A

A

A

Бүлэг: 1979
Эрүүл мэндийн Сайдын 2004 оны 8-р сарын 31-ний өдрийн 197 тоот тушаалын гуравдугаар хавсралт
 
Шинжилгээ хийлгэх зөвшөөрлийн бичиг
ХДХВ-ын халдвартай мөртлөө халдвар авснаа мэдэхгүй явж буй хүмүүс олон байдаг. Манай оронд бүртгэгдсэн тохиолдол нийтдээ 10 хүрэхгүй байгаа хэдий ч ДЭМБ болон НҮБ-ын ДОХ-той тэмцэх нэгдсэн хөтөлбөрийн гаргасан барагцаалсан тооцоогоор 300 орчим хүн энэ вирусийн халдвар авсан байх магадлалтай юм.
Энэ вирусийн халдвар авах эрсдэлд хэн ч орсон байж болох бөгөөд ийм эрсдэлд орсноо мэдэхгүй байх тохиолдол олон. Эрсдэл гэдэгт: бэлгийн харьцаанд хамгаалалтгүй орох, цус болон цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, бохир зүү тариур болон бусад багаж хэрэгсэл дамжуулан хэрэглэх зэрэг ордог бөгөөд шивээс хийлгэх, шүдээ эмчлүүлэх, сахлын хутга, сойзоо дамжуулан хэрэглэх зэрэг энгийн, өдөр тутмын үйлдлүүд ч орж болох талтай.
Өнөөгийн анагаах ухаанд гарч буй хөгжил, дэвшил эрт оношлогдсон ХДХВ/ДОХ-той хүний өвчний явцыг сааруулах, насыг уртасгах боломж өгч байгаа хэдий ч халдвар авснаа мэдэхгүй явсаар хүндэрсэн үедээ оношлогдсон хүмүүсийг эдгээх, амь насыг аврах боломжгүй хэвээр байна.
Хүний биед ХДХВ-ын халдвар байгаа эсэхийг тодорхойлдог хэд хэдэн шинжилгээний арга бий. Заримынх нь хариу хэдэн минутын дотор гардаг бол заримынх нь хэдэн хоногийн дараа гардаг.
ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээний үр дүн:
·        "Сөрөг" гарсан тохиолдолд танд ХДХВ-ын халдвар байхгүй гэж дүгнэж болно. Гэхдээ сүүлийн 1-3 сарын дотор халдвар авсан бол шинжилгээгээр мэдэгдэхгүй. Тийм учир та эрсдэлд орсон гэж тооцож байгаа өдрөөсөө 3 сарын дараа дахин шинжилгээнд орвол халдвар авсан эсэх нь тодорхой болно.
·        "Эерэг" гарсан тохиолдолд танд ХДХВ-ын халдвар байгаа бөгөөд та бусдад энэ халдварыг тараах боломжтой гэсэн үг.
·        Заримдаа тодорхойгүй, эргэлзээтэй гарах тохиолдол бий. Энэ үед таныг дахин шинжлэх шаардлага гарна.
Монгол Улсын хуулийн дагуу тус улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа аливаа хүн ХДХВ/ДОХ-ын шинжилгээнд зөвхөн сайн дурын үндсэн дээр орох эрхтэй. Таныг энэхүү зөвшөөрлийн бичигт гарын үсэг зурж сайн дураар шинжлүүлэх болсноо батлахыг бид хүсэж байна. Бид хуулийн өмнө таны хувийн мэдээллийг нууцлах үүрэг хүлээсэн бөгөөд арын хуудсанд нэр дурьдагдсан албан тушаалтнаас бусад ямар ч хүнд таны бичгээр илэрхийлсэн зөвшөөрөлгүйгээр дамжуулахгүй.
Та эмч, эмнэлгийн мэргэжилтнээс ХДХВ/ДОХ-ын тухай болон хийгдэх шинжилгээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авч болно.
Надаас сорьц авч энэхүү шинжилгээ хийснээр надад ямар ач холбогдол, үр дагавартай болохыг сайтар ойлгосон бөгөөд энэхүү шинжилгээний тухай миний асуултуудад бүрэн дүүрэн хариулт авч чадлаа. Хүсэхгүй бол шинжлүүлэхгүй байж болно гэдгийг ойлгож байгаа бөгөөд ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэхийг зөвшөөрч байна. Миний хувийн мэдээлэл болон шинжилгээний хариуг миний зөвшөөрөлгүйгээр бусдад (арын хуудсанд дурьдсан албан тушаалтнуудаас бусад) дамжуулж болохгүй.

_______________________________________________ _____________________
Шинжлүүлэх хүний овог, нэр                                                            Он, сар, өдөр
__________________________________________________________
Шинжлүүлэх хүний гарын үсэг
 
Зөвлөгөө өгч, шинжилгээ хийсэн
 
эмч, эмнэлгийн ажилтны овог, нэр,
байгууллагын нэр, албан тушаал, гарын үсэг, хувийн тэмдэг
_________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
 
