A

A

A

Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайдын 2004 оны 2-р сарын 24-ний өдрийн 45 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
 
Шувууны томуу өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний заавар.
 
Нэг: Ерөнхий ойлголт
Томуу нь дэлхий нийтэд өргөн тархсан амьсгалын замын халдварт өвчин юм. Энэ өвчнөөр богино хугацаанд олон хүн өвчилж, жил бүр томууны вирусийн өөр өөр хэв шинжээр үүсгэгдсэн томууны дэгдэлт тархдагаараа бусад халдваруудаас ялгаатай.
1918-1920 онуудад анагаах ухааны түүхэнд "Испани" тахал гэж нэрлэгдсэн томуугаар 500 сая хүн өвчилж, 30 сая хүн нас барсан. Түүний үүсгэгч нь томууны A(N1 H1) вирус болохыг хожим нотолжээ. 1957-1958 онуудад "Азийн томуу" гэж алдаршсан томуугаар олон сая хүн өвчилж нас барсны дотор, АНУ-д энэ өвчнөөр 70.000 хүн нас баржээ. Энэ тахлын гол үүсгэгч нь томууны A(H 2N2) вирус байв. 1968-1969 онуудад "Гонконгийн томуу" өвчнөөр 33800 хүн эндсэн томууны A(H3N2) вирусээр үүсгэгдсэн байна. 1977-1978 онд "Оросын томуу" өвчний үүсгэгч нь 27-30 жилийн өмнө гарч байсан томууны A(H1N2) вирус байв.
Сүүлийн үед тархаад байгаа шувууны томууны вирусийн А(Н5N1) хэв шинжийг уг вирусийн шинэ хэв шинж байж болзошгүй, халдвар хүн амын дунд түгээж, томууны шинэ цар тахал тархах боломжтой хэмээн эрдэмтэд үзэж ихээхэн эмээн түгшиж байна.
Шувууны томуу өвчнийг 100 гаруй жилийн өмнө Италид анх оношилсон. Шувууны томуугаар бүх төрлийн шувууд өвчилдөг боловч зарим төрлийн шувууд харьцангуй тэсвэртэй байдаг. Шувуудын дунд 15 хэв шинжийн томууны А хүрээний вирус эргэлтэд байдгаас томууны А(Н5), А(Н7) вирусүүд өндөр хоруу чанартай. Нүүдлийн шувуудаас зэрлэг нугас уг халдварт тэсвэртэй,  вирусийн үндсэн тээгч юм. Гэрийн тэжээмэл шувуудаас тахиа, цацагт хяруул хоруу чанар өндөртэй шувууны томуу (ХӨШТ)-гийн вируст мэдрэг, өвчилж үхэх нь элбэг байдаг.
Шувууны худалдаа нь халдвар тархахад ихээхэн үүрэгтэй. Халдварын дэгдэлт гарсан аж ахуйд мал эмнэлгийн оношийг эрт тогтоож, хүнд халдвар дамжихаас сэргийлэн хөл хорио тогтоох, өвчилсөн сүргийг устгах нь халдвар тархахаас сэргийлэх чухал арга хэмжээ юм. ХӨШТ өвчин нь халдварлагдсан эд юмс, тээврийн хэрэгсэл, амьтны тэжээл, шувууны тор, ажиллагсдын хувцас хунараар дамжин хурдан тархана.
ХӨШТ–ийн вирус нь гадаад орчинд тэсвэртэй. Вирус нь хурдан хувьсалд орж шувуунаас гадна бусад төрлийн амьтдад халдварладаг, эмгэг төрөх чанар өндөртэй, хүнд халдварлахдаа хүнд хэлбэрийн өвчин үүсгэдэг.
Хоёр: Халдвар тархалтын өнөөгийн байдал.
2004 оны 2 сарын 9-ний өдрийн байдлаар шувууны томууны халдвар БНХАУ, Тайланд, Вьетнам, Япон, Өмнөд Солонгос, Индонез, Пакистан, Тайвань, Камбожи, Лаос, АНУ зэрэг 10 гаруй улс орныг  хамарч, олон зуун мянган шувуу устгагдаад байгаа төдийгүй шувууны томууны A(H5N1) халдвараар нийт  23 хүн өвчилж, 18/ 78.2%/ хүн нас бараад байна.
Гурав: Шалтгаан:
Томуугийн вирус ортомиксовирусийн төрөлд хамаарах ба дотроо А, В, С гэсэн 3 хэв шинжтэй. Томуу А хэв шинжийн вирус нь хоруу чанартай, өвчлөлийн цар хүрээ ихтэй, хувирамтгай, дотроо хэд хэдэн ийлдэс хүрээтэй. Хүн төрөлхтний түүхэнд бичигдсэн олон тахал, цар тахлын шалтгаан нь томууны "А" хүрээний вирус байсныг эрдэмтэн, судлаачид дурдсан байдаг.
Томууны А вирусийн дийлэнх нь шувуунд өвчлөл үүсгэж, харин гемаглютинин уургийн Н1, Н2, Н3, нейраминидаза уургийн N1, N2 гэсэн хэв шинжүүдийг агуулсан вирус нь хүн амын дунд ихээр тархаж, өвчлөл үүсгэдэг. Шувууны томууны А вирусийн Н5, Н7 уургийн бүтэц бүхий хэв шинж нь эмгэг төрүүлэх буюу хоруу чанар өндөртэй вируст тооцогддог.
Сүүлийн үед Азийн орнуудад өвчлөл үүсгээд байгаа  шувууны томууны А(Н5N1) хэв шинжийн вирус нь хэд хэдэн онцлогтой байна.
·        Энэ хэв шинжийн вирус нь зөвхөн шувууны томууны вирусийн генийн бүтэцтэй бөгөөд хүний томууны вирусийн генийн бүтцийг агуулаагүй боловч хүнээс хүнд халдварлах хэв шинжид хувьсаж болно.
·        А(Н5N1) хэв шинж нь дотроо хэд хэдэн төрөл байгаа бөгөөд тухайлбал Солонгос болон Вьетнамд гарч байгаа шувууны томууны А(Н5N1) хэв шинжийн вирусийн генийн дараалал хоорондоо ялгаатай нь тогтоогдсон байна.
·        Вьетнамд илрүүлсэн шувууны томууны А вирусийн хүнд өвчлөл үүсгэсэн А(Н5N1) хэв шинж нь томууны эмчилгээнд өргөн хэрэглэгддэг вирусийн эсрэг үйлчилгээ бүхий амантадин, ремантадин эмд тэсвэртэй, харин озелтамавир, занамавир эмүүдэд мэдрэг байна.
Дөрөв:Тархвар судлал
4.1.           Шувууны А(Н5N1) вирусийн томуу өвчний нууц үе
§         Өвчний нууц үеийн хугацаа 1-3 хоног байна.
4.2.           Халдвар дамжих зам
·         Ахуй хавьтал
·        Дуслаар дамжих
·        Агаар дуслын зам
4.3.           Тархвар судлалын шалгуур үзүүлэлт:
·        Өвчний нууц үеийн хугацаа 1-3 хоног байна.
·        Халдвартай үе нь хүүхдэд 7-21 хоног (12 наснаас доош), насанд хүрэгчдэд  7 хоног байна.
·        Эмнэлзүйн шинж тэмдэг эхлэхээс 7 хоногийн өмнө шувууны томууны голомттой бүс нутаг, улс орноор аялсан эсэх.
·        Эмнэлзүйн шинж тэмдэг эхлэхээс 7 хоногийн өмнө шувууны томууны сэжигтэй, магадлал өндөртэй тохиолдол, шалтгаан тодорхойгүй амьсгалын замын өвчтэй болон нас барсан хүнтэй хавьталтай эсэх.
·        Галуу, нугас, тахиа, гахай зэрэг аж ахуй эрхэлдэг, амьтдын бүтээгдэхүүнтэй харьцан ажилладаг.
·        Галуу, нугас, тахиа, гахай зэрэг аж ахуйд нь шувууны томууны өвчлөл гарсан, үхсэн өгүүлэмжтэй, өвчлөлийн онош лабораториор баталгаажсан эсэх .
Тав: Эмнэлзүй
Шувууны А(Н5N1) вирусээр өвчилсөн хүнд илрэх эмнэл зүйн шинж тэмдэг
 
