- Нүүр
- Сайдын тушаал
- ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНЫ ИХ СУРГУУЛИЙН МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦАХ ХҮМҮҮСИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2005 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн
52 дугаар тушаалын хавсралт
ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНЫ ИХ СУРГУУЛИЙН МАГИСТРАНТУР,
ДОКТОРАНТУРТ СУРАЛЦАХ ХҮМҮҮСИЙГ СОНГОН
ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
1.Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг сонгон шалгаруулахад энэхүү журмыг баримтлана.
2.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "яам" гэнэ/-аас зохион байгуулан жил бүрийн 3 дугаар сард багтаан гадаадад суралцуулах хүний тоо, мэргэжлийн чиглэл, олгох санхүүжилтийн хуваарийг хавсралтад нэр дурдсан захиалагч байгууллага /цаашид "захиалагч" гэнэ/-уудад хүргүүлнэ.
3.Яам мэргэжлийн чиглэлийг тогтоохдоо захиалагчдаас ирүүлсэн салбарын тэргүүлэх чиглэлийн захиалга /жил бүрийн 1 дүгээр сард багтаан авна/-ыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, үндэсний болон дэд, дэмжих хөтөлбөрүүд, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төлөв байдалтай уялдуулан тогтооно.
4.Захиалагч тухайн жилийн 4 дүгээр сард багтаан өөрийн захиалгаар өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурт суралцуулах мэргэжил, хүний тоо, сонгон шалгаруулах нөхцлийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлана.
5.Захиалагч нь зарласан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавраас доошгүй боловсролтой /сурлагын голч дүн нь 3.5-аас доошгүй байна/, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, олон улсын нэр хүндтэй их сургуулийн үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар элссэн хүмүүсээс сонгон шалгаруулна.
6.Энэ тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах гадаадын их сургуулиудын нэрсийн жагсаалтыг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудаас гаргасан мэдээлэлд үндэслэн БСШУЯ жил бүр шинэчлэн зарлана.
7.Шалгалтад оролцогчид нь доор дурдсан баримт бичиг /цаашид "баримт бичиг" гэнэ/-ийг бүрдүүлж, зарлагдсан хуваарийн дагуу холбогдох захиалагчид бүртгүүлнэ:
А. өргөдөл /тухайн чиглэлээр суралцахаар болсон зорилго, ийнхүү суралцахад өөрийгөө бэлтгэсэн байдал болон яагаад өөрийгөө энэ тэтгэлэгт хамаарагдах шаардлагатайг тайлбарласан үндэслэл, суралцаж төгсгөөд хийх ажлын тухай төсөөлөл, суралцахад шаардагдах дэмжлэг, нөхцлийг тодорхой илэрхийлсэн байна/;
Б. Иргэний үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар:
В. Сүүлийн нэг жилийн дотор авахуулсан 1 хувь өнгөт цээж зураг /3х4 хэмжээтэй/;
Г. Энэ журмын 5-д заасан сургуулиас элсүүлсэн тухай албан захидал /тухайн сургуулиас захиалагчид хаяглан битүүмжлэн ирүүлсэн байх/;
Д. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тухай баримт /тусгай маягтын дагуу/;
Е. ажил байдлын тодорхойлолт /хамгийн сүүлд ажиллуулж байсан 2-3 байгууллагын болон судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх этгээдээс энэ мэргэжлээр суралцах бэлтгэл, туршлага, зан төлөвийн онцлогийг нь тодорхойлсон захидлыг битүүмжлэн захиалагчид ирүүлсэн байна/;
Ж. Бакалаврын болон магистр /докторантурт суралцах хүмүүст хамаарна/-ын боловсрол эзэмшсэн тухай диплом, дүнгийн жагсаалт, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
з. өөрийн судалгааны ажлын тухай товч хураангуй /2000-аас илүүгүй үгэнд багтаан судалгаа хийж буй чиглэл, эзэмшсэн арга зүй, хүрсэн гол үр дүн, дүгнэлтээ илэрхийлсэн байна/;
и. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт /докторантурт суралцах хүмүүс заавал бүрдүүлнэ/.
