- Нүүр
- Сайдын тушаал
- ИХ СУРГУУЛЬ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖ, МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ /БСШУС-ын 2020 оны А/41-р тушаалаар хүчингүй болсон/
/БСШУС-ын 2020 оны А/41-р тушаалаар хүчингүй болсон/
Боловсрол, соёл, шинжлэх ухааны
сайдын 2002 оны 283 дугаар
тушаалын хавсралт
ИХ СУРГУУЛЬ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖ, МЭРГЭЖЛИЙН
СУРГАЛТ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН УДИРДАХ
ЗӨВЛӨЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Төрийн болон төрийн бус өмчийн их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв /цаашид "сургууль" гэнэ/-ийн удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагч, багш, суралцагч, төгсөгчдийн хамтын удирдлагын байгууллага мөн.
1.2.Удирдах зөвлөлийн үндсэн зорилго нь сургуулийг зохион байгуулалт, санхүү, материаллаг баазын хувьд бэхжүүлэх, бодлого, стратегийг тодорхойлох, түүний хэрэгжилтэд хяналт тавих, захирлын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд оршино.
1.3.Удирдах зөвлөл нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, боловсролын тухай багц хууль бусад хууль тогтоомж болон энэ үлгэрчилсэн дүрмийг удирдлага болгоно.
1.4.Энэ үлгэрчилсэн дүрэмд нийцүүлэн сургуулийн удирдах зөвлөл өөрийн дүрмээ боловсруулан баталж мөрдөнө.
1.5.Харьяа сургуулийн удирдах зөвлөл нь энэ дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.
Хоёр. Удирдах зөвлөлийг байгуулах
2.1.Сургууль /их сургууль, дээд сургууль, коллеж/-ийн удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагчийн болон багш, суралцагчид, төгсөгчдийн төлөөллөөс бүрдэнэ.
2.2.Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагч, ажил олгогч, хөдөлмөр эрхлэлтийн алба, багш, суралцагч, төгсөгчдийн төлөөлөлтэй байна.
2.3.Удирдах зөвлөл нь 17 хүртэл гишүүнтэй байж болох бөгөөд тэдгээрийн 51-60 хувь нь үүсгэн байгуулагчийн бусад нь багш, суралцагчид болон төгсөгчдийн төлөөллөөс бүрдэнэ.
2.4.Сургуулийн удирдах зөвлөлийн үүсгэн байгуулагчийн төлөөллийг дор дурдсанаар томилно:
а.төрийн өмчийн мэргэжлийн сургуулийн төлөөллийг Боловсрол,
соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар;
б.төрийн бус өмчийн сургуулийн төлөөллийг үүсгэн байгуулагчийн
шийдвэрээр;
2.5.Удирдах зөвлөл дэх багш, суралцагч, төгсөгчдийн төлөөллийг тэдгээрийн хамт олны 50-иас доошгүй хувийн ирцтэй хурлаас сонгоно.
2.6.Харьяа сургуулийн удирдах зөвлөлийн үүсгэн байгуулагчийн төлөөлөлд харьяалах сургуулийн нь захиргаа, удирдах зөвлөл, орон нутгийн захиргааны төлөөллийг оролцуулах чиглэлийг баримтална.
2.7.Удирдах зөвлөлийн гишүүдийг 3 жилийн хугацаагаар томилох буюу сонгох бөгөөд жил бүр зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгийг шинэчилж болно. Томилсон, сонгосон төлөөллөө татах буюу солих тухай үүсгэн байгуулагч болон уг төлөөллийг сонгосон байгууллага, хамт олны хурлын шийдвэр, эсхүл гишүүний өөрийн хүсэлтийг үндэслэн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна.
2.8.Удирдах зөвлөлийн даргыг үүсгэн байгуулагчийн саналаар 3 жилийн хугацаагаар зөвлөлийн гишүүдийн хурлаас ил санал хураалтаар сонгоно. Удирдах зөвлөлийн даргыг хуулийн заалт, үүсгэн байгуулагчийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлээгүй зэрэг үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө өөрчилж болно.
2.9.Удирдах зөвлөл нь гишүүдийнхээ дотроос сонгосон нарийн бичгийн даргатай байна.
Гурав. Удирдах зөвлөлийн үйл ажиллагаа
3.1.Удирдах зөвлөл нь Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон үүсгэн байгуулагчийн бодлого, шийдвэрийг үндэс болгон дор дурдсан чиг үүргийг гүйцэтгэнэ:
а.сургуулийг хөгжүүлэх бодлого, стратеги төлөвлөгөө, бизнес хөтөлбөрийг хэлэлцэж батлах, өөрчлөх;
б.захиргааны саналыг нь үндэслэн сургуулийн бүтэц, зохион
байгуулалт, дүрэм, жишиг орон тоо, цалингийн сангийн хэмжээг үндэслэн тогтоох;
в.сургуулийн жилийн төсөв, хөрөнгө оруулалтын хуваарийг баталж,
зарцуулалтад хяналт тавих;
г.сургалтын болон дотуур байрны зардлын хэмжээг зохих жишгийг баримтлан тогтоох;
д.сургуулийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт
өгөх;
е.суралцагчдын эрх ашгийг хамгаалах;
ё.удирдах зөвлөлийн жилийн үйл ажиллагааны тайлан үүсгэн
байгуулагчид өгөх;
3.2.Удирдах зөвлөл нь сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавьж болно.
