- Нүүр
- Сайдын тушаал
- АГААРЫН ХӨЛӨГТ ХАМААРАХ бҮТЭЭГДЭХҮҮН, ЭД АНГИЙГ ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ
Дэд бүтцийн сайдын 2001 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 377 тоот тушаалын Хавсралт
АГААРЫН ХӨЛӨГТ ХАМААРАХ бҮТЭЭГДЭХҮҮН, ЭД АНГИЙГ ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
21.1. Зорилго
Энэ дүрмээр дараах үйл ажиллагааг зохицуулна:
1/ агаарын хөлөг, түүний хөдөлгүүр, сэнсэнд маягийн гэрчилгээ олгох;
2/ Монгол Улсад импортлох агаарын хөлгийн маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ олгох;
3/ маягийн гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага;
4/ Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлөгт Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох;
5/ агаарын хөлөг, түүний хөдөлгүүр, сэнс, онцгой эд анги, эд ангийн өөрчлөлт, шинэчлэлтийн тодорхойлолт гаргах.
21.2. Тодорхойлолт
Онцгой эд анги гэж ашиглалтын хугацаа, үзлэгийн үечлэл болон ашиглалтын бусад журам нь үйлдвэрлэгчийн техникийн зааврын, эсхүл Нислэгт тэнцэх чадвар (цаашид НТЧ гэх)-ын хадгалалтын журмын НТЧ-ын Хязгаарлалт гэсэн бүлэгт заагдсан эд ангийг хэлнэ;
Маягийн гэрчилгээ гэж дараах мэдээллийг багтаасан бичиг баримтыг хэлнэ:
1/ загварын маягийг заасан;
2/ ашиглалтын хязгаарлалтыг заасан;
3/ техникийн өгөгдлийг заасан хавсралт;
4/ загварын НТЧ-ын стандартыг заасан;
5/ тухайн маягийн агаарын хөлгийн нислэгийн заавар;
6/ агаарын хөлөгт хамаарах бүтээгдэхүүн, эд ангийн маягийг тодорхойлох бусад нөхцөл, хязгаарлалтыг заасан.
21.3. Гадаадын иргэн өргөдөл гаргах
Гадаадын иргэн энэ дүрэмд заасан гэрчилгээ, зөвшөөрөл, эсхүл эрх авахтай холбогдсон өргөдлийг Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-ын даргад гаргаж болно.
21.4. Загварын шаардлагатай өөрчлөлт
(а) ИНД-39-ийн дагуу НТЧ-ын удирдамж (AD) гарсан тохиолдолд маягийн гэрчилгээ эзэмшигч нь:
1/ тухайн НТЧ-ын удирдамжид хамааралтай агаарын хөлөг, түүний бүрэлдэхүүн хэсэгт загварын өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзсэн бол түүнийг хийх заавар, журмыг ИНЕГ-ын эрх бүхий этгээдээр баталгаажуулсан байна;
2/ ИНЕГ-аар батлагдсан загварын өөрчлөлтийг түүнтэй ижил маягийн бүтээгдэхүүн ашиглагчдад түгээнэ.
(б) Бүтээгдэхүүнд аюултай байдал үүсээгүй ч ашиглалтын туршлагад тулгуурлан хийгдсэн загварын өөрчлөлт нь аюулгүй ажиллагаанд нөлөөлөхөөр байвал маягийн гэрчилгээ эзэмшигч нь:
1/ загварт оруулж буй өөрчлөлтийг ИНЕГ-ын эрх бүхий этгээдээр баталгаажуулна;
2/ батлагдсан өөрчлөлтийг ижил маягийн бүтээгдэхүүн ашиглагчдад түгээнэ.
Б БҮлэг. МаЯгийн гэрЧилгээ болон маЯгийг хҮлээн зӨвшӨӨрӨх гэрЧилгээ
21.5. Үйлчлэх хүрээ
Энэ бүлэгт :
1/ агаарын хөлөг, түүний хөдөлгүүр ба сэнсэнд маягийн гэрчилгээ олгох журам;
2/ Монгол Улсад импортлох агаарын хөлгийн маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээг олгох журам;
3/ маягийн гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тус тус тогтооно.
21.6. Гэрчилгээний ангилал
(а) Энэ бүлгийн дагуу дараах ангиллын маягийн гэрчилгээг олгоно:
1/ бүтээгдэхүүний Стандарт ангиллын маягийн гэрчилгээ;
2/ бүтээгдэхүүний Хязгаарлагдмал ангиллын маягийн гэрчилгээ;
(б) Энэхүү бүлгийн дагуу дараах төрлийн Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ олгоно:
1/ Монгол Улсад импортлох агаарын хөлгийн стандарт ангиллын маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ;
2/ Монгол Улсад импортлох агаарын хөлгийн хязгаарлагдмал ангиллын маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ.
(в) Ангилал бүрийн шаардлагыг биелүүлж байгаа тохиолдолд маягийн гэрчилгээ, эсхүл маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээг стандарт болон хязгаарлагдмал ангиллаар хамт олгож болно.
(г) Агаарын хөлгийн хязгаарлагдмал ангиллын маягийн гэрчилгээ, эсхүл хязгаарлагдмал ангиллын маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ нь гэрчилгээжсэн агаарын хөлгийн маягийн хувьд түүний ашиглалтын зориулалтыг тодорхойлно.
21.7. Маягийн гэрчилгээ авах эрх
ИНД-146-ийн дагуу агаарын хөлгийг зохион бүтээх байгууллагын гэрчилгээ эзэмшигч нь өөрийн бүтээгдэхүүндээ маягийн гэрчилгээ авах эрхтэй.
21.8. Өргөдөл гаргах
(a) Зохион бүтээх байгууллага нь Монгол улсад бүртгэлтэй бол өөрийн бүтээгдэхүүндээ маягийн гэрчилгээ авах өргөдлийг ИНЕГ-021/01 тоот маягтын дагуу гаргаж дараах бичиг баримтын хамт ИНЕГ-ын даргад ирүүлнэ:
1/ тухайн маягийн агаарын хөлгийн гурван талын проекцийг үзүүлсэн техникийн шугам зураг, техникийн өгөгдөхүүн;
2/ агаарын хөлгийн хөдөлгүүр, сэнсний маяг, тэдгээрийн маягийн онцлогийг тусгасан тодорхойлолт, техникийн өгөгдөхүүн, ашиглалтын хязгаарлалт;
3/ ИНЕГ-ын эрх бүхий этгээдээс шаардсан бусад мэдээлэл, төлбөрийн баримт.
(б) Дор дурьдсанаас бусад тохиолдолд бүтээгдэхүүний маягийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл нь 3 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна:
1/ хөөрөлтийн дээд жин нь 5700 кг-аас дээш онгоцны хувьд 5 жил;
2/ хөөрөлтийн дээд жин нь 2730 кг-аас дээш нисдэг тэрэгний хувьд 5 жил;
3/ ИНЕГ-ын эрх бүхий этгээд зөвшөөрсөн бол 3-аас дээш жил.
(в) Агаарын хөлгийн маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ авах өргөдлийг ИНЕГ-021/02 тоот маягтын дагуу гаргах ба өргөдөлд ИНЕГ-ын эрх бүхий этгээдээс шаардсан мэдээлэл болон төлбөрийн баримтыг хавсаргана.
21.9. Гэрчилгээ олгох
(а) Дараах шаардлагыг хангасан бүтээгдэхүүнд маягийн гэрчилгээ, эсхүл маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ олгоно:
1/ энэ дүрмийн 21.13, 21.14-т заасан шаардлагыг хангасан байх;
2/ гэрчилгээг олгосноор нисэхийн аюулгүй ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх;
3/ бүтээгдэхүүн нь НТЧ-ын стандарт шаардлага хангасныг тогтоосон дүгнэлт гарсан байх.
(б) Энэ дүрмийн 21.8-ын (б)-д заагдсан хугацаанд маягийн гэрчилгээ олгогдоогүй бол шинээр өргөдөл гаргах буюу өргөдлийн хугацааг сунгуулж болно.
(в) Энэ зүйлийн (б)-д заасны дагуу давтан өргөдөл гаргасан тохиолдолд хүчинтэй хугацаа нь 21.8-ын (б)-гийн дагуу эхний өргөдөлд заасан хугацаанаас ихгүй байна.
21.10. Тусгай нөхцөлүүд
Хэрэв дараах шалтгааны улмаас НТЧ-ын стандартад аюулгүй ажиллагааны талаар заасан зүйл байхгүй бол ИНЕГ-аас энэ дүрмийн 21.103-д заасан НТЧ-ын стандарттай ижил шаардлага тогтоохын тулд бүтээгдэхүүнд тусгай нөхцөл зааж өгч болно:
1/ тухайн бүтээгдэхүүн нь НТЧ-ын стандартын дагуу бүтээгддэг загвартай харьцуулахад хэвийн бус загвар болсон бол; эсхүл
2/ тухайн бүтээгдэхүүнийг хэвийн бус аргаар ашиглах бол.
21.11. Гэрчилгээний хугацаа
(a) Маягийн гэрчилгээ болон маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ нь тэдгээрийг түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгох хүртэл хүчинтэй байна.
