- Нүүр
- Сайдын тушаал
- ХДХВ/ДОХ-ООР НАС БАРАГСДЫН ЦОГЦОСТ ЭМГЭГ СУДЛАЛЫН БА ЭД, ЭСИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЗААВАР
Эрүүл мэндийн Сайдын 2004 оны 8-р сарын 31-ний өдрийн 197 тоот тушаалын есдүгээр хавсралт
ХДХВ/ДОХ-ООР НАС БАРАГСДЫН ЦОГЦОСТ ЭМГЭГ СУДЛАЛЫН БА ЭД, ЭСИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЗААВАР
ХДХВ/ДОХ-ын үед дархлалын тогтолцооны гүнзгий хямралын улмаас хоёрдогч халдвар ба хорт хавдар, мэдрэлийн тогтолцооны гүнзгий өөрчлөлтүүд илэрнэ. ХДХВ/ДОХ-оор нас барагсдын цогцост эмгэг судлалын болон эд, эсийн шинжилгээ хийхэд энэхүү зааврыг баримтална.
А. Цогцост эмгэг судлалын шинжилгээ хийх
Эд, эрхтэнд /тархинаас бусад/ өвөрмөц өөрчлөлт гарахгүй боловч хавсрах хоёрдогч хавдар илэрч, тунгалгийн тогтолцоонд илэрхий өөрчлөлтүүд гарах тул тэдгээрт анхаарлаа хандуулж цогцсын шинжилгээг хийвэл зохино.
Гадна үзлэг: тарган, туранхай байдал, биеийн жинг үзнэ. Цогцос задлан үзэж байгаа эмч юуны өмнө арьс, салст бүрхэвч дээрх янз бүрийн тууралт, цус харвалтын толбо, цэврүүт, идээт голомт, буглаа зэргийг сайтар ажиглан хэлбэр хэмжээ, өнгө зүс зэргийг тэмдэглэж авбал зохино. Шанаа, толгой, эгэм хүзүү, суга цавь, тахим зэрэг газруудын захын тунгалгийн булчирхайг шалгана.
Цус төлжүүлэх, тунгалаг торлуурын тогтолцоо: ясны чөмгийг өвчүү, хавирга, урт ясанд үзнэ. чөмөгний нягт сийрэг, хэм, өнгө зэргийг анхаарна.
Дэлүү: хэмжээ, жин, улаан цагаан махан эдийн илрэл, өнгө тогтоц
Сэрээ булчирхай: сэрээ булчирхайн илрэл, хэмжээ, жин, өөхөн эслэгийн байдал
Тунгалгийн зангилаа: хэмжээ, үе давхаргын ялгаа, зүслэгийн байдлыг үзэж тэмдэглэнэ.
Амьсгалын тогтолцоо: ДОХ-оор нас барагсдын 80%-д вирус, нян, мөөгөнцөр, эгэл биетэн, шимэгчээр үүсгэгдсэн уушигны эмгэг тохиолддогийг онцгой анхаарч амьсгалын тогтолцоо, уушгыг нарийвчлан шинжилнэ. Амьсгалын эрхтэн, төвөнх, мөгөөрсөн ба гуурсан хоолойн салстын байдал, уушигны эдийн агаарлаг, сэвсгэр чанар, нягт сийргийн байдал, өнгө, дэлбэнгүүд дэх түгмэл буюу голомтлог өөрчлөлтийг үзнэ.
Хоол боловсруулах тогтолцоо: амны хөндий, хэл, тагнай, бахлуур, хөөмий, улаан хоолой, ходоод гэдэсний салстын байдал, зулгарал, шалбархай, шархлаа, янз бүрийн цус харвалт, цус дүүрэлт, тэдгээрийн байршил, өнгө хэмжээ, тархалт зэргийг үзнэ.
