- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ, ТЕХНИКИЙН ШИЙДЭЛ, ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ БОЛОВСРУУЛАХ, ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОХ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ /ТЕНДЕР/ ДҮРЭМ
Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1994 оны 115 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
БАРИЛГЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ, ТЕХНИКИЙН ШИЙДЭЛ, ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ БОЛОВСРУУЛАХ, ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОХ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ /ТЕНДЕР/ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг зүйл
Энэхүү дүрэм нь барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөл шинэчлэлт, их засвар хийх техникийн шийдэл, техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах байгууллага, хүмүүсийг /цаашид гүйцэтгэгч гэнэ/ сонгон шалгаруулахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулна.
Хөрөнгө эзэмшигч /цаашид захиалагч/-ийн хүсэлтийг үндэслэн Дэд бүтцийн хөгжлийн яамнаас эрх олгосон байгууллага тендерийн үйл ажиллагааг эрхлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
Хоёр. Тендерийн албаны үйл ажиллагаа
1. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх авсан байгууллагын дарга, энэ ажлыг гардан хариуцаж байгаа ажилтан болон тендер шалгаруулах шүүгчдийг хамруулж "Тендерийн алба" гэж нэрлэнэ. Тендерийн албыг энэ ажлыг эрхлэх зөвшөөрөл авсан байгууллагын дарга толгойлно. Тендерийн алба нь зохицуулалт, зохион байгуулалтын чанартай үүргийг, шүүгчид нь сонгон шалгаруулах үүргийг тус тус гүйцэтгэнэ.
2. Тендерийн алба нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, барилга, хөрөнгө оруулалтын биржээр дамжуулан үйл ажиллагаагаа ил тод явуулна. Тендерийн алба нь ажлын шаардлагаар өөрийн салбарыг байгуулж, тодорхой хугацаагаар ажиллуулж болно.
3. Төрийн захиргааны төв байгууллагаас тендерийн үйл ажиллагааг эрхлэх эрх авч, үүрэг хүлээсэн байгууллага нь өрсөлдөгчийг сонгон шалгаруулах мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүнийг сонгож батална.
4. Тендерийн шүүгчдийн бүрэлдэхүүнд салбарын зөвлөх болон тэргүүлэх инженерүүд, мэргэжлийн экспертүүд, төрийн төв байгууллагуудын тухайн ажил үүргийг эрхэлдэг албан тушаалтнуудыг оролцуулж, орон тооны бусаар ажиллуулна.
5. Тендерийн алба нь зарлагдах барилга байгууламжийн зураг төсөл, техник-эдийн засгийн тооцоо, төсөвт өртгийг судлах, шалгах, мэдээллээр хангах, зарлан мэдээлэх, гүйцэтгэгчийг өрсөлдүүлэн шалгаруулахтай холбогдсон санал, материалыг нэгтгэж нууцлах, захиалагчийн гаргах хөрөнгийн баталгаа, чадвар, сонгон шалгаруулалтад оролцох гүйцэтгэгч байгууллагын санхүү, техник, материал хангамжийн боломжийг судалж, түүний найдвартай байдал, үнэн зөв эсэхэд батламж өгч, гүйцэтгэгч, захиалагчийн хооронд итгэлцлийг бий болгож зуучлах үүрэгтэй.
6. Тендерийг барилга байгууламжийн ажил, төсөл арга хэмжээг дуусгах хугацаагаар нь иж бүрэн буюу хэсэгчилсэн байдлаар, зарим томоохон барилгыг үе шатаар нь зарлаж шалгаруулалтыг хийж болно.
7. Тендерт оролцох гүйцэтгэгчийн тодорхойлолт, сонгон шалгаруулах үзүүлэлтүүд, шалгаруулах аргачлал, дарааллыг тендер зарласан байгууллага тогтоон, үйл ажиллагаагаа ил тод явуулж, шалгарсан гүйцэтгэгч болон төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн ажлын явц, гэрээний биелэлтэд хяналт тавих үүргийг тендерийн байгууллага захиалагчтай хамтран гүйцэтгэнэ.
