- Нүүр
- Сайдын тушаал
- ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ШУГАМААР НИЙЛҮҮЛЭХ ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ЗАХИАЛАХ,ХҮЛЭЭН АВАХ, ХУВААРИЛАХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайдын 2002 оны 153 тоот тушаалын хавсралт
ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ШУГАМААР НИЙЛҮҮЛЭХ ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ЗАХИАЛАХ,ХҮЛЭЭН АВАХ, ХУВААРИЛАХ ЖУРАМ
1.1. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сан, Хүүхдийн сан зэрэг /цаашид "олон улсын байгууллага" гэх/ байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн шугамаар эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл захиалах, хүлээн авах, тэдгээрийг хуваарилах асуудлыг зохицуулж, хяналт тавихад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн шугамаар нийлүүлэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн захиалга, хуваарилалт, түгээлтийг ДЭМБ-ын зайлшгүй шаардлагатай эмийн үзэл баримтлал, Монгол улсын "Эмийн тухай хууль", "Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжийн жагсаалт"-ыг удирдлага болгон явуулж, хэрэгжүүлнэ.
1.3. Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн шугамаар нийлүүлэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн захиалга, хуваарилалтын асуудлыг Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар зохицуулна.
1.4. Энэ журамд хэрэглэсэн "эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж" гэсэн нэр томъёонд эм, биобэлдмэл, вакцин, оношлуур, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг, "техник хэрэгсэл" гэсэн нэр томъёонд автомашин, компьютер, олшруулагч, принтер, самбар, телевизор, дуу, дүрс бичлэгийн аппаратыг хамруулна.
Хоёр. Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл захиалах, хүлээн авах, хуваарилах
Захиалах:
1.1. Төлөвлөгөөт жилд авах эм, эмнэлгийн хэрэгслийн /биобэлдмэл, вакцин, оношлуураас бусад/ захиалгыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар орон нутгийн хэмжээнд нэгтгэн, жил бүрийн эхний сард "Монголэмимпекс" концерн /цаашид концерн" гэх/-д ирүүлнэ.
1.2. Бусад эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн захиалгыг төслийн зохицуулагч боловсруулж, жил бүрийн нэгдүгээр сард багтаан Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар ирүүлнэ. Тус газар захиалгыг хянан нэгтгэж, санхүүжүүлэгч олон улсын байгууллагад хүргүүлнэ.
1.3. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сангийн төсөл, хөтөлбөрийн шугамаар нийлүүлэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн жагсаалт, үнийн мэдээллийг Стратегийн төлөвлөлтийн газарт ирүүлж байна.
1.4. Захиалгаар нийлүүлэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн чанарыг баталгаажуулж, дараах бичиг баримтыг ирүүлсэн байна. Үүнд:
- Эмийн бүтээгдэхүүний сертификат ( Certificate of Pharmaceutical Product, WHA 45.29 )
- Цувралын сертификат ( Batch Certificate of Pharmaceutical Product, WHA 45.29 )
- Эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хувьд Олон улсын Стандартын байгууллага ( ISO )-ын шаардлага хангасан тухай нотолгоо болон
- Хэрэглэх заавар, шошго нь Англи, Орос, Монгол хэлний аль нэг дээр бичигдсэн байна.
Хүлээн авах:
1.5. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар захиалгат бараа ачигдсан мэдээ, бичиг баримтыг санхүүжүүлэгч байгууллагаас хүлээн авсан даруй ажлын 5 хоногт багтаан Монгол улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх тухай хүсэлтийн бичгийг бэлтгэн концернид хүлээлгэн өгнө.
1.6. Тээвэрлэлт, хадгалалтын онцгой горим шаардагдах вакцин, биобэлдмэл, оношлуур зэргээс бусад барааг гаалийн агуулахаас татан авах үүргийг концерн хариуцна. Вакцин, биобэлдмэл, оношлуурын татан авалт, хадгалалт, тээвэрлэлтийг Халдварт өвчин судлалын үндэсний төв гүйцэтгэнэ.
1.7. "Хамт олон-Эрүүл мэнд", "Нөхөн үржихүйн эрүүл мэнд" төсөл, хөтөлбөрөөс бусад шугамаар нийлүүлэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гаалийн агуулахаас татан авахтай холбогдсон зардлыг барааг хэрэглэх байгууллага хариуцна.
1.8. Барааг татан авсан байгууллага тээвэрлэлтийн явцад гэмтсэн болон шаардлага хангаагүй бараа ирсэн тохиолдолд нэн даруй Эрүүл мэндийн яаманд мэдээлнэ. Чанарын шаардлага хангаагүй гэж үзэж болох эмд Эрүүл мэндийн улсын хяналтын албаар лабораторийн шинжилгээ хийлгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хариуг санхүүжүүлэгч байгууллагад мэдэгдэнэ.
1.9. Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн шугамаар нийлүүлсэн эмийн шинжилгээг Эрүүл мэндийн улсын хяналтын алба үнэ төлбөргүй хийж гүйцэтгэнэ.
Хуваарилах:
1.10. Эм, эмнэлгийн хэрэгслийн хуваарийн концерн, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хуваарийг яамны эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн асуудал хариуцсан мэргэжилтэн үйлдэж, баталгаажуулна.
1.11. Концерн барааг хуваарийн дагуу аймаг, хотын эм хангамж компаниудад тээвэрлэн хүргүүлнэ. Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй эмнэлэг өөрсдийн зардлаар концерний агуулахаас татан авна.
1.12. Орон нутгийн эм хангамж компани барааг Эрүүл мэндийн газрын даргын баталсан хуваарийн дагуу түгээх бөгөөд хуваарилсан эм, эмнэлгийн хэрэгслийг эмнэлгийн эмийн сангийн хөрөнгөд бүртгэн авч эм барих ажлыг албан ёсны зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох эмийн сангаар гүйцэтгүүлнэ.
1.13. Эмнэлгийн /эргэлтийн эмийн сан нь төслийн эм, эмнэлгийн хэрэгслийн чанарын баталгааг хариуцаж, тэдгээрийг зөв зохистой хэрэглэхэд мэргэжлийн хяналт тавин, анхан шатны бүртгэлийн маягтыг бусад эмийн нэгэн адил хөтөлж, бүртгэл тооцоог зохих журмын дагуу гаргана.
1.14. Төсөл, хөтөлбөрийн барааны тооллогыг улирал, хагас, бүтэн, жилээр хийж, агуулахын бүртгэл хөтлөхөөс гадна эм, эмнэлгийн хэрэгслийн хүчинтэй байх хугацааг нарийн хянаж байна.
Гурав. Зарцуулалтад хяналт тавих
3.1. Төсөл, хөтөлбөрийн шугамаар нийлүүлсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг буруу нөхцөлд хадгалж, чанарыг алдагдуулсан, үндэслэл муутай захиалга хийснээс гарах алдагдлыг холбогдох ажилтнаар төлүүлнэ.
3.2. Мэдээлэл, хяналт шинжилгээ үнэлгээний газар нь төсөл, хөтөлбөрийн шугамаар хуваарилагдсан эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлд үнэлгээ өгч, мэдээлэл гарган хуваарилалтад хяналт тавина.
3.3. Эрүүл мэндийн улсын хяналтын алба эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн ашиглалт, зарцуулалтад хяналт тавина.
Текст томруулах
A
A
A