A

A

A

Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайдын 2002 оны 166 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗААВАР
Нэг. Тарваган тахал өвчний тухай
Тарваган тахал нь олон улсын хөл хориот, байгалийн голомтот халдварт өвчин бөгөөд түүнтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг Олон Улсын Эмнэлэг Ариун Цэврийн дүрмээр зохицуулна.
1.1.           Шалтгаан
Тарваган тахлын үүсгэгч Y.pestis зууван хэлбэртэй, Грам сөрөг савханцар бөгөөд аналины будгуудаар хоёр туйлтай будагдана. Тарваган тахлын, нянгийн хоруу өндөртэй омгууд тэжээлт орчинд барзгар гадаргуутай буюу "R„ хэлбэрээр ургана. Тахлын нян саармаг агааргүйтэх бөгөөд үр үүсгэхгүй, хөдөлгөөнгүй, тэжээлт орчинд өсгөвөрлөж, ургуулах тохиромжтой дулаан нь 28 хэм, ээдэмцэр, хоттингерийн агар, загасны ясны гурил, цустай тэжээлт орчинд (рН-7.0-7.2) сайн ургана.Тарваган тахлын нян 37 хэмийн дулаанд бүрээс үүсгэнэ.
Тарваган тахлын нян бүүргийн ходоодонд 0-15 хэмд 396 хоног хүртэл, мэрэгчдийн нүх ноохой, газрын хөрс, хүйтэн, чийгтэй нөхцөлд олон сарын турш амьдрах чадвартай бөгөөд бусад бичил биетний нөлөө болон нарны гэрэл, химийн бодисын нөлөөнд тэсвэргүй. 1:1000-ын сульма, 3-5% хлорамин, 3% карболын хүчил, 10%-ын хлорын шохойн сүүн уусмал зэрэг халдваргүйтгэлийн бодисууд, мөн цефалоспорин, стрептомицин, тетрациклин, левомицетин зэрэг олон антибиотикт мэдрэг.
1.2.           Тархвар судлал
Тарваган тахлаар өвчилсөн мэрэгч амьтан, шимэгчид/ бүүрэг бөөс.гм/ өвчилсөн хүн эх уурхай болно.
Тарваган тахлын нян байгальд мэрэгч-бүүрэг-мэрэгч гэсэн гинжин хэлхээнд орчилж байдаг зүй тогтолтой. Байгалийн голомтод тахал өвчний нянг мэрэгчийн нэг бодгалиас нөгөөд дамжуулан эпизоотын процессыг нөхцөлдүүлэгч үндсэн дамжуулагч нь бүүрэг юм.Тарваган тахал дараах замаар хүнд халдварлана.
•         шууд хавьтал
•         дам халдвар
•         агаар дусал
•         хоол хүнс
Шууд хавьтлын зам. өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх зэрэг үйл ажиллагааны явцад арьс салстын бүтэн байдал алдагдсан үед болон өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд, зүйлстэй хамгаалах өмсгөлгүйгээр харьцсанаас арьсны болон булчирхайн хэлбэрийн тахлаар өвчилнө.
Дам халдварын зам. Мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, цус сорогч үе хөлтөн хазуулах зэрэг тохиолдлуудад халдварлана.
Агаар дуслын зам. Тарваган тахлын уушигны хэлбэрээр өвчилсөн хүн түүний нэгдүгээр хавьтлаас халдварлана. Лабораторид осол гарсан үед уушигны хэлбэрээр өвчилж болно
Хоол хүнсний зам. Тахлаар өвчилсөн тарваганы мах, махан бүтээгдэхүүнийг дутуу боловсруулан хэрэглэх явцад халдварлана.
Тархвар судлалын үндэслэл:
-          Тарваган тахлын голомтот нутагт амьдардаг эсэх
-          Тарвага, зурмыг агнасан, арьсыг өвчсөн, мах эвдсэн эсэх
-          Тарвага зурам зэрэг мэрэгчдийн бүүрэг, бөөсөнд хазуулсан эсэх
-          Тарваган тахлын сэжигтэй болон өвчтэй хүнтэй цуг байсан эсэх
-          Тарваган тахлын халдвартай байж болзошгүй эд, зүйлстэй харьцсан эсэх
Дархлал: Тарваган тахлаар өвчилсний дараа дархлал тогтоох боловч тодорхой хугацааны дараа дахин өвчилж болно. Дархлаажуулалтын дараа идэвхгүй дархлаа /6 сар орчим/ тогтоно.
1.3.           Эпизоотологи
Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг манай орны нутаг дэвсгэрт оршдог бөгөөд Экологи-газар зүйн онцлогийг харгалзан тарваган тахлын байгалийн голомтыг уул-хээрийн, тал-хээрийн, говь-хээрийн гэсэн гурван хэв шинжид хуваадаг.
Байгаль газар зүйн тодорхой бус нутагт мэрэгч, туулай хэлбэртэн амьтдын дунд тарваган тахлын үүсгэгч нутагшмал хэлбэрээр оршин тогтнохыг тарваган тахлын байгалийн голомт гэнэ.
Агуулагчдын дундах тарваган тахлын өвчлөл, түүний халдварын процессыг тарваган тахлын эпизоот гэнэ. Дэлхий дээр 235 зүйл мэрэгч, туулай хэлбэртэн амьтад тарваган тахлаар өвчилдөг. Манай орны тарваган тахлын байгалийн голомтод мэрэгч, туулай хэлбэртэн амьтад тарваган тахлын агуулагчийн үүргийг гүйцэтгэдэг ба хээрийн бүсэд амьдрах араатан амьтад махчин шувууд эпизоотод ямар нэг хэмжээгээр оролцдог. Гэрийн тэжээмэл амьтдаас тэмээ тарваган тахлаар өвчлөх тохиолдол байдаг.
Тарваганаас үүдэлтэй тарваган тахлын голомтон дахь эпизоотын улиралчлал 4-р сараас сэргэн идэвхжиж, 8-9-р сард идэвхжлийн оргил үедээ хүрч 10-р сарын дунд үеэс намжмал байдалд ордог.
Хоёр. Тарваган тахал өвчний эмнэл зүй
            Нууц үе дунджаар 3-6 хоног, харин өвчтөн тарваган тахлын эсрэг вакцин тариулсан, антибиотик хэрэглэсэн тохиолдолд нууц үе уртсаж болно.
2.1.           Тарваган тахлын эмнэлзүйн ерөнхий шинжүүд: өвчин угтал үегүйгээр гэнэт эхлэх, бие дагжин чичирч богино хугацаанд биеийн халуун 39-40 хэмд хүрэх, толгой өвдөх, дотор эвгүйрэх, нүүр, нүд улайх, бүх бие, булчин өвдөх болон хордлогын шинжүүд илэрнэ. Мөн лабораторийн шинжилгээнд цагаан эсийн тоо олширч, улаан бөөмийн тунах урвал түргэснэ.
Тарваган тахлын дараах эмнэлзүйн хэлбэрүүд тохиолдоно.
1.      Арьсны хэлбэр
2.      Булчирхайн хэлбэр
3.      Уушигны хэлбэр
4.      Үжил хэлбэр
5.      Гэдэсний хэлбэр
6.      Залгиур хоолойн хэлбэр
2.2.     Тарваган тахлын арьсны хэлбэр
Нян орсон газар үрэвсэн улайж, толбо, гүвдрүү, үүсгэн, цусархаг шүүс бүхий цэврүү болж хувирдаг. Гэмтсэн хэсгийн өөхөн эслэг хавдах ба эмчилгээ эхлээгүй тохиолдолд үрэвсэл маш хурдан өвчин ихтэй хатги болж хувирна.
2.3.     Тарваган тахлын булчирхайн хэлбэр
Гэмтсэн арьс салстаар нэвтрэн орсон тарваган тахлын нян үржиж, шингэний урсгалаар ойролцоох тунгалгийн зангилаанд хүрч цочмог үрэвслийг үүсгэнэ. Зонхилон суга, хүзүү, цавины булчирхай үрэвсдэг. Үрэвслийн процесс арьсан доорх өөхөн эслэг, ойролцоох тунгалгийн зангилаануудыг үрэвсүүлэн, барьцалдсан бэрсүү буюу моомыг /бубон/ үүсгэнэ.
Моом нь орчныхоо эдтэй барьцалдсан, голдоо хатуу, зах уруугаа зөөлөн, хөдөлгөөнгүй, маш их эмзэглэлтэй байдаг. Ийм учраас өвчтөн албадмал байрлалд ордог байна. Булчирхайн тахлыг эмнэлзүйн илрэлээр нь хөнгөн, дунд, хүнд гэж ангилдаг. Моом шимэгдэх, идээлж цоорох, хатуурч ур тогтохын аль нэгээр эдгэрнэ.
Хүнд хэлбэрийн булчирхайн тахал эдгэрэх шатандаа уушигны хоёрдогч тахал, үжил, мөн мэнэнгээр хүндэрч болно.
2.4.      Тарваган тахлын уушигны хэлбэр
Тахлын нян агаар дуслын замаар амьсгалын дээд зам болон нүдний салстад нэвтэрсэн тохиолдолд уушигны хэлбэрийг үүсгэнэ. Уушигны анхдагч тахал тархвар зүйн аюул ихтэй хүнд хэлбэр юм. Гол шинж тэмдэг нь халдварын ерөнхий шинжээс гадна, өндөр халуурах, цээжээр хатгуулан өвдөх, ханиалгах ба цэр эхэн үед хөөсөрхөг, дараа нь шингэн цусархаг болдог. Өвчний эхлэл үед уушганд ямар нэг эмгэг илрэхгүй. Цэр болон гадаад орчинд тахлын нян ихээр ялгарна. Өвчний 2 дахь өдрөөс уушигны тогшилтын чимээ бүдгэрч нойтон хэрчигнүүр сонсогдож эхэлдэг. Цээжний гялтан хальс үрэвсэж эхлэхэд өвдөлт илэрдэг. Өвчтөнд агаар дутагдсанаас өндийж суух, орноосоо босон харайх, гадаа агаар салхинд гарахыг эрмэлзэж хөөрлийн байдалд орно. Цаашид төв мэдрэлийн системийн эмгэг өөрчлөлтүүд гарч ирнэ. Өвчний төгсгөл үед эмнэлзүйн явц хүндэрч халдвар хордлогын шокод орно. Уушигны хэлбэр нь үжил хэлбэрээр хүндэрч болно.
2.5.      Тарваган тахлын анхдагч үжил хэлбэр
Тарваган тахлын үүсгэгч цусанд шууд орсноор шарх, моом, уушигны үрэвсэл зэрэг анхдагч голомтлог үрэвслийн шинжгүйгээр шууд эхэлдэг.
Нууц үе хэдхэн цаг үргэлжилдэг. Өвчин маш хүнд явцтай, гэнэт хүчтэй чичрүүдэс хүрч, өндөр халуурч, толгой хүчтэй өвдөж, биеийн байдал богино хугацаанд хүндэрдэг. Зүрх судасны дутал зонхилж, халдвар хордлогын шоконд ордог.      Амьсгал өнгөц, хөөсөрхөг шингэн цэр гарна, өвчтөн цусархаг зүйлээр бөөлжих буюу суулгадаг. Өвчтөний өтгөн, шингэн ялгадсанд тахлын нян илэрдэг.
