A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЦАГДАН ХОРИГДСОН ЭТГЭЭДЭД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ, ТҮҮНИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД ЭМЧЛЭХ, ЦАГДАН ХОРИХ БАЙРАНД ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН ИРЖ ҮЙЛЧЛЭХ ЖУРАМ ЭМСЯ, ХЗЯ-ны 2016-59,А/67 тушаалаар хүчингүй болгосон
Бүлэг: 1979

ЭМСЯ, ХЗЯ-ны 2016-59,А/67 тушаалаар хүчингүй болгосон

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын

хамтарсан 2005 оны 37/64 дүгээр тушаалын хавсралт

 

 

ЦАГДАН ХОРИГДСОН ЭТГЭЭДЭД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ,

ТҮҮНИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД ЭМЧЛЭХ, ЦАГДАН ХОРИХ

БАЙРАНД ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН ИРЖ ҮЙЛЧЛЭХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг зүйл

1.1.Нийслэл дэх цагдан хорих төв, баривчлах байр, аймаг, орон нутгийн цагдан хорих, баривчлах байр /цаашид “цагдан хорих байр” гэх/-нд хоригдож буй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч /цаашид “цагдан хоригдсон этгээд” гэх/-д эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн мэргэжилтэн ирж үйлчлэхэд энэ журмыг мөрдөнө.

1.2.Цагдан хоригдсон этгээдэд энэ журамд заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээг Нийслэл дэх цагдан хорих төвийн нэгдсэн эмнэлэг, аймаг, орон нутгийн нэгдсэн эмнэлэг, түүнчлэн бусад төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг үзүүлнэ.

1.3.Цагдан хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Цагдан хорих байрны дотоод журам, тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт болон энэ журмыг мөрдөнө.

Хоёр.Цагдан хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх

2.1.Цагдан хоригдсон этгээдэд тухайн цагдан хорих байрны эмч эрүүл мэндийн үзлэг хийж, шарх, сорви, гэмтэлтэй эсэх, биеийн ерөнхий байдал, жин, өндрийг тус тус тодорхойлсон бичилтийг эрүүл мэндийн дэвтэрт хийнэ.

2.2.Нийслэл дэх цагдан хорих төвийн нэгдсэн эмнэлгийн болон аймаг, орон нутаг дахь цагдан хорих байрны түүнчлэн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн эмч цагдан хоригдсон этгээдэд энэ журамд заасны дагуу эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

2.3.Аймаг, орон нутгийн цагдан хорих байрны эмч эрүүл ахуйн шаардлага хангасан өрөөтэй байж, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1998 оны А/250 тоот тушаалын хавсралтын 2-т заагдсан “Анхны тусламжийн багц багаж хэрэгсэл”-ээр хангагдсан байна.

2.4.Цагдан хоригдсон этгээд, түүний дотор сахилгын өрөөнд хоригдсон этгээдэд эмч өдөр тутам үзлэг хийж эрүүл мэндэд нь байнгын хяналт тавина.

2.5.Сахилгын өрөөнд хоригдож байгаа этгээдийг эрүүл мэндийн хувьд уг өрөөнд байлгах боломжгүй нь эмчийн үзлэгээр тогтоогдвол тухайн этгээдийг сахилгын өрөөнөөс цагдан хорих өрөөнд шилжүүлэхийг цагдан хорих байрны захиргаа хариуцна.

2.6.Нийслэл дэх цагдан хорих төвийн нэгдсэн эмнэлэг нь аймаг, орон нутгийн цагдан хорих байранд хоригдож байгаа цагдан хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж болно.

2.7.Цагдан хоригдсон этгээд өлсгөлөн зарласны улмаас амь насанд нь аюул учирч болох тохиолдолд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 1999 оны А/26/10 тоот тушаалыг баримтлан эмнэлгийн албадлагын арга хэмжээ авна.

Гурав.Цагдан хоригдсон этгээдийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн мэргэжилтэн ирж үйлчлэх

3.1.Нийслэл дэх цагдан хорих төвийн нэгдсэн эмнэлэг нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1998 оны А/361 тоот тушаалаар батлагдсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээний гуравдагч шатлалын тусламж”, 2002 оны 306 тоот тушаалаар батлагдсан “Даатгуулагчид амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэхэд үзүүлэх тусламж, үйлчилгээ болон түүнийг үзүүлэх Эрүүл мэндийн байгууллагын жагсаалт”-д заасан эмнэлгийн тусламжийн хоёрдогч шатлал, Эрүүл мэндийн сайд, Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 1995 оны А/165, 209, 236 тоот тушаалуудыг удирдлага болгон ажиллана.