(б) Түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тохиолдолд эзэмшигч нь гэрчилгээг ИНЕГ-т нэн даруй ирүүлнэ.
(в) Түдгэлзүүлсэн тохиолдолд дээрх гэрчилгээ эзэмшигч нь холбогдох баталгаа гаргуулахаар гэрчилгээг ИНЕГ-т ирүүлнэ.
21.12. Гэрчилгээг шилжүүлэх
(a) Маягийн гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээг ИНД-146-гийн дагуу гэрчилгээжсэн загвар зохион бүтээх байгууллагаас өөр этгээдэд шилжүүлэхийг хориглоно.
(б) Гэрчилгээг шилжүүлэхээс өмнө маягийн гэрчилгээ эзэмшигч нь:
1/ шилжүүлэх этгээдийн нэр, хаягийг ИНЕГ-ын даргад бичгээр мэдэгдэнэ;
2/ гэрчилгээнд нэмэлт оруулахаар ИНЕГ-ын даргад ирүүлнэ.
МаЯгийн гэрЧилгээ олгоход тавигдах шаардлага
21.13. Нислэгт тэнцэх чадварын шаардлага
Маягийн гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч нь дараах мэдээллийг ИНЕГ-ын даргад ирүүлнэ:
1/ энэ зүйлийн 2/-т зааснаас гадна бүтээгдэхүүний маягийн загвар нь дараах шаардлагыг хангасан тухай мэдээлэл:
(i) энэ дүрмийн 21.103-д заасан НТЧ-ын маягийн стандарт болон түүний нэмэлт шаардлагыг;
(ii) энэ дүрмийн 21.10-т тодорхойлсон онцгой нөхцөлийг;
(iii) ИНЕГ-аас НТЧ-ын талаар тавьсан нэмэлт шаардлагыг;
2/ НТЧ-ын шаардлагыг хангахгүй үзүүлэлт байвал тэр нь аюулгүй ажиллагааны хувьд тэнцүү шаардлага бүхий хүчин зүйлээр нөхөгдөж байх тухай мэдээлэл,
3/ нислэгийн ашиглалтын зааварт, эсхүл бусад хязгаарлалтуудад зөв хийгдсэн нэмэлт өөрчлөлтүүдийн дагуу ашиглахад тухайн маягийн бүтээгдэхүүний онцлог болон үзүүлэлт нь нислэгт аюултайгаар нөлөөлөхгүй тухай мэдээлэл.
21.14. Маягийн загварыг тодорхойлох
Бүтээгдэхүүний маягийн гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч нь :
1/ ИНЕГ-т дараах зүйлийг гаргаж өгнө:
(i) бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт, зураг схем, нислэгт тэнцэх чадварын шаардлагыг хангасан тухай тодорхойлолт;
(ii) бүтээгдэхүүний бүтцийн материал, бат бэхийг тодорхойлоход шаардлагатай өгөгдөхүүн, ажиллагаатай холбоотой мэдээлэл;
(iii) Техник үйлчилгээний зааврын НТЧ-ын хязгаарлалтын бүлэгт заасан зүйлс нь 21.103-д заасан стандартын шаардлага хангасан гэдгийг бататгах;
(iv) ижил маягийн бүтээгдэхүүний хувьд хамгийн сүүлд гарсан бүтээгдэхүүний НТЧ-ыг өмнөх загвартай нь харьцуулан тодорхойлоход шаардлагатай мэдээлэл;
2/ маягийн хүрээнд хийгдсэн хувилбар, загвар бүрийг тодорхойлно.
21.15. Үзлэг, шалгалт хийх
(a) Бүтээгдэхүүнд маягийн гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч дараах шаардлагын дагуу үзлэг, шалгалт хийсэн байна:
1/ бүтээгдэхүүн нь НТЧ-ын холбогдох шаардлагыг хангаж байгаа эсэх;
2/ бүтээгдэхүүн ба түүний материал нь маягийн загварын техникийн тодорхойлолтод тохирч байгаа эсэх;
3/ бүтээгдэхүүний эд анги маягийн загварын зураг, схемтэйгээ тохирч байгаа эсэх,
4/ үйлдвэрлэх, угсрах ажиллагаа нь маягийн загварын зааварт заасан арга технологитой тохирч байгаа эсэх.
(б) энэ зүйлийн (а)-д заасан үзлэг, шалгалтыг хийсний дараа өргөдөл гаргагч нь:
1/ бүтээгдэхүүнээ газарт болон агаарт шалгасан байна;
2/ бүтээгдэхүүн нь энэ зүйлийн (а)-гийн 2/, 3/, 4/-т заасан шаардлагыг хангаж байгааг тодорхойлсон байна;
3/ энэ зүйлийн (a)-гийн 2/, 3/, 4/-т заасан шаардлага хангасныг тодорхойлсон болон ИНЕГ-аас үзлэг, шалгалт хийх хүртэлх хугацаанд уг бүтээгдэхүүнд өөрчлөлт хийгээгүй гэдгийг бататгана.
21.16. Тодорхойлолт гаргах
Маягийн гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч нь энэ дүрмийн 21.15-ын (б)-гийн 2/, 3/-т заасан шаардлагыг хэрхэн хангасан тухай болон бүтээгдэхүүнээ НТЧ-ын шаардлага хангасан тухай тодорхойлолт гаргана.
21.17. Шалгалтын нислэг
(a) ИНЕГ-аас шаардлагатай гэж үзвэл энэ зүйлийн (б),(в)-д заасны дагуу болон дараах зүйлийг тодорхойлох зорилгоор агаарын хөлгийн маягийн гэрчилгээ авч буй этгээд шалгах нислэг үйлдэнэ:
1/ агаарын хөлгийн маяг нь НТЧ-ын холбогдох шаардлагыг хангаж байгаа эсэх;
2/ агаарын хөлгийн маяг, эд анги, тоног төхөөрөмж нь найдвартай, ажиллагаа нь бүрэн зөв эсэх.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан шалгах нислэгийг гүйцэтгэхийн өмнө өргөдөл гаргагч нь дараах зүйлийг бататгана:
1/ агаарын хөлөг нь энэ дүрмийн 21.103-д заасан загварын НТЧ-ын стандарт буюу бүтцийн шаардлагатай нийцэж байгаа эсэх;
2/ агаарын хөлөг нь газарт, шаардлагатай үзлэг, шалгалтад орсон эсэх;
3/ агаарын хөлөг нь маягийн загвартайгаа нийцэж байгаа эсэх.
(в) Энэ зүйлийн (а)-д заасан үзлэг шалгалтыг ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн журмын дагуу хийнэ.
МаЯгийг хҮлээн зӨвшӨӨрӨх гэрЧилгээ олгоход тавигдах шаардлага
21.18. НТЧ-ын шаардлага
Агаарын хөлгийн маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч нь дараах зүйлийг ИНЕГ-ын даргад ирүүлнэ:
1/ ИНЕГ-аас хүчинтэй хугацааг нь өөрөөр шаардаагүй бол, гадаадын хүчин төгөлдөр маягийн гэрчилгээ, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, мөн энэ дүрмийн 21.103-д заасан загварын НТЧ-ын стандартыг хангаж байгааг тодорхойлсон баримт;
2/ агаарын хөлөг нь энэ дүрмийн 21.10-т заасан, эсхүл гадаадын маягийн гэрчилгээнд заасан тусгай нөхцөлийг хангаж байгаа эсэх;
3/ НТЧ-ын шаардлагыг хангахгүй байгаа боловч аюулгүй ажиллагааны талаар түүнтэй ижил түвшингийн үйлдвэрлэгчийн шаардлагыг хангаж байгаа тухай тодорхойлолт;
4/ агаарын хөлгийг техникийн үзүүлэлт, зориулалтын дагуу ашиглахад аюулгүй гэдгийг бататгасан баримт.
21.19. Мэдээлэлд тавигдах шаардлага
(a) Агаарын хөлгийн маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ авахаар өргөдөл гаргагчийн ИНЕГ-ын даргад ирүүлсэн мэдээлэлд дараах зүйлүүдийг хавсаргасан байна:
1/ маягийн загвар нь Хэлэлцэн тохирогч улсын хүчин төгөлдөр маягийн гэрчилгээ, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтаар баталгаажсан байх,
2/ маягийн гэрчилгээ олгоход зориулан энэ зүйлийн 1/-д заасан, дараах зүйлийг багтаасан нарийвчилсан шаардлага:
(i) НТЧ-ын загварын стандарт;
(ii) стандартын хүчинтэй хугацаа;
(iii) гадаадын маягийн гэрчилгээнд заасан бусад онцгой нөхцөлүүд;
(iv) аюулгүй ажиллагааны шаардлагатай ижил түвшинд болон стандартад нийцэхгүй байгаа заалт;
(v) НТЧ-ын хязгаарлалт;
3/ эд ангийн зурагтай лавлах;
4/ ИНЕГ-аас шаардсан бол:
(i) агаарын хөлгийн техник үйлчилгээний заавар;
(ii) агаарын хөлөг, хөдөлгүүр, сэнсний үйлдвэрлэгчээс гаргасан техник үйлчилгээний мэдээлэл;
5/ энэ зүйлийн 2/, 3/, 4/-т заасан бичигт баримтад өөрчлөлт орох, эсхүл дахин гаргасан тохиолдолд ИНЕГ-т хувийг нь хүргүүлэх талаар үйлдвэрлэгчтэй тохирсон тухай баталгаа.