Хүчтэй хордлогын улмаас ухаан алдаж, дэмийрэх, баримжаа алдах, хэл яриа ээдрэх, толгой хүчтэй өвдөх, эргэх зовиур илэрдэг. Өвчтөн удалгүй хөдөлгөөнгүй, эрс суларсан буюу оворгын байдалд ордог. Хожуу үед цусаар зөөгдөн хоёрдогч голомт үүсдэг. Суга, цавь, чацархай зэрэг олон булчирхайд моом үүсдэг. Арьсан дээр том, жижиг хэмжээтэй хар хөх өнгийн цусан хуралтууд гарна, өвчтөн 1-2 хоногт зүрх, судасны цочмог дутлын улмаас нас барна.
2.6.           Тарваган тахлын гэдэсний хэлбэр
Өвчний энэ хэлбэр халдварын ерөнхий шинжээр илрэхээс гадна ходоод, гэдэсний талаас хүчтэй өөрчлөлт гардаг. Ходоод гэдэс өвдөж, цусархаг зүйлээр бөөлжиж, суулгана. Өвчтөний өтгөнөөр тахлын нян ялгардаг.
2.7.           Тарваган тахлын залгиур хоолойн хэлбэр
Энэ хэлбэрийн үед шинж тэмдэг илрэхгүй байж болох тул хөөмийн арчдасны шинжилгээгээр илрүүлнэ. Хамар залгиурын стрептококк болон вирусийн гаралтай үрэвсэлтэй шинж тэмдгийн хувьд адил байх боловч хүзүүний тунгалгийн зангилаанууд илүү том бөгөөд эмзэглэлтэй байдаг. Халдвар судлалын асуумж, сэжигтэй мэдүүлэггүй тохиолдолд оношны алдаа гарч болох тул лабораторийн шинжилгээгээр оношийг магадална.
2.8.           Ялган оношлох
2.8.1.           Тарваган тахлын булчирхайн хэлбэрийг тунгалгийн зангилааны идээт үрэвсэл, хулгана тахлын булчирхайн хэлбэр, тэмбүү болон бусад тунгалгийн зангилааны үрэвслүүдээс ялган оношилно.
А. Тунгалгийн зангилааны идээт үрэвсэл стафилококк болон стрептококк нэвтрэн орсон үед үүсдэг. Тунгалгийн судасны үрэвсэл дагалддаг. Уг булчирхайг тэмтэрч үзэхэд булчирхайн хэлбэр дурс тодорхой, хөдөлгөөнтэй, бага зэргийн эмзэглэлтэй байх ба мэдрэл, зүрх судасны талаас хямрал бага бөгөөд өвчтөний хөдөлгөөн идэвхтэй байна.
Б. Хулгана тахлын булчирхайн хэлбэрийн үед өвчин гэнэт 38-39 хэм өндөр халуурч, чичирнэ. Булчирхай нь уутлагдсан, орчныхоо эдтэй наалдаагүй учир эрүүл эдээс мэдэгдэм заагтай байна. Уг хэлбэр хөнгөн явцтай, тавилан сайтай байдаг.
В. Бэлгийн замаар дамжин халдварлах өвчнүүдээс цавины лимфогранулема нэлээд төстэй. Орчны эдтэй наалдсан хатуу бэрсүүтэй байдаг. Гэхдээ хил хязгаар нь тод, Пупартын холбоотой зэрэгцэн гонзгой хэлбэртэй байдаг. Гадна арьс нь сул, чөлөөтэй хөдөлгөөнтэй.
2.8.2.      Боомын арьсны хэлбэрийн хатиг нь улаан хүрээтэй, эмзэглэл багатай, өвчингүй, тунгалгийн судасны үрэвсэл тод илрэх зэрэг онцлог шинжүүдээрээ тахлын арьсны хэлбэрээс ялгагдана.
2.8.3.      Тахлын уушигны хэлбэр нь боомын уушигны хэлбэр, уушигны өнгөрт үрэвсэл, томуугийн хатгаа, томуугийн хордлогот хүнд хэлбэр зэрэгтэй төстэй.
А. Боомын уушигны хэлбэр хүчтэй чичрүүдэс хүрч, 39-40 хэм халуурч, огцом эхлэх шинжээрээ төстэй. Мөн хордлогын шинж богино хугацаанд нэмэгдэж, мэдрэл, зүрх судас, амьсгалын системийн гүнзгий хямрал гарч, амьсгаадаж, цустай цэрээр ханиалгаж, цээжээр хүчтэй өвдөнө. Толгой хүчтэй өвдөж, ухаан балартдаг.
Ялгаатай шинж нь амьсгалын дээд замын улаймал үрэвсэл (хамар битүүрэх, нулимс гоожих, хэрчигнэх) тод илрэх ба чагналт, тогшилтоор уушигны үрэвслийн шинж тод илэрдэг.
Б. Уушигны өнгөрт үрэвсэл. Халуурч, дагжуулж цочмог эхэлнэ. Өвчний эхлэл болон амьсгаадах, цэртэй ханиах, толгой хүчтэй өвдөн бөөлжих, артерийн даралт буурах зэрэг шинжээрээ төстэй байдаг. Ялгаа нь бодит үзлэгээр уушигны үрэвслийн шинж тахлын үеийнхийг бодвол тод илэрдэг. Үрэвссэн уушиг амьсгалд хоцорч оролцох, тогшилтоор бүдэг чимээтэй, чагналтаар ширүүн амьсгал, хэрчигнүүр сонсогдоно. Цэр нь зунгааралдсан, төмрийн зэв мэт өнгөтэй байдаг, хордлого, зүрх судасны хямралын шинж аажим нэмэгддэг. Уруул, хамарт херпес гардаг.
В. Томуугийн хатгаа. Цочмог өндөр халуурах, дагжуулах нь төстэй. Бие тавгүйтэн суларч, толгой өвдөн, амьсгал өнгөц болно. Цэртэй ханиалгах, хэл цагаан өнгөртэй болох зэрэг шинжээрээ төстэй. Хамар залгиур үрэвсэх, нүд гэрэлд гялбах, эмзэглэх, булчин шөрмөс шархирч өвдөх зэрэг шинжээрээ ялгаатай.
Г. Томуугийн хордлогот хэлбэр. Богино хугацаанд 40-41 хэм хүрч халуурах, чичрүүлэхийн зэрэгцээ хордлогын шинж хүчтэй илэрч, зүрх судасны үйл ажиллагаа хямран, толгой хүчтэй өвдөн, ухаан балартаж, дэмийрэх, оврогод орох нь төстэй. Мөн цусархаг цэртэй ханиалгаж болно. Гагцхүү лабораторийн шинжилгээгээр ялгах боломжтой.
2.8.4.          Тахлын үжил хэлбэрийг боомын үжил хэлбэрээс зөвхөн лабораторийн шинжилгээгээр ялган оношилно.
2.8.5.          Стафилококкийн ба стрептококкийн гаралтай үжил. Огцом өндөр халуурах, хордлогын шинж, зүрх судасны хямрал илрэх зэргээрээ төстэй бөгөөд лабораторийн шинжилгээгээр ялган оношилно.
Гурав. Лабораторийн оношилгоо
Тарваган тахлын сэжигтэй гэж үзсэн анхны эмч сорьц авах бэлтгэлийг хангаж эмчилгээ эхлэхээс өмнө сорьц авна. Сорьцыг халдвартай ба сэжигтэй материалтай ажиллах дэглэмийг баримталж авна. Авсан сорьц, материалыг хаяглаж битүүмжлэн хадгалах ба нарийн мэргэжлийн багт хүлээлгэн өгнө.
3.1.           Бичил амь судлалын шинжилгээнд сорьц дээжлэх
3.1.1.     Өвчтөнөөс лабораторийн шинжилгээнд дор дурдсан сорьц материалыг дээжлэн авна. Үүнд:
а/ Булчирхайнаас буюу түүний ойр орчмын хавдраас эдийн шингэн, шүүс арьсан дээрх цэврүү, хатги ба шархнаас гоожих шүүс, үхжсэн хэсэг;
б/Уушигны хэлбэрийн үед цэр, залгиурын арчдас;
в/ Тарваган тахлын эмнэл зүйн бүх хэлбэрийн үед судасны цус;
г/ Гэдэсний хэлбэрийн үед өтгөн, ялгадас зэргээс гадна тодорхой эрхтэний тогтолцооны хямралын үед авсан бусад сорьц байж болно.
Булчирхайн шүүдсийг авахын тулд булчирхайг спирт, иод, спирт гэсэн дарааллаар булчирхайн төвөөс зах руу нь арчина. Урьдчилан 0.5-0,7 мл физиологийн ариун уусмал оруулсан тариурыг булчирхайн зах руу хатгаж уусмалыг шахаад тэр хэмжээгээр буцаан соруулж авна.
Цэрээс сорьц авахдаа өвчтөнийг том амтай ариун шилэн савны амсарт ойртуулж болгоомжтой ханиалгуулна.
Залгиурын арчдасыг авахдаа физиологийн ариун уусмал шингээсэн хөвөн ороосон савхаар залгиурын арын ханыг арчиж дээжилнэ.
Эмнэлзүйн бүх хэлбэрийн үед судаснаас 5-6 мл цусыг тариураар соруулан авч, ариун хуруу шилэнд ханыг нь дагуулан болгоомжтой юүлээд, хуруу шилээ бага зэрэг ташуу тавьж бүлэгнэтэл нь хүлээнэ.
Үжил хэлбэрийн үед халуурч байгаа үед цуснаас 1 цагийн зайтай 3-4 сорьц авч өсгөвөр илрүүлнэ.
Өтгөн ба ялгадаснаас 30-50 гр орчмыг шилэн саванд авах эсвэл ариун савхаар шулуун гэдсэнд 6-7 см гүнд оруулж арчдас авна.
3.1.2.     Тарваган тахал болох нь батлагдсан тохиолдолд өвчин эхэлснээс хойш 5 дахь хоногоос эхлэн 5 хоног тутамд судасны цус авч тахлын өвөрмөц эсрэг биеийн хөдлөл зүйг тодорхойлох ба БГХӨЭСТөвийн лабораторид баталгаажуулна.
3.1.3.     Антибиотик эмчилгээ дууссаны дараа 2 хоногийн зайтай 3 удаа эмнэл зүйн хэлбэрээс хамаарч булчирхайн шүүдэс, цус, цэр, залгиурын арчдас зэргийг шинжлэн халдваргүй болохыг баталгаажуулна.
3.1.4.     Голомтын холбогдлыг тогтоох зорилгоор халдварын эх уурхай байж болзошгүй тарвага ба түүний зэм, үхдэл, түүхий эд, тухайн голомтоос дээжилсэн хээрийн хэрэглэгдэхүүн зэргийг шинжилнэ.
3.1.5.     Тарваган тахлын сэжигтэй нас барсан тохиолдолд цогцсоос элэг, дэлүү, эмгэг өөрчлөлт бүхий тунгалгийн булчирхай, уушигны хэрчмийг тухай бүрд нь ариутгасан багажаар тус тус авч, эрэгддэг бөглөөтэй, ариун шилэн саванд хийнэ. Зүрхний ховдлоос Пастерийн гуурс буюу тариураар хатгаж 5-10 мл цус соруулан авч хуруу шилэнд хийнэ.
Хэрэв цогцос удаан хадгалагдсан бол дунд чөмөг, тархи, нугас, өвчүүний хэм зэргээс сорьц авна.
