- Нүүр
- Сайдын тушаал
- БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ ЗААВАР
Байгаль орчны сайдын 2000 оны 87 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр боловсруулах заавар
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Аливаа төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах үйл ажиллагааг цогц байдлаар шийдвэрлэх арга зам, түүнд шаардагдах зардлыг хамруулан тусгасан баримт бичгийг байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө /цаашид "төлөвлөгөө" гэх/ гэнэ.
1.2. Тухайн төслийг хэрэгжүүлснээс үүдэн байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг тухай бүр илрүүлэх, түүнийг бууруулах, арилгах зорилгоор байгаль орчны төлөв байдал, шинээр үүсэн бий болсон нөхцөл байдалд ажиглалт, хяналт явуулах үйл ажиллагааны удирдамжийг орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр /цаашид "хөтөлбөр"гэх/ гэнэ.
1.3. Төлөвлөгөө, хөтөлбөр нь тухайн төслөөс байгаль орчинд учруулж буй болон болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээг тодорхойлох, түүнд шаардагдах хөрөнгө зардлыг баталгаатай байлгах үндэслэл болно.
1.4. Төлөвлөгөө боловсруулахад байгаль орчныг хамгаалах талаар авах удирдлага, зохион байгуулалтын болон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах талаар авах арга хэмжээ, уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хугацаа, хөрөнгө зардлыг бодитойгоор тооцож гаргана.
1.5. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний хүрээнд төлөвлөгөөг боловсруулахдаа сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах чиглэлээр тайланд тусгасан зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээг бүрэн хамарсан байвал зохино.
1.6. Хөтөлбөрт тухайн төслөөс ус, хөрс, агаарт гарах бохирдол, байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг бүрт орох аливаа өөрчлөлтийг хянах шинжилгээний арга аргачлал, хяналт-шинжилгээ хийх хугацаа, сорьц авах болон хэмжилт хийх цэгийн байршил, шинжилгээний үр дүнг нэгтгэх, тайлагнах хэлбэр зэргийг нарийвчлан тодорхойлно.
1.7. Шууд буюу нөхцөл болзолтой хэрэгжүүлэх төслийн төлөвлөгөө, хөтөлбөрийг байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага батална.
1.8. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийсэн төслийн төлөвлөгөө, хөтөлбөрийг Байгаль орчны сайдын 1999 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 67 дугаар тушаалаар томилсон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцэж, шийдвэр гаргах ажлын хэсгийн хуралдаанаар тайланг хэлэлцэж батлах үед нэг мөр баталгаажуулна.
1.9. Төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулахад тодорхой асуудлыг хариуцан гүйцэтгэх эзэн, хэрэгжүүлэх хугацаа, зардлыг үзүүлэлт тус бүрээр нарийвчлан тодорхойлж тусгана.
1.10. Төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулахад тухайн төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны орон зай, цаг хугацааг бүрэн хамарсан байх зарчмыг баримтална.
1.11. Төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг тухайн төслийг хэрэгжүүлэгч үйл ажиллагааныхаа зардалд багтаан төлөвлөж зарцуулна.
1.12. Төлөвлөгөө, хөтөлбөрийг мэргэжлийн байгууллагын туслалцаатайгаар буюу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний ажлын хүрээнд боловсруулах зарчмыг удирдлага болгоно.
1.13. Төлөвлөгөө, хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх асуудлыг тухайн төслийг хэрэгжүүлэгч хариуцна.
Хоёр. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах
Төлөвлөгөө боловсруулахад байгаль орчны бүрэлдэхүүн тус бүр (ус, хөрс, агаар г.м.)-ээр дараах зүйлсийг тодруулж тусгана. Үүнд:
2.1. Төслийг хэрэгжүүлснээс үүдэн гарах сөрөг нөлөөлөл:
· -товч тодорхойлолт;
· -шинж чанар;
· -хэмжээ;
· -эрчим;
· -үргэлжлэх хугацаа;
· эх үүсвэр;
· -тархалт;
· хамрах хүрээ;
· бууруулах, арилгах арга зам г.м;
· нөлөөллийг бууруулах, арилгахад шаардагдах зардал.
2.2. Нөлөөлөлд өртөх зүйлс:
· нэр, төрөл;
· тоо, хэмжээ;
· хамрах хүрээ.
2.3. Стандарт, нормоор зөвшөөрөгдөх зохистой хэмжээ:
· стандарт, нормын нэр;
· батлагдсан он, cap, өдөр;
· баталсан байгууллагын нэр;
· хугацаа;
· зөвшөөрөгдөх хэмжээ.
2.4. Нөлөөллийг бууруулах, арилгах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ:
· техник, технологийн нэмэлт арга хэмжээ;
· шүүх, тунгаах, цэвэрлэх, саармагжуулах, хоргүйжүүлэх, цэнгэгжүүлэх, төмөргүйжүүлэх г.м нэмэлт тоног төхөөрөмж байгуулах арга хэмжээ;
· удирдлага, зохион байгуулалт, дотоод дэг журмын талаар авах арга хэмжээ;
· сургалт, сурталчилгаа;
· мэдээ, тайлан гаргах, мэдээлэх хэлбэр;
· дээрх арга хэмжээнд шаардагдах зардал.
