A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГААС БҮХ ШАТНЫ СУРГУУЛЬ, ХУҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТ ӨГСӨН ХАНДИВ, ХУРИМТЛАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Гэгээрлийн сайдын 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 244 тоот тушаалын хавсралт
 
ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГААС БҮХ ШАТНЫ СУРГУУЛЬ, ХУҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТ ӨГСӨН ХАНДИВ, ХУРИМТЛАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1.            Бүх шатны сургууль /цаашид "сургууль" гэнэ/, хүүхдийн цэцэрлэгт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас санаачлан сайн дурын үндсэн дээр өгсөн хандив, цуглуулсан хуримтлалыг бүртгэж авах, зарцуулах, хяналт тавих, тайлан мэдээ гаргах болон үүнтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад энэ журмыг баримтална.
2.            Сургууль, хүүхдийн цэцэрлэг, багш, хамт олныг хөхүүлэн дэмжиж, сургалтын үйл ажиллагааг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх,ажиллагчдын нь нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд туслах зорилгоор суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч,иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас сайн дурын үндсэн дээр өгч буй мөнгө, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хэрэглэгдэхүүн бусад эд зүйлийг хандивын хөрөнгөд тооцно.
3.            Сургууль, хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх, зарим суралцагчдад тусламж үзүүлэх зорилгоор эцэг, эх, суралцагч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага сайн дурын үндсэн дээр мөнгөн хэлбэрээр болон төрөл бүрийн илүүдэл эд зүйлийг цуглуулан бий болгосон эх үүсвэрийг хуримтлалын хөрөнгө гэнэ.
4.            Сургууль, хүүхдийн цэцэрлэгт өгөх хандив, цуглуулах хуримтлалыг санаачлагч нь эцэг, эх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, суралцагч байж болох бөгөөд тухайн сургууль, хүүхдийн цэцэрлэгт хуримтлал бий болгох асуудлаар хамтын /суралцагчийн эцэг, эхийн болон байгууллага, хамт олны хурал/ шийдвэр гаргасан байна. Уг шийдвэрт хуримтлуулах хөрөнгийн нэр, төрөл, зарцуулалтын чиглэлийг тодорхой тусгасан байна.
Хэрэв эцэг, эхийн зүгээс хуримтлалын хөрөнгө бий болгох санаачилга гарвал тэр нь тухайн сургууль, цэцэрлэгийн хүүхдийн эцэг, эхчүүдийн хамт олны гуравны хоёроос доошгүй санал /нууцаар/ авсан хурлын шийдвэрээр баталгаажсан байна.
5.            Иргэн, хэсэг бүлэг хүмүүсийн зүгээс хандив өгөх асуудал чөлөөтэй байна. Гэхдээ энэ нь иргэн, хэсэг бүлэг хүмүүсийн хүсэл, сонирхолд нийцсэн байх бөгөөд нийтийг хамарсан албадлагын шинжгүй байна.
Хоёр.Хандив, хуримтлалыг хүлээн авах, зарцуулах
6.            Хандив, хуримтлалыг тухайн сургууль, хүүхдийн цэцэрлэгийн захиргаа комисс томилон албан ёсоор санхүүгийн баримтын дагуу хүлээж авч, бүртгэлдээ тусган, санаачлагчдад баталгаа гаргаж өгнө.
7.            Хандив, хуримтлалын хөрөнгийг төвлөрүүлэх, зарцуулах зорилгоор сургууль, хүүхдийн цэцэрлэгийн дэргэд "Сургууль, хүүхдийн цэцэрлэгийг дэмжих сан" /цаашид "Сан" гэнэ/-г байгуулна.
8.            "Сан"-ийн хөрөнгийг сургууль, хүүхдийн цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх, ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр зарцуулна.
9.            "Сан"-ийн хөрөнгийг зарцуулах чиглэл, хуваарийг удирдах зөвлөлөөрөө тогтоолгосны дагуу захиран зарцуулагч нь тухайн сургууль, хүүхдийн цэцэрлэгийн захирал, эрхлэгч байх бөгөөд тайлан, тэнцлийг мөн байгууллагын нягтлан бодогч хариуцна.
10.       Хандивлагчаас тодорхой хамт олон, багшийн нэр дээр хөрөнгө хандивлавал түүнийг уг нэр заагдсан хамт олон, багшид өгнө.
Гурав. Хандив, хуримтлалын хөрөнгийн тайлан, мэдээ гаргах, хяналт тавих
11.       Хандиваар авсан, хуримтлалаар бий болгосон хөрөнгийн зарцуулалтын байдлыг тухайн сургууль, хүүхдийн цэцэрлэгийн захирал, эрхлэгч нь хамт олныхоо хурал, удирдах зөвлөлдөө жилд 1-ээс доошгүй удаа тайлагнаж байна.
12.       "Сан"-г хариуцах нэг хүнийг хамт олны саналыг түшиглэн захирал, эрхлэгчийн тушаалаар томилно.
13.       Хандив, хуримтлалын хөрөнгийн зарцуулалтад удирдах зөвлөл, санаачлагч байгууллага, хамт олны зүгээс хяналт тавьж, цаашид хэрхэх талаар санал, дүгнэлт гаргаж, сургууль, хүүхдийн цэцэрлэгээс холбогдох арга хэмжээг авахуулж болно.