- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ ДҮРЭМ
Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1995 оны 170 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
БАРИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ ДҮРЭМ
Нэг. Нийтлэх үндэслэл
1. Энэ дүрэм нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр барилгын инженерийн хайгуул хийх, шинээр барих болон өргөтгөл шинэчлэлт, их засвар хийх бүх төрлийн барилга байгууламж, зам гүүр, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, барилгын материал эдлэхүүн үйлдвэрлэх /цаашид барилгын үйлдвэрлэл гэж нэрлэнэ/ үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /лиценз/, олгохтой холбогдсон харилцааг зохицуулна.
2. Барилгын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгох ажлын үндсэн зорилго нь хэрэглэгчдийн эрх ашиг, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад оршино.
3. Барилгын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг энэхүү дүрмийн хавсралтад дурдсан ажлыг гүйцэтгэхэд олгоно.
4. Монгол улсын нутаг дэвсгэр дээр барилгын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг өмчийн бүх хэлбэрийн байгууллага, аж ахуйн нэгжид энэ дүрмийг баримтлан олгоно.
5. Гадаадын байгууллага, хамтарсан үйлдвэр Монгол улсын барилгын үйлдвэрлэл явуулах тохиолдолд тухайн орныхоо барилгын үйлдвэрлэл явуулах зөвшөөрлийг бүртгүүлэхээс гадна тус улсын холбогдох байгууллагаас дахин зөвшөөрөл авсан байна.
6. Барилгын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл нь түүнийг эзэмшигчийн хилийн чанадад барилгын үйлдвэрлэл явуулах эрх зүйн үндэслэл болно.
Хоёр. Барилгын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгох байгууллага, түүний үүрэг, эрх
7. Монгол улсын нутаг дэвсгэр дээр барилгын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгох байгууллага нь Улсын барилга, техник, ашиглалтын хяналтын газар байна.
8. Барилгын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгох байгууллага нь дор дурдсан үүрэгтэй байна.
а/ зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам, аргачлал болон зааварчилгааны баримт бичгийг бэлтгэж шийдвэрлүүлэх,
б/ зөвшөөрөл олгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулж түүнтэй холбогдсон бүхий л асуудлыг хүлээн авч шийдвэрлэх,
в/ мэргэжлийн лаборатори, сорилт туршилтын төв шинжээчдэд итгэмжлэх олгох үйл ажиллагаанд нь хяналт тавих,
г/ зайлшгүй зөвшөөрөл авсны үндсэн дээр гүйцэтгэвэл зохих барилгын үйлдвэрлэлийн ажлын жагсаалтад өөрчлөлт тодотгол оруулах санал бэлтгэж шийдвэрлүүлэх,
д/ зөвшөөрөл олгосон баримт материал /лаборатори, сорилт, туршилтын төв, шинжээчдийн үнэлэлт, дүгнэлт, илтгэх хуудас, шийдвэр зэрэг/-ыг зохих ёсоор бүрдүүлэх, хадгалах,
е/ улсын хэмжээнд зөвшөөрөл авсан байгууллага, аж ахуйн нэгжийн жагсаалтыг хөтөлж, мэдээлэх,
ж/ зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд шалтгааныг тодорхой заасан хариуг албан ёсоор өгөх,
з/ зөвшөөрлийг түдгэлзүүлсэн буюу хүчингүй болгосон тухай шийдвэрээ 14 хоногийн дотор зохих байгууллага, аж ахуйн нэгжид хүргүүлж нийтэд мэдээлэх.
9. Барилгын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгох байгууллага нь дор дурдсан эрхтэй байна.
