A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Байгаль орчны сайдын 2000 оны 87 тоот тушаалын 2 дугаар хавсралт
 
БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1.      Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан (цаашид "тайлан" гэх)-гийн хэрэгжилтэд хяналт тавих гэдэг нь тухайн төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах талаар гаргасан зөвлөмж, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байгаа байдалд төр, захиргааны болон олон нийтийн байгууллага, иргэдийн зүгээс тавьж буй хяналтыг хэлнэ.
1.2.      Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний хүрээнд боловсруулсан сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах талаар авах арга хэмжээний зөвлөмж, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавихад энэхүү журмыг мөрдлөг болгоно.
1.3.      Тайлангийн хэрэгжилтэд уг тайланг боловсруулан гаргасан байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж нь тусгай хөтөлбөрийн дагуу зохиогчийн хяналт тавьж болно.
1.4.      Зохиогчийн хяналт тавих хөтөлбөрийг Байгаль орчны яамны дэргэдэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцэж, шийдвэр гаргах ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж батална.
Хоёр. Тайлангийн хэрэгжилтэд тавих хяналт
Тайлангийн хэрэгжилтэд тавих хяналтыг дараах хэлбэрээр явуулна:
2.1.      Тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдийн зүгээс тавих хяналт
2.1.1.     Тайлангийн хэрэгжилтийн байдалд төсөл хэрэгжиж буй нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд хяналт тавьж болно.
2.1.2.     Төслийг хэрэгжүүлэх явцад тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдийн амьдрах нөхцөлд болон байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл, түүнийг бууруулах, арилгах талаарх саналаа харъяалах нутаг дэвсгэрийн Засаг дарга, түүний дэргэдэх байгаль орчны хяналтын албанд тавьж шийдвэрлүүлнэ.
2.2.      Төр, захиргааны байгууллага, байгаль орчны хяналтын байцаагчийн зүгээс тавих хяналт
2.2.1.     Тайлангийн хэрэгжилтэд тухайн орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид хяналт тавина.
2.2.2.     Тайлангийн хэрэгжилтэд хяналт тавихад дараах зүйлсийг анхаарч үзнэ:
·           сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах талаар тайланд тусгасан зөвлөмжийг хэрэгжүүлэх үүднээс авч буй удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ;
·           байгалийн нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар авч буй арга хэмжээ;
·           аюултай болон хатуу, шингэн хаягдлыг хадгалж, зайлуулж буй байдал;
·           аюултай хог хаягдал, химийн хорт бодисын ашиглалт, зарцуулалтын тайлан, бусад мэдээллийг тогтоосон хугацаанд холбогдох газруудад тайлагнаж байгаа эсэх;
·           байгалийн нөөц, баялгийг ашигласны төлбөр, хураамжийг тогтоосон хугацаанд нь орон нутгийн төсөвт төлж байгаа эсэх;
·           газар ашиглах, эзэмших талаар хийсэн гэрээний биелэлт, төлбөр хураамжаа хугацаанд нь барагдуулж байгаа эсэх;
·           тухайн төслийн техник, технологит нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон төрөл, хэмжээнээс илүү өөрчлөлт орсон эсэх /хэрэв өөрчлөлт орсон бол төлөвлөгөө, хөтөлбөрт нэмэлт, тодотгол хийсэн эсэх/;
·           түүхий эд, завсрын болон эцсийн бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, агуулах сав;
·           химийн бодисын хэрэглээ, импортлолт, экспортлолт, хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлт, устгалт, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, осол гарсан үед анхны тусламж үзүүлэх бэлтгэлийг хэрхэн хангасан байдал;
·           байгаль орчныг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандарт, нормыг мөрдөж буй байдал;
·           цэвэрлэх, саармагжуулах, хоргүйжүүлэх, халдваргүйжүүлэх байгууламж, тоног төхөөрөмжийн ажиллагаа;
·           орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрт тусгасан ажиглалт, хяналтыг тогтоосон хугацаанд хийлгэж, үр дүнгийн талаарх мэдээллийг холбогдох газруудад зохих журмын дагуу тайлагнаж байгаа эсэх;
·           дээрх арга хэмжээнд шаардагдах хөрөнгө зардлыг төлөвлөж, зарцуулж байгаа байдал.
2.2.3.     Шаардлагатай цэгүүдээс сорьц дээж авч, шинжилгээ хийнэ.
2.2.4.     Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь хяналтын ажлын хүрээнд шаардлагатай гэж үзвэл цацраг идэвхт бодис, дуу чимээ, цахилгаан соронзон долгион, ионжуулагч цацрагийн хэмжилт хийнэ.
2.3.      Зохиогчийн зүгээс тавих хяналт:
2.3.1.     Зохиогч нь тухайн төслийн онцлогтой уялдуулан тусгай хөтөлбөрийн дагуу хяналт тавьж болно.
2.3.2.     Зохиогчийн хяналт хийх хугацаа, зардлын талаар төсөл хэрэгжүүлэгчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулна.
2.3.3.     Байгаль орчинд сөрөг нөлөөлөл ихтэй, техник технологийн хувьд харьцангуй шинэлэг, томоохон төсөлд нарийвчилсан үнэлгээ хийсэн эрх бүхий аж ахуй нэгж нь тайланг батлуулан төсөл хэрэгжүүлэгчид хүлээлгэн өгснөөс эхлэн уг төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааг бүрэн зүгширтэл зохиогчийн хяналт тавина.
2.3.4.     Зохиогчийн хяналт тавихдаа сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах талаар тайланд тусгасан зөвлөмж, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилтийг тухайн төслийн зураг төсөлтэй нягт холбож үзнэ.