3.2.           Лабораторийн шинжилгээ
Шинжилгээ хийх лабораторийн зэрэглэл
Тарваган тахлын халдвартай ба сэжигтэй сорьц материал, өсгөвөр, омгийн шинжилгээг зөвхөн онцгой дэглэмийн лабораториудад /ОДЛ/ гүйцэтгэнэ. Энгийн дэглэмтэй лабораторид шинжилгээний явцад тарваган тахлын сэжигтэй өсгөвөр, омог илэрвэл ажиллагаагаа зогсоон шинжилгээний хэрэглэгдэхүүнийг холбогдох лабораторид шилжүүлнэ. Онцгой дэглэмийн лабораторид дараах лабораториуд орно. Үүнд:
1.            БГХӨТ Газрын лаборатори "А"
2.            БГХӨЭС Төвийн лаборатори "Б"
3.2.1.     Шинжилгээний шатлал
Дохио шинжилгээ
§            Түрхцийг Граммын аргаар будах
§            Дархан туяаралт бичил харах арга
§            Ийлдэс судлалын шинжилгээ
§            Олшруулах гинжин урвал /ОГУ/
§            Коробкова, Туманскийн хурдавчилсан арга
§            Амь сорьцын амьтныг шатлан шинжлэх арга
Шинжилгээний 1-р шат
-          Дохио шинжилгээ
-          Хатуу, шингэн тэжээлд ургах байдал
-          Ялган оношлох өнгөт тэжээлд ургах байдал
•     Хөдөлгөөн
•         Эмгэг төрүүлэх чанар
•         Антибиотик мэдрэг чанар
•         Тарваган  тахал, хуурмаг сүрьеэгийн бактерифагид өртөгдөх байдал
Шинжилгээний 2-р шат
•         Шинжилгээний 1-р шат
•         Нүүрс ус задлах байдал
•         Нитритийн сорил
Шинжилгээ хийх лаборатори
1.            БГХ0Т Газрын лабораторид дохио, 1-р шатны шинжилгээ (ОГУ энд орохгүй)
2.            БГХЭЭСТөвийн лабораторид дохио, 1, 2-р шатны шинжилгээ тус тус хийгдэнэ
3.2.2.     Бичил харах
Өвчтөний эд эсээс дээжлэн авсан шингэн, цэрийн цустай идээтэй хэсгээс гогцоогоор авч түрхэнэ. Залгиураас арчдас авсан савхыг тавиур шилэн дээр арчиж түрхэнэ. Цуснаас гогцоогоор авч нимгэн тараана.
Түрхцийг бэхжүүлэн Грамын аргаар будаж, бичил харуурт харна. Тарваган тахлын савханцар нь Грам сөрөг, мөлгөрдүү төгсгөлтэй, эдийн болон шөлний ургалтаас хийсэн наацад 2 туйл нь тод будагдсан савханцар харагдана. Хяналтын түрхэц бэлдэж дүнг шалгана. Дархан туяаралт ийлдсийг ашиглан дарц ба түрхцийг зааврын дагуу бэлтгэн бичил харуурт харахад нянгийн биеийг тойрсон тод ногоон гэрэлтэлт өгдөг.
3.2.3.     Ийлдэс судлалын шинжилгээ
Тарваган тахлыг ийлдэс судлалын шинжилгээгээр эсрэгтөрөгчийг саармагжуулах урвал, эсрэгбиеэр саармагжуулах урвал, цус наалдуулах шууд бус урвалуудыг ашиглан тахлын өвөрмөц эсрэгтөрөгч болон түүний эсрэг үүссэн эсрэгбиеийг хайж илрүүлэхэд чиглэгдэнэ.
3.2.3.  Нян судлалын шинжилгээ
Нян судлалын шинжилгээнд Хоттингерийн агар ба шөл, генцианвиолет, Туманскийн агар, 6%-ийн хонины цустай агар, Мартены агаарыг хэрэглэж тарваган тахлын нянг өсгөвөрлөн илрүүлнэ.
3.2.4.     Нянгийн удам зүйн шинжилгээг дараах тохиолдлуудад хийнэ.
-           Нэг голомтод 3 ба түүнээс дээш тарваган тахлын тохиолдлын сэжиг илэрсэн
-          Хүн ам төвлөрсөн томоохон хот сууринд тарваган тахлын сэжиг илэрсэн
-          Лабораторийн шинжилгээгээр тахлын өсгөвөр илрэлт удааширсан
-          Эмнэлзүйн ба лабораторийн онош зөрсөн
-          Биотерроризмын холбогдолтой тохиолдол
3.2.5.     Биологийн арга
Шинжилж буй сорьцоос туршлагын амьтанд / цагаан хулгана, усан гахай, цагаан харх, молтогчин г.м, эдгээрээс байхгүй тохиолдолд хээрийн зэрлэг мэрэгч/ халдвар хийж амьтанд гарах эмгэг өөрчлөлтөөр нь дүгнэнэ.
Халдварыг арьсан дор, дээр, хэвлийн хөндийд, сүүлний угт аль ч аргаар халдварлуулж болно. Яаралтай оношилгооны үед биологийн аргаар шинжлэхэд амьтныг халдварт мэдрэг байдлыг нэмэгдүүлэхийн тулд кортизон ба тахианы өндөгний шар уургийг хэрэглэнэ.
Өвчлөлийн голомтоос илрүүлсэн тахлын нянг БГХОЭСТөвийн лабораторид хүлээн авч баталгаажуулан салбар зүйлийг тогтоож амьд өсгөврийн санд шилжүүлнэ.
Лабораторийн оношны шалгуур:
а/ Лабораторийн шинжилгээгээр сэжигтэй гэж үзэх:
Эмнэл зүйн ба тархвар судлалын холбогдол бүхий сорьцоос зуувандуу хэлбэрийн, Грам сөрөг, 2 туйл нь тод будагдсан кокк савханцар илрэх тохиолдолд.
б/ Лабораторийн шинжилгээний урьдчилсан онош тавих:
Сорьц авснаас хойш 4-6 цагийн дотор наацад зуувандуу хэлбэрийн, Грам сөрөг, 2 туйл нь тод будагдсан кокк савханцар эсвэл ийлдэс судлалын шинжилгээгээр тарваган тахлын өвөрмөц эсрэгтөрөгч илэрсэн тохиолдолд.
в/ Баталгаат онош тавих:
Сорьц авснаас хойш 48 цагийн дотор тарваган тахлын нянгийн өсгөврийг /Y. pestis/ илрүүлж, дүйн тодорхойлсон эсвэл тарваган тахлын эсрэгбиеийн таньцын өсөлтийг />2 дахин/ хос ийлдэст тодорхойлж БГХБЭСТөвийн лабораторид баталгаажуулсан тохиолдолд
Эмчилгээ эхлэхээс өмнө сорьц аваагүй, антибиотикийг их тунгаар хэрэглэсэн, шалтгаанаар тарваган тахлын өсгөвөр илрэх боломжгүй эсвэл хожуу илэрч болзошгүй тохиолдолд ийлдэс судлалын шинжилгээ ба OГУ- аар тарваган тахлын өвөрмөц эсрэгтөрөгч болон эсрэгбиеийн таньцын өсөлтийг />2 дахин/ хос ийлдэст тодорхойлж БГХбЭСТөвийн лабораторид баталгаажуулсан тохиолдолд хүчинтэй гэж үзнэ. Өвчлөлийн голомтоос илрүүлсэн тахлын нянг БГХӨЭСТевийн лабораторид хүлээн авч баталгаажуулан салбар зүйлийг тогтоож амьд өсгөврийн санд шилжүүлнэ .
Дөрөв. Эмчилгээ
1.1.     Шалтгааны эсрэг эмчилгээ Булчирхайн хэлбэрийн үед стрептомицинийг 0,5-1.0 гр-аар 8 цагаар, уушигны болон үжил хэлбэрийн үед 1 гр-аар 6 цагаар 4-5 хоногийн турш хэрэглэж, өвчтөний биеийн байдал сайжирвал энэ тунгаар 8 цагаар тарьж болно.
Окситетрациклинийг 0.2 гр-аар хоногт 6 удаа, мөн доксициклин, метациклин, морфоциклин левомицетин сукцинат зэрэг антибиотикуудыг хэрэглэж болно.
Левомицетинийг хоногт 6-8 гр-аар уулгах  ба биеийн халуун хэвийн болмогц тунг бууруулна.
Тахлын уушигны болон үжил хэлбэрийн үед тетрациклиний булгийн эмүүдийг стрептмицин, дигидрострептомицин, мөн аминогликозидуудтай хослуулан хэрэглэнэ. Энэ тохиолдолд стрептомицины тунг 0.25-0.5 гр болтол багасгаж, хоногт 3 удаа тарина. Тарваган тахлын аль ч хэлбэрийн үед антибиотик эмчилгээг 7-10 хоногийн хугацаагаар хэрэглэнэ. өвчин үүсгэгчийн антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлж, тохирох антибиотикийг сонгож хэрэглэх нь чухал.
1.2.     Эмгэг жамын эмчилгээ Хордлого тайлах, зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж улмаар цусны бичил эргэлтийг сэргээх, хүчилтөрөгчөөр хангах, цус бүлэгнэлт болон хүчил шүлтийн тэнцлийг тэгшитгэх, уургийн задралыг багасгахад чиглэсэн эмчилгээнүүд орно.
Хордлого тайлах эмчилгээнд гемодез, 10%-ийн глюкоз, альбумин, электролитын (гурвалсан, дөрвөлсөн) уусмалуудыг хийх ба цусны бичил эргэлтийг сайжруулах, даралтыг сэргээх зорилгоор реополиглюкин, хуурай болон шингэн плазма, полиглюкинийг хордлогын шокын зэрэгт тохируулан хийнэ. Мөн шингэн цай, жимсний шүүс, хярам, буцалсан ус зэргийг хангалттай уулгаж, хялбар шингэх чанар сайтай хоол өгнө.
Мөн кортикостероид (преднизолон, гидрокортизон)-г хоногт 120-250 мг хүртэл тунгаар богино хугацаанд (2-3 хоног) хэрэглэнэ. Мөн зүрх судасны уйл ажиллагааг дэмжих зорилгоор кордиамин, кофеин, эфедрин, адреналин зэргийг сонгож хэрэглэж болно. Өвчтөн хүнд үед хүчилтөрөгчийг / 2-4л/мин хурдтайгаар) өгнө.
1.3.     Шинж тэмдгийн эмчилгээ Халуун бууруулах, өвдөлт намдаах, таталтын эсрэг эмчилгээ орно.
1.4.     Урьдчилан сэргийлэх эмчилгээ. 
          Тарваган тахлын 1-р хавьтал, уушигны хэлбэрийн 2-р хавьтлууд, сэжигтэй болон халдвартай материалтай ажиллаж байгаад осол гаргасан хүмүүст яаралтай сэргийлэх эмчилгээг 5 хоног хийх ба уг эмчилгээг хийлгэж байгаа хунд тарваган тахал өвчний анхны шинж тэмдэг илэрвэл сэргийлэх эмчилгээний тунг эмчилгээний тунгаар сольж, өвчтөнийг эмнэлэгт шилжүүлнэ.
Тарваган тахал өвчнийг антибиотикоор эмчлэх ерөнхий схем
 