а/ барилгын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгохтой холбогдолтой асуудлаар байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрээс үйл ажиллагаа явуулж байгаа объектод нэвтрэн орох,
б/ шаардлагатай гэж үзвэл барилгын үйлдвэрлэл явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын болон бүтээгдэхүүний чанарт хяналт тавих, үүнтэй холбогдуулан төрийн хийгээд олон нийтийн хяналтын зохих байгууллагаар үнэлэлт, дүгнэлт гаргуулах,
в/ гүйцэтгэж байгаа ажил нь норматив техникийн баримт бичиг /барилгын норм, дүрэм, зураг төсөл, улсын стандарт, техникийн нөхцөл/-ийн заалт зохих шаардлагад нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах,
г/ баримт материал, сорьцод шинжилгээ, судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулах ажилд улсын хяналтын болон судалгаа, шинжилгээний, түүнчлэн олон нийтийн холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг тэдгээр байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр оролцуулах,
д/ шинжээчдийг өөрийн санаачилгаар томилон ажиллуулах,
е/ эрхийн зөвшөөрөл авахыг хүсэж ирүүлсэн материал бүрэн бус, шаардлага хангаагүй тохиолдолд түүнийг буцаах,
ж/ барилгын үйлдвэрлэл явуулах эрхийг тодорхой нэр төрлийн ажил гүйцэтгүүлэхээр олгож, түүний үйлчлэлийн хугацааг тогтоох, олгосон эрхээ түдгэлзүүлэх, хүчингүй болгох.
Гурав. Барилгын үйлдвэрлэл явуулах эрх олгох ажлын зохион байгуулалт
10. Барилгын үйлдвэрлэл явуулах эрх авахаар хүсэлт гаргаж байгаа байгууллага, аж ахуйн нэгж нь эрх олгох байгууллагад дор дурдсан материал, баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ.
- өргөдөл, гэрчилгээ, регистрийн дугаар
- зохих журмын дагуу батлагдсан тухайн байгууллагын дүрэм,
- инженер техникийн ажилтан, мэргэжлийн ажилчдынхаа бүрэлдэхүүн, тэдгээрийн боловсрол, дадлага чадварын тухай мэдээлэл,
- үйлдвэрлэлийн техникийн баазын талаарх болон үйлдвэрлэлд оролцуулах боломжтой үндсэн машин механизм, тоног төхөөрөмжийн болон үндсэн хөрөнгийн хэмжээ, санхүүгийн чадавхын талаарх мэдээлэл
- үйлдвэрлэлийн ажил, бүтээгдэхүүний чанарын дотоодын хяналт шалгалтын тогтолцоо, хэмжилтийн багаж хэрэгслийн тухай мэдээлэл,
- Норматив техникийн баримт бичгийн хангалт, техник технологийн мэдээлэл авдаг эх сурвалжийн тухай мэдээлэл,
- Зөвшөөрөл олгохтой холбогдон гарах зардал, болон тэмдэгтийн хураамжийг төлсөн баримтын хуулбар.
11. Улсын барилга, техник, ашиглалтын хяналтын газар нь зөвшөөрөл олгох буюу олгохоос татгалзах тухай шийдвэрийг материал бүрэн бүрдүүлж өгснөөс хойш нэг сарын дотор гаргана. Судалгаа, шинжилгээ шаардлагатай тохиолдолд шийдвэр гаргах хугацааг 2 сар хүртэл сунгаж болно.
12. Үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгох эсэх асуудлыг байнгын комиссын хурлаар шийдвэрлэх бөгөөд комиссын дарга нь Барилга техник, ашиглалтын хяналтын газрын дарга байна. Комиссын гишүүдэд барилгын техник хяналтын улсын байцаагчид, Архитектур, хот байгуулалт, барилга, барилгын материал, зам гүүрний асуудал хариуцсан газар, хэлтэс, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан, тэргүүлэх болон зөвлөх инженерүүдийг оролцуулна.
- комисс нь орлогч болон нарийн бичгийн даргатай байна.
- комиссын бүрэлдэхүүнийг Дэд бүтцийн сайд батална.