8. Тендерийн алба нь зарласан тендерийн дүн, шалгарсан гүйцэтгэгч болон төсөл арга хэмжээг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ил тод сурталчлах үүргийг гүйцэтгэнэ.
Гурав.Гүйцэтгэгчийг өрсөлдүүлэн шалгаруулах журам
9. Захиалагч нь гүйцэтгэгчийг өрсөлдүүлэн шалгаруулах хүсэлтээ тендерийн байгууллагад албан ёсоор ирүүлнэ.
Хүсэлт бичигт тендер зарлах төсөл, арга хэмжээний тухай тодорхой мэдээлэл /хийх ажлын ойролцоо өртөг, хийлгэх хугацаа, чанарын шаардлага, зураг төслийн бэлэн байдал, инженерийн болон бусад техникийн эх үүсвэрийн хангамж, зарцуулах хөрөнгийн баталгаа/, гүйцэтгэгчид тавигдах шаардлагыг тодорхойлсон байна.
10. Ерөнхий захиалагч нь тендерийн үйл ажиллагаанд өөрөө болон өөрийгөө төлөөлүүлсэн мэргэжлийн захиалагчийн алба /захиалагч нь аж ахуйн нэгж, хувь хүн/-аар төлөөлүүлэн оролцож болно.
11. Захиалагч нь барилга байгууламжид ажил гүйцэтгүүлэх гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлах бол зураг төслөө бэлэн болгож, хөрөнгийнхөө баталгааг банк болон санхүүжүүлэх эрх бүхий газраас албан ёсоор гаргуулж, шалгаруулалтын өмнө тендерийн байгууллагад өгнө.
12. Тендер зарлагдах барилга байгууламжийн байршил, хүч чадал, барих хугацааг нийтэд зарлана.
13. Тендерийн зарлалыг төвийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, "Барилгын мэдээлэл" сэтгүүл, бусад зар, мэдээллийг ашиглан явуулна.
14. Зарлалын дагуу тендерт оролцох сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллагууд тендерийн албанд хүсэлтээ зарласан хугацаанд нь албан бичгээр ирүүлнэ.
15. Тендерийн алба гүйцэтгэгчийн саналыг хүлээж авсны дагуу захиалагч байгууллагатай хамтран зураг төслийг нарийвчлан судалж, төсөвт өртгийн зарлагдсан хэмжээг тодруулна. Ажлын хэмжээг үе шатаар гаргаж, томсгосон үнэлгээгээр өртгийг тооцож гаргана. Тендерийн хэлцлийн үнийн төслийг суурь үнэлгээгээр зохиох боловч материал, цалин, механизмын өсөлтийг итгэлцүүрээр тооцон оруулж болно. Зөвхөн суурь үнээр хэлцэл хийж, материал бусад зардлын үнийн өсөлтийг хэлцэлд оруулахгүйгээр тухайн үед нь шийдвэрлэхээр тохирч болно.
16. Зураг төслийг зохиох, барилгыг бариулах болон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх ажил нь зэрэгцэн явагдах бол энэ тухай тендерийн зарлалд тодорхой дурдаж, гүйцэтгэгч байгууллагуудад ерөнхий үзүүлэлт, биет хэмжээг урьдчилан өгч, тэдний гаргасан ойролцоо төсөвт өртгийг шалгаруулах үзүүлэлт болгон сонгож болно.
17. Хэлцлийн үнийн шинэчилсэн төсөл болон бусад сонгон шалгаруулах үзүүлэлтийг тендерт оролцохоор санал өгсөн гүйцэтгэгчид хүргүүлнэ.
