- Нүүр
- Сайдын тушаал
- ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ХДХВ/ДОХ-ЫН ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Эрүүл мэндийн Сайдын 2004 оны 8-р сарын 31-ний өдрийн 197 тоот тушаалын дөрөвдүгээр хавсралт
Жирэмсэн эмэгтэйчүүдэд ХДХВ/ДОХ-ын үзлэг, шинжилгээ хийх журам
1. Үндэслэл
ХДХВ/ДОХ-ын перинатал (төрөх тойрон) үеийн халдвар жирэмсний үед, төрөх үед болон төрсний дараа хөхний сүүгээр дамжих боломжтой. Хөхний сүүгээр халдварлахыг бүрэн сэргийлсэн (хөхөөр хооллоогүй) тохиолдолд эхээс урагт дамжсан халдварын 25-40% жирэмсний үед, 60-75% төрөх үед тус тус тохиолддог байна. Харин хүүхдээ хөхүүлдэг ХДХВ/ДОХ-той эмэгтэйчүүдийн 20-25% нь жирэмсний үед, 60-70% нь төрөх үед, 10-15% нь хөхний сүүгээр дамжуулан хүүхдэдээ халдвар дамжуулдаг. Жирэмсний үед болон төрөх үед халдвартай эхийн цус болон бусад биологийн шингэнтэй ураг, нярайн арьс, салст хүрэлцэх, цус холилдох зэрэг тохиолдолд халдвар дамждаг. Мөн жирэмсэн эмэгтэйд ХДХВ/ДОХ-ын дархлалын болон эмнэлзүйн шинжүүд тод илэрсэн, ийлдэс дэх вирусийн ачаалал өндөр, дутуу төрсөн, хүүхдээ хөхүүлсэн болон халдвар дамжихаас сэргийлэх эмчилгээний горимыг баримтлаагүй зэрэг нь халдвар тархах эмнэлзүйн талын эрсдэлт хүчин зүйлс болдог бол эх барих эмэгтэйчүүдийн зүгээс дараах хүчин зүйлс халдвар дамжихад нөлөөлдөг байна: ус гарснаас хойшхи цаг тутамд халдварын эрсдэл ихсэж байдаг бөгөөд 4 цагийн дараа гэхэд халдвар дамжих эрсдэл хоёр дахин нэмэгдэнэ. ХДХВ/ДОХ-той жирэмсэн эмэгтэйд ямар нэгэн БЗДХ байх, эх барихын зарим ажилбарууд, хориоамнионит (умайн халдвар)-ийн үед эрсдэл мөн өндөр байдаг.
Дээрх эрсдэлт байдлуудын үед невирапин, зидовудин, ламивудин зэрэг орчин үеийн эм, биобэлдмэлүүдийг хэрэглэх, кесаревын хагалгаа хийж төрүүлэх зэрэг арга хэмжээ авснаар халдвар дамжихаас сэргийлэх боломжтой тул ХДХВ/ДОХ-той Жирэмсэн эмэгтэйчүүдийг энэхүү эмчилгээнд бүрэн хамруулж, өөрийнх нь болон хүүхдийнх нь эрүүл мэндийг хамгаалах бүхий л боломжийг бий болгох нь чухал. үүний тулд нэн түрүүнд бүх Жирэмсэн эмэгтэйчүүдэд ХДХВ/ДОХ-ын эрсдэлийн талаар мэдээлэл өгөх, зөвлөх, ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулах зэрэг үйл ажиллагаа явуулах шаардлагатай юм.
Хэдийгээр нийт жирэмсэн эмэгтэйчүүдэд шинжилгээ хийх нь өртөг ихтэй ч ХДХВ/ДОХ-той эмэгтэйчүүдийг эрт оношлох, улмаар эхээс хүүхдэд дамжих халдвараас урьдчилан сэргийлэхэд өндөр ач холбогдолтой
2. Жирэмсэн эмэгтэйчүүдийн зөвлөгөө, шинжилгээ
1.1 нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллагууд жирэмсний хяналтад ирсэн бүх эмэгтэйчүүдэд ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэхийг санал болгох бөгөөд шинжилгээ хийх нөхцөлийг өөрийн нөөц боломжийг дайчлан бүрдүүлнэ.
1.2 Эрүүл мэндийн анхан шатны болон бусад байгууллагууд жирэмсний хяналтад ирж буй бүх эмэгтэйчүүдэд ХДХВ/ДОХ-ын тухай мэдээлэл өгч, ХДХВ хүүхдэд халдварлах аюул болон түүнээс сэргийлэх боломжуудын тухай танилцуулаад, шинжилгээний өмнөх зөвлөгөө өгөх бөгөөд энэ тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан Шинжилгээ хийлгэх зөвшөөрлийн бичгийн тухай тайлбарлаж өгөөд уншуулна. Зөвшөөрлийн бичиг дээр гарын үсэг зуруулж жирэмсний хяналтын картад хавсаргаж баримтжуулна. Шинжилгээг зөвхөн сайн дурын үндсэн дээр энгийн/хурдавчилсан оношлуураар хийнэ.