3.3.Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал бөгөөд гишүүдийн 60-аас доошгүй хувийн ирцтэй тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцож, хэлэлцсэн асуудлаар олонхийн саналаар шийдвэр /тогтоол/ гаргаж, тэмдэглэл хөтөлнө. Удирдах зөвлөлийн дарга тогтоолд гарын үсэг зурж, сургуулийн тэмдэг дарж баталгаажуулна.
3.4.Удирдах зөвлөлийн хурлаар үүсгэн байгуулагчийн бодлого, чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор зөвшилцөж тохиролцсон тодорхой асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлэж чадаагүй тохиолдолд тухайн хурлын шийдвэрийг үүсгэн байгуулагч түдгэлзүүлж болно.
3.5.Удирдах зөвлөлийн хурлыг жилд 2-оос доошгүй удаа хийнэ. Харин ээлжит бус хурлыг үүсгэн байгуулагчийн, Зөвлөлийн даргын, эсвэл 3-аас доошгүй гишүүний санаачилгаар хуралдуулж болно. Сургуулийн захирал энэ талаар санал гаргаж болно.
3.6.Удирдах зөвлөлийн хурлын товыг хурал болохоос 3-5 хоногийн өмнө зарлаж, нарийн бичгийн дарга нь холбогдох материалыг гишүүдэд хүргүүлнэ.
3.7.Удирдах зөвлөлийн хуралд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан сургуулийн захирал, орлогч захирал, сургалтын албаны дарга, ерөнхий /ахлах/ нягтлан бодогч, багш, суралцагчийн төлөөлөгчийг оролцуулан санал, хүсэлт, тайлбарыг сонсож болно.
3.8.Удирдах зөвлөл өөрийн үйл ажиллагаанд туслах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулж болох бөгөөд түүнийг удирдах зөвлөлийн гишүүн ахална.
3.9.Удирдах зөвлөлийн дарга дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
а.Удирдах зөвлөлийг хуралдуулах хугацаа, хэлэлцэх асуудлыг үүсгэн байгуулагчтай, сургуулийн захиралтай тохиролцох, хурлыг зохион байгуулах, шийдвэрийг батламжлах, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
б.Удирдах зөвлөлийн гишүүдэд ажил үүргийн хуваарь гарган
хариуцуулах, биелэлтийг хянах, зөвлөх;
в.Удирдах зөвлөлөөс томилсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын
чиглэлийг тогтоох, төлөвлөгөөг батлах, гүйцэтгэлд нь хяналт тавих;
г.үүсгэн байгуулагчийн бодлого, шийдвэрийг тайлбарлах, ойлгуулах,
зөвшилцөх ажлыг зохион байгуулах;
д.Удирдах зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаа, оролцооны талаархи
үнэлэлт, дүгнэлтийг тухайн төлөөллөө сонгосон байгууллагад нь мэдэгдэх;
3.10.Удирдах зөвлөлийн гишүүн дор дурдсан чиг, үүргийг хэрэгжүүлнэ:
а.сургуулийг хөгжүүлэх талаар гарсан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх;
б.хариуцуулсан ажил, үүрэг, даалгаврыг чанартай биелүүлж,
зөвлөлийн хурал, даргад мэдээлэх;
в.Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа
үзүүлэх, сургуулийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шалгах ажиллагаанд оролцох;
г.Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар холбогдох
хүмүүст шаардлага тавих, тайлбар гаргуулах, хуралд асуудал оруулж хэлэлцүүлэх.
Дөрөв. Удирдах зөвлөл, үүсгэн байгуулагчийн хамтын
ажиллагаа
4.1.Удирдах зөвлөл нь үйл ажиллагааныхаа явц, үр дүнг үүсгэн байгуулагчийнхаа өмнө тайлагнана. Хэлэлцэх асуудлын талаар үүсгэн байгуулагчтай зөвшилцөж ажиллана.
4.2.Үүсгэн байгуулагч нь Удирдах зөвлөл дэх өөрийн төлөөллийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, шаардлагатай бол энэ дүрмийн 2.7, 2.8-д заасны дагуу холбогдох арга хэмжээг авна.
Тав. Бусад зүйл
5.1.Удирдах зөвлөл нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй бөгөөд зөвлөлийн тогтоол, хурлын тэмдэглэлийн хэвлэмэл хуудастай байна. Удирдах зөвлөлийн албан хэрэгт сургуулийн тэмдгийг хэрэглэнэ.
5.2.Удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах бичиг, хэрэг томилолтын зэрэг зардлыг сургуулийн тухайн жилийн төсөвт тусган зарцуулна.
----------оОо-----------
Текст томруулах
A
A
A