A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТАРХИНЫ ҮХЛИЙГ ТОДОРХОЙЛОХ ЭМНЭЛ ЗҮЙН ШАЛГУУР /ЭМС-ын 2017 оны А/123-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2017 оны А/123-р тушаалаар хүчингүй болсон/

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 233 тоот тушаалын хоёрдугаар хавсралт
 

ТАРХИНЫ ҮХЛИЙГ ТОДОРХОЙЛОХ ЭМНЭЛ ЗҮЙН ШАЛГУУР

 
Нэг. Тархины бүтэц, үйл ажиллагаанд эргэлтгүй өөрчлөлт гарсан үед амьсгал, цусны эргэлтийг аппарат, эмийн тусламжтайгаар тогтоон барьж байгаа онцгой байдлыг "тархины үхэл" гэж нэрлэнэ.
 
Хоёр. Тархины үхлийг дараах шалгуураар тодорхойлно.
2.1.      Тархины үхлийг тухайн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, эмчилгээний чанарын хяналтын менежер, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан мэдрэлийн эмч, сэхээн амьдруулах эмч /эмчлэгч эмч оролцохгүй/ нарын бүрэлдэхүүнтэй комисс 12-оос доошгүй цагийн зайтай 2 удаа үзлэг хийж тогтооно.
2.2.      Тархины үхлийг тогтоох үзлэгийн өмнө удаан хугацаагаар ухаангүйдэх, амьсгал зогсох гадны шалтгаан байгаа эсэхийг эмчлэгч эмч нягтлан тогтоож, бололцоотой бол лабораторийн шинжилгээгээр нотолсон байна.
2.3.      Амьсгал бүрэн зогссон хүмүүст 20-24 цаг зохиомол амьсгал хийхэд амьсгал сэргэх шинжгүй байвал тархины баганын рефлексийн сорилуудыг хийнэ.
2.4.      Гаднын шалтгаан ба эмийн аргаар халуун бууруулаагүй, нойрсуулах, тайвшруулах, булчин сулруулах эмийн нөлөө, хордлого үгүйг тогтоосны дараа баганын үхлийг шалгах сорилуудыг анхааралтай хийж гүйцэтгэнэ.
2.5.      Тархины баганын рефлексүүдийг дараах сорилуудаар шалгана. Үүнд:
1.        Хүүхэн харааны сорил: Хүүхэн хараа нэгэн хэмжээнд хэвшиж, тод гэрэл тусгахад урвал / өргөсөж, нарийсаж/ гарч байгаа эсэх
2.        Эвэрлэгийн рефлекс: Нүдний эвэрлэгт ариун бөмбөлгөөр зөөлөн хүрэлцэхэд зовхи хөдлөх эсэх
3.        Тэнцвэр /вестибуляр/-нүдний рефлекс: Чихний гадна 2 сувагт хүйтэн ус 20 мл-ийг урсгаж хийхэд нүд хэлбийх, чичрэх хөдөлгөөн гарах эсэхийг шалгана. /Сорилыг чихний хэнгэргийн бүтэн эсэхийг шалгасны дараа 2 чихэнд ээлжлэн хийнэ./
4.        Нүд-тархины рефлекс: Толгойг хажуу тийш цочмог эргүүлэхэд нүдний харц толгойн хамт хөдлөх эсэх /хүүхэлдэйн нүд/ /Энэ сорилыг хүзүү гэмтсэн хүнд хийж болохгүй/
5.        Залгиурын ба амьсгалын доод замын рефлекс: Ам хамраар хаймс уур тавих, гуурсаар соруулах үед хөдөлж, ханиаж байгаа эсэх
6.        Хүчтэй өвтгөх цочролын хариу урвал: Нүдний ухархайн дээд ирмэг яс руу хүчтэй дарахад ямар нэг хариу урвал гарч байгаа эсэхийг шалгана. /Тархи үхсэн үед биеийн доод хэсэгт дарж цочрооход нугасны автоматизмаар хөдөлж болно./
2.6.      Тархины баганын рефлексийн сорилуудад ямар нэг цочролгүй бол амьсгал зогссоныг шалгах /апноэ/ сорил хийнэ.
2.7.      Апноэ сорилыг дараах маягаар хийнэ. Үүнд:
1.          Зохиомол амьсгалын аппаратаар 100% хүчилтөрөгч 10-15 минут амьсгалуулна.
2.          Дараа нь аппаратыг салгаж гуурсаар 1 минутад 4-5 л хүчилтөрөгч өгч ажиглана. Энэ сорилыг 10 минут хийхэд цусанд хүчилтөрөгчийн дутагдал болохгүй харин нүүрсхүчлийн хэмжээ /РаСО2/ 60мм МУБ-аас илүү буюу амьсгалын төвийг хүчтэй цочроох хэмжээнд хүрэх бөгөөд энэ үед амьсгалах хөдөлгөөн огт үгүй байвал амьсгал эргэлтгүй зогссоны шинж гэж үзнэ.
2.8.       Дээрх сорилуудыг хийхийн зэрэгцээ боломжтой үед тархи үхсэний /ялангуяа гадрын/ нэмэлт нотолгоо болгож тархины цахилгаан бичлэгийг /ЭЭГ/ 30 минутаас доошгүй хугацаагаар өдөрт 2-оос доошгүй удаа бичиж шалгаж болно.
2.9.       Тархины үхлийг шинжилсэн тухай бүр тусгай картад тэмдэглэнэ.
2.10.  Сэхээн амьдруулах арга хэмжээ үргэлжилж байгаа нөхцөлд эмч нарын комиссын дүгнэлтээр тархины үхэл болсон нь нотлогдсон тохиолдолд амьгүй донор гэж үзэж өөрийнх нь гэрээслэл, эсвэл ар гэрийн хүмүүсийн зөвшөөрлийг үндэслэн сэхээн амьдруулах ажиллагааг зогсоож эд эрхтнийг шилжүүлэн суулгахаар авч болно.
2.11.  Донороос эд эрхтэн авч болох тухай зөвшөөрлийг тусгай баримтаар гаргана.