A

A

A

Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайдын 2002 оны 172 тоот тушаалын гуравдугаар хавсралт
 
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Нэг. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний зорилго
 
2.1.           Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ нь /цаашид ёс зүйн хэм хэмжээ гэнэ/ био анагаахын ёс зүйн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд түүний зорилго нь өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, сувилах, эм барих мэргэжлийн үйл ажиллагаа явуулах явцад үйлчлүүлэгч, нийгэм, эмнэлгийн мэргэжилтнүүдийн өөр хооронд үүсэх ёс зүйн харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Ёс зүйн хэм хэмжээний нэр томъёо
2.1.           "Эмнэлгийн мэргэжилтэн" гэдгийг эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.7. заалтын дагуу
2.2.           "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй" гэж тэдний мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой дадал, ёс, зан үйл, харилцаа, хандлагын зүй тогтлын тухай ухагдахууныг
2.3.           "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн горим" /деонтологи/ гэж эмнэлгийн мэргэжилтний үйлчлүүлэгч, нийгэм, өөр хоорондын харилцааны хүрээнд үүсэх үүрэг, хариуцлагыг
2.4.           "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ" гэж эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа ёс зүйн харилцааны хүрээнд сахих зарчим, горимын шаардлагыг
Гурав. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн нийтлэг хэм хэмжээ
3.1.           Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ нь үйлчлүүлэгч /эмчлүүлэгч/ төвтэй үзэл баримтлалд тулгуурлана.
3.2.           Эмнэлгийн мэргэжилтэн нь эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэх, дэмжих үйл ажиллагааг ёс зүйн үндсэн зарчим хүнийг хүндэтгэн үзэх, үр дүнтэй, шударга байх, хүнлэг, энэрэнгүй ёс болон шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ.
3.3.           Эмнэлгийн мэргэжилтэн нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг улс төрийн үзэл бодол, шашин шүтлэг, яс үндэс, хөрөнгө чинээгээр үл ялгаварлан тэгш, хүртээмжтэй үзүүлнэ.
3.4.           Эмнэлгийн мэргэжилтэн био анагаахын ёс зүйн талаар олон улс болон өөрийн орны холбогдох байгууллагуудаас баталсан хууль, баримт бичиг зөвлөмжүүдийг үйл ажиллагаандаа мөрдөнө.
3.5.           Эмнэлгийн мэргэжилтэн нь урьдчилан сэргийлэх, эмчлэх, сувилах, эм барих ур чадвараа байнга дээшлүүлж, эмнэлгийн мэргэжилтний нэр хүндийг дээдэлж, тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчийн эрх ашигт нийцүүлэн "Хүн хүндээ нөхөр байх" зарчмыг баримтлан үйлчлүүлэгчийн сэтгэл санааг тэтгэж ажиллана.
3.6.           Эмнэлгийн мэргэжилтэн нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, үр дүнгийн талаар тодорхойгүй, стандартын зохих шаардлага хангаагүй, чанарын баталгаагүй эм, эмнэлгийн хэрэгслийг хуваарилах, түгээх, түүнийг дэмжих, тогтоосон журмыг зөрчиж худалдахыг хатуу хориглоно.
3.7.           Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжлийн давуу талыг ашиглан бусдын эрүүл мэндэд хохирол учруулах, хууль бус үйлдэл хийх, төлбөр авах, энэ талаар бусадтай хэлцэл хийхийг хориглоно.
3.8.           Эмнэлгийн мэргэжилтэн нь асаргаа, сувилгааны үндсэн зарчим болсон эрүүл мэндийг бэхжүүлэх дэмжих, өвчнийг илааршуулахад үнэнчээр зүтгэх, эрүүл мэндийг сэргээх, зовлон зүдүүрийг багасгах, хөнгөлөх, өвчтөнд сэтгэл санааны дэм үзүүлэхийг эрмэлзэж ажиллана.
3.9.           Эмнэлгийн мэргэжилтэн нь иргэний үүргээ нэр нэр төртэй биелүүлж эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль, тогтоомжийг чандлан мөрдөхийн зэрэгцээ төр, захиргаа, төрийн бус байгууллагатай нягт хамтран ажиллана.
