэлтэд хяналт тавих эрх үүрэг бүхий удирдах албан тушаалтан;
2/ байгууллага нь энэ дүрмийн шаардлагуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгааг хянах, бататгах үүрэг хүлээсэн байх ба тэдгээр нь удирдах албан тушаалтантай шууд харьцаж илтгэх хариуцлага бүхий албан тушаалтан;
3/ байгууллагын Үйл ажиллагааны зааварт тусгагдсан нисэхийн цаг уурын үйлчилгээг явуулах мэргэжлийн ажилтнуудтай байх.
(б) Өргөдөл гаргагч нь дараах журмыг тогтоосон байна:
1/ цаг уурын мэдээ боловсруулан үйлчилгээнд гаргах, түүнд хяналт тавих болон үйлчилгээнд ашиглах тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах этгээдийн ур чадварыг үнэлэх ба эрх олгох;
2/ эрх бүхий этгээдийн мэргэжлийн ур чадварыг хадгалах, ба
3/ эрх бүхий этгээдийн эрхийн цар хүрээг тогтоох.
174.12.  Ажлын байранд тавигдах шаардлага
Өргөдөл гаргагч нь дараах журмыг боловсруулсан байна:
1/ Үйл ажиллагааны зааварт тусгагдсан ажлын байр болон тоног төхөөрөмжүүдийг гадны аливаа хууль бус халдлагаас сэргийлэх хамгаалалтын болон үйлчилгээг тасралтгүй явуулахад шаардагдах цахилгаан эрчим хүч, бусад хангалтын тухай журам;
2/ Үйл ажиллагааны зааварт тусгагдсан цаг агаарыг зайнаас тандан судлах тоног төхөөрөмжүүд нь зөв суурилагдсан, техникийн шаардлага хангаж байгааг болон тухайн газар орны цаг уурын нөхцөлийг нарийн тодорхой гаргаж байгааг бататгах тухай журам.
174.13.   Холбооны системд тавигдах шаардлага
(a) Өргөдөл гаргагч нь Үйл ажиллагааны зааварт тусгагдсан цаг уурын үйлчилгээг явуулахад шаардлагатай холбооны системтэй байх ба тэдгээрийн найдвартай ажиллагааг бататгах журамтай байна.
(б) Холбооны систем нь цаг уурын мэдээг цаг тухайд нь хүлээн авах болон дамжуулах боломжтой байх шаардлагыг хангасан байхаар зохион байгуулагдсан байна.
174.14.   Мэдээ хүлээн авахад тавигдах шаардлага
(а) Өргөдөл гаргагч нь Үйл ажиллагааны зааварт тусгагдсан цаг уурын үйлчилгээг явуулахад шаардагдах мэдээ хүлээн авах журамтай байна.
(б) Энэ зүйлийн (а) хэсэгт дурьдсан журмаар дараах зүйлийг бататгана:
1/ цаг агаарын урьдчилсан мэдээгээр үйлчилж байгаа тухайн нутаг дэвсгэрийн олон жилийн дундаж, бодит ажиглалтын болон бусад байнгын мэдээлэлтэй байх;     
2/ цаг уурын зөвлөмж өгөх үйлчилгээ явуулах тоног төхөөрөмж нь дэлгэцийн болон мэдээллийн бусад идэвхт хэрэгслүүдтэй байх;
3/ тогтмол, үнэн зөв, нарийн цаг агаарын мэдээгээр хангахын тулд цаг уурын бодит ажиглалтын системтэй байх;
4/ цаг уурын үйлчилгээ бүр нь зөвшөөрөгдөхүйц нарийвчлал бүхий цаг уурын шаардлагатай бүх мэдээний хангалттай байх;
5/ уур амьсгалын мэдээллээр үйлчлэхийн тулд 5-аас доошгүй жилийн цаг уурын ажиглалтын мэдээний сантай байх.
174.15.   Мэдээ түгээхэд тавигдах шаардлага
(a)   Өргөдөл гаргагч нь:
1/ Үйл ажиллагааны зааварт тусгагдсан мэдээг түгээх, ба 
2/ түгээж буй мэдээ бүрийн стандарт болон форматыг тодорхойлно.
(б) Өргөдөл гаргагч нь түгээгдэж байгаа мэдээ энэ зүйлийн (a)-гийн 2/-т дурьдсан стандарт болон форматад нийцэж байгааг хянах журмыг тогтооно.