(б) Аливаа нэмэлт бүтээгдэхүүний хувьд энэ дүрмийн 21.18 ба 21.19-ийн шаардлага хангагдсан бол ИНЕГ-аас өргөдөлд холбогдох агаарын хөлгийн маягийн гэрчилгээг дахин шалгаж, загварын болон серийн дугаарын хамаарагдах хүрээг тодорхойлж болно.
В БҮлэг. Загварын ӨӨрЧлӨЛт
21.20. Үйлчлэх хүрээ
Бүтээгдэхүүний загварт орсон өөрчлөлтийг баталгаажуулах ажиллагааг энэ бүлгээр зохицуулна.
21.21. Загварын өөрчлөлтийг баталгаажуулах
(a) Загварын өөрчлөлтийг дараах журмаар баталгаажуулна:
1/ НТЧ-ын удирдамжид оруулах; эсхүл
2/ өөрчлөлтийг баталгаажуулах; эсхүл
3/ энэ дүрмийн Г Бүлгийн дагуу маягийн гэрчилгээ, маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээнд өөрчлөлт оруулах; эсхүл
4/ энэ дүрмийн Д Бүлгийн дагуу нэмэлт маягийн гэрчилгээ олгох.
(б) ИНЕГ нь загварын өөрчлөлтийг дараах тохиолдолд хүлээн зөвшөөрнө:
1/ техникийн үзүүлэлт нь энэ дүрмийн 21.104-д заасны дагуу байгаа бол;
2/ НТЧ-ын гэрчилгээ олгосон бол.
21.22. Загварын өөрчлөлт хүчин төгөлдөр болох
Загварын өөрчлөлт нь, түүнийг ИНЕГ-аас энэ дүрмийн дагуу баталгаажуулсан үеэс эхлэн хүчин төгөлдөр болно.
21.23. НТЧ-ын хадгалалтыг хариуцах
ИНД-146-д заасны дагуу загварт өөрчлөлт оруулсан тухай тодорхойлолт гаргасан байгууллага нь НТЧ-ын хадгалалтыг хариуцна.
21.24. НТЧ-ын гэрчилгээ олгосны дагуу хүлээн зөвшөөрөх
(a) Дараах шаардлагыг хангасан агаарын хөлөгт НТЧ-ын гэрчилгээ олгосноор агаарын хөлгийн загварын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч болно:
1/ НТЧ-ын гэрчилгээ олгох үед хийгдсэн загварын өөрчлөлтийг агаарын хөлгийн техникийн бичиг баримтад тусгасан;
2/ загварын өөрчлөлт нь НТЧ-ын шаардлагад нийцсэн.
(б) НТЧ-ын гэрчилгээ олгосон агаарын хөлгийн загварын өөрчлөлт нь энэ дүрмийн дагуу хүлээн зөвшөөрөгдөнө.
21.25. Өөрчлөлтийг баталгаажуулах
ИНЕГ нь энэ дүрмийн 21.69-д заасны дагуу тухайн өөрчлөлтийн техникийн үзүүлэлтийг батлах замаар өөрчлөлтийг баталгаажуулна.
Г БҮлэг. МаЯгийн гэрЧилгээ, маЯгийг хҮлээн зӨвшӨӨрӨх гэрЧилгээнд ӨӨрЧлӨлт оруулах
21.26. Үйлчлэх хүрээ
Маягийн гэрчилгээ болон маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээний өөрчлөлтийг баталгаажуулах ажиллагааг энэ бүлгийн дагуу зохицуулна.
21.27. Гэрчилгээнд өөрчлөлт оруулах
Дараах тохиолдолд маягийн гэрчилгээ, маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээнд өөрчлөлт оруулсанд тооцно:
1/ маягийн гэрчилгээ, маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээнд өөрчлөлт оруулах;
2/ маягийн загварт өөрчлөлт оруулах;
3/ нислэгийн зааварт өөрчлөлт оруулах;
4/ ашиглалтын хязгаарлалтад өөрчлөлт оруулах;
5/ маягийн гэрчилгээний техникийн үзүүлэлтийг заасан хавсралтад өөрчлөлт оруулах;
6/ маягийн гэрчилгээ, маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээнд заасан онцгой нөхцөлүүдэд өөрчлөлт оруулах.
21.28. Загварын өөрчлөлтийг гэрчилгээжүүлэх
(a) Дараах тохиолдолд, загварын өөрчлөлтийг баталгаажуулан маягийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдлийг шинээр гаргана:
1/ ИНЕГ-аас, бүтээгдэхүүний загвар, бүтэц, хөдөлгүүрийн хүч, эргэлтийн хэмжээ, тэдгээрийн хязгаарлалт болон жинд оруулах өөрчлөлт нь холбогдох НТЧ-ын шаардлага хангасан эсэхэд нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай гэж үзэж байгаа бол; эсхүл
2/ агаарын хөлгийн маягийн хувьд :
(i) ротор болон хөдөлгүүрийн тоог өөрчлөх бол;
(ii) хөдөлгүүр болон роторт хүчний өөр зарчмыг ашиглах бол;
(iii) роторт ашиглалтын өөр зарчмыг ашиглах бол; эсхүл
3/ агаарын хөлгийн хөдөлгүүрийн маягийн хувьд өөрчлөлт оруулах санал нь ашиглалтын зарчимд тулгуурласан байвал; эсхүл
4/ сэнсний маягийн хувьд:
(i) сэнсний алганы тоонд өөрчлөлт оруулах бол,
(ii) сэнсний алхмыг өөрчлөх зарчимд өөрчлөлт оруулах бол,
(iii) сэнсний алганы материалд өөрчлөлт оруулах бол.
(б) Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээнд өөрчлөлт оруулахаар өргөдөл гаргагч нь энэ дүрмийн Б Бүлэгт заасны дагуу маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ авах өргөдлийг шинээр гаргах ба НТЧ-ын холбогдох шаардлагын дагуу гадаадын байгууллагаас маягийн гэрчилгээнд оруулсан өөрчлөлтийг баталгаажуулсан бичиг баримтыг ИНЕГ-т ирүүлнэ.
21.29. Маягийн гэрчилгээний өөрчлөлтөд тавигдах хязгаарлалт
Өргөдөл гаргагч нь ИНЕГ-ыг дараах мэдээллээр хангаагүй бол тодорхой загварын хувьд хийгдсэн өөрчлөлтийг маягийн гэрчилгээнд тусгахдаа хязгаарлалт хийнэ :
1/ зөвшөөрөл авах шаардлагатай маягийн хувьд хийгдсэн өөрчлөлт нь өөр хэлбэр хийцийн гэдгийг тодорхойлсон байх;
2/ тухайн өөрчлөлт нь өөр хэлбэр хийцийн хувьд ашиглахад тохиромжтой гэдгийг бататгасан байх.
21.30. Өргөдөл гаргах эрх
Маягийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахаар өргөдөл гаргагч нь гэрчилгээ эзэмшигч байна.
21.31. Баталгаа авахаар өргөдөл гаргах
Маягийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах тухай өргөдлийг ИНЕГ-0021/08 маягтын дагуу гаргаж дараах бичиг баримтын хамт ИНЕГ-т ирүүлнэ:
1/ энэ дүрмийн 21.69-д шаардсан мэдээлэл;
2/ гэрчилгээнд тусгагдах бусад мэдээлэл;
3/ хэрэв шаардлагатай бол, тухайн бүтээгдэхүүний онцлогийг заасан тодорхойлолт, төлбөрийн баримт.
21.32. Баталгаа олгох
Дараах шаардлагыг хангасан тохиолдолд маягийн гэрчилгээнд оруулах өөрчлөлтийг баталгаажуулна:
1/ өргөдөл гаргагч энэ бүлэгт заасан шаардлагыг ИНЕГ-ын хүлээн зөвшөөрөх хэмжээнд хангаж байвал;
2/ баталгааг олгосноор нисэхийн аюулгүй ажиллагаанд харшлахгүй бол;
3/ НТЧ-ын шаардлагыг хангахгүй байгаа боловч ИНЕГ-ын хүлээн зөвшөөрөхүйц аюулгүй ажиллагааны түвшинг хангаж байвал,
4/ өөрчлөлт оруулахаар өргөдөл гаргасан бүтээгдэхүүнийг ашиглалтын заавар, түүнд оруулсан өөрчлөлт, хязгаарлалтын дагуу ашиглахад аюулгүй гэж үзэж байвал.
Д БҮлэг. Нэмэлт маЯгийн гэрЧилгээ
21.33. Үйлчлэх хүрээ
Нэмэлт маягийн гэрчилгээ олгох болон түүнийг эзэмшигчийн хүлээх үүргийг энэ бүлэгт тогтооно.