3.10.       Эмнэлгийн мэргэжилтэн нь албан тушаалын бүрэн эрхээ ашиглан байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн хууль бус арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцохыг хориглоно.
3.11.       Эмнэлгийн мэргэжилтэн нь хүний язгуур эрхийг хүндэтгэн түүнийг зөрчигдөхөөс сэргийлж, үйлчлүүлэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр анагаах ухааны болон шинжлэх ухааны туршилтад хамруулж үл болно.
3.12.       Энэхүү ёс зүйн хэм хэмжээг эмнэлгийн бүх мэргэжилтэн мөрдөх бөгөөд мэргэжлийн нийгэмлэг тухайн мэргэжлийн онцлогийг тусгасан ёс зүйн хэм хэмжээг нэмэлт байдлаар тогтоож болно.
3.13.       Ёс зүйн хэм хэмжээ нь Эрүүл мэндийн тухай хууль, энэхүү ёс зүйн хэм хэмжээ болон бусад хууль тогтоомжоор тодорхойлогдоно.
Дөрөв. Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчтэй харилцах горим
4.1.           Үйлчлүүлэгч, эмнэлгийн мэргэжилтний харилцааны үндэс нь чөлөөт сонголт, хамтын шийдвэр бөгөөд уг харилцаанд хүчирхийлэл, дарамт байх ёсгүй.
4.2.           Үйлчлүүлэгч нь эмнэлгийн тусламж авах, эмнэлэг, эмчээ сонгох эрхээ эдлэхэд /өөрөө шийдвэр гаргахад нь/ хөндлөнгийн нөлөөлөл үзүүлж болохгүй. Эмчлүүлэгчид өөрийнхөө эмчилгээ, үйлчилгээнийхээ талаар өөрийн үнэлэмж, дүгнэлт өгөх боломжоор хангагдсан байвал зохино.
4.3.           Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчдэд чин сэтгэлээсээ хандаж тэдний сайн сайхны төлөө өөрөөс хамаарах бүхнийг хийнэ.
4.4.           Эмнэлгийн мэргэжилтэн өвчнийг оношлох, эмчлэх, сэргийлэх үйлдэл хийхдээ гарч болох эрсдэл, хүндрэл, сөрөг үр дагаврын талаар үйлчлүүлэгч болон түүний дотны хүмүүст чин сэтгэлээсээ үнэн зөв мэдээлэл өгч урьдчилан зөвшилцвөл зохино. Өвчтөний цаашдын тавилан мууг мэдсээр атал хэт өөдрөг эсвэл хэт гутрангуй мэдээлэл өгч хуурах нь ёс зүйн хэм хэмжээнд үл нийцнэ.
4.5.           Үйлчлүүлэгч эмчийн санал болгосон эмчилгээ, оношлогоо, шинжилгээ хийлгэхээс татгалзвал түүнд хүндэтгэлтэй хандан, учир байдлыг сайтар ойлгуулж, шийдвэрийг нь бичгээр гаргуулж авна.
4.6.           Эмнэлгийн мэргэжилтэн бие хүний удмын сангийн /генийн/ мэдээллийг чандлан нууцлаж, эмнэлэг генетикийн зөвлөгөөг зөвхөн тухайн хүний эрх ашигт зориулж өгнө.
4.7.           Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдож хувь хүний нууц, нэр төрийг гутааж болох аливаа мэдээллийг олж мэдсэн бол түүнийг амьд сэрүүн байх үед нь төдийгүй нас барсны дараа ч хуульд зааснаас бусад тохиолдолд чандлан нууцлана.
4.8.           Үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, өвчлөлийн байдлын талаар компьютерт хадгалагдсан бичлэг нь хүссэн хүн бүхэн танилцах, ашиглах боломжгүйгээр кодлогдсон, түүнд зөвхөн эрх бүхий эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлөөр нэвтэрнэ.
4.9.           Эмнэлгийн мэргэжилтэнд үйлчлүүлэгч талархлаа илэрхийлж, шан харамжийн шинжтэй бус урамшуулал өгч болох хэдий ч энэ нь үйлчилгээг идэвхжүүлэх, чанаржуулах хөшүүрэг болох ёсгүй.