18. Гүйцэтгэгч байгууллагууд дээрх төслийг хүлээн авч, зураг төсөл болон ажил даалгавартайгаа нарийвчлан танилцаж, хэлцийн үнийн төсөлд тодруулга хийн өөрийн байгууллагын онцлогтой холбогдсон нэмэгдлүүдийг нэмэх замаар хэлцлийн үнийн хэмжээг гаргаж дараах үзүүлэлтүүдийг тооцон тендерийн албанд битүүмжлэн хүргүүлнэ. Үүнд:
- барилгын төсөвт өртгийн хэмжээ /хэлцлийн үнийн төсөл/
- барилгыг барьж дуусгах хугацаа /сараар/
- чанарын баталгаа /жилээр/
- найдвартай байдал /материал, машин механизмын хангамж, санхүүгийн боломж, урьд барьсан барилгын чанар, удирдан бариулах инженерийн мэргэжлийн ур чадвар гэх мэт/
- сонгон шалгаруулах бусад үзүүлэлтүүд
- хөрөнгийн баталгаа болон холбогдох тооцоо, үйлдвэрлэл зохион байгуулах төсөл /ППР/, барилгын ажлын зохион байгуулалтын төсөл /ПОС/
19. Тендерийн алба гүйцэтгэгч байгууллагуудаас ирүүлсэн төслийг битүүмжлэн хадгалж, тодорхой хугацаа зарлан захиалагчийн төлөөлөгчийг байлцуулан задалж, энэ журмын 18-д заасан үзүүлэлтүүдийг байгууллага нэг бүрээр гарган жагсааж, сонгон шалгаруулалт хийнэ. Тендерийн зарласан хугацаа хэтэрсэн материалыг хүлээж авахгүй.
20. Найдвартай байдал гэдэгт тухайн ажлыг гүйцэтгэх эрх /лиценз/ олгогдсон эсэх, мэргэжлийн боловсон хүчин, инженер техникийн ажилтан, материал хангамж, техникийн боломж, санхүүгийн чадвар зэргийг харгалзан үзнэ.
21. Тендерийн шүүгчдийн хурлын тогтоол гарснаар сонгон шалгаруулах шийдвэр хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө.
22. Тендерт шалгарсан гүйцэтгэгч, захиалагчтай тодорхой гэрээ хийх бөгөөд /гэрээний нэг хувийг тендерийн албанд өгнө/ энд тохиролцсон төсөвт өртгийн хэмжээ нь хэлцлийн үнэ болно. Сонгон шалгарсан гүйцэтгэгч нь шалгаралтын үед амласан зүйл, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ.
23. Шалгарсан гүйцэтгэгчийн үүргийн биелэлттэй холбоотойгоор үүсэх аж ахуйн маргааныг гэрээ хэлцлийн хууль,дүрмийн дагуу шүүх шийдвэрлэнэ.
24. Захиалагч нь шалгарсан гүйцэтгэгчтэй байгуулах гэрээг тендерийн шүүгчдийн тогтоол гарснаас хойш 10 хоногт багтаан байгуулах бөгөөд гэрээнд үүргээ гүйцэтгээгүйгээс аль нэг талд учрах хохирлыг хэрхэн хариуцах асуудлыг тодорхой тусгаж, нотариатаар баталгаажуулна.
Дөрөв.Тендерийн албаны ажил үйлчилгээний хөлс, санхүүгийн үйл ажиллагаа
25. Тендерийн алба нь өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана.
26. Тендер зарлах, сонгон шалгаруулах болон шалгаруулсан байгууллага, төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн ажилд хяналт тавин, гүйцэтгэгчийг шалгаруулахын тулд үйл ажиллагаатай нь танилцах, тооцоо судалгаа гаргах, мэргэжлийн шүүгчдийг ажиллуулах зэрэгт гарах ажил үйлчилгээний хөлсний жишгийг Дэд бүтцийн хөгжлийн яам тогтооно. Гарсан зардлыг тендерт оролцогч захиалагч болон гүйцэтгэгч төлж санхүүжүүлнэ.