174.16.   Тоног төхөөрөмжид тавигдах шаардлага
Өргөдөл гаргагч нь цаг уурын болон бусад холбогдох мэдээг цуглуулах, харьцуулан дүгнэх, үнэлэх, түгээхэд ашигладаг цахим төхөөрөмжүүд мэдээллийг үнэн зөв гаргаж, цаг тухайд нь хангалт хийх чадвартай эсэхэд хяналт тавих журамтай байна.
174.17.  Бичиг баримт
(a) Өргөдөл гаргагч нь Үйл ажиллагааны зааварт тусгагдсан цаг уурын үйлчилгээг явуулахад шаардагдах заавар, журам, тоног төхөөрөмжийн гарын авлага, техникийн ашиглалтын зааварчилга болон бусад бичиг баримтын хувийг хадгална.
(б) Өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (a) хэсэгт дурьдсан бичиг баримтыг хянах журамтай байх ба журмаар дараах зүйлийг бататгана:
1/ бичиг баримтуудыг хэвлэн түгээхээс өмнө эрх бүхий этгээд хянаж зөвшөөрсөн байх;
2/ хүчин төгөлдөр бичиг баримтууд нь шаардлагатай этгээдүүдэд хүргэгдсэн байх;
3/ ашиглалтаас хасагдсан бичиг баримтуудыг цаг тухайд нь хураан авсан байх;
4/ бичиг баримтад хийгдсэн өөрчлөлтүүд нь холбогдох албан тушаалтнаар хянагдаж зөвшөөрөгдсөн байх, ба
5/ бичиг баримтын хүчин төгөлдөр хувь бүрд хүчингүй болсон буюу өөрчлөлт орсон хэсгүүдийг зааж тэмдэглэсэн байх.
174.18.   Үечилсэн үзлэг, шалгалт, туршилт ба тохируулга
(a)   Өргөдөл гаргагч нь дараах журмыг боловсруулсан байна:
1/ цаг уурын мэдээ бүрийг байнга шалгах;
2/ цаг уурын үйлчилгээ үзүүлж байгаа нэгж салбаруудад үечилсэн үзлэг хийх;
3/ цаг уурын үйлчилгээнд ашиглаж байгаа тоног төхөөрөмж бүрт үечилсэн үзлэг, шалгалт, туршилт, тохируулга хийх.
(б) Энэ зүйлийн  (а) хэсэгт заасан журмаар дараах зүйлийг бататгана:
1/ цаг уурын мэдээг байнга шалгах систем нь мэдээг шалгахын тулд түүнийг нэгдмэл, цогц байдлаар шалгах чадвартай;
2/ шалгалт, хэмжилт, тохируулга хийх багаж хэрэгсэл болон систем нь тоног төхөөрөмж  бүрийн шалгалт, тохируулгад ашиглахад бэлэн байх;
3/ шалгалт, хэмжилт, тохируулга хийх багаж хэрэгсэл, систем нь зөвшөөрөгдөхүйц нарийвчлал бүхий тохируулгатай;
4/ цаг уурын ажиглалтын мэдрэмтгий тоног төхөөрөмжүүд нь найдвартай зөв суурилагдсан, тохируулагдсан байх.
174.19.   Цаг уурын мэдээ гаргах
(a) Өргөдөл гаргагч нь дараах журмыг боловсруулж мөрдөнө:
1/ цаг уурын мэдээг боловсруулан үйлчилгээнд гаргах;
2/ тоног төхөөрөмжийг үйлчилгээнд ашиглах;
(б) Энэ зүйлийн (а)-д заасан журамд, цаг уурын мэдээг үйлчилгээнд гаргах болон цаг уурын тоног төхөөрөмжийг үйлчилгээнд бэлэн байлгах этгээд нь энэ дүрмийн 174.11-ийн (б)-д заагдсан журмын дагуу эрх олгогдсон гэдгийг бататгана. 
