A

A

A

Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайдын 2002 оны 05 сарын 27-ны өдрийн 144 тоот тушаалын хавсралт
 
 
ХҮНИЙ ИХ ЭМЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ, ХҮНДЭТГЭЛ ҮЙЛДЭХ ЖУРАМ
 
1.             Монгол улсын болон гадаадын Анагаах ухааны дээд боловсрол эзэмшүүлэх зөвшөөрөл бүхий сургуулийг "Хүний их эмчийн мэргэжлээр" төгсөж, эмчлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан хүн бүхэн Хүний их эмчийн тангаргийг ёс төртэйгөөр өргөнө.
2.             Тангараг өргөх ёслолын ажиллагааны байрыг ёслол төгөлдөр тусгайлан бэлтгэж Монгол Улсын Төрийн сүлд, төрийн далбааг хүндэтгэлтэйгээр байрлуулна.
3.             Тангараг өргөх эмч тусгайлан бэлтгэсэн байранд тогтоосон цагт хүндэтгэлтэйгээр Монгол улсын Төрийн сүлд руу харан цэх зогсоно.
4.             Тангараг өргөх ёслолын ажиллагааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан зохион байгуулан удирдана. Тангараг өргөх ёслолын ажиллагааг удирдаж байгаа албан тушаалтан, ёслолын ажиллагааг нээж, хүний их эмчийн тангаргийн бичгийг тангараг өргөгч бүрт гардуулна.
5.             Тангараг өргөх, хүндэтгэл үйлдэх ажиллагааг Эрүүл мэндийн яам, холбогдох эмнэлгийн сургуультай хамтран зохион байгуулна. Тангаргийг хамтаар өргөх бөгөөд тэргүүний төгсөгч оюутан Монгол улсын хүний их эмчийн тангаргийг цээжээр дээдлэн дуудаж бусад нь дагалдана.
6.             Тангаргийг цээжээр дээдлэн дуудаж дууссаны дараа тангараг өргөгч Монгол улсын төрийн сүлдэнд мэхийн ёсолж, зүүн өвдөг сөхрөн Монголд улсын төрийн далбаанаас адис авна.
7.             Тангараг өргөж байх үед ёслолын ажиллагаанд оролцогчид босож хүндэтгэнэ.
8.             Тангараг өргөсөн эмч нь нүүрэн талдаа Монгол улсын төрийн сүлдтэй, түүний дор "Хүний их эмчийн тангараг" гэсэн үсэгтэй, дотор талдаа Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний их эмчийн тангараг"-ийн бүрэн бичвэр бүхий тангаргийн бичигт Тангараг өргөсөн он, сар, өдөр, овог нэрээ бичиж гарын үсэг зурна.
9.             Тангараг өргөх ёслолын ажиллагааг удирдаж байгаа албан тушаалтан хүний их эмч нарт баяр хүргэж Тангараг өргөх ёслолын ажиллагааг хаана.
10.        Гарын үсэг зурсан Тангаргийн бичгийг тухайн эмчийн хувийн хэрэгт хадгална.