·        Халуурах /38 хэм түүнээс дээш/
·        Хоолой өвдөх, аргах
·        Булчин шархирч өвдөх
·        Нүдний салст үрэвсэх
·        Ханиалгах зэрэг шинж тэмдгүүд илэрч, ихэвчлэн вирусийн гаралтай уушигны хатгаагаар хүндэрч нас барах нь элбэг байна. Архаг хууч өвчтэй хүмүүс энэ өвчинд өртөх эрсдэл ихтэй байдаг.
4.1.           Тодорхойлолт, оношлох шалгуур
Шувууны А(Н5N1) вирусээр хүн өвчилсөн тохиолдлыг дараах байдлаар тодорхойлж байна.
А. Болзошгүй тохиолдол
1.      38 хэм, түүнээс дээш халуурах
2.      Дараах шинж тэмдгүүдээс 1 буюу хэд хэд нь илрэх:
·        Ханиалгах
·        Хоолой өвдөх
·        Амьсгал давхцах
БА дараах шинж тэмдгүүдээс 1 буюу хэд хэд нь илрэх:
·        Томууны А вирус лабораториор оношлогдсон байх вирусийн хэв шинж тодорхойгүй,
·        Томуу вирусийн А(Н5) халдвараар өвчилсөн нь батлагдсан хүнтэй эмнэл зүйн шинж тэмдэг эхлэхээс өмнөх 7 хоногт хавьталтай байсан,
·         Уг өвчний шинж тэмдэг эхлэхээс 7 хоногийн өмнө өвчилсөн болон үхсэн шувуу, гахайтай хавьталтай байсан,
·        Уг өвчний шинж тэмдэг эхлэхээс 7 хоногийн өмнө ХӨШТ-ийн халдвараар өвчилсөн буюу сэжигтэй хүн, амьтны сорьц шинжилж байгаа лабораторид  ажиллаж байсан,
Эсвэл
Шалтгаан нь тодорхойгүй амьсгалын замын хурц өвчнөөр нас барсан,
Дараах тохиолдлуудаас 1 буюу хэд хэд нь илрэх:
 
1.        ХӨШТ-ийн сэжигтэй буюу халдвар гарсан нь батлагдсан мужид оршин суугч
·        ХӨШТ-ийн халдвараар өвчилсөн нь батлагдсан хүнтэй эмнэл зүйн шинж тэмдэг эхлэхээс өмнөх 7 хоногт хавьталтай байсан,
Б. Магадгүй тохиолдол
 
1.            38 хэм түүнээс дээш халуурах
2.            Дараах шинж тэмдгүүдээс нэг буюу хэд хэд нь илрэх :
·        Ханиалгах
·        Хоолой өвдөх
·        Амьсгал давхцах
·        Томуу А/Н5/- ын лабораторийн баталгаажилт хязгаарлагдмал байх
/ Жишээлбэл: Н5-ын өвөрмөц эсрэг бие зөвхөн ганц ийлдсэнд илрэх /
 
В. Батлагдсан тохиолдол
Дараах шинж тэмдгүүдээс  нэг буюу хэд хэд нь илрэх
·        Вирус өсгөвөрлөх шинжилгээгээр томуу А/Н5 эерэг
·        ПГУ- аар томуу А/Н5/ эерэг байх
·        Томуу А/Н5/ -ын удмын эсрэг биеийг ашиглан дархан туяаралт бичил харуурын шинжилгээ хийхэд эерэг байх
·        Өвчтөний ийлдсэнд томуу А /Н5/-ын өвөрмөц эсрэг биеийн таньц 4 дахин ихсэх
 
