A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МОД, МОДОН ТҮҮХИЙ ЭДИЙН ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ, ХЭРЭГЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Байгаль орчны сайдын 2002 оны 110 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
 
 
МОД, МОДОН ТҮҮХИЙ ЭДИЙН ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ, ХЭРЭГЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1   Энэхүү журмын зорилго нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мод бэлтгэх, тээвэрлэх, борлуулах үйл ажиллагааг таслан зогсооход оршино.
1.2   Мод, модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ /цаашид "Гарал үүслийн гэрчилгээ" гэх/ нь мод, модон түүхий эдийг тээвэрлэхэд олгох эрхийн бичиг мөн.
1.3   Гарал үүслийн гэрчилгээг илгээгч хүлээн авч байгаль орчны хяналтын байцаагчаар хянан баталгаажуулснаар хүчинтэй болох бөгөөд ачааг дамжин өнгөрүүлэх /хүлээн авах эцсийн цэг хүртэл/ байгаль орчны хяналт тавих баримт болно.
1.4   Журмыг ойгоос зохих зөвшөөрлийн дагуу бэлтгэгдсэн мод, модон түүхий эдийг тухайн бэлтгэсэн илгээгчээс аймаг, нийслэл болон бусад төвлөрсөн суурин газарт тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавихад дагаж мөрдөнө.
 
Хоёр. Гарал үүслийн гэрчилгээний төрөл, загвар, түүнийг олгох
 
2.1.       Гарал үүслийн гэрчилгээ нь илгээгчээс мод, модон түүхий эдийг төмөр зам /вагон/-аар тээвэрлэхэд ногоон өнгийн, өөрөө явагч бусад тээврийн хэрэгслээр цэнхэр өнгийн гэсэн хоёр төрөл байна.
2.2.       Гарал үүслийн гэрчилгээний загварыг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, тогтсон сери, дугаартай байна. Гарал үүслийн гэрчилгээнд Байгаль орчны яамны Байгалийн нөөцийн газар нийслэл, аймаг бүрээр ялгавартай сери, дугаар тавьж аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байгаль орчны /ойн/ бодлого хариуцсан ажилтан сум, дүүрэгт хүргэнэ.
2.3.       Төмөр замаар  болон бусад тээврийн хэрэгслээр тээвэрлэх зохих зөвшөөрөл бүхий гуалин, дүнз, зүсмэл материал, нойтон шургааганд гарал үүслийн гэрчилгээг олгоно.
2.4.       Ойгоос зохих журмын дагуу бэлтгэгдсэн, энэ журмын 2.3 дугаар зүйлд заагдсан нэр төрлийн мод, модон түүхий эдэд олгох гарал үүслийн гэрчилгээг иргэн, аж ахуйн нэгжид тухай сумын Засаг даргын Тамгын газраас томилогдсон ажилтан олгож, байгаль орчны хяналтын улсын байцаагч шалгаж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна.
2.5.       Гарал үүслийн гэрчилгээнд мод, модон түүхий эдийн төрөл, тоо хэмжээг тодорхой бичих бөгөөд тэр нь гэрчилгээний хуудсан дээрх тоо хэмжээтэй тэнцүү буюу бага байна.
2.6.       Гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн мод, модон түүхий эдийн тоо хэмжээ тохирохгүй, бичиг баримт дутуу зэрэг зөрчилтэй байвал Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь түүнийг арилгуулах, эсвэл гэрчилгээг хүчингүй болгоно.
2.7.       Мод, модон түүхий эдийг хаана хүргэхээс хамаарч гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй байх хугацаа нь төмөр замаар тээвэрлэх тохиолдолд 3 хүртэл хоног байна. Хүндэтгэх шалтгаантай тохиолдолд орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүсэлт гарган сунгуулж болно.Сунгалт нэг удаа, энэ журамд заасан хугацаанаас илүүгүй байна.
2.8.       Гарал үүслийн гэрчилгээг, тээврийн хэрэгсэл нэг бүрээр бичиж олгох ба хүчинтэй байх хугацааг хаалтад заавал бичгээр гаргацтай бичнэ. Тээврийн хэрэгслийн чиргүүлийн ачаанд тусад нь бичнэ.
2.9.       Гарал үүслийн гэрчилгээг асуултын дагуу цэвэр гаргацтай бөглөх бөгөөд модны хэмжээ, тоо ширхгийг үсгээр, засваргүй бичиж байгаль орчны хяналтын улсын байцаагчийн тэмдгийг тод дарж баталгаажуулсан байна.
2.10.   Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан ажилтан сум, аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд олгосон гарал үүслийн гэрчилгээний мэдээ тайланг улирал бүр гаргаж Байгалийн нөөцийн газарт ирүүлнэ.
2.11.   Мод, модон материал илгээгч нь татвар, хураамж төлсөн, дагалдах /падаан/ баримт, мод бэлтгэх зөвшөөрөл бусад холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, анхан шатны байгаль орчны хяналтыг хийлгэнэ.
2.12.   Мод, модон түүхий эдийг тээвэрлэгч нь замд байгаа байгаль орчны хяналтын цэг болон байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид бичиг баримтыг шалгуулах, бүртгүүлэх үүрэгтэй.
2.13.   Мод, модон түүхий эдийг хүлээн авагч нь гарал үүслийн гэрчилгээ болон бусад дагалдах хуудас, холбогдох баримтыг бүрдэл болгосны дараа орлогын падаан бичиж, хүлээн авснаар цаашид худалдан борлуулах эрхтэй болно.
 
