A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НИЙСЛЭЛ, АЙМГИЙН ТӨВ, БУСАД СУУРИН ГАЗАРТ ЭРЭГЛЭЭНИЙ МОД, МОДОН ТҮҮХИЙ ЭД, ТҮЛЭЭ ХУДАЛДААЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Байгаль орчны сайдын 2001 оны 16 дугаар тушаалын хавсралт
 
 
НИЙСЛЭЛ, АЙМГИЙН ТӨВ, БУСАД СУУРИН ГАЗАРТ  ЭРЭГЛЭЭНИЙ МОД, МОДОН ТҮҮХИЙ ЭД, ТҮЛЭЭ ХУДАЛДААЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Энэхүү журмын зорилго нь хэрэглээний мод, модон түүхий эд, түлээ худалдаалж байгаа захын үйл ажиллагааг эмх журамтай болгох, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хөдөлмөрчдийн борлуулж байгаа мод, модон түүхий эд, түлээний гарал үүслийг тогтоох, улмаар ойгоос зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээ, эрхийн бичиггүйгээр мод бэлтгэн зарж байгааг таслан зогсооход оршино.
2. Монгол Улсын "Ойн тухай" хуулийн дагуу ойгоос хэрэглээний мод түлээ бэлтгэж ашигласны зохих төлбөрөө төлсөн, гарал үүслийн гэрчилгээтэй, хэрэглээний мод, модон түүхий эд, түлээг модны захад худалдаалахыг зөвшөөрнө.
3. Хэрэглээний мод, модон түүхий эд гэдэгт ойгоос бэлтгэсэн тууш мод, гуалин, төрөл бүрийн зориулалттай модон шонгууд, шургааг, бүх төрлийн банз, дүнз, уурган зах, захууд, дранк, савх мод /цаашид "модон түүхий эд" гэнэ/ хамаарна.
Хоёр. Модон түүхий эд, түлээ борлуулах захын захиргаа, байгууллага, аж ахуйн нэгжийн хүлээх эрх, үүрэг
2.1. Модон түүхий эд, түлээ борлуулах үйлчилгээг нийслэл хотод явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, захууд энэ чиглэлийн ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг авахдаа Нийслэлийн Байгаль орчин, экологийн хяналтын газрын, орон нутагт энэ чиглэлийн ажил үйлчилгээ явуулж байгаа бол холбогдох аймгийн байгаль орчны албаны санал, дүгнэлт гаргуулсан байх.
2.2. Модны зах нь гагцхүү хуулийн дагуу бэлтгэгдсэн, гарал үүслийн гэрчилгээтэй модон түүхий эд, түлээг өөрийн захад борлуулах.
2.3. Модны зах нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн худалдан борлуулахаар захад авчирсан мод, модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ, бусад холбогдох баримт бичгийг шалгаж, гэрчилгээ бүхий модон түүхий эд, түлээг хүлээн авч борлуулах.
2.4. Захын захиргаа нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын борлуулахаар ирсэн модны гарал үүслийн гэрчилгээнд тухайн өдрийн худалдсан хэмжээг тооцож гарал үүслийн гэрчилгээний "шалгасан тухай тэмдэглэл"-д тоо, хэмжээг бичин тэмдэглэл хийж мод худалдагдаж дуусахад гэрчилгээг хураан авч зөвшөөрөл авсан байгууллагад өгөх тайланд хавсаргах.
2.5. Борлуулахаар захад авчирсан түлээ, модон түүхий эдийг эмх цэгцтэй байлгах, галын аюулгүй байдлыг хангуулах, захын үйл ажиллагааны дотоод журмыг сахиулах.
2.6. Худалдахаар захад ирж байгаа модон түүхий эд, түлээний талаар дараах бүртгэл судалгаатай ажиллах. Үүнд:
      а. модон түүхий эд, түлээний эзэн хариуцагчийн нэр, хаяг;
      б. модон түүхий эд, түлээний нэр төрөл /тодорхой бичнэ/;
      в. хаанаас ирсэн /аймаг, сумын нэр/;
      г. захад буулгасан он, сар, өдөр;
      д. гарал үүслийн гэрчилгээний индекс, дугаар, тэмдэглэл;
      е. модон түүхий эд, түлээний хэмжээ /м3, тоо шир/.
2.7. Модон түүхий эд, түлээний гарал үүсэл тодорхой биш, хуулийн дагуу бэлтгэгдээгүй мод, модон материалын талаар байгаль орчны хяналтын байгууллагад тэр даруйд нь мэдэгдэх.
2.8. Тухайн захын хэмжээнд борлогдсон модон түүхий эд, түлээний судалгааг гарган улирал тутам эрх олгосон байгаль орчны хяналтын байгууллагад өссөн дүнгээр мэдээлэх;