174.20. Үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн талаар мэдээлэх
(a) Өргөдөл гаргагч нь өөрийн үйл ажиллагаанд болон тоног төхөөрөмжид гарсан аливаа өөрчлөлтийн талаар хэрэглэгчдэд мэдээлэх журмыг тогтооно.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан журамд:
1/ Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх иргэний нислэг, нислэгийн хөдөлгөөний удирдлагад ашиглагдах үйл ажиллагаа, үйлчилгээний талаарх аливаа мэдээ, мэдээллийг Монгол Улсын Агаарын навигацын мэдээллийн эмхтгэл (AИП)-д нийтлүүлэхээр ИНЕГ-т ирүүлж байх тухай,
2/ Үйл ажиллагааны заавартаа орсон тоног төхөөрөмжийн ажиллагаанд гарсан аливаа өөрчлөлт нь нислэгийн аюулгүй ажиллагаанд харшлахаар бол өөрийн хэрэглэгчид болон НOTAM-ын албанд нэн даруй мэдэгдэж байх тухай тус тус тусгана.
67.7.       Нислэг-техникийн осол, зөрчлийн дараа цаг уурын мэдээг шалгах
(a) Өргөдөл гаргагч нь осол, зөрчилд холбогдсон агаарын хөлөг болон нислэгийн хөдөлгөөнийг удирдах үйл ажиллагаанд ашигласан байж болох цаг уурын бүх мэдээ үнэн зөв, цаг хугацааны хувьд тохирч байсан эсэхийг шалгах журам боловсруулсан байна.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан журамд дараах зүйлийг бататгасан байна:
1/ осол, зөрчил гарсан тухай цаг уурын байгууллагад мэдэгдсэний дараа нэн даруй нягтлан шалгах;
2/ цаг уурын мэдээний хувийг шинжлэн шалгах үйл ажиллагаанд ашиглахад бэлэн байлгах зорилгоор найдвартай газар хадгалах.
67.8.       Алдаатай буюу ташаа мэдээ
Өргөдөл гаргагч нь дараах зүйлийг хамарсан журам тогтооно:
1/ ташаа мэдээг олж тогтоох, бичлэг хийх, мэдэгдэх, шинжлэн шалгах болон алдааг залруулах;
2/ ташаа мэдээ гаргах болсон шалтгаан нь цаг уурын үйлчилгээ, тоног төхөөрөмжид илэрсэн дутагдлаас болсон эсэхийг тогтоох, бичлэг хийх, мэдэгдэх, шинжлэн шалгах болон алдааг засах;
3/ цаг уурын ташаа мэдээ түгээгдсэн тухай хэрэглэгчдэд нэн даруй мэдэгдэх;
4/ 72 цагийн дотор засаж залруулах боломжгүй ташаа мэдээ, үйл ажиллагааны тухай ИНЕГ-ын эрх бүхий этгээдэд 12 цагийн дотор мэдэгдэх;
5/ алдаатай гэж үзсэн зарим мэдээг цаашид үргэлжлүүлэн гаргах эсэхийг шийдэх.
67.9.       Цаг уурын мэдээний бичлэг
(а) Өргөдөл гаргагч нь өөрийн эрхлэх цаг уурын үйлчилгээнд шаардагдах мэдээний бичлэгийг олж тогтоох, цуглуулах, ангилах, архивлах, хадгалах, хэрэглээнээс гаргах журмыг тогтоох үүрэгтэй.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан журамд дараах бичлэгүүд багтана:
1/ энэ дүрмийн 174.14-ийн дагуу хүлээн авсан цаг уурын мэдээний бичлэг;
2/ энэ дүрмийн 174.15-ын дагуу хэрэглэгчдэд түгээсэн цаг уурын бүх мэдээний бичлэг;
3/ 60 хүртэл хоногийн хугацаагаар хадгалах, энэ хэсгийн 1/, 2/-т дурьдсан бичлэгүүд;
4/ өргөдөл гаргагчаас олгосон эрхийн дагуу нислэгийн мэдээллийг шалгах, хэвлэн гаргах ажлыг хариуцсан этгээдийн талаар хийсэн бичлэг;
5/ ташаа мэдээ гаргасан багаж хэрэгсэл, системийн засвар үйлчилгээ, тохируулгыг хийхэд энэ дүрмийн 174.18-ын дагуу ашигласан тоног төхөөрөмжийн бичлэг;
6/ энэ дүрмийн 174.24-т заасан чанарын дотоодын хяналтын талаарх дүгнэлтийн бичлэгүүд.
(в) Энэ зүйлийн (б)-гийн 1/, 2/-т дурьдсанаас бусад бүх бичлэгийг 1 жил, түүнээс дээш хугацаагаар хадгална.