Шинжилгээний хариу "сөрөг" бол
·        Эмч, эмнэлгийн ажилтан танд цаашид энэ халдвараас хэрхэн сэргийлэх тухай зааж, зөвлөнө
Шинжилгээний хариу "эерэг" бол
·        Танд эмч, эмнэлгийн ажилтан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж өвчний явцыг хэрхэн сааруулах, дархлалын олдмол хомсдолд орохоос хэрхэн сэргийлэх талаар зааж, зөвлөнө
·        Танд зөвлөгөө өгч буй эмч, эмнэлгийн ажилтан танаас таны гэр бүлийн хүмүүс, хамтран амьдрагчдад халдвар тархахаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөнө
·        Та тэжээллэг хоол хүнс хэрэглэж, сайн унтаж амарч, биеийн тамирын дасгал хийж, архи, тамхинаас зайлсхийж, бухимдахгүй байж, тогтмол үзлэгт орж байвал дархлалын олдмол хомсдолоор өвчлөхгүй байх магадлал ихэснэ.
Та эмэгтэй бөгөөд таны шинжилгээний хариу "эерэг" бол
·        Та хүүхэдтэй болохыг хүсэж байгаа бол танд зөвлөгөө өгч буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн энэ талаар бүрэн мэдээлэл өгч шийдвэр гаргахад тань тусална.
·        Та жирэмсэн бол та өөрийн өрх, сум болон эрүүл мэндийн нэгдэл, клиникийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн нараар шаардлагатай эмчилгээ, үйлчилгээ хийлгэж, мэдээлэл авч, өөрийн болон хүүхдийнхээ эрүүл мэндийн холбогдолтой шийдвэр гаргахдаа зөвлөгөө, дэмжлэг авч болно. Танд зөвлөгөө өгч буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ХДХВ-тэй эхээс хүүхдэд халдвар хэрхэн дамжих талаар тайлбарлаж, бүхий л эрсдэл, сэргийлэх боломжуудын талаар ярьж өгөөд, ХДХВ-тэй эх, нярайд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ, асрамжийн тухай мэдээлэл өгнө
·        Та шинжилгээ өгөхөөсөө өмнө төрсөн, эсвэл хүүхдээ хөхүүлж байсан бол таны хүүхдэд шинжилгээ хийж халдвартай эсэхийг тогтоох шаардлагатай. ХДХВ-ын халдвартай хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ, асаргааны тухай танд зөвлөгөө өгч буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн тайлбарлаж өгнө
ХДХВ-ын халдвартай хүний мэдээллийн нууцлал
ХДХВ/ДОХ-оос сэргийлэх Монгол Улсын хуулийн дагуу таны хувийн мэдээллийг нууцална. Таны шинжилгээний хариу болон хувийн мэдээллийг зөвхөн таны зөвшөөрөлтэйгөөр бусдад өгч болно. үүнээс гадна дараах мэргэжил, албан тушаалын хүмүүст таны мэдээллийг өгөхөд танаас зөвшөөрөл авах шаардлагагүй:
·        Танд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн
·        Та насанд хүрээгүй бол таны эцэг, эх, хууль ёсны асрамжлан хамгаалагч, харгалзан дэмжигч
·        Засан хүмүүжүүлэх газрын зарим албан хаагч
·        Танд үзүүлж буй үйлчилгээний чанарт хяналт тавих үүрэгтэй Эмчилгээ, үйлчилгээний чанарын менежер
·        Шүүхийн шийдвэрийн дагуу таны тухай мэдээлэл авах эрхтэй хуулийн этгээд
·        Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зарим албан тушаалтан
·        хэрэв шаардлагатай бол, эрүүл мэндийн даатгал, нийгмийн хамгааллын зарим мэргэжилтэн.
Таны шинжилгээний хариу "эерэг" гарсан бол таны нэр, шинжилгээний хариуг Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин судлалын ДОХ/БЗДХ-тай тэмцэх албанд мэдээлнэ. Ийнхүү мэдээлэх нь тухайн улс орон дахь ХДХВ/ДОХ-ын тархалтыг үнэлэх, цаг үеэ олсон нийгмийн эрүүл мэндийг хамгаалах бодлого боловсруулах, шийдвэр гаргахад шаардлагатай.
Шинжилгээний хариуг гэр бүл, хамтран амьдрагчдаа мэдээлэх нь
Таны шинжилгээний хариу "эерэг" гарсан бол та өөрийн эхнэр (нөхөр), хамтран амьдрагчид энэ тухайгаа мэдээлснээр түүний ХДХВ-ын халдвартай эсэхийг эрт оношлуулж, дархлалын олдмол хомсдолтой болохоос сэргийлэх арга хэмжээ цаг алдалгүй авахад нь их ач холбогдолтой юм. ХДХВ/ДОХ-оос сэргийлэх тухай Монгол Улсын хуульд зааснаар та ХДХВ/ДОХ-той болсон тухайгаа өөрийн эхнэр (нөхөр), хамтран амьдрагчид нэн даруй мэдэгдэх шаардлагатай.
Хэрэв та өөрөө мэдэгдэх боломжгүй, эсвэл ийнхүү мэдэгдэх нь таны эрүүл мэнд, амь насанд аюултай бол ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-тай тэмцэх албаны мэргэжилтнүүд тантай хамтран таны нэрийг мэдэгдүүлэлгүй таны эхнэр (нөхөр), хамтран амьдрагчид эрсдэлд орсон тухай нь мэдэгдэж, шинжилгээ хийх арга хэмжээ авна. Шаардлагатай бол таныг хүчирхийллээс хамгаалах газар, албадтай холбож өгч тусална.
Таны нууцыг задруулсан, гутаан доромжилсон, ялгаварлан гадуурхсан аливаа хувь хүн, албан байгууллагыг ХДХВ/ДОХ-оос сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн дагуу хариуцлагад татна.