13. Зөвшөөрөл олгох комисс нь ирүүлсэн материал, сорьц, баримт бичигтэй танилцаж холбогдох шинжилгээ, судалгаа, туршилт, шалгалт хийсний үндсэн дээр өөрийн үнэлэлт, дүгнэлтээ гаргаж шийдвэрлэнэ.
14. Байгууллага, аж ахуйн нэгж нь барилгын үйлдвэрлэлийн нэг буюу хэд хэдэн нэр төрлийн ажлыг гүйцэтгэх эрх авч болно.
15. Барилгын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн бүтэц, зохион байгуулалт, ажилчдын мэргэжлийн зэрэглэл, бүрэлдэхүүн, инженер техникийн ажилтны зэрэг /зөвлөх, тэргүүлэх ахлах/, тэдгээрийн дадлага чадвар, үйлдвэрлэлд ашиглах машин механизм, тоног төхөөрөмжийн хүч чадал, гүйцэтгэж байгаа ажлын чанар, энэ талаар хэрэглэгч болон хяналтын байгууллагын санал, дүгнэлт, дотоодын чанарын хяналтын тогтолцоо, хэмжин шалгах багаж лаборатори, норматив техникийн баримт бичгийн хангалт зэрэг шалгуур үзүүлэлтээр тогтооно. Шалгуур үзүүлэлтийг ажлын төрөл бүрээр нарийвчлан гаргана.
16. Байгууллага, аж ахуйн нэгж нь зөвхөн дүрэмдээ тусгагдсан ажил гүйцэтгэхээр зөвшөөрөл авна.
Зөвшөөрлийг тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн чадвараас шалтгаалан 5 хүртэл жилийн хугацаатай олгоно.
17. Эрхийн хугацаа дууссан буюу байгууллага, аж ахуйн нэгжийн зохион байгуулалт, гүйцэтгэх үүрэг нь өөрчлөгдсөн тохиолдолд эрхийг шинээр авна.
18. Барилгын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгосны баталгаа болгож эрхийн гэрчилгээ олгоно. Эрхийн гэрчилгээнд гүйцэтгэх ажлын нэр төрөл, хүчинтэй хугацааг зааж өгнө.
19. Зөвшөөрөл аваагүй байгууллага аж ахуйн нэгж нь дотоод, гадаадын тендерт оролцох, барилгын үйлдвэрлэл явуулах эрхгүй байна.
20. Барилгын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгох асуудалтай уялдуулан барилгын үнэ өртгийг тодорхойлох, түүнд экспертиз хийх, барилгын бүтээцийн тооцоо болон барилга, түүний бүтээц, эдлэхүүний чанарт экспертиз хийж дүгнэлт гаргах байгууллага, аж ахуйн нэгж, хүмүүст эрх олгож баталгаажуулах, мөн эрхийг цуцлах ажлыг зөвшөөрөл олгох комисс эрхлэн гүйцэтгэж баталгаажуулна.
Дөрөв. Барилгын үйлдвэрлэл явуулах эрхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох.
21. Барилгын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг дор дурдсан тохиолдолд түдгэлзүүлнэ.
а/ гүйцэтгэж байгаа ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүнийх нь чанарын талаар хэрэглэгчээс ирүүлсэн санал, гомдол үнэн бодитой байвал,
б/ стандарт норматив техникийн баримт бичгийн шаардлага, зураг төслийг зөрчсөн бол,
в/ барилгын үйлдвэрлэл явуулах дүрэм, журам, зааврыг зөрчсөн бол,
г/ үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл авсан ажилд нэг объект /нэг барилга, технологийн нэг шугам/ дээр 2 болон түүнээс дээш удаа эсвэл хэд хэдэн объектод нэгэн төрлийн зөрчил илэрсэн бол.
22. Барилгын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг дор дурдсан нөхцөлд хүчингүй болгоно.