67.10.   Чанарын дотоод хяналт
(а) Өргөдөл гаргагч нь энэ дүрмийн шаардлагын дагуу үйл ажиллагаандаа дагаж мөрдөх, түүнд нийцүүлэн ажиллах Чанарын дотоодын хяналтын журмыг тогтооно.
(б) Чанарын дотоод хяналт хариуцсан албан тушаалтан нь цаг уурын мэдээний чанар, нийцэл, үйл ажиллагааны журмуудын биелэлт зэрэг асуудлаар байгууллагын удирдах албан тушаалтантай шууд харьцана.
67.11.   Үйл ажиллагааны зааварт тавигдах шаардлага
Өргөдөл гаргагч нь Үйл ажиллагааны заавартаа дараах зүйлийг тусгасан байна:
1/ өргөдөл гаргагчийн удирдах албан тушаалтан нь:
(i)            энэ дүрэм болон бусад дүрмийн заалтуудыг дагаж мөрдөж буйг бататгах арга хэрэгслийг тодорхойлно;
(ii)          зааврыг ажиллагсад байнга дагаж мөрдөхийг шаардана.
2/ энэ дүрмийн 174.11-ийн (a)-гийн 1/, 2/-т заагдсан албан тушаалтнуудын нэрс болон албан тушаал;
3/ энэ зүйлийн 2/-т дурьдсан албан тушаалтнууд хүлээсэн үүрэг хариуцлагатайгаа холбогдсон асуудлаар байгууллагын нэрийн өмнөөс ИНЕГ-тай  шууд харьцах эрх олгогдсон тухай;
4/ энэ зүйлийн 2/-т дурьдсан албан тушаалтнуудын үүрэг хариуцлагыг харуулсан бүтэц зохион байгуулалтын бүдүүвч зураглал;
5/ энэ зүйлийн 7/-д заасан бүтцийн схем;
6/ гэрчилгээнд тусгагдсан цаг уурын үйлчилгээнүүд, тэдгээрийн жагсаалт;
7/ цаг уурын нэгж салбар бүрийн хувьд салбар байгууллага, тоног төхөөрөмжийн байрлал болон харьяалах нутаг дэвсгэрийн хил, салбар бүрийн эрхлэх үйлчилгээний жагсаалт;
8/ энэ дүрмийн 174.15-ын (a)-гийн 1/, 2/-ын дагуу гаргаж, түгээх цаг уурын мэдээ, мэдээний формат, стандартын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;
9/ энэ дүрмийн 174.11-ийн (б)-174.16; 174.17-гийн (б)-174.24-ийн дагуу шаардагдах мэдээлэл;
10/ үйл ажиллагааны зааврыг хянах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, нийтэд түгээх асуудлууд.
В БҮЛЭГ. ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД 67.12.   Ерөнхий шаардлага
Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ эзэмшигч (цаашид Гэрчилгээ эзэмшигч гэнэ) нь:
1/ үйл ажиллагааны зааврынхаа хүчин төгөлдөр хувийг салбар бүрийнхээ ажлын байранд хадгалах ба;
2/ үйлчилгээний жагсаалтад дурьдсан бүх заавар журмыг мөрдөнө;
3/ үйлчилгээний жагсаалтад дурьдсан ажлыг гүйцэтгэх хүмүүст нь хуваарилна;
4/ энэ дүрмийн Б бүлгийн шаардлагыг мөрдөнө;
5/ байгууллагын хаяг, утас, факсын дугаар зэрэгтээ өөрчлөлт оруулахаас 28 хоногийн өмнө ИНЕГ-т мэдэгдэнэ.
67.13.   Үйл ажиллагааны гарын авлага
Гэрчилгээ эзэмшигч нь Үйл ажиллагааны заавартаа тусгагдсан нэгж, салбар бүрийг үйл ажиллагааны гарын авлагаар хангах ба гарын авлагын жагсаалтад дараах журмууд багтсан байна:
1/ цаг уурын үйлчилгээ үзүүлэх буюу цаг агаарын мэдээгээр хангах;
2/ тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааны үзүүлэлтүүдийг хангах;
3/ цаг уурын мэдээг хүлээн авах;
4/ цаг уурын мэдээг гадагш дамжуулах;
5/ багаж хэрэгсэл болон системүүдийн хэвийн ажиллагааг шалгах;
6/ гаргаж байгаа цаг уурын мэдээг нягтлан шалгах.