27. Тендерт оролцсон захиалагч болон шалгарсан гүйцэтгэгчийн төлсөн хөлс нь тендерийн байгууллагад үлдэх бөгөөд бусад гүйцэтгэгчийн урьдчилан төлсөн шимтгэлийг хоёр хувийг ажиллагааны зардалд суутган 98 хувийг буцааж олгоно.
28. Барилгыг богино хугацаанд, чанартай бариулах, төсөл арга хэмжээгээр хурдан, чанартай гүйцэтгүүлэх зорилгоор захиалагчаас үзүүлэх нэмэлт урамшуулал, туслалцааг тендерийн зардалд оруулж болно.
Тав.Тендерийн мэргэжлийн шүүгчдийн үйл ажиллагаа
29. Төрийн захиргааны төв байгууллагаас тусгайлан эрх олгосон байгууллагын шийдвэрээр тендерийн шүүгчдийг сонгож, батална.
30. Шүүгчдийг ерөнхий шүүгч удирдах бөгөөд тендер зарлаж байгаа захиалагч байгууллагын төлөөлөгчийг шүүгчдийн бүрэлдэхүүнд оруулна. Тендер эрхлэх байгууллагын дарга нь шүүгчдийн хуралд зөвлөх эрхтэй оролцоно.
31. Гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажилд ерөнхий шүүгчийн шийдвэрээр нарийн мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж, экспертиз, дүгнэлт гаргуулж болно.
32. Сонгон шалгаруулах үзүүлэлтийн дагуу гаргаж ирүүлсэн баримт бичгийг /нууцалсан/ тендерийн нарийн бичгийн дарга хүлээн авч битүүмжилнэ.
33. Сонгон шалгаруулалт болохоос 5-аас доошгүй хоногийн өмнө захиалагчийг байлцуулан битүүмжилсэн материалыг задалж, шүүх бүрэлдэхүүнд судлуулахаар олгоно. Шүүгчид гүйцэтгэгчдийн баримт бичиг, техник эдийн засгийн нууцыг задруулахгүй байх үүрэг хүлээнэ.
34. Шүүгчид нь баримт материалтай танилцаж, харьцуулалт, бүтцийн болон хүчин зүйлийн нөлөөллийн анализ, математик загварчлал, биечилсэн судалгаа хийсний үндсэн дээр захиалагчийн саналыг сонгон шалгаруулалтад өөрийн саналаа нууцаар гаргана.
35. Шүүгчдийн санал тэнцүү хуваагдсан үед захиалагчийн болон ерөнхий шүүгч, тендерийн албаны даргын саналыг сонссоны үндсэн дээр дахин санал хураалт явуулж шийдвэрлэнэ.
36. Хоёр буюу түүнээс олон гүйцэтгэгч дээр шүүгчдийн өгсөн санал тэнцвэл хамгийн олон санал авч тэнцсэн гүйцэтгэгч дээр дахин санал хураах замаар шалгаруулна.
37. Шүүгчид нь танил тал харах, асуудалд өрөөсгөлөөр хандах, гадны ямарваа нөлөөнд автахгүй байх үүргийг хүлээнэ.
38. Тендерт оролцогч байгууллагын нууц задруулсан болон шүүгчид нь хээл хахууль авсан, танил тал харах явдал гаргасан тохиолдолд тендерийн албанд ажиллуулах эрх, олгох цалин урамшууллыг нь хасах, үүнээс болж гарсан хохирлыг төлүүлэх зэрэг арга хэмжээг тендерийн албаны дарга авна.
Шаардлагатай гэж үзвэл хуулийн байгууллагад шилжүүлнэ.
39. Ерөнхий шүүгчийн саналыг үндэслэн тендер зохион байгуулах байгууллагаас шүүгчдийн цалин урамшууллыг тогтооно.
Текст томруулах
A
A
A