- Нүүр
- Сайдын тушаал
- ХДХВ/ДОХ-ЫН ХАЛДВАР ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАР
Эрүүл мэндийн Сайдын 2004 оны 8-р сарын 31-ний өдрийн 197 тоот тушаалын хоёрдугаар хавсралт
ХДХВ/ДОХ-ын халдвар илрүүлэх шинжилгээний заавар
Нэг. үндэслэл
ХДХВ/ДОХ-ын эмчилгээний шинэ эм, бэлдмэл боловсруулах, найдвартай дархлаа үүсгэдэг вакцины судалгаа, шинжилгээ хийх ажлууд дэлхийн олон оронд зэрэг явагдаж байгаа бөгөөд зарим талаар амжилтад хүрч байна. үүнээс гадна олон улсын байгууллагууд, тэр дотроо НҮБ-ын оролцоо, шахалтаар ретровирусын эсрэг эмчилгээний өртөг багасаж, хүртээмжтэй болсон нь хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудын ХДХВ/ДОХ-той олон хүний өвчний явцыг сааруулах, урт, удаан амьдруулах боломжтой болголоо. Ретровирусын эсрэг эмчилгээ эрт эхлэх тусам эмчилгээний үр дүн сайн байдаг тул ХДХВ/ДОХ-той хүмүүсийг эрт оношлох нь урьд өмнөхөөс илүү их ач холбогдолтой болоод байна.
Монгол Улсад ХДХВ-ын халдвар авснаа мэдэхгүй явж буй хүмүүсийн тоо, хувь хэмжээ өндөр байгаа бөгөөд энэ хүмүүс цагаа олсон эмчилгээ, сэргийлэлтээс хоцорсноор өвчин нь даамжирч, эмчилгээ авахаа больсон үед оношлогдох тохиолдол байна.
ХДХВ-ын халдварыг эрт оношлох нь халдвар авсан хүмүүс халдвар авснаа эрт мэдэж, эрсдэлтэй зан үйлээ өөрчилж, дахин халдвар авах, бусдад халдвар тараахаас сэргийлэх ач холбогдолтой.
Хоёр. ХДХВ-ын халдварын оношийг баталгаажуулан мэдээлэх
1.1 өрх, сумын эмнэлэг, амбулатори, поликлиник, стационарын тусламж үйлчилгээ болон идэвхтэй тандалтын үед ХДХВ-ын халдварын сэжиг илэрвэл тухайн үйлчлүүлэгчээс дахин сорьц авч баталгаажуулах шинжилгээ хийх нөхцөл, боломж бүхий эрүүл мэндийн байгууллагад явуулна. Ингэхдээ үйлчлүүлэгчийн овог, нэр болон бусад хувийн мэдээллийг нууцална.
1.2 Баталгаажуулах шинжилгээг лабораторийн нарийн мэргэшсэн эмч, лаборант нар 2 үе шаттайгаар хийж гүйцэтгэнэ: эхлээд фермент холбох эсрэг биеийн урвал буюу энзим-иммуны (enzyme immunoassay) аргаар, түүний дараагаар Вестернблотын аргаар баталгаажуулна.
1.3 Эхний баталгаажуулах шинжилгээнүүдийн дүн сөрөг гарсан тохиолдолд 4 долоо хоногийн дараа дахин баталгаажуулах шинжилгээ хийнэ.
1.4 Дээрх зааврын дагуу лабораториор онош батлагдсан бол онош тавьсан эмч тэр даруйд өөрийн харъяалагдах эмнэлгийн байгууллагын удирдлагад танилцуулж энэ тушаалын тавдугаар хавсралтаар баталсан журмын дагуу мэдээлнэ.
1.5 ХДХВ/ДОХ бүрэн оношлогдсон нөхцөлд энэ тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан зааврын дагуу өөрт нь болон асран хамгаалагч, хамтран амьдрагчид нь зөвлөгөө, зааварчилгаанд гарын үсэг зуруулна. Зөвлөгөө, зааварчилгааг 2% үйлдэн нэг хувийг өөрт нь үлдээж, нэг хувийг өвчний түүх, картад хавсаргаж хадгална.
1.6 ХДХВ/ДОХ-той хүний шинжилгээний хуудас, шинжлэгдэхүүний бүртгэл, эмнэлгийн бусад бичиг баримтад үйлчлүүлэгчийн овог нэрийг бичихгүйгээр зөвхөн тоон шифрийг ашиглана.