а/ объект дээр гарсан нуралт, ноцтой эвдрэл /аваар/ нь барилгын үйлдвэрлэл эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн буруугаас болсон нь батлагдвал,
б/ ажил гүйцэтгэх эрхийн хугацаанд урьд нь 3 удаа барилгын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх сануулга авсан бол,
в/ ажил гүйцэтгэх эрхийг түдгэлзүүлэхээр өгсөн шаардлагыг тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол,
г/ зөвшөөрөл олгох байгууллагад ирүүлсэн бичиг баримт нь хуурамчаар үйлдэгдсэн нь тогтоогдвол,
д/ эрх авсан байгууллага, аж ахуйн нэгж нь татан буугдсан, өөрчлөн зохион байгуулагдсан буюу зохих шалгуур үзүүлэлтийн шаардлага хангахгүй болсон бол.
23. Барилгын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэхдээ тухайн ажлыг түр хугацаагаар зогсоох мэдэгдэл өгнө. Энэ мэдэгдэлд зөрчлийг арилгахтай холбогдсон шаардлагыг тодорхой заасан байх бөгөөд түдгэлзүүлэх хугацааг тогтоохдоо уг шаардлагыг биелүүлэх боломжит хугацааг харгалзсан байна.
24. Барилгын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлөө хүчингүй болгуулсан байгууллага, аж ахуйн нэгж нь шаардлага хангасан нөхцөлд зөвшөөрөл авах тухай хүсэлтээ дахин гаргаж болно.
Дахин зөвшөөрөл авах нь шинээр авахтай адил журмаар шийдвэрлэгдэнэ.
25. Байгууллага, аж ахуйн нэгж барилгын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн буюу хүчингүй болгосныг үндэслэлгүй гэж үзвэл уг шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргаж болно.
Тав. Барилгын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгоход гарах зардлын санхүүжилт, хүлээх хариуцлага
26. Барилгын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгохтой холбогдон гарах зардалд шинжилгээ судалгаа хийлгэсэн томилолтоор ажилласан зэрэг зардал орох бөгөөд түүнийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагаас гаргана.
Барилгын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгоход "Тэмдэгтийн хураамжийн тухай" хуулийн 15 дугаар зүйлд заасныг баримтлан 2500 төгрөгийг хураах бөгөөд түүнийг мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу Барилга, техник,_ ашиглалтын хяналтын газрын зөвшөөрлөөр яамны хөрөнгийн дансанд төвлөрүүлэн авч тухай бүр улсын төсөвт шилжүүлнэ.
27. Зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гарсан тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагын төлсөн зардлыг буцааж олгохгүй. Зардлын хэмжээг тухайн үеийн үнийн ханштай харгалзуулан тогтооно.
28. Барилгын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөлгүй байгууллага аж ахуйн нэгжээс энэ дүрмийн хавсралтад заагдсан ажил гүйцэтгүүлбэл үүнээс үүдэн гарах хохирлыг захиалагч шууд хариуцах бөгөөд үйлдвэрлэгч гүйцэтгэгчид Барилга техник ашиглалтын хяналтын дүрэм, зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Шаардлагатай гэж үзвэл материалыг бүрдүүлж хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.
