A

A

A

Бүлэг: 1979
Байгаль орчны сайдын 2000 оны 79/175-р тушаалын хавсралт
 
 
ОЙГООС ХЭРЭГЛЭЭНИЙ МОД, ТҮЛЭЭ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.Энэ журмын зорилго нь "Ойн тухай" хуулийн 17,25,27-р зүйлүүдийн 1 дэх хэсэг, 26-р зүйлийн 1-3 дахь хэсгийн заалтуудын хэрэгжилтийг хангуулах, мод бэлтгэлийн ажлыг журамлах, ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгүүлэх шийдвэр гаргах, эрхийн бичиг олгох, мод бэлтгэсэн талбайг нөхөн сэргээх, мод бэлтгэлийн ажлын явцад хяналт тавих асуудлаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн хоорондын харилцааг зохицуулахад оршино.
 
2.Сумын Засаг дарга ойгоос хэрэглээний мод болон түлээ бэлтгэх эрхийн бичиг олгохдоо "Ойн тухай" хуулийг мөрдлөг болгон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилд ойгоос олгох модны дээд хэмжээнд багтаан, ахуйн зориулалтын модыг аль болох түймэр, хортонд нэрвэгдэн, сэргэн ургах чадвараа алдсан ойгоос бэлтгүүлэх зарчмыг баримтлан ажиллана.
 
Хоёр. Ойгоос үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод бэлтгүүлэх тухай шийдвэр гаргах
 
1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аж ахуйн нэгж, байгууллагад тухайн жилд үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод бэлтгүүлэх шийдвэр гаргахдаа дараахь шалгуур үзүүлэлтүүдийг баримтална.Үүнд:
 
1.1.Үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэх аж ахуйн нэгж байгууллага нь /цаашид "мод бэлтгэгч" гэх/ Байгаль сайдын 1999 оны 08 дугаар тушаалаар баталсан "Байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам"-ын дагуу мод бэлтгэх чиглэлийн ойн мэргэжлийн байгууллагын эрхийн баталгаажсан гэрчилгээ авсан эсэх;
 
1.2.Мод бэлтгэх газар, ойн нөөцийн тодорхойлт;
1.3.Мод бэлтгэгч нь мод бэлтгэлд хэрэглэх технологи, зориулалтын техник, машин механизмаар хангагдсан байдал, тухайн техник, технологийг ашиглан бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд хийгдсэн дэвшил;
 
1.4.Мод бэлтгэгчийн ойг нөхөн сэргээх талаар өмнөх жилүүдэд ажлын үр дүн, тухайн жилд ойг нөхөн сэргээхэд зарцуулах хөрөнгийн хэмжээ, тарьц суулгацаар хангах боломж;
1.5.Нутгийн захиргааны байгууллагын санал дүгнэлт;
 
2.Мод бэлтгэгч нь үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэх тухай захиалгад дээрх шалгуур үзүүлэлтүүдэд холбогдох материалыг бүрдүүлж, Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудад ирүүлнэ.
 
3.Тодорхой бүс нутагт чухал шаардлагатай үйлдвэрлэлийн зориулалттай хэрэглээний мод бэлтгэгчийн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрхлэн сонгон шалгаруулалтын журмаар /тендерт/ тодруулж болно.
 
4.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ойгоос үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэгчийг тодруулж бэлтгэх модны хэмжээг тогтоосон шийдвэр гаргаж, нутаг дэвсгэрт нь мод бэлтгэх аймгийн Засаг дарга, Байгаль орчны алба болон мод бэлтгэгчид хүргүүлнэ.
 
5.Сумын Засаг дарга дараа жилд тухайн сумын болон бусад сумын нутаг дэвсгэрээс бэлтгэх модны хэмжээ, төрөл, зориулалтын талаар саналаа аймгийн Засаг даргад, аймгийн Засаг дарга аймгийг хэмжээний саналаа тухайн оны 12 дугаар сарын 1-ны дотор Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон маягтай ирүүлнэ.
 
Гурав. Ойгоос үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэгчид эрхийн бичиг олгох
 
1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга ойгоос үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгохдоо мод бэлтгэгчдээр дараахь шаардлагыг хангуулна. Үүнд:
1.1.Мод бэлтгэгч нь ойгоос үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэх, мод бэлтгэсэн талбайг нөхөн сэргээх талаар "Ойгоос мод бэлтгэх заавар"-ын дагуу тухайн аймгийн Засаг даргын Тамгын газрын ойн асуудал эрхэлсэн мэргэжилтэнтэй гэрээ хийсэн байх;
 
1.2. Мод бэлтгэгч нь мод бэлтгэх талбайн тусгаарлалтыг ойн чиглэлийн мэргэжлийн байгууллагаар хийлгэн, мод бэлтгэлийн технологийг боловсруулж, тухайн байгууллагын ерөнхий инженерээр батлуулсан байх;
 
1.3.Эрхийн бичгийн хүчинтэй байх хугацаанд бэлтгэх модны төлбөрийг урьдчилан төлсөн байх;
 
1.4.Мод тээврийн замыг урьдчилан бэлтгэж, засварласан байх;
 
1.5.Мод бэлтгэлийн ажлын явц нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцлийг хангасан байх;
 
2.Мод бэлтгэгч нь мод бэлтгэх эрхийн бичгийг тухайн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, эсвэл байгаль хамгаалагчид бүртгүүлсний дараа мод бэлтгүүлэх үйл ажиллагаа эхлүүлнэ.
 