21.34. Нэмэлт маягийн гэрчилгээ
Энэ бүлгийн дагуу нэмэлт маягийн гэрчилгээ олгосноор дараах зүйлд өөрчлөлт хийгдэж болно:
1/ маягийн гэрчилгээ, эсхүл маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээний ангилалд;
2/ маягийн загварт;
3/ нислэгийн зааварт;
4/ ашиглалтын хязгаарлалтад;
5/ маягийн гэрчилгээ, эсхүл маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээнд заасан тусгай нөхцөлүүдэд.
21.35. Өргөдөл гаргах эрх
Аливаа этгээд нэмэлт маягийн гэрчилгээ авахаар өргөдөл гаргаж болно.
21.36. Өргөдөл гаргах
Нэмэлт маягийн гэрчилгээ авах өргөдлийг ИНЕГ-021/09 маягтын дагуу гаргаж дараах бичиг баримтын хамт ИНЕГ-ын даргад ирүүлнэ:
1/ энэ дүрмийн 21.14, 21.15 ба 21.69-ийн (a)-д шаардсан мэдээлэл;
2/ хэрэв шаардлагатай бол тухайн бүтээгдэхүүний онцлогийг заасан мэдээлэл, төлбөрийн баримт.
21.37. Гэрчилгээ олгох
Дараах шаардлагыг хангасан тохиолдолд нэмэлт маягийн гэрчилгээ олгоно:
1/ ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн, энэ бүлэгт заасан шаардлагыг хангаж байгаа бол;
2/ баталгааг олгосноор нисэхийн аюулгүй ажиллагаанд харшлахгүй бол;
3/ НТЧ-ын шаардлагыг хангахгүй байгаа боловч ИНЕГ-ын хүлээн зөвшөөрөхүйц аюулгүй ажиллагааны түвшинг хангаж байгаа бол;
(4) өөрчлөлт оруулахаар өргөдөл гаргасан бүтээгдэхүүнийг түүний ашиглалтын заавар болон түүнд оруулсан өөрчлөлт, хязгаарлалтын дагуу ашиглахад аюулгүй бол.
21.38. Гэрчилгээг шилжүүлэх
(а) Нэмэлт маягийн гэрчилгээг энэ дүрмийн 21.39-д заасан үүргийг гүйцэтгэж чадах, ИНЕГ-аас зөвшөөрсөн этгээдэд шилжүүлж болно.
(б) Гэрчилгээг шилжүүлэхээс өмнө маягийн гэрчилгээ эзэмшигч нь:
1/ шилжүүлэх хүний нэр, хаягийг ИНЕГ-т бичгээр мэдэгдэнэ;
2/ өөрчлөлт оруулахаар ИНЕГ-т гэрчилгээг ирүүлнэ.
21.39. Гэрчилгээ эзэмшигчийн үүрэг
(a) Нэмэлт маягийн гэрчилгээ эзэмшигч дараах үүрэгтэй:
1/ маягийн гэрчилгээ олгогдсон бүтээгдэхүүнд өөрчлөлт оруулахдаа ИНД-146-д заасан НТЧ-ыг хадгалах;
2/ бүтээгдэхүүний маягийн гэрчилгээ эзэмшигчид холбогдох мэдээллийг ИНЕГ-т өгөх;
3/ техникийн бичиг баримтын хөтлөлт дүрэм журмын дагуу хийгдсэн эсэхийг хянах, энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд бүтээгдэхүүний загвар, загварын өөрчлөлтийн талаарх техникийн бичиг баримтыг бүтээгдэхүүнийг ашиглалтаас хассанаас хойш 2 жилийн хугацаанд хадгалах;
4/ гэрчилгээ болон загварын талаарх мэдээлэл, техникийн зураг, үзлэг шалгалтын тайлан, актыг ИНЕГ-т үзүүлэхэд бэлэн байлгах.
(б) ИНЕГ нь техникийн бичиг баримтыг хадгалах хугацааг энэ зүйлийн (a)-гийн 3/-т зааснаас багаар тогтоож болно.
21.40. Гэрчилгээнд өөрчлөлт оруулах
Нэмэлт маягийн гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээнд заасан бүтээгдэхүүний бүтцэд өөрчлөлт оруулах бол:
1/ ИНЕГ- 021/09 маягтын өөрчлөлт оруулахтай холбогдсон асуултыг бөглөнө;
2/ нэмэлт маягийн гэрчилгээ авах өргөдлийг шинээр гаргана.
Е БҮлэг. НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН гэрЧилгээ
21.41. Үйлчлэх хүрээ
Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлөгт НТЧ-ын гэрчилгээ олгохтой холбогдсон үйл ажиллагааг энэ бүлгийн дагуу зохицуулна.
21.42. Гэрчилгээний ангилал
(a) Энэ бүлгийн дагуу дараах гэрчилгээг олгоно:
1/ Стандарт ангиллын НТЧ-ын гэрчилгээ,
2/ Хязгаарлагдмал ангиллын НТЧ-ын гэрчилгээ,
3/ Онцгой ангиллын НТЧ-ын гэрчилгээ:
(i) туршилтын гэрчилгээ,
(ii) тусгай нислэгийн зөвшөөрөл,
(б) НТЧ-ын гэрчилгээний зорилго, ашиглалтын нөхцөл, хязгаарлалт зэргийг ИНЕГ-аас тодорхойлно.
(в) Дараах тохиолдолд НТЧ-ын стандарт болон хязгаарлагдмал ангиллын гэрчилгээг хамт олгож болно:
1/ агаарын хөлөг нь ангилал тус бүрийн шаардлагыг хангаж байгаа бол;
2/ агаарын хөлөгт энгийн механик аргаар тоног төхөөрөмж суурилуулах, эсхүл авахад агаарын хөлөг нь нэг бүтцээс нөгөө бүтцэд шилжиж чаддаг бол.
(г) хөдөө аж ахуйд ашиглахаар тоноглогдсон агаарын хөлөгт хязгаарлагдмал ангиллын НТЧ-ын гэрчилгээ олгох ба тээврийн зориулалтаар ашиглахыг хориглоно.
21.43. Өргөдөл гаргах
Стандарт, хязгаарлагдмал ангиллын НТЧ-ын гэрчилгээ авах өргөдлийг ИНЕГ-021/05 маягтын дагуу гаргах ба агаарын хөлгийн онцлогийн талаарх нэмэлт мэдээлэл, төлбөрийн баримтын хамт ИНЕГ-т ирүүлнэ.
(б) Туршилтын гэрчилгээ авах өргөдлийг ИНЕГ-021/06 маягтын дагуу гаргах ба агаарын хөлгийн онцлогийн талаарх нэмэлт мэдээлэл, төлбөрийн баримтын хамт ИНЕГ-т ирүүлнэ.
(в) Тусгай нислэгийн зөвшөөрөл авах өргөдлийг ИНЕГ-021/07 маягтын дагуу гаргаж, агаарын хөлгийн онцлогийн талаарх нэмэлт мэдээлэл, төлбөрийн баримтын хамт ИНЕГ-т ирүүлнэ.
(г) Тусгай нислэгийн зөвшөөрөл авахаар өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (в)-д заасан мэдээллийг ИНЕГ-021/07-маягтаас өөр хэлбэрээр ИНЕГ-т гаргаж өгч болно.
21.44. Гэрчилгээ олгох
Дараах шаардлагыг хангасан тохиолдолд НТЧ-ын гэрчилгээ олгоно:
1/ энэ бүлэгт заасан шаардлагыг хангасан;
2/ гэрчилгээг олгосноор нисэхийн аюулгүй ажиллагаанд харшлахгүй;
3/ онцгой ангиллын НТЧ-ын гэрчилгээний хувьд аюулгүй ажиллагааны түвшин нь агаарын хөлгийн ашиглалтын зорилготой нийцэж байна.
21.45. Гэрчилгээний хугацаа
(a) НТЧ -ын гэрчилгээ нь түүний хүчинтэй хугацааг түр зогсоох, хүчингүй болгох хүртэл, мөн дараах тохиолдолд хүчин төгөлдөр байна :
1/ ИНД-148-ын дагуу гэрчилгээжсэн үйлдвэрлэгч байгууллагаас гарсан шинэ агаарын хөлгөөр шалгалтын болон тусгай нислэгийн зөвшөөрлийн дагуу нислэг үйлдэх, Улсын бүртгэлээс хасахаас бусад тохиолдолд;
2/ агаарын хөлгийн техник үйлчилгээ ИНД-91 болон ИНД-43-ын дагуу хийгдсэн тохиолдолд.
(б) НТЧ -ын гэрчилгээг хүчингүй болгосон тохиолдолд гэрчилгээг ИНЕГ-т нэн даруй ирүүлнэ.
(в) ИНЕГ-аас НТЧ-ын гэрчилгээний хүчинтэй хугацааг түдгэлзүүлсэн тохиолдолд гэрчилгээ эзэмшигч нь холбогдох баталгааг гаргуулна.