Гурав. Гарал үүслийн гэрчилгээнд тавих хяналт
 
3.1.       Гарал үүслийн гэрчилгээний хүчин төгөлдөр эсэхэд тавих хяналтыг орон нутгийн төр болон байгаль орчны хяналтын байгууллагууд, байгаль орчин, төмөр зам, авто тээврийн улсын байцаагчид, цагдаагийн ажилтнууд хэрэгжүүлнэ.
3.2.       Мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулж байгаа сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч анхан шатны бичиг баримтын бүрдэл, мод модон материалын хэмжээ, төрөл, төлбөр хураамжийн тооцоо, дагалдах бичиг баримт болон хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шалгалт хийж, гэрчилгээний "А" хэсгийг таслан авч шалгасан тухай тэмдэглэл хийнэ.
3.3.       Дамжин өнгөрүүлэх шатны хяналт нь анхны баримт бичиг, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд шалгалт хийж, тэр тухай тэмдэглэлийг гэрчилгээний ар талд бичиж, гэрчилгээний "Б" хэсгийг тасалж авч бүртгэнэ.
3.4.       Гарал үүслийн гэрчилгээний "В" хэсгийг зөвхөн төвлөрсөн суурин газрын байгаль орчны хяналтын цэг буюу Улаанбаатар хотын 22-ын товчоо Баянзүрхийн товчоо, 7 буудал дахь авто замын шалган нэвтрүүлэх пост болон төмөр замын ачаа буулгах газрын дэргэдэх байгаль орчны хяналтын цэгүүдэд байгаа байгаль орчны хяналтын улсын байцаагчаар шалгуулж, тэмдэглэл хийлгэснээр гэрчилгээ хүчин төгөлдөр болно.
3.5.       Гарал үүслийн гэрчилгээний ар талд байгаа шалгасан тухай тэмдэглэл гэсэн хэсгийн эхний баганад тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, мод модон түүхий эдийн нэр, төрөл, хэмжээ, тоо, ширхгийг шалгаж, тэмдэглэл хийнэ.
3.6.       Шалгасан тухай тэмдэглэлийн бусад баганыг асуултын дагуу гаргацтай бичиж бөглөн гарын үсгээ зурж, тэмдгийг гаргацтай тод дарна.
3.7.       гарал үүслийн гэрчилгээний хуудас нь вагон болон ачааны авто машины даацыг харгалзан авто машинд 10, 20,  Вагонд 50, 100 гэсэн тоотой хэвлэгдэнэ. Энэхүү хуудсан дээрх тоо нь тухайн тээврийн хэрэгсэлд ачих мод, модон түүхий эдийн тоо хэмжээний дээд хязгаар бөгөөд ачигдсан тоо хэмжээг гэрчилгээний зохих хэсэгт тоогоор болон үсгээр гаргацтай бичнэ. Энэ нь эцсийн тооцоо хийх хэмжээ болно.
3.8.       Байгаль орчны хяналт хийгдсэн газар бүрт бүртгэл хийгдсэн байх бөгөөд хяналтын хэсгийг байгаль орчны хяналтын улсын байцаагч хадгална. Энэ нь шаардлагатай нөхцөлд дахин хийгдэх шалгалтын үндсэн баримт болно.
3.9.       Гарал үүслийн гэрчилгээгүй, гэрчилгээг баталгаажуулаагүй, онцлох шалтгаангүйгээр дамжин өнгөрөх хяналтад бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй мод, модон түүхий эдийг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэж үзэж Монгол улсын ойн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг авна.
3.10.   Хуурамчаар үйлдэх, Гэрчилгээг хувилж олшруулахыг хориглоно.
 
Дөрөв. Гарал үүслийн гэрчилгээг хэвлүүлж тараах, түүнд тавих хяналт
 
4.1.       Гарал үүслийн гэрчилгээг хэвлүүлэх тоо, хэмжээг Байгалийн нөөцийн газрын даргын тушаалаар тогтоож, хэвлүүлэх бөгөөд хэвлэгдсэн гэрчилгээг актаар хүлээн авч сери, дугаарыг тавьж үнэт цаасны адилаар орлого болгож нягтлан бодохын бүртгэлд авна.
4.2.       Орон нутгийн захиалга, хүсэлт, хуваарийг үндэслэн гарал үүслийн гэрчилгээ олгох хуваарийг ой ашиглалтын асуудал хариуцсан мэргэжилтэн гаргаж, газрын даргаар батлуулж хүргүүлэх бөгөөд сар бүр тайлан гаргаж, тооцоо хийж байна.
4.3.       Гарал үүслийн гэрчилгээг зээлээр олгохыг хориглоно.