Барилгын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгох дүрмийн хавсралт
БАРИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ АЖЛЫН НЭР ТӨРЛИЙН ЖАГСААЛТ
1. Инженер-геологийн хайгуул
1.1 инженер-геологийн урьдчилсан шинжилгээ ба зураглал
1.2 инженер-гидрогеологийн урьдчилсан шинжилгээ ба зураглал
1.3 өрөмдлөгийн ажил
1.4 геофизикийн ажил
1.5 хөрсний шүүн тунгаалтын ба талбайн судалгаа
1.6 гидрогеологийн судалгаа
1.7 суурин ажиглалт
1.8 хөрсний лабораторийн судалгаа
1.9 газар чичирхийллийн бичил, мужлалын ажлууд
1.10 ажлын чанарын хяналт
2. Зураг төслийн ажил хийх
2.1 Хот байгуулалтын баримт боловсруулах
2.1.1. төлөвлөлт /ерөнхий төлөвлөгөө, район төлөвлөлтийн схем хэсэгчилсэн төлөвлөлтийн төрөл ЦДП/
2.1.2. дүүрэг, бичил дүүрэг, хороолол ба тусгаар эдэлбэр газрын барилгажилт,
2.1.3. хот, суурин газрын төлөвлөлт ба цэцэрлэгжүүлэлт,
2.1.4. үйлдвэр бус, мужлалын төлөвлөлтийн төсөл,
2.1.5. тээврийн бүдүүвч,
2.1.6. хотын үйлдвэрийн бүс /район/-ийн ерөнхий төлөвлөгөө
2.1.7. инженерийн шугамууд /дулааны, ус хангамжийн, бохир усны, эрчим хүчний, холбооны/
2.1.8. хүрээлэн байгаа орчны хамгаалалт
2.1.9. эдийн засгийн үндэслэл
2.2 Архитектурын төлөвлөлт
2.3.1. үйлдвэрийн барилгууд
2.3.2. орон сууц
2.3.3. олон нийтийн барилга байгууламж
2.3.4. хөдөө аж ахуйн объектууд
2.3.5. зам ба гүүр
2.3.6. архитектурын дурсгалын сэргээн засварлалт
2.3.7. дотор засал /интерьер/
2.3 Барилгын бүтээцийн төлөвлөлт
2.3.1. барилгын бүтээц, зангилаа ба хэсэглэл
2.3.2. суурь
2.4. Инженерийн шугам сүлжээ төлөвлөлт
2.4.1. халаалт, салхивч, агааржуулалт
2.4.2. цэвэр ба бохир ус түгээгүүр
2.4.3. хөргөх хангамж
2.4.4. эрчим хүчний хангамж
2.4.5. цахилгаан гэрэлтүүлэг
2.4.6. цахилгааны хүчит төхөөрөмж
2.4.7. автоматжуулалт ба хэмжих хэрэгслийн хяналт АиКИП
2.4.8. сул тогооны төхөөрөмж
2.4.9. дотоодын тээвэр ба механикжуулалт /объектын/
2.4.10. өндөржилт
2.4.11. тохижуулалт ба цэцэрлэгжүүлэлт
2.4.12. тээвэр /дотоод, гадаадын/
2.5. Төрөлжүүлсэн төслийн төлөвлөлт
2.5.1. хүрээлэн байгаа орчны хамгаалалт
2.5.2. хөдөлмөр хамгаалал
2.5.3. зэврэлтээс сэргийлэх хамгаалалт
2.5.4. гал хөдөлгөөний дохиоллуур
2.5.5. барилгын зохион байгуулалт
2.5.6. төсөв
2.6. Технологийн төлөвлөлт
2.6.1. төрөл бүрийн салбарын байгууламж ба объектууд
3. Барилгын материал, эдлэхүүний үйлдвэрлэлт
3.1. Барьцалдуулагч материал
3.1.1. цементийн
3.1.2. гөлтгөнийн
3.1.3. шохойн
3.1.4. магнийн төрлийн барьцалдуулагч
3.1.5. орон нутгийн барьцалдуулагч
3.2. Хүдрийн бус материалын боловсруулалт
3.2.1. Хайрганы
3.2.2. Элсний