Төв мэдрэлийн тогтолцоо: уураг тархи, хэмжээ, жин, хэм, тэгш байдал, их тархины гадар давхрын далан ховилын өргөн гүн, тархины хатуу зөөлөн хальс, тархины судас гадрын дор төвүүд, цагаан бодис, бага тархины өөрчлөлтийг үзнэ. Их, бага тархи, нугасанд үхжлийн голомт буй эсэх, тэдгээрийн тоо хэмжээ, хэлбэрийг онцгой анхаарах нь оношны чухал ач холбогдолтой. Мөн салст бүрхэвчийн гадаргуу, өнгө, цус харвалтын голомт, тууралт зэргийг үзнэ. Зүрх судас, бөөр, шээс, бэлэг эрхтний хэмжээ, жин тогтоц, үе давхар, хана хөндийнүүдийн байдлыг тодорхойлно.
Б. Цогцсын шинжилгээнд ДОХ байж болзошгүйг сэжиглэх эмнэлзүйн үндэслэл ба эмгэг судлалын онош тавих
ДОХ-ын оношилгоонд эмгэг судлалын эмч тодорхой үүрэг гүйцэтгэнэ. Амьд ахуйд нь ДОХ-ын онош батлагдсан нөхцөлд цогцсыг шинжилж, эмгэг судлалын онош тавихад хялбар. Ийм нөхцөлд ДОХ өвчний эмгэг судлалын оношийг задлан шинжилгээний баримт, эмгэг эс судлал, дархлал судлалын лабораторийн шинжилгээний үзүүлэлт, эмнэл зүйн явц зэргийг үндэслэн тавина. Харин зөвхөн цогцос задлалын үед эмгэг судлалын хам шинжүүдийн нийлбэрээр ДОХ-ын сэжиг илэрвэл дархлал судлалын шинжилгээ заавал хийнэ. Эмгэг судлалын оношинд анхаарвал зохих эмнэл зүйн хам шинжүүд:
· Халуурах
· биеийн жин буурах
· удаан хугацаагаар суулгах
· тунгалгийн булчирхайн түгээмэл томролт
· мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд /ядаргаа, ухаан хомсдол/ зэрэг бүрдэл хам шинжүүд өвчтөний амьд ахуйд илэрч байсан, эсхүл удаан хугацааны турш ердийн эмчилгээнд үр дүн өгөхгүй байсан зэрэг болно.
Мөн ам, хамар, хоолой, амьсгалын дээд замын шархлалт, үхжилт үрэвслүүд, түүнчлэн нэг дор олон тооны хоёрдогч халдварууд ажиглагдвал ДОХ гэж сэжиглэх үндэслэл болно. Капошийн сарком хэмээх судасны цусархаг хавдар, толгой хүзүүний орчмын тунгалгийн зангилааны хавдрууд цогцсоос олдвол ДОХ байж болзошгүй гэж үзнэ.
В. Эд, эсийн шинжилгээнд дээж авах
Дээжүүдийг эрхтэн тогтолцоо, байршлаар нь тус бүр савлаж дугаарлана. Цул эрхтнүүдээс эд эсийн шинжилгээнд зориулан эхлээд 3х3х3 см-ээс доошгүй хэмжээтэйгээр хэрчин дээж авна. Авсан дээжийг 10%-ийн саармагжуулсан формалины уусмал буюу карнаугийн шингэнд бэхжүүлэн хадгална. 24 цагийн турш бэхжүүлсний дараагаар 1х1х1 см-ийн хэмжээтэй зүсэж эд эсийн цаашдын шинжилгээнд оруулна. Жижиг зангилааг бүхлээр нь, томыг дундуур нь хувааж шинжилнэ.
1. Тунгалгийн зангилаа
· хүзүү толгойн тунгалгийн зангилаа /ТЗ/
· эгмийн дээд ба доод ТЗ
· суганы ТЗ
· цавины ТЗ
· доод мөчний ТЗ
· голт уушигны уг, гол судас тойрсон ТЗ
· чацархайн ТЗ
2. чөмөг
· өвчүүний бүдэрхий
· хавирганы хим
· шилбэний чөмөг тус бүрээс дээж авч хооронд нь холилгүйгээр савлаж дугаарлана.