1.7 ХДХВ/ДОХ-той хүний өвчний түүх, карт, шинжилгээний бичиг, тархвар судлалын хуудас, зөвлөгөө, зааварчилгааны маягт болон эмнэлгийн бусад баримт бичиг, тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад албан шаардлагаар олж авсан мэдээллийг эмч, эмнэлгийн ажилтнууд хуульд заасны дагуу нууцална.
Гурав. ХДХВ/ДОХ-ын халдвар авах, тараах эрсдэл бүхий хүн ам
1.1 Хүмүүс өөрсдийн ажил мэргэжлийн онцлог, биеийн эрүүл мэндийн байдал, амьдралын хэв маяг, бэлгийн зан үйл зэргээсээ хамааран ХДХВ/ДОХ болон цусаар дамждаг бусад халдварт өртөх эрсдэлээрээ дараах байдлаар ангилагдана:
1.1.1 Эрхэлсэн ажил мэргэжлийн онцлогоос хамааран:
а) Цус, биологийн шингэнтэй шууд харьцаж ажилладаг (мэс засал, төрөх, эмэгтэйчүүд, шүд, задлан шинжилгээ, лаборатори, эмнэлгийн анхан шатны яаралтай тусламжийн болон ДОХ/БЗДХ-тай хүнтэй шууд харьцан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг) эмч, эмнэлгийн ажилчид, эрдэм шинжилгээний ажилтнууд,
б) Хүний цустай харьцдаг эм, биобэлдмэлийн үйлдвэр, цусны төв болон гемодиализд ажиллагсад,
в) Эмнэлгийн багаж хэрэгсэл угааж ариутгагчид, үйлчилгээ засварын инженер, техникийн ажилчид.
1.1.2 Биеийн эрүүл мэндийн байдлаас хамааран:
а) Цус, цусны бэлдмэл, эд эрхтэн, үр, эхийн сүүний реципиентүүд,
б) Гемодиализ эмчилгээ, бусад мэс ажилбар, үр хөндөлт хийлгэгсэд,
в) ХДХВ/ДОХ/БЗДХ-тай эхийн хэвлийд байгаа ураг болон нярай.
1.1.3 Амьдралын хэв маяг, бэлгийн зан үйлээс хамааран:
а) Биеэ үнэлэгч, тэдний бэлгийн хавьтагсад,
б) Бэлгийн олон хавьталтай хүмүүс,
в) БЗДХ-аар өвчлөгч, тэдний бэлгийн хавьтагсад,
г) Мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэгчид, ижил хүйсэрхэгчид, тэдний бэлгийн хавьтагсад,
д) Бэлгэвчгүйгээр тохиолдлын бэлгийн хавьталд орогсод,
е) нүүдэллэн суурьшигчид, алсын тээврийн хэрэгслийн жолооч г.м. хөдөлгөөнтэй хүн ам.
1.2 Эрхэлсэн ажил үүргийн онцлогоос хамааран ХДХВ-ын халдварт өртөх эрсдэлтэй бүлгийн хүмүүс ажил үүргээ гүйцэтгэхдээ энэ тушаалын наймдугаар хавсралтаар баталсан халдвар эсэргүүцэх арга хэмжээний зааврыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллах бөгөөд тухайн хүмүүсийн ажилладаг байгууллагаас зохион байгуулан жилд 1 удаа ХДХВ-ын эсрэг бие илрүүлэх нэр хаяггүй тандалтын шинжилгээ хийнэ.
1.3 Биеийн эрүүл мэндийн байдлаас хамааран ХДХВ/БЗДХ-ын халдварт өртөж болох эрсдэлтэй (цус, цусны бэлдмэл олон дахин сэлбүүлдэг, гемодиализ хийлгэдэг, эд, эрхтний реципиентүүд, г.м.) хүмүүс сайн дураараа жил бүр ХДХВ/БЗДХ-ийн эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийлгэж байна.
1.4 Амьдралын хэв маяг, бэлгийн зан үйлээс хамааран ХДХВ-ын халдварт өртөх эрсдэлд орж болох бүлгийн хүмүүсийн дунд ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх, эрсдэлд хүргэж байгаа амьдралын хэв маяг, бэлгийн зан үйлийг өөрчлөх мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг хамгийн үр дүнтэй хэлбэрээр зохион байгуулж, эмнэлэгт хандах хандлагыг сайжруулж, энэ тушаалын долоодугаар хавсралтаар баталсан аргын дагуу сайн дурын үндсэн дээр жил бүр харуулдан тандалтын шинжилгээ судалгаанд хамруулна.