2.5. Байгалийн болон бусад төрлийн нөөц баялаг ашиглах асуудал:
· байгалийн нөөц баялгийн нэр төрөл, тоо хэмжээ;
· түүхий эдийн нэр төрөл, тоо хэмжээ;
· туслах материалын нэр төрөл, тоо хэмжээ;
· цахилгаан, эрчим хүч г.м;
· нөхөн сэргээх арга хэмжээ, түүнд шаардагдах зардал.
2.6. Хатуу, шингэн хаягдал:
· Нэр төрөл;
· хэмжээ;
· эх үүсвэр;
· цуглуулах;
· хадгалах;
· тээвэрлэх;
· боловсруулах;
· цэвэрлэх;
· дахин ашиглах;
· эргүүлэн ашиглах;
· зайлуулах;
· устгах;
· булшлах г.м;
· дээрх арга хэмжээнд шаардагдах зардал.
2.7. Бусад асуудал:
· гал түймрээс сэргийлэх арга хэмжээ, түүнд шаардагдах зардал;
· болзошгүй аюул, ослоос сэргийлэх арга хэмжээ, түүнд шаардагдах зардал;
· химийн хорт бодисоос сэргийлэх, түүнээс үүдэн гарсан осолд анхны тусламж үзүүлэх арга зам, шаардагдах хөрөнгө зардал;
· аюултай хог хаягдлын талаар авах удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ, түүнд шаардагдах зардал;
· ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөр хамгааллын талаар авах арга хэмжээ, түүнд шаардагдах зардал;
· төсөл хэрэгжих орчны хүн амыг сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах зардал;
· түүх, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах арга хэмжээ, түүнд шаардагдах зардал.
2.8. Ашигт малтмал эрж хайх, олборлох төслийн төлөвлөгөө боловсруулах явцад дараах стандартуудыг мөрдлөг болгоно:
2.8.1. "Ашигт малтмал эрж хайх ажлын явцад эвдэрсэн газрын нөхөн сэргээлт" (MNS 4916-2000);
2.8.2. "Алтны шороон ордыг ил уурхайгаар ашиглах явцад эвдэрсэн газрын нөхөн сэргээлт" (MNS 4916-2000);
2.8.3. "Газар шорооны ажлын үед үржил шимт хөрсний хуулалт (MNS 4917-2000);
2.8.4. "Эвдэрсэн газрыг ургамалжуулах" (MNS 4918-2000);
2.8.5. "Эвдэрсэн газарт хучилт хийх хөрс" (MNS 4919-2000);
2.8.6. "Эвдэрсэн газрын хажуугийн налуу" (MNS-4920-2000)
2.9. Төлөвлөгөөнд нөхөн сэргээлтийн ажил хийхэд шаардагдах зардлыг тусгахдаа холбогдох хууль тогтоомж, стандарт, нормын дагуу төлөвлөнө.
2.10. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний хүрээнд тодорхой үе шаттай хэрэгжих төслийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулахдаа тухайн төслийг хэрэгжүүлэх хугацааг бүхэлд нь хамруулах зарчмыг баримтална.
2.11. Ашигт малтмал олборлох үйл ажиллагааны явцад мөрдөх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг нарийвчилсан үнэлгээний хүрээнд боловсруулсан ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл хэрэгжүүлэгч жил, жилээр боловсруулж, байгаль орчны хяналтын улсын ерөнхий байцаагчаар батлуулан мөрдөнө.
2.12. Тодорхой бус хугацаагаар үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төслийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил, жилээр төлөвлөн боловсруулах зарчмыг баримтална.
2.13. Тухайн төслийг хэрэгжүүлэх явцад үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөх, техник технологи, тоног төхөөрөмжийг шинэчлэх зайлшгүй шаардлага гарах тохиолдолд төлөвлөгөөнд нэмэлт, тодотголыг хийж, зохих журмын дагуу албажуулна.
Гурав. Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр боловсруулах
3.1. Хөтөлбөр нь дараах бүтэцтэй байна. Үүнд:
3.1.1. Байгаль орчны бүрэлдэхүүн тус бүрт үзүүлэх нөлөөлөл;
3.1.2. Хяналт-шинжилгээ явуулах зайлшгүй шаардлагатай үзүүлэлтүүд;
3.1.3. Хяналт-шинжилгээ явуулах төрөл, хэлбэр;
3.1.4. Хяналт-шинжилгээ хийх, сорьц авах цэгийн байршил;
3.1.5. Хяналт-шинжилгээ явуулах хугацаа, давтамж;
3.1.6. Хяналт-шинжилгээ явуулах арга, аргачлал;
3.1.7. Хяналт-шинжилгээ явуулахад шаардлагатай техник, тоног төхөөрөмж;
3.1.8. Хяналт-шинжилгээний үр дүнг нэгтгэх, тайлагнах арга, хэлбэр.
3.2. Орчны хяналт-шинжилгээ явуулахад шаардагдах зардлыг нарийвчлан тодорхойлж, төлөвлөгөөнд тусгана.
3.3. Хөтөлбөр боловсруулахад орчны хяналт-шинжилгээний үр дүнг нэгтгэх, тайлагнах, мэдээлэх, асуудал нь түүний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болон тодорхойлогдоно.
Текст томруулах
A
A
A