Зургаа. Лабораторийн шинжилгээ
 Шувууны томууны сэжигтэй гэж анх оношилсон эмч эмчилгээ эхлэхээс өмнө шинжлэгдэхүүн авна. Шинжлэгдэхүүнийг халдвартай ба сэжигтэй материалтай ажиллах халдвар хамгааллын дэглэмийг баримталж авна. Авсан шинжлэгдэхүүнийг хаяглаж битүүмжлэн хадгалах ба нарийн мэргэжлийн лабораторит хүлээлгэн өгнө.
1.1.      Шинжлэгдэхүүн цуглуулах журам
·        Шувууны томууны сэжиг илэрсэн өвчтөнөөс хамар залгиурын арчдас, цусны ийлдсийг авч дагалдах бичиг баримтын хамт Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн амьсгалын замын вирус судлалын лабораторид нийслэлд 3 цагийн дотор, аймаг, орон нутгаас 48 цагийн дотор хүргүүлнэ.
·        Өвчтөн нас барсан тохиолдолд 1 цагийн дотор эдийн шинжилгээ (формалинд бэхжүүлсэн уушиг, цагаан мөгөөрсөн хоолой, зүрх, дэлүү, тархи, бөөр, бөөрний дээд булчирхай зэрэг эрхтнээс) авна.
·        Шинжлэгдхүүнийг битүүмжилсэн саванд хийж өвчтөний овог нэр, нас, хүйс, шинжлэгдхүүний нэр, цуглуулсан он, сар, өдрийг бичсэн шошго наана. Дагалдах бичигт өвчтөний овог нэр, нас, хүйс, өвчин эхэлсэн он, сар, өдөр, илэрсэн эмнэл зүйн гол шинж тэмдгүүд, эмнэлгийн байгууллагын нэр хаяг, утасны дугаар, шинжлэгдэхүүн цуглуулсан он, сар өдөр, шинжлэгдхүүн цуглуулсан хүний албан тушаал, овог нэрийг бичсэн байна.
·        Эдийн шинжилгээг Улаанбаатар хотод 2 цагийн дотор, аймаг, орон нутгаас 48 –ийн цагийн дотор ХӨСҮТ-ийн амьсгалын замын вирус судлалын лабораторид хүргүүлнэ.
6.2. Өвчтөнөөс шинжлэгдэхүүн авах.
Амьсгалын дээд замаас шинжлэгдэхүүн авах
§         Өвчтөн, сэжигтэй, магадлал өндөртэй тохиолдлоос амьсгалын дээд замаас шинжлэгдэхүүнийг өвчтөнд эмчилгээ эхлэхээс өмнө авна.
§         Хамар залгиур зайлсан шингэнээс шинжлэгдэхүүн авахдаа өвчтөнг суулгаж толгойг бага зэрэг хойш нь гэдийлгэнэ. Зөөлөн гуурсыг хамрын нэг нүх рүү тагнайтай зэрэгцээ байдлаар оруулж PH 7,1±1.5 0,85%-ийн  2-3 мл давсны уусмалыг тариураар гуурс руу хийж зайлан, соруулж авна. Энэ аргаар хамрын нөгөө нүхийг зайлж 1-2 мл угаасан шингэнийг ариун шилэнд цуглуулж авна. Шинжлэгдэхүүнийг хөлдөөж тусгай зориулалтын саванд хийж зөөвөрлөнө.
Хамар, ам залгиураас арчдас авах
§         Хамар залгиурын арчдас авахдаа бамбарыг тагнайтай зэрэгцээ байдлаар байрлуулж, шүүрлийг шингээхийн тулд хэдэн секунд байлгана. Арчдасыг хамрын 2 нүхнээс хоёулангаас тус тусад нь бамбараар авна.
§         Ам залгиурын арчдас: Залгиур хоолой, гүйлсэн булчирхайн арын хананаас хэлэнд хүргэлгүй арчдас авч триптон глюкоз, глицеролын 2 мл агуулсан ариун саванд хийнэ. Арчдас авсан бамбарын ишийг хугалж, таглааг сайтар бөглөнө. Хөлдөөсөн байдлаар хадгалж зөөвөрлөнө.
Амьсгалын доод зам
§         Гуурсан хоолой, цулцангийн лаваж, цагаан мөгөөрсөн хоолойн аспират, гялтангийн шингэнээс шинжлэгдэхүүн авна. Эдгээр шинжлэгдэхүүнийг  формалинд бэхжүүлээд, үлдсэн хэсгийг давхар тагтай ариун шилэнд хийнэ. Хөлдөөсөн байдлаар хадгалж зөөвөрлөнө (4°С).
Цусны шинжилгээ
 Цус, ийлдсийн хоорондох цагираг
§         5-10 мл цусыг хуруу шилэнд авч боломжтой бол цагаан эсийг ялгана. Боломжгүй тохиолдолд цусыг центрифугт хийж ийлдэс, улаан эс хоорондын заагт байрлах эсийг соруулж аваад ариун шилэнд хийж хөлдөөж зөөвөрлөнө.
Ийлдэс цуглуулах:
§         Өвчний цочмог үед ийлдсийг  аль болох эрт хугацаанд авна. Боломжтой бол эдгэрэлтийн үеийн шинжлэгдэхүүнийг 3-4 долоо хоногийн дараа 5-10 мл цус авч ийлдэс ялгах шилэнд хийж бүлэгнүүлнэ. Ийлдсийг давхар таглаатай саванд цуглуулна. Хөлдөөсөн ийлдсийг хуурай, мөстэй саванд хийж зөөвөрлөнө.
Эдийн шинжлэгдэхүүн
§         Формалинд бэхжүүлсэн, уушиг, цагаан мөгөөрсөн хоолой, зүрх, дэлүү, тархи, бөөр, бөөрний дээд булчирхай зэрэг эрхтнээс авна. Тасалгааны температурт зөөвөрлөж хадгална /бэхжүүлсэн эдийг хөлдөөж болохгүй/.
§         Нас барсан тохиолдолд уушиг, амьсгалын дээд замын эдийн шинжилгээг аль болох хурдан хугацаанд, ариун нөхцөлд авч –70°С хөлдөөж, хуурай, мөстэй орчинд зөөвөрлөнө.
Лабораторийн бүх шинжлэгдэхүүнийг битүүмжилсэн тусгай саванд хийж зөөвөрлөнө.
Долоо. Шувууны томууны вирусийн А (H5N1) хүний өвчлөлийн оношлогоо
7.1.           Шувууны томууны хүний өвчлөлийг оношлох эмнэлзүйн шалгуур үзүүлэлт
1.      Өвчин гэнэт эхэлж 38-40 хэм, түүнээс дээш халуурах
2.      Дараах шинж тэмдгүүдээс нэг буюу хэд хэд нь илрэх:
·        Ханиалгах
·        Хоолой өвдөх
·        Амьсгал давхцах болон өвчлөлийн тодорхойлолтын дагуу
7.2.           Шувууны томууны хүний өвчлөлийг оношлох тархвар судлалын шалгуур үзүүлэлт
·        Өвчний нууц үеийн хугацаа 1-3 хоног байна.
·        Халдвартай үе нь хүүхдэд 7-21 хоног (12 наснаас доош), насанд хүрэгчдэд 7 хоног байна
·        Эмнэлзүйн шинж тэмдэг эхлэхээс 7 хоногийн өмнө шувууны томууны голомттой бүс нутаг, улс орноор аялсан эсэх.
·        Эмнэлзүйн шинж тэмдэг эхлэхээс 7 хоногийн өмнө  шувууны томууны сэжигтэй, магадлал өндөртэй тохиолдол, шалтгаан тодорхойгүй амьсгалын замын өвчтэй болон нас барсан хүнтэй хавьталтай эсэх.
·        Галуу, нугас, тахиа, гахай зэрэг аж ахуй эрхэлдэг, амьтдын бүтээгдэхүүнтэй харьцан ажилладаг
·        Галуу, нугас, тахиа, гахай  зэрэг  аж ахуйд нь шувууны томууны өвчлөл гарсан, үхсэн өгүүлэмжтэй, өвчлөлийн онош лабораториор баталгаажсан эсэх .
7.3.           Шувууны томууны хүний өвчлөлийг оношлох лабораторийн шалгуур үзүүлэлт:
·        Вирус өсгөвөрлөх шинжилгээгээр томуу А/Н5 эерэг
·        ПГУ- аар томуу А/Н5/ эерэг байх
·        Томуу А /Н5/ -ын нэг удмын  эсрэг биеийг ашиглан дархан туяаралт бичил харуурын шинжилгээ хийхэд эерэг байх
·        Өвчтөний ийлдсэнд томуу А /Н5/-ын өвөрмөц эсрэг биеийн таньц 4 дахин ихсэх
 
Найм: Эмчилгээний удирдамж
1.      Вирусийн эсрэг эмчилгээ
·        Рибавирин эмийг биеийн жингийн 1 кг тутамд 8 мг-аар тооцож 8 цагаар судсанд, эсвэл хоногт 1000-1200 мг-аар уулгана.
·        Интерферон-5 дуслаар өдөрт 3-5 удаа хамарт дусаана.
·        Адапронин , дейтирфорин, оксалин, ремантадин-50 мг-аар өдөрт 3 удаа хамарт 3-аас доошгүй хоног дусааж хэрэглэнэ.
·        Реафероныг  500.000 ЕД нэгжээр өдөрт 2 удаа 2-3 хоног цацлагаар хэрэглэнэ.
·        Ацикловир-200 мг хоногт 5 удаа 5 хоног ууна.
·        Оселтамивир фосфат / Тамифлу/ 75 мг шахмалаар өдөрт 1 удаа 7 хоногт ууна.
2.      Макролидийн болон b - лактамын бүлгийн антибиотикийг хавсарч  эсвэл дангаар хэрэглэнэ.
3.      Кортикостероид гормоныг дээрх эмүүдтэй хавсарч, уухаар болон тарихаар богино хугацаагаар хэрэглэнэ (гидрокортизоныг биеийн жингийн 1 кг тутамд 4 мг-аар тооцон 8 цаг тутамд тарих, метилпреднизолоныг хоногт 240-320 мг хүртэл тарих, эсвэл уулгах, дексаметазоныг тарих ).
4.      Дархлаа дэмжих эмчилгээ
·        Тималин-насанд хүрэгчдэд 5-20 мг
0-1  насанд –1 мг
1-3 насанд-1-2 мг
4-6 насанд-2-3 мг
7-14 насанд –3-5 мг-аар 10 хоног булчинд тарьж хэрэглэнэ.
·        Т-активин-1-2 мг/кг жинд булчинд тарьж 5-14 хоног хэрэглэнэ.
·        Левомизол-40-50 мг-аар 5-7 хоног өдөрт 1 удаа уулгана.
·        Томуугийн эсрэг гаммаглобулин 0.5 мг/кг 4-6 удаа булчинд тарина.
5.      Шинж тэмдгийн эмчилгээ
·        Ханиалга дарах, цэр ховхлох, өвдөлт намдаах, халуун бууруулах, хамар цэвэрлэх, утлага, гичтэй усанд хөл дүрэх, харшил багасгах, шээс, хаван хөөх, таталт тавиулах, цусархгийн эсрэг, хүчилтөрөгч өгөх зэрэг эмчилгээ зайлшгүй шаардлагатай, нянгийн гаралтай халдварын үед антибиотик эмчилгээ хийнэ.
6.      Эрчимт эмчилгээний арга хэмжээ
·        Амьсгалын замыг чөлөөлөх, цэр салстыг соруулах
·        Амьсгалыг дэмжих, удирдах, хүчилтөрөгчөөр амьсгалуулах
·        Зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, иллэг хийх
7. Дэглэм эмчилгээ
·        Асаргаа, сувилгаа
·        Илчлэг сайтай халуун хоолоор хооллох, шингэн сайн уулгах
·        Хэвтрийн дэглэм баримтлах
·        Агааржуулалт, агаар сэлгэлт, чийгжүүлэлт сайтар хийх
·        Витамин С-г хоногт 1000 мг хоногт уулгах
 
Ёс: Шувууны томуугийн  халдвартай тэмцэх, сэргийлэх арга хэмжээ.
9.1.     Эмнэлгийн тусламжийн удирдах газраас хэрэгжүүлэх ажил.
 
1.      Бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын шувууны томууны халдварын үед үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангуулах арга хэмжээг зохион байгуулна.
2.      Улс, хувийн хэвшлийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын шувууны томууны халдварын үеийн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх талаар хяналт тавьж ажиллана.
3.      Төгсөлтийн дараах нарийн мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтын хөтөлбөрт шинэ болон дахин сэргэж байгаа халдваруудын талаар хичээл оруулна.
4.      Эрүүл мэндийн байгууллагыг шаардагдах боловсон хүчнээр хангах, мэргэшүүлэх төлөвлөгөө боловсруулж ажиллана.
 
9.2.     Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хэрэгжүүлэх ажил
 
1.       ХӨСҮТ нь шувууны томууны халдварын мэдээг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, Төмөр замын нэгдсэн эмнэлэг, Буянт-Ухаа дахь хилийн хяналтын албанаас өдөр бүр авч нэгтгэн ЭМЯ-д мэдээлнэ.
2.       Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төмөр замын нэгдсэн эмнэлэг, иргэний агаарын тээврийн газраас халдварын талаар ирүүлсэн мэдээ, мэдээллүүдийг нэгтгэн тархвар судлалын дүгнэлт гарган, мэргэжил арга  зүйгээр хангаж ажиллана.
3.       ДЭМБ, гадаад орнуудаас халдварын талаарх мэдээ, мэдээллийг авч, иргэд, холбогдох байгууллагуудыг үнэн зөв мэдээллээр шуурхай хангаж ажиллана.
4.       Уг халдварын сэжигтэй тохиолдлыг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулж ажиллана. Шинжлэгдэхүүнийг бүсийн болон олон улсын лавлагаа лабораторит илгээж баталгаажуулах арга хэмжээг авна.
5.       Амьсгалын замын вирус судлалын лабораторийг шаардлагатай тоног, төхөөрөмж, урвалж, оношлуураар хангах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, дахин сургах арга хэмжээг тогтмол зохион байгуулна.
6.       Уг халдвартай тэмцэх, сэргийлэх талаар эмч, эмнэлгийн ажилтнуудад тасралтгүй сургалт зохион байгуулна.
Арав: Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраас шувууны томуугийн хүний өвчлөлийн голомтод авах халдвар эсэргүүцэх, сэргийлэх арга хэмжээ.
10.1.       Голомтод авах халдвар эсэргүүцэх, сэргийлэх анхны арга хэмжээ.
Шувууны томууны халдварын сэжиг илэрсэн үед анхны онош тавьсан эмч, эмнэлгийн ажилтан халдвар эсэргүүцэх арга хэмжээг дараах байдлаар зохион байгуулна:
1.       Шувууны томууны халдварын сэжигтэй өвчтөнийг үзэж анхны онош тавьсан тохиолдолд өвчтөнд амны хаалт зүүлгэн тэнд нь түр тусгаарлан хавьтлын хүмүүсийг тодруулан, тусад нь байлган цаашид хүн үзэх, орох, гарах хөдөлгөөнийг зогсоож, шувууны томууны халдварын сэжигтэй өвчтөн илэрсэн тухай мэдээг эмнэлгийн удирдлага, харьяа Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ-ийн 100 тоот утсанд яаралтай мэдээлнэ.
2.       Шувууны томууны халдварын сэжигтэй дуудлагад яваа эмч, ариутгагч, жолооч I зэргийн хамгаалах хувцас өмсөн өвчтөнг үзэж, өвчтөн, хавьтагсдыг тусгаарлан, голомтод эцсийн халдваргүйтгэл хийнэ.
3.       Хавьтлуудыг бүртгэн тогтоож, 12-оос дээш насны хүүхэд, насанд хүрэгчдийг 7 хоног, 12 наснаас доош насны хүүхдийг 21 хоног гэрт нь тусгаарлан хөл хорионд байх талаар заавар зөвлөгөө өгнө.
4.       Цогцос, түүнийг тойрсон эд зүйлсийг эмгэг судлал, лабораторийн шинжилгээ хийж, хариу гартал хамгаалалтад байлгана.
5.       Шувууны томууны халдварын сэжигтэй, магадлал өндөртэй, батлагдсан тохиолдлыг сар бүрийн 25-ны өдрөөр тасалбар болгон, халдварт өвчнийг мэдээлэх журмын дагуу Эмнэлгийн тусламжийн удирдах газар /ЭТУГ/-д мэдээлнэ.
10.2.       Шувууны томууны сэжигтэй, магадлал өндөртэй тохиолдлуудад авах халдвар эсэргүүцэх арга хэмжээ
1.      Шувууны томууны халдварын сэжигтэй, магадлал өндөртэй тохиолдлыг халдвартын эмнэлэгт тусгаарлана.
2.      Шувууны томууны халдварын  сэжигтэй, өвчтэй хүнийг илрүүлэхдээ дараах асуумжийг  заавал авна. Үүнд:
·        Огцом өндөр халуурах /38 хэмээс дээш/,
·        Ханиалгах
·        Хоолой өвдөх,
·        Амьсгалахад бэрхшээлтэй болох
·        Эмнэлзүйн шинж тэмдэг эхлэхээс 7 хоногийн өмнө шувууны томууны голомттой бүс, нутгаар аялсан
·        Шувууны томуугийн халдварын сэжигтэй, магадлал өндөртэй тохиолдолтой ойрын хавьталд байсан
·        Шувууны аж ахуй эрхэлдэг, түүний бүтээгдэхүүн хэрэглэсэн, худалдаалсан эсэхийг тус тус асууна.
10.3.       Шувууны томуугаар өвчилсөн амьтадтай хавьтал болсон үе дэх авах арга хэмжээ
·        Хэрвээ өвчтэй болон үхсэн амьтадтай хавьтал болсон үед гараа сайтар угаах, биеийн халуунаа 4 өдрийн турш хянана. Хэрэв халуурвал өрхийн эмчийн хяналтад орж, вирусийн эсрэг эмүүдийг эмчийн заавраар хэрэглэнэ.
·        Томуугаар үхсэн шувуудтай хавьтал болсон, тэдгээр шувуудын ялгадсаар бохирлогдсон эд зүйлстэй харьцсан бол өрхийн эмчийн хяналтад орж, урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлүүлнэ.
·        Мал эмнэлгийн мэргэжилтний зөвлөмж, шийдвэрийг баримтлан үхсэн тахиа, шувууг устгана.
·        Мал эмнэлгийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу бохирлогдсон газар, орон байрыг тахиа, шувууны ялгадаснаас цэвэрлэнэ.
·        Мал эмнэлгийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу тахианы байранд дахь ялгадсыг халдваргүйжүүлнэ.
10.4.       Өвчилсөн хүнийг асрамжлан сувилж байсан голомттой бүс нутгаас ирсэн хүмүүсийг халдвар авахаас хамгаалах арга хэмжээ
·        Шувууны томуу бүртгэгдсэн газраар зорчоод ирсэн хүмүүсийг халдварын нууц үеийн хугацаанд эмчийн хяналтад авч, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийнэ.
·        Өвчтөн, түүний эд зүйлстэй харьцахдаа хувийн хамгаалах өмсгөл өмсөнө.
·        Хувийн хамгаалах хэрэгслийг өөртөө тохируулж хэрэглэх, ялангуяа амны хаалтыг тохируулна.
·        Малгай, нүдний шил, амны хаалт, халаад, бээлий, хормогч, резинэн гутал, урт ханцуйвч өмсөнө.
·        Халдвартай газраас гарч явахдаа бүх хэрэглэл, өмсгөлөө тайлаад, тусгай уутанд хийж, гараа савантай бүлээн усаар маш сайн угаах хэрэгтэй.
·        Хэрэв халдвартай үедээ байгаа өвчтөнтэй хавьтал болсон үед (насанд хүрэгчдэд 7 хоног, хүүхдэд 21 хоног) эмчид үзүүлж, вирусийн эсрэг эм хэрэглэнэ. Хавьтал болсноос хойш 4 хоногийн турш биеийн халууныг өдөрт 2 удаа үзэж, тэмдэглэл хөтөлнө.
10.5.       Эрүүл мэндийн ажилтныг  халдвараас хамгаалах  арга хэмжээ
Шувууны томуугаар өвчилсөн өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн ажилтан халдвар дамжихаас сэргийлэх талаар мэдлэгтэй байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажиллаж, үйл ажиллагаа тутамдаа тэмдэглэл хөтөлж байна.
Вирусийн эсрэг бэлдмэлээр урьдчилан сэргийлэх ба томууны эсрэг вакциныг хийлгэсэн байна.
Шувууны томуутай өвчтөнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ажилтанд дараах зөвлөмжийг өгнө.
ДЭМБ-ын зөвлөмж болгосон томууны эсрэг вакциныг хоёр долоо хоногийн өмнө тариулсан байна. Энэ нь А (H5N1) вирусийн халдвараас бүрэн хамгаалж чадахгүй боловч хүний ба шувууны томуугаар нэгэн зэрэг халдвар авахаас сэргийлэх, эдгээр вирусүүдийн дахин халдварлах боломжийг бууруулах юм. Халдварт өртсөнөөс хойш Оселтамивир /Тамифлу/ 75 мг таблеткаар өдөрт нэг удаа, 7-оос доошгүй хоног ууна. Вирусийн эсрэг сэргийлэх эмчилгээг халдварын хавьтал болсноос хойш 2 хоногийн дотор эхлэх ба 6 долоо хоног хүртэл хугацаагаар хийнэ. 10.6.       Эмч, эмнэлгийн ажилтнаас авч хэрэгжүүлэх  хувийн хамгаалах арга хэмжээ Өдөрт 2 удаа биеийнхээ халууныг хэмжих, халуурах, өвөрмөц ханиалгалт зэрэг амьсгалын замын эмгэгийн шинжүүд илэрч байгаа эсэхийг хянана. Өдөр бүр хоолойгоо зайлж байна. Бүх ажилтнууд өвчтөнтэй хавьтал болсон тухай бүрт тэмдэглэл хөтөлж байна. Халуурах шинж илэрч байгаа бол ажлаа нэн даруй зогсоож, өрөө, гэрээсээ гарахгүй эмнэлгийн удирдлагадаа мэдэгдэнэ. Гэр бүлийн гишүүддээ өвчний шинж тэмдэг илэрч байгаа талаар ажиглалт хийнэ.
10.7.       Шувууны аж ахуй эрхлэгч байгууллагуудаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ
1.      Шувуу, түүний гаралтай бүтээгдэхүүнийг импортлохоос татгалзах
2.      Аж ахуйн нэгждээ халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх, цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ариутгалыг стандартын дагуу хийх
3.      Өвчлөл гарсан байж болзошгүй тохиолдолд эрүүл мэнд, хөдөө аж ахуйн хяналтын байгууллагуудад яаралтай мэдээлэх
4.      Халдвараас сэргийлэх талаар сургалт сурталчилгааг зохион байгуулах
5.      Хамгаалах хувцсаар хангах
6.      Ажилчдаа томуунаас сэргийлэх вакцинаар дархлаажуулах
7.      Хавьтал болсон үед эмчийн зааврын дагуу сэргийлэх эмчилгээ хийлгэх
8.      Томуугаар үхсэн байж болзошгүй шувууг мал эмнэлгийн байгууллагаас батлагдсан журмын дагуу шатааж устгах
10.8.       Хавьтагсдыг хяналтаас хасах
·        Өвчний сэжигтэй тохиолдлыг халдвартын нарийн мэргэжлийн баг, эмчийн үзлэг, лабораторийн шинжилгээгээр шувууны томуу болох нь батлагдвал тухайн өвчтөний хавьтагсдыг хяналтаас хасаж, тэмдэглэл хөтөлнө.
·        Шувууны томууны магадлал өндөртэй, батлагдсан тохиолдлуудын хавьтагсдаас насанд хүрэгчдэд 7, хүүхдэд 21 хоногийн хугацаанд эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй бол тархвар судлаач эмч, өрхийн эмч хамтран тэмдэглэл хөтлөн хяналтаас хасаж, тэмдэглэлийн нэг хувийг ХӨСҮТ-д ирүүлнэ.
10.9.       Шувууны томуугийн халдварын  голомтонд хөл хорио тогтоох
1.            Хөл хорио тогтоох, татан буулгах асуудлыг мал эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын бичгээр гаргасан саналыг үндэслэн улс, нийслэл, орон нутгийн гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн байгууллага шийдвэрлэнэ.
10.10.  Голомтын халдвар эсэргүүцэх, сэргийлэх арга хэмжээ.
1.      Голомтод тархвар судлагч эмчээр ахлуулсан баг /тархвар судлагч, халдвартын эмч, ариутгагч, жолооч/ ажиллуулна.
2.      Тархвар судлагч эмч шувууны томууны сэжигтэй, өвчтэй, хавьтлуудын хүмүүст тархвар судалгаа хийнэ.
3.      Шувууны томууны сэжигтэй, магадлал өндөртэй өвчтөнг халдвартын эмнэлэгт хэвтүүлэн, хавьтагсдыг тусгаарлах ажлыг зохион байгуулна.
4.      Тархвар судлалын холбогдол, эмнэлзүй, лабораторийн шинжилгээний дүн, бусад мэдээ баримтад үндэслэн голомтын байдалд тархвар судлалын дүгнэлт, зөвлөмж гаргана.
5.      Хавьтагсдыг бүрэн илрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн байгууллагын шийдвэрээр хавьтлыг насанд хүрэгчид 7 хоног, 12 наснаас доош хүүхдийг 21 хоног гэрийн хөл хорионд оруулж, сум, өрхийн эмчийн ажиглалтад авахуулж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд оруулна.
6.      Голомтын байнгын, эцсийн халдваргүйтгэлд сум, өрхийн эмчийн хяналт тавина.
7.      Гэрийн хөл хорионд байгаа хавьтагсдын эрүүл мэндэд сум, өрхийн эмнэлэг ажиглалт, хяналт тавьж байгаа байдалд тандалт хийнэ.
10.11.  Шувууны томууны сэжигтэй өвчтөн, ойрын хавьтагсдыг эмнэлэгт тусгаарлах, хэвтүүлэн эмчлэх
Тодорхой бус шалтгаанаар халуурсан, ханиалгасан, амьсгал давчидсан зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн, шувууны томууны тархвар судлалын өгүүлэмжтэй, өвчний сэжигтэй, магадлал өндөртэй хүнийг халдварын эмнэлгийн ялган оношлох хэсэгт хэвтүүлнэ.
Тухайн өвчтөний оношийг яаралтай тодруулж, холбогдох эмнэлэгт шилжүүлнэ.
1.      Шувууны томууг анх сэжиглэсэн, оношилсон улс, хувийн хэвшлийн эмнэлгийн эмч нар харъяа халдвартын эмнэлэг /тасаг/-ийн шувууны томууны эмнэлэгт яаралтай тусгаарлах арга хэмжээ авч, энэ тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан бүртгэх, мэдээлэх журмын дагуу аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар /ЭМГ/ болон ХӨСҮТ-д мэдээлнэ.
2.      Улсын клиникийн эмнэлэг, аймаг, сум, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд шувууны томууны шинж илэрсэн сэжигтэй өвчтөн, хавьтагсдыг шувууны томууны эмнэлэгт тусгаарлах, ялган оношлох, эмчлэх хэсэгт хэвтүүлэн эмчлэх асуудлыг халдвартын эмч, халдвар судлагч, ариутгагч, жолооч нарын бүрэлдэхүүнтэй тусгай баг шийдвэрлэнэ.
3.      12 наснаас дээш насны хүүхэд, насанд хүрсэн хавьтлуудыг 7 хоног, 12 наснаас доош насны хавьтлыг 21 хоног тус тус гэрт нь тусгаарлан, ажил хичээлээс чөлөөлж, сум, өрхийн эмчийн үзлэг, ажиглалтад байлгаж, биеийн халууныг өдөрт 2 удаа хэмжиж, амьсгалын эрхтний талаас өөрчлөлт байгаа эсэхэд хяналт тавиулна.
4.      Хавьтлуудаас шувууны томууны шинж тэмдэг /халуурах, ханиалгах, хоолой өвдөх/ илэрвэл яаралтай халдварын эмнэлэгт шилжүүлэх асуудлыг мэргэжлийн баг шийдвэрлэнэ.
5.      Шувууны томуутай өвчтөний гэр бүлийнхэн, шувууны аж ахуй, дотуур байрны оюутан, сурагчид, цэргийн хуаранд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх шуурхай төлөвлөгөө боловсруулж, уг халдварын голомтод авах халдвар эсэргүүцэх, сэргийлэх арга хэмжээний талаар мэргэжлийн зөвлөгөө албан бичгээр өгнө.
6.      Шаардлагатай тохиолдолд ХӨСҮТ-ээс мэргэжлийн зөвлөгөө авна. Нийслэлд бол ХӨСҮТ-ийн халдвартын клиникт сэжигтэй өвчтөнг шилжүүлэх асуудлыг мэргэжлийн багийн шийдвэрээр шилжүүлнэ.
7.      Өвчтөн ба хавьтагсдыг тусгаарлах, тээвэрлэхдээ хамгаалах иж бүрдэл хувцас өмсөнө.
8.      Тээврийн хэрэгсэл нь шувууны томууны үед үзүүлэх яаралтай тусламжийн багаж /жижиг оврын амьсгалын аппарат/, гар угаах, халдваргүйтгэх бодис, хамар, ам залгиурын арчдас авах ариун бамбар, савны хамт, цус авах хуруу шил, зүү тариур, эмийн бэлдмэлээр хангагдсан байна.
9.      Голомтод халдвар эсэргүүцэх арга хэмжээ эхлэхээс өмнө хавьтал голомтоос гарсан тохиолдолд харъяа эрүүл мэндийн газарт яаралтай мэдээлж, тухайн орон нутагт тусгаарлах арга хэмжээ авна.
10. Шувууны томуугаар өвчилсөн хүнийг эмчилж байгаа эмнэлэгт гадны хүн оруулах, эргэлт оруулахыг хатуу хориглож, байнгын цэрэгжүүлсэн харуул гаргаж ажиллуулна.
10.12.  Цогцост эмгэг судлалын шинжилгээ хийх, тээвэрлэх, оршуулах.
1.      Цогцостой ажиллах тохиолдол бүрд халдвар хамгааллын дэглэмийг хатуу баримтална.
2.      Шувууны томуугаар нас барсан тохиолдол бүрт эмгэг судлалын шинжилгээ хийж, лабораторийн шинжилгээнд материал дээжилнэ.
3.      Эмгэг судлалын шинжилгээг эмгэг судлаач эмч, эмнэлзүйч эмч, тархвар судлаач эмчийг байлцуулан хийж гүйцэтгэнэ.
4.      Шувууны томуугаар нас барагсдын цогцсыг эмгэг судлалын шинжилгээний байранд авчрах, оршуулах зэрэг ажилд оролцох бүх хүн I зэргийн хамгаалах өмсгөл, эмгэг судлалын шинжилгээ хийх хүмүүс I зэргийн хамгаалах өмсгөл дээр нэмэгдэл хувцсыг (хулдаасан хормогч, ханцуйвч, давхар резинэн бээлий) хэрэглэнэ. Эмгэг судлалын шинжилгээ хийхдээ тэмдэглэл хөтөлнө.
5.      Эмгэг судлалын шинжилгээнд хэрэглэсэн хамгаалах өмсгөл, дахин хэрэглэгддэггүй эд зүйлс, биологийн гаралтай эмнэлгийн хог хаягдлыг тусгай цельфон уутанд цуглуулж, шатааж устгана.
6.      Орон нутгийн гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн байгууллагын шийдвэрээр томилогдсон комисс гоц аюулт халдварт өвчний халдвартай, сэжигтэй материалтай ажиллах, халдвар эсэргүүцэх дэглэмийн зааврыг баримтлан оршуулах ажлыг гүйцэтгэж, оршуулгын ажлын явцын тухай тэмдэглэл хөтөлнө.
Арван нэг: Голомтын эцсийн халдваргүйтгэл
1.         Голомтод тархвар судлаач эмчийн хяналтын дор халдваргүйтэлийн баг ажиллана.
2           Шувууны томууны голомтод эцсийн халдваргүйтгэлийг нийслэл, аймгийн төвд 2-3 цаг, суманд 3 цаг, багт 5-6 цагийн дотор хийсэн байна.
3           Өвчний голомтод эцсийн халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн ариутгагч гүйцэтгэнэ. Ариутгагч нь ажлын үед халаад, амны хаалт, бээлий, нүдний шилтэй ажиллана. Амны хаалтыг 3 цаг тутамд солино. Халдваргүйтгэл хийсний дараа ажлын хувцас хэрэглэлийг тайлан, гараа угааж, халдваргүйтгэн, ам, хоолой, хамрыг сайтар зайлна.
4           Халдваргүйжүүлэх бодисуудын доторх үйлчлэгч бодисууд нь чанарын шаардлага хангасан, баталгаатай, вирусийг үхүүлэх хэмжээ /хувиар/ найруулагдан бэлтгэгдсэн, хүнд хоргүй, харьцангуй богино хугацаанд үйлчлэх шинж чанартай, халдваргүйжүүлж байгаа материалыг гэмтээхгүй байх шаардлагыг хангасан байна.
5           Хэрэглэж байгаа бодисууд нь мэргэжлийн байгууллагуудын чанарын баталгаатай, хэрэглэх хугацаа хэтрээгүй, зөв хадгалагдсан байна.
6           Эцсийн халдваргүйтлийг өвчтөн ба түүнтэй хавьтагсдыг эмнэлэгт тусгаарлах үед гэрт, эмчилсэн, тусгаарласан өрөө, өвчтөн эдгэрч гарах үед эмнэлэгт, нас барсан тохиолдолд нас барах үед байсан газарт хийнэ.
7           Аяга, таваг, халбага, сэрээ, хоол ундны сав суулгыг 30 минут буцалгах, жигнэх, шарах, хлорамины 1%-ийн уусмалд 30 минут байлгаж халдваргүйжүүлсний дараа цэвэр усаар сайтар зайлна.
8           Өвчтөний хоолны үлдэгдлийг 1 литрт 200 гр хуурай хлорын шохой ноогдохоор тооцон хийж, 1 цаг байлгах, эсвэл хлорын шохойн 1%-ийн сүүн уусмалд 1 цаг байлган халдваргүйжүүлсний дараа бохир усны цооногт асгана.
9           Өвчтөний орны цагаан хэрэглэл, гар нүүр, хамрын алчуур, дотуур хувцас болон ширээний бүтээлэг зэргийг 2%-ийн хлорамины уусмалд 1 цаг халдваргүйжүүлнэ.
10       Ялгадсаар бохирлогдсон цагаан хэрэглэлийг хлорамины 3%-ийн уусмалд 1 цаг байлгаж угаалгын газарт хүргэж, өвчтөний хөнжил, гудсыг дезкамерт халдваргүйтгэнэ.
11       Тоглоомыг угаагч бодистой 50-60 %-ийн халуун усаар өдөрт нэг удаа угааж, 3%-ийн хлорамины уусмалаар халдваргүйтгэнэ. Хэв нь алдагдахгүй тоглоомыг буцалгаж ариутгана.
12       Угаалгын өрөө, бие засах газрыг 3%-ийн хлорамин эсвэл 1%-ийн хлорын шохойн сүүн уусмалаар арчих буюу шүршиж халдваргүйтгэнэ.
13       Өвчтөний хавьтлын хүрээ хязгаарыг халдваргүйтгэлд бүрэн хамруулан халдваргүйтгэл хийхдээ орон байранд бол халдваргүйтлийг хийхдээ хаалганы гадна, дотор талыг шүршихээс эхэлж хоймор талаас нь хаалга хүртэл бүх цонх, хана, тааз, доторх тавилга зэргийг 3%-ийн хлорамины уусмалаар шүрших, шавших зэргээр норгож шалыг дахин халдваргүйжүүлнэ.
14       Байрны орц, хогийн пункер, бие засах газар, бохир усны цооног зэргийг 3-5%-ийн гипохлорид кальцын уусмалаар шүршиж халдваргүйжүүлнэ. Өвчтөнг зөөвөрлөсөн машиныг зохих зааврын дагуу халдваргүйжүүлнэ.
15       Өтгөн, шингэн ялгадсыг 1 литрт 400 гр хлорын шохой байхаар тооцон 2 цаг халдваргүйжүүлнэ.
16       Хөтөвчийг 3%-ийн хлорамин, 3%-ийн хлорын шохойн тунгаасан уусмалд 1 цаг, бөөлжсийг 1 литрт 200 гр хуурай хлорын шохой байхаар тооцон 1 цаг байлган халдваргүйжүүлнэ.
17       Голомтод эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн тухай тайлан бичиж ажлын хэсгийн ахлагчид тухай бүр танилцуулна.