A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРСАН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ, БҮРТГЭХ, ТҮҮНИЙ МӨРӨӨР ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ ТҮР ЖУРАМ /БОНХС-ын 2013 оны А-250-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979
/БОНХС-ын 2013 оны А-250-р тушаалаар хүчингүй болсон/
 
Байгаль орчны сайдын 2000 оны 28/123 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
 
 
 
ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРСАН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ, БҮРТГЭХ, ТҮҮНИЙ МӨРӨӨР Яаралтай арга хэмжээ Авах тухай тҮр журам  
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1. Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь заалтад заасан "…түймрийн цагийн байдлын тухай мэдээллээр холбогдох байгууллага, хүн амыг хангах"-д шаардлагатай мэдээллийг бүрдүүлэх, түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнийг шуурхай бүртгэх, мэдээлэхэд энэ журмыг дагаж мөрдөнө.
2. Ой, хээрийн түймэр гарсан даруйд мэдээлэл авч бүртгэн, Байгаль орчны яамны удирдлага сайд, дэд сайд, гал түймэртэй тэмцэх байгууллагад болон хүн амд шуурхай хүргэхэд энэхүү журмын зорилго оршино.
3. Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаад хуурайшилтын өмнө буюу жил бүрийн 3 дугаар сарын 01, 9 дүгээр сарын 01-ний дотор багтаан хариуцсан нутаг дэвсгэртээ түймрийн бүртгэл, мэдээллийн талаар авах арга хэмжээний тухай тушаал гаргаж мөрдүүлнэ. Уг тушаалд хамгаалалтын захиргаанаас хариуцлагатай жижүүрийг хуваарийн дагуу ажиллуулах, гал түймрийг мэдээлэх, бүртгэх, жижүүр хүлээлцэх, түймэр гарсан үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон хариуцсан нутаг дэвсгэртээ орон нутгийн байгууллага, иргэдтэй хамтран эргүүл пост ажиллуулах талаар тодорхой заасан байна.
4. Энэ журам гал түймрийн аюултай үе болох жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр болон 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр  сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд үйлчилнэ.
5. Түймэр гарах эрсдэл бүхий хуурайшилтын үед Байгаль орчны яаманд ой, хээрийн түймрийн туха мэдээ хүлээн авах, түүнийг холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх үүрэгтэй тусгай жижүүр /цаашид "тусгай жижүүр" гэнэ/ 24 цагаар ажиллана. Тусгай жижүүр нь хуваарьт хугацаандаа ирж дараачийн жижүүрт ажлаа биеэр хүлээлгэн өгнө.
6. Жижүүрийн хугацаанд байгууллагын дотоод журмыг хатуу сахиж, ажлын байраа эзгүй орхихгүй, ажлаа хүлээлгэлгүй явж болохгүй. Хүндэтгэх шалтгаанаар жижүүрт гарах боломжгүй бол Төрийн захиргааны удирдлагын газарт урьдчилан мэдэгдэнэ. Хариуцлага алдвал ой, хээрийг түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэхтэй холбогдсон үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хариуцлага тооцно.
7. Тусгай жижүүр түймрийн мэдээ бүртгэхдээ түймэр гарсан газрын нэр, байршил, түймрийн хэмжээ /га-гаар/, авч байгаа арга хэмжээ, түймрийн байдлын талаар аль болохоор тодорхой асууж бүртгэж авна.
8. Тусгай жижүүр нь түймрийн тухай мэдээ бүртгэсэн, мэдээлсэн тухай илтгэх дэвтэрт тодорхой бичиж, дараагийн жижүүрт бүх бичиг баримтаа хүлээлгэн өгч гарын үсэг зуралцана.
 
 
9. Байгаль орчны яамны тусгай жижүүр ой, хээрийн түймэр гарсан тухай мэдээг анх хүлээн авч бүртгээд дараахь албан тушаалтанд мэдэгдэн цаг хугацааг илтгэх дэвтэрт тодорхой тэмдэглэнэ:
      Байгаль орчны сайд;
      Байгаль орчны дэд сайд;
      Төрийн нарийн бичгийн дарга;
      Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга;
      БОЯ-ны мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга;
      Иргэний хамгаалалтын газрын оператив жижүүр;
      Гал түймэртэй тэмцэх газрын дарга;
      Гал унтраах хэлтсийн дарга;
      Гал түймэртэй тэмцэх газрын жижүүр.
 
 
10. Ой, хээрийн түймэр анх гарсан тухай мэдээг бүх шатны Засаг дарга болон байгаль орчны хяналтын байцаагч, байгаль хамгаалагчид, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны албан хаагчид, Байгаль орчны яамны тусгай жижүүрийн .... тоот утсанд мэдэгдэнэ.
11. Ой, хээрийн түймрийн цагийн байдлын явцыг Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дүгээр заалтад заасан хугацаанд мөн жижүүрт мэдээлнэ.
12. Мэдээлэл тооцооллын төв хиймэл дагуулын мэдээллийг ашиглаж түймэр гарсан тухай бүр нь түймрийн координат, талбайн хэмжээг тодорхойлж Яамны мэдээллийн /вэф/ хуудсанд оруулна.
     
 
13.Байгаль орчны яамны мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн ой, хээрийн түймрийн сансрын мэдээллийн тайлал, тайлбарыг нэгтгэн дүгнэж Байгаль орчны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад болон ой, хээрийн түймрийн цагийн байдалд хяналт- шинжилгээ хийж, гал түймэртэй тэмцэх байгууллага, хүн амыг мэдээллээр хангах арга хэмжээг зохицуулах байнгын ажлын хэсгийн ахлагчид цаг тухайд нь хугацаа алдалгүй танилцуулна.
14. БОЯ-ны тусгай жижүүр түймрийн мэдээг яамны удирдлага, холбогдох байгууллагад мэдэгдсэний дараа авсан арга хэмжээ, түймрийн унтралтын байдлыг илтгэх дэвтэрт тодорхой бичиж, энэ тухай 2 цаг тутам БОЯ-ны Мэдээлэл, хяналт – шинжилгээ, үнэлгээний газрын даргад илтгэж байна.
15. Гарсан ой, хээрийн түймрийн цагийн байдлын тухай мэдээг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ойн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан мэргэжилтэн, тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтран нэгтгэн дүгнэж, түймрийг унтраахад шаардлагатай арга хэмжээний тухай саналаа яамны удирдлагад болон Ой, хээрийн түймрийн цагийн байдалд хяналт-шинжилгээ хийж, Гал түймэртэй тэмцэх байгууллага, хүн амыг мэдээллээр хангах арга хэмжээг зохицуулах байнгын ажлын хэсэгт танилцуулан чиглэл авч, хэрэгжилтийг зохицуулна.
 
 
     
 
 
 
 

------------