A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АН АМЬТАН, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДИЙН ГАРАЛ ҮҮСЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ ОЛГОХ, ХЭРЭГЛЭХ ТҮР ЖУРАМ
Бүлэг: 1979
Байгаль орчны сайдын 2002 оны 159 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт
 
 
АН АМЬТАН, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДИЙН ГАРАЛ ҮҮСЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ ОЛГОХ, ХЭРЭГЛЭХ ТҮР ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.Энэхүү журмыг ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг бэлтгэх, боловсруулах, тээвэрлэх, худалдах, худалдан авах, бусдад шилжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавихад дагаж мөрдөнө.
1.2.Журмын зорилго нь ан агнах, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэж боловсруулах, тээвэрлэх ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, хууль бусаар ан агнах, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, худалдах, худалдан авах, бусдад шилжүүлэх үйл ажиллагааг таслан зогсооход оршино.
 
Хоёр. Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал
үүслийн тодорхойлолт олгох
 
2.1 Тухайн жилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах агнуурын амьтны дээд хэмжээнд багтаан ан агнах эрхийн бичиг, гэрээг үндэслэн агнасан агнуурын амьтанд ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолт /цаашид "тодорхойлолт" гэх/ олгоно.
2.2.Тухайн сумын улсын байцаагч ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн тодорхойлолтыг олгохдоо өөрийн сумын Засаг даргын Тамгын газраас олгосон ахуйн зориулалтааар ан агнах эрхийн бичиг болон үйлдвэрлэлийн зориулалтаар ан агнах гэрээг үндэслэнэ.
2.3.Иргэн, аж ахуйн нэгж байгууллага ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг аймаг, сум болон нийслэлийн нутаг дэвсгэрт тээвэрлэн  хүргэх, борлуулахдаа тодорхойлолт авч явах үүрэгтэй.
 
Гурав. Тодорхойлолт, түүнд тавих хяналт
 
3.1 Тодорхойлолтын загвар нь ан амьтны зүйлээс хамаарч тодорхойлолт бичиг, зүүлт гэсэн ялгаатай байх ба бүртгэж индексжүүлсэн сери, дугаартай байхаар хэвлүүлсэн байна.
3.2 Тодорхойлолтыг нэгдсэн журмаар хэвлүүлэх, орон нутагт хүргүүлэх, бүртгэх зэрэг ажлыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хариуцан зохион байгуулна.
3.3 Тодорхойлолтыг олгож, түүнийг хэрэглэж байгаа үйл ажиллагаанд байгаль орчны хяналтын төв, орон нутгийн байгууллага, хууль хяналтын бусад байгууллага хяналт тавина.
3.4 Тодорхойлолтын хүчинтэй байх хугацааг тухайн сумын улсын байцаагч, тодорхойлолт авагч нар харилцан тохиролцож тогтооно. Хүчинтэй байх дээд хугацаа нь 6 сараас илүүгүй байвал зохино.
3.5 Тодорхойлолтыг засварлах, хувилж олшруулахыг хориглоно.
3.6 Тодорхойлолтыг зөвхөн ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнасан ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдэд олгоно.
3.7 Тодорхойлолтыг "Зэрлэг амьтан, ургамлыг худалдаалах тухай олон улсын Конвенци"-ийн I, II хавсралтад бүртгэгдсэн болон нэн ховор, ховор амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдэд олгохгүй.
3.8 Тодорхойлолтгүй ан амьтан, түүхий эдийн зүйлийг худалдах, худалдан авах, бэлэглэх, тээвэрлэх, боловсруулахыг хориглоно.
3.9 Экспортод гаргах ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнасан ангийн үсийг үйлдвэрт боловсруулах тохиолдолд тодорхойлолт зүүлтийг байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хяналтын дор протокол үйлдэж тоо ёсоор хадгалах, энэ үндсэн дээр экспортлох тодорхойлолтыг олгоно.
3.10 Хууль зөрчиж хураагдсан ангийн гаралтай түүхий эдэд тодорхойлолт олгоно.
 
Дөрөв. Бусад
 
4.1 Аймаг, нийслэлийн Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч нар өөрийн нутагт аж ахуйн нэгж, байгууллагад олгосон хянаж бүртгэсэн тодорхойлолтын мэдээ, тайланг дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлнэ.