A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЗААВАР/НХХС, ЭМС-ын 2003 оны 144/255 тоот тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав/
Бүлэг: 1979
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2003 оны 38/66 тоот хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт
 
ЭМНЭЛГИЙН ХУУДАС ОЛГОХ ЗААВАР
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.           Энэ зааврын зорилго нь Нийгмийн даатгалд даатгуулж шимтгэл төлсөн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч, төрийн албан хаагч, аж ахуйн нэгж байгууллагын болон иргэний малыг тэдэнтэй байгуулсан гэрээний дагуу маллаж байгаа малчин, сайн дураар даатгуулагч, Монгол улсад байнга оршин суудаг, тус улсын аль нэгэн байгууллагад ажиллаж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн, түүнчлэн тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа гадаадын байгууллага, аж ахуйн нэгжид ажилладаг Монгол улсын иргэд, цэргийн албан хаагч, ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаныг тодорхойлох, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох үндсэн баримт болох эмнэлгийн хуудсыг хэвлүүлэх, бичих, хяналт тавих үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1.2.           Эмнэлгийн хуудсыг клиникийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймаг дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлэг, нутаг дэвсгэрийн амбулатори, сум, сум дундын эмнэлэг, өрхийн эмнэлэг, ор бүхий хувийн хэвшлийн эмнэлэг, рашаан сувиллын клиник тасаг, УБ төмөр замын нэгдсэн эмнэлэг, төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, зэвсэгт хүчний клиникийн төв эмнэлэг, тэдгээрийн анги, салбарын эмнэлэг (цаашид эмнэлгийн байгууллага гэх) бичиж олгоно.
1.3.           Эмнэлгийн хуудас нь улсын нэгдсэн дугаартай хэвлэмэл маягт байна. Эмнэлгийн хуудсыг улсын хэмжээний хэрэгцээг үндэслэн хэвлүүлэн, аймаг, нийслэлийн дүүргийн захиалгын дагуу хуваарилж тараах ажлыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар гүйцэтгэнэ.
Хоёр.Эмнэлгийн хуудас олгох журам
2.1.           Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 17, 191, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 13, цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 15-р зүйлд заасны дагуу хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан иргэд, жирэмсэн болон амаржсан эх (даатгуулагч)-д нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, үйлдвэрлэлийн ослын болон мэргэжлээс шалтгаалах өвчний акт, өвчний түүх, амбулаторийн картыг үндэслэн эмнэлгийн хуудас олгоно. Үүнд:
а.Ердийн, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, энэ зааврын 1.1-д заасан иргэд, мөн хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн буюу эмнэлгийн заалтаар үр хөндүүлсэн эмэгтэй (даатгуулагч) хэвтэж эмчлүүлсэн бол тухайн эмнэлгийн байгууллага, амбулаториор эмчлүүлсэн бол харьяаллын болон оршин суугаа нутаг дэвсгэрийн эмнэлгийн байгууллага эмнэлгийн хуудас олгоно.
б.Клиникийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, аймаг дүүргийннэгдсэн эмнэлэгт амбулаториор, хөдөө орон нутгаас харьяаллын дагуу ирж эмчлүүлэгчид эмнэлэгт өвчтөн илгээх хуудас (ЭМД №36А)-тай бол тухайн эмнэлгийн байгууллага нь эмнэлгийн хуудас олгоно. Харин яаралтай тусламж зайлшгүй шаардлагатай болон амь насанд аюул учруулж болзошгүй өвчин эмгэгийн улмаас хэвтэж эмчлүүлсэн бол эмнэлгийн хуудас олгоно.
в.Даатгуулсан иргэд байнга оршин суугаа газраасаа өөр газарт албан томилолтоор яваа буюу ээлжийн амралттай байгаа хугацаандаа өвчилсөн бол амбулаториор тав хүртэл хоног, хэрэв эмнэлэгт хэвтэж эмчлүүлбэл эмчлүүлсэн хугацаанд нь тухайн эмнэлгийн байгууллага эмнэлгийн хуудас олгоно.
г.Эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаадад явж эмчлүүлэгчдийн хийлгэсэн шинжилгээ, олгосон магадалгаа, амбулаторийн картыг үндэслэн анх илгээсэн эмнэлгийн эмч нарын зөвлөлгөөний шийдвэрийг үндэслэн эмнэлгийн хуудас олгоно.
д.Гадаадад албан болон хувийн хэргээр явж байхдаа хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд өвчний түүхийн хуулбарыг үндэслэн харъяаллын эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр эмнэлгийн хуудас олгоно.
е.Сайн дурын даатгуулагч эмнэлэгт хэвтсэн бол эмнэлэгт хэвтсэн хугацаанд нь, амбулаториор эмчлүүлбэл тухайн эмнэлгийн байгууллага 5 хүртэл хоногийн эмнэлгийн хуудас олгоно.
ж.Цэргийн албан хаагч өвчилсөн, осолд өртсөн, мөн цэргийн албан хаагч-эмэгтэй хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн тохиолдолд энэ зааврын 1.2 дугаар зүйлд заасан цэргийн эмнэлгийн байгууллага эмнэлгийн хуудас олгоно.
2.2.           Аймаг, нийслэл, дүүргийн эмнэлгийн байгууллагаас олгох эмнэлгийн хуудсыг дүн бүртгэлийн их (бага) эмч, сумын эмнэлэг болон бусад эмнэлгээс олгох эмнэлгийн хуудсыг эмчлэгч их эмч бичиж олгоно.
2.3.           Энэ зааврын 2.1.-Д заасны дагуу бичигдсэн эмнэлгийн хуудсыг эмнэлгийн байгууллагын дарга (эрхлэгч) хянаж, гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна.
2.4.           Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа 14 хоногоос дээш хугацаагаар алдсан тохиолдолд эмнэлгийн хуудсыг 14 хоног тутамд бичиж олгох бөгөөд эмчлүүлэгч өөрөө хүсвэл өвчилсөн хугацааг нэгтгэн нэг удаа бичүүлж болно.
Заавал болон сайн дураар даатгуулагч жирэмсэн ба амаржсан эхэд эмнэлгийн хуудсыг 60 хоногийн хугацаагаар 2 удаа бичнэ.
2.5.           Эмнэлгийн хуудсыг буруу бичсэн, засварласнаас хүчингүй болсон, мөн үрэгдүүлсэн тохиолдолд буруутай этгээдээр эмнэлгийн хуудасны үнийг гурав нугалж төлүүлнэ. Энэ нөхцөлд эмнэлгийн хуудсаар тэтгэмж олгоогүй талаар аж ахуйн нэгж, байгууллагын тодорхойлолт, уг хуудсыг хүчингүй болгосон тухай зарлуулсан тасалбар, үнийг төлсөн баримтыг үндэслэн анх хуудас бичсэн эмнэлгийн байгууллага дахин бичиж олгоно.
2.6.           Эмнэлгийн хуудсанд өвчний оношийг (олон улсын өвчний ангиллын шифрээр) бичиж, эмнэлгийн хуудсыг эмнэлгээс гарсан өдөрт нь буюу эмчлүүлж дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор бичиж олгоно. Жирэмсний ба амаржсаны эмнэлгийн хуудсыг жирэмсний амралт эхэлснээс хойш болон амаржсаны дараа 14 хоногийн дотор бичиж олгоно.
2.7.           Эмнэлгийн хуудасны улирлын мэдээг сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага дараа улирлын эхний сарын 15-ны дотор, аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын байгууллага тухайн сарын 25-ны дотор Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт ирүүлнэ.
Гурав. Эмнэлгийн хуудас бичих хугацаа
3.1             Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдахаас өмнө 3, түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч хөдөлмөрийн чадвараа алдаж өвчилсөн тохиолдолд дээд хязгаар нь хуанлийн 91 хоногоос, жилд удаа дараа өвчилсөн тохиолдолд 182 хоногоос хэтрэхгүй хугацааны эмнэлгийн хуудсыг олгоно. Хүүхдээ 196 хүртэл хоног тээгээгүй дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн эмэгтэй (даатгуулагч)-д энэ заалт мөн адил хамаарна.
3.2             Хорт хавдар, сүрьеэгээр анх өвчлөхөд хуанлийн 182 хоногоос хэтрэхгүй хугацааны эмнэлгийн хуудсыг олгоно.
3.3             Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан даатгуулагчид нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан эмнэлгийн хуудас олгоно. Эмнэлгийн хуудас олгох хугацааны дээд хязгаар нь хуанлийн 182 хоногоос хэтрэхгүй байна.
3.4             Цэргийн албан хаагч хөдөлмөрийн чадвараа түр алдаж өвчилсөн, осолд өртсөн тохиолдолд дээд хязгаар нь ердийн өвчнөөр өвчлөхөд 91 хоногоос, хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчлөхөд 182 хоногоос тус тус хэтрүүлэхгүйгээр эмнэлгийн хуудсыг бичиж олгоно. Хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн цэргийн албан хаагч эмэгтэй энэ заалтад нэгэн адил хамаарна. Цэргийн албан хаагч хуанлийн жилд удаа дараа өвчилсөн тохиолдолд эмнэлгийн хуудсыг нийтдээ 182 хоногоос илүүгүй хугацаанд олгоно.
3.5             Даатгуулагч хөдөлмөрийн чадвар алдаж энэ зааврын 3.1 дүгээр зүйлд заасан хугацаа дууссан тохиолдолд тэтгэмжийн даатгалын санд 3 сараас доошгүй хугацаагаар шимтгэл төлсөн нөхцөлд дахин тэтгэмж олгогдох бөгөөд эмнэлгийн хуудас авах эрх үүснэ.
3.6             Эмчлэгч их эмч амбулаториор эмчлүүлсэн даатгуулагчид эмнэлгийн хуудсыг нэг удаад 5 хүртэл хоног, нийтдээ 14 хоногоос илүүгүй хугацаагаар олгоно.
3.7             Амбулаториор эмчлүүлсэн даатгуулагчид 14-өөс дээш хоногоор эмнэлгийн хуудас олгох шаардлага гарвал тухайн эмнэлгийн байгууллагын эмч нарын зөвлөлгөөнөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ. Энэ нөхцөлд уг өвчтөний биеийн байдал түүнд хийсэн шинжилгээний дүнг эмчилгээ чанарын алба 7 хоног тутамд хэлэлцэж эмнэлгийн хуудас бичих хугацааг сунгуулж болох боловч нийтдээ ердийн өвчнөөр өвчлөхөд 30 хоног, ахуйн осол, үйлдвэрлэлийн осол, хорт хавдар, сүрьеэгээр анх өвчлөхөд 90 хоногоос хэтрэхгүй байна.
3.8             Эмнэлгийн хуудас дараах тохиолдолд олгохгүй, шаардлагатай бол магадлагаа олгоно. Үүнд:
3.8.1       Өөрийн эрүүл мэндэд санаатайгаар гэм хор учруулсан, хуурамчаар өвчилсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, эмчилгээнээс санаатайгаар зайлсхийсэн нь тогтоогдсон тохиолдолд;
3.8.2       Өвчтөн асарсан
3.8.3       Халдварт өвчний улмаас хөл хорьж тусгаарласан
3.8.4       /НХХС, ЭМС-ын 2003 оны 144/255 тоот тушаалаар 3.8.4 дэх хэсгийг хүчингүй болгосон/
3.8.5       Өөрийн хүсэлтээр гоо сайхны мэс засал хийлгэсэн
3.9.           Эмнэлгийн байгууллага нь эмнэлгийн хуудас олгосон тухай тусгай бүртгэл хөтөлж, эмнэлгийн хуудсыг асуултын дагуу засваргүй гаргацтай тодорхой бичиж даатгуулагчид олгох ба бүртгэлийн нэг хувийг харъяалах нийгмийн даатгалын хэлтэс, тасаг (ажилтан)-т cap бүр өгч тооцоо хийнэ.
3.10.       Эмнэлгийн хуудас авсан заавал даатгуулагч нь ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад, сайн дурын даатгуулагч нь харъяалах нийгмийн даатгалын байгууллагад тус тус өгнө.
3.11.       Аж ахуйн нэгж, байгууллага болон нийгмийн даатгалын байгууллага эмнэлгийн байгууллагаас ирүүлсэн заавал ба сайн дурын даатгуулагчийн эмнэлгийн хуудасны ар талын тэтгэмж олголт гэсэн хэсэгт нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 18,19, 192, нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн тухай хуулийн 14,15, цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн 16, 17-д заасан хувь хэмжээгээр ажлын өдрөөр тус тус бодож, ажил олгогчоос болон нийгмийн даатгалын байгууллагаас олговол зохих тэтгэмжийг тооцон олгоно.
3.12.       Ажил олгогч нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгосон эмнэлгийн хуудсыг нийгмийн даатгалын маягт №10, нэхэмжлэлийн хамт эмнэлгийн хуудас бичсэнээс хойш 28 хоногийн дотор нийгмийн даатгалын хэлтэс, тасаг (ажилтан)-д ирүүлж тооцоо хийнэ.
3.13.       Нийгмийн даатгалын хэлтэс, тасаг (ажилтан) нь тэтгэмж бодолт, олголтыг тулган шалгаж 21 хоногийн дотор ажил олгогчдод тэтгэмжийн мөнгийг шилжүүлнэ.
Дөрөв. Эмнэлгийн хуудасны бичилтэд тавих хяналт
4.1.           Нийгмийн даатгалын ерөнхий газар, тэдгээртэй шууд харилцдаг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын салбар, сумын нийгмийн даатгалын төлөөлөгч эмнэлгийн байгууллагаас олгож буй эмнэлгийн хуудасны олголт, бичилт, зарцуулалт, мөн аж ахуйн нэгж, байгууллагаас даатгуулагчид олгож буй тэтгэмжийн хэмжээнд Эрүүл мэндийн яам, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, эмнэлгийн байгууллагын дарга (эрхлэгч), эмнэлгийн хуудасны онош, оношны үндэслэл, амбулаторийн карт болон өвчний түүхийн бичилт, хөтлөлтөд, цэргийн албан хаагчдын хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудасны бичилт, олголт, зарцуулалт, олгосон тэтгэмжийн хэмжээ, онош, оношны үндэслэлд зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, хорих ял эдлүүлэх дээд шатны байгууллага, Эрүүл мэндийн яамны холбогдох ерөнхий мэргэжилтэн тус тус хяналт тавина.
Тав. Бусад
2.1.           Нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь заалт болон Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
2.2.           Эмнэлгийн хуудас олгохтой холбогдож гарсан гомдлыг тухайн эмнэлгийн байгууллагын ерөнхий эмч, чанарын менежер нар хянан шийдвэрлэх бөгөөд энэ шийдвэрийн талаарх гомдлыг эмнэлгийн байгууллагын эмчилгээний чанар хяналтын комисс барагдуулна. Гомдол гаргагч нь уг комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо Эрүүл мэндийн яам болон Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт гаргана.