A

A

A

Бүлэг: 1979
Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны
сайдын 2000 оны 135 дугаар
тушаалын 2 дугаар хавсралт
 
 
МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ ОЛГОХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж зохих түвшний дадал, мэргэжил эзэмшсэн дагалдан жүжигчдэд мэргэжлийн үнэмлэх олгоход энэхүү журмыг баримтална.
1.2. Мэргэжлийн үнэмлэх олгох ажлыг улсын хэмжээнд мэргэжлийн үнэмлэх олгох зөвлөл /цаашид "зөвлөл" гэнэ/ хэрэгжүүлнэ. Зөвлөлийг соёлын асуудал эрхэлсэн сайдын тушаалаар байгуулна.
1.3. Орон нутагт мэргэжлийн салбар зөвлөл /цаашид "салбар зөвлөл" гэнэ/ ажиллана.
1.4. Мэргэжлийн үнэмлэх олгох ажлыг жилд хоёр удаа зохион байгуулна.
Хоёр. Мэргэжлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаа
2.1. Мэргэжлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын захирамжаар батална. Зөвлөл нь 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна.
2.2. Салбар зөвлөлийн дарга нь тухайн аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн Соёлын асуудал эрхэлсэн түшмэл байна.
2.3. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд дараахь албан тушаалтан, уран бүтээлчдийг оролцуулна:
     - Аймгийн боловсрол, соёлын төвийн соёлын асуудал хариуцсан арга зүйч;
     - Аймгийн театр, чуулгын дарга;
     - Театр, чуулгын уран сайхны удирдагч;
     - Театр, чуулгын найруулагч;
     - Театр, чуулгын мэргэжлийн багш;
     - Театр, чуулгын уран сайхны зөвлөлийн ахмад уран бүтээлч.
2.4. Салбар зөвлөл нь жилд 2 удаа мэргэжлийн үнэмлэх авах уран бүтээлчдээс дараахь чиглэлээр шалгалт авна:
     а. Ерөнхий мэдлэг;
     б. Мэргэжлийн онолын мэдлэг;
     в. Уран чадвар.
Мэргэжлийн шалгалтын асуулга, тестийг салбар зөвлөлийн хурлаас тогтооно.
2.5. Мэргэжлийн шалгалтыг салбар зөвлөлийн гишүүдийн 70-аас доошгүй хувийн ирцтэй явуулна.
2.6. Салбар зөвлөл нь дараахь материалыг бүрдүүлэн мэргэжлийн үнэмлэх олгох зөвлөлд ирүүлнэ:
     -Уран бүтээлчдийн шалгалтын дүнгийн жагсаалт;
     -Уран бүтээлчийн анкет, ажил байдлын тодорхойлолт;
     -Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар;
     -Иргэний үнэмлэхийн хуулбар;
     -3х4 хэмжээний зураг 3 ш;
     -Салбар зөвлөлийн дүгнэлт.
3.1. Мэргэжлийн шалгалтанд орох уран бүтээлч дараахь шаардлагыг хангасан байна:
     а. мэргэжлийн шалгалтанд орох уран бүтээлч нь төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагад 12-18 сар дагалдан жүжигчнээр ажилласан байна.
     б. үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлүүдээс бие даан эзэмшсэн буюу мэргэжлийн түвшинд бэлтгэсэн баялаг урын сантай байна.
     в. Төрөөс соёл, урлагийн салбарын хэмжээнд мөрдөж байгаа хууль, тогтоомж, журам, дүрэмтэй танилцаж зохих хэмжээний мэдлэгтэй болсон байна.
3.2. Шалгалтанд ороход дараахь материалыг бүрдүүлсэн байна:
     -Уран бүтээлчийн анкет, өргөдөл;
     -Мэргэжлийн шалгалтад оруулах тухай байгууллагын тодорхойлолт;
     -Уран бүтээлийн жагсаалт;
     -Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар;
     -Иргэний үнэмлэхний хуулбар;
     -3х4 хэмжээний зураг 1 ширхэг.
4.1. Зөвлөл нь 7-оос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна.
4.2. Зөвлөл нь салбар зөвлөлөөс ирүүлсэн материалыг хүлээн авснаас хойш 1 сарын дотор зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.
4.3. Зөвлөлийн хурлыг зөвлөлийн гишүүдийн 70-аас доошгүй хувийн ирцтэй явуулна.
4.4. Зөвлөлийн хурлын тэмдэглэл, дүгнэлтийг үндэслэн соёлын асуудал эрхэлсэн сайдын тушаалаар мэргэжлийн үнэмлэх олгоно.