A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ /ЛИЦЕНЗ/ ОЛГОХ ТУХАЙ ДҮРЭМ
Бүлэг: 1979
Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1996 оны 216 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
 
ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ /ЛИЦЕНЗ/ ОЛГОХ ТУХАЙ ДҮРЭМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.                  Энэ дүрэм нь Монгол Улсын нутаг дэвсгэрийг зурагжуулах бодлогын хүрээнд 1:500, 1:1000, 1:2000, 1:5000, 1:10000, 1:25000, 1:50000, 1:100000, 1:500000, 1:1000000-ны масштабын зураглалын ажил явуулах, түүнийг шинэчлэх, агаар мандлаас зураг авах, улсын тулгуур сүлжээ /байрлалын болон өндрийн/ байгуулах, астрономийн болон гравиметрийн тодорхойлолт, хэмжилт хийх, цахилгаан, дулаан, радио, холбоо, авто ба төмөр замын шугам сүлжээний трассын ажил гүйцэтгэх, инженерийн барилга байгууламжийн улаан шугам тавих, барилгын хазайлт, суулт болон газар хөдлөлийн геодинамикийг судлах, төв суурин газруудын газар ашиглалт, эзэмшилтийн бүртгэлийн зураг, төрөл бүрийн масштабын сэдэвчилсэн, тусгай хэрэгцээний болон сургалтын зураг, атласын эх зохиох, хэвлэн олшруулах /цаашид геодези, зураг зүйн ажил гэх/ үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /лиценз/ олгохтой холбогдсон харилцааг зохицуулна.
 
2.                  Геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгох ажлын үндсэн зорилго нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, үйлдвэрлэлийн ажлыг улсын нэгдсэн тогтолцоонд явуулах, үндсэн эх материалыг нэгдсэн санд төвлөрүүлж, төрийн өмчийг арвижуулах, баяжуулалт хийх, төрийн нууцыг хамгаалах, ажлын давхардлыг арилгаж, хөрөнгө, хүн хүчний зардлыг хэмнэхэд оршино.
 
3.                  Монгол Улсын нутаг дэвсгэр дээр геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг өмчийн бүх хэлбэрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс энэ дүрмийн хавсралтад дурдсан ажлуудыг гүйцэтгэхэд олгоно.
 
4.                  Гадаадын байгууллага, хамтарсан үйлдвэр Монгол улсын нутаг дэвсгэр дээр геодези, зураг зүйн үйлдвэрлэл явуулах тохиолдолд энэ дүрмийн дагуу зохих зөвшөөрлийг авна.
 
5.                  Геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл авсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь хилийн чанадад геодези, зураг зүйн үйлдвэрлэл явуулах нөхцөлд, энэхүү зөвшөөрөл нь эрх зүйн үндэслэл болно.
 
Хоёр. Геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгох байгууллага, түүний үүрэг, эрх
 
6.                  Монгол Улсын нутаг дэвсгэр дээр геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгох байгууллага нь Улсын геодези, зураг зүйн газар байна.
 
7.                  Геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгох байгууллага нь дор дурдсан үүрэгтэй байна.
а/ зөвшөөрөл олгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түүнтэй холбогдсон бүхий л асуудлыг хүлээн авч, хөнгөн шуурхай шийдвэрлэх,
 
б/ нэгдсэн фонд, агаар, сансрын зураг боловсруулах, багаж засварын лабораторийн шинжээчид, улсын байцагчдад итгэмжлэл олгон тухайн зөвшөөрөл авсан байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих,
 
в/ геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгох ажлын жагсаалтад өөрчлөлт, тодотгол оруулах асуудлыг тухайн үед нь шийдвэрлүүлж байх,
 
г/зөвшөөрөл олгосон баримт материалыг зохих ёсоор бүрдүүлж, архивлан хадгална,
 
д/ улсын хэмжээнд зөвшөөрөл авсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн бүртгэл, жагсаалтыг хөтөлж нийтэд мэдээлэх,
 
е/ зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд шалтгааныг тодорхой заасан хариуг албан ёсоор өгөх,
 
ё/ зөвшөөрлийг түдгэлзүүлсэн буюу хүчингүй болгосон тухай шийдвэрээ 14 хоногийн дотор зохих байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хүргүүлж нийтэд мэдээлж байна.
 
