- Нүүр
- Сайдын тушаал
- ГАДААД ОРНУУДАД СУУГАА ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ /ХЗДХС-ын 2018.01.30-ны өдрийн 1-1/550-р албан бичгээр бүртгэлээс хассан/
/ХЗДХС-ын 2018.01.30-ны өдрийн 1-1/550-р албан бичгээр бүртгэлээс хассан/
Санхүү, эдийн засгийн сайд, Гадаад хэргийн сайдын 347/53 тоот тушаалын хавсралт
ГАДААД ОРНУУДАД СУУГАА ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
Энэхүү журмын зорилго нь Засгийн газрын 2002 оны 101 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааны орлогыг төвлөрүүлэх, зарлага, санхүүжилтийг Төрийн сангаар дамжуулан гүйцэтгэх болон төсвийн гүйцэтгэлд хяналт тавих, тайлагнах харилцааг зохицуулахад оршино.
Нэг. Төсвийн орлогыг төвлөрүүлэх
1.1. Монгол банканд байршиж буй 3332410 тоот дансанд дараах орлогыг төвлөрүүлнэ:
1.1.1. Дипломат төлөөлөгчийн газар нь төсвийн батлагдсан зарлагаас давсан орлогыг сар бүр;
1.1.2. Гадаад орнуудад суугаа өргөмжит консулуудаас гадаадын иргэдэд үзүүлсэн визний үйлчилгээний орлого;
1.1.3. Гадаад хэргийн яамны Консулын хэлтсийн визний хураамж болон үйлчилгээний орлогыг ажлын 3 хоног тутам;
1.2. Монгол банканд байршиж буй Гадаад хэргийн яамны 1.1-д заасан дансны орлого нь ажлын өдрийн эцэст Төрийн сан дахь Дипломат төлөөлөгчийн газрын нэрээр нээгдсэн валютын дансанд хаагдаж байна.
1.3. Монгол банканд байршиж буй 1.1-д заасан валютын харилцах данснаас зарлагын гүйлгээ хийхийг хориглоно.
Хоёр. Төсвийн зарлага, санхүүжилт
2.1. Гадаад хэргийн яам төсвийн жилийн эхэнд Санхүү, эдийн засгийн сайдын баталсан Элчин сайдын яам, төлөөлөгчийн газрын тухайн жилийн төсвийн сарын хуваарьт багтаан харъяа Дипломат төлөөлөгчийн газруудын төсвийн сарын хуваарийг хянаж батлан Төрийн санд ирүүлнэ.
2.2. Гадаад хэргийн яам нь төсвийн сараар батлагдсан хуваарийг үндэслэн сар бүр Дипломат төлөөлөгчийн газар нэг бүрээр зарцуулалтын эрхийн хүсэлтийг нэгтгэж дараа сарын 3-ны дотор Төрийн санд ирүүлнэ.
2.3. Төрийн сан нь 2.1-т заасан сарын хуваарь болон Дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааны орлого, дансны үлдэгдлийг тооцож зарцуулалтын эрхийн хүсэлтийг хянаж батална.
2.4. Төрийн сан нь Дипломат төлөөлөгчийн газруудын санхүүжилтийг Төрийн сан дахь төгрөгийн болон валютын бүртгэлийн дансаар нь дамжуулан батлагдсан төсөвт багтаан тухайн сарын зарцуулалтын эрхийн баталгааны дагуу олгоно. Зарцуулалтын эрхийн баталгаанд тусгагдаагүй зардлыг санхүүжүүлэхгүй.
2.5. Батлагдсан төлөвлөгөөнөөс давсан орлогыг "Төсвийн тухай хууль"-ийн 3 дугаар зүйлийн 5 дугаар заалтын дагуу Санхүү, эдийн засгийн яамтай зөвшилцөн зарцуулна.
2.6. Дипломат төлөөлөгчийн газрууд төсвийн батлагдсан хуваарийн дагуу төсвийг хэмнэлттэй, үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулж, өр үүсгэхгүй байх үүрэг хүлээнэ.
2.7. Гадаад хэргийн яам нь олон улсын төлбөр тооцооны сүлжээнд холбогдоогүй Гавана, Пхенъян, Ханой, Кызыл, Вьянтян зэрэг Дипломат төлөөлөгчийн газрын санхүүжилтийг бэлнээр гаргаж, дипломат шуудангаар хүргүүлж байна.
2.8. Дипломат төлөөлөгчийн газруудын ажилтнуудын урсгал зардал /НДШ, Эрүүл мэндийн даатгал, томилолт, бичиг хэрэг, цолны нэмэгдэл, бэлэг дурсгалын зардал/-ыг Төрийн сан дахь бүртгэлийн данснаас зарцуулна.
2.9. Дипломат төлөөлөгчийн газрууд нь төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг батлагдсан Тайлан ТГ-1 маягтын дагуу дараа сарын 2-ны дотор Төрийн сан болон Гадаад хэргийн яаманд ирүүлнэ. Хэрэв төсвийн гүйцэтгэлийн тайлан мэдээг хугацаанд нь ирүүлээгүй бол санхүүжилтийг зогсоох хүртэл арга хэмжээ авна.
2.10. Гадаад хэргийн яам нь Дипломат төлөөлөгчийн газруудын ирүүлсэн төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг хянаж, нэгтгэн дараа сарын 4-ний дотор Төрийн сантай тооцоо нийлж байна.
Гурав. Энэ журмыг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
3.1. Энэхүү журмын заалтыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A