Эмийн нэр
Тун
Цаг
Хэрэглэх арга
А. Стрептомицин
 
 
Насанд хүрэгсэд
2г/хоногт
12
Булчинд тарих
Хүүхдэд
30мг/кг/хоногт
12
Булчинд тарих
Б. Гентамицин
 
 
Насанд хүрэгсэд
7.5мг/кг/хоногт
8
Булчин, судсанд тарих
Хүүхдэд
6.0-7.5мг/кг/хоногт
8
Булчин, судсанд тарих
Нярай
3мг/кг/хоногт
8
Булчин, судсанд тарих
В. Тетрациклин
 
 
Насанд хүрэгсэд
2г/хоногт
6
Уух
Хүүхдэд -9 нас
25-50мг/кг/хоногт
6
Уух
Г. Хлорамфеникол
Насанд хүрэгсэд
50мг/кг/хоногт
6
Уух, судсанд тарих
 
Хүүхдэд >1 нас
 
50мг/кг/хоногт
 
6
Уух, судсанд тарих
Д. Доксициклин
Насанд хүрэгсэд
 
200мг/хоногт
12
эсвэл 24
Уух
Хүүхдэд >9 нас
 
200мг/ хоногт
12
эсвэл 24
Уух
Е. Окситетрациклин
Насанд хүрэгсэд
250-300мг/ хоногт
8, 12 эсвэл 24
Уух, булчинд тарих
Хүүхдэд >9 нас
250 мг/ хоногт
8, 12 эсвэл 24
Уух, булчинд тарих
 
