A

A

A

Бүлэг: 1979
Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1994 оны 6-р сарын 7-ны өдрийн 170 тоот тушаалаар батлав
                                                                                                                 
 
ХОТЫН ТЕЛЕФОН СҮЛЖЭЭГ ХЭРЭГЛҮҮЛЭХ ТҮР ЖУРАМ
 
Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.      Энэхүү түр журмыг хотын телефон сүлжээний үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлэх явцад үйлчлэгч, хэрэглэгчдийн хооронд үүссэн харилцааг зохицуулахад мөрдөнө.
1.2.      Энэхүү түр журмын нэр томьёо нь:
 
1.2.1              "үйлчлүүлэгч" гэж хотын телефон сүлжээг байгуулж ашиглалт, үйлчилгээ эрхэлж байгаа Монголын харилцаа холбоо компани, түүний харьяа холбооны газар, орон нутагт байгаа салбаруудыг хэлнэ.
1.2.2              "хэрэглэгч" гэж хотын телефон сүлжээг гэрээгээр хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хэлнэ.
1.2.3              "хэрэглэгчийн төхөөрөмж" гэж хотын телефон сүлжээнд холбох зориулалт бүхий хэрэглэгчийн телефоны болон факсимилийн аппарат, персональ компьютер, тэдгээрийн нэмэгдэл төхөөрөмжийг хэлнэ.
1.2.4              "хотын телефон сүлжээ" гэж автомат телефон станц, түүний кабель шугамын иж бүрдлийг хэлнэ.
 
1.4        Хотын телефон сүлжээ нь Монгол улсын цахилгаан холбооны суурь сүлжээний бүрэлдэхүүн хэсэг болно.
1.5        Хотын телефон сүлжээг нийслэл, түүний дүүрэг, аймаг, сумын төвд байгуулж болно.
1.6        Телефон утас тавиулах зардал, үйлчилгээний хөлсийг иргэн хариуцаж байгаа бол "хувийн төлбөртэй телефон утас" гэж нэрлэнэ. Зардал, хөлсийг аж ахуйн нэгж, байгууллага хариуцан төлж байгаа бол байршлаас нь үл шалтгаалан "албаны төлбөртэй телефон утас" гэж нэрлэнэ.
1.7        Хууль тогтоомжид заасны дагуу албаны төлбөртэй телефон утас гэртээ хэрэглэж байсан хэрэглэгч уг албан тушаалаас өөрчлөгдвөл телефон утсаа хувийн төлбөртэй болгож болно.
 
Хоёрдугаар бүлэг. Хотын телефон сүлжээний үйлчилгээний төрөл
 
2.1        Үйлчлэгч нь хэрэглэгчийн захиалга, хүсэлтийг үндэслэн гэрээний үндсэн дээр хотын телефон сүлжээний дор дурдсан үндсэн үйлчилгээ явуулна:
2.1.1              Хэрэглэгчийн орон сууц, гэр болон албан үүргээ гүйцэтгэж байгаа өрөө тасалгаа, бусад байранд телефон утас шинээр тавих;
2.1.2              Шууд ба холбох шугам, кабелийн хос түрээслүүлэх;
2.1.3              Хэрэглэгчийн хүсэлтээр нэр, хаяг солих, өөрчлөх;
2.1.4              Телефон утасны дугаар, хэрэглэгчийн төхөөрөмж солих;
2.1.5              Телефон утас шилжүүлэх;
2.1.6              Нэг хэрэглэгчийн хүрээнд телефон утасны аппаратыг салаалах;
2.1.7              Хэрэглэгчийн төхөөрөмжийн оруулгын утсыг уртасгаж өгөх;
2.1.8              Хэрэглэгчийн хүсэлтээр нэмэгдэл төхөөрөмж тавих;
2.1.9              Хэрэглэгчийн телефон утасны дугаарыг лавлахын санд оруулах эсвэл хасах;
2.1.10         Дотоодын хэрэглээний телефон станц, кабель шугам, сүлжээнд аж ахуйн гэрээгээр засвар, үйлчилгээ хийх.
 
2.2        Тоон системийн электрон автомат телефон станц бүхий үйлчлэгч нь станцын техникийн боломжийг харгалзан дараах нэмэгдэл үйлчилгээг төлбөртэй явуулж болно.
2.2.1              Сэрүүлэг тавих;
2.2.2              Дуудлага шилжүүлэх;
2.2.3              Завгүй буюу эзгүйгээ мэдэгдэх;
2.2.4              Хураангуй дугаараар дуудах;
2.2.5              Дуудсан хэрэглэгчийн дугаарыг илрүүлэх;
2.2.6              Улс, хот хоорондын ярианы эрхийг нууцлах;
2.2.7              Санах байгууламжид тогтоолгосон хэрэглэгчийг дуудах;
2.2.8              Гурвалсан холболт буюу зөвлөлгөөн хийх;
2.2.9              Ярианы дундуур өөр хэрэглэгчийн дуудлагыг сонсох;
2.2.10         Автоматаар эргэж дуудах
 
2.3        Гудамж, талбай, галт тэрэг, нисэх онгоц, авто тээврийн буудал, нийтийн үйлчилгээний цэг, салбар, танхим зэрэг газарт нийтийн хэрэглээний автомат эсвэл үйлчлэгч бүхий телефон утас ажиллуулна.
 
