A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНЫ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР /БОАЖС-ын 2017 оны А/80-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОАЖС-ын 2017 оны А/80-р тушаалаар хүчингүй болсон/

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН  1999 ОНЫ 39 ТООТ ТУШААЛЫН ХАВСРАЛТ
 
БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНЫ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг.Нийтлэг үндэслэл
Нэгдсэн Үндэсний Байгууллагаас зохион байгуулсан "Байгаль орчин ба хөгжил" сэдэвт дэлхийн дээд хэмжээний уулзалтаас гаргасан "ХХl зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр", "Риогийн тунхаг", "Хил дамжсан байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай Эспугийн конвенц", "Байгаль орчны мэдээллийг чөлөөтэй солилцох тухай Европын хамтын нийгэмлэгийн удирдамж" болон Монгол улс одоогоор нэгдэн ороод байгаа байгаль орчны чиглэлийн олон улсын 7 конвенц зэрэг баримт бичигт байгаль орчны холбогдолтой шийдвэр гаргах ажлыг олон нийтэд нээлттэй байлгах, иргэд мэдээллийг чөлөөтэй олж авах асуудал тусгагдсан бөгөөд манай улс энэ асуудлаар олон улсын өмнө үүрэг хүлээдэг билээ.
Монгол улсын байгаль орчны хууль тогтоомж, төрөөс экологийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрүүдэд байгаль орчны мэдээлэл сурталчилгааны асуудал тусгалаа олж, энэ ажлын чиглэл, үйл ажиллагааны эрх зүйн орчин үндсэндээ бүрдсэн юм. Түүнчлэн "Байгаль орчныг хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн",  "Монгол улсын иргэн, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй" гэсэн үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд байгаль орчны мэдээлэл сурталчилгаа бодитой үүрэг гүйцэтгэнэ.
Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зөв зохистой ашиглуулах үйл ажиллагаа эрчимжиж байгаа боловч энэ чиглэлийн мэдээлэл, сурталчилгаа олон нийтэд, мөн иргэдийн санал, мэдээлэл төр засагт хүрэх бололцоо хязгаарлагдмал байгаагаас төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүн өнөөгийн шаардлагыг хангаж чадахгүй байна.
Байгаль орчны мэдээлэл, сурталчилгааны ажлыг төр засгийн бодлогын түвшинд төлөвлөн зохион байгуулах шаардлага гарч байгааг харгалзан, Байгаль орчны мэдээлэл сурталчилгааны Үндэсний хөтөлбөрийг /цаашид "Хөтөлбөр" гэх/ боловсруулж хэрэгжүүлэх шаардлага тавигдсан юм.
Хөтөлбөр нь байгаль орчны мэдээлэл, сурталчилгааны талаар ойрын 7 жилийн хугацаанд баримтлах бодлогын чиглэл, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон баримт бичиг мөн.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх зарчим
2.1.Хөтөлбөрийн зорилго нь байгаль орчны талаар төрөөс баримтлах бодлого, шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд иргэдийн экологийн ухамсар, сэтгэл зүйг дээшлүүлэх орчныг бүрдүүлэх, оролцоог нэмэгдүүлэхэд оршино.
2.2.Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараахь зорилтыг тавьж хэрэгжүүлнэ.
2.2.1.Байгаль орчны бодлого, хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилтийн явцыг нийтэд сурталчлан мэдээлэх;
2.2.2.иргэдэд байгаль орчны бодлого чиглэлийн талаар үнэн зөв мэдээлэл өгч, тэдний экологийн мэдлэгийг дээшлүүлэх;
2.2.3.байгаль орчны асуудлаар олон нийтийн санал бодлыг төрийн болон төрийн бус байгууллагын бодлого шийдвэрт тусгаж, байгаль орчныг хамгаалах иргэдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх;
2.2.4.байгаль орчноо хамгаалах үндэсний уламжлалыг сэргээж залуу үед экологийн хүмүүжил олгох.
2.3.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:
2.3.1.байгаль орчны мэдээлэл, сурталчилгааг бүх нийтэд нээлттэй, ил тод хүртээмжтэй байлгах;
2.3.2.байгаль орчны сурталчилгаанд иргэд, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх;
2.3.3.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах асуудлаар иргэн бүр эрх ашиг сонирхлоо чөлөөтэй илэрхийлэх.
