A

A

A

Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайдын 2002 оны 201 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
 
ЦОЧМОГ СУЛ СААЖИЛТЫГ ТАНДАХ ЖУРАМ
 
Энэхүү журмыг Цочмог сул саажилт /ЦСС/ болон дархлаажуулалт бүхий халдварт өвчний тандалтын үйл ажиллагаанд мөрдөнө. Цочмог сул саажилт гэж 15 доош насны хүүхдэд тодорхой шалтгаангүйгээр гэнэт сул саажилт илрэхийг хэлнэ. / Гиллен Баррын хам шинжийг оруулна/
Нэг. Сум, баг, өрхийн эмчийн гүйцэтгэх үүрэг:
1.1.     Эрүүл мэндийн болон өдөр тутмын үзлэгийн үед 15 хүртэлх насны хүүхдэд ЦСС байгаа эсэхийг тандаж 52 дугаар маягтад тэмдэглэнэ.
1.2.     Цочмог сул саажилтыг анх оношилсон болон сэжиглэсэн тохиолдолд аймгийн Эрүүл мэндийн газар /ЭМГ/ -ын халдвар судлагч эмчид, нийслэлд Халдварт өвчин судлалын үндэсний төв /455688/-Д утсаар яаралтай мэдээлнэ.
1.3.     ЦСС гэж оношилсон буюу сэжиглэсэн тохиолдол бүрээс саажилт эхэлснээс хойш 7-14 хоногийн дотор хооронд нь 24-48 цагийн зайтай 2 өтгөний сорьцыг энэ тушаалын 2 дугаар хавсралтын дагуу авна.
1.4.     .Өвчтөнөөс авсан өтгөний сорьцыг сумаас 3 хоногийн дотор ЭМГ-ын халдвар судлагч эмчид, аймгийн төв, нийслэлд өрхийн эмч сорьц авсан өдрөө Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн /НЭМХ/ Полиомиелитын үндэсний лабораторид ирүүлнэ.
1.5.     ЦСС-ын тархвар зүйн судалгааг энэ тушаалын 4 дүгээр хавсралтын дагуу анх оношилсон эмч хийж, тандалтын түүхийг 2 хувь бичиж, нэг хувийг ЭМГ-ын халдвар судлагч эмчид 3 хоногийн дотор ирүүлнэ.
1.6.     ЦСС-тай хүүхдийг мэдрэлийн эмчийн хяналтад авч саажилт эхэлснээс хойш 60 хоногийн дараа сум, өрхийн буюу халдвар судлагч, халдварт, мэдрэлийн эмчийн бүрэлдэхүүнтэй үзлэг хийн дүнг аймгийн ЭМГ-ын халдвар судлагч эмчид, нийслэлд ХӨСҮТ-д утсаар мэдээлнэ.
1.7.     ЦСС бүртгэгдээгүй тохиолдолд "0" гэсэн мэдээг 7 хоног бүр аймгийн ЭМГ-ын халдвар судлагч эмчид утсаар мэдээлнэ.
1.8.     ЦСС-ын мэдээтэй хамтган менингококкт халдвар, сахуу, хөхүүл ханиад, улаан бурхан, тууралттай халдварын онош тавьсан болон сэжигтэй тохиолдлуудыг энэ тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу 7 хоног бүр утсаар аймгийн ЭМГ-ын халдвар судлагч эмч, нийслэлд Халдварт өвчин судлалын үндэсний төвд утсаар яаралтай мэдээлнэ.
Хоёр.Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар болон халдвар судлагч эмчийн гүйцэтгэх үүрэг:
2.1.           Аймаг, нийслэлийн халдвар судлагч эмч өөрийн харьяа бүх сум, баг, дүүрэг, өрхийн эмнэлгийн хэмжээнд ЦСС, менингококкт халдвар, сахуу, хөхүүл ханиад, улаан бурхан, тууралттай халдварын онош тавьсан болон сэжигтэй тохиолдлуудыг энэ тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу 7 хоног бүр утсаар авч нэгтгэн Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-Д мэдээлнэ.
2.2.           ЦСС-ын өтгөний сорьцыг сумаас 3 хоног, аймгийн төвөөс 3 хоногийн дотор тандалтын хуудасны хамт НЭМХ-гийн Полиомиелитын үндэсний лабораторид ирүүлнэ.