Томорсон болон хатингаршиж жижгэрсэн тунгалгийн булчирхай, овойж хавдсан эд, өвчүү, хавирга, бусад чөмөгт эдээс хатгалт хийж түрхэц бэлтгэнэ. Хатгалт хийхийн тулд 5мл-ээс доошгүй багтаамжтай, хурц үзүүртэй бүдүүн зүүтэй ариутгасан тариур хэрэглэнэ.
Соруулж авсан зүйлийг тариураас цэвэр шилэн дээр дусааж түрхэц бэлтгэнэ. Түрхцийг тунгалгийн зангилаа, өвчүү зэрэг эрхтний зүслэгийн гадаргууд тавиур шилийг хөнгөн дарж шууд наалдуулан бэлтгэж болно. Бэлдсэн түрхцийн шил тус бүрт тэмдэглэл хөтөлж дугаарлан цэвэр нөхцөлд хатааж дараагийн дамжлагад оруулна.
Амьд ахуйд нь онош тогтоогдоогүй буюу ДОХ-ын сэжиг бүхий цогцсын гуяын хураагуур судаснаас эсвэл зүрхний баруун ховдлоос 5 мл цус авч ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэхээр лабораторид хүргүүлнэ. Цусыг ариун хуруу шилэнд хийж бөглөн 5%-ийн хлораминаар арчиж гадуур нь дугтуйлан агуулах сав дотор байрлуулна. Нас барсны дараа 24 цагийн дотор цусны сийвэнд ХДХВ-ын эсрэг бие тодорхойлж болох боловч цус хайлсан нөхцөлд боломжгүй болно.
Онош тодруулахад амьд сорьц шинжилгээ (биопси) ихээхэн чухал бөгөөд 60-аас доош насны хүмүүст ДОХ-ын үед хавсрах халдвар болон хорт хавдар ажиглагдвал ХДХВ-ын эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийлгэх талаар дүгнэлт гаргаж эмчлэгч эмчид нь мэдэгдэнэ.
Г. ДОХ-оор нас барагсдын цогцсыг шинжилгээнд бэлтгэх
Задлан шинжилгээ хийхийн өмнө 1-2 хувинд ариутгагч бодис зориуд бэлтгэн цогцос хадгалах тасалгааны өмнөх өрөөнд байрлуулна. Задлангийн болон өмнөх тасалгааны хаалга үүдийг дээрх ариутгах уусмалд норгосон даавуугаар арчина. Задлагааны багажийг хэрэглэсний дараагаар 30 минут буцалгах буюу 2 цагаас доошгүй хугацаагаар ариутгалын уусмалаар ариутгана. Ариутгалд 2-5%-ийн монохлорамин, 20%-ийн кальцийн гипохлорид, 3-5%-ийн фенолын уусмалыг хэрэглэнэ. Түүнчлэн цогцос, цогцсыг задалсан ширээг ариутгалын уусмалд сайтар норгож дэвтээсэн даавуугаар арчина.
Цогцос задлах эмч болон туслах ажилтан нар ердийн халаадан дээрээ урт ханцуй бүхий давхар халаад, ус үл нэвтрэх хормогч, ханцуйвч, зориулалтын малгай өмсөнө. Амны хаалт, хамгаалах нүдний шил хийж, гутлын гадуур том дэгтий углана. Гартаа анатомийн зузаан бээлий өмсөж ханцуйвчны дээгүүр татаж тогтооно. Шинжилгээнд байлцсан бусад хүмүүс халаад, малгай, амны хаалт, хамгаалалтын нүдний шил хэрэглэнэ.
ХДХВ/ДОХ-оор нас барагсдын шарилыг ариутгалын бодис шингээсэн даавуугаар ороож ердийн байдлаар оршуулах буюу чандарлана.
Текст томруулах
A
A
A