4.10.       Мэс ажилбар болон эмчлүүлэгч эмнэлэгт нас барсан тохиолдолд эд, эс эрхтний бүрэн бүтэн байдлыг эмчлэгч эмч, холбогдох эмнэлгийн мэргэжилтэн хариуцна.
Тав. Эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцааны горим
1.1.           Эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа нь эмнэлгийн мэргэжилтнүүдийн нягт уялдаа шүтэлцээтэй, нэг нэгнийгээ дэмжсэн, харилцан хүндэтгэсэн, хамтын ажиллагааны зарчимд үндэслэнэ.
1.2.           Эмнэлгийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа харилцан шүтэлцээтэй үйл ажиллагаа харилцан шүтэлцээтэй үйл ажиллагааг хүн амын эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсийг хөгжүүлэх үндэс гэж үзнэ.
1.3.           Эмнэлгийн мэргэжилтнүүд нь сайн санааны үүднээс бие биедээ туслах үүрэгтэй бөгөөд мэргэжил нэгт нөхдийнхөө зөвлөгөөг үл сонсох, нэр алдрыг нь гутаах явдлаас ангид байна.
1.4.           Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний стандартыг чанд мөрдөнө.
1.5.           Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд мэргэжил нэгт нөхөдтэйгөө эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах зорилгоор чөлөөт шударга өрсөлдөхийг эрхэмлэнэ.
1.6.           Эмнэлгийн мэргэжилтэн нөхөддөө хүндэтгэлтэйгээр хандаж тэдний ёс зүйн доголдол, зүй бус харилцааг шударгаар илчлэн засан залруулахад нь тусална.
1.7.           Эмнэлгийн мэргэжилтэн үг хэл /хэл/, үйл хөдлөл /бие/, чин сэтгэл /сэтгэл/-ээр үйлчлүүлэгчтэй зохистой харилцах соёл эзэмшсэн байвал зохино.
1.8.           Эмнэлгийн мэргэжилтнүүд нь үйлчлүүлэгч, түүний дотны хүмүүсийн дэргэд мэргэжил нэгт нөхдийн мэргэжлийн үйлдлийн буруу зөвийг зохимжгүй хэлбэрээр илэрхийлэх нь зөвхөн тухайн мэргэжилтний нэр хүнд төдийгүй эмнэлгийн байгууллага, хамт олны нэр хүндэд харш гэдгийг байнга анхаарч ажиллана.
1.9.           Эмнэлгийн мэргэжилтэн нь туршлага багатай мэргэжил нэгт нөхөддөө чин сэтгэлээсээ зөвлөгөө сургамж өгч ажиллана.
1.10.      Хүнд хэцүү тохиолдолд өөрийн санаачилгаар болон үйлчлүүлэгч, түүний дотны хүмүүсийн хүсэлтээр илүү туршлагатай, тусгай бэлтгэлтэй бусад мэргэжил нэгт нөхдийн зөвлөгөөг авч ажиллана.
1.11.      Эмчлэгч эмч нь үйлчлүүлэгчийн талаарх өөрт байгаа бүх мэдээллийг зөвлөх эмчид саадгүй өгөх бөгөөд энэ үйл ажиллагаанд үйлчлүүлэгч, түүний дотны хүмүүсийг байлцуулах шаардлагагүй.
1.12.      Зөвлөх эмч нь өвчтөнийг үзсэний дараа эмчлэгч эмчтэй зөвлөлдөн үйлчлүүлэгч, түүний дотны хүмүүст мэдээлэл өгөх ба санал зөрөөтэй бол зөвшилцөлд заавал хүрэх албагүй. Гагцхүү зөвлөгөө авч буй эмчийн алдар хүндэд муугаар нөлөөлөхгүйгээр өвчтөн түүний дотны хүмүүст өвчнийх нь талаар үнэн зөв тайлбарлаж ойлгуулна. Зөвлөх эмч нь эмчлэгч эмчийн мэргэжлийн алдааг үйлчлүүлэгч болон түүний дотны хүмүүст хуульд зааснаас бусад тохиолдолд мэдээлж үл болно.