67.14.  Үйл ажиллагааны хязгаарлалт
Гэрчилгээ эзэмшигчид дараах зүйлийг хориглоно:
1/ ашиглах боломжгүй цаг уурын мэдээгээр хэрэглэгчдийг хангах;
2/ цаг уурын мэдээ гаргах байгууллагын үйл ажиллагаа болон тоног төхөөрөмж шаардлага хангахгүй үед хангалт хийх;
3/ цаг уурын байгууллагын хяналт шинжилгээний тоног төхөөрөмжүүд бүрэн хэмжээгээр ажиллахгүй байгаа үед хангалт хийх;
4/ цаг уурын мэдээг шалгадаг багаж төхөөрөмжийн шалгалт, тохируулга бүрэн хийгдэж дуусаагүй байхад цаг уурын мэдээний хангалт хийх;
5/ хэрэглэгчээс, цаг уурын мэдээний хангалт бүрэн хэмжээгээр хийгдэхгүй байгаа тухай гомдол гаргасан үед цаг уурын мэдээний хангалт хийх.
67.15.   Үйл ажиллагааны зааварт өөрчлөлт орох
(а) Гэрчилгээ эзэмшигч нь өөрийн Үйл ажиллагааны заавар болон үйлчилгээнийхээ жагсаалтыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчилж байх үүрэгтэй.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь, түүний Үйл ажиллагааны заавар болон үйлчилгээний жагсаалтад орсон аливаа өөрчлөлт энэ дүрмийн шаардлагыг хангаж  байхыг хариуцна.
(в) Гэрчилгээ эзэмшигч нь өөрийн Үйл ажиллагааны заавар болон үйлчилгээнийхээ  жагсаалтад оруулсан өөрчлөлтүүдийг мөрдөж эхлэхийн өмнө ИНЕГ-т мэдэгдэж байна.
(г) Гэрчилгээ эзэмшигч нь дараах өөрчлөлтийг оруулахын өмнө ИНЕГ-т урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авсан байна:
1/ байгууллагын удирдлага өөрчлөгдөх;
2/ жагсаалтад орсон ахлах ажилтнууд өөрчлөгдөх;
3/ үйлчилгээний жагсаалтад өөрчлөлт орох;
4/ байгууллагын байрлал болон үйлчлэх нутаг дэвсгэрийн хэмжээ өөрчлөгдөх.
(д) Энэ зүйлийн (г)-д дурьдсан өөрчлөлтүүдийг хийх, эсхүл тэдгээрийг мөрдөх явцад гарах зарим нөхцөлийг ИНЕГ-ын дарга тодорхойлж болно.
(е) Гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (д)-д дурьдсан нөхцөлийг мөрдөж ажиллах үүрэгтэй.
(ж) Энэ дүрмийн дагуу хийгдэх аливаа өөрчлөлт нь гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа тохиолдолд Гэрчилгээ эзэмшигч гэрчилгээгээ ИНЕГ-т нэн даруй хүргүүлнэ.
(з) Гэрчилгээ эзэмшигч нь нисэхийн аюулгүй ажиллагааны ашиг сонирхлын үүднээс үйлчилгээний жагсаалтад оруулах нь зүйтэй гэж үзсэн тийм өөрчлөлтийг жагсаалтдаа оруулна.
67.16.   Аюулгүй ажиллагааны хяналт шалгалт
(а) ИНЕГ-ын даргаас шаардлагатай гэж үзвэл Гэрчилгээ эзэмшигчийн ажлын байр, тоног төхөөрөмж, бичиг баримтууд болон бичлэгт үзлэг шалгалт хийх буюу үзлэг шалгалтад орохыг бичгээр шаардаж  болно.
(б) ИНЕГ-ын даргаас шаардлагатай гэж үзвэл дээрх үзлэг шалгалтад хамаарах мэдээлэл өгөхийг Гэрчилгээ эзэмшигчээс шаардаж болно.
 
 
(R)  Хавсралт. Шилжилтийн Үеийн зохицуулалт
 
            Нисэхийн цаг уурын үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага нь энэ дүрэм хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш 6 сарын дотор энэ дүрмийн дагуу гэрчилгээжсэн байна.