3.2.Эрүүл мэндийн сайдын 2002 оны 265 тоот тушаалын хавсралтад дурдагдсан өвчин эмгэгтэй, халдварт болон хүнд өвчтэй, биедээ гэмтэлтэй, мэс ажилбар нэн даруй хийгдэх шаардлагатай нь Нийслэл дэх цагдан хорих төвийн, эсхүл аймаг, орон нутгийн нэгдсэн эмнэлгийн эмчийн үзлэгээр тус тус тогтоогдвол цагдан хоригдсон этгээдийг цагдан хорих төвийн, эсхүл аймаг, орон нутгийн нэгдсэн эмнэлэгт тус тус хэвтүүлж болно.

3.3.Эрүүл мэндийн сайдын 2005 оны 25 тоот тушаалын 2 дугаар хавсралтын нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо, ес, арав, арван нэгд дурдагдсан өвчнөөр цагдан хоригдсон этгээд өвчилсөн нь Нийслэл дэх цагдан хорих төвийн, эсхүл аймаг, орон нутгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын зөвлөлгөөний шийдвэрээр тогтоогдсон бол уг этгээдийг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт шилжүүлэх арга хэмжээг энэ журмын 3.4, 3.5-д заасны дагуу зохион байгуулна.

3.4.Энэ журмын 3.3-д заасан өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Нийслэл дэх цагдан хорих төвийн нэгдсэн эмнэлгийн захиргаа, цагдан хорих байрны эмч, аймаг орон нутгийн нэгдсэн эмнэлгийн эмч тус тус төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт дуудлагыг өгнө.

3.5.Энэ журмын 3.4-д заасан дуудлагыг үндэслэн цагдан хорих байранд цагдан хоригдож буй, түүнчлэн Нийслэл дэх цагдан хорих төвийн нэгдсэн эмнэлэгт болон аймаг, орон нутгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа этгээдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн мэргэжилтэн ирж үйлчилнэ.

3.6.Эмнэлгийн мэргэжилтэн эмчилгээ, үйлчилгээг цагдан хорих байранд ирж үзүүлсэн тохиолдолд эмчилгээний материал, түүний сав, баглаа боодол зориулалтын дагуу ашиглагдсан эсэхэд тавих хяналтыг цагдан хорих байрны захиргаа зохион байгуулна.

3.7.Энэ журмын 3.3-т заасан өвчтөний талаар тухайн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн эмч нарын зөвлөлгөөнөөр хэлэлцэн үргэлжлүүлэн хэвтүүлж эмчлэх асуудлыг шийдвэрлэн энэ тухай цагдан хорих байрны захиргаанд мэдэгдэнэ.

3.8.Цагдан хоригдсон этгээдийг аймаг, орон нутгийн нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт хэвтүүлж эмчлэх тухай эмч нарын зөвлөлгөөний шийдвэрийг холбогдох хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид цагдан хорих байрны захиргаа мэдэгдэнэ.

3.9.Аймаг, орон нутгийн нэгдсэн эмнэлэгт болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа цагдан хоригдсон этгээдийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдөөгүй бол харуул хамгаалалтыг цагдаагийн байгууллага хариуцна.

3.10.Цагдан хоригдсон этгээдийн биеийн байдал хүнд буюу тусгайлан асаргаа сувилгаа шаардлагатай бол ар гэрийнхний нь хүсэлтийг харгалзан мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн зөвшөөрлөөр түр сахиуртай байлгаж болно.

3.11.Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа цагдан хоригдсон этгээд батлан даалтад гарах, түүнчлэн эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд болон шүүх хуралдаанд оролцохоор түр хугацаагаар гарах, ирэх, мөн цагдан хорих нэг байрнаас нөгөөд шилжих тохиолдолд цагдан хорих байрны эмч болон эмнэлгийн эмч түүний эрүүл мэндийн байдлын талаар үзлэг хийж эрүүл мэндийн дэвтэрт нь бичилт хийнэ.

3.12.Цагдан хоригдсон этгээдийг эрүүл мэндийн байгууллагад хэвтүүлж эмчлэх шаардлагагүй гэж үзвэл эмнэлгийн тусламж, үйлчилгээг амбулатороор үзүүлэх бөгөөд эмч өдөр тутам эмнэлгийн үзлэг хийнэ.

Дөрөв. Бусад зүйл

4.1.Цагдан хоригдсон этгээд хуурамчаар өвчилсөн, эрүүл мэнд болон бие эрхтэндээ санаатайгаар өөрөө гэмтэл учруулсан бол эмчилгээний зардлыг хувиасаа нөхөн төлнө.

4.2.Цагдан хоригдсон этгээд бусдад гэмтэл учруулбал тэдгээрийн эмчилгээний зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.

4.3.Нийслэл дэх цагдан хорих төвийн нэгдсэн эмнэлэг, цагдан хорих байр нь ажлын уялдаа холбоо бүхий эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах гэрээг хууль тогтоомж, энэ журмын хүрээнд байгуулж болно.