3.Мод бэлтгэгч нь бэлтгэсэн модоо гэрээний дагуу борлуулах, тээвэрлэх тохиолдол бүрт Байгаль орчны сайдын 2000 оны 05 дугаар тушаалаар батлагдсан "Модон түүхий эдэд гарал үүслийн гэрчилгээ олгох, хэрэглэх журам"-ын дагуу гарал үүслийн гэрчилгээ бичиж баталгаажуулна.
 
4.Мод бэлтгэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар эрхийн бичгийн тогтоосон хугацаанд модоо бэлтгэж чадаагүй тохиолдолд байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийн тодорхойлолтыг үндэслэн эрхийн бичгийн хугацааг сумын Засаг дарга 1 удаа сунгаж болно.
 
Дөрөв. Ойгоос ахуйн зориулалтаар бэлтгэх хэрэглээний мод, түлээ олгох тухай шийдвэр гаргах
 
1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ойгоос ахуйн зориулалтаар бэлтгэх хэрэглээний мод болон нийт бэлтгэх түлээний дээд хэмжээг аймаг, нийслэлээр тогтоон хүргүүлнэ.
 
2.Аймаг, (нийслэл)-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ахуйн зориулалтаар бэлтгэх хэрэглээний мод, түлээг сумдад хуваарилахдаа дараахь үзүүлэлтийг харгалзана.Үүнд:
 
2.1.Тухайн сум /дүүрэг/-ын ашиглалтын бүсийн ойн сангийг хэмжээ, тухайн жилийн нөхөн ургалтын нийт хэмжээ;
 
2.2.Сум /дүүрэг/-даас ирүүлсэн захиалга;
 
2.3.Аймаг /нийслэл/-ийн байгаль орчны албаны дүгнэлт;
 
2.4.Өмнөх жилд ахуйн зориулалтаар бэлтгэсэн хэрэглээний модны ашиглалтын байдал;
3.Ойгүй болон ойн нөөц багатай сумын ахуйн хэрэгцээний түлээг хангах зорилгоор тухайн сумдын Засаг дарга нарын харилцан тохиролцсоны дагуу ойн нөөцтэй сумын нутагт бэлтгэх түлээний хэмжээнд багтаан оруулна.
 
4.Сум /дүүрэг/-ын Засаг дарга ахуйн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг иргэнд олгохдоо дараахь нөхцлийг хангуулна. Үүнд:
 
4.1.Иргэн зайлшгүй шаардлагатай нөхцөлд ахуйн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэх бөгөөд бэлтгэсэн модыг зориулалтаар нь ашиглана. Иргэн хэрэглээний модыг ашиг олох зорилгоор бэлтгэхийг хориглоно.
 
4.2.Иргэн ахуйн зориулалтаар бэлтгэх модоо аль болох богино хугацаанд бэлтгэж, тээвэрлэх техник, хүн хүчний боломжийг бүрдүүлсэн байна.
 
4.3.Иргэн мод бэлтгэсэн газраа нөхөн сэргээх ажлыг өөрөө хийх, эсвэл ойн чиглэлийн мэргэжлийн байгууллагаар захиалан гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн байна.
 
5.Ахуйн зориулалтаар бэлтгэх хэрэглээний модыг зөвхөн тухайн сумын иргэний ахуйн хэрэгцээнд жилд 1 удаа 30 шоо метрээс илүүгүй хэмжээгээр олгоно.
 
6.Ахуйн зориулалтаар бэлтгэх хэрэглээний модыг аль болохоор түймэрт өртөгдсөн, өртөн шавьжид идэгдсэн ойгоос бэлтгэнэ.
 
7.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад түлээ бэлтгэх эрхийн бичгийг байгаль хамгаалагч олгохдоо дараахь шаардлагыг харгалзана.
 
7.1.Тухайн баг /хороо/-ийн хүрээнд бэлтгэх түлээний хэмжээг тогтоосон Засаг даргын шийдвэр гарсан байна.
 
7.2.ойгоос түлээ бэлтгэх төлбөрийг урьдчилан төлсөн байна.
 
8.Түлээнд зөвхөн ойг цэвэрлэх журмаар, хатсан мод, унанги, мөчир гишүүг бэлтгэнэ.
 
9.Нэг өрхөд жилд 1 удаа 8 шоо метрээс илүүгүй хэмжээний түлээ олгоно.
 
10.Ахуйн зориулалтаар хэрэглээний мод, түлээ бэлтгэх газрыг байгаль хамгаалагч зааж өгч, ажлын явцад байнгын хяналт тавьж, мод бэлтгэлийн ажил дууссаны дараа актаар хүлээн авна.
 