1.3 Шинжилгээ хийлгэхээс татгалзсан эмэгтэйчүүдэд жирэмсний хяналтыг бусдын адил хийх бөгөөд шинжилгээ хийлгээгүйн төлөө эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, айлган сүрдүүлэх, дарамт үзүүлэхийг хориглоно. Эдгээр эмэгтэйчүүдтэй татгалзсан шалтгааных нь талаар тайван ярилцаж учирч буй саад, бэрхшээлийг арилгах, сэтгэлд нь буй эргэлзээ, айдсыг даван туулахад нь тусална. Жирэмсний хяналтын дараа дараагийн үзлэгүүдийн үед ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээ өгөх талаар дахин ярилцана.
1.4 Шинжилгээний сорьц авахын өмнө эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд дараах мэдээллийг жирэмсэн эмэгтэйчүүдэд өгнө:
1.4.1 ХДХВ нь ДОХ-ыг үүсгэдэг вирус бөгөөд хамгаалалтгүй бэлгийн харьцаа болон цусаар дамжин халдварладаг. Жирэмсэн үедээ ХДХВ-ын эсрэг эмчилгээ хийлгээгүй ХДХВ/ДОХ-той эмэгтэйчүүдийн дөрөвний нэг нь жирэмсэн байхдаа, төрөх үед, болон хөхүүлэхдээ хүүхдэдээ халдвар дамжуулдаг.
1.4.2 Зөвхөн нэг хүнтэй бэлгийн хавьталд ордог байсан ч ХДХВ/ДОХ-ын халдвар авах эрсдэлд орох тохиолдол эмэгтэйчүүдэд элбэг байдаг.
1.4.3 ХДХВ-ын эсрэг эмийг цаг тухайд нь хэрэглэснээр ХДХВ/ДОХ-той жирэмсэн эмэгтэйг хүүхдэд нь халдвар дамжихгүй байх бүрэн боломжтойгоос гадна эхийн насыг уртасгаж, эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулдаг. Ийм учир бүх жирэмсэн эмэгтэйчүүдэд ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэхийг зөвлөдөг юм.
1.4.4 ХДХВ/ДОХ-оос сэргийлэх бүрэн бололцоотой бөгөөд, халдвар авсан эмэгтэйчүүдэд эмнэлгийн болон бусад тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой.
1.4.5 Шинжилгээ өгөхөөс татгалзсан ч бусад жирэмсэн эмэгтэйчүүдийн нэгэн адил бүх төрлийн эмчилгээ, үйлчилгээнд хамрагдана.
1.5. Энгийн/хурдавчилсан шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд дахин шинжилгээ хийх шаардлагагүй. Эдгээр эмэгтэйчүүдэд энэ халдвараас цаашид хэрхэн сэргийлэх тухай заавар, зөвлөгөө өгнө. Харин шинжилгээний хариу эерэг гарсан эмэгтэйчүүдээс дахин цусны сорьц авч баталгаажуулах шинжилгээ хийх нөхцөл, боломж бүхий эрүүл мэндийн байгууллагад илгээнэ. Ингэхдээ тухайн жирэмсэн эмэгтэйн овог, нэр болон бусад хувийн мэдээллийг нууцална.
1.6. Оношийг баталгаажуулсны дараагаар энэ тушаалын тавдугаар хавсралтаар батлагдсан "ХДХВ/ДОХ-ын тохиолдлыг эмнэлгийн байгууллагад бүртгэх, мэдээлэх журмын" дагуу "ХДХВ-ын халдвар, ДОХ-ын өвчлөлийг мэдээлэх" хуудсанд бүртгэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/БЗДХ-тай тэмцэх албанд илгээнэ.
1.7. ХДХВ-ын халдвартай нь батлагдсан эмэгтэйд шинжилгээний дараах зөвлөгөө өгч энэ тушаалын зургаадугаар хавсралтаар батлагдсан зөвлөгөө, зааварчилгааны маягтад гарын үсэг зуруулж баримтжуулна. Зөвлөгөө өгөх явцдаа сэтгэл санааны дэмжлэг үзүүлж жирэмсний явцын талаар болон хүүхдэд ХДХВ-ын халдвар халдахаас сэргийлэх арга боломжуудын талаар ярилцаад, шаардлагатай эмчилгээ, үйлчилгээ үзүүлж ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-тай тэмцэх алба, аймгийн нэгдсэн эмнэлэгт нарийвчилсан үзлэг, шинжилгээ хийлгэхээр шилжүүлнэ.
