- Нүүр
- Сайдын тушаал
- НОТАРИАТЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ, ДИПЛОМАТ БОЛОН КОНСУЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРААС НОТАРИАТЫН ЗАРИМ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛСНИЙ ХӨЛС АВАХ ЗААВАР
Хууль зүйн сайд, Гадаад харилцааны сайдын 1997 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 301/373 тоот тушаалын хавсралт
НОТАРИАТЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ, ДИПЛОМАТ БОЛОН КОНСУЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРААС НОТАРИАТЫН ЗАРИМ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛСНИЙ ХӨЛС АВАХ ЗААВАР
Нэг. Нийтлэг үндэслэл
Нотариатын үүрэг гүйцэтгэгч Дипломат болон консулын төлөөлөгчийн газар /цаашид нотариатчийн үүрэг гүйцэтгэгч гэх/ нь Монгол Улсын Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл эрхлэн хийх зааварт заасан зарим үйлчилгээ үзүүлж, иргэд, байгууллагын хүсэлтээр эрх зүйн туслалцаа үзүүлж, хөлс авна. Хөлсийг энэ зааврын "хоёр"-т зааснаар тооцож авна.
Дипломат болон консулын төлөөлөгчийн газар болон сумын засаг даргын тамгын газар нь үйлчилгээний хөлсийг тусгай дансанд төвлөрүүлж, ажилтныг урамшуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх, техник тоног төхөөрөмжөөр хангах зэрэгт зарцуулна.
Нотариатын үүрэг гүйцэтгэгч нь төлбөрт үйлчилгээ үзүүлсэн тухай бүртгэл хөтөлнө. Бүртгэлд ямар төрлийн төлбөрт үйлчилгээ үзүүлсэн болон хөлсний хэмжээ, үйлчлүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн нэр, албан тушаалыг бичнэ.
Нотариатын үүрэг гүйцэтгэгчээс үзүүлсэн үйлчилгээний чанар хангалтгүй болсон буюу буруу болох нь тогтоогдсон нөхцөлд иргэд, байгууллагаас авсан үйлчилгээний хөлсийг буцаан олгоно.
Үйлчлүүлэгчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үйлчилгээний хөлс төлөхөөс бүрэн буюу тодорхой хэмжээгээр чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх, асуудлыг сум, дүүргийн Засаг дарга, Дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүн шийдвэрлэнэ.
Нотариатын үүрэг гүйцэтгэгчийн санхүүгийн үйл ажиллагаанд тухайн орон нутгийн санхүүгийн алба хяналт тавина.
Хоёр. Нотариатын үүрэг гүйцэтгэгчээс иргэд, байгууллагад үзүүлсэн үйлчилгээний хөлсний хэмжээ
1. Баримт бичгийн үндсэн хувийн хуулбар буюу нотариатын бүртгэх дэвтрээс хэсэгчилсэн хуулбар олгох, нотлох баримт бичиг гаргаж өгөхөд хуудас бүрээс 500 төгрөг
2. Мэдээлэл өгөхөд 1 цагийн 500 төгрөг
Хэрэв холбогдох баримт бичиг тусгайлан судалж, зөвлөгөө өгвөл 1 цагийн 100 төгрөг
3. Баримт бичгийн төсөл боловсруулахад хуудас тутмаас 800 төгрөг
4. Баримт бичиг олшруулах болон бусад техник үйлчилгээ үзүүлсэн бол хуудас бүрээс 60 төгрөг
Цаасны хоёр талд бол 100 төгрөг, хэвлэмэл маягт ашигласан бол 110 төгрөг
5. Нотариатын үйлчилгээг үйлчлүүлэгчийн хүсэлтээр өөр газар /орон гэрт нь гэх мэт/ түүнчлэн үйлчилгээг амралт, баяр ёслолын үеэр хийвэл энэ журамд заасан үйлчилгээний хөлсийг 50 хувь нэмэгдүүлж авна. Унаа, байр, хоолны зардлыг үйлчлүүлэгч хариуцна.
6. Дипломат болон консулын төлөөлөгчийн газар нь баримт бичгийг шаардлагатай гадаад хэл рүү орчуулж өгөхөд хуудас тутмаас 2000 төгрөг
7. Нотариатын үйлчилгээтэй холбоотойгоор иргэний хүсэлтээр хэлмэрчийн үүрэг гүйцэтгэхэд цагт 2500 төгрөг
8. Гадаад оронд хийгдэж байгаа энэ зааварт заасан нотариатын болон консулын үйлчилгээний хөлсөнд төгрөгийг ам.долларт шилжүүлж, түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөт валют буюу суугаа орны мөнгөн тэмдэгтээр тооцож авна.
а/ 100 хүртэл төгрөгийн хөлстэй бол 0,50 /50 цент/
б/ 101-500 хүртэл төгрөгийн хөлстэй бол 1 ам.доллар
в/ 501-1000 төгрөгийн хөлстэй бол 3 ам.доллар
г/ 1001-2500 хүртэл төгрөгийн хөлстэй бол 5 ам.доллар
Текст томруулах
A
A
A