A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГАДААДАД ГАРГАХААР БЭЛТГЭСЭН БАРИЛГЫН ЗОРИУЛАЛТТАЙ ТӨРӨЛ БҮРИЙН ГАН, САНТЕХНИКИЙН БЭЛДЭЦ, ШУГАМ ХООЛОЙ, ХААЛТ, АРМАТУРЫГ ШАЛГАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1994 оны 15 тоот тушаалын хавсралт
 
ГАДААДАД ГАРГАХААР БЭЛТГЭСЭН БАРИЛГЫН ЗОРИУЛАЛТТАЙ ТӨРӨЛ БҮРИЙН ГАН, САНТЕХНИКИЙН БЭЛДЭЦ, ШУГАМ ХООЛОЙ, ХААЛТ, АРМАТУРЫГ ШАЛГАХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1.    Гадаадад гаргахаар бэлтгэсэн барилгын зориулалттай төрөл бүрийн ган, түүгээр хийсэн бүтээц болон сантехникийн бэлдэц, шугам хоолой, хаалт, арматур /цаашид ган гэнэ/-ыг шалгаж үнэлэлт өгөхөд энэ журмыг мөрдөнө.
1.2.    Барилгын техник хяналтын улсын байцаагчид гадаадад гаргахаар бэлтгэсэн ганг шалган үзэж техникийн дүгнэлт гаргана.
1.3.    Ганг гадаадад гаргахаар бэлтгэсэн байгууллага, аж ахуйн нэгж нь барилгын техник хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах хүсэлтээ албан бичгээр Дэд бүтцийн хөгжлийн яам, аймаг, хотын Засаг даргын тамгын газарт ирүүлэх ба үзлэг хийхтэй холбогдон гарах зардлыг хариуцна.
Хоёр. Шалгуур үзүүлэлт
2.1      Гадаадад гаргахаар бэлтгэсэн төрөл бүрийн ганг дор дурдсан шалгуураар шалган дүгнэлт өгнө.
-          барилгын бүтээц, эдлэхүүнд шууд ашиглаж болох эсэх
-          зэврэлт, хэв гажилтад орсон байдал хэрэгцээ шаардлага хангахгүй болсон, бусад үзүүлэлт
-          барилгад их хэмжээгээр өргөн хэрэглэдэг эсэх
-          ашиглаж байсан бол цаашид дахин ашиглах боломж
-          сантехникийн хаалт, арматурын зарим эд ангийг сэлбэг болгон хэрэглэх боломж
 
2.2      Тухайлсан нэг барилгад зориулан хийсэн стандартын биш ган бүтээцийг дахин ашиглах бололцоог нарийвчлан тогтоож гадаадад бүтээц хэлбэрээр нь худалдах, өөр барилгад хэрэглэх боломжийг тогтооно.
Гурав.Шалгасан дүгнэлт
3.1      Барилгын техник хяналтын улсын байцаагчийн техникийн дүгнэлтэд дор дурдсан зүйлийг тусгасан байна.
-          ганг гадаадад гаргахаар бэлтгэсэн байгууллага, аж ахуйн нэгжийн нэр, улсын бүртгэлийн дугаар, хаяг
-          ган бүтээцийг үйлдвэрлэсэн /тусгайлан олгосон эрх, лиценз бүхий/ байгууллага, аж ахуйн нэгжийн нэр, улсын бүртгэлийн дугаар хаяг
-          шалгалт хийсэн он, сар, өдөр
-          үзлэг хийх үед байлцсан хүмүүсийн овог нэр, албан тушаал
-          гадаадад гаргах гэж буй гангийн төрөл, түүний хүндийн жин /гангийн огтлолын хэлбэр, марк, голчоор нь тус тусад нь тодорхой бичнэ/-г төрөл тус бүрээр заана. Мөн геометр хэмжээ, тоо ширхгээр нь зааж болно
-          ганд илэрсэн гэмтлийг тодорхой заасан фото зураг хавсаргаж болно
-          ган бүтээцийн ажлын зураг, захиалга, стандарт
-          ганг барилгад ашиглах болох талаар дүгнэлт өгөх ба монголд үйлдвэрлэсэн ган бүтээц мөн болохыг тодорхойлохоос гадна хэрэгцээ шаардлагыг харгалзан гадаадад гаргахыг хориглох юмуу зөвшөөрөл олгох талаар санал дүгнэлтээ гаргана. Дүгнэлтэд улсын байцаагч гарын үсэг зурж, барилга, техникийн ашиглалтын хяналтын газрын дарга, аймаг, хотын засаг даргын тамгын газрын дарга баталгаажуулна.
Дөрөв.Хариуцлага
4.1.    Улсын байцаагч нь өөрийн гаргасан техникийн дүгнэлтийн үнэн зөвийг бүрэн хариуцах бөгөөд хэрэв буруу дүгнэлт хийсэн нь нотлогдвол зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
 
4.2.    Улсын байцаагчаар шалгуулаагүй ганг гадаадад гаргах гэсэн хариуцлагыг барилга техникийн улсын байцаагч хариуцахгүй.