8.                  Геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгох байгууллага нь дор дурдсан эрхтэй байна.
 
а/ геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгохтой холбогдсон асуудлаар байгууллага, аж ахуйн нэгж, тэдний үйл ажиллагаа явуулж буй талбай, объектод нэвтрэн орох,
 
б/ геодези, зураг зүйн үйлдвэрлэл явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын гүйцэтгэлд чанарын хяналт тавих, шаардлагатай гэж үзвэл төрийн болон олон нийтийн хяналтын байгууллагаар үнэлэлт, дүгнэлт гаргуулах,
 
в/ гүйцэтгэж байгаа ажил нь норматив, техникийн баримт бичиг /стандарт, заавар, дүрэм, техникийн төсөл/-ийн заалт, зохих шаардлагад нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах,
 
г/ гүйцэтгэж байгаа ажилд нь хамаарах асуудлаар мэдээ материал, тооцоог аж ахуйн нэгж байгууллагаас гаргуулан авах, шалгалт хийх, судалгаа явуулах, дүгнэлт санал боловсруулахад мэргэжлийн хүмүүсийг холбогдох байгууллагатай нь тохиролцсоны үндсэн дээр татан оролцуулах,
 
д/ шинжээчдийг өөрийн санаачилгаар томилон ажиллуулах,
е/ эрхийн зөвшөөрөл авахыг хүсэж ирүүлсэн материал нь бүрэн бус, шаардлага хангаагүй тохиолдолд түүнийг буцаах,
 
ж/ геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг тодорхой нэр төрлийн ажил гүйцэтгүүлэхээр олгож, түүний үйлчлэлийн хугацааг тогтоох, олгосон эрхээ түдгэлзүүлэх, хүчингүй болгох.
 
Гурав. Геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл /лиценз/ ажлын зохион байгуулалт
 
9.                  Геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл /лиценз/ авахаар хүсэлт гаргаж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь эрх олгох байгууллагад дор дурдсан материал, баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
 
а/ өргөдөл, гэрчилгээ, регистрийн дугаар
 
б/ зохих журмын дагуу батлагдсан тухайн байгууллагын дотоод дүрэм
 
в/ инженер техникийн ажилтан, мэргэжлийн ажилчдынхаа бүрэлдэхүүн, тэдгээрийн боловсрол, дадлага чадварын тухай мэдээлэл
 
г/ хэмжилт, боловсруулалтын ажлын багаж тоног төхөөрөмжийн жагсаалт, баталгаажуулалт хийлгэсэн баримт, санхүүгийн чадвахын талаарх мэдээлэл
 
д/ зөвшөөрөл олгохтой холбогдон гарах зардал болон тэмдгийн хураамж төлсөн баримтын хуулбар
 
е/ заавар, стандарт болон техникийн баримт бичгийн хангамжийн тухай мэдээлэл
 
10.             Улсын геодези, зураг зүйн газар нь зөвшөөрөл олгох буюу олгохоос татгалзсан тухай шийдвэрийг материал бүрэн бүрдүүлж өгснөөс хойш 21 хоногийн дотор гаргана.
 
Судалгаа шинжилгээ шаардлагатай тохиолдолд шийдвэр гаргах хугацааг 45 хоног хүртэл сунгаж болно.
 
11.             Геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл /лиценз/ хүсэж бүрдүүлж ирүүлсэн материалыг Улсын геодези, зураг зүйн газар хүлээж аваад улсын байцаагчдыг томилж газар дээр нь танилцуулах үйл ажиллагаа явуулна.
12.             Үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл /лиценз/ олгох, эсэх асуудлыг бүрдүүлж ирүүлсэн материал, улсын байцаагчийн санал дүгнэлтэд тулгуурлан хүсэлт гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчийг байлцуулж, Газрын даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.
 
Зөвлөлийн хурлын шийдвэрийг Газрын даргын тушаалаар баталгаажуулна.
 