2.4.Хөтөлбөрийг дараахь үе шаттай хэрэгжүүлнэ:
2.4.1.Нэг дэх үе шат. 1999-2000 он. Энэ үе шатанд хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх угтвар нөхцөлийг бүрдүүлнэ.
2.4.2.Хоёр дахь үе шат. 2001-2005 он. Энэ үе шатанд хөтөлбөрийн зорилтыг ханган биелүүлнэ..
 3.1.Байгаль орчны мэдээлэл сурталчилгааг төрийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгслийн нэг хэмээн үзэж, энэ ажилд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэл баримтална.
3.2.Байгаль орчны мэдээлэл, сурталчилгаа нь байгаль орчиндоо зохицсон нийгэм, эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхэд олон нийтийн үйл ажиллагааг чиглүүлэхэд туслана.
3.3.Байгаль орчны мэдээлэл бэлтгэгч, түгээгч, хэрэглэгчдийн харилцан уялдсан хамтын үйл ажиллагааг хангах явдлыг хөтөлбөр хэрэгжүүлэх үндсэн арга зам гэж үзнэ.
3.4.Сурталчилгаанд нийт иргэдийг бүрэн хамруулахын зэрэгцээ эмэгтэйчүүд, хүүхэд залуучуудыг өргөнөөр оролцуулах, байгаль орчноо хамгаалах үндэсний уламжлалыг сэргээн хэвшүүлэхэд түлхүү анхаарна.
3.5.Байгаль орчны мэдээлэл сурталчилгааг уулзалт, ярилцлага, хурал, зөвлөлгөөн, семинар, кино, ном, товхимол, зурагт хуудас, урлагийн тоглолт, утга зохиол, уран зохиол, дүрслэх урлаг, дуу, шүлэг, үлгэр, үзэсгэлэн, музей, номын сан, аялал жуулчлал болон сурталчилгааны бусад хэлбэрээр зохион байгуулна.
3.6.Байгаль орчны мэдээлэл сурталчилгаанд гадаад орон, олон улсын байгууллагын дэмжлэг туслалцааг өргөжүүлнэ.
4.1.Байгаль орчны мэдээлэл, сурталчилгааны хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд стратегийн удирдлага, төлөвлөлтөөр хангах, хэрэгжилтэнд хяналт тавих үүргийг Байгаль орчны мэдээлэл сурталчилгааны үндэсний зөвлөл эрхэлнэ.
4.2.Байгаль орчны мэдээлэл сурталчилгааг улсын тусгай хамгаалалттай газруудын мэдээлэл сурталчилгааны төвүүдээр дамжуулан тухайн орон нутгийн иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулна.
4.3.Хөтөлбөрийн хэрэгжилтийг мэргэжлийн удирдлагаар хангах, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх үүргийг Байгаль орчны мэдээлэл сурталчилгааны үндэсний зөвлөл, хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагууд хариуцан гүйцэтгэнэ.
4.4.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг үе шатаар хийж, энэ ажилд холбогдох төрийн захиргааны болон төрийн бус байгууллага, хэвлэл, мэдээллийн аж ахуйн нэгж, байгууллагыг өргөн оролцуулна.
4.5.Байгаль орчны мэдээлэл, сурталчилгаа, сургалт хүмүүжлийн ажил эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын боловсон хүчнийг давтан бэлтгэх, тэдгээрийн материаллаг баазыг бэхжүүлэх, мэдээлэл болон арга зүйн удирдлагаар хангах ажлыг Байгаль орчны яам, төрийн захиргааны болон төрийн бус байгууллага зохион байгуулна.
4.6.Байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалт, хомсдол, нөхөн сэргээлт, байгаль орчны доройтол, хувьсал өөрчлөлтийн мэдээллийн сан бүрдүүлэх, боловсруулалт хийж мэдээллээр хангах, сурталчлах ажлыг Байгаль орчны яам, холбогдох бусад байгууллагатай хамтран зохион байгуулна.
4.7.Байгаль орчны мэдээллийг төв орон нутгийн сүлжээгээр дамжуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байнгын мэдээлэл хүргэн сурталчилна.
4.8.Байгалийн музей, номын сангийн байгаль орчны мэдээллийг баяжуулах, байгалийг сурталчилсан соёл, урлагийн төрөл бүрийн арга хэмжээг өргөжүүлэх,экологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг байгаль орчны төрийн бус холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулна.
4.9.Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчны мэдээлэл, сурталчилгааны асуудлаар сумдын засаг дарга болон аж ахуйн нэгж, байгууллагын илтгэл, мэдээллийг хэлэлцэж, дүгнэлт өгч байна.