2.3.5.     Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний хүрээнд төслийн техник технологийг сайжруулах, өөрчлөх талаар гаргасан дүгнэлт, зөвлөмжийн дагуу авсан нэмэлт арга хэмжээг нягтлан шалгаж, дутмаг зүйл дээр заавар зөвлөгөө өгнө.
2.3.6.     Байгаль орчныг хамгаалах шаардлагын үүднээс тайланд тусгасан удирдлага, зохион байгуулалтын талаар авах нэмэлт арга хэмжээний хэрэгжилтийг нарийвчлан тодруулна.
2.3.7.     Зохиогчийн хяналт тавих ажлын хүрээнд усны чанарын шинжилгээг тухайн төслийн онцлогийг харгалзан дараах үзүүлэлтээр хийнэ:
а.  мэдрэмжлэгдэхүй чанар, физик үзүүлэлтүүд:
·           өнгө;
·           үнэр;
·           амт;
·           тунгалаг чанар;
·           булингар;
·           умбуур бодис г.м.
б.  хүчилтөрөгчийн горимын үзүүлэлтүүд:
·           ууссан хүчилтөрөгч;
·           хүчилтөрөгчийн ханамж;
·           хүчилтөрөгчийн биохимийн хэрэгцээ;
·           хүчилтөрөгчийн химийн хэрэгцээ;
·           исэлдэх чанар /перманганатын болон бихроматын/ г.м.
в.  эрдсийн бүрэлдэхүүний үзүүлэлтүүд:
·           кальци (Са2+), мг/л ;
·           магни (Мд2+)), мг/л;       ;
·           нийт хатуулаг, мг-экв/л;
·           арилах хатуулаг, мг-экв/л;
·           тогтмол хатуулаг, мг-экв/л;
·           хлорид (CI/), мг/л;
·           сульфат (SO4//), мг/л;
·           карбонат (СOз//), мг/л;
·           гидрокарбонат (HCO3/). мг/л;
·           нийт эрдэсжилт, мг/л;
·           ууссан бодисын хуурай үлдэгдэл, мг/л г.м.
г.   шим бохирдлын үзүүлэлтүүд:
·           аммони (NH4+), мг/л;
·           нитрат (NC3/). мг/л;
·           нитрит (NC2/), мг/л;
·           нийт азот, мг/л.
д.  хүнд металл, тусгай үзүүлэлтүүд:
·           зэс(Сu2+), мг/л;
·           цайр (Zn2+). мг/л;
·           хөнгөн цагаан (Аl3+), мг/л;
·           кадми (Cd2+), мг/л;
·           кобальт (Со2+), мг/л;
·           никөль (Ni2+), мг/л;
·           молибден (Мо2+), мг/л;
·           ванадий (V2+ ), мг/л;
·           вольфрам (W), мг/л;
·           мышъяк (As3+), мг/л;
·           мөнгө (Аg+), мг/л;
·           мөнгөн ус (Нg2+), мг/л;
·           хар тугалга (РЬ2+), мг/л;
·           бор (В), мг/л;
·           фтор (F/), мг/л;
·           хром (Сr3+), мг/л;
·           хром (Сr6+), мг/л;
·           чөлөөт хлор (CI), мг/л;
·           сульфит (S2-), мг/л;
·           хүхэрт устөрөгч (H2S), мг/л;
·           цианид (CN-), мг/л;
·           устөрөгчийн илтгэгч (рН);
·           нийт төмөр (Fe3+-Fe2+), мг/л;
·           марганец (Мn2-), мг/л;
·           фенол (С6Н5ОН), мг/л;
·           фосфат (РО43-), мг/л;
·           нийт фосфор, мг/л;
·           гадаргын идэвхт нийлэг бодис (ГИНБ), мг/л;
·           нефть, нефтийн бүтээгдэхүүн, мг/л;
·           өөх тос г.м.
е.  нян судлалын үзүүлэлтүүд:
·           коли титр;
·           эмгэг төрүүлэгч нян;
·           микробын ерөнхий тоо г.м.
2.3.8.     Зохиогчийн хяналт тавих ажлын хүрээнд хөрсний чанарын шинжилгээг тухайн төслийн онцлогийг харгалзан дараах үзүүлэлтээр хийнэ:
·           усан хандмалын шинжилгээ;
·           азот;
·           фосфор;
·           кали;
·           0,25 м2 талбайн хөрсөн дэх ялааны авгалдайн тoo;
·           нэг кг хөрсөн дэх шимэгч хорхойн өндөгний тoo;
·           коли титр;
·           перфрингенсийн тоо;
·           "ариун цэврийн тоо"-ны үзүүлэлтүүд г.м.
2.3.9.     Зохиогчийн хяналт тавих ажлын хүрээнд агаарын чанарын шинжилгээг тухайн төслийн онцлогийг харгалзан дараах үзүүлэлтээр хийнэ:
·           тоос;
·           хүхэрт устөрөгч (H2S);
·           нүүрсхүчлийн дутуу исэл (CO);
·           азотын дутуу исэл (NOX);
·           хүхрийн ангидрид (SO2) г.м.
2.3.10.     Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж нь зохиогчийн хяналт хийсэн үр дүнгийн талаар хөтөлбөрт заасан хугацааны дагуу Байгаль орчны яаманд тайлагнаж байна.
2.3.11.     Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дагуу хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаанаас үүдэн байгаль орчинд ноцтой сөрөг нөлөөлөл үзүүлсэн бол хянан магадалгаа хийлгэх асуудлыг Байгаль орчны яаманд тавьж шийдвэрлүүлж болно.