A

A

A

Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайдын 2002 оны 172 тоот тушаалын хоёрдугаар хавсралт
 
 
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.           Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороо нь /Цаашид Ёс зүйн хороо гэнэ/ эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг тогтоох, эмнэлгийн мэргэжилтний үүрэг, хариуцлага алдсан асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах, эмнэл зүйн болон эмнэл зүйн бус туршилт хийх зөвшөөрөл өгнө.
1.2.           Ёс зүйн хороо нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.
1.3.           Ёс зүйн хороо нь энэ журмаар олгогдсон эрх, үүрэг, зорилтоо хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг хурлаараа хэлэлцэж, эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэр гаргана.
1.4.           Ёс зүйн хорооноос гаргасан шийдвэрийг төв, орон нутгийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, албан тушаалтан ёсчлон биелүүлнэ.
1.5.           Ёс зүйн хороо нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй байна. Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг Сайдын тушаалаар томилж чөлөөлнө.
1.6.           Ёс зүйн хороо нь тусгай хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.
Хоёр. Ёс зүйн хорооны бүрэн эрх
Ёс зүйн хороо нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
2.1.           Эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн асуудлаар иргэдээс гаргасан, өргөдөл гомдлыг хянан хэлэлцэж, шийдвэр гаргах
2.2.           Хүнийг оролцуулан био-анагаахын болон эмнэл зүйн туршилт хийх зөвшөөрөл авахыг хүсэж ирүүлсэн материалыг хянан үзэж шийдвэр гаргах
2.3.           Асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах бичиг баримтыг холбогдох байгууллага, албан тушаалтан, гомдол гаргагч иргэдээс гаргуулан авах, тэдний тайлбарыг сонсох
2.4.           Эрүүгийн хэрэг үүсгэгдээд хуулийн байгууллагад мэргэжлийн алдаа гаргасан эсэх нь шалгагдаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтний эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг түдгэлзүүлэх
2.5.           Яамны ерөнхий мэргэжилтэн болон бусад холбогдох мэргэжилтнийг шаардлагатай бол хорооны хуралдаанд зөвлөх эрхтэйгээр урьж оролцуулах
2.6.           Ёс зүйн хорооны хурлын шийдвэрийг биелүүлээгүй буюу журмыг зөрчсөн хүмүүст шийтгэл ногдуулах тухай саналыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд тавьж болно.
Гурав. Ёс зүйн хорооны үүрэг
3.1.           Ёс зүйн хороо нь тус хороонд хандаж, Эрүүл мэндийн сайд, дэд сайд, эрүүл мэндийн улсын хяналтын алба, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагаас эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, үүрэг хариуцлагын талаар ирүүлсэн материалыг судалж хэлэлцэн бодитой дүгнэлт, шийдвэр гаргана.
3.2.           Хүнийг оролцуулсан эмнэл зүйн болон эмнэл зүйн бус туршилт явуулах зөвшөөрөл хүссэн холбогдох хүрээлэн, их, дээд сургуулийн эрдмийн зөвлөлөөс ирүүлсэн материалыг судлан хэлэлцэж, нягтлан зөвшөөрөл олгоно.
3.3.           Гаргасан дүгнэлт, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавина.
Дөрөв. Ёс зүйн хорооны үйл ажиллагааны зохион байгуулалт
4.1.           Ёс зүйн хорооны хурлыг сард 1 удаа хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд хорооны даргын шийдвэрээр ээлжит бус хуралдаан хийж болно.
4.2.           Хорооны даргын түр эзгүйд түүний үүргийг хорооны орлогч дарга орлон гүйцэтгэнэ.
4.3.           Хорооны нарийн бичгийн дарга нь хурлаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудал болон түүнтэй холбоотой материалыг судлан бэлтгэж, гишүүдэд хурлын өмнө хүргүүлнэ.
4.4.           Ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэх асуудлыг хорооны даргын шийдвэрээр 3 хүртэлх гишүүнээр судлуулсны дараа хэлэлцүүлнэ.
4.5.           Хуралдаанаас гарсан шийдвэрийг хариуцлага хүлээгч болон гомдол гаргагчид бичгээр хариу өгнө.
4.6.           Ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилт, биелэлтэд хяналт тавьж ажиллана.