Тарваган тахал өвчнөөс сэргийлэх эмчилгээний схем
Эмийн нэр
тун
Цаг
Хэрэглэх арга
А. Тетрациклин
Насанд хүрэгсэд
1-2 г/хоногт
6 эсвэл 12
Уух
Хүүхдэд >9 нас
25-50мг/кг/хоногт
6 эсвэл 12
Уух
Б. Доксициклин
Насанд хүрэгсэд
100-200мг/ хоногт
12 эсвэл 24
Уух
Хүүхдэд >9 нас
100-200мг/хоногт
12 эсвэл 24
Уух
В.Сульфаметоксазол / триметоприм
Насанд хүрэгсэд
1.6 г/ хоногт
12
Уух
Хүүхдэд >2 сар
40 мг/кг/хоногт
12
Уух
Тав. Тарваган тахалтай тэмцэх, сэргийлэх арга хэмжээ
Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх талаар дараах арга хэмжээг Орон нутгийн засаг захиргаа, Эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлнэ.
5.1.           Тарваган тахлын байгалийн голомтыг эрүүлжүүлнэ.
5.2.           Хүн амын эрүүл мэндийн боловсролын түвшинг дээшлүүлнэ.
5.3.           Тарваган тахлын голомттой нутагт оршин суугчдад дархлаажуулалтыг зохион байгуулна.
5.4.           Тарваган тахал өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээнд Засаг захиргаа, хууль хяналт, байгаль орчин, эрүүл мэндийн байгууллага болон хүн амын хамтын ажиллагааг нэгтгэн зохион байгуулна.
5.5.           Гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний сэжиг буюу тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж Байнгын онцгой комиссын хурлаар хэлэлцүүлэн батлуулна.
5.6.           Гоц аюулт халдварт өвчинтэй тэмцэх төлөвлөгөө хэрэгжүүлэх бүх шатны байгууллагууд жил бүр төлөвлөгөөг тодотгож, түүнийг хэрэгжүүлэх дадлага сургалт явуулна.
5.7.           Тарваган тахлын хүний өвчлөл гарсан тохиолдолд ажиллах эмнэлгийн мэргэжилтнүүдийг томилж, ажил, амралтыг зохицуулна.
5.8.           Үйлчлэх хүрээний хун амд тарваган тахлаас сэргийлэх эрүүл мэндийн албан бус сургалт зохиох, ялангуяа өвчний эхний шинж тэмдэг илэрмэгц яаралтай эмнэлэгт үзүүлэх талаар анхны мэдэгдэхүүн олгоно.
5.9.                          Улс, бүсийн оношилгооны төв, аймаг, хот, сум дундын эмнэлгүүдэд тарваган тахалтай өвчтөнийг хүлээн авч тусгаарлах, эмчлэх, тасгуудыг зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэмээр ажиллуулна.
5.10.                  Тарваган тахал өвчний дуудлагын бэлэн байдлыг хангана.
5.11.                  Олон улсын онгоцны буудал, хилийн боомтод нисэх онгоц буулгах, галт тэрэг, авто хөсгийг тусгаарлан зогсоох хяналтын талбай байгуулна.
Зургаа. Тарваган тахлын голомтод авах халдвар эсэргүүцэх арга хэмжээ
6.1.           Голомтод авах анхны арга хэмжээ.
Тарваган тахлын сэжиг илэрсэн үед анхны онош тавьсан эмч, эмнэлгийн ажилтан халдвар эсэргүүцэх анхны арга хэмжээг дараах байдлаар зохион байгуулна.
6.1.1.     Тарваган тахлын сэжигтэй өвчтөнийг үзэж анхны онош тавьсан тохиолдолд цаашид хүн үзэх, орох тарах хөдөлгөөнийг зогсоож, тарваган тахлын сэжигтэй өвчтөн илэрсэн тухай мэдээг эмнэлгийн удирдлагад яаралтай мэдээлнэ.
6.1.2.     Тарваган тахлын сэжигтэй дуудлагад яваа эмч машинаа очих айлаас 50-100 метрийн зайтай зогсоож, явган очиж айлын гаднаас 5-10 метрийн зайд өвчтөний биеийн байдлыг асууж танилцана. Хэрэв тахлын сэжигтэй гэж үзвэл тахлаас хамгаалах I зэргийн өмсгөл өмсөн өвчтөнг үзэж, өвчтөн болон хавьтагсдыг тусгаарлах, шинжилгээнд материал дээжлэх, эмчилгээ эхлэх, халдваргүйтгэл хийх зэрэг арга хэмжээг авна.
6.1.3.     Эмч голомтын ямар нэг халдвартай эд зүйлтэй харьцсан тохиолдолд халдваргүйтгэл хийж өөрийгөө тусгаарлан яаралтай сэргийлэх эмчилгээ хийнэ.
6.1.4.     Цогцос, түүнийг тойрсон эд зүйлсийг эмгэг судлалын шинжилгээ хийх хүртэл хатуу хамгаалалтад байлгана.
6.2.           Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас хийж гүйцэтгэх ажил
6.2.1.     Тухайн орон нутгийн тарваган тахлаас сэргийлэх, өвчлөл гарсан үед авах арга хэмжээний дайчлах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.
6.2.2.     Гоц халдвартын мэргэжлийн байгууллагын бичгээр гаргасан шийдвэрийг үндэслэн голомтын халдвар эсэргүүцэх арга хэмжээний тухай асуудлыг орон нутгийн Байнгын Онцгой Комисст тавьж шийдвэрлүүлнэ.
6.2.3.     Голомтод халдвар эсэргүүцэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлнэ.
6.2.4.     Өвчлөлийн талаарх мэдээллийг Мэргэжлийн төв байгууллага болон Орон нутгийн онцгой комисст мэдээлнэ.
6.2.5.     Өвчтөн, хавьтлуудыг илрүүлж яаралтай тусгаарлан сэргийлэх эмчилгээ хийнэ.
6.2.6.     Тарваган тахлын сэжиг илэрсэн тохиолдол бүрийг ялгах эмнэлэгт хэвтүүлэн онош тодруулна.
6.2.7.     Голомт дахь хүн амын эрүүл мэндийг хянаж, айл өрхөөр эргэх эргүүлийн ажлыг зохион байгуулж, эмнэлгийн тусламж үзүүлнэ.
6.2.8.     Голомтын бус болон залгаа нутагт байгалийн голомтын идэвхийг тогтоож, голомт эрүүлжүүлэх талаар орон нутгийн засаг захиргаанд асуудал тавьж шийдвэрлүүлнэ.
6.2.9.     Тухайн орон нутгийн холбоо, мэдээллийн сүлжээг ашиглан холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.
6.3.           Тарваган тахлын голомтод хөл хорио тогтоох
6.3.1.     Хөл хорио тогтоох, татан буулгах асуудлыг эрүүл мэндийн байгууллагын бичгээр гаргасан шийдвэрийг үндэслэн орон нутгийн БОК шийдвэрлэнэ.
6.3.2.     Хөл хориог 6 хоног тогтооно. Булчирхайн хэлбэрийн тахлын үед гадна хөл хорионы хугацааг богиносож болно. Үүнд:
•         Лабораторийн шинжилгээний урьдчилсан дүнгээр булчирхай /моом/- наас өөр эрхтний сорьцод бичил харах ба эсрэгтөрөгч илрүүлэх шинжилгээ сөрөг гарсан ,
•         1-р хавьтлыг бүрэн тогтоож тусгаарлан хяналтад авсан,
•         өвчтөнд хүндрэл үүсээгүй тухай эмнэлзүйн дүгнэлтийг эмч нарын хамтарсан үзлэгээр баталсан.
6.3.3.     Тухайн голомтод халдваргүй ба халдвартай бүсийг дэглэмийн дагуу байгуулна.
6.3.4.     Халдваргүй бүсийг салхины ноёлох чиглэлийн дээд талд байгуулж, эмнэлгийн ажилчдын байр, эмийн сан, эд аж ахуйн агуулах, нэгдсэн гал зуух, цайны газар зэргийг байрлуулна.
6.3.5.     Халдвартай бүсийг халдваргүй бүсээс 50-100 метрийн зайд салхины ноёлох чиглэлийн дор байгуулна.  Энэ бүсэд өвчтөнийг хэвтүүлэн эмчлэх эмнэлэг, тусгаарлах ба ялгах эмнэлэг, лаборатори, эмгэг судлалын шинжилгээний байр зэргийг байрлуулна.
6.3.6.     Ариун цэврийн нэвтрэх цэгийг халдваргүй ба халдвартай бүсийн хооронд байрлуулна.
6.3.7.     Голомтоос зайлшгүй гарах шаардлагатай хүмүүсийн эрүүл мэндийг ариун цэврийн нэвтрэх цэгийн дэргэд тусгай ажиглах байранд ажиглаж, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн БОК-ын зөвшөөрлөөр гаргана.
6.3.8.     Гаднаас ирсэн зайлшгүй орох шаардлагатай хүмүүсийг БОК-ын зөвшөөрлөөр голомтод оруулж болно.
6.4.           Голомтын тархвар судлалын арга хэмжээ
6.4.1.     Голомтод тархвар судлалын баг томилон ажиллуулна.