21.46. Гэрчилгээг шилжүүлэх
Стандарт болон хязгаарлагдмал ангиллын НТЧ-ын гэрчилгээ, мөн туршилтын гэрчилгээг агаарын хөлгийн хамт шилжүүлнэ.
ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХОД тавигдах шаардлага
21.47. Стандарт ангиллын хязгаарлагдмал шаардлага
Агаарын хөлөгт стандарт, эсхүл хязгаарлагдмал ангиллын НТЧ-ын гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/ агаарын хөлгийн стандарт, эсхүл хязгаарлагдмал ангиллын маягийн гэрчилгээ, маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ энэ дүрмийн Б Бүлгийн дагуу олгогдсон байх;
2/ энэ дүрмийн Б Бүлгийн дагуу олгогдсон холбогдох маягийн гэрчилгээ, эсхүл маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ нь тухайн агаарын хөлөгтэй нийцсэн;
3/ томоохон өөрчлөлт, засвар нь агаарын хөлгийн маягийн загварын өөрчлөлтөөр баталгаажсан;
4/ ИНД-39-ийн дагуу гарсан, тухайн агаарын хөлөгт хамааралтай НТЧ-ын удирдамжийг биелүүлсэн;
5/ агаарын хөлгийн нислэгийн ашиглалтын заавар, борт журнал, засвар, өөрчлөлт хийгдсэн тухай бичигдсэн маягт болон ИНЕГ-ын даргын шаардсан бусад бичиг баримт зэргийг үзүүлсэн байх;
6/ агаарын хөлөг нь Монгол Улсад бүртгэлтэй бол ИНД-47-гийн дагуу үндэсний болон бүртгэлийн таних тэмдэгтэй байх;
7/ агаарын хөлөг, түүний хөдөлгүүр, сэнс, сэнсний гол болон алганы тодорхойлолтыг энэ дүрмийн М Бүлэгт заасны дагуу гаргах;
8/ агаарын хөлөг нь ИНД- 26-д заасан НТЧ-ын нэмэлт шаардлагад нийцэж байх;
9/ бага оврын агаарын хөлгийн хувьд өргөдөл гаргахаас өмнөх 60 хоногийн дотор ИНД-43-ын дагуу жилийн буюу 100 цагийн, эсхүл түүнтэй адилтгах үзлэг хийгдсэн байх;
10/ агаарын хөлөг нь аюулгүй ашиглах нөхцөлд байх.
21.48. Туршилтын гэрчилгээнд тавигдах шаардлага
(a) Агаарын хөлөгт туршилтын гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч нь ИНЕГ-т дараах мэдээллийг гаргаж өгнө:
1/ агаарын хөлгийг ашиглах зориулалтын талаарх мэдээлэл;
2/ агаарын хөлгийг тодорхойлох хангалттай мэдээлэл;
3/ хүрээлэн буй орчин, олон нийтийг хамгаалах тухай мэдээлэл;
4/ нислэгийн заавар, техник үйлчилгээний заавар болон агаарын хөлгийн ашиглалттай холбоотой бусад бичиг баримт;
5/ дараах бичиг баримт:
(i) агаарын хөлгийн загварын өөрчлөлтийг ИНЕГ-ын шаардлагын дагуу хийсэн тухай баримт;
(ii) агаарын хөлөг нь Монгол Улсад бүртгэлтэй бол ИНД 47-гийн дагуу улсын бүртгэлийн тэмдэг;
(iii) агаарын хөлгийг энэ дүрмийн М Бүлэгт заасны дагуу тодорхойлсон баримт.
(б) Агаарын хөлгийг туршилтын зориулалтаар ашиглах гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (а)-д нэмэлт болгон дараах зүйлийг ИНЕГ-т гаргаж өгнө:
1/ агаарын хөлөгт хийх үзлэг, шалгалт болон шалгах нислэгийн хөтөлбөр;
2/ шалгах нислэгийн хугацаа, эсхүл нислэгийн тоо;
3/ үзлэг, шалгалт болон шалгалтын нислэг үйлдэх газар;
4/ агаарын хөлөг нь бүтцийн хувьд маягийн гэрчилгээнд зааснаас өөрчлөгдсөн бол агаарын хөлгийн гурван талын проекцын техникийн шугам зураг.
(в) Энэ зүйлийн (б)-д зааснаас өөр зориулалтаар ашиглах гэж буй агаарын хөлөгт туршилтын гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч энэ зүйлийн (а)-д заасан мэдээлэл дээр нэмж дараах зүйлийг гаргаж өгнө:
1/ шалгах нислэгийг хөтөлбөрийн дагуу гүйцэтгэсний дараа шалгах нислэгт агаарын хөлгийн удирдлага хэвийн байсан тухай, мөн агаарын хөлгийн ашиглалтын үзүүлэлт, тодорхойлолт, эсхүл загварын онцлогт алдаатай зүйл байхгүй тухай дүгнэлт;
2/ агаарын хөлөг нь загварын НТЧ-ын стандартыг, ашиглалтын түүх нь стандарт шаардлага хангасан тухай тодорхойлолт.
21.49. Тусгай нислэгийн зөвшөөрөлд тавих шаардлага
Тусгай нислэгийн зөвшөөрөл авахаар өргөдөл гаргагч нь ИНЕГ-ын даргад дараах мэдээллийг гаргаж өгнө:
1/ нислэгийн зорилго;
2/ төлөвлөж буй маршрут;
3/ нисэх баг;
4/ НТЧ-ын шаардлага хангахгүй байгаа систем тоноглол;
5/ агаарын хөлгийн аюулгүй ажиллагаанд тогтоосон хязгаарлалт;
6/ ашиглалтын хязгаарлалттай холбоотой ИНЕГ-аас шаардсан бусад мэдээлэл.
21.50. Тусгай нислэгийн зөвшөөрөл-эрхээ хадгалах
Тусгай нислэгийн зөвшөөрлийг эрхийн хамт дараах байгууллагад олгоно:
1/ техник үйлчилгээ болон өөрчлөлт сайжруулалт хийгдсэн агаарын хөлгөөр нислэг үйлдэх гэж буй, ИНД-119-ийн дагуу Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч байгууллагад;
2/ өөрийн шинээр үйлдвэрлэсэн агаарын хөлгийг агаарт шалгаж буй ИНД-148-ын дагуу гэрчилгээ эзэмшигч байгууллагад.
Ж БҮлэг. Материал, сэлбэг, тоног тӨхӨӨрӨмж, технологийн арга ажиллагаа
21.51. Үйлчлэх хүрээ
Материал, сэлбэг, тоног төхөөрөмж болон технологийн арга ажиллагааг баталгаажуулах, хүлээн зөвшөөрөх үйл ажиллагааг энэ бүлгээр зохицуулна.
21.52. Эд материал, сэлбэг, тоног төхөөрөмжийг солих, өөрчлөх
Маягийн гэрчилгээ олгогдсон бүтээгдэхүүнд суурилагдсан байх материал, эд анги, тоног төхөөрөмжийн өөрчлөлт, шинэчлэлт нь:
1/ маягийн гэрчилгээ эзэмшигчээр зөвшөөрөгдсөн байна; эсхүл
2/ тухайн бүтээгдэхүүний маягийн загварын стандартад нийцсэн байх бөгөөд аливаа этгээд өөрийн эзэмшиж байгаа бүтээгдэхүүнд суурилуулахаар хийлгэсэн байна, эсхүл
3/ ИНД-145-ын дагуу техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээ эзэмшигчийн техник үйлчилгээнээс гаргах эрхтэй этгээдээр баталгаажсан байна; эсхүл
4/ ИНД-148-ын дагуу гэрчилгээ эзэмшигчийн эрх бүхий этгээдээр баталгаажсан байна; эсхүл
5/ ИНД-144-ийн дагуу хангамжийн байгууллагын гэрчилгээ эзэмшигчээр баталгаажсан байна; эсхүл
6/ стандартын эд анги байна; эсхүл
7/ ИНЕГ-аас хүлээн зөвшөөрөгдсөн импортлогдсон эд анги байна.
21.53. Хүлээн зөвшөөрөх, баталгаа олгох
Маягийн гэрчилгээ олгоход технологийн арга ажиллагаа нь НТЧ-ын стандарт шаардлагыг хангасан байна гэж үзэж байгаа бол:
1/ ИНД-145-ын дагуу олгосон техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагааны тодорхойлолтод оруулна;
2/ ИНД-148-ын дагуу олгосон үйлдвэрлэгч байгууллагын гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагааны тодорхойлолтод оруулна;
3/ ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн байна.
з БҮлэг. НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН экспортын гэрЧилгээ
21.54. Үйлчлэх хүрээ
Энэ бүлэгт дараах үйл ажиллагааны журмыг тогтооно:
1/ НТЧ-ын экспортын гэрчилгээ олгох;
2/ НТЧ-ын экспортын гэрчилгээ эзэмшигчийн хүлээх үүрэг;
3/ ИНД-145-ын дагуу гэрчилгээжсэн техник үйлчилгээний байгууллага, ИНД-148-ын дагуу агаарын хөлөг үйлдвэрлэгч байгууллагад сэлбэг, тоног төхөөрөмж экспортлох эрх олгох.