8.Захиалагч сонгон шалгаруулалтыг энэхүү журмын дагуу ил тод, шударга зохион байгуулж, тухайн захиалгат ажлын байрын шаардлагыг бүрэн хангаж буй хүмүүсийг шалгаруулна.
9.Захиалагч суралцах хүмүүстэй хоёр талын гэрээ /цаашид "гэрээ" гэнэ/ байгуулна. Гэрээнд сургалтын явцад хяналт тавих, суралцагчийг хугацаанд нь амжилттай төгсгөх, буцаан ирүүлэх, ажлын байраар баталгаатай хангах тухай тодорхой нөхцөл болон захиалагч, суралцагчийн харилцан хүлээх бусад эрх, үүрэг, гэрээний заалтууд зөрчигдсөн нөхцөлд хоёр талын хүлээх хариуцлагыг тодорхой тусгасан байна.
10.Захиалагч суралцах хүмүүсийн баримт бичгийг сонгон шалгаруулалтын дүн, сайдын зөвлөлийн хурлын шийдвэр, гэрээний хамт жил бүрийн 8 дугаар сарын 1-ний дотор яаманд ирүүлнэ.
11."Өндөр хөгжилтэй орны их сургуульд Засгийн газрын тэтгэлгээр хүн суралцуулах асуудлыг зохицуулах зөвлөл" захиалагчдын сонгон шалгаруулалтын дүнг Боловсролын асуудал эрхэлсэн сайдад танилцуулна.
12.Өндөр хөгжилтэй орны их сургуульд суралцагчдад тэтгэлэг олгох шийдвэрийг Боловсролын асуудал эрхэлсэн сайд гаргана.
13.Тэтгэлэг авахаар шалгарсан хүмүүсийн талаарх мэдээлэл /намтар, мэргэжил, боловсрол, ажил эрхлэлт, захиалагч, гэрээ, сурлага, санхүүжилт/-ийг яамны болон захиалагчийн Вэб сайтад байршуулж, байнга шинэчилнэ.
14.Журмын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай зөвлөмж, зохицуулалтаар хангах үүргийг "Өндөр хөгжилтэй орны их сургуульд Засгийн газрын тэтгэлгээр хүн суралцуулах асуудлыг зохицуулах зөвлөл" болон яамны Боловсролын газар хүлээнэ.
15.Энэ журамд заасан болзол шаардлагыг хангаагүй, баримт бичгээ дутуу буюу хуурамчаар бүрдүүлсэн болон баримт бичгээ хугацаандаа ирүүлээгүй хүнд тэтгэлэг олгохгүй.
16.Магистрантурт суралцах хугацаа 2 жилээс, докторантурт суралцах болон нэг суралцагчид зээл олгох нийт хугацаа З жилээс илүүгүй байна.
17.Эхний санхүүжилтийг хагас жилийн, дараагийн санхүүжилтийг 1 хүртэл жилийн хугацаагаар олгоно. Дараагийн санхүүжилтийг олгох асуудлыг тухайн суралцагчийн суралцаж буй сургуулиас захиалагчид шууд хаяглан ирүүлсэн сурлагын дүн, дараагийн улиралд бүртгүүлсэн хичээлийн жагсаалтыг үндэслэн захиалагчаас ирүүлсэн тодорхойлолтын дагуу шийдвэрлэнэ.
18.Хичээлийн нэг жилд нэг өрхөөс зөвхөн нэг суралцагчид сургалтын санхүүжилт олгоно.
19.Энэхүү сонгон шалгаруулах журам нь оны шилдэг оюутны сонгон шалгаруулалтад үл хамаарна.
20.Сонгон шалгаруулалттай холбогдон гарах зардлыг шалгалтад оролцогч өөрөө хариуцна.
21.Энэхүү сонгон шалгаруулах журмын заалтууд нь Монгол улс болон гадаадын боловсролын асуудал эрхэлсэн байгууллагуудын хооронд байгуулсан, хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэрээ, хэлэлцээрийн заалтаас өөр байвал гэрээ, хэлэлцээрийн заалтыг баримтална.
Текст томруулах
A
A
A