3.2.3. Дайрганы
3.2.4. элс хайрганы хольцын
3.2.5. өнгөлгөөний болон байгалийн чулууны
3.3. Дулаан тусгаарлагч материалын үйлдвэрлэлт
3.3.1. хөөсөн перлитийн
3.3.2. эрдэс хөвөн эдлэлийн
3.3.3. керамзитын
3.3.4. байгалийн болон зохиомол материалын
3.4. Барилгын нийлэг хуванцар /полимер/ материалын эдлэлийн үйлдвэрлэлт бүрхүүл, хучаасны /плёнк/
3.4.1. хулдаасны
3.4.2. паалангийн, цавууны түрхлэгийн, давирхайн
3.4.3. яндан хоолойн
3.5. Ханын материалын үйлдвэрлэлт
3.5.1. тоосгоны /ердийн болон цардуул
3.5.2. жижиг гулдмайн
3.5.3. сүвэрхэг бетон гулдмайн
3.6. Керамик материалын үйлдвэрлэлт
3.6.1. өнгөлгөөний хавтанцрын
3.6.2. вааран яндан хоолой
3.6.3. вааран дээвэр
3.6.4. галд тэсвэртэй материал
3.6.5. сантехникийн шаазан эдлэл
3.7. Сантехникийн төхөөрөмжийн үйлдвэрлэлт
3.8. Асбестцементэн эдлэлийн үйлдвэрлэлт
3.9. Дээврийн материалын үйлдвэрлэлт
3.10. Шил ба шилэн эдлэлийн үйлдвэрлэлт
3.11. Барилгын ган ба хөнгөн цагаан бүтээц, эдлэлийн үйлдвэрлэлт
3.12. Бетон ба угсармал бетон бүтээц, эдлэлийн үйлдвэрлэлт
3.13. Тусгай зориулалтын төмөр бетоны үйлдвэрлэлт
3.14. Даралтат ба даралтат бус төмөр бетон яндангийн үйлдвэрлэл
3.15. Таваарын бетон хольц ба зуурмагийн үйлдвэрлэлт
3.16. Асфальт үйлдвэрлэлт
3.17. Барилгын модон бүтээц, эдлэлийн үйлдвэрлэлт
3.18. Металл хэв хашлага, стандартын бус жижиг эдлэлийн үйлдвэрлэлт
3.19. Салхивч, сантехник, цахилгааны угсралтын эдлэл ба бэлдэц үйлдвэрлэлт
3.20. Төрөл бүрийн эрдэс ба тосон будгийн үйлдвэрлэлт
3.21. Өнгөлгөөний хуудсан материал, цаасны үйлдвэрлэлт
3.22. Бүтээгдэхүүний чанарын хяналт
4. Барилга угсралтын ажил гүйцэтгэх
4.1. Газрын ажил
4.1.1. талбайг төлөвлөх
4.1.2. хөрс боловсруулалт
4.1.3. хөрсийг нягтруулах, бэхжүүлэх
4.1.4. дренажийн байгууламж
4.2. Хөрсний тусгай ажлууд
4.2.1. өрөмөдлөг тосолгооны ажил
4.2.2. усан доторх техникийн ажлууд
4.2.3. гидромеханикжуулалтын ажлууд
4.2.4. хөрсний усны төвшинг доошлуулах, хөрсийг бэхжүүлэх
4.2.5. усны шүүрэлтийг зогсоох хаалтын байгууламж босгох ажил
4.2.6. цооногийн байгууламжийн ажил
4.3. Барилгын даацын ба хашлага бүтээцийн ажлыг гүйцэтгэх
4.3.1. металл бүтээцийн угсралт
4.3.2. цутгамал бетон байгууламжийн ажил
4.3.3. төмөр бетон байгууламжийн ажил
4.3.4. гадас /свай/-ны ажил
4.3.5. угсармал, төмөр бетоны ажил
4.3.6. полимер, хөнгөн бетонон, арболитан, гипсбетонон, асбестоцементэн эдлэлийг угсрах ажил
4.3.7. доторлогоо ба тусгаарлах өргийн ажил
4.3.8. модон бүтээц, эдлэлийн угсралт
4.3.9. шиллэх ажил
4.4. Инженерийн гадна шугам сүлжээ, төхөөрөмжийн угсралтын ажил