1.8. ХДХВ/ДОХ/БЗДХ-ын эрсдэлд орж байсан (биеэ үнэлсэн, олон хүнтэй бэлгийн харьцаанд орсон, БЗДХ-аар өвчилж байсан), эсвэл энэ тушаалын нэгдүгээр хавсралтад дурьдагдсан эмнэлзүйн шинжүүд илэрсэн эмэгтэйчүүдийг жирэмсний гуравдугаар үед ХДХВ-ын халдвар илрүүлэх давтан шинжилгээ, тэмбүүний шинжилгээнд хамруулах нь зүйтэй.
1.9. Жирэмсний хяналтад орж байгаагүй эмэгтэй эмнэлэгт төрөхөөр шууд ирсэн тохиолдолд түүнд энгийн/хурдавчилсан аргаар шинжилгээ хийж, эерэг хариу гарвал ХДХВ-ын халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх арга хэмжээ авч төрөлтийг удирдана. Баталгаажуулах шинжилгээг төрсний дараах үед хийж, шаардлагатай заавар, зөвлөгөө өгч, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
1.10. ХДХВ/ДОХ/БЗДХ-ын эрсдэлд орсон нь тодорхой болсон жирэмсэн эмэгтэй шинжилгээ хийлгэх боломжгүй байсан, эсвэл шинжилгээ хийлгэхээс татгалзсан бол төрсний дараа түүнд болон нярайд шинжилгээ хийнэ. Шинжилгээ хийхийн өмнө нярайн эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид зөвлөгөө өгч, зөвшөөрөл (энэ тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан Шинжилгээ хийлгэх зөвшөөрлийн бичигт гарын үсэг зуруулна) авсны үндсэн дээр цусны сорьц авна. ХДХВ-ын халдвар аваагүй үед эхээс дамжсан эсрэг бие 12 сарын дотор арилдаг ба харин 15 сартай хүүхдэд шинжилгээ эерэг хэвээр байх нь ХДХВ-ын халдвартай болохыг гэрчилнэ. Нярайд эсрэг бие илрүүлэх шинжилгээний хариу хуурамч эерэг буюу хуурамч сөрөг гарах тохиолдол олонтаа байдаг тул полимеразын гинжин урвал (ПГУ буюу PCR) юм уу вирус өсгөвөрлөх аргаар шинжилж, давтан авсан хоёр сорьцын шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд ХДХВ-ын халдвартай гэж оношилно. Төрсөн нярайн цусанд ХДХВ-ыг эрт илрүүлж сэргийлэх эмчилгээ хийснээр нярай ХДХВ/ДОХ-той болох эрсдэлийг бууруулна.
1.11. Эх нь шинжлүүлээгүй нярайд халдвар илэрсэн тохиолдолд түүний эх, эцэг болон төрсөн ах, эгч нарт энэ тушаалын зургаадугаар хавсралтаар батлагдсан зөвлөгөө өгч, шинжилгээ хийх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ,
1.12. ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээ хийсэн тухай жирэмсний хяналтын карт, нярайн эрүүл мэндийн картад тэмдэглэнэ.
1.13. ХДХВ-ын халдвар илэрсэн жирэмсэн эмэгтэйд зөвлөгөө өгөхдөө түүний өөрийн болоод хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл санаа, эрх, эрх чөлөөнд нөлөөлөх, ялгаварлан гадуурхах, гутан доромжлох, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, г.м. сөрөг үр дагавруудыг арилгах талаар ярилцаж, зөвлөнө.
1.14. ХДХВ/ДОХ-той эхчүүдийн хөхний сүүнд агуулагдах ХДХВ-ын ачаалал халдвар дамжуулах хэмжээнд байдаг бөгөөд хөхний үрэвсэл, буглаа зэрэг эмгэг өөрчлөлттэй үед ихэсдэг. ДЭМБ болон НҮБ-ын ДОХ-той тэмцэх нэгдсэн хөтөлбөрийн зөвлөмжийн дагуу "хүүхдийг дан хөхний сүү орлуулагч тэжээлээр хооллох нь гэр бүлийн зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн, тохиромжтой, хямд, аюулгүй бөгөөд тогтмол байж чадах бол хөхөөр хооллохгүй байх нь зүйтэй. Бусад тохиолдолд дан хөхөөр хооллох нь зөв бөгөөд аль болох эрт хөхнөөс нь гаргаж өөр хоолонд шилжүүлэх шаардлагатай". Хөхний сүүг өөр хоол, тэжээлтэй хослуулж болохгүй. Хөхний сүү орлуулагч тэжээл болон бусад хоол хүнс нь хүүхдийн хоол боловсруулах эрхтний салст бүрхэвчид гэмтэл учруулах, гуужуулах зэргээр нөлөөлдөг тул хөхний сүүн дэх ХДХВ хүүхдийн цусанд орох магадлал ихэсдэг.
Текст томруулах
A
A
A