13.             Байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь геодези, зураг зүйн үйлдвэрлэлийн нэг буюу хэд хэдэн төрлийн ажил эрхлэхээр эрх авч болно.
14.             Геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл /лиценз/ олгохдоо хүсэлт гаргасан байгууллагын техникийн бааз, боловсон хүчний хангалт, чадвар, дадлага туршлагыг голлон анхаарч шалгуур үзүүлэлт гарган дүгнэнэ.
15.             Байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь зөвхөн дүрэмдээ тусгагдсан ажил гүйцэтгэхээр зөвшөөрөл авна.
 
Зөвшөөрлийг тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн чадвараас шалтгаалан 5 хүртэл жилийн хугацаатай олгоно.
 
16.             Эрхийн хугацаа дууссан буюу байгууллага, аж ахуйн нэгжийн зохион байгуулалт, гүйцэтгэх үүрэг нь өөрчлөгдсөн тохиолдолд эрхийг шинээр авна.
17.             Геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл /лиценз/ олгосны баталгаа болгож эрхийн гэрчилгээ олгоно.
 
Эрхийн гэрчилгээнд гүйцэтгэх ажлын нэр төрөл, хүчинтэй хугацааг зааж өгнө.
 
18.             Гэрчилгээ аваагүй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь дотоод, гадаадын тендерт оролцох, геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх эрхгүй байна.
 
Дөрөв. Геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх эрхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох
 
19.             Геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг дор дурдсан тохиолдолд түдгэлзүүлнэ. Үүнд:
 
а/ гүйцэтгэж байгаа ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүнийх нь чанарын талаар хэрэглэгчээс ирүүлсэн санал, гомдол үнэн бодитой байвал,
 
б/ стандарт, норматив, техникийн баримт бичиг, зураг төслийг зөрчсөн бол,
 
в/ үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл авсан ажилд нэг объект дээр хоёр болон түүнээс дээш удаа, эсвэл хэд хэдэн объектод нэгэн төрлийн зөрчил гаргасан нь шалгалтаар тогтоогдвол.
 
20.             Геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг дор дурдсан нөхцөлд хүчингүй болгоно. Үүнд:
 
а/ объектод гаргасан техникийн алдаа нь хүний амь нас, үйлдвэрлэлийн технологид ноцтой хохирол учруулсан уршигтай бол,
 
б/ ажил гүйцэтгэх хугацаанд урьд нь " удаа геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх сануулга авсан бол,
 
в/ ажил гүйцэтгэх эрхийг түдгэлзүүлэхээр өгсөн шаардлагыг тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол,
 
г/ зөвшөөрөл олгох байгууллагад ирүүлсэн бичиг баримт нь хуурамчаар үйлдэгдсэн нь тогтоогдвол,
 
д/ эрх авсан байгууллага, аж ахуйн нэгж нь татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан буюу зохих шалгуур үзүүлэлтийн шаардлага хангахгүй болсон бол,
 
е/ зөвшөөрөл аваад 1 жил 6 сарын хугацаанд ажил, үйлчилгээ эрхлээгүй бол зохих хуулийн дагуу зөвшөөрөл хүчингүй болно.
 
21.             Геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэхдээ тухайн ажлыг түр хугацаагаар зогсоох мэдэгдэл өгнө.
 
Энэ мэдэгдэлд зөрчлийг арилгахтай холбогдсон шаардлагыг тодорхой заасан байх бөгөөд түдгэлзүүлэх хугацааг тогтоохдоо уг шаардлагыг биелүүлэх боломжит хугацааг харгалзсан байна.
 
22.             Геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлөө хүчингүй болгуулсан байгууллага, аж ахуйн нэгж нь шаардлага хангасан нөхцөлд зөвшөөрөл авах тухай хүсэлтээ дахин гаргаж болно.
 
Дахин зөвшөөрөл авах нь шинээр авахтай адил журмаар шийдвэрлэгдэнэ.
 
23.             Байгууллага, аж ахуйн нэгж, иргэд геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн буюу хүчингүй болгосныг үндэслэлгүй гэж үзвэл уг шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргаж болно.
 