Тав. Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэхэд хяналт тавих
 
1.Байгаль орчныг хамгаалах алба, аймаг, нийслэл, сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нь ойгоос хэрэглээний мод, түлээ олгох, бэлтгэх явцад байнгын хяналт тавих үүрэгтэй.
 
2.Хэрэглээний мод, түлээ бэлтгэх зөвшөөрөл, эрхийн бичиг олгох, бэлтгэх явцад тавих хяналт нь дор дурьдсан хэлбэртэй байна. Үүнд:
 
2.1.Зөвшөөрөл, эрхийн бичиг олгоход хяналт тавих улсын байцаагчийн хяналт;
 
2.2.Мод, түлээ бэлтгэх явцад хяналт тавих байгаль хамгаалагчийн хяналт;
 
3.Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь сум /дүүрэг/ын Засаг даргаас олгогдож байгаа эрхийн бичиг нь аймаг /нийслэл/, сум /дүүрэг/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон дээд хэмжээнд багтаж байгаа эсэх, мод бэлтгэлийн талбайн тусгаарлалтын байдал, мод бэлтгэх технологийг тогтоох, мод бэлтгэсэн талбайн нөхөн сэргээлтийн байдлыг хянах, байгаль хамгаалагчдын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хяналт тавих зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
 
4.Сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нь ойгоос олгож байгаа модны дэлгэрэнгүй бүртгэлтэй байж, олгох модны дээд хэмжээнд хүрсэн тохиолдолд Засаг даргад албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй.
 
5.Сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нь тухайн жилд олгосон нийт модны хэмжээг нэгтгэн дүгнэж, аймгийн холбогдох газарт батлагдсан газарт хүргүүлнэ.
 
6.Байгаль хамгаалагч нь эрхийн бичигт заагдсан мод бэлтгэх ойг газар дээр нь зааж өгөх, үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэж байгаа тохиолдолд мод бэлтгэлийн батлагдсан технологийн хэрэгжилтийг хангуулах талаар шаардлага тавих, бэлтгэсэн мод, түлээний тооцоог гаргаж, акт үйлдэн мод бэлтгэсэн талбайг хүлээн авах, нөхөн сэргээлтийн ажлын явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
 
7.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Байгаль орчныг хамгаалах алба, аймгийн Байгаль орчны албанаас орон нутагт томилолтоор ажиллах албан хаагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар энэхүү журмын хэрэгжилтэнд хяналт тавина.
 
8.Ойгоос олгох модны дээд хэмжээг хэтрүүлэн мод олгож, энэ журмыг зөрчсөн Засаг дарга нарт хуулийн дагуу арга хэмжээ авахын хамт дараа жилд ойгоос мод олгохыг зогсоох асуудлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.
 
9.Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэх зөвшөөрөл, эрхийн бичиг олгох, бэлтгэх ажлын явцад хяналт тавих систем нь хавсралтад дурьдсан бүдүүвчид заасан бүтэц дараалалтай байна.
10.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт шалгалтыг тусгай графикаар зохион байгуулна.
      
 
 
 
Ойгоос хэрэглээний мод, түлээ олгох, хяналт тавих журмын хавсралт
 
МОД ТҮЛЭЭ БЭЛТГЭХЭД ТАВИХ ХЯНАЛТЫН СИСТЕМИЙН БҮДҮҮВЧ:

Байгаль орчны хяналт
Зөвшөөрөл, эрхийн бичиг олголтыг хянах байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хяналт
Мод түлээ бэлтгэлийн явцыг хянах байгаль хамгаалагчийн хяналт
1.Сум, дүүргийн ИТХ-аас тогтоосон дээд хэмжээнд олгож багаа модны хэмжээ багтаж байгааг хянана.
2.Засаг даргын олгосон эрхийн бичгийг бүртгэж авна.
3.Ойн талбайг олгон өдөр тутмын хяналт тавих байгаль хамгаалагчийг зааж өгнө.
4.Үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх тохиолдолд:
Ой зохион байгуулалт,ойн талбайг тусгаарлалт хийсэн байдлыг хянана.
Мод бэлтгэх технологийн картыг хянаж ажиллана.
1.Эрхийн бичигт заасан ойг газар дээр нь зааж өгч өдөр тутмын хяналт тавина.
2.Үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэж байгаа тохиолдолд
                Эхлэлийн актыг үйлдэнэ.
Технологийн хяналтын дагуу бэлтгэл ажлыгхангуулна.
Мод бэлтгэлийн явцад технологийн мөрдөлтөнд хяналт тавина.
                Мод бэлтгэсэн талбайг
хүлээн авч дуусгаварын акт үйлдэн, хувийг сумын улсын байцаагчид хүргүүлнэ.
БОЯ, БОХА-аас тавих төрийн хяналт
Аймаг, нийслэлийн БО-ны албадын хяналт
Иргэд хөдлмөрчдийн хяналт
Хэвлэл, мэдээлэл төрийн бус байгууллагуудын хяналт