4.10.Сум, дүүргийн Засаг дарга нутаг дэвсгэртээ байгаль орчны мэдээллийг тогтоосон хугацаанд хүлээн авч нэгтгэн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж, цаг үеийн чанартай олон нийтийн мэдээллийг хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.
4.11.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга байгаль орчны мэдээлэл, сурталчилгааг тухайн дэвсгэр нутагт зохион байгуулж, хэвлэл, мэдээллийн бүх хэрэгслээр сурталчилна.
4.12.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга байгаль орчны мэдээлэл, сурталчилгааны дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
4.13.Төрийн бус байгууллагууд байгаль орчны мэдээлэл, сурталчилгааны ажлыг өөрийн дүрмийн дагуу эрхэлнэ.
4.14.төрийн бус болон хэвлэл, мэдээлэл, соёл урлаг, шашны байгууллагууд байгаль хамгаалах уламжлалыг сэргээх чиглэлээр сургалт, уулзалт, хурал, зөвлөлгөөн зохион байгуулах.
5.1.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт тавих, дүгнэх ажлыг Байгаль орчны мэдээлэл сурталчилгааны үндэсний зөвлөл, аймаг, нийслэлийн засаг даргын Тамгын газар гүйцэтгэнэ.
5.2.Хөтөлбөрийн хэрэгжилтэнд Байгаль орчны яам, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга үнэлгээ өгнө.
5.3.Байгаль орчны мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагаанд орон нутгийн өөрөө удирдах болон төр захиргааны байгууллагууд хяналт тавина.
Хөтөлбөрийн санхүүжилт
5.4.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
5.4.1.байгалийн баялгийн нөөц ашигласны болон байгаль орчны хууль тогтоомж зөрчигчдийн нөхөн төлбөрийн орлогын тодорхой хувь хэмжээ;
5.4.2.Байгаль орчны мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагааг дэмжих зориулалтаар гадаад улс, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өгч буй тусламж, дэмжлэг, хандивын хөрөнгө;
5.4.3.байгаль орчныг хамгаалах болон байгаль орчны итгэмжлэгдсэн сан;
5.4.4.иргэн аж ахуйн нэгж, байгууллагууд байгаль орчны мэдээлэл сурталчилгаа явуулснаас орох орлогын тодорхой хувь хэмжээ.
Олон улсын хамтын ажиллагаа
5.5.Төрийн болон төрийн бус байгууллага хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар олон улсын байгууллагатай нягт хамтран ажиллаж, улс орнууд, олон улсын байгууллагаас мэдээлэл хүлээн авах, өөрийн орны байгаль орчны мэдээллийг дэлхийд түгээх тогтолцоог бүрдүүлнэ.
5.6.Олон улсын байгууллага болон бусад оронтой байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу төрийн захиргааны төв орон нутгийн байгууллага, мэргэжлийн болон төрөлжсөн бусад байгууллагатай хамтран ажиллаж тэднээс үзүүлэх дэмжлэг туслалцааг байгаль орчны мэдээлэл сурталчилгаанд зориулан үр дүнтэй ашиглана.
5.7.Төрийн болон төрийн бус байгууллага байгаль орчны мэдээлэл сурталчилгааны төслүүдийг олон улсын байгууллагын дэмжлэг туслалцаатайгаар хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулна.
Хөтөлбөрийн үр дүн
5.8.Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүн гарна:
5.8.1.байгаль орчны холбогдолтой мэдээлэл сурталчилгааг бүх нийтийн хэрэгцээ болгон төрийн болон төрийн бус байгууллага орон нутгийн байгууллагын мэдээллийн нэгдмэл үйл ажиллагааг хангана.
5.8.2.байгаль орчны мэдээлэл сурталчилгааны ажлыг манай орны нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, байгаль орчны байцаагчид, мэргэжилтний байнгын үйл ажиллагаанд хэвшүүлнэ.
5.8.3.бүх нийтэд экологийн боловсрол, хүмүүжил олгох, үндэсний уламжлалыг сэргээн хэвшүүлэх ажилд бодит ахиц гарна.
      5.8.4.иргэдийн байгаль орчноо хамгаалах сэтгэхүй төлөвшиж, байгалийн нөөцийг ариг гамтай ашиглах үйл ажиллагаа идэвхижиж, үр өгөөж, нэмэгдэж, бодлого шийдвэр, хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирна.
 
 
 
 
--------оОо-------