6.4.2.     Тархвар судлагч өвчтөн болон хавьтлуудаас тархвар судалгааны байцаалт авна.
6.4.3.     Өвчтөн ба хавьтагсдыг тусгаарлах, тарваган тахлын төстэй эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн, тархвар судлалын холбогдол тодорхой бус хүмүүсийг ялгах эмнэлэгт шилжүүлэх ажлыг зохион байгуулна.
6.4.4.     Тархвар судлалын холбогдол, лабораторийн шинжилгээний дүн болон бусад мэдээ баримтад үндэслэн голомтын байдлыг дүгнэнэ.
6.4.5.     1-р хавьтлуудыг бүрэн илрүүлэх боломжгүй үед голомтын хүн амд урьдчилан сэргийлэх эмийн эмчилгээг хийнэ.
6.4.6.     Голомтын халдваргүйтгэлд хяналт тавина.
6.4.7.     Голомтын хүн амын эрүүл мэндийг хянах айлаар эргэх багийг ажиллуулна.
6.4.8.     Айлаар эргэх ажлыг хун амын дунд ухуулга яриа хийх, санамж хуудас, сонин хэвлэл тараах зэрэг сургалт сурталчилгааны ажилтай хамтруулан зохион байгуулна.
6.5.           Өвчтөн ба хавьтагсдыг тусгаарлах, эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх
6.5.1.     Өвчтөнийг тухайн орон нутгийн эмнэлэгт тусгаарлан эмчилнэ.
Өвчтөнтэй хамт байсан (өвчин эхлэхээс 6 хоногийн өмнө) болон цогцос байсан орон байр, эд юмстай харьцсан хүнийг 1-р хавьтал, тэдэнтэй харьцсан хүмүүсийг 2-р хавьтал гэнэ.
Орон нутгийн онцлог, хавьтлуудын тооноос хамаарч шаардлагатай тохиолдолд эмнэлэг, сургууль, бусад байгууллагын байранд тусгаарлах эмнэлгийг байгуулж болно.
6.5.2.     Тарваган тахал өвчний эмнэлзүйн хэлбэрээс шалтгаалан хавьтлуудыг 6 хоног тусгаарлана.
6.5.3.     Тарваган тахлын булчирхайн хэлбэрийн үед 1-р хавьтлуудыг гэрт нь тусгаарлаж, эмчийн хяналтад урьдчилан сэргийлэх эмчилгээ хийнэ.
6.5.4.     Өвчтөн болон хавьтагсдыг тээвэрлэхдээ тахлын нэгдүгээр зэргийн хамгаалах хувцас өмсөх бөгөөд тээврийн хэрэгсэл, хамгаалах өмсгөлийг зохих зааврын дагуу халдваргүйтгэнэ.
6.5.5.     Булчирхайн хүнд хэлбэр, үжил, гэдэсний хэлбэрийн 1-р хавьтлуудыг бүлэглэн тусгаарлана.
6.5.6.     Тарваган тахлын уушигны хэлбэрийн 1-р хавьтлуудыг ганцаарчлан, 2-р хавьтлуудыг гэрт нь тусгаарлана.
6.5.7.     Өдөр бур 4 цагийн зайтай 1-р хавьтлуудын халууныг үзэж тэмдэглэн, сэргийлэх эмчилгээ хийнэ.
6.5.8.     Голомтод халдвар эсэргүүцэх арга хэмжээ эхлэхээс өмнө 1-р хавьтал голомтоос гарсан байвал холбогдох эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлэн, тухайн орон нутагт тусгаарлан эмчлэх арга хэмжээг авна.
6.5.9.     Халдвартын эмнэлэг, тусгаарлах эмнэлэгт гадны хун оруулах, хоол хүнс зөөж эргэлт оруулахыг хатуу хориглож байнгын цэрэгжүүлсэн харуул гаргана.
6.5.10.      Хавьтлуудаас тарваган тахлын сэжиг илэрвэл эмнэлэгт яаралтай шилжүүлнэ. Энэ тохиолдолд хамт байсан хүмүүсийг өвчтөнийг шилжсэнээс хойш 6 хоног сунган өөр байранд тусгаарлаж, байранд эцсийн халдваргүйтгэл хийнэ.
6.6.           Ялгах эмнэлэгт хэвтүүлэх
Тодорхой бус шалтгаанаар халуурсан, бөөлжсөн, суулгасан, булчирхай томорсон зэрэг эмнэл зүйн ямар нэгэн шинж, тэмдэг илэрсэн хүмүүсийг ялгах эмнэлэгт тусгаарлана. Ялгах эмнэлэгт оношийг яаралтай тодруулж, холбогдох эмнэлэгт шилжүүлнэ.
6.7.           Цогцост эмгэг судлалын шинжилгээ хийх, тээвэрлэх, оршуулах
6.7.1.     Тарваган тахал өвчнөөр нас барсан тохиолдол бүрт эмгэг судлалын шинжилгээ хийж, лабораторийн шинжилгээнд материал дээжилнэ.
6.7.2.     Эмгэг судлалын шинжилгээг эмгэг судлаач эмч, гоц халдвартын мэргэжилтнийг байлцуулан хийж гүйцэтгэнэ.
6.7.3.     Эмгэг судлалын шинжилгээний байр нь гэрэл сайтай ялаа болон бусад  шавьж  мэрэгчид  нэвтрэн  орохоос хамгаалагдсан  зай  завсаргүй  (цонх, хаалга, тааз, хана, шал) байна.
6.7.4.     Эмгэг судлалын шинжилгээний тусгай байр байхгүй тохиолдолд цогцсыг оршуулах нүхний ирмэг дээр эмгэг судлалын шинжилгээ хийж болно.
6.7.5.     Тарваган тахлаар нас барагсдын цогцсыг эмгэг судлалын шинжилгээний байранд авчрах, оршуулах зэрэг ажилд оролцох бүх хүн I зэргийн өмсгөл, эмгэг судлалын шинжилгээ хийх хүмүүс 1 зэргийн өмсгөл дээр нэмэгдэл хувцсыг (хулдаасан хормогч, ханцуйвч, давхар резинэн бээлий) хэрэглэнэ. Эмгэг судлалын шинжилгээ хийхдээ тэмдэглэл хөтөлнө.
6.7.6.     Цогцсыг шатааж оршуулахын тулд 2 м урт 1м өргөн, 1,5м гүн нух ухна. Шатах үед салхи оруулахын тулд нүхний өргөний хоёр талын ёроолоос амсрыг хүртэл 60°-аас доошгүй налуу гаргаж ухна. Нүхний ёроолд 1м зузаан хөрөөдөж хагалсан мод өрж (аргал) 40-50л бензин (керосин, солярк) асгана. Ийнхүү бензин асгасан модон дээр халдваргүйтгэх уусмалаар норгосон даавуугаар битүү ороосон цогцсыг байрлуулна. Цогцос дээр 1м зузаан мод өрж дээр нь 40-50л бензин асгаж шатаана.
6.7.7.     Хэд хэдэн цогцсыг зэрэг шатаах тохиолдолд нүхний хэмжээг томсгож ухна.
6.7.8.     Цогцсыг бүрэн шатааж, нүхэнд халдваргүйтлийн бодис хийн шороогоор тэгшилнэ.
6.7.9.     Орон нутгийн БОК-ын шийдвэрээр томилогдсон комисс гоц аюулт халдварт өвчний халдвартай буюу сэжигтэй материалтай ажиллах, халдвар эсэргүүцэх дэглэмийн зааврыг баримтлан оршуулах ажлыг гүйцэтгэж, оршуулгын ажлын явцын тухай тэмдэглэл хөтөлнө.
Долоо. Голомтын халдваргүйтгэл
7.1.           Голомтод тархвар судлагч эмчийн хяналтын дор халдваргүйтлийн баг ажиллана.
7.2.           Халдваргүйтгэлийг механик, физик, химийн аргаар хийнэ.
7.3.           Тарваган тахлын үед урьдчилан сэргийлэх, байнгын, эцсийн халдваргүйтгэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
7.3.1.     Тарваганы түүхий мах, тос, арьсыг 3%-н хлорамин, буюу лизолийн уусмалаар шүршиж урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийнэ.
7.3.2.     Байнгын халдваргүйтгэлийг өвчтөн хавьтлуудын өрөө, тасалгаа, лабораторид өдөр тутам хийнэ.
7.3.3.     Эцсийн халдваргүйтгэлийг өвчтөн, хавьтлуудыг эмнэлгээс гарсны дараа, халдварын голомтод хэрэглэсэн бух эд зүйлүүдэд хийнэ.
7.3.4.     Халдваргүйтгэлийг хийхдээ тодорхой дарааллаар өрөөний дотор үүднээс эхлэн, ор дэвсгэр, бусад хэрэглэл /аяга, халбага, хөтөвч/ зэргийг эхний ээлжинд, өрөөний доторх төхөөрөмжийг хоймор талаас хаалга хүртэл халдваргүйтгэлийн уусмалаар /хүснэгтэд дурьдсан зааврыг баримтлах/ шүршиж салхивчийг хаан 12 цагийн дараа дахин халдваргүйтгэнэ. Өвчтөн гэрт байсан тохиолдолд эд хогшлыг зайчлан, гэрийн дотор талыг үүднээс нь эхлэн баруун талаар тойруулан халдваргүйтгэлийн бодисоор шүршиж, гэрийн гадна талыг халдваргүйжүүлж өрх үүдийг битүүлэн 24 цагийн дараа дахин халдваргүйтгэнэ.
7.3.5.     Уушигны хэлбэрийн тахлын үед гэрийг дотроос нь зааглан халдваргүйтгэж унь, тооно, бүрээсийг буулгаж дотор болон гадна талаас нь халдваргүйтгэлийн уусмалаар нэвт шүршинэ. Ном, сэтгүүл бичиг баримтыг 80-90 хэмийн уураар халдваргүйтгэнэ.
 
