A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АРХИТЕКТОРУУДАД АРХИТЕКТУРЫН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХ /ЛИЦЕНЗ/ ОЛГОХ ЖУРАМ
Бүлэг: 1979
АРХИТЕКТОРУУДАД АРХИТЕКТУРЫН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХ /ЛИЦЕНЗ/ ОЛГОХ ЖУРАМ
 
Нэг: Нийтлэг үндэслэл
 
1.1.      Архитектур, хот байгуулалтын бодлогыг зах зээлд нийцүүлэх, архитектурын чанартай бүтээл, зураг төслөөр хэрэглэгчдийн эрх ашгийг хангах, архитектуруудын оюуны өмчийг баталгаажуулж үүрэг хариуцлагыг өндөржүүлж тэднийг мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэхэд нь нөлөөлөхөд энэхүү журмын зорилго оршино.
1.2.      Энэ журмыг баримтлан архитекторын мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагыг үндэслэн бие даан төрөл бүрийн барилгын зураг төслийг боловсруулах, бусдын төслийг хянаж баталгаажуулах зөвлөлгөө өгөх, уран бүтээлийн нэгжийг удирдах эрхийг хувь хүнд олгоно.
 
Энэ нь зураг төсөлд архтекторын эрхийг өргөтгөж хүлээх үүрэг хариуцлагыг өндөр болгоно.
 
1.3.      Энэ журмыг Монгол улсын нутаг дэвсгэр дээр зураг төслийн үйл ажиллагаа эрхэлж буй бүх архитекторууд дагаж мөрдөнө.
 
Хоёр. Эрх олгох ажлын зохион байгуулалт
 
2.1.           Архитекторуудад архитектурын зураг төсөл боловсруулах эрх /лиценз/ олгох ажлыг УАХБЗ, МАЭ хамтран зохион байгуулна.
2.2.           МАЭ-ийн ерөнхий зөвлөл эрх /лиценз/ олгох ажлын удирдамж, тавигдах үндсэн шаардлага, шалгуур үзүүлэлтийг боловсруулан УАХБЗ-өөр батлуулна.
2.3.           Эрх /лиценз/ авах хүсэлтээ шаардагдах бичиг баримтын хамт МАЭ-д ирүүлэх ба МАЭ-ийн ерөнхий зөвлөл шалгалтын дүнг үндэслэн УАХБЗ-д санал оруулж эцсийн шийдвэрийг гаргана.
2.4.           Эрх /лиценз/ олгох ажлыг 6, 12 дугаар сард тогтмол явуулж байна.
2.5.           Эрх /лиценз/ олгох шалгалтад архитектор мэргэжлээр их, дээд сургууль төгсөж мэргэжлээрээ 3-5 жил ажилласан архитектурууд дараах бичиг баримт бүрдүүлж орно:
-          өргөдөл, хүсэлт
-          товч намтар
-          дипломын хуулбар
-          уран бүтээлийн жагсаалт
-          3х4 хэмжээний зураг 2%
-          төлбөрийн шилжүүлэг
 
2.6.           Шалгалтад тэнцсэн архитекторуудад архитектурын зураг төслийн ажил бие даан эрхлэх "Эрхийн гэрчилгээ"-г 5 жилийн хугацаатай олгоно.
2.7.           Эрх бүхий архитектор хувийн тэмдэгтэй байна.
 
Тэмдгийн эх загварын зардлын 1%-ийг МАЭ-д ирүүлнэ.
2.8.           Архитекторууд мэргэжлийн хэд хэдэн чиглэлээр эрх /лиценз/ авах шалгалтад орж болно. /Хот төлөвлөлт, орон сууц, олон нийтийн барилгын төлөвлөлт, үйлдвэрийн барилгын төлөвлөлт г.м./
2.9.           Эрх олгох шалгалтад тэнцээгүй бол 1 жилийн дараа дахин шалгалтад орж болно.
2.10.       Зөвхөн эрх бүхий архитектор, ийм эрхтэй архитектор ажиллаж байгаа зураг төслийн аж ахуйн нэгж, байгууллага архитектурын зураг төсөл боловсруулах гэрээг захиалагчтай байгуулна.
2.11.       Эрх бүхий архитектор зураг төсөлд хариуцлагагүй хандаж ноцтой алдаа гаргавал эрхийг хүчингүй болгож, уг хоршоолол, аж ахуйн нэгжид учруулсан хохирлыг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
Гурав. Эрх
 
3.1.      Эрх бүхий архитектор эрх /лиценз/ авсан чиглэлээр бие даан буюу бусад архитекторуудтай хамтран архитектурын зураг төсөл боловсруулах, бусдын төсөлд зөвлөж оролцох, баталгаажуулах, аж ахуйн нэгж, уран бүтээлийн хамтлагийг зохион байгуулан ажиллана.
3.2.      Эрх /лиценз/ бүхий архитектор нь өөрийн оролцсон буюу зөвлөж баталгаажуулсан зураг төсөлд гарын үсэг зурж хувийн тэмдгээ дарна.
 
Дөрөв. Үүрэг
 
4.1.      Эрх /лиценз/ бүхий архитектор нь өөрийн бие дааж болон удирдан хийлгэсэн, зөвлөж хянаж баталгаажуулсан ажлын чанарыг бүрэн хариуцах ба өөрийн буруугаас учирсан хохирлыг Монгол улсын хуулийн дагуу хариуцна.
4.2.      Авсан эрх /лиценз/-ээ баталгаажуулах гол үзүүлэлт нь оны шилдэг төсөл шалгаруулах үзлэгт бүтээлээрээ заавал оролцох явдал болно.
4.3.      Эрх /лиценз/ авсан архитекторууд 2 жил тутам уран бүтээлийн ажлаа МАЭ-д тайлагнаж байх ба 5 жил тутамд эрх /лиценз/-ээ дахин баталгаажуулна.