21.55. Тодорхойлолт
Энэ бүлэгт хэрэглэсэн "бүтээгдэхүүн" гэдэгт:
1/ агаарын хөлөг, хөдөлгүүр, сэнс, систем тоног төхөөрөмж болон тэдгээрийн эд ангийг;
2/ агаарын хөлгийн эд анги тоног төхөөрөмж бүрэлдэхүүн хэсэгт тавих ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн техникийн стандарт /цаашид TSO гэх/-ын дагуу баталгаажсан материал, эд анги, тоног төхөөрөмжийг тус тус ойлгоно.
21.56. Нислэгт тэнцэх чадварын экспортын гэрчилгээ
(a) Энэ бүлгийн дагуу олгогдох НТЧ-ын экспортын гэрчилгээ нь:
1/ агаарын хөлгийн хувьд батлагдсан үнэт цаасны хэлбэртэй байна;
2/ бусад бүтээгдэхүүний хувьд:
(i) НТЧ-ын экспортын гэрчилгээ;
(ii) баталгаажсан эрхийн гэрчилгээний маягтын хэлбэртэй байна
(б) НТЧ-ын экспортын гэрчилгээ олгосноор тухайн бүтээгдэхүүнийг агаарын хөлөгт суурилуулах, ашиглах эрх олгогдохгүй.
21.57. НТЧ-ын экспортын гэрчилгээний ялгаа
Өргөдөл гаргагч нь энэ дүрмийн 21.60-ын (б)-д заасны дагуу, бүтээгдэхүүнийг импортлогч улсаас бичгээр баталгаа гаргуулсан тохиолдолд ИНЕГ-аас дараах заалтыг үл харгалзан НТЧ-ын экспортын гэрчилгээ олгож болно:
1/ энэ бүлгийн шаардлагыг хангаагүй;
2/ экспортолсон болон маягийг нь баталгаажуулсан, хүлээн зөвшөөрсөн бүтээгдэхүүний хооронд бүтцийн ялгаатай.
21.58. Өргөдөл гаргах эрх
НТЧ-ын экспортын гэрчилгээ авах өргөдлийг экспортлогч байгууллага, эсхүл түүний эрх бүхий төлөөлөгч гаргана.
21.59. Өргөдөл гаргах
(a) Өргөдөл гаргагч нь НТЧ-ын экспортын гэрчилгээ авах өргөдлийг ИНЕГ-021/10 маягтын дагуу гаргах ба өргөдөлд дараах зүйлүүд тусгагдсан байна:
1/ бичиг баримт –
(i) бүтээгдэхүүний маягийн загварыг импортолж буй улсын ИНЕГ хүлээн зөвшөөрсөн тухай;
(ii) импортолж буй улсын гэрчилгээжүүлэлтийн онцлог нөхцөл шаардлагыг хангасан тухай;
(iii) импортолж буй улс экспортын гэрчилгээний хавсралтад заасан үүргээс чөлөөлсөн заалтыг хүлээн зөвшөөрсөн тухайгаа мэдэгдсэн хариу;
(iv) бүтээгдэхүүнд энэ дүрмийн М Бүлэгт заасан таних тэмдэг, тодорхойлолт;
(v) хамаарах НТЧ-ын удирдамжийн шаардлагыг хангасан тухай баримт;
2/ хэрэглээнд байсан бүтээгдэхүүний хувьд, ашиглалтын нийт хугацаанд хөтөлсөн техникийн бичиг баримт, томоохон засвар, өөрчлөлт хийсэн маягт болон ИНЕГ-ын шаардсан бусад бичиг баримт;
3/ тухайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хадгалах явцад зэврэлт болон эвдэрч гэмтэхээс хамгаалж боож баглах арга хэрэгсэл, хадгалалтын хугацааны талаарх тодорхойлолт;
4/ илгээсэн огноо;
5/ өргөдөл гаргах үед бүрдээгүй байсан бичиг баримтыг гүйцээж өгөх огноо;
6/ энэхүү дүрмийн өөрчлөлтийг тайлбарласан бичиг баримт
7/ хэрэв шаардлагатай бол нэмэлт тайлбар зэргийг хавсарган төлбөрийн баримтын хамт ИНЕГ-т ирүүлнэ.
(б) НТЧ-ын экспортын гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (a)-д зааснаас гадна дараах зүйлийг ИНЕГ-т гаргаж өгнө:
1/ бичиг баримт :
(i) агаарын хөлгийг ИНД-148-ын дагуу үйлдвэрлэсэн гэдгийг баталсан;
(ii) хэрэглээнд байсан агаарын хөлгийн хувьд энэ дүрмийн З Бүлэгт заасан ангиллын дагуу олгосон НТЧ-ын гэрчилгээ;
(iii) агаарын хөлгийн нислэгийн ашиглалтын болон техник үйлчилгээний заавар;
(iv) агаарын хөлгийн жин, тэнцвэрийн мэдээлэл, ачааллын тооцооны маягт;
(v) өргөдөл гаргахаас өмнөх 60 хоногийн дотор агаарын хөлөг ИНД-43-ын дагуу жилийн буюу 100 цагийн үзлэгт, эсхүл ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн түүнтэй адилтгах үзлэгт орсон тухай баримт;
(vi) экспортод гаргаж буй агаарын хөлгийг хүргэх шаардлагын үүднээс тоног төхөөрөмж суурилуулах бол тэрхүү тоноглол нь НТЧ-ын шаардлагыг хангаж, тусгай нислэгийн зөвшөөрлөөр баталгаажсан байх ба агаарын хөлгийг хүргэх нислэг дууссаны дараа суурилуулсан тоног төхөөрөмжийг авч маягийн шаардлагын дагуу бүтцийг сэргээнэ.
(в) Өргөдөл гаргагч нь ИНЕГ-аас шалгах үед бүтээгдэхүүн болон түүний бичиг баримтыг бэлэн байлгана.
21.60. Гэрчилгээ олгох
(а) Дараах шаардлагыг хангасан тохиолдолд НТЧ-ын экспортын гэрчилгээ олгоно:
1/ өргөдөл гаргагч энэ бүлэгт заасан шаардлагыг хангасан;
2/ гэрчилгээ олгосноор нисэхийн аюулгүй ажиллагаанд харшлахгүй;
3/ НТЧ-ын шаардлагыг хангаагүй тохиолдолд тэр нь ИНЕГ-ын хүлээн зөвшөөрөх аюулгүй байдлын түвшин, холбогдох хүчин зүйлээр нөхөгдөх шаардлагыг хангаж байгаа.
(б) Бүтээгдэхүүн нь энэ дүрмийн шаардлагыг хангахгүй байгаа боловч импортолж буй улс нь хүлээн зөвшөөрч байвал энэ тухайгаа бичгээр мэдэгдэж болно.
21.61. Гэрчилгээний хүчинтэй хугацаа
(a) НТЧ-ын экспортын гэрчилгээ нь агаарын хөлгийн загварт өөрчлөлт оруулах болон импортолж буй улс хүлээн авах хүртэл хүчин төгөлдөр байна.
(б) Загварт өөрчлөлт оруулсан тохиолдолд НТЧ-ын экспортын гэрчилгээ хүчингүй болох бөгөөд эзэмшигч нь гэрчилгээг ИНЕГ-т буцааж өгнө.
21.62. Гэрчилгээг шилжүүлэх
НТЧ-ын экспортын гэрчилгээг зөвхөн бүтээгдэхүүний хамт шилжүүлнэ.
21.63. Бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд баталгаат эрхийн гэрчилгээг ашиглах
(a) Дараах тохиолдолд баталгаат эрхийн гэрчилгээг бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд ашиглана:
1/ бүтээгдэхүүн нь-
(i) шинэ, их засвар хийгдсэн, эсхүл агаарын хөлөг нь стандарт, хязгаарлагдмал ангиллын НТЧ-ын гэрчилгээтэй бөгөөд шалгаж баталгаажуулан нислэгт гаргасан;
(ii) загварын баталгаажсан техникийн үзүүлэлтийг хангаж байгаа;
(iii) аюулгүй ашиглах нөхцөлтэй;
(iv) импортлогч улсын бүтээгдэхүүнд тавьдаг тусгай шаардлагыг хангаж байгаа;
2/ Баталгаат эрхийн гэрчилгээг ИНД-43-ын шаардлагын дагуу дараах байгууллагуудад олгоно:
(i) ИНД-145-ын дагуу гэрчилгээжсэн техник үйлчилгээний байгууллага;
(ii) ИНД-148-ын дагуу гэрчилгээжсэн агаарын хөлөг үйлдвэрлэгч байгууллага.
(б) Энэ зүйлийн (а)-гийн 1/ дэх заалтыг үл харгалзан, бүтээгдэхүүн нь импортлогч улсын шаардлагыг хангаж байвал энэ дүрмийн зарим шаардлагыг хангахгүй байж болох ба импортлогч улс энэ тухайгаа бичгээр мэдэгдсэн байна.