Дөрөв. ХДХВ/ДОХ-ын эрсдэлт бүлгийн хүн амд шинжилгээ хийх
4.1 ХДХВ/ДОХ-ын оношны шинжилгээг үйлчлүүлэгчийн хүсэлтээр эсвэл эрүүл мэндийн байгууллагын санаачилгаар буюу эмнэлгийн заалтаар сайн дурын үндсэн дээр хийх бөгөөд цус, эд эрхтэн, үрийн шингэн, хөхний сүүний донор, зарим ажил мэргэжлийн хүмүүст заавал хийнэ.
4.2 ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээний хариу болон шинжлүүлсэн хүний хувийн мэдээлэл ХДХВ/ДОХ-оос сэргийлэх тухай Монгол Улсын хууль болон бусад хуульд заагдсаны дагуу нууц байна.
4.3 ХДХВ/ДОХ-ын шинжилгээний өмнө эмч, эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчид тухайн шинжилгээ болон ХДХВ/ДОХ-ын талаар тодорхой мэдээллээр хангаж, зөвлөгөө, зааварчилгаа өгнө.
4.4 Сайн дурын зөвлөгөө/шинжилгээнд ирж байгаа үйлчлүүлэгчид, жирэмсэн эмэгтэйчүүд, ХДХВ/ДОХ-ын халдвар авах, тараах эрсдэлтэй хүмүүс энэ тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан Шинжилгээ хийлгэх зөвшөөрлийн бичигт гарын үсэг зурсан байна.
4.5 Сайн дураар шинжилгээнд орох, зөвлөгөө авах. үйлчлүүлэгчийн хүсэлтээр бүх шатны эмнэлгийн байгууллагад хийгдэх бөгөөд эмч, эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчид шинжилгээний өмнөх ба дараах зөвлөгөөг заавал өгөх шаардлагатай. Шинжилгээний өмнөх зөвлөгөө нь ганцаарчилсан хэлбэрээр явагдах нь ач холбогдолтой боловч баг, хамт олноороо ирсэн хүмүүст нэгэн зэрэг зөвлөгөө өгч болно. Шинжилгээг энгийн/хурдавчилсан оношлуураар хийх нь зүйтэй. Шинжилгээний дараах зөвлөгөөг ганцаарчилсан хэлбэрээр явуулна. Бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд өөрийн харъяа нутаг дэвсгэр дэх эрсдэлт зан үйл бүхий хүн амын дунд сайн дураар шинжилгээнд орох талаар сургалт, сурталчилгаа явуулж улмаар шинжилгээнд хамруулна.
4.6 Бүх шатны эмнэлгийн байгууллага арьсны архаг эмгэгүүд, тархмал мөөгшил, БЗДХ, хавдар, сүрьеэ, цусны өвчтэй болон онош тодорхойгүй тохиолдлууд, ХДХВ-ын халдварт өртөх өндөр эрсдэлтэй үйлчлүүлэгчид болон жирэмсэн эмэгтэйчүүдэд ХДХВ-ын эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийлгэхийг санал болгож оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлнэ.
4.7 Клиникийн болон аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, тусгай мэргэжлийн төв, дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдэд ХДХВ-ын эсрэг бие илрүүлэх шинжилгээг наалдуулах урвал, фермент холбох эсрэгбиеийн урвал зэрэг энгийн/хурдавчилсан шинжилгээний аль нэг аргаар хийх чадвартай байх ёстой.
4.8 өрх, сумын эмнэлэгт ХДХВ-ын эсрэг бие илрүүлэх шинжилгээг энгийн/хурдавчилсан аргаар хийж болно.
4.9 Заавал хийх шинжилгээ. Цус, цусан бүтээгдэхүүн, донорын эд, эрхтэнд ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээг заавал хийж аюулгүй болохыг баталгаажуулах шаардлагатай. Мөн төрийн албанд орж буй хүмүүс, Монгол Улсад ажиллахаар ирж буй гадаадын иргэд, хагалгаанд орж буй өвчтөнүүд, 3.1.1-д заасан мэргэжлийн хүмүүст заавал шинжилгээ хийнэ. Ийнхүү шинжилгээ хийхдээ шинжилгээний өмнөх ба дараах зөвлөгөө өгч, шаардлагатай бол эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
Текст томруулах
A
A
A