Тарваган тахал өвчний үед хийгдэх халдваргүйтгэлийн арга
 
Халдваргүйтгэх материал ба объектын нэр
Байнгын халдваргүйтгэл хийх арга
Эцсийн халдваргүйтгэл хийх арга
 
өвчтөний байрны хана, шал,туурга, цонхны тавцан
3%-ийн хлорамин-Б, 3%-ийн хлорын шохойн тунгалагжуулсан уусмал, 3-5%-ийн лизолын уусмал, 10%-ийн хлорын шохойн суун уусмал зэргийн аль нэгийг 1 м3-д 300 мл орохоор тооцож, өдөрт 2-оос доошгүй удаа норгон арчих, шүрших аргаар халдваргүйтгэн цэвэрлэж 1 цаг байлгана.
өвчтөн, хавьтлууд эмнэлгээс тарах буюу шилжүүлсэн, цогцсыг гаргасны дараа байнгын халдваргүйтгэл хийх аргаар 24 цагийн зайтай 2 удаа халдваргүйтгэнэ.
2
өвчтөний өрөөнд байгаа эд зүйл
Модон эдлэл болон бусад тавилгыг 3%-ийн хлорамин-Б, 3%-ийн хлорын шохойн тунгалагжуулсан уусмал, 3%-ийн лизолын уусмалын аль нэгийг 1 м3-д 200- 300 мл орохоор тооцож, өдөрт 2-оос доошгүй удаа норгон арчих аргаар халдваргүйтгэн 1 цаг байлгана.
Байнгын халдваргүйтгэлийн адил
3
өвчтөний байр, гэр орны орчмын зам талбай
Хлорын шохойн 10-20%-ийн суун уусмал, 5%-ийн лизол, ын уусмалын аль нэгийг 1 м3-д 1 литр орохоор тооцож шүршин норгоод 1-2 цаг байлгана.
Байнгын халдваргүйтгэлийн адил
4
өвчтөний ор дэрний хэрэглэл (гудас, хөнжил, дэр бусад зөөлөн хэрэглэл)
126-хэмийн халуун 1.5 атм даралтад 30 минут, уур агаарын хоргод 45 минут халдваргүйтгэнэ.
Байнгын халдваргүйтгэлийн адил
5
 
өвчтөний өвлийн үстэй хувцас (дээл, малгай, гутал)
Уур-формалины хоргод 49-51 хэмд 90 минут мөн 80-90 хэмийн халуун уураар 20 минут халдваргүйтгэнэ.
Байнгын халдваргүйтгэлийн адил
6
 
өвчтөний дотуур хувцас, цагаан хэрэглэл,
2%-ийн содын уусмал, аль нэг угаалгын нунтагтай уусмалын аль нэгэнд 1 цаг чанах буюу эсвэл 3%-ийн хлорамин-Б-ийн уусмалд 2 цаг байлгах
126 хэмийн  халуун 1.5 атм даралттай автоклавт 1 цаг уурын хоргод 90 минут халдваргүйтгэнэ.
7
Хивс, дэвсгэр
3%-ийн хлорамин-Б-ийн уусмалаар нэвт шүршин норгон сойздож цэвэрлээд 1 цаг байлгаад цэвэр усаар булхаж хатаана.
Байнгын халдваргүйтгэлийн адил
8
өвчтөний ялгадас / цэр, идээ, угаадас, өтгөн.шээс/
Дор дурьдсан аргуудын аль нэгийг хэрэглэнэ. Үүнд:
а/ ялгадаснаас 2 дахин их хэмжээтэй хлорын шохойн 20%-ийн суун уусмал хийж 2 цаг байлгана.
б/ 5% лизолийн уусмал, хуурай хлорийн шохой, гипо хлорид кальци 200г/л хэмжээтэй хольж 2 цагаас доошгүй байлгана.
в/1 кг цэр, идээг хуурай хлорын шохойтой хольж 2 цаг байлгана.
г/ 20%-ийн хлорын шохойн суун уусмалын аль нэгийг цэр, идээнээс 3 дахин их хэмжээтэй хольж 4 цагаас доошгүй байлгана
Байнгын халдваргүйтгэлийн адил
9
өвчтөний ялгадасны сав, хөтөвч
3%-ийн хлорамин, 5%-ийн лизол, хлорын шохойн 2%-ийн тунгалагжуулсан уусмалтай саванд хийж 2 цаг, 0,06% идэвхтэй хлорын агууламжтай жавелионы уусмалд 1 цаг байлгана.
Байнгын халдваргүйтгэлийн адил
10
өвчтөний хоолны сав суулга, халбага, сэрээ, аяга... гэх мэт
2%-ийн содын уусмалд 30 минут буцалгах эсвэл 3%-ийн хлорамин-Б, хлорын шохойн 3%-ийн тунгалагжуулсан уусмал, 3% лизол, 1,5% гипохлорид кальци, 0,1% идэвхтэй хлорийн агууламжтай жавелионы уусмалын аль нэгэнд 1 цаг байлгаж, дараа нь халуун усаар халдваргүйтгэлийн бодисын ул мөрийг арилтал угаана.
Байнгын халдваргүйтгэлийн адил
11
өвчтөний хоолны үлдэгдэл, шавхруу
1 кг хоолны үлдэгдэлд 400 гр хуурай хлорын шохой эсвэл 20%-ийн хлорын шохойн суун уусмалын хэмжээ 2:1 байхаар хольж хутгаад 2 цаг байлгана.
Байнгын халдваргүйтгэлийн адил
12
өвчтөнд хэрэглэж байсан багаж хэрэгсэл /зуу, тариур, хөвөн марли, резинэн ивүүр... г.м/
2%-ийн содын уусмалд буцалж эхэлснээс хойш 15 минут чанана. 3%-ийн хлорамин-Б, лизол, 1%-ийн идэвхжүүлсэн хлорамин, хлор бетанафтолын уусмал, 1,5% гипохлорид кальцийн аль нэгэнд халдваргүйтэх уусмалыг халааж хэрэглэнэ. Хугацаа 1 цаг дүрж /200 мл/м куб/ 1 цаг байлгана. Дараа нь шатааж устгана.
Шатаана
13
Өвчтөний боолтын материал, хог хаягдал
5% лизолд 4 цаг 20% хлорийн шохойн сүүн уусмалд 2 цаг 1,5 атм даралтад 1 цаг халдваргүйтгэх буюу тусгай тагтай саванд цуглуулж шатална.
Шатаах ба 20%-ийн хлорын шохойн сүүн уусмалд 2 цаг байлгана.
14
Өвчтөний өрөө, тасалгааны цэвэрлэгээний алчуур.мод, шүүр
2%-ийн содын уусмалд 15 минут буцалгах эсвэл 5%-ийн лизол, 3%-ийн хлорамин, 1,5% гипохлорид кальцийн уусмалын аль нэгээр нэвт норгож 1 цаг байлгана.
Байнгын халдваргүйтгэлийн адил
15
Ном, бичиг баримт
85-90 хэмийн уурын хоргод 20 минут халдваргүйтгэнэ. Хоргогүй тохиолдолд битүү саванд хийж формалины уураар 2 цагийн турш халдваргүйтгэнэ. Бичиг, баримтыг балын харандаагаар бичиж, 3%-ийн лизолд дүрж хатаанa.
Байнгын халдваргүйтгэлийн адил
16
Жорлон, бохир усны нүх
Жорлонгийн хаалганы бариул, дотор, гадна тал, суудал, шал ханыг 5%-ийн лизол, 3%-ийн хлорамин, хлорын шохойн 20%-ийн сүүн уусмалын аль нэгээр шүршиж норгоно. Жорлон, бохир уены нүхэнд хуурай хлорын шохой, эсвэл хуурай гипохлорид кальцийг 1 ам метр талбайд 1 кг ноогдохоор цацаж халдваргүйтгэнэ Нүхний амсарт хуурай хлорын шохой цацан шороогоор дарж тэгшилнэ. Цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг хоногт 2-3 удаа хийнэ.
Байнгын халдваргүйтгэлийн адил
17
Өвчтөний бие, гар нүүр угаасан ус
Бие, гар, нүүр угаасан түмпэн, хувин, ваннтай бохир усанд хуурай хлорын шохой, 3%-ийн хлорамины аль нэгийг 10 литрт 1000 гр-аар бодож хийх, өтгөн лизолоос 3%-ийн уусмал орохоор нэмж хутгаад нэг цаг байлгасны дараа бохир усны нүхэнд хийнэ. Хэрэглэсэн түмпэн, хувин, ванныг усаар угааж зайлна.
Байнгын халдваргүйтгэлийн адил
18
Өвчтөн ба цогцос зөөвөрлөсөн тээврийн хэрэгсэл
3-5%-ийн лизол, 3%-ийн хлорамины уусмалын аль нэгээр шүршиж норгох буюу тусгайлан бэлтгэсэн шүүр, алчуурыг нэвт норгож сайтар арчиж цэвэрлэнэ. Хүйтний улиралд дээрх халдваргүйтгэх уусмалыг халааж хэрэглэнэ. Хугацаа 1 цаг
Байнгын халдваргүйтгэлийн адил
 