Тав. Геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгоход гарах зардлын санхүүжилт, хүлээх хариуцлага
 
24.             Геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл /лиценз/ олгохтой холбогдон гарах зардалд шалгалт судалгаа хийлгэсэн, томилолтоор ажилласан зэрэг зардал орох бөгөөд түүнийг тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс гаргана.
 
Геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгоход "Тэмдэгтийн хураамжийн тухай" хуулийн 15 дугаар зүйлд заасныг баримтлан 2500 төгрөг хураах бөгөөд түүнийг мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу тухай бүр улсын төсөвт шилжүүлнэ.
 
25.             Зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гарсан тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагын төлсөн зардлыг буцааж олгохгүй.
 
Зардлын хэмжээг тухайн үеийн үнийн ханштай харгалзуулан тогтооно.
26.             Геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл /лиценз/ байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээр энэ дүрмийн хавсралтад заагдсан ажлыг гүйцэтгүүлсэн тохиолдолд үүнээс үүдэн гарсан хохирлыг захиалагч шууд хариуцах бөгөөд захиалагч, гүйцэтгэгч нарт "Захиргааны хариуцлагын тухай" хууль, "Геодези, зураг зүйн улсын хяналтын дүрэм"-д заасан хариуцлага хүлээлгэнэ.
 
Шаардлагатай гэж үзвэл материалыг бүрдүүлж, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгох дүрмийн хавсралт
 
ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ /ЛИЦЕНЗ/ ОЛГОХ АЖЛЫН НЭР ТӨРЛИЙН ЖАГСААЛТ
 
 
I. Топограф, геодезийн ажил
 
I.1.                   Улсын болон зураглалын /байрлалын, өндрийн/ сүлжээ байгуулах
I.2.                   Астрономийн тодорхойлолт хийх
I.3.                   Гравиметрийн хэмжилт хийх
I.4.                   Том, дунд, жижиг масштабын зураглал
I.5.                   Агаар, сансрын зураг авах
I.6.                   Агаар, сансрын зургийн холболт, тодруулга
I.7.                   Хээрийн хэмжилтийг боловсруулах, үнэлэх
I.8.                   Хот, суурин газрын эдэлбэр газрын ашиглалт, эзэмшүүлэлт, бүртгэлийн зураглал
 
II. Инженер геодезийн ажил
 
II.1.                  Хот, суурин газрын ерөнхий төлөвлөгөө, дэвсгэр зураг
II.2.                  Газар доорх шугам сүлжээний зураглал
II.3.                  Газар хөдлөлийн динамик судалгааны хэмжилт, зураглал
II.4.                  Барилга, байгууламжийн хазайлт суултыг ажиглах
II.5.                  Инженерийн барилга байгууламжийн улаан шугам тавих
II.6.                  Авто болон төмөр зам, цахилгаан, дулаан, цэвэрлэх байгууламж, радио релений шугам сүлжээний трасс
II.7.                  Геологи хайгуул, олборлолтын үеийн холболт, зураглал
II.8.                  Бэлчээр, тариалангийн талбай, усжуулалт, ойжуулалт, байгаль орчны экологийн тэнцвэрт байдал, аялал жуулчлалын зориулалттай зураглалын ажлууд
II.9.                  Нисэх буудлын тохижилт, агаарын хөдөлгөөний зохицуулалттай холбогдсон хэмжилт, зураглал
 
III. Зураг зүйн ажил
 
III.1.                Газрын зураг, атласын зохиолтын эх бэлдэх
III.2.                Газрын зураг, атласын хэвлэлийн эх бэлдэх
III.3.                Төрөл бүрийн масштабтай газар зүйн суурь зургийн эх бэлдэх /сонин хэвлэл, гудамж талбайн реклам сурталчилгаанд зориулсан/
III.4.                Газрын зураг, атласын газар нутгийн нэр тогтоох /монгол, англи галигаар/
III.5.                Газрын зураг, атласыг дотоод, гадаадад хэвлэх
III.6.                Сэдэвчилсэн болон тусгай хэрэгцээний газрын зургийн дэвсгэр зураг