A

A

A

Бүлэг: 1979
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны
 155 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
 
ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН
ҮЙЛ АЖИЛЛАГАА  ЯВУУЛАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.Энэхүү журмын зорилго нь иргэн, хуулийн этгээдийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэ журамд дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1.2.1."төлбөрт таавар" гэж тоглогчийн мэдлэг, ур чадвараас үл хамааран ялагчийг тодруулах, зохион байгуулж буй этгээд нь энэ үйл ажиллагаанаас ашиг олох, эсхүл өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа идэвхижүүлэх зорилгоор зохион байгуулах бүх төрлийн спортлото, лото, бинго, буухиа таавар, аттракцион, автомат тоглоом, цахим хүрд, түүнчлэн бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр  захиалагчийнхаа дунд зарлаж буй "азтай захиалагч" шалгаруулах ажиллагаа зэргийг;
1.2.2."бооцоот тоглоом" гэж тоглоомын үр дүн нь тоглогчийн мэдлэг, ур чадвараас хамаарах буюу урьдчилан тооцоолох магадлалтай боловч зөвхөн мэдлэг, ур чадвар байснаар ялагч болдоггүй, бооцоо тавин тоглодог, ашиг олох зорилгоор зохион байгуулах морин болон авто уралдаан, бөхийн таавар, билльярд, шагай харвах болон эдгээртэй төсөөтэй бусад тоглоомыг;
1.2.3."тоглогч" гэж өөрийн ур чадвар, азад итгэн бооцоо тавих, эсхүл тухайн тоглоомд оролцох эрх олгож буй тасалбар, түүнтэй адилтгаж болох бусад зүйлийг худалдан авах замаар оролцож, түүнээс үүсэх эрсдлээ хүлээн зөвшөөрч, тухайн төлбөрт таавар, бооцоот тоглоомд оролцож байгаа хуулийн этгээд болон эрх зүйн чадамж бүхий иргэнийг;
1.2.4."бооцоо" гэж тоглоомын дүнгээс шалтгаалж дэвшүүлсэн таавар нь таарсан тохиолдолд тоглоомын дүрмийн дагуу өсгөж авах нөхцөлтэйгээр эрсдлээ хүлээн тоглоом зохион байгуулагчид сайн дураараа шилжүүлсэн мөнгө, эд хөрөнгө.
1.3.Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хүсэгч иргэн, хуулийн этгээд дараахь бичиг баримтыг бүрдүүлж Хууль зүй, дотоод хэргийн яам /цаашид "яам" гэх/-д өгнө. Үүнд:
1.3.1.тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /өргөдөлд эрхлэх үйлчилгээний төрөл, үйлчилгээ эрхлэх хугацаа, давтамж, ашиглах техник, тоног төхөөрөмжийн техникийн  үзүүлэлт болон хувийн дугаарын талаарх баталгаажуулсан мэдээллийг хавсаргана/;
1.3.2.тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;
1.3.3.тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
1.3.4. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
1.3.5. тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын санал, тоглоомуудыг байршуулах байрны эрүүл ахуйн дүгнэлт.
1.4. Хууль зүй, дотоод хэргийн яамны тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн холбогдох өргөдөл, бичиг баримтыг хянаж үзээд бодит байдалтай танилцан хууль тогтоомжид харшлах зүйлгүй гэж үзвэл яамны удирдлагын зөвлөлийн хуралд оруулан хэлэлцүүлж сайдын тушаалын дагуу тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгоно.
1.5. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд тусгай зөвшөөрөл олгосон он, сар, өдөр, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр, төлбөрт таавар, бооцоот тоглоомын төрөл, үйл ажиллагааг эрхлэн явуулах хугацааг заан Хууль зүй, дотоод хэргийн яамны тамга дарсан байна.
1.6. Гэрчилгээнд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хавсралтаар салшгүй хэрэг болгон хавсаргана.
 
Хоёр. Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл
ажиллагаа явуулах этгээдэд тавих шаардлага
 
2.1. Аж  ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулж /цаашид "тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэх/ явуулах эрхтэй.
2.2. Тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь бүртгэх байгууллагад ирүүлсэн төлбөрт таавар, бооцоот тоглоомын журам, техникийн үзүүлэлт, хувийн дугаар бүхий техник, тоног төхөөрөмж, тэдгээрийн тооны хүрээнд үйл ажиллагаа явуулна.
2.3. Тусгайлан байнгын байр шаардагдах төлбөрт таавар, бооцоот тоглоомыг тусгай зөвшөөрлийн хавсралтад дурдсан хаягаар эрхэлнэ.
2.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн нэр, хаяг болон тоглоомын танилцуулга, дүрэм төлбөр, бооцооны хэмжээ зэрэг мэдээллийг тоглоом явуулж байгаа газарт сонирхсон этгээд танилцаж болохуйц газар ил байрлуулсан байна.
2.5. Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дэргэд байрлаж буй байранд явуулахыг хориглоно.
2.6. Тусгай зөвшөөрлийн хугацаанд зөвхөн яамны зөвшөөрөлтэйгээр техник тоног төхөөрөмж, түүний тоо, түүнчлэн төлбөрт таавар, бооцоот тоглоом эрхлэх байршлыг өөрчилж, шинэчилж болно.
2.7. Тоглогч хожсон тохиолдолд түүнд тоглоомын дүрэмд заасан шагнал, бооцоог шуурхай олгох бөгөөд хожоогүй бол бооцоот тоглоомын хувьд урьдчилан тавьсан бооцоог тоглоомын дүрэмд заасны дагуу шийдвэрлэнэ.
2.8. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тоглогчийн хожсон бооцооны хэмжээ болон бооцоо олголтын талаарх мэдээллийн нууцыг хадгалах үүрэгтэй.
2.9. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тоглоомыг эхлэхээс өмнө уг тоглоомоос үүдэн гарах төлбөрийг барагдуулахад хүрэлцэхүйц хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн байна.
 
 
 
 
Гурав. Бусад
 
3.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчвөл зөвшөөрлийг Хууль зүй, дотоод хэргийн яам 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, дээрх зөрчлийг удаа дараа гаргасан тохиолдолд зөвшөөрлийг хүчингүй болгоно.