Найм. Тахлын хамгаалах хувцсыг өмсөх, тайлах дараалал
А. өмсөх дараалал :
пижам
оймс
усны гутал
хэрэгцээтэй үeд чагнуур
хошуу алчуур
тахлын халаад
амны хөвөн самбай хаалт
нүдний хамгаалах шил
резинэн бээлий
гарын алчуур
Өмсгөлийг 3-4 цаг ажиллахад тохиромжтой байх, ажлын аюулгүй байдлыг хангаж, дээрх дарааллаар өмсөнө.
Халаадны захны бүч, бүсийг зуун урд талдаа, хоёр ханцуйны бүчийг шууны гадна хэсэгт тус тус хөвөрхий уяна.
Амны хаалтыг ам хамраа бүрэн хаахын тулд дээд захыг нүдний ухархайн доод ирмэгийн зэрэгцээ байрлуулан бүчийг шилэндээ, доод захыг эрүүний доогуур оруулан бүчийг дээш татаж дагзан дээрээ хөвөрхий уяна. Амны хаалтыг уясны дараа дээд захын араар хамрын хоёр талд 2 хэсэг бөөрөнхий хөвөн хавчуулна.
Нүдний хамгаалах шил зүүхийн өмнө шил хүрээндээ сайн бэхлэгдсэн эсэхийг шалган үзэж шилний дотор талд ул цантуулагч тусгай харандаа эсвэл хатсан савангаар зурж түргэн хөлрөхөөс сэргийлнэ. Агаар орж болох завсарт бөөрөнхий хөвөн хавчуулна. Резинэн бээлийг өмсөхийн өмнө бүтэн эсэхийг шалгана. Гарын алчуурыг халаадны бүсний баруун урд талд тохож хавчуулна.
Эмгэг судлалын шинжилгээний үед хулдаасан хормогч, ханцуйвч, резинэн бээлийг давхарлаж өмсөнө.
Б. Өмсгөлийг тайлах
Өмсгөлийг зөөлөн хөдөлгөөнөөр тогтоосон дарааллаар тайлна.
1.             гарын алчуур
2.             чагнуур
3.      нүдний хамгаалах шил
амны хөвөн самбай хаалт
тахлын халаад
хошуу алчуур
7.             резинэн бээлий
8.             усны гутал
9.             оймс
Бээлийтэй гарыг халдваргүйтгэх уусмалд 1-2 минут угаана.
Гарын алчуурыг аажим сугалж авна.
Хулдаасан хормогчийг хөвөнд шингээсэн халдваргүйтгэх уусмалаар арчиж норгоод гадна талыг нь дотогш нь эвхэж тайлна.
Давхар бээлийний гадна талыг нь тайлж ханцуйвчийг авна.
Гуталтай хөлөөр халдваргүйтгэх уусмалтай түмпэн дотор гишгэж, уусмалаар норгосон хөвөнгөөр түрийнээс нь доош тойруулан арчиж норгоод дүрсэн хөлөө авч, нөгөө хөлөө гишгэн тойруулан арчина. Гутал тус бүрт өөр өөр норгосон хөвөн хэрэглэнэ.
Арьсны ил хэсэгт хүргэхгүйгээр чагнуурыг авна.
Нүдний хамгаалах шилний гаднах хүрээнээс хоёр гараараа барьж урагш нь, дээш нь, хойш нь татаж авна.
Амны хаалтын гадна талыг нүүрэндээ хүргэхгүйгээр тайлна.
Халаадны захны бүх бүсийг хөвөрхөн үзүүрээс нь татаж тайлна. Бээлийний хойт талыг бугуйнаас шувталж ханцуйны бүчийг тайлна. Халаадны гадна талыг дотогш нь эвхэж тайлна.
Хошуу алчуурын бoх үзүүрийг шилэн дээрээ нэг гар доороо даpж эвхэн цуглуулж тайлна.
Резинэн бээлийг тайлж цоорсон эсэхийг гар угаах уусмал дотор хийж шахан шалгана.
Хамгаалах хувцсыг тайлсны дараа савантай бүлээн усаар гараа сайн угаана.
Еc. Халдвар эсэргүүцэх арга хэмжээний тайлан бичих дараалал
Тарваган тахал өвчний голомтод халдвар эсэргүүцэх арга хэмжээг зохион байгуулсан тухай тайланг голомтын хөл хорио цуцалснаас хойш 1 сарын дотор БГХӨЭС Төвд ирүүлнэ.
БГХӨЭСТ өвчлөлийн тайланг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор уг голомтын тухай танилцуулга, голомтыг цомтгон дарахад зарцуулсан хөрөнгийн тооцоог хянан ЭМЯ-нд хүргүүлж шийдвэрлүүлнэ.
Тайланг дараах дарааллаар бичнэ.
 
-          Голомтод авсан анхны арга хэмжээ
-          Тарваган тахал өвчний дуудлага хүлээн авсан тухай
-          Хэрэгжүүлсэн халдвар эсэргүүцэх арга хэмжээ
-          Тархвар судлалын бүлгийн үйл ажиллагаа
-          өвчний эх уурхайг тогтоосон байдал
-          Халдваргүйтгэлийн арга хэмжээ
-          Эпизоотологийн холбогдлыг тогтоосон байдал
-          Эмчилгээ, эмнэлзүйн оношилгоо
-          Хөл хорионы асуудлыг зохион байгуулсан байдал
-          өвчлөлийн голомтын урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар
-          Лабораторийн оношилгоо
-          Задлан шинжилгээ, цогцос оршуулсан тухай
-          Аж ахуйн хангалтын талаар
-          Дүгнэлт
Тайланд хавсаргах материалууд:
-          Тархвар судалгааны хуудас
•         өвчтөний туух
•         Эцсийн халдваргүйтгэлийн тэмдэглэл
•         Голомтод ажилласан эмнэлгийн ажилчдын бүртгэл
•         Зарцуулсан эм, халдваргүйтгэлийн бодисын тооцоо
•         Задлан шинжилгээний тэмдэглэл
•         Гоц халдварт өвчний голомтыг цомтгон дарахад зарцуулсан зардлын
•         тооцоо, санхүүгийн баримтын хуулбарууд
•         Тайланг тухайн орон нутгийн БОК-ын хурлаар хэлэлцсэн тухай хурлын тэмдэглэл
•         Голомтын зураг, схем