Гуравдугаар бүлэг. Үйлчлэгчийн бүрэн эрх
 
3.1        Үйлчлэгч дараах үүрэг биелүүлнэ:
3.1.1            Телефон утас шинээр буюу шилжүүлэн тавиулах тухай хэрэглэгчийн захиалга, хүсэлтийг хэрэгжүүлэхдээ эхлээд албаны дараа нь хувийн төлбөртэй телефон утасны асуудал гэсэн ерөнхий чиглэл баримтлах бөгөөд энэхүү дүрмийн 4.1.1-ээс 4.1.4 ба 4.2-д зааснаас бусад хэрэглэгчдэд захиалга, хүсэлт ирүүлсэн дэс дарааллыг чанд мөрдөн үйлчлэх;
3.1.2            Техникийн боломжгүйгээс хүлээгдэж байгаа захиалга, хүсэлтийг хаягийнх нь дагуу орон сууцны байшин, гэрийн хорооллын гудамж бүрээр нь дэс дараалал алдагдуулахгүй, хаяж үрэгдүүлэхгүйгээр хадгалах;
3.1.3            Телефон сүлжээ, тоног төхөөрөмжийн тасралтгүй ажиллагааг хангаж, тогтоосон чанарын түвшинд үйлчлэх;
3.1.4            Хэрэглэгчийн ярианы эрх, дохиоллын нууцыг чандлан хадгалах;
3.1.5            Үнэ тарифыг хууль тогтоомжид болон өөрийн тоног төхөөрөмж, үйлчилгээнийхээ чанарт нийцүүлэн тогтоож мөрдөх;
3.1.6            Өөрийн буруу үйл ажиллагаанаас шалтгаалж телефон утсыг ажиллуулаагүй хугацааны хөлсийг авахгүй байх;
3.1.7            Телефон сүлжээг өргөтгөх, шинэчлэх, засварлах шалтгаанаар түр таслах шаардлага гарвал гурваас доошгүй хоногийн өмнө энэ талаар хэрэглэгчдэд заавал мэдээлэх;
3.1.8            Онц болон дайны байдал зарласан, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсоноос өөр үед сүлжээний тасралтгүй ажиллагааг зогсоохгүй байх бүх талын арга хэмжээ авах;
3.1.9            үйлчилгээний төрөл, түүнийг хэрэглэх заавар, мэдээлэл, үнийн сүлжээ зэрэг лавлах материалыг үйлчилгээний байр, танхимд тавих;
3.1.10       Хэрэглэгчийн захиалга, хүсэлтийг хэрэгжүүлэх хугацааг дотоод журмаар зохицуулах.
 
3.2        Үйлчлэгч нь дараах үндсэн эрх эзэлнэ.
3.2.1            Онц болон дайны байдал зарласан, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон үед хотын телефон сүлжээг эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэхээр хэрэглэгчдэд мэдэгдэж таслах;
3.2.2            Энэхүү дүрмийн 5.2.1-ээс 5.2.4-р заалтуудыг зөрчсөн болон үйлчилгээний хөлс төлөөгүй тохиолдолд телефон утсыг түр таслах;
3.2.3            Хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн хэрэглэгчийн төхөөрөмжийн гэмтлээ засуулахаас татгалзсанаас шалтгаалж хотын телефон сүлжээний хэвийн ажиллагаанд саад учруулсан, хэрэглэгчийн төхөөрөмжөө бусдад зөвшөөрөлгүй ашиглуулсан зэрэг технологийн зөрчил гаргасан нь илэрвэл телефон утсыг түр буюу бүрмөсөн таслах;
3.2.4            Зөрчлийн улмаас хэрэглэгчийн утсыг түр таслах болсон тухай мэдэгдсэнээс хойш гурван сарын хугацаанд мэдэгдэл авсан хэрэглэгч уг зөрчлийг арилгуулахгүй байвал телефон утсыг бүрмөсөн тасалж гэрээгээ цуцлах;
3.2.5            Хэрэглэгч нь эзэмшилдээ байгаа телефон утсыг ашиглан бусдыг айлган сүрдүүлэх, заналхийлэх, даралт шахалт үзүүлэх зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдвол телефон утсыг таслах;
3.2.6            Нийтийг хамарсан цаг үеийн болон зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд хэрэглэгчид мэдэгдсэний үндсэн дээр телефон утсыг түр хугацаагаар дайчлах.
 