2.9. Энэхүү журмыг өөрийн захын хэмжээнд сурталчлан ажиллана.
2.10. Ойгоос зохих хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдээгүй, гарал үүслийн гэрчилгээгүй модон түүхий эд, түлээг өөрийн захад борлуулсан, борлуулахаар завдсан бол модон түүхий эд, түлээ, олсон орлогыг улсын орлого болгон "Ойн тухай" хуулийн дагуу захын захиргаа хариуцлага хүлээх.
2.11. Мод, модон материалын захад таримлаас бусад мод, бут сөөг болон шинэ жилд зориулсан ногоон мод худалдан борлуулахыг хориглох.
Гурав. Орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгж, иргэдийн хүлээх эрх, үүрэг
3.1. "Ойн тухай" хуулийн дагуу ойгоос үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод, түлээ бэлтгэх эрхийн бичиг авсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн гарал үүслийн гэрчилгээ авах эрхтэй.
3.2. Тухайн сум, орон нутгийн иргэдийн өөрсдийн хэрэгцээг хангах зорилгоор бэлтгэсэн түлээнд гарал үүслийн гэрчилгээ олгохгүй.
3.3. Модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээг 2001 оны 1 дүгээр сарын 15-наас эхлэн үйлдвэрлэл, ахуйн зориулалтаар бэлтгэсэн бүх төрлийн хэрэглээний мод, мод бэлтгэсэн сумын нутаг дэвсгэрээс өөр сум, төв суурин газарт хүргэх, худалдан борлуулахаар тээвэрлэн яваа түлээний модонд бичиж худалдан авагч, мод тээвэрлэгчид олгоно.
3.4. Гарал үүслийн гэрчилгээг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хуваарилан олгох ажлыг тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч хариуцан гүйцэтгэж, бүртгэл тооцоо хөтлөн, зохих журмын дагуу тайлан гаргана.
3.5. Мод бэлтгэгч нь энэ журмын 3.3-т заасны дагуу гарал үүслийн гэрчилгээг бичихдээ тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагчид хянуулан гарын үсэг зуруулж тэмдэг даруулсан байна.
3.6. Тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагчид хянуулан баталгаажуулаагүй гарал үүслийн гэрчилгээг хүчингүйд тооцно.
3.7. Гэрчилгээг бичиж олгосон байгууллага, аж ахуйн нэгж гэрчилгээнд бичигдсэн мэдүүлгийн үнэн зөв эсэхийг бүрэн хариуцна.
3.8. Гарал үүслийн гэрчилгээгүй модон түүхий эд, түлээг төмөр зам, автомашинаар нийслэл хот, аймаг, бусад хот суурин газарт тээвэрлэхийг хориглоно.
Дөрөв. Захын үйл ажиллагаанд тавих байгаль орчны албадын хяналт
4.1. Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар энэхүү журмын биелэлтийг хангуулан хяналт тавьж ажиллана.
4.2. Нийслэл хотод ажиллаж байгаа модны зах, түлээний модыг уутлан зарж байгаа цэгүүдийн судалгааг гаргах;
4.3. Дээрх судалгааг үндэслэн түлээний модыг ил талбайд зарж байгаа тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийн төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагуудтай хамтран холбогдох арга хэмжээг авах, энэ ажилд байнгын хяналт тавьж ажиллах.
4.4. Түлээний модыг зөвхөн мод, модон материалын зах дээр худалдаалах зохион байгуулалтын арга хэмжээ авах.
4.5. Гарал үүслийн гэрчилгээгүй модон түүхий эд, түлээг тээвэрлэсэн, худалдан авсан, борлуулсан этгээдэд Монгол Улсын "Ойн тухай" хуулийн дагуу ойгоос зөвшөөрөл, эрхийн бичиггүй мод бэлтгэсэн гэж үзэж захиргааны арга хэмжээ авах.
4.6. Энэ журмыг удаа дараа зөрчсөн байгууллага, захын үйл ажиллагааг түр болон бүрмөсөн зогсоох арга хэмжээг авч ажиллах.
4.7. Байгаль орчны хяналтын улсын байцаагч энэхүү журмыг зөрчигчдөөс мод, модон материал, түлээ, хууль бус орлогыг хураахдаа Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоол, Байгаль орчны сайдын 1997 оны 85 дугаар тушаалыг удирдлага болгон ажиллана.
 
 
 
----------оОо----------