- Нүүр
- Сайдын тушаал
- СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТЭЙ ЭТГЭЭДИЙГ АЛБАДАН ЭМЧЛЭХ ТУХАЙ
Эрүүл мэндийн сайд, Улсын Ерөнхий прокурорын 2005 оны 152/188 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТЭЙ ЭТГЭЭДИЙГ АЛБАДАН ЭМЧЛЭХ ТУХАЙ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээд /цаашид "өвчтэй этгээд" гэх/-ийг албадан эмчлэхэд Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль зэрэг албадан эмчлэх газрын нөхцөл, дэглэм тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад журмыг баримтална.
1.3. Өвчтэй этгээдийг албадан эмчлэх эмнэлэг нь Эрүүл мэндийг хамгаалах технологи-Сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5081:2001 стандартад зааснаар зохион байгуулагдан ажиллана.
1.4. Албадан эмчлэх эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харьяа Сэтгэцийн эмгэг, наркологийн төв мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллана.
Хоёр. Албадан эмчлэгдсэн хүмүүст үзүүлэх тусламж, үйлчилгээ
1.1. Албадан эмчилгээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дараах төрлөөр үзүүлнэ. Үүнд:
а/ эрүүл мэндийн анхан шатны тусламж;
б/ стационарын тусламж;
в/ эмийн үйлчилгээ;
г/ сэтгэцийн нөхөн сэргээлтийн тусламж;
д/ сэтгэл засал /АА/ эмчилгээ.
1.2. Албадан эмчилгээнд дараах зарчмыг баримтална.
а/ хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэнэ;
б/ хүний эрүүл мэндэд харшлахгүй эм, биобэлдмэлийг ашиглана;
в/ эмчлүүлэгчдийн нууцыг хадгална.
1.3. Өвчтэй этгээдийн доорх бичиг баримтыг үндэслэн сэтгэцийн эмгэг, наркологийн их эмч, тоо бүртгэгч, харуул хамгаалалтын ажилтан нар хүлээж авна.
а/ шүүхийн шийдвэрийн хуулбар;
б/ эмнэлгийн байгууллагын комиссын дүгнэлт;
в/ иргэний үнэмлэх /үнэмлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гарах үеийн цээж зураг/;
г/ эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр /байхгүй тохиолдолд хуульд заасны дагуу бүрдүүлнэ/;
д/тухайн өвчтэй этгээдэд холбогдох хэргийн материалын хуулбар.
1.4. Өвчтэй этгээдэд ерөнхий мэргэжлийн болон сэтгэцийн эмгэг наркологийн эмчийн үзлэгийг хийж "Эрүүл мэндийг хамгаалах технологи, эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд" MNS 4621-98 стандартын дагуу өвчний түүх нээж, үндсэн ба дагалдах, хавсрах өвчний оношийг тогтоож, эмчилгээний аргаа боловсруулна.
1.5. Эмчилгээг Эрүүлийг хамгаалах технологийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ MNS53961-1:2004 стандартын дагуу явуулна.
1.6. Өвчтэй этгээд эмчилгээ хийлгэхээс татгалзвал түүнд харуул хамгаалалтын дор эмчийн заавраар албадан эмчилгээг хийж, тухай бүрт нь өвчтөний түүхэнд тэмдэглэл үйлдэж хувийн хэрэгт хадгална.
1.7. Эмчилгээг өвчний онцлог, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийнэ.
1.8. Өвчтэй этгээдийн биеийн байдал, өвчний явц, эмчилгээний үр дүнг харгалзан энэ журмын 3 дугаар зүйлд заасан өвчтэй болох нь эмч нарын дүгнэлтээр нотлогдвол албадан эмчлэх эмнэлэг эмчилгээг хугацаанаас өмнө зогсоох хүсэлтээ шүүхэд гарган шийдвэрлүүлнэ.
1.9. Өвчтэй этгээдэд сэтгэцийн эмгэг, наркологийн эмчилгээнээс гадна бусад төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээ шаардлагатай тохиолдолд ЭМС-ын 2005 оны 25 дугаар тушаалаар батлагдсан "Алсын түргэн тусламжийг үзүүлэх журам"-ын дагуу төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн дуудлага өгч тусламж, үйлчилгээг явуулна.
1.10. Өвчтэй этгээдийн эмчилгээний болон ердийн хоолны хоногийн илчлэг нь 3400 ккал-оос багагүй байх бөгөөд хоолны илчлэгийг мэргэжлийн байгууллагаар сар бүр тодорхойлуулна.
1.11. Эмчилгээ дууссан болон зогсоосон тухай мэдэгдлийг эмчлүүлэгчийн харьяалах нутаг дэвсгэрийн засаг дарга, цагдаагийн байгууллага, сэтгэц наркологийн эмч нарт 7 хоногийн дотор хүргүүлнэ.
Гурав. Албадан эмчилгээ хийхэд харшлах өвчний жагсаалт
3.1. Идэвхтэй хэлбэрийн сүрьеэ;
3.2. Хорт хавдар;
3.3. Зүрх судасны дутмагшил;
3.4. Амьсгалын дутмагшил;
3.5. Элэгний дутмагшил;
3.6. Уналт /эпилепси/;
3.7. Жирэмсэн.
Текст томруулах
A
A
A