1.13.      Эмнэлэгт хэвтэн үйлчлүүлж байгаа хүнийг эмчлэгч эмчийн зөвшөөрөлгүйгээр өөр эмч үзэх /яаралтай тусламж үзүүлэхээс бусад тохиолдолд/ нь ёс зүйд үл нийцнэ. Үйлчлүүлэгчдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай үед эмч санаачилгаараа болон бусдын хүсэлтээр үзэж үйлчлэх бөгөөд эмчлэгч эмч ирсэн буюу үйлчлүүлэгчид яаралтай тусламж шаардлагагүй болсон үед үйлчилгээгээ зогсооно. Ийнхүү үйлчлүүлсний төлөө үйлчлүүлэгч түүний дотны хүмүүсийг зэмлэж үл болно.
1.14.      Яаралтай тусламж шаардлагатай үед үйлчлүүлэгч, түүний дотны хүмүүс нэгэн зэрэг олон эмч дуудаж ирсэн тохиолдолд хэн нэгнээр нь үйлчлүүлэх талаар онцлон хүсэлт гаргаагүй үед анх түрүүнд ирсэн эмч өөр мэргэжилтэнд шилжүүлэх хүртэл тусламж үзүүлнэ.
1.15.      Эмнэлгийн мэргэжилтэн аливаа хорт зуршил, зан үйлээс өөрийгөө сэргийлж, бусдад үлгэр дуурайлтай ажиллана.
Зургаа. Эмнэлгийн мэргэжилтэн нийгэмтэй харилцах горим
6.1.           Эмнэлгийн мэргэжилтэн нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүл мэндийн эрх зүйн үндэс болсон хууль тогтоомжууд, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэх, дэмжих талаар төр, захиргааны бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, хамт олонтой нягт хамтран ажиллана.
6.2.           Өмчийн ямар хэлбэрийн байгууллагад ажиллаж байгааг үл харгалзан эмнэлгийн мэргэжилтэн нь ямагт нийгэм, хамт олны эрх ашгийг эрхэмлэнэ.
6.3.           Эмнэлгийн мэргэжилтэн нь халдварт өвчний тархалт, дэгдэлт нийгэмд аюул тохиолдсон үед өөрийн эрүүл мэнд амь нас, ашиг сонирхлоо үл харгалзан халдварын голомтыг таслан зогсоох, уг өвчний улмаас үүсэж байгаа бодит аюулыг иргэдэд зөв ойлгуулан холбогдох дүрэм журмын дагуу нийтэд мэдээлж ажиллана.
6.4.           Эмнэлгийн мэргэжилтэн нь хүний эрүүл мэндийн эсрэг аливаа хорт үр дагаврын талаар нийтэд мэдээлэх үүрэг хүлээнэ.
6.5.           Эмнэлгийн мэргэжилтэн нь сэтгэц, гэм судлал ба шүүх эмнэлгийн мэргэжлийн дүгнэлт гаргах, шинжээчээр томилогдон ажиллах үедээ үнэн зөв дүгнэлт гаргах үүрэг хүлээнэ.
6.6.           Эмнэлгийн мэргэжилтэн нь шинжлэх ухааны бус аргаар болон тогтоосон журмын гадуур ашиг орлогын төлөө эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа аливаа илрэлийг хаацайлах, хөхүүлэн дэмжих, өөрөө оролцохыг хориглоно.
6.7.           Олон улсын болон халамж, буяны байгууллагууд, сайн санаат иргэдээс эмнэлгийн үйл ажиллагаа, эмчилгээ үйлчилгээнд зориулсан тусламжийг /хэлбэр үл хамааран/ зориулалтаар нь ашиглахыг эрхэмлэнэ.
6.8.           Эмнэлгийн мэргэжилтэн нь баривчлагсад болон хоригдол хүмүүсийг иргэний адил эмчлэх, сувилах ба тэднийг тарчлаан зовоох, харгис хэрцгий харилцах, доромжлон басамжлахаас ангид байж хүнлэг энэрэнгүй хандана.
Долоо. Ёс зүйн хэм хэмжээг зөрчигсдөд хүлээлгэх хариуцлага
Эмнэлгийн мэргэжилтэн нь энэхүү хэм хэмжээг зөрчвөл нийгэм, хамт олноос зэмлэл, төрийн захиргааны байгууллагаас, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