4.4.1. талбай, худаг, сувгийн эдлэл угсрах
4.4.2. цахилгаан эрчим хүчний шугамын тулгуур, үйлдвэрийн ба тээврийн хэрэгслийн цахилгааны шугамыг татах
4.4.3. гадна шугамын яндан хоолойг угсрах
4.4.4. цахилгаан хангамжийн шугамыг татах
4.4.5. дулааны шугам сүлжээг угсрах
4.4.6. усан хангамжийн шугам сүлжээг угсрах
4.4.7. бохир усны шугам сүлжээг угсрах
4.4.8. хаах арматурыг тоноглох
4.4.9. сантехникийн төхөөрөмжийн угсралт
4.4.10. холбоо, радио, телевизийн шугамыг татах
4.5. Инженерийн дотор шугам сүлжээний угсралтын ажил
4.5.1. салхижуулалт, агааржуулалт, хийн тээвэр, агаар сорох системийн угсралт
4.5.2. дотор цахилгаан хангамжийн шугамыг татах
4.5.3. дотор дулааны шугам угсрах
4.5.4. усан хангамжийн дотор шугамыг угсрах
4.5.5. бохир усны дотор шугамыг угсрах
4.5.6. сантехникийн хэрэгслийг суурилуулж тоноглох
4.5.7. цахилгаан гэрэлтүүлгийн дотор төхөөрөмжийн суурилуулах
4.6. Бүтээц ба төхөөрөмжийг хамгаалах ажил
4.6.1. барилгын бүтээцийн уур ус тусгаарлалтын ажил
4.6.2. дээврийн ажил
4.6.3. барилгын бүтээцийн дулаан тусгаарлалт хийх
4.6.4. барилгын бүтээц ба төхөөрөмжийг зэврэлтээс хамгаалах, химийн ба бусад хамгаалалт хийх
4.7. Бүтээц ба төхөөрөмжийн өнгөлгөө, заслын ажил
4.7.1. шавардлагын ажил
4.7.2. шалны хийх ажил
4.7.3. өнгөлгөөний ажил
4.7.4. шаваасны ажил
4.7.5. будгийн ажил
4.7.6. хана цааслах ажил
4.8. Зам гүүрний барилгын ажил
4.8.1. төмөр зам барих
4.8.2. авто замын буурь бэлтгэж, өнгөлгөөг хийх ажил
4.8.3. аэродромын нисэх зурвасын буурь, өнгөлгөөг хийх ажил
4.8.4. замын тохижилт хийх
4.8.5. төрөл бүрийн гүүрний ажил
4.9. Талбайн тохижилтын ажил
4.9.1. хашаас, хашлага хийх ажил
4.9.2. цэцэрлэгжүүлэлтийн ажил
4.9.3. тохижилттой холбогдуулан замын буурь, өнгөлгөөг хийх
4.10. Технологийн төхөөрөмжийн угсралтын ажил
4.10.1. өргөх тээвэрлэх төхөөрөмжийн
4.10.2. цахилгаан шатны
4.10.3. бутлах-нунтаглах, баяжуулах, агломерацийн төхөөрөмжийн
4.10.4. технологийн яндан хоолой
4.10.5. тогооны байгууламж, туслах тоноглол
4.10.6. дохиоллын тоноглол
4.11. Ажилд оруулах, зүгшрүүлэх ажил
4.11.1. цахилгаан техникийн байгууламж
4.11.2. удирдлагын автоматжуулсан систем
4.11.3. салхивч, агааржуулалтын систем
4.11.4. өргөх-зөөх төхөөрөмж
4.11.5. хөргөлтийн ба компрессорын төхөөрөмж
4.11.6. дулааны хүчит төхөөрөмж
4.11.7. цэвэр, бохир усны хангамжийн байгууламж
4.11.8. барилгын материал, бүтээц ба эдлэлийн үйлдвэрийн төхөөрөмж
4.11.9. тооцоолон бодох техникийн хэрэгслийн
4.11.10. нефть, нефтийн бүтээгдэхүүн, ачих, буулгах, хадгалах, түгээх, байгууламж, төхөөрөмж хэрэгсэл
Текст томруулах
A
A
A