2.3.           ЦСС-ын мэдээлэл авсан халдвар судлагч эмч тухайн өвчтөнд энэ тушаалын 4 дүгээр хавсралтын дагуу судалж дүгнэлт гаргана. Тандалтын түүхийг 2 хувь бөглөж нэг хувийг. ХӨСҮТ-д 7 хоногийн дотор ирүүлнэ.
2.4.           ЦСС-тай хүүхдийг саажилт эхэлснээс хойш 60 хоногийн дараа сум, өрхийн эмч, халдвар судлагч, халдварт, мэдрэлийн эмчийн бүрэлдэхүүнтэй үзлэг хийж ХӨСҮТ-ийн 451798 тоот утсаар мэдээлнэ.
2.5.           ЦСС хугацаандаа мэдээлэгдсэн, судалгаа, тандалт хийгдсэн эсэхэд хяналт тавьж мэргэжил арга зүйн удирдлагаар хангана.
2.6.           Халдвар судлагч эмч эмнэлгийн байгууллагуудаар 7 хоног тутам очиж ЦСС болон дархлаажуулалт бүхий халдварт өвчнийг идэвхтэй тандалтаар илрүүлнэ.
2.7.           Тандалт хийхдээ 7 хоног бүр хэвтсэн өвчтөн, үзлэгт орсон хүүхдийн өвчний түүх, үзлэгийн журнал, дуудлагын хуудас, хүлээн авахын бүртгэлийг шалгаж ЦСС-ын шинж тэмдэгтэй болон сэжигтэй тохиолдлыг илрүүлэн шаардлагатай тохиолдолд халдвартын болон мэдрэлийн эмчтэй хамтран ЦСС мөн эсэхийг тогтоож тандалт, судалгааны хуудсанд гарын үсэг зурж баталгаажуулна.
2.8.           ЦСС-тай хүүхдийн гэр бүлийн 15 доош насны хүүхдээс өтгөний сорьцыг 1 удаа авч Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Полиомиелитын үндэсний лабораторид хүргүүлнэ.
2.9.           Аймаг бүр жилд нэг удаа 0-5 насны 20 хүүхдээс өтгөний сорьц авч Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Полиомиелитын үндэсний лабораторид хүргүүлнэ.
2.10.       Сум, дүүргийн ЦСС-ын тандалтыг Эрүүл мэндийн сайдын 2001 оны 314 тоот тушаалаар батлагдсан тандалтын шалгуур үзүүлэлтээр улирал бүр дүгнэнэ.
2.11.       Полиомиелит өвчний эсрэг вакцины хамралтыг 95-аас дээш хувьд хүргэж, 95%-иас доош хамралттай сум, дүүрэгт нөхөн болон нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулна.
2.12.       ЦСС-ын идэвхтэй тандалтын мэдээг энэ тушаалын 6 дугаар хавсралтын дагуу гаргаж улирал бүр ХӨСҮТ-д ирүүлнэ.
Гурав. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гүйцэтгэх үүрэг:
3.1.           ЦСС, менингококкт халдвар, сахуу, хөхүүл ханиад, улаан бурхан, тууралттай халдварын онош тавьсан болон сэжигтэй тохиолдлуудыг мэдээг долоо хоног бүр дараах хуваариар аймгийн ЭМГ-ын Дархлаажуулалт хариуцсан халдвар судлагч эмчээс утсаар авна. Үүнд:
Даваа гаригт            Мягмар гаригт                      Лхагва гаригт
1.Архангай                1.Баянхонгор                        1.Өвөрхангай
2.Баян-Өлгий            2.Булган                                 2.Өмнөговь
3.Дархан -Уул           3.Дорноговь                         3.Сүхбаатар
4.Говь-Сүмбэр        4.Дорнод                               4.Сэлэнгэ
5.Говь-Алтай            5.Завхан                                5.Төв
6.Дундговь                6.Орхон                                  6.Увс
7.Ховд                       7.Хөвсгөл                              7.Хэнтий
3.2.           ЦСС, менингококкт халдвар, сахуу, хөхүүл ханиад, улаан бурхан, тууралттай халдварын онош тавьсан болон сэжигтэй тохиолдлуудын мэдээлэлд дүн шинжилгээ хийж голомтын халдвар эсэргүүцэх арга хэмжээг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.
3.3.           ЦСС, менингококкт халдвар, сахуу, хөхүүл ханиад, улаан бурхан, тууралттай халдварын онош тавьсан болон сэжигтэй тохиолдлуудын мэдээг нэгтгэн долоо хоногийн баасан гариг бүрт ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэнд ирүүлнэ.
3.4.           Бүртгэгдсэн ЦСС-ын тохиолдол бүрийг сар бүр хэлэлцэн үнэлж Полиомиелит өвчнийг устгасныг баталгаажуулах үндэсний хороонд мэдээлнэ.
3.5.           ЦСС-ын судалгаа, лабораторийн шинжилгээний дүн, саажилт эхэлснээс хойш 60 хоногийн дараах үзлэгийн дүнг үндэслэн ЦСС-ын тандалтад үнэлгээ өгөх комиссоор хэлэлцэн эцсийн дүгнэлт гаргаж ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын халдварт өвчний асуудалхариуцсан мэргэжилтэнд сар бүрийн 25- нд ирүүлнэ.
3.6.           Аймаг, нийслэлийн ЭМГ-ын ЦСС-ын тандалтын явцыг Эрүүл мэндийн сайдын 2001 оны 314 тоот тушаалаар батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу хагас жилд 1 удаа дүгнэж аймаг, нийслэлийн ЭМГ-т эргэн мэдээлнэ.
3.7.           ДЭМБ-ын ЦСС-ын тандалтын шалгуур үзүүлэлтийг хангаагүй аймаг, нийслэлд жилд 1 удаа эргэмж судалгаа хийж холбогдох арга хэмжээ авна.
Дөрөв. Нийгмийн эрүүл мэндийн Полиомиелитын үндэсний лабораторийн гүйцэтгэх үүрэг:
4.1.           Полиомиелитын үндэсний лаборатори өтгөний сорьц ирсэн өдрөөс эхлэн вирус илрүүлэх шинжилгээ хийж хариуг 28 хоногийн дотор ХӨСҮТ, аймаг, нийслэлийн ЭМГ-ын халдвар судлагч эмчид бичгээр хүргүүлнэ.
4.2.           Өтгөний сорьцод полио вирус илэрсэн тохиолдолд шинжлэгдэхүүнийг долоо хоногийн дотор ДЭМБ-ын бүсийн лавлах лабораторид хүргүүлж баталгаажуулна.
4.3.           ЦСС-ын өтгөний шинжлэгдэхүүн бүрийг ДЭМБ-ын бүсийн лавлагаа лабораторид шинжилгээний хариу гарснаас хойш 7-14 хоногийн дотор илгээнэ.
4.4.           Полиомиелитийн үндэсний лабораторид ялгасан полиовирусын омгийн 90-ээс доошгүй хувь нь ДЭМБ-ын Бүсийн лавлагаа лабораториор баталгаажуулсан байна.
4.5.           ЦСС, гэдэсний халдвар, менингит оноштой өвчтөн болон эрүүл хүүхдийн 200-аас доошгүй сорьцод вирус судлалын шинжилгээг жил бүр хийнэ.
4.6.           Полиовирусын оношилгоонд хэрэглэж буй L20B, RD эсийн өсгөврийн мэдрэг чанарын дотоод хяналтыг ДЭМБ-аас зөвлөмж болгосон протоколын дагуу улиралд нэг удаа хийнэ.
4.7.           ДЭМБ-ын Полиомиелитийн үндэсний лабораторийг баталгаажуулах оношилгооны шалгалтыг 28 хоногийн дотор хийж, 80-аас доошгүй оноо авсан байна.
4.8.           Полиомиелитийн үндэсний лабораторид шинжлэгдсэн нийт сорьцын 10-аас доошгүй хувьд полио бус энтеровирус илрүүлсэн байна.
4.9.           Полиомиелитийн үндэсний лабораторийн вирус судлалын шинжилгээний хариуг ХӨСҮТ-д 24 цагийн дотор бичгээр мэдээлнэ.
4.10.       Полиомиелитийн үндэсний лабораторид ашиглагдаж байгаа багаж тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагаар жил бүр баталгаажуулна.