Дөрөвдүгээр бүлэг. Дэс дараалал харгалзахгүй үйлчлүүлэх хэрэглэгчид
 
4.1.      Техникийн боломж бүрдсэн тохиолдолд дор дурдсан хэрэглэгчийн өөрийн нь байнга оршин суудаг гэрт нь /эцэг, эх, үр хүүхэд, төрөл төрөгсдийн нь гэр хамаарахгүй/ дэс дараалал харгалзахгүй тэргүүн ээлжид үйлчилнэ:
4.1.1            Монгол Улсын Их Хурлын гишүүн ба Засгийн газрын гишүүн;
4.1.2            Тус улсад суугаа дипломат албаны болон олон улсын байгууллагын төлөөлөгч;
4.1.3            Монгол Улсын хөдөлмөрийн ба улсын баатар, ахмад дайчин;
4.1.4            Асрах хүнгүй байгаа тахир дутуугийн 1 дүгээр групптэй ба хараагүй.
 
4.2.      Тухайн чиглэлд байгаа кабель шугамын багтаамжийн 50 хүртэл хувьд нь багтаан зах зээлийн тохиролцооны үнээр үйлчлүүлэхийг хүссэн иргэнд тэргүүн ээлжид үйлчилж болно.
 
Тавдугаар бүлэг. Хэрэглэгчийн бүрэн эрх
 
5.1        Хэрэглэгч дараах эрх эдэлнэ:
5.1.1            Монгол Улсад байнга оршин суугаа аливаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь телефон сүлжээний хэрэглэгч байх эрхтэй.
5.1.2            Холбооны стандарт, техникийн нөхцөлийг хангасан хэрэглэгчийн төхөөрөмж сонгон авч хэрэглэх;
5.1.3            Телефон холбоогоор саадгүй, чанартай үйлчлүүлэх;
5.1.4            Телефон сүлжээнд гарсан гэмтэл, саатлын тухай мэдэгдлийг үйлчлэгчийн станцын гэмтэл хүлээн авах албанд өгч тогтоосон журмын дагуу чанартай засварлахыг шаардах;
5.1.5            Үйлчлэгчийн буруугаас үйлчилгээ зогсоосон буюу ажиллуулаагүй үеийн үйлчилгээний хөлсийг төлөхөөс татгалзах;
5.1.6            Илүү төлсөн мөнгөө буцааж авах буюу дараагийн сард шилжүүлэн суутгуулах;
5.1.7            Үйлчилгээний талаар гомдол гаргаж эрх ашгаа хамгаалуулах.
 
5.2        Хэрэглэгч нь дараах үүрэг хүлээнэ:
5.2.1            Ажлын байр, гэр, орон сууц, өөрийн эзэмшлийн барилга байгууламжид байгаа телефон сүлжээний кабель шугам, холбох төхөөрөмжийг хамгаалах, ариг гамтай эдлэх;
5.2.2            Телефон утасны дугаар, кабелийн хос, хэрэглэгчийн дэвтэр, гэрээг үйлчлэгчид мэдэгдэхгүйгээр бусдад шилжүүлэхгүй байх;
5.2.3            Телефон утасны дугаар, нэр, хаяг өөрчилж солих, шилжүүлэх, нэмэгдэл үйлчилгээ авах болон төхөөрөмж тавиулах шаардлагатай бол хүсэлтээ үйлчлэгчид тавьж шийдвэрлүүлэх;
5.2.4            Хэрэглэгчийн төхөөрөмж ашиглахаас татгалзвал энэ тухай үйлчлэгчид заавал мэдэгдэж тооцоо нийлж, гэрээгээ цуцлуулах;
5.2.5            Телефон утасны хураамж, үйлчилгээний хөлсийг гэрээнд заасан хугацаанд нь бүрэн төлж байх;
5.2.6            Ажлын байр, гэр, орон сууц өөрчлөгдөх, засварт орох тохиолдолд үйлчлэгчид мэдэгдэж түр таслуулах буюу шилжүүлэх, засвар дууссаны дараа телефон утсаа дахин холбуулахад зарцуулагдах хөрөнгө, материалын зардлыг хариуцах;
5.2.7            Телефон утас ажиллаагүй тухай бүр үйлчлэгчид заавал мэдэгдэж байх;
5.2.8            Өөрийн буруугаас хэрэглэгчийн төхөөрөмж нь ажиллаагүй тохиолдолд хураамжийг бүрэн төлөх;
5.2.9            Түргэн тусламж, цагдаа дуудах, галын аюулын болон байгалийн гамшгийн тухай иргэний мэдээллийг төлбөргүй дамжуулж байх.