21.64. Экспортлогчийн үүрэг
(a) НТЧ-ын экспортын гэрчилгээ авсан агаарын хөлөг экспортлогч нь:
1/ Улсын бүртгэлийн болон НТЧ-ын гэрчилгээг хүчингүй болгуулах өргөдлийг агаарын хөлгийг шилжүүлэн өгөх огноо, авч буй гадаадын эзэмшигчийн нэр, хаяг, албан тушаалын хамт ИНЕГ-т гаргаж өгнө;
2/ Улсын бүртгэлийн болон НТЧ-ын гэрчилгээг ИНЕГ-т буцааж өгнө;
3/ агаарын хөлөг дээрх Монгол Улсын үндэсний болон бүртгэлийн таних тэмдгийг авсныг гэрчлэх баримт гаргаж өгнө.
(б) Импортлогч улстай зөвшилцсөний дагуу НТЧ-ын экспортын гэрчилгээ авсан экспортлогч нь:
1/ импортлогч улсын холбогдох байгууллагад
(i) бүтээгдэхүүний ашиглалтын бичиг баримт, мэдээлэл болон холбогдох бусад бичиг баримт;
(ii) агаарын хөлгийг угсраагүй бол үйлдвэрлэгчийн угсралтын заавар ба шалгах нислэгийн хөтөлбөрийг гаргаж өгнө.
2/ бүтээгдэхүүнийг шилжүүлэх болон хадгалах үедээ аливаа гэмтэл, зэврэлтээс хамгаалж баглаж боосон байна;
3/ экспортын тээвэрлэлт дууссаны дараа агаарын хөлөгт суулгасан аливаа тоноглол, төхөөрөмжийг авч батлагдсан загварт нь оруулна.
и БҮлэг. Засвар
21.65. Үйлчлэх хүрээ
Нисэхийн бүтээгдэхүүнд хийгдсэн засварыг баталгаажуулах журмыг энэ бүлэгт тогтооно.
21.66. Бүтээгдэхүүнд өөрчлөлт хийсэн засварын баталгаажилт
Маягийн гэрчилгээ, маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээний шаардлагын дагуу хийгдээгүй засварыг загварт өөрчлөлт хийсэн гэж үзэн баталгаажуулах ажиллагааг энэ дүрмийн В, Г, Д Бүлэгт заасны дагуу хийнэ.
к БҮлэг. Техникийн ҮзҮҮлэлт, НТЧ-ын тодорхойлолт
21.67. Үйлчлэх хүрээ
Энэ бүлэгт дараах журмыг тогтооно:
1/ техникийн үзүүлэлтийг хүлээн зөвшөөрөх, батлах;
2/ материал, сэлбэгийн тодорхойлолт, тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт болон технологийн арга ажиллагааны зааврыг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах;
3/ материал, сэлбэг, тоног төхөөрөмж болон технологийн арга ажиллагааны тодорхойлолтод орсон өөрчлөлтийг баталгаажуулах.
21.68. Техникийн үзүүлэлтийг хүлээн зөвшөөрөх
(а) ИНЕГ-аар батлагдаагүй, хүлээн зөвшөөрөгдөөгүй техникийн үзүүлэлтийг ашиглахыг хориглоно.
(б) Энэ дүрмийн 21.104-д заасан техникийн үзүүлэлтүүдийг хүлээн зөвшөөрнө.
21.69. Техникийн үзүүлэлтийг баталгаажуулах
(a) Техникийн үзүүлэлтээ баталгаажуулахаар өргөдөл гаргагч нь САА337 маягтыг бөглөх ба:
1/ техникийн үзүүлэлтийг тодорхойлоход шаардлагатай бичиг баримт;
2/ загварын өөрчлөлтийн тодорхойлолтод—
(i) өөрчлөлтийг тодорхойлох хангалттай мэдээлэл;
(ii) өөрчлөлт хийгдсэн бүтээгдэхүүн, сэлбэг, тоног төхөөрөмжийн тодорхойлолт;
3/ техникийн үзүүлэлтийн дагуу өөрчлөгдөх бүтээгдэхүүн, түүний эд анги болон тоног төхөөрөмж-
(i) НТЧ-ын шаардлагад нийцэж буйг шалгасан үзлэг, шалгалт, судалгааны ажлын тодорхойлолт;
(ii) бүтээгдэхүүн нь хэвийн ажиллаж байгааг илэрхийлэх техник үйлчилгээ, ашиглалтын үзүүлэлт;
(5) өргөдөл гаргагч нь техникийн үзүүлэлтэд цаашид холбогдох, загварын аливаа өөрчлөлтийн онцлогийг ИНЕГ-т энэ маягтын дагуу гаргаж өгнө;
(6) бусад—
(i) загвар зохион бүтээгч байгууллагын гэрчилгээ эзэмшигч нь бүтээгдэхүүнийхээ техникийн үзүүлэлтийг ИНД-21.13-т заасан НТЧ-ын болон загварын өөрчлөлттэй холбоотой бусад шаардлагыг хангаж байгаа гэсэн тодорхойлолт гаргасан байна;
(ii) энэ зүйлийн (а)-гийн 6/-гийн (i) дэх заалт болон гадаадын Иргэний нисэхийн удирдах байгууллагаас тавьсан ижил шаардлагын дагуу гаргасан тодорхойлолт;
(iii) баталгаажсан техникийн үзүүлэлтийг төлбөрийн баримтын хамт ИНЕГ-т ирүүлнэ.
(б) Техникийн үзүүлэлт нь энэ зүйлийн (a)-гийн 6/-гийн (i)-д зааснаас гадна дараах шаардлагад нийцэж байна:
1/ маягийн гэрчилгээнд заасан НТЧ-ын шаардлага;
2/ шаардлагыг тусгай нөхцөлөөр авч үзэж байгаа бол энэ бүлгийн (a)-гийн 6/-гийн (i)-дэх заалттай аюулгүй байдлын талаар тэнцүү түвшинд байна.
(в) Дараах шаардлагыг хангасан нөхцөлд энэ зүйлийн (а)-д заасан шаардлагыг хангаагүй техникийн үзүүлэлтийг баталж болно:
1/ техникийн үзүүлэлт нь:
(i) өргөдөл гаргагч тухайн нэгж бүтээгдэхүүнд гаргаж байгаа бол;
(ii) онцгой ангиллын НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлөгт НТЧ-ын гэрчилгээ олгоход шаардлагатай стандартыг хангаж байгаа бол;
2/ техникийн үзүүлэлт нь бэлэн бус боловч загварын өөрчлөлт хийхэд хангалттай бол,
(г) ИНД-146-гийн дагуу загвар зохион бүтээх байгууллагын гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (а)-д заасан өргөдлийг САА337 маягтын дагуу гаргахгүй байж болно.
(д) Дараах шаардлагыг хангасан тохиолдолд техникийн үзүүлэлтийг батална:
1/ өргөдөл гаргагч энэ дүрмийн 21.69-д заасан шаардлагыг ИНЕГ-ын хүлээн зөвшөөрөх хэмжээнд хангаж байгаа нөхцөлд;
2/ гэрчилгээ олгосноор нисэхийн аюулгүй ажиллагаанд харшлахгүй нөхцөлд;
3/ НТЧ-ын шаардлагыг хангаж чадаагүй тохиолдолд ИНЕГ-ын хүлээн зөвшөөрөх аюулгүй байдлын түвшин, хүчин зүйлээр нөхөгдөж байх нөхцөлд;
4/ бүтээгдэхүүнийг дараах хэлбэрээр ашиглахад аюулгүй байх нөхцөлд-
(i) техник үзүүлэлтийг нь өөрчилж;
(ii) нислэгийн заавар болон бусад хязгаарлалтын дагуу.
21.70. Тодорхойлолтыг батлах
Материал, сэлбэгийн тодорхойлолт, тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт болон технологийн арга ажиллагааны зааврыг дараах хэлбэрээр баталгаажуулж болно:
1/ техникийн үзүүлэлт нь бүтцийн стандартыг тогтоох хангалттай мэдээлэлтэй тохиолдолд түүнийг ИНЕГ-аас хүлээн зөвшөөрч техникийн стандарт (TSO)-д нийцсэнийг батлах;
2/ батлагдсан загвар, түүний өөрчлөлтийн тодорхойлолттой холбоотой өргөдөл гаргах;
3/ ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн бусад арга хэлбэрээр.
21.71. Тодорхойлолтыг хүлээн зөвшөөрөх
Дараах нөхцөлд ИНЕГ нь материал, сэлбэгийн тодорхойлолт, тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт болон технологийн арга ажиллагааны зааврыг хүлээн зөвшөөрнө:
1/ өргөдөлдөө энэ дүрмийн 21.104-д заасан загварын НТЧ-ын стандартыг хүлээн зөвшөөрч хангах ба түүнд заасан зориулалтын дагуу ашиглана гэж заасан бол;
2/ тодорхойлолтыг гадаадын Иргэний нисэхийн удирдах байгууллагаас баталсан, хүлээн зөвшөөрсөн бол;
3/ эд ангийн техникийн үзүүлэлт нь:
(i) аж үйлдвэрийн салбарт мөрддөг нийтлэг стандарт, техникийн үзүүлэлттэй ижил бол;
(ii) Монгол Улсын үндэсний хэмжил зүйн албанаас гаргасан техникийн тодорхойлолт бол;
(iii) гадаад улсын техникийн үндэсний стандарт тодорхойлолт бол.
21.72. Техникийн үзүүлэлтээс хазайсан тухай мэдээлэх
(a) Бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт нь техникийн стандарт (TSO)-д, эсхүл хүлээн зөвшөөрсөн техникийн тодорхойлолтод нийцэхгүй байвал өргөдөл гаргагч ИНЕГ-021/11 маягтын дагуу мэдээлэх ба:
1/ стандарт, тодорхойлолт, техникийн үзүүлэлтэд нийцэхгүй байгаа бүтээгдэхүүний таних тэмдэг, ангилал;
2/ бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт стандартаас хазайсан байдлыг тодорхойлсон бичиг баримт,
3/ стандартад нийцэхгүй байгаа техникийн үзүүлэлтийг дараах зүйлийг хангаснаар үйлдвэрлэлийн болон загварын онцлогоор нөхнө гэсэн баталгаа, үүнд:
(i) стандартын минимум техникийн үзүүлэлт (performance);
(ii) ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн аюулгүй байдлын түвшинг хангасан;
4/ шаардлагатай тохиолдолд бүтээгдэхүүний онцлог зэргийг өргөдөлд хавсарган холбогдох төлбөрийн баримтын хамт ИНЕГ-т ирүүлнэ
(б) Техникийн үзүүлэлтийн шаардлагатай нийцэхгүй байгаа тохиолдолд ИНЕГ-аас зохих баталгаа гаргуулахаар өргөдөл гаргахдаа:
1/ энэ дүрмийн шаардлагатай хэрхэн нийцүүлэх талаар тодорхойлолт гаргана;
2/ стандартад нийцэхгүй байгаа нөхцөлөөр өгөгдөх зөвшөөрөл нь нисэхийн аюулгүй ажиллагаанд харшлахгүй гэдгийг тодорхойлно;
3/ НТЧ-ын шаардлагыг бүрэн хангаагүй зүйл нь ИНЕГ-ын хүлээн зөвшөөрөхүйц аюулгүй ажиллагааны түвшинг хангах бусад хүчин зүйлээр нөхөгдөж байгааг тодорхойлно.
(а) Монгол Улсад ашиглагдаж буй агаарын хөлгийн НТЧ-ын маягийн стандартын хувьд тухайн агаарын хөлгийг зохион бүтээх, үйлдвэрлэх үед үйлдвэрлэгч орны ИНЕГ-ын мөрдөж байсан НТЧ-ын маягийн стандарт болон түүнтэй адилтгах хэм хэмжээ, тэдгээрт орсон нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч мөрдөнө.
(б) Стандарт ангиллын загварын НТЧ-ын стандартууд. Загварын НТЧ-ын стандартад гадаад улсын дараах стандартыг хүлээн зөвшөөрнө:
1/ АНУ-ын Холбооны нисэхийн алба /FAA/-наас гаргасан дүрэм:
(i) агаарын хөлөгт:
- Part 23 Airworthiness Standards:Normal, Utility and Acrobatic Category Airplanes
- Part 25 Airworthiness Standards:Transport Category Airplanes
- Part 27 Airworthiness Standards: Normal Category Rotorcraft
- Part 29 Airworthiness Standards: Transport Category Rotorcraft
(ii) агаарын хөлгийн хөдөлгүүр сэнсэнд:
- Part 33 Airworthiness Standards:Aircraft Engines
- Part 35 Airworthiness Standards:Propellers
(iii) эд анги, тоног төхөөрөмж:
- АНУ-ын Холбооны нисэхийн алба /FAA/-наас гаргасан техникийн стандартыг мөрдөнө.
2/ OХУ-ын Улс хоорондын нисэхийн зөвлөлийн гаргасан стандарт
(i) агаарын хөлөгт:
- Part 23 Airworthiness Standards for light Airplanes
- Part 25 Airworthiness Standards: for Transport Airplanes
- Part 27 Airworthiness Standards for Normal Category Rotorcraft
- Part 29 Airworthiness Standards for Transport Category Rotorcraft
(ii) агаарын хөлгийн хөдөлгүүр сэнсэнд:
- Part 33 Airworthiness Standards for Aircraft Engines
- Part 35 Airworthiness Standards for Propellers
3/ дээрх НТЧ-ын стандартууд болон загварын НТЧ-ын стандарттай тэнцэхүйц аюулгүй байдлын түвшин.
(в) Хязгаарлагдмал ангиллын НТЧ-ын загварын стандарт.
1/ энэ зүйлийн (a)-гийн 1/-дэх заалт ямар агаарын хөлөгт нийцэхийг ИНЕГ-аас тодорхойлно.
2/ ИНЕГ-аас НТЧ-ын загварын стандартыг тухайн агаарын хөлөгт нийцүүлэн тодорхойлно.
(г) Агаарын хөлгийн загварын НТЧ-ын стандарт хүчинтэй болсон өдөр нислэгийн зааврын дараах зүйлийг шаардахгүй байж болно:
1/ загварын НТЧ-ын стандартын шаардлагаар заавар, тэмдэглэл, зурагт хуудас хэлбэрээр хийгдсэн ашиглалтын хязгаарлалт, мэдээлэл;
2/ онгоц, нисдэг тэрэгний хувьд нислэгийн зааварт орчны агаарын хамгийн их температурын үед хөдөлгүүрийн хөргөлтийн чадавхыг харуулсан график.
21.104. ИНЕГ-аас хүлээн зөвшөөрөх техникийн үзүүлэлт, тодорхойлолт:
(a) ИНЕГ-аас хүлээн зөвшөөрөх техникийн үзүүлэлтэд:
1/ маягийн гэрчилгээний техникийн үзүүлэлтийн хуудас;
2/ маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ олгоход үндэс болгосон гадаадын маягийн гэрчилгээний техникийн үзүүлэлтийн хуудас;
3/ маягийн гэрчилгээтэй бүтээгдэхүүний маягийн загварын техникийн үзүүлэлт;
4/ энэ дүрмийн 21.21-ийн дагуу батлагдсан загварын өөрчлөлтийн техникийн үзүүлэлт;
5/ энэ дүрмийн 21.69-ийн дагуу ИНЕГ-аас баталсан техникийн үзүүлэлт;
6/ ИНЕГ-аас гаргасан Зөвлөмж бичиг (AC)-т тусгагдсан техникийн үзүүлэлт;
7/ өөрчлөлт, засвар хийх тусгай заавар агуулсан НТЧ-ын удирдамж (AD);
8/ АНУ-ын Холбооны нисэхийн алба /FAA/-наас олгосон нэмэлт маягийн гэрчилгээ:
9/ ОХУ-ын Холбооны ИНЕГ-аас баталсан бүтээгдэхүүний маягийн техникийн үзүүлэлт;
10/ Агаарын навигацын тодорхойлолт(aeronautical specification);
11/ тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн техник үйлчилгээний заавар, их засварын заавар, НТЧ-ыг хадгалах бичиг баримт, бюллетень болон бусад бичиг баримтад бүтээгдэхүүнийг засварлах, өөрчлөлт оруулах заавар, мэдээлэл байх бөгөөд энэ нь маягийн гэрчилгээ, маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээнд тусгагдсан байна;
12/ АНУ-ын Холбооны Холбооны нисэхийн алба /FAA/-наас гаргасан АС43.13-1A тоот зөвлөмж бичиг;
13/ НТЧ-ын тусгай зэргийн гэрчилгээний мэдээлэл.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан техникийн үзүүлэлт нь дараах тохиолдолд хүлээн зөвшөөрөгдөнө :
1/ мэдээлэл нь бүтээгдэхүүнд тохирсон, тухайн ажлыг гүйцэтгэхэд шууд хамаатай мэдээлэл байх;
2/ гадаадын нэмэлт маягийн гэрчилгээ, эсхүл нэмэлт маягийн баталгааны:
(i) шинээр гарсан ашиглалтад ороогүй байгаа нислэгийн ашиглалтын заавар,
(ii) агаарын хөлгийн маягийг дахин тодорхойлоогүй байх үеийн тодорхойлолт;
(iii) ИНЕГ-аас хүлээн зөвшөөрөх маягийн гэрчилгээний нэмэлт мэдээллийг нэмэлт маягийн гэрчилгээ, нэмэлт маягийн баталгаанд тусгасан байна;
3/ үйлдвэрлэгчээс бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжид гаргасан мэдээлэл, техникийн өгөгдөл нь түүний деталь, эд анги, бүрэлдэхүүн хэсэгт гаргасан мэдээлэл, техникийн өгөгдөлтэй зөрчилдөхгүй байна.
(R) ХАВСРАЛТ.
Шилжилтийн Үеийн зохицуулалт
Энэ дүрэм хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэл Чикагогийн конвенцийн Хавсралт 6, 8 болон ИАТУГ, ИНЕГ-аас батлагдан гарсан холбогдох дүрэм, заавар, тушаал, шийдвэрийг